Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 67

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ****** байр, ******* хороолол, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** тоотод оршин суух,  *******овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох 

 

“Худалдах худалдан авах гэрээг цуцлаж, автомашин болон 3,797,300 төгрөг гаргуулах тухай”  үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай

“5,237,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.Гантуяа, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Иргэн Б.******* миний бие нь Б.*******тай 2016 оны 05 сарын 13-ны  өдөр

тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж TOYOTO PRIUS маркийн машин худалдсан.  Машиныг Б.******* 10,600,000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаа 1,500,000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь 7 хоногт 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. 

 

Миний бие Б.*******тай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээ цуцалж өөрийн өмчлөлийн******* улсын дугаартай Приус 20 маркийн авто машинаа буцаан авах,  гэрээнээс учирсан хохирол 2,500,000 төгрөг, машины торгууль 76,800 төгрөг,  толины 250,000 төгрөг, нийт 2,826,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

Энэ нэхэмжлэлтэй хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Б.******* нь машиныг ******* гэгч хүний грашид 7 сарын  турш тавьж хаяад эргэж нэгч удаа ирээгүй алга болсон.

...Нэгэнт машин миний өмч Б.******* машиныг буцааж өгнө гэсэн учраас өөрийн машинаа тэндээс авахаас өөр аргагүй болж 240,000 төгрөг грашийн  төлбөрт төлж машинаа авсан. Машины түлхүүр гэрчилгээ нь байхгүй байсан учраас түлхүүр 80,000 төгрөгөөр тааруулж гэрчилгээг 29,000 төгрөгөөр авч татварт 1500 төгрөг төлсөн.

Мөн аккумлятор 110,000 төгрөгөөр, батерей 5 ширхэгийг 150,000 төгрөгөөр, дугуй 2 ширхэгийг 90,000 төгрөгөөр, амартизатор  2 ширхэгийг 90,000 төгрөгөөр, тульк зэвэрсэн 30,000 төгрөгөөр босоо тэнцүүлэгч 2 ширхэг 40,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. 

Эдгээр авсан зүйлсийг солиулахад ажлын хөлс 110,000 төгрөг болсон. Дээрх гарсан зардлууд нийт 970,500 төгрөг болж байна.

Иймд нийт 3,797,300 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Л.******* бид хоёрын дунд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан машин нь удаа дараалан биет байдлын доголдол гарч машины батерей нурсны улмаас Л.*******тэй 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уулзаж хэлэхэд батерей авч өгөхгүйгээр, анхааруулах, гурвалжин тэмдэг асахаар акумляторын нэмэх шонг салгаад байж байгаад яваад бай гэсний улмаас хоорондоо маргалдаж би 10,600,000 аар авч байгаа машин юу гэж тэгэж явж болдог юм бэ би тэгж явахгүй, чи авч өгч чадахгүй юм бол чамд өгөх мөнгөнөөсөө 1,200,000 төгрөгийг хасч тооцно гэхэд Л.******* би ерөөсөө танаас авсан мөнгөө өгөөд машинаа авъя гэсэн учраас Л.******* бид хоёр ******* дугаартай цагаан өнгийн приус 20 машиныг *******гуайн дулаан грашид хийгээд Л.******* мөнгөө авчирна гээд явсан.

2016 оны 10 сарын 31-ний өдөр өгсөн авснаа буцаахаар тохиролцоод машинаа грашид тавиад мөнгөө аваад ирнэ гэсэн Л.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд өгсөн байсан.

Улмаар ******* нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж өөрийн өмчлөлийн *******улсын дугаартай тоёото приус 20 марокийн машиныг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд захиран зарцуулах ба үл хэрэглэхийг даалгах хүсэлт гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7116 дугаартай шүүгчийн захирамж гарч ******* намайг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд захиран зарцуулах ба үл хэрэглэхийг даалгасан тул уг машиныг огт хэрэглээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Хариуцагч миний бие 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийж******* улсын дугаартай приус 20 маркийн автомашин худалдаж аваад машины эд ангийн доголдлоос болж маргаан үүссэн.

2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Л.******* надтай хамт машиныг гражид тавиад машинаа буцааж аваад мөнгөө буцааж өгөхөөр болсон. 

Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,200,000 төгрөг нэхэж шүүхэл хандаж,  машиныг битүүмжлүүлэхээр хүсэлт тавьж,  шүүх хангаж захирамж гаргасан.

******* миний бие цаашид  машин худалдаж аваад өгсөн мөнгө,  оношилгооны засвар үйлчилгээ хийж машин засуулж байсан тооцоог  бодож нэхэмжилж байна.

Үүнд машины урьдчилгаанд 1,513,000 төгрөг,17 удаагийн шилжүүлгээр 2,875,000 төгрөг, машины засварын мөнгө 120,000 төгрөг, даатгалын үнэ 14,000 төгрөг, пүрш авсан 70,000 төгрөг, рүүлийн аппарат комоор нь авахад 350,000 төгрөг, дугуй 200,000 төгрөг, аккумлятор 95,000 төгрөг, дээрхи машинд зарцуулсан засварын мөнгө 849,000 төгрөг болсон.

Б.******* миний бие Л.*******д холбогдуулан 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр  машины засвар 237,000 төгрөг болсныг нэмж 5,237,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“...Машинд эвдрэл гэмтэл гарлаа гэж  нэг ч удаа надад хэлж байгаагүй.

Хариуцагч Б.******* нь 2016 оны 09 сарын үеэс эхлэн эргэн төлөлтөө төлөхөө больсон.  Төлбөрөө удаа дараа төлөхгүй, утсаа авахгүй холбоогүй болсон тул миний бие очиж биечлэн уулзсан.

...Хариуцагч Б.*******д миний бие удаа дараа хэлсэн та эргэн төлөлтөө асуудалгүй төлөөд гэрээгээ дуустал явчихвал бид ингэж маргах ямар ч шаардлагагүй шдээ.

Гэрээний хугацаа дуусахад  гэрээний үүргийнхээ дагуу таны нэр дээр би машиныг шилжүүлж өгнө гэж хэлсэн гэтэл Б.******* нь би гэрээнээс татгалзаж байна би чадахгүй юм байна. Иймээс би мөнгөө зөөвөл авна машиныг чинь би өгөхгүй гээд зугатаагаад унаад явсан учраас миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.******* нь миний машинаар 7 сар гаруй хугацаанд  хөдөө гадаа явж мөн Дархан болон Улаанбаатар хотод халтууранд явж ашиг орлогоолсон мөртлөө надаас лизинг болгож төлж байсан бүх мөнгөө авч машиныг эвдрэл гэмтэлтэй болгож хаячихаад намайг хохироогоод явах гэж байгаа үйлдлийг нь эсэргүүцэж байна.

Хэдий сэлбэг болох үрүүлийн аппарат, дугуй, пүрш, аккумлятор зэргийг авч тавьсан гэж яриад байгаа боловч эдгээр сэлбэгүүд нь ерөөсөө тавигдаагүй байдаг.  Машин улам эвдрэлтэй болсон байсан тул  надаас маш их хэмжээний зардал гарч машиныг хэвийн болгосон.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.”гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өөрийн өмчлөлийн******* улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн автомашиныг буцаан авах, 3,797,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Л.*******д холбогдуулан 5,237,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч Б.******* нь Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, машинаа буцаан авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, зөрчлийн улмаас торгуульсаны төлбөр 76800 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 3,720,500 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Б.******* нар нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Л.*******ийн өмчлөлийн******* улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн, ******арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашиныг 10,600,000 төгрөгөөр худалдан борлуулахаар, хариуцагч Б.******* нь төлбөрийг долоо хоног бүрийн Баасан гаригт 150,000 төгрөгийг Л.*******ийн Хаан банкны дансанд шилжүүлж, 2017 оны 7 дугаар сарын 13-нд үнийг бүрэн төлж дуусгах, үнийг төлж дуусгасны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Хариуцагч Б.******* нь автомашины урьдчилгаанд 1,513,000 төгрөг, гэрээнд заасны хугацаанд шилжүүлсэн машины төлбөрт 2,875,000 төгрөг нийт машины үнэд 4,388,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******д дансаар шилжүүлсэн болох нь хариуцагч*******Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 2.6-д “Худалдан авагч төлбөр төлөх хугацааг хоёр хоногоос илүүгээр 3 буюу түүнээс дээш удаа хэтрүүлбэл худалдагч гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг эргүүлэн авна”, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.1-д “Үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авто машиныг худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж, өөрийн өмчлөлд******* улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн, ******арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашиныг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэн авсан байна.

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Б.*******ас олох байсан орлого 2,500,000 төгрөг, торгуулийн 76,800 төгрөг, толины 250,000 төгрөг, аккумлятор 110,000 төгрөг, батерей 5 ширхэг 150,000 төгрөг, дугуй 2 ширхэг 90,000 төгрөг, амотизатор 2 ширхэг 90,000 төгрөг, тульк зэвэрсэн 30,000 төгрөг, босоо тэнхлэг 2 ширхэг 40,000 төгрөг, ажлын хөлс 110,000 төгрөг,  грашийн төлбөр 240,000 төгрөг, машины түрхүүр гэрчилгээ байхгүй учир түлхүүр 80,000 төгрөгөөр тааруулсан, гэрчилгээ 29,000 төгрөг, татварт 1500 төгрөг нийт  3,797,300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.******* нь дээрх шаардлагаас торгуулийн 76,800 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”  гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.******* нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч тэрээр хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт 2,500,000 төгрөгийн хохирол учирсан талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний гаргасан энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч*******буруутай үйлдлийн улмаас машинд болон өөрт учирсан хохиролд ний 1,220,500 төгрөг гаргуулахаар шаардсан болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан боловч хариуцагч Б.******* нь 1,220,500 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжлэгч талд учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Л.******* нь байгуулсан худалдах худалдан авах гэрээг цуцлаж, өөрийн өмчлөлд өмчлөлд******* улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн, ******арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашиныг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн гаргасан 3,797,300 төгрөг гаргуулах тухай шаардлагаас хариуцагч Б.*******ас 76,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, үлдэх 3,720,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Л.*******ээс худалдах худалдан авах гэрээний дагуу машины үнэд өгсөн мөнгө болон машинд засвар хийсэн зардал 5,237,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д “Худалдан авагч төлбөр төлөх хугацааг хоёр хоногоос илүүгээр 3 буюу түүнээс дээш удаа хэтрүүлбэл худалдагч гэрээг цуцлаж, тээврийн хэрэгслийг эрүүлэн авна. Урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцааж олгохгүй” гэж заасан учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэдийгээр талууд гэрээний 2.6-д гэрээнээс татгалзсан тохиолдолд “урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцаан олгохгүй” гэж заасан боловч  Иргэний хуулийн  205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан байх тул хуульд заасны дагуу хариуцагч Б.******* нь машины үнэд төлсөн мөнгө болон машины засварт гаргасан зардлыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа “...машины урьдчилгаанд 1,513,000 төгрөг, 17 удаагийн шилжүүлгээр 2,875,000 төгрөг, машины засварын мөнгө 120,000 төгрөг, даатгалын үнэ 14,000 төгрөг, Пүрш авсан 70,000 төгрөг, рүүлийн аппарат комоор нь авахад 350,000 төгрөг, дугуй 200,000 төгрөг, Аккумулятор 95,000 төгрөг нийт 5,237,000 төгрөгийг Л.*******ээс гаргуулж өгнө үү” гэсэн бөгөөд хариуцагч Б.******* нь 350 000 төгрөгийн рулийн аппарат  авсан, засварын зардалд 120,000 төгрөг шилжүүлсэн, автомашины урьдчилгаанд Л.*******ийн дансанд 1,513,000 төгрөг шилжүүлсэн, автомашины төлбөрт 2,725,000 төгрөг шилжүүлсэн, даатгалд 14,000 төгрөгийг шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан Их Баян түрүү ХХК-ны зарлагын баримт,*******Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4,722,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******ээс гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 515,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                          

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан  дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ас 76,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаас “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж,  хариуцагч Б.*******ас******* улсын дугаартай, Тоёота Прус 20 маркийн, ******арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашин болон 3,720,500 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.*******ээс нийт 4,722,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 515,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.*******ийн 163,996 төгрөг, хариуцагч *******  102,760 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ас улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэгч Л.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 90,502 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ТУНГАЛАГМАА

                

        

                      ШҮҮГЧИД                               Д.АЛТАНТУЯА

 

                                                                     Д.ОЮУНДАРЬ