Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00310

 

С.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00593 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 825 дугаар магадлалтай,

С.Ө-ын нэхэмжлэлтэй,

Н.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 25.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ө-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Н.О- нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөг зээлсэн. Н.О- нь  боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Н.О-гээс 25 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч уг зээлээс хариуцагч болон Б.М- нь 4 400 000 төгрөг төлсөн. Иймд шаардлагаа багасгаж, 20 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Н.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. 2016.07.29-ний өдөр уг зээлийн мөнгийг Б.М-гийн данс руу шилжүүлэх боломжгүйгээс Н.О-гийн данс руу шилжүүлсэн. Н.О- нь мөнгийг Б.М-д өгсөн. 2016.07.29-ний өдөр хариуцагчийн данс руу нэхэмжлэгч 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч зээлийн хүүд 1.600.000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс 2016.10.07-ны өдөр 5.000.000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн. Үүний дараа Б.М-, нэхэмжлэгч нар 2016.09.22-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Б.М-, хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2 зээлийн гэрээний төлбөрт нийт 30.700.000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20.600.000 төгрөгийн шаардлагаас 13.600.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М-гийн гаргасан тайлбарт: ...Хариуцагч нь зуучилж өгч нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн. 2016.10.07-ны өдөр хариуцагчаас 5.000.000 төгрөг шилжүүлж, эргүүлээд 2016.07.29-ний өдөр зээлийн хүү гэж 400.000 төгрөгийг, 2016.08.27-ны өдөр нэхэмжлэгчийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00593 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-гээс 20 600 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Ө-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид 260 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 825 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх С.Ө- нь Н.О-д Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байна. Хариуцагч Н.О- нь С.Ө-аас зээл авахаар хоорондоо тохиролцсон зүйл байдаггүй бөгөөд Б.М- мөнгө зээлэхээр нэхэмжлэгчтэй тохиролцсон байдаг. Б.М- өөрийн дансаар мөнгө авах боломжгүй байна гэснээр Н.О-гийн дансаар дамжиж шилжүүлсэн. Иймээс шүүх эрх зүйн ямар харилцаа үүссэнийг буруу дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь Н.О-д 25.000.000 төгрөг зээлдүүлсэн. Зээлдүүлэхдээ Б.Бадралмаа, Б.Баасандулам нараар дамжуулан мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр С.Өлзийжарг$л нь өөрийн мөнгийг Н.О-д зээлдүүлсэн гэх нотлох баримт байхгүй бөгөөд хоорондоо дансаар мөнгө дамжуулсан байхад зөвхөн дансаар харьцсан баримтаар, шүүх зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01323 дугаар шийдвэрээр хариуцагчаас 13.600.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Н.О- нь нэхэмжлэгч С.Ө-тай зээлийн гэрээний харилцаанд ороогүй тул тэдний хооронд төлбөр тооцооны асуудал байдаггүй бөгөөд гуравдагч этгээд Б.М- нь С.Ө-ын Хаан банкин дахь дансанд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 400.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг шийлжлүүлсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4.400.000 төгрөгт хобогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй байсан. Нэхэмжлэгч нь дээрхи 4.400.000 төгрөгийг урьд Б.М-гийн зээлийн гэрээний үлдэгдэл байсан гэж тайлбарласныг шүүх хүлээн авч 20.600.000 төгрөгөөр хангасан нь үндэслэлгүй шийдвэрлэсэн. Шүүх хэргийг бодит байдлаас нь үнэлэлгүй зээлийн гэрээ зохигчийн хувьд байгуулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.Ө-, Н.О-д холбогдуулан 2 удаагийн буюу 2016.07.29-ний болон 2016.10.07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 25.000.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 20.600.000 төгрөг шаардсаныг, хариуцагч “Б.М-гийн хүсэлтээр мөнгийг зуучлан авч өгсөн” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.М- оролцож Н.О-гээр зуучилж 25.000.000 төгрөг зээлсэн, мөн 2016.09.22-ны өдөр нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн зээл авч 2 гэрээний үүрэгт нийтдээ 30.700.000 төгрөг төлсөн гэх тайлбар гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

Зээлийн гэрээ С.Ө-, Н.О- нарын хооронд байгуулагдсан, уг гэрээгээр Н.О- 25.000.000 төгрөг зээлсэн, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагчийн дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Түүнчлэн зээлээс Н.О- 2.000.000 төгрөг, гуравдагч этгээд Б.М- 2.400.000 төгрөг, нийт 4.400.000 төгрөг төлсөн тул үлдэх 20.600.000 төгрөгийг гаргуулсан нь зөв байна.

Нэхэмжлэгч С.Ө- болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М- нарын хооронд 2016.09.22-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү зээлийн гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.22-ны өдрийн 00899 тоот шийдвэрээр шийдвэрлэжээ. Уг хэрэгт тухайн зээлийн гэрээний дагуу 20.700.000 төгрөгийг Б.М- С.Ө-д шилжүүлсэн болохыг тогтоож, уг мөнгийг тухайн зээлийн үүрэгт тооцсон байна.

Дээрх баримтаас өөрөөр Н.О-гийн төлбөрт гуравдагч этгээд Б.М- мөнгө төлсөн нь нотлогдоогүй тул шүүх эдгээр байдлыг дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/00593 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 825 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Н.О- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 261.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ