Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01395

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03146 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 379 дүгээр магадлалтай,

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй,

Б боловсрол сургалтын байгууллага /БСБ/, Б.Б- нарт холбогдох,

 

Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах, 72,324,950 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Б боловсрол, сургалтын байгууллагын Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг эзэмших, ашиглахдаа уг байрны баруун талын хаалгаар буюу тусдаа орц гарц ашиглахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Э-гийн зүгээс Б боловсрол, сургалтын байгууллага болон Б.Б- нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

1.Хариуцагч Б.Б- болон Б боловсрол, сургалтын байгууллагын хууль бус үйлдлийн улмаас иргэн Д.Т-, Б.Э- нарын хооронд байгуулагдсан 2017.07.25-ны өдрийн оффисийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болгосон тул 2017.07.25-ны өдрөөс 2019.07.25-ны өдрийг хүртэлх 2 жилийн хугацаанд олох байсан орлого 72,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр 247,950 төгрөг, нотариатын төлбөр 77,000 төгрөг, нийт 72,324,950 төгрөг гаргуулах,

2.Дундаа хэсгээр хамтран өмчилдөг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд аливаа үйлдлээр саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай шаардлага гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар дэлгэрэнгүй тайлбар хийж байна. Тус үл хөдлөх хөрөнгө нь 2010 онд ашиглалтад орсон. Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Б.Б- болон түүний нөхөртэй харилцан тохиролцож тус үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын 401-403 тоот 200 м.кв талбай бүхий хэсгийг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Тухайн жилдээ Б.Б- нь өөрийн худалдсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд ашиглахаар Б.Э-тай түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Б.Э- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 дүгээр давхрын 401, 402, 403 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205036842 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. 2010.12.07-ны өдөр иргэн Б.Б-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Нэхэмжлэгч нь 2012.07.31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргаж Б.Б-гаас түрээсийн гэрээний үүрэгт 7,800,000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр хандсаныг 3 шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр түрээсийн байрыг Б.Б-гийн эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Б.Б- нь захиргааны хэргийн шүүхэд Б.Э-гийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Б- ч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөөд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаагүй байдаг. Тухайн хөрөнгө нь Б.Э-гийн өмч мөн гэдэг нь нотлогдсон.

Б.Э- нь шүүхийн ажиллагаа дуусч, Б.Б-гийн эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлсний дараагаар Н.Гантулга гэх иргэнтэй түрээсийн гэрээ байгуулсан ба Н.Гантулга түрээсийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах гэхэд Б.Б- нь барилгын 4 давхар руу гарах хэсэгт өрлөг өрж, саад болсон байдаг. Үүнтэй холбоотой мөн иргэний хэргийн шүүхэд хандсан. Баянгол дүүргийн шүүхийн 2013.12.17-ны өдрийн 2596 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2014.02.17-ны өдрийн 161 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2014.04.25-ны өдрийн тогтоолуудаар өрлөг өрсөн хэсгийг өмнөх байдалд сэргээж, хохирлыг Б.Б-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Б.Б- нь шүүхийн шийдвэр магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Б.Б-гаас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 32,322,283 төгрөгийг гаргуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг таслан зогсоох ажиллагаа хийгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гол үндэслэл нь тухайн 63 дугаар байр руу орж, гарах төв орц, гарцын 3 хаалганы түлхүүрийг Б.Э- нь хүлээж авсан. Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийгдсэн. Үзлэгийн явцад аль хаалганы түлхүүрүүдийг авсан талаар тодорхой тайлбарласан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслүүлэхээр Д.Т-тай 2017.07.25-ны өдрөөс 2019.07.25-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түрээсийн гэрээний урьдчилгаанд 6 сарын төлбөр болох 18,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан. Д.Т- нь урьдчилгаа мөнгөө өгсөн тул үйл ажиллагаа явуулах байраа үзэх, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна гээд миний бие Д.Т-ын хамт түрээсийн байранд очиход Б боловсрол, сургалтын байгууллагын удирдлагуудын зүгээс оруулахаас эрс татгалзсан үйлдлийг гаргаж Танайх баруун талын хаалгаар орж гар, энэ бол цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа газар тул та нарыг гол хаалгаар оруулахгүй гэж хэлсэн. Д.Т- нь нэгэнт түрээсийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах боломжгүй болсон тул түрээсийн гэрээнээс татгалзаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээний урьдчилгаанд төлсөн 18,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн шийдвэрээр Б.Э-гаас 18,000,000 төгрөгийг гаргуулж Д.Т-ад олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүх хуралдаанд Б боловсрол сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч н.Артагийг гэрчээр оролцуулсан. н.Артаг нь уг барилгын 1-3 давхар, 5 давхарт сургуулийн өмнөх боловсролын Б үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэг нь онцгой орчин, бага насны хүүхэд хүмүүждэг тул хамаагүй хүмүүс явуулдаггүй. Тиймээс цэцэрлэгийн төв хаалгаар оруулахгүй гэдэг мэдүүлгийг өгч байсан. Нэгэнт хэрэг явдал ийм болсон учир нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж 18,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 247,000 төгрөгийн хамт Д.Т-ад олгосон. Б.Э- тухайн байрны 4 давхрыг 2008 оноос хойш өмчилж байгаа боловч тус объектод 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Нэг ч удаа өөрийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй. Б боловсрол сургалтын байгууллага, Б.Б- нар нь түрээслэгч нарыг оруулахгүй гэж хэл ам хийж, хууль бус үйлдэл гаргадаг. Энэ нь эргээд нэхэмжлэгч Б.Э-гийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шууд саад, хохирол учруулж байгаа үйлдэл болж байна. Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас Д.Т-тай байгуулсан түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Иймд гэм хорын хохиролд 72,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг, нотариатын зардал 77,000 төгрөг, нийт 72,324,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байрны 401-403 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

...Сөрөг нэхэмжлэлийн тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Баруун талын хаалгыг ашиглах боломжтой учраас баруун талыг хаалгыг ашиглана уу гэх шаардлагыг гаргаж байна. “Хатанбаатар” ХХК-ийн гаргасан барилгын анхны скиз зургаар баруун талын хаалга нь аваарын зориулалттай орц гарцыг үндсэн орц гарцны зориулалтаар ашиглах боломжгүй. 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулахаар бол уг шат нь тохиромжгүй шат учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 72,324,950 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд нь саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрх нь зарчмын хувьд өмчлөлийн зүйлийг өмчлөгч чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй ч эвтэй найртай зэрэгцэн оршиход хөршүүд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байдаг гэдгийг дурдах нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд хариуцагч талаас ямар байдлаар саад учруулсан бэ, үүнийг ямар баримтаар нотолж байна гэх асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад хариуцагч нарын зүгээс учруулсан саадыг нэхэмжлэлд бичсэнээр тус үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын өмчлөгч Б.Э- нь 2017.07.25-ны өдөр 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээг Д.Т-тай байгуулж, тус гэрээний урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөгийг авсан байна. Түрээслэгч Д.Т- нь уг байранд үйл ажиллагаа явуулахаар очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч хамт очсон гэж байна. Гэтэл Д.Т- гэрчээр ...урьдчилгаа мөнгөө авах гэж шүүхэд хандсан..., тэнд цэцэрлэг байдаг гэж надад хэлээгүй..., би уулзана гэж очоогүй..., итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх залууг явуулсан..., би гаднаас нь тус барилгыг харсан..., 200 м.кв талбай байгаа гэхээр нь түрээсэлсэн..., орж үзээгүй нэг удаа очиж гаднаас нь харсан... гэж мэдүүлсэн байдаг. Гэрчийн дээрх мэдүүлэг, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018.10.04-ний өдрийн 30ж/7051 тоот албан бичиг, цагдаагийн ажилтан Цэндсүрэнгийн гаргасан тодорхойлолт, Нийслэлийн боловсролын газрын болон цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор түрээсийн гэрээ байгуулсан Д.Т-ын хамт нэхэмжлэгчийг очиход хариуцагч талаас оруулахгүй байсан гэдэг нь тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч Б.Э-гаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 00513 дугаар шийдвэрээр 18,000,000 төгрөгийг гаргуулж, Д.Т-ад гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өнөөдөр гаргаж буй нэхэмжлэлийн нотлох баримт гэж үзэж байна. Шүүхийн энэ шийдвэрээр Б.Э- нь түрээслэгчид түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй учраас Д.Т- түрээсийн гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг буцааж авахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн харагдаж байна. Тус шийдвэр нь хариуцагч нарын буруутай хууль бус үйлдэл байсан үйл баримтыг тогтоосон нотлох баримт биш юм. Харин өмчлөгч Б.Э- нь түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацаанд өөрийн өмчийг захиран зарцуулах боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлэхээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Ийм учраас 72,000,000 төгрөгийн гэм хор учруулсан гэж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв хариуцагч гэм хор учруулсан ямар нэгэн үйлдэл хийснээс нэхэмжлэгч талд хохирол учирсан бол түүнийгээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн гаргасан байна. Тус шүүхийн 2013.12.17-ны өдрийн 02596 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож эрх зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээсэн байна. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссан. Харин нэхэмжлэгчийн энэ шаардлагын тухайд үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад хариуцагч талаас ямар нэгэн саад учруулсан үйлдэл хийсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч тал нь хүүхдийн боловсролын байгууллага учир үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан нэг орцыг ашиглах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон байхад нэхэмжлэгч тал энэ онцлогийг харгалзан хөрш залгаа өмчлөгчийн эрхийг харилцан хүндэтгэн саад болохгүй байх эрх үүргийг хуулиар зааж өгсөн байгааг анхаараагүй байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт хоёр талаас харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэжээ, мөн хуулийн 135 дугаар зүйлийг 135.1 дэх хэсэгт хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж заасан байна. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байр нь тусдаа орц, гарцтай бөгөөд барилгын баруун талд болон голд нэг нэг хаалгатай учир энэ 2 хаалгаар орсон шатыг дундаа хэсгээр өмчлөгч нар юм. Энэ хоёр хаалгаар барилгын бүх давхарт гарах боломжтой. Хариуцагч нь тус барилгын 1, 2, 3, 5 дугаар давхрын өмчлөгч бөгөөд олон жил цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө гэж заасан байна. Мөн сургалт хүмүүжлийн байгууллагын барилга, байгууламж, барилгын норм ба дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг бие даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байгуулна, мөн 3.6 дахь хэсэгт цэцэрлэг, бага сургууль, ажилчдын сууцыг нэгдсэн эзлэхүүнээр төлөвлөвөл цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөнө гэж тус тус заасан байна. Иймд уг барилгын 2 шатыг нэхэмжлэгч хариуцагч нар дундаа хэсгээр өмчилж байгаагийн хувьд адил эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хэдий ч хөрш залгаа өмчлөгч нь хүүхдийн байгууллага, цэцэрлэг ажиллуулдаг тул хуульд заасан тусгай нөхцөл шаардлага тавигдсан байгаа зэргийг харгалзан харилцан эрх үүргийг нь хүндэтгэх үүрэгтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй, ингэхдээ хэсгээр өмчлөгч нь бусад өмчлөгчид мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй бусдад өмчлөлийн эд хөрөнгөө түрээслүүлэхдээ түрээслэгч болон Б боловсрол, сургалтын байгууллага, Б.Б- нарт огт мэдэгдээгүй. Б.Э- нь хөрш залгаа өмчлөгчийн хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг онцлог байдлыг мэдэж байсан, дундаа хэсгээр өмчлөх орц, шат, хонгилыг ашиглах тэгш эрхтэй ч уг барилгын 1, 2, 3, 5 давхрын өмчлөгч Б боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байх үүргээ мөн адил биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хоёр талаас нэгэн зэрэг ашиглах боломжтой орц, гарц, шатыг Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт заасны дагуу тэгш эрхтэйгээр ашиглах эрхтэй бөгөөд хөрш залгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийг энэ эрхээ хэрэгжүүлэхэд нөгөө өмчлөгч саад болохгүй байх үүрэгтэй юм. Баруун талын орц, гарц, шатыг ашиглан барилга руу нэвтрэх боломжтой байхад заавал цэцэрлэгийн хүүхдүүдийн ордог нэг орц, шатаар орно гэж шаардлага тавьж байгаа нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсгийг зөрчиж, үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслэхдээ түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй, түрээслэгчид хүүхдийн цэцэрлэг ажилладаг гэдгийг огт хэлээгүй учраас гэрээ цуцлагдсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байдаг. Дундаа хэсгээр өмчлөгчийн хувьд талууд уг барилгын 2 гарц, шатыг нэг нэгээр нь эзэмших, ашиглах бүрэн боломжтой байхад цэцэрлэгийн хүүхдүүд ордог шатаар орж гарна гэж нөгөө өмчлөгчийн хуулиар тогтоосон эрх үүргийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь хууль бус үйлдэл юм. Нэгэнт түрээсийн гэрээг цуцлагдсан нөхцөлд нэхэмжлэгч өөрийн өмчөө ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрх нь нээлттэй байсан төдийгүй энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж хариуцагч тал түүнийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн мэтээр гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч түрээсийн гэрээ цуцлагдсанаар өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан ч хариуцагч гэм хор учруулсан мэтээр мөнгөн төлбөр нэхэмжилж байгаа нь бусдаас мөнгө авч ашиг олох хялбар боломж мэтээр харагдаж байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулсан гэм буруутай үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байгаа. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг эзэмших, ашиглахдаа уг байрны баруун талын хаалгаар буюу тусдаа орц гарц ашиглахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б боловсрол, сургалтын байгууллага гаргасан байгаа. Уг сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тусдаа орц, гарцтай, өөрөөр хэлбэл барилгын баруун талд болон барилгын голд нэг, нэг хаалга байгаа. Энэ хоёр хаалгаар барилгын бүх давхарт гарах боломжтой юм. Б.Э-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа орц, гарцны асуудлыг тусгайлан тохиролцоогүй бөгөөд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхлэх үед гадаадад байсан. Барилгын голд байрлах хаалгаар цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулаад олон жил болж байгаа бөгөөд 4 давхрын 200 м.кв талбайг оффисийн зориулалтаар ашиглахад барилгын баруун талын орц, гарцыг ашиглах бүрэн боломжтой. Цэцэрлэг нь бага насны хүүхдүүдэд үйлчилдэг онцлогтой, сургалт хүмүүжлийн байгууллага учир эрх бүхий байгууллагаас цэцэрлэгийн барилга, үйл ажиллагаанд тодорхой шаардлага тавьдаг. Тухайлбал: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм 3.9 дэх хэсэгт сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг бие даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байгуулна, мөн цэцэрлэг, бага сургууль, ажилчдын сууцыг нэгдсэн нэг эзлэхүүнээр төлөвлөвөл цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөнө гэж тус тус заасан байдаг. Тиймээс цэцэрлэг нь тусдаа орц гарцтай байхыг хууль, журмаар шаарддаг учраас нэг орц гарцыг хамтран ашиглах боломжгүй. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг эзэмшиж, ашиглахдаа уг байрны баруун талын хаалгаар буюу тусдаа орц, гарц ашиглахыг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03146 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1, 495 дугаар зүйлийн 495.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б боловсрол сургалтын байгууллагаас 18,077,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,247,950 төгрөгт болон хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Э- нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч Б боловсрол сургалтын байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589,800 төгрөгийг, хариуцагч Б боловсрол, сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б боловсрол, сургалтын байгууллагаас 248,335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 379 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э төлсөн 429,190 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц төлсөн 318,555 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.21-ний өдрийн 102/ШШ2019/03146 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 379 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 72,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дугаартай шийдвэрээр Б.Э-гаас 18,000,000 төгрөг гаргуулан Д.Т-ад олгохоор шийдвэрлэжээ. Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу 2017.07.25-ны өдрөөс 2018.03.06-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд 18,000,000 төгрөг олох байсан орлогоор хохирсон байдал тогтоогдож байна” гэжээ. Магадлалын хянавал хэсэгт: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, талуудын маргаанд хамаарал бүхий холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэснээр Б.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.” гэсэн байна. Гэтэл 2018.03.06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 183/ШШ2018/00513 хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад дахин дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч /хариуцагч/ Б.Э- нь түрээслэгч /нэхэмжлэгч/ Д.Т-ад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч /Б.Э-/ нь түрээслэгчийн /Д.Т-/ эзэмшил ашиглалтанд түрээсийн зүйл болох хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэж Иргэний хуулийн 225.1, 205.1-д зааснаар 18,000,000 төгрөгийг хариуцагч Б.Э-гаас гаргуулан шийдвэрлэсэн байгаа юм. Эндээс дүгнэлт хийхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 183/ШШ2018/00513 шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбоотой байхад үйл баримтад дахин дүгнэлт хийж 18,000,000 төгрөг олох байсан орлогоор хохирсон байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Шүүх нэхэмжлэгч Б.Э-г хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас Д.Т-тай байгуулсан түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж гэм хорын хохиролд 72,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Магадлалын хянавал хэсэгт: “...Хэрэгт авагдсан 2017.07.25-ны өдөр Б.Э-, Д.Т- нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дугаар шийдвэр /1хх47-49/ зэргээр, нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017.07.25-ны өдрөөс 2019.07.25-ны өдөр хүртэл хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэхээр тохиролцсон түрээслэгч Д.Т- нь түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон, улмаар энэхүү үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 6 сарын түрээсийн төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг Б.Э-гаас буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна. Шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийж, гэрээ байгуулсан өдрөөс дээрх шүүхийн шийдвэр гарсан 2018.03.06-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нь олох байсан орлогоор хохирсон гэж үзээд 18,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.” гэжээ. Гэвч 18,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Гэрч Т- мэдүүлэгтээ “...урьдчилгаа мөнгөө авах гэж шүүхэд хандсан, ...тэнд цэцэрлэг байдаг гэж надад хэлээгүй,... би уулзана гэж очоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж залууг явуулсан, ...би гаднаас нь тус барилгыг харсан, 200 м.кв талбай байгаа гэхээр нь түрээсэлсэн, ...орж үзээгүй нэг удаа очсон гаднаас нь харсан гэж /хх-163-165 тал/ мэдүүлсэн байдаг. Гэрчийн энэ мэдүүлгээр түрээсэлсэн байраа үзэх гэж очоогүй бөгөөд хариуцагч нар уг түрээсэлсэн байранд оруулаагүй гэдэг нь цагдаагийн 1-р хэлтсийн 1018.10.04-ний 30ж/7051 тоот албан бичиг /хх-166/, “ОУЛ ЭМ ЖИ” ХХК-ийн тодорхойлолт /хх-185/ цагдаагийн ажилтан Цэндсүрэнгийн тодорхойлолт, /хх-223/ боловсролын хэлтсийн тодорхойлолт, /хх-184/ цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргээр тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ байгуулсан Т-ын хамт нэхэмжлэгчийг очиход хариуцагч оруулахгүй байсан гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй байна. Э- нь түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацаанд өөрийн өмчөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч өөрийн үл хөдлөх хөрөнгөө эзэмших ашиглах захиран зарцуулахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй байж нэхэмжлэгч түүнд 72,000,000 төгрөгийн гэм хор учруулсан гэж нэхэмжилсэн нь бүр ч ойлгомжгүй байна. Хэрэв хариуцагч гэм хор учруулсан ямар нэгэн үйлдэл хийснээс түүнд гэм хор учирсан бол түүнийгээ нотлох ёстой юм. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж ИХШХШТХуулийн 40.3-т заасан. Нэхэмжлэгчийн нотлох баримт гэж үзэж байгаа шүүхийн шийдвэр нь 2 жилийн хугацаанд хариуцагчид нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж гэм хор учруулсан гэдгийг нотолсон баримт болж чадахгүй юм. Үүнээс үзэхэд хариуцагч хууль бус ямар үйлдлийг хэзээ гаргасан, үүнээс нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол учирсан бэ гэдгийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх ёстой. Тэгтэл хэрэгт авагдсан /хх-163-165, 166, 185, 223, 184 талд/ нотлох баримтуудаар түрээслэгч Д.Т- нэхэмжлэгчийг хамт очиход нь 2017.07.25-ны өдөр гол хаалгаар оруулаагүй хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй байдаг. Шүүх эдгээр нотлох баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй мөртлөө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин өөр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй хууль зөрчсөн. Нэхэмжлэгч 200 м.кв талбайтай байрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах гэсэн 2 дахь шаардлагыг шүүх Иргэний хуулийн 9.4.2, 106.2-т заасны дагуу хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь Б боловсрол сургалтын байгууллага нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг нь ямар үйлдлээр хэрхэн, яаж зөрчсөн талаар нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл зэргийг нотлох баримт мэт үнэлж нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд барилгын урд талын голын хаалгаар оруулахгүй, гаргахгүй саад учруулсан болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь ИХШХШТХуулийн 25.1.1, 26.3, 37.1,37.2, 40.1, 40.2-т заасныг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Хариуцагч Б боловсрол, сургалтын байгууллага нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 давхрын 401-403 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг эзэмших, ашиглахдаа уг барилгын баруун талын хаалгаар буюу тусдаа орц гарц ашиглахыг даалгах гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Э- нь 2012 оны сүүлчээс 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд тус барилгын 1, 2, 3, 5 давхарт цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдгийг мэдсээр байж байгууллагын үйл ажиллагаанд байнга саад учруулж шүүх, цагдаа, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар байнга явж хүүхдийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож дансыг хаалгах, удаа дараа үндэслэлгүй их хэмжээний хохирол төлбөр нэхэмжлэх, албадах ажиллагаа явуулах, шүүхэд худлаа тайлбар гаргах, заавал 2 орц, гарцыг ашиглана гэх зэргээр хүндрэл учруулж байдаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Гэтэл хүүхдийн байгууллага ажиллуулж байгаа манай байгууллагын хувьд цэцэрлэг ажиллуулахад хүндрэл бүхий нөлөөлөл үүсэж байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 134.2-т ...хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэжээ. Тэгвэл Б.Э- нь хүүхдийн байгууллага цэцэрлэг ажиллуулж байгаа манай байгууллагын онцлог байдлыг мэддэг атлаа дээрх байдлаар цэцэрлэгийн сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө гэсэн хуулийн шаардлагын үүднээс манай байгууллагыг хэвийн ажиллахад үүсэх нөлөөллийг /заавал урд талын орц шатаар орно гэж/ үүсгэж хүүхдийн байгууллагын хэвийн ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул Иргэний хуулийн 135.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэл гаргасан болно. Гэсэн ч шүүх сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг нотолсон гэж үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Нэгэнт түрээсийн гэрээг цуцалсан нөхцөлд нэхэмжлэгч өөрийн өмчөө ашиглах эзэмших, захиран зарцуулах эрх нь нээлттэй байсан төдийгүй энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж хариуцагч түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн мэтээр гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч 2 жилийн турш нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад хийсэн гэм буруутай үйлдэл хийгээгүй байхад 2 жилийн түрээсийн төлбөр 72,000,000 төгрөгийг гэм хорын хохирол гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ цуцлагдсанаар өмчөө эзэмшиж ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан хэдий ч хариуцагч гэм хор учруулсан мэтээр мөнгө нэхэмжилж бусдаас мөнгө аваад ашиг олох хялбар боломж гэж үзэж нэхэмжлэл гаргасныг шүүх зарим хэсгийг ханган шийдвэрлэж байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.21-ний өдрийн 102/ШШ2019/03146 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 379 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 379 дүгээр магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн зардал нэхэмжилсэн 247,950 төгрөг, түрээсийн гэрээний дагуу олох байсан орлого 54,000,000 төгрөг, нийт 54,247,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр дээрх шүүхүүд ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж илт үндэслэл муутай шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 дүгээр давхрын 401-403 тоот байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг 2010 оноос хойш өмчилж байгаа бөгөөд хариуцагч нар нь 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд удаа дараагийн хууль бус үйлдлээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, түүнийг хохироосоор ирсэн. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар, мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулахаар шүүхэд хандсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд хариуцагчийн тэрхүү хууль бус үйлдлийг дэмжиж, нэхэмжлэгчийн эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үндсэн эрхийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор иргэн Д.Т-тай байгуулсан 2017.07.25-ны өдрийн түрээсийн гэрээ мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дугаар шийдвэрййг нотлох баримтаар гаргаж өгч, Д.Т-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуулгасан. Дээрх шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгээр хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч болон Д.Т- нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсон нь, мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан болох нь нотлогдсон. Гэтэл шүүхүүд тухайн баримтуудыг хуульд заасны дагуу үнэлээгүй юм. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүд Бөмбөөхөн БСБ-ын “цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар барилгын урд хаалгаар оруулахгүй, гаргахгүй зэргээр саад учруулсан үйлдлийг” хууль бус гэж дүгнэсэн атлаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаагаар нэхэмжлэгч нь олох байсан орлогоор хохирсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Бөмбөөхөн БСБ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай... үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “...хохирол болон олох байсан орлогыг мөн адил нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Бөмбөөхөн БСБ нь нэхэмжлэгчид учирсан нийт хохирол буюу 72,000,000 төгрөгийн хохирлыг бүхэлд нь хариуцах үүрэгтэй байна. Мөн хохиролд шаардаж буй 247,950 төгрөгийн тухайд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Э-гаас 18,000,000 төгрөгийг гаргуулж Д.Т-ад олгож шийдвэрлэхдээ Д.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг Б.Э-гаас гаргуулж түүнд олгуулахаар шийдвэрлэсэн явдал юм. Энэ нь мөн адил хариуцагч Бөмбөөхөн БСБ-ын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол юм.

Нэгтгэн дүгнэвэл: Бөмбөөхөн БСБ-ын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч болон Д.Т- нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан тул ИХШХШТХуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 495 дугаар зүйлийн 495.6, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж холбогдох хэсгийг нотлогдохгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад үл нийцнэ.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.21-ний өдрийн 102/ШШ2019/03146 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 379 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж “Бөмбөөхөн” БСБ-аас 72,324,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Б боловсрол сургалтын байгууллага, Б.Б- нарт холбогдуулан, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг даалгах, олох байсан орлогод 72,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг, нотариатын зардал 77,000 төгрөг, нийт 72,324,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч марган, нэхэмжлэгч Б.Э-д холбогдуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахдаа тухайн барилгын баруун талын хаалгаар буюу тусдаа орц, гарц ашиглахыг даалгах тухай сөрөг шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч Б.Э- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх ба тэрээр, ...тухайн барилгын 1, 2, 3, 5 дугаар давхрын өмчлөгч Б боловсрол сургалтын байгууллага нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар барилгын урд талын голын хаалгаар оруулахгүй, гаргахгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулснаас олох байсан орлого 72,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг, нотариатын зардал 77,000 төгрөг, нийт 72,324,950 төгрөгөөр хохирсон гэж марган, уг төлбөрийг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Э- нь 2017.07.25-ны өдөр иргэн Д.Т-тай харилцан тохиролцож, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, 2017.07.25-ны өдрөөс 2019.07.25-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэхээр гэрээ байгуулж, 6 сарын түрээсийн төлбөрийн 18,000,000 төгрөгийг хүлээн авсан байна. Гэвч хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж түрээслэгч Д.Т- түрээсийн эд хөрөнгийг ашиглах боломжгүй болж гэрээнээс татгалзан, түрээсийн төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг Б.Э-гаас буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийн олох байсан орлогод хариуцагчаас 18,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг “хариуцагчийн буруугаас орлого олох боломжгүй болсон, мөн хохирсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6-д Бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө этгээдийнхээ эрхийг мэдэж байсан боловч санаатай зөрчсөн бол эрх бүхий этгээд эд хөрөнгийн хохирлоос давсан ашгийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж заасантай нийцжээ. 

 

2. Нэхэмжлэгчийн гаргасан Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд, хариуцагч нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар нэхэмжлэгчийг барилгын урд талын голын хаалгаар оруулахгүй, гаргахгүй, түүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нь хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичмэл баримтаар тогтоогдсон байна.

 

Иймд хоёр шатны шүүхээс “нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлд 106.2 дах хэсэгт тус тус зааснаар эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, харин хариуцагч нь мөн хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт зааснаар хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Гэвч анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардаж буй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах шаардлагын үндэслэл буюу тухайн барилгын урд талын голын хаалгаар оруулахгүй, гаргахгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үндэслэлийг тодорхой зааж тусгаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Дээрх байдлаар хариуцагч нь хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч нарын орц, гарцыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор буюу цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар хааж, нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нь тогтоогджээ. 

 

Түүнчлэн, шүүхүүд хариуцагч Б.Б- нь Б боловсрол сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд өмчлөгчийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд иргэнийхээ хувьд саад учруулсан нь нотлогдоогүй үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

 

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 379 дүгээр магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03146 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 140 дүгээр зүйлийн 140.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-г өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахын тулд тухайн барилгын урд талын голын хаалгаар орж, гарч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг хариуцагч Б боловсрол сургалтын байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.30-ны өдөр төлсөн 429,190 төгрөг, хариуцагчаас 2020.03.23-ны өдөр төлсөн 318,535 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                            Б.МӨНХТУЯА

                                                            Х.СОНИНБАЯР

Х.ЭРДЭНЭСУВД