Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2017/03524/и |
Дугаар | 1308 |
Огноо | 2018-06-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 1308
2018 оны 06 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2018/01308 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Гранд плаза цогцолбор, 8-801 тоотод байрлах, “М” ХХК/РД: 2682354/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам 56 дугаар байр, Цома оффис 7 давхарт 703 тоотод байрлах, “Б О М” ХХК /РД:5775558/-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121,903,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б О М” ХХК, хуучнаар “Алтан дорнод майнинг сервис” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн МЕ- БОО/14/32 тоот “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулан барааг нийлүүлж ажилласан.
Нэхэмжлэгч “М” ХХК нь гэрээ болон харилцан тохиролцсоны дагуу дээрх бараануудыг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн бараа хүлээн авсан баримтуудаар хариуцагч талд хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн баталгааг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллага нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч 121,903,885 төгрөгийн өглөг, авлагатайг харилцан баталсан болно.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэр гарахаас өмнө шилжүүлсэн байсан бараа, материалын баримтууд нь санхүүд хожим бүртгэгдсэн тул санхүүд бүртгэгдсэн огноогоор огноолсон, шүүхэд нэхэмжлэл гаргасны хойно шийдвэр гарахаас өмнө хийсэн тооллогын дүнгээр дутсан бараа учир 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлд энэ дүн ороогүй юм.
Хариуцагч компанийн уурхай дээрх чингэлэгт манай компаний бараа материалаа байршуулаад түүнээс өөрт хэрэгтэй материалаа хариуцагч авч хэрэглэсний дараа нь тооллого хийж, тооцоо нийлсний үндсэн дээр төлбөр тооцоо хийдэг байсан. Тийм болохоор 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр контейнерт нь байсан үлдэгдэл бараагаа хүлээн авч тооцоо нийлсэн тул энэ өдрөөр огноолсон баримт үйлдэж, дутсан бараагаа нийлүүлсэн гэж үзэж төлбөрөө шаардаж байгаа.
Бид 2016 онд чингэлэгээс нь бараагаа хүлээж авахыг хүссэн боловч уурхай зогссон хүн байхгүй гэсэн тул 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байдаг.
Хариуцагч нь энэ барааны төлбөрөөс төлөлт огт хийгээгүй, нэхэмжлэгч барааг гэрээ болон харилцан тохиролцсоны дагуу баримтаар нийлүүлж, тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан бөгөөд барааны төлбөр 121,903,885 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хариуцагчаас барааны төлбөрийг гаргуулж өгнө үү.
Энэ бараа нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө шилжүүлсэн боловч хожим тооцоо нийлсэн актаар илэрсэн учир шүүхийн шийдвэрлэсэн маргаанд хамаарахгүй гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Талууд 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр МЕ-БОО/14/32 тоот “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэрээр шийдсэн.
2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь энэ гэрээний үүргийг зөрчсөн үндэслэлээр хариуцагчаас шилжүүлсэн барааны үнэд 380,285,515 төгрөг шаардсаныг манайх төлөх үүрэгтэй нь үнэн байсан учир зөвшөөрсөн байдаг. Харин үүнээс хойш ямар ч бараа хүлээн аваагүй, нэхэмжлэгч ч шилжүүлээгүй тул нэмж мөнгө нэхэмжлэх эрхгүй.
Бараа хүлээлгэн өгсөн гэх зарлагын баримтуудын дагуу ямар 1 бараа материал аваагүй, гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дууссан байхад 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр яагаад бараа нийлүүлээд байгаа нь ойлгомжгүй байна.
Манай компани 2014-2017 онуудад нийт 50,000,000 гаран төгрөгийн материал хэрэглэсэн байдаг. Бид чинь байгаа техникийн хэмжээндээ л дагалдах хэрэгслийг ашиглана шүү дээ. Гэтэл манай ашиглалтаас давсан үнэтэй ашиглалт хийгдсэн мэт ярьж байгаа нь үндэслэлгүй.
Гэрээний хугацаа дууссан, шүүх энэ гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэснээр үүрэг дуусгавар болсон тул хэдийд, хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй зарлагын падаанаар үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Бид бусдад төлбөртэй нь үнэн, эдийн засгийн боломж муу нь үнэн боловч энэ нь бусдын нэхсэн болгоныг өгнө гэсэн үг биш гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б О М” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121,903,885 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
“М” ХХК болон “Алтан Дорнод майнинг сервис” ХХК-ууд нь 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр МЕ-БОО/14/32 тоот “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах” нэртэй гэрээг 24 сарын хугацаатайгаар байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч “М” ХХК нь стандарт, чанарын шаардлага хангасан аливаа доголдолгүй өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүдийг нийлүүлэх, худалдан авагч “Алтан Дорнод майнинг сервис” ХХК нь нийлүүлэгчээс сар бүрийн 5-ны дотор сарын эцсийн тооллогын дүнгээр гарсан хэрэглэсэн бараа материалын үнийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор төлбөрийг дансаар шилжүүлэн төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Худалдан авагч “Алтан Дорнод майнинг сервис” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр оноосон нэрээ “Б О М” ХХК болгон өөрчилснийг мөн өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байх тул шүүх зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 09-ний хооронд 10 удаагийн нийлүүлэлтээр урьдчилан байршуулсан бараа материалаас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тооллогоор 114 нэр төрлийн 100,033,245.31 төгрөгийн бараа материалыг хариуцагч хэрэглэсэн, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2,966,920 төгрөгийн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 18,903,720 төгрөгийн тосны худалдан авалт нэмж хийсэн үндэслэлээр нийт 121,903,885 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч 2016 оны 7 дугаар сараас хойш бараа материал огт аваагүй, энэ гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талууд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д заасны дагуу эд хөрөнгө хүлээн авах нөхцлийн талаар гэрээний 2.1, 2.2, 3.2.3 дахь заалтаар ...нийлүүлэгч “М” ХХК нь гэрээний зүйлийг урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авагчийн агуулахад байршуулахдаа /нийлүүлэхдээ/ тодорхой мэдээллээр гаргасан барааны захиалгынх нь дагуу бараа материалыг 2 талын төлөөлөгчийг байлцуулан энгийн болон техникийн нарийн үзлэг хийж, “Бараа материал хүлээлцэх акт” үйлдэн, харилцан гарын үсэг зурж баталгаажуулан хүлээлгэн өгнө гэж тохирсон байна.
Гэвч гэрээгээр тодорхойлсон дээрх нөхцлийн дагуу эд хөрөнгө хүлээлцсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч эд хөрөнгө хүлээлгэн өгсөн байдлаа нотлох зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 22, 2016 оны 5 дугаар сарын 10, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрүүдийн зарлагын падаанууд, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2014 оны 6 дугаар сарын 12, 2014 оны 6 дугаар сарын 20, 2014 оны 7 дугаар сарын 09, 2014 оны 7 дугаар сарын 31, 2014 оны 9 дүгээр сарын 04, 2014 оны 10 дугаар сарын 22, 2014 оны 10 дугаар сарын 31, 2015 оны 3 дугаар сарын 04, 2015 оны 6 дугаар сарын 09, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрүүдийн бараа материал хүлээлцсэн акт гэх гадаад хэл дээр үйлдэгдсэн баримтыг гаргасан бөгөөд эдгээрээс 2015 оны 6 дугаар сарын 22, 2016 оны 5 дугаар сарын 10, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрүүдийн баримтуудыг энэ хэрэгт хамааралтай гэж тайлбарласан.
Үүнээс өмнөх хугацааны буюу бусад баримтуудтай холбоотой шаардлагыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлээр шүүх “Б О М” ХХК-аас шаардсаныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн, харин сүүлийн 3 баримтаар олгосон бараа материал нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусахаас өмнө нийлүүлэгдсэн боловч хожмын буюу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тооллогоор илэрсэн учир шүүхийн шийдвэрлэсэн маргаанд хамаарахгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлав.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/01272 дугаар шийдвэрээр шүүх “Б О М” ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн МЕ-БОО/14/31 тоот “худалдах, худалдан авах”, МЕ-БОО/14/32 тоот “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-ний үүрэгт 380,285,515 төгрөг шаардсан “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 50,000,000 төгрөг төлөгдсөн үндэслэлээр “Б О М” ХХК-аас 330,282,515 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэлээр шаардаж буй төлбөр нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01272 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн нэхэмжлэгчийн шаардлагад ороогүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан зохицуулалт хамаарахгүй гэж үзнэ.
Харин МЕ-БОО/14/32 тоот “Өндөр даралтын гидр шланг, холбох хэрэгслүүд нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангуулах шаардлагыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж, шүүх уг шаардлагыг эцэслэн шийдвэрлэснээр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэгчийг уг гэрээний үүргийн зарим хэсгийг хэсэгчлэн шаардах эрхгүй гэж дүгнэв.
Учир нь, шүүхийн шийдвэр гарснаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болдог бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүнээс өмнө шилжүүлсэн бараа материалын үнийг 1 мөр, эсхүл шүүх хэргийг шийдвэрлэхээс өмнө тооллогоор илэрсэн бараа материалын үнийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх замаар хариуцагчаас шаардах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлэлгүйгээр хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг шаардсан нь шаардаагүй үлдсэн хэсгээс татгалзаж байгаа хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд үүрэг дуусгавар болохоос өмнө илэрсэн тооцоонд үндэслэн төлбөр шаардах эрхээ хэрэгжүүлээгүй явдал нь одоо нэхэмжлэгчид шаардах эрхийг үүсгэхгүй тул “Б О М” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121,903,885 төгрөг гаргуулахыг хүссэн “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс гаргасан гадаад хэл дээрх баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, нотлогооны ач холбогдолгүй байсан тул шүүх тэдгээрийг Монгол хэл рүү орчуулсан байдлаар гаргуулах шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан “Б О М” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121,903,885 төгрөг гаргуулахыг хүссэн “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг гарснаас нь хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА