Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2019/00825

 

 

С.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00593 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Өын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Од холбогдох,

Гуравдагч этгээд: Б.М

 

Зээлийн гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, гуравдагч этгээд Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчид 25 000 000 төгрөгийг зээлэхээр тохиролцож, мөнгийг 2016.7.29-ний өдөр өөрийн ээж Б.Бадралмаагийн данснаас 20 000 000 төгрөгийг, 2016.10.07-ны өдөр Б.Баасандуламын данснаас 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Н.Огээс 25 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч уг зээлээс хариуцагч болон Б.М нь 4 400 000 төгрөг төлсөн. Иймд шаардлагаа багасгаж, 20 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Н.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. 2016.7.29-ний өдөр уг зээлийн мөнгийг Б.Мгийн данс руу шилжүүлэх боломжгүйгээс Н.Огийн данс руу шилжүүлсэн. Н.О нь мөнгийг Б.Мд өгсөн. 2016.7.29-ний өдөр хариуцагчийн данс руу нэхэмжлэгч 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч зээлийн хүүд 1 600 000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс 2016.10.07-ны өдөр 5 000 000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн. Үүний дараа Б.М, нэхэмжлэгч нар 2016.9.22-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Б.М, хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2 зээлийн гэрээний төлбөрт нийт 30 700 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20 600 000 төгрөгийн шаардлагаас 13 600 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь зуучилж өгч нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн. 2016.10.07-ны өдөр хариуцагчаас 5 000 000 төгрөг шилжүүлж, эргүүлээд 2016.7.29-ний өдөр зээлийн хүү гэж 400 000 төгрөгийг, 2016:08:27-ны өдөр нэхэмжлэгчийн данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Огээс 20 600 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 260 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн. Шүүх зөвхөн талуудын дансаар харьцсан баримтаар зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Гуравдагч этгээд 4 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байхад дээрхи мөнгийг өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Н.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /1хх-1, 17/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4 400 000 төгрөгөөр багасгаж, 20 600 000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч С.Өаас Н.Од 25 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч уг мөнгөн хөрөнгийг гуравдагч этгээд Б.Мд шилжүүлсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө сонгох юм. Хэдийгээр гуравдагч этгээд Б.М мөнгө төлж байсан үйл баримт тогтоогдсон ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул  С.Ө нь хариуцагч Н.Огээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Түүнчлэн хариуцагч нь зөвхөн хэлцэлд зуучилсан, өөрөө зээл аваагүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хоорондын зээлийн тооцоо зөв хийсэн гэж үзлээ.

 

Хариуцагч Н.О болон гуравдагч этгээд Б.Мгаас нэхэмжлэгч С.Өд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1 600 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 400 000 төгрөг, Б.Мгаас төлсөн 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 400 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2 000 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөгийг нэхэмжлэгч зээлийн төлбөрт тооцохыг зөвшөөрчээ. 

 

Хариуцагч Н.О нь нэхэмжлэгчид нэмж мөнгө шилжүүлсэн гэх баримтгүй гуравдагч этгээд Б.Мгийн төлсөн нийт 20 700 000 төгрөгийг С.Ө, Б.М нарын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцсон нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00899 дугаартай шийдвэрээр тогтоогджээ.

 

Иймд хариуцагч Н.Огээс 20 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өд олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ. Харин хариуцагч Н.О нь Б.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД