Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 71

 

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01661/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 484 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дархан-УУл аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Болорган” ХХК-д холбогдох

“Татварын өр нийт 34.552.293,80 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч “Болорган” ХХК-ийн төлөөлөгч  М.Авирмэдийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: хариуцагчийн  төлөөлөгч М.Авирмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “Болорган” ХХК нь 1996 онд бетон, цемент болон гибсээр хийсэн материал эдлэл үйлдвэрлэх, хуучин барааны жижиглэн худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа, үр тарианы гурилын үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 2013 онд тус компанийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийн илэрсэн зөрчилд татварын улсын байцаагч дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолоор тус компанид холбогдох 45.454.500 төгрөгийн НӨАТ-ыг сайн дураараа төлсөн тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул уг зөрчилд захиргааны хариуцлага тооцож, улсын байцаагчийн акт үйлдсэн. Актаар ногдуулсан 45.454.500 төгрөгийн төлбөрийг дээрх төлсөн төлбөрөөр хаасан бичилт хийж, актын биелэлтийг хангуулсан. Тус компани нь 2013, 2014, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нийт 55.331.030 төгрөгийн ногдолтой тайлан цахимаар тайлагнасан байна. Тус компани нь тайлангаар ногдуулсан уг өрийг зөрчлөөр илэрсэн төлбөрт төлсөн 45.454.500 төгрөгөөр хааж тооцсон байсныг залруулсан. Татварын өрийг барагдуулахын тулд Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг хаах, хөрөнгийн лавлагаа авах зэргээр шат дараалсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл татварын өрийн үлдэгдэл 42.450.722 төгрөгийг барагдуулаагүй тул 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу тайлангаар ногдуулсан нийт 42.450.722 төгрөгийн татварын өрийг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа:

...Тус компани нь 2018 оны 1 дүгээр сарын байдлаар НӨАТ-ын тайлангийн ар 34.55.293,8 төгрөгийг өнөөдрийг хүртэл төсөвт төлөөгүй байна. Дээрх өр нь Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татварын тайлангаар ногдуулсан 2012 оноос хойших өр төлбөр байх бөгөөд энэхүү өрийг барагдуулахын тулд Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулан, дансыг нь хааж, хөрөнгийн лавлагаа авах зэрэг шат дараалсан арга хэмжээ авч ажилласан бөгөөд “Болорган” ХХК нь өнөөдрийг хүртэл татварын өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул 34.552.293,8 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

            Хариуцагч “Болорган” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани 2012 оноос хаягдал төмрийг Улаанбаатар хотоос Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК болон Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт нийлүүлж эхэлсэн. Хаягдал төмөр худалдан авахдаа НӨАТ-ын падаан шаардаж тамга тэмдэг бүхий падаан авч байсан. 2012 оны эцсээр Далайдорж ХХК нь НӨАТ-ын падаан хуурамчаар бичсэн хэрэг илэрч тус компанитай холбоотой НӨТ-ын падааныг Татварын газар тодруулж эхлэхэд манай компанийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 010079515 дугаартай НӨТ-ын падаанаар 27.272.727,27 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0011785861 дугаартай НӨТ-ын падаанаар 18.181.820 төгрөг, нийт 45.454.545,27 төгрөг НӨТ-ын падаануудыг хуурамч байна гэж үзсэн. Далайдорж ХХК нь Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг тул тус дүүргийн Цагдаагийн хэлтэст 2013 оны 06 дугаар сард дуудсаны дагуу очиход Далайдорж ХХК нь хуурамч падаан бичсэн нь тогтоогдсон тул танайхтай холбоотой төлбөрийг сайн дураар төл, эс төлбөл эрүү үүсгэнэ гэсэн шаардлага тавьсан болно. Тэгээд уг төлбөрийг 2014 оны 02 дугаар сард төлж дуусгасан. Хуурамч НӨТ-ын падаан бичсэн асуудлын дараагаар компаниудын 2 талын бичилтийг Татварын газраас шалгаж, Болор цэвэр ус ХХК өөрийн тайланд манайд байгаа 27.434.963 төгрөгийн НӨАТ-ыг тусгаагүй байна гэж манай компанийн илүү төлөлтөөс суутган тооцсон байсан. 2013 он хүртэл НӨТ-ын падаан бичихдээ бараа материал гэж бичдэг байсныг болиулж бүх бараа материалыг коджуулж, НӨТ-ын падаанд ямар бараа материал борлуулсны нэрийг тодорхой бичиж, тухайн бараа материалын нэрийг бичиж сар бүр тайланг гаргаж татварын газарт гарган өгч, татварын байцаагч шалган хүлээн авдаг байсан. Манай компани 2013 онд 5280915 регистртэй Аврасиа ХХК-аас хаягдал төмөр 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 0013300528 дугаартай НӨТ-ын падаанаар 9.500.001 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 21-нд 00133539 дугаартай НӨТ-ын падаанаар 13.600.000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 0013734173 дугаартай НӨТ-ын падаанаар 10.920.000 төгрөг, нийт 34.020.002 төгрөгийн НӨАТ-тай хаягдал төмөр худалдан авсан байдаг. Гэвч 2014 оны 04 дүгээр сард дээрх падаанууд хуурамч байна гэж үзэн Дархан-Уул аймгийн Татварын газраас Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. УБ хотын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н.Дамдинсүрэн гэдэг хүн утсаар ярьж, Аврасиа ХХК-тай холбоотой хуурамч падаан илэрсэн, төлбөрөө төлөх талаар хэлсэн. Манай компани тухайн үед 7.500.000 төгрөгийг данснаас шилжүүлж, НӨАТ-ын падааны эх хувийг аваад очиж уулзсан. Тэгэхэд энэ төлбөрийн 50 хувийг төл гэсний дагуу 4 сард багтаагаад 10.000.000 төгрөг төлсөн. Түүнээс хойш дахин дуудаагүй. НӨТ-ын падааныг Татварын хэлтсүүд компаниудад олгодог. Манай бүх падаанууд татварын хэлтэст бүртгэлтэй, хүчин төгөлдөр падаан юм. Нөгөө тал НӨТ-ын падааны бичилтээ хуурамчаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээсэн байхад нэг хэргээр 2 хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг хууль байхгүй. Өнөөдөр эдийн засгийн хямралтай, сүүлийн 2 жил барилгын үйлдвэрлэл зогсонги байдалд хүрч, бүтээгдэхүүний борлуулалт муутай байгаа тул манай компани нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №001/хт2018/00069 тоот тогтоолд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзсэн байхад нэхэмжлэгч тал нэмэлт тодруулга өгөөгүй тул манай компанийн урьд өгсөн тайлбарууд хүчин төгөлдөр байна гэж үзэж, анх нэхэмжилсэн 42.284.500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Дархан-УУл аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас:

Манай нэхэмжлэлийн шаардлага нь өнөөдрийн байдлаар “Болорган” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр 34.552.293,80 төгрөг байгаа бөгөөд өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж байгаа шалтгаан нь тус компани 2016 оны жилийн эцсийн НӨАТ-ын тайлангаарх өр 42.284.533,10 төгрөг байсан /Татварын цахим системд өмнөх оны татварын өрийн үлдэгдлийг татвар төлөгч зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр дараагийн тайланг илгээх боломжтой болдог/ бөгөөд 2017 онд НӨАТ-ын өрөөс бэлнээр 7.000.000 төгрөг, бэлэн бусаар 696.122,80 төгрөг барагдуулж 2017 оны жилийн эцсийн байдлаар 34.588.401,30 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан. 2018 оны 1 дүгээр сарын НӨАТ-ын тайлангаар 36.116,5 төгрөгийн буцаан авалт тайлагнаснаар НӨАТ-ын тайлангийн өр 34.552.293,80 төгрөг болсон байна. Энэ татварын өр нь Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татварын тайлангаар ногдуулсан өр болно. 2013 онд “Болорган” ХХК болон Авриаса ХХК-уудын хооронд НӨАТ-ын 3 ширхэг падаанаар 340.200.000 төгрөгийн үнэ бүхий хаягдал төмөр худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, түүнчлэн Авриаса ХХК-ийг НӨАТ-ын падааныг буруугаар ашигласан, бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож байсан буруутай үйлдлийг шүүхээр шийтгэсэн шийтгэх тогтоол /Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 дугаар/-д тус компанийн нягтлан бодогч дээрх үнэ бүхий 3 ширхэг падааныг 2 хувиар бодож авсан талаар мэдүүлэг өгснийг дурдсан байдаг. Энэ зөрчлийн талаар Татварын Ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2а/247 тоот албан бичиг ирүүлсний дагуу татвар төлөгчид учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж “Болорган” ХХК-д мэдэгдэн Татварын Ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гэж заасны дагуу тус компанийн 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд ногдуулалтын хяналт хийн тус компанийн нягтлан бодогч нь хүлээн зөвшөөрч 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр татварын цахим мэдээллийн системд 2013 оны 12 дугаар сарын тайлангаа засварлахаар тоон гарын үсгээр баталгаажуулсан хүсэлт ирүүлснийг Татварын алба хүлээн авч тайланг засварлах эрхийг нээж өгсөн нь эрх бүхий албан тушаалтны хянах эрхээр нэвтэрдэг татварын цахим мэдээллийн систем болон татвар төлөгчийн эрхээр нэвтрэх татварын цахим мэдээллийн системээс тус тус харагдаж байна. Иймд дээрх төлбөр нь татварын тайлангаар ногдуулсан өр байх бөгөөд үүнийг шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтэд дурдсан байна.  “Болорган” ХХК-ийн өөрсдийнх нь тайлагнасан өр. Тухайн үед татварын ногдуулалтын хяналт хийсэн. Татварын ногдуулалтын хяналт гэдэг нь Татварын Ерөнхий хуульд заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс татвар төлөгчийн татвар ногдуулалт төлөлтөд хяналт тавьдаг. Үүний дагуу хяналт тавиад “Болорган” ХХК нь зөрчилтэй 3 ширхэг падаан байна үүнийгээ тайлант хугацаандаа ямар нэгэн хариуцлагагүйгээр залруулаад тайландаа засвар хийх мэдэгдэл өгч, тайландаа засвар хийх боломжоор хангаж өгсөн. Яагаад гэвэл татварын хяналт шалгалтаар ороход татвар төлөгчдөд захиргааны хариуцлага хүлээлгэх эрсдэл үүсэх учраас тайлант хугацаанд нь хяналт тавиад татвар төлөгчид эрсдэл үүсэхээс хамгаалаад татварын ногдуулалтын хяналт гэж хийдэг. “Болорган” ХХК, Авриса ХХК-тай холбоотой 3 ширхэг падааны асуудлаар цагдаагийн газар болон хууль хяналтын байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Дээрх падаанаа хий бичилттэй падаан гэж мэдэж байсан учир өөрсдөө ирж тайландаа засвар хийж өгсөн байгаа. Энэ өр нь тайлангийн өр юм. Тэрнээс янз бүрийн хяналтаар ороод татварын улсын байцаагчийн акт тавиад ногдуулсан өр биш. 2012 онд Далайдорж ХХК-тай холбоотой 45 сая төгрөгийн падаан дээр дүгнэлт бичигдсэн. Энэ асуудлаар манайх цагдаагийн газар шалгагдаж байгаа. Манай байгууллагад ийм өөр алдаатай падаан байгаа би тэр тайлангаа засах шаардлагатай байна гэж “Болорган” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Чинцэцэг гэх хүн мөрдөн байцаагчийн хамт над дээр ирж уулзсан. Тэгэхээр нь би 45 сая төгрөгийн асуудал чинь одоо хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учир засах боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед би ногдуулалтын хяналт хийж байсан учир зөрчилтэй падааныг дуусгахаар ерөнхий газраас жагсаалт ирчихсэн байсан. Тэр дотор “Болорган” ХХК-ийн Авриса ХХК-тай холбоотой зөрчил ирсэн байсан. Тайланг нь өгөхдөө татварын албаны хэмжээнд ийм зөрчилтэй асуудал гарсан үүнийгээ нэг удаа хариуцлага тооцохгүйгээр тайлант хугацаанд засах эрхийг олгосон. Үүний дагуу Чинцэцэг би ийм ийм алдаа гаргасан байна энэ алдаагаа засъя гэсэн хүсэлт ирүүлсэн. Тэрний дагуу тайлан засагдсан. М.Авирмэд захирал сая тайлбартаа хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юмыг засаж болохгүй гэж хэлсэн гэж байна. Тухайн үед Авриса ХХК хууль хяналтын байгууллагаар шалгагдаагүй Далайдорж ХХК-тай падаан шалгагдаж байсан. Үүнийгээ өөрөө засах хүсэлт өгөөд зассан. Тэрнээс татварын байцаагчийн эрхээр ороод би засах эрх байхгүй, боломжгүй. Татвар төлөгчийн өмнөөс нэвтрэх эрх байхгүй гэжээ.

            Хариуцагч “Болорган” ХХК-ийн  төлөөлөгч  М.Авирмэд тайлбартаа:

...НӨАТ-ын 106 сая төгрөг байгаа. Татварын газраас тараасан НӨАТ-ын үнэт цаасаар падаанууд бичигдэж гарсан. Сая гаргаж өгсөн баримт нь Авриса ХХК-тай холбоотой гэсэн ямар ч үг үсэг байхгүй, Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Тунгалагтамир хэзээ ч шүүхийн шийдвэрт байгаа юмыг бид буцаалт хийдэггүй гэж хэлж байсан боловч Далайдорж ХХК-тай 45 сая төгрөгийн асуудал Авриса ХХК-аас өмнө гарч ирсэн. Буцаалт хийгээгүй байсаар байгаад сая буцаалт хийсэн. Миний маргаад байгаа юм бол 2013 оны тайланг татварын хэлтэс буцаан ногдуулалт гээд 34 сая төгрөгийг биччихсэн байгаа тэр бол ерөөсөө нэгэнт татварын хэлтэс хуулийнхаа хэмжээнд шүүх дээр явж байгаа зүйлийг буцаалт хийхгүй гэсэн байж 2013 онд буцаалт хийчихсэн. Манай тайланд тийм юм байхгүй, гол маргаан бол энэ. Мөн Далайдорж ХХК-ийн 45 сая төгрөг, Авриса ХХК-ийн 34 сая төгрөг ч байгаа энэ асуудлаар прокурорын дүгнэлт гарсан. Нөгөө улсууд нь татварын газраас хуурамч үнэт цаас аваад падаан хуурамчаар бичсэн. Тэд нар нь хариуцлагаа үүрсэн. Нэг асуудалд 2 хариуцлага хүлээлгэх гээд байгаа. Манай байгууллагыг сэжигтнээр татсан боловч хэрэгт хамааралгүй юм байна гээд хэрэгсэхгүй болгосон. Хуурамч падаан бичих нөхцөлийг татварын газар гаргаж өгсөн. Байгууллагуудаас НӨАТ-ын падаан өгөхөд тэрэн дээр тэр хүмүүс нь хуурамчаар бичээд бид нарт өгчихсөн. Татварын газраас өгсөн падаан нь байж байна. Тусгай компанийн тамга тэмдэг дарсан ийм зүйл ороод ирэхэд авахгүй гэх хүн байхгүй. Улирал сар болгон НӨАТ-ын падаан бичигддэг. Нөгөө талаас бичигдсэн бол ордог бичигдээгүй бол ордоггүй. Далайдорж ХХК-ийн 2012 оных байгаа гэтэл энэ асуудал 2014 онд гарч ирсэн. Далайдорж ХХК-аас манайд 450 сая төгрөгийн хуурамч падаан орж ирсэн байсан. Энүүгээр татварын ерөнхий газраас шалгалт хийгээд ийм ийм компаниуд Далайдорж ХХК-д хуурамч бичилт хийсэн байна гээд шалгагдсан. Энэ бол шийдэгдчихсэн асуудал манай байгууллага энэ мөнгийг төлөх үндэслэл байхгүй гэжээ.

            Прокурор Б.Сүрмандах шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

...Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага маш тодорхой байна. Ойлгомжгүй зүйл юу ч алга. “Болорган” ХХК-ийн цагдаагийн байгууллагад төлсөн 17 сая төгрөг нь нийт тайлангийн өрнөөс нь хасагдсан байгаа. Дээд шүүхийн тогтоолд дурдсаныг залруулга хийсэн байгаа. Дахин тодруулга хийх шаардлагагүй. Маш ойлгомжтой байна. Энэ мөнгөн дүн өөрчлөгдөхгүй. Иймд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж орж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 484 дугаар шийдвэрээр:

Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Болорган” ХХК-аас татварын төлбөр 34.552.293,80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Болорган” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 330.711 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Болорган” ХХК-ийн  төлөөлөгч  М.Авирмэд давж заалдсан гомдолдоо:

...Уг хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцээд өмнөх шүүгчийн алдаа дутагдлыг засаагүйгээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдийг шалгаж дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

1. Татварын өр төлбөрийг зохих журмаар төлж байсан тул үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа өр төлбөрийг зөвшөөрөхгүй.

2. Тайлангаар ногдуулсан татварын өр үү эсвэл ямар хугацаанд хэдэн онд үүссэн өр гэдгийг тодорхойлж чадаагүй байгаа тул нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй.

3. 2016 он хүртэл татварын өр төлбөргүй байсан компанийг 2012-2015 онуудын албан татвар, төлөлтөд хяналт шалгалт хийсэн гэж 45.454.550 төгрөгийн нөхөн татварын өр босгож байгаа нь үндэслэлгүй.

4. Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс зөрчилтэй холбоотой өр төлбөрт тооцоогүй алдаа гарсан тухай шат шатны шүүхийн магадлал, тогтоолд дурдагдаад байгаа болохоор сүүлд гаргасан нэхэмжлэлдээ 2013-2015 онуудын НӨАТ тайлангаар ногдуулсан өрөнд манай компани төлсөн 45.454.550 төгрөгийн нөхөн татварын өргийг суутгаж залруулга хийсэн гэж бичсэн нь үндэслэлгүй. Манай компани 2012-2015 онуудад татварын ямар ч өр төлбөргүй байсан.

Мөн нэхэмжлэлдээ 2012 оноос хойш тайлангаар ногдуулсан өр нэхэмжилж байгаа гэж шаардлага тодруулжээ. Тэгвэл энэ нэхэмжлэлд татварын хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа хамаарагддаггүй юм уу гэсэн асуулт гарч ирэхээс гадна мөн л компани өр үүсгэхээр тайлан 2012-2016 он хүртэл өгч байгаагүйгээр тайлбарлагдана. Мөн татварын улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэл хөндөгдөж байна. Уг асуудлаар маргаан гарвал хэргийн харьяаллын тухай яригдах болно. Гэвч энэ тухай манай талаас асуудал тавиагүй байгаа бөгөөд шаардлага гарвал тавих болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс хариуцагч “Болорган” ХХК-д холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 21-нд  нэхэмжлэл гаргаж  42.450.722 төгрөгийн татварын өр гаргуулахаар  шаардсан \ хх-1 дүгээр тал\  2018 оны 2 дугаар сарын 15-ний өдөр  нэхэмжлэлийн  шаардлагаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн өр  34.552.293,8 төгрөг  болгон  багасгажээ. 

Хариуцагч  “...манай команийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  27.272.727 төгрөг...,  2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18.181.820 төгрөг нийт 45.454.545,27 төгрөг падаануудыг хуурамч байна гэж үзсэн..., Цагдаагийн байгууллага намайг дуудсан...,  ...уг төлбөрийг 2014 оны 2 сард төлж дуусгасан,  ...2013 онд 9.500.001 төгрөг,  2013 оны 03 дугаар сарын 21-нд 13.600.000 төгрөг,  2013 оны 07 дугаар сарын  30-нд 10.920.000 төгрөг  нийт  34.020.002  төгрөгийн НӨАТ-тай хаягдал төмөр  худалдан авсан байдаг, 2014 оны 4 сард хуурамч байна гэж Дархан-Уул аймгийн Татварын газраас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн..., ...7.500.000..., 10.000.000 төгрөг төлсөн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж  маргасан байна.

Анхан шатны шүүх “...Авриса ХХК-иас авсан падаан хуурамч болох нь шүүхийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдсон..., ...НӨАТ-ын тайлангаар ногдсон татварыг төлөх үүрэгтэй..., гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Татварын Ерөнхий  хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан татварын тайлангаар ногдуулсан 2012 оноос  хойшхи  өр төлбөр...”  гэж тодорхойлсон  байна.

“Болорган ХХК” -иас  Дархан-Уул аймгийн Татварын  хэлтэст  гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 12 сар, 2013 оны 5 сар, 12 сар, 2014 оны 2 сар, 12 сар, 2015 оны 3 сар, 12 сар, 2016 оны 3 сар, 7 сарын тайлангаар 34.5 сая төгрөгийн өр тайлагнаагүй.\хх-70-87 дугаар тал\ байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад  “...Авриса” ХХК-тай холбоотой 34 сая төгрөгийн татварын ногдол байгаа...,  гэж тайлбарласан байна. Гэвч  энэ маргаантай холбоотой үйл баримтыг шалгуулах  асуудал  Цагдаагийн байгууллагад  байгаа талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар тайлбартаа дурджээ.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг   давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хийлээ.

Хариуцагчийн гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 484 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Татварын  хэлтсийн  хариуцагч “Болорган” ХХК-д холбогдуулан  татварын өр 34.552.293,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 330.711 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                      ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                    С.ОЮУНЦЭЦЭГ     

                                                        ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                             С.ЭНХЖАРГАЛ