Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 183/2018/00614/И |
Дугаар | 001/ХТ2021/00419 |
Огноо | 2021-05-13 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2021/00419
Б.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01743 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1842 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.О-
Хариуцагч: “А...” ХХК
Хариуцагч: “М...” ХХК
Хариуцагч: Л.М-
Нэхэмжлэл: “А...” ХХК-ийн 4 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар 2019.12.02-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Г.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Г.Оюунцэцэг, “А...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Л.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ: Б.О- “А...” ХХК болон “М...” ХХК-тай 2015.11.12-ны өдөр гурван талт гэрээ байгуулж талууд харилцан үүрэг хүлээсэн. 2015 оны байдлаар “А...” ХХК нь 128,440,000 төгрөгийн хөрөнгөтэй, 7 гишүүнтэй байсан бөгөөд Б.О- уг компанийн 4 хувийн хувьцаа буюу 5,137,600 төгрөгийг эзэмшиж байсан. Нэхэмжлэгч гэр бүлийн хамт “М...” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Гурван талт гэрээ нь агуулгын хувьд 3 этгээд харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн гэхээс илүү “А...” ХХК болон Б.О- нарын хооронд байгуулагдсан гэрээ гэж үзэхээр байгаа. Харин “А...” ХХК нь “М...” ХХК-д газар шилжүүлэх үүрэг хүлээсэн нь гуравдагч этгээдэд ашигтай. Иймд “А...” ХХК-иас “М...” ХХК болон Б.О-ийн хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй. Б.О- гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч “А...” ХХК нь газар шилжүүлж өгөх үндсэн үүргээ гүйцэтгээгүй. Бид “А...” ХХК-с газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. Б.О-, “А...” ХХК, “М...” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.11.12-ны өдрийн гурван талт гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд гэрээний нэг тал болох “М...” ХХК-ийг хариуцагчаар татаж байна. Мөн 2015.11.19-ний өдөр Л.М-тай байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байгаа. Л.М- нь гэрээний дагуу хувьцаа худалдан авсан төлбөрөө төлөөгүй учир хариуцагчаар татаж ХХША-нд оролцуулах шаардлагатай. Иймд Иргэний хуульд зааснаар гурван талт гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, компанийн 4 хувийн эзэмших эрхийг “А...” ХХК, Л.М- нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “А...” ХХК тайлбартаа: “А...” ХХК нь 2015.11.22-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний 2.4, 2.6, 2.9 дэх хэсэгт заасны дагуу Б.О-ийн “А...” ХХК-д зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 27,900 ам.доллар, түүнд бодогдсон хүү болох 61,617 ам.долларыг буцаан төлөх үүргийг хүлээсэн. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ “А...” ХХК бүрэн биелүүлж, 4 ширхэг хувьцааны үнэ, түүнд бодогдох ногдол ашиг, Б.О-ийн компанид шилжүүлсэн мөнгөний хүү, түүний үлдэгдэл нийт 156,535 ам.долларыг Б.О-ийн ХХБанкны данс руу 2015.11.24-ний өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгосон. Газартай холбоотой асуудлаар гурван талт гэрээний 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар “А...” ХХК нь өөрийн эзэмшиж байгаа газраасаа 5394 м.кв газрыг “М...” ХХК-д шилжүүлэн өгөх хүсэлт газрын албанд гаргах, газар шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. “А...” ХХК нь гурван талт гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсний маргааш нь буюу 2015.11.15-ны өдөр “М...” ХХК-ийн өмгөөлөгчид газартай холбоотой бүх баримт бичгийг акт үйлдэн нотариатаар баталгаажуулж шилжүүлж өгсөн. Газрын төлбөр, бүх зүйлийн тооцоог дуусгаад газрын албанд хандсан бичгээ өгсөн. Энэ бичиг баримтын дагуу “М...” ХХК Нийслэлийн газрын албанд хандахгүй жил гаран болсон ба “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Алтанцэцэг буюу Б.О-ийн гэр бүлийн хүн ажлаас чөлөөлөгдсөн байхдаа “М...” ХХК-д газар шилжүүлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, өөрөө газар шилжүүлэн авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн газар шилжүүлэн авах хүсэлт гаргаж байсан нь илэрсэн. Үүнээс болоод газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж, “А...” ХХК газаргүй болсон. “М...” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээг “А...” ХХК-д дахин гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж албан бичиг өгсний дагуу газрын албанаас дахин газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Б.О- “М...” ХХК-ийн өмнөөс газар эзэмших эрхийг шаардах эрхгүй. Мөн гурван талт гэрээний 3.4-т заасны дагуу тохиролцсон асуудлаараа дахин хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй гэж тохиролцоод Б.О-ийн 5,137,600 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хувьцааг өндөр үнээр буюу 133,595,022 төгрөгөөр худалдан авч, харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгосон. Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ “А...” ХХК хугацаандаа бүрэн биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ийм нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “М...” ХХК тайлбартаа: “М...” ХХК нь гурван талт гэрээний нэг тал бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд иргэний хэргийн хариуцагч байх ёстой. Талууд гэрээний дагуу өөрийн шаардах эрхийнхээ дагуу шаардах ёстой. “М...” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ “А...” ХХК-ийг биелүүлсэн гэж тооцож байна. Гэрээнд заасныхаа дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бичиг баримт, хүсэлтийг шилжүүлж өгсөн боловч манай компанийн дотоод асуудал, ажиллагаа, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад шилжүүлж авч чадаагүй. Гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.М- тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О-ийн “А...” ХХК, “М...” ХХК, Л.М- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Л.М-ын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж хувьцааг өндөр үнээр үнэлэн худалдан авч, гэрээний дагуу шилжүүлэх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад надад холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 183/ШШ2019/01743 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хангаж, “А...” ХХК, Л.М- нараас “А...” ХХК-ийн 4 хувийн хувьцааг гаргуулан Б.О-д олгож, нэхэмжлэгч Г.О-ээс 177,723,023 төгрөг гаргуулан “А...” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 866,806 төгрөг нөхөн гаргуулж, урьдчилан төлсөн 363,152 төгрөгийн хамт улсын орлогод оруулж, хариуцагч “А...” ХХК, “М...” ХХК, Л.М- нараас 1,046,565 гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1842 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01743 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Л.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 185,696 төгрөг, “А...” ХХК-ийн өмгөөлөгчийн төлсөн 1,046,565 төгрөг, “М...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Г.Оюунцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Магадлалын үндэслэлд “...М... ХХК нь А... ХХК-ийн өмнө аливаа нэгэн үүрэг хүлээгээгүй байдлаас дүгнэвэл гуравдагч этгээдэд ашигтай гэрээг Б.О- А... ХХК байгуулсан тул Б.О- нь М... ХХК-ийг төлөөлөн шаардах эрхтэй гэж дүгнээд А... ХХК нь одоогоор өөрөө хувьцаа эзэмшихгүй байгаа үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй ба А... ХХК болон Л.М-ын эзэмшлийн хувьцааг бүрэн тодорхойлоогүйгээс тэднээс 4 хувийн хувьцааг хэрхэн яаж гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй...дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх тодруулаагүй давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж шийдвэрийг хүчингүй болгосон. Хэрэгт буй баримтаас үзэхэд 2015.11.12-ны өдөр “А...” ХХК, “М...” ХХК, Б.О- нарын хооронд гурван талт гэрээ байгуулагдсан ба тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр талууд маргаагүй. Уг гурван талт гэрээгээр “А...” ХХК нь өөрийн ашиглаж буй газраас 5394 м2 газрыг “М...” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015.11.27-ны дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргах, “М...” ХХК-ийн эзэмшил ашиглалтад байгаа 20, 21, 22 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “М...” ХХК-д шилжүүлэн өгөхөд тус компанийн зүгээс татгалзахгүй тул албан бичгийг 2015.11.27-ны дотор бэлэн болгож “М...” ХХК-д өгөх, 4 ширхэг хувьцааг 67018 ам.доллараар худалдан авч, хувьцаа шилжсэн бүртгэлийг бүртгэлийн байгууллагад хийлгэх, үндсэн зээл, зээлийн хүү, хувьцааны үнэ нийт 156,535 ам.долларыг 2015.11.27-ны дотор ХХБанкин дахь Б.О-ийн дансанд бэлэн бусаар шилжүүлэх үүргийг, Б.О- нь “А...” ХХК-ийн 4 хувийн хувьцааг 67,018 ам.доллараар “А...” ХХК-д буцаан худалдах, хувьцаа худалдсантай холбогдох баримтуудад гарын үсэг зурж, шаардлагатай баримтыг 2015.11.27-ны өдрийн дотор бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх, 4 ширхэг хувьцаа, түүнд холбогдох төлбөр тооцоо дуусмагц Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 443,337,528 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзах, “М...” ХХК гурван талт гэрээгээр шилжүүлэн авч буй үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг худалдах тохиолдолд тэргүүн ээлжинд “А...” ХХК-д санал болгох үүргийг тус тус хүлээсэн. Гурван талт гэрээний 6.6-д зааснаар талуудын аль нэг нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болохоор заасан байна. Иргэний хуулийн 198.1-д “...гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна...” мөн хуулийн 206.1-д “...үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ...” гэжээ. Гэтэл 2015.11.12-ны өдөр байгуулагдсан Гурван талт гэрээний 2.1-д заасан “...А... ХХК нь өөрийн ашиглаж буй газраас 5394 м2 газрыг М... ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015.11.27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгнө...” гэсэн үүргээ “А...” ХХК нь өнөөдрийг хүртэл шударгаар биелүүлээгүй, үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 41.1-д “...Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна...” мөн хуулийн 41.2-т “...Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхгүй бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана...” гэжээ. Б.О-ийн Гурван талт гэрээ хийж, “А...” ХХК-ийн 4 хувийн хувьцааг худалдах хүсэл зоригийн нэг үндэслэл нь уг гэрээний 2.1-д заасан “А...” ХХК нь өөрийн ашиглаж буй газраас 5394 м2 газрыг “М...д” ХХК-д шилжүүлэх хууль зүйн үр дагавар юм. Учир нь Б.О- “М...” ХХК-ийн 6.34 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй, түүний эхнэр Алтанцэцэг нь тус компанийг үүсгэн байгуулагч компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гэр бүлийн компани юм. Иймд “А...” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Б.О- нь 2015.11.12-ны өдөр байгуулагдсан Гурван талт гэрээнээс Иргэний хуулийн 225.1-д зааснаар татгалзах эрхтэй юм. Мөн 2015.11.16-ны өдрийн 01 дугаартай “А...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын 2 дахь заалтаар “...Хувьцаа эзэмшигч Б.О-ийн А... ХХК-ийн 4 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч Б.М-д худалдаж, хувьцаа эзэмшигчээс хасагдаж байгааг зөвшөөрсөн. 2015.11.19-ний өдөр Б.Одгэргэл болон Л.М- нарын хооронд Компанийн хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулж Б.О-ийн А... 4 ширхэг хувьцаа Л.М-д шилжсэн байдаг. Нэгэнт “А...” ХХК, “М...” ХХК, Б.О- нарын хооронд байгуулагдсан Гурван талт гэрээ биелэгдээгүй талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж Б.О- нь Гурван талт гэрээнээс татгалзаж байгаа тул түүний үндсэн дээр бий болсон Б.О- Л.М- нарын хооронд байгуулагдсан “А...” ХХК-ийн 4 ширхэг хувьцаа худалдах худалдан авах эрх шилжүүлэх гэрээнээс Б.О- нь татгалзах эрхтэй. Учир нь Л.М- нь хувьцаа худалдах худалдан авах гэрээний 2.3-т зааснаар “А...” ХХК-ийн 4 ширхэг хувьцааг Б.О-ээс 4000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон боловч уг үүргээ биелүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтаар Л.М- нь Б.О-д хувьцааны үнэд 4000 ам.доллар төлсөн талаар баримт байхгүй. Иймд Иргэний хуулийн 205.1-д “...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийн биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй...” гэж заасны дагуу Л.М-, “А...” ХХК нараас “А...” ХХК-ийн 4 ширхэг хувьцааг гаргуулж Б.О-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм. Энэ талаар анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, О-ийн зүгээс “А...” ХХК, “М...” ХХК-тай гурван талт гэрээ байгуулсан. Үүний үндсэн дээр Л.М-тай хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд оролцсон. Түүнээс биш Л.М- нь Б.О-ээс авсан хувьцааг цаашаа хэнд худалдсан нь Б.О-д хамааралгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Б.О-д гаргаж өгөх А...гийн хувьцааг хэнээс гаргуулах нь ойлгомжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг ИХШХШТХ-н 176.2.3-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.О- 2018.02.09-ний өдөр шүүхэд хандаж, “...2015.11.12-ны өдрийн гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж байна..” гэсэн үндэслэлээр “А...” ХХК-ийн 4 хувийн хувьцааг буцааж шилжүүлэхийг шаарджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Нэхэмжлэгчээс авсан 4 хувийн хувьцааг бусад этгээдэд шилжүүлсэн үйл баримтын тухай зохигч мэтгэлцээгүйгээс анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарласан эсэх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
2. “А...” ХХК-ийн 4 хувийн хувьцааны өмчлөх эрхийг нэхэмжлэгчээс авсан зэрэг нөхцөл байдалтай холбоотой баримтыг хоёр шатны шүүх үнэлэхдээ Иргэний хуулийн 189, 198 дугаар зүйл болон Иргэний хууль мөн бусад хуулийн зохицуулалтыг анхаарах нь зүйтэй юм.
3. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, бусад хуулийн холбогдох зохицуулалтыг анхаарч, нотлох баримтыг харьцуулан үнэлж дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй хэдий ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа зарим үйл баримтыг тогтоогдсон мэт дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцээгүйг дурдах шаардлагатай гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1842 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 870,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД