Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00792

 
 

Б.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00163 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 866 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Б.Отгонтуяа

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас үл хөдлөх эд хөрөнгө хасуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлангийн хяналтын журмаар 2020.05.19-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ИХАШШ-н 2015 оны 7631 дугаартай захирамжаар Б.Бадралсайханаас 95,656,000 төгрөг гаргуулж, Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэн гарсан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудаст Б.Отгонтуяа миний өмчлөлийн эрхийн улсын Ү-2206016977 дугаар бүртгэлтэй, ХУД-н 1-р хороо, 36 дугаар байрны 33 тоот, 48.43 м.кв талбайтай, 2 өрөө байрыг худалдан борлуулах, төлбөр авагч Проадд ББСБ ХХК-д өмчлөх эрхийг нь шилжүүлэх талаар дурьдаагүй, шийдвэрлээгүй болно. Гэтэл шүүхийн гүйцэтгэх хуудасгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно. гэснийг зөрчиж, албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, битүүмжлэн, хураан, үнэлгээ хийлгэж, анхны албадан дуудлага худалдаанд оруулж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг мэдлээ. Энэхүү ажиллагаа нь хууль бус бөгөөд өмчлөх эрхэнд ноцтойгоор халдаж байна. НШШГ болон ШШГЕГ-с гомдлын дагуу өгч байгаа хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг гомдолд дурьдсан шүүхийн шийдвэр, магадлал гээд байгаа зүйлээс хойш хийгдсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Отгонтуяа миний өмчлөлийн эрхийн улсын 2 өрөө байрыг БЗД, СБД, Чингэлтэй дүүргийн ИХАШШ-н 2015.11.11-ний өдрийн 7631 дугаартай Б.Бадралсайханаас 95,656,000 төгрөг гаргуулж, Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу анхны албадан дуудлага худалдаанд 2019.03.15-ны өдрийн ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ИХАШШ-н 2015.11.11-ний өдрийн 7631 дүгээр шийдвэрээр Б.Бадралсайханаас 95,656,000 төгрөгийг гаргуулан Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө тогтоохоор холбогдох газраас лавлагаа авахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Б.Бадралсайханы нэр дээр Чингэлтэй дүүргийн 3-р хороо хөнгөн хүнсний үйлдвэр 2/30 байрны 18 тоот орон сууц бүртгэлтэй гэх хариуг ирүүлсэн бөгөөд Хан Богд капитал ББСБ-д барьцаатай байна. Төлбөр төлөгч Б.Бадралсайханд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул харилцах дансны зарлагын гүйлгээг төлбөрийн шаардлагын хэмжээнд зогсоосон байна. Иргэн Б.Отгонтуяагийн нэр дээрх 33 тоот 48.43 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь төлбөр авагч Проадд ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй болох нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газраас авсан лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 182/ШШ2020/00163 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 86 дугаар зүйлийн 86.1 дахь хэсэгт заасныг баримтлан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 48.43 м.кв орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016977 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хасч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар Б.Отгонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 866 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...49 дүгээр зүйлийн 49.1, 86 дугаар зүйлийн 86.1 хасаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 гэж нэмж, ... эд хөрөнгийг хассугай гэснийг ... битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хассугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,693 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалтай танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт төлбөрийг төлбөр төлөгч бус этгээдийн эд хөрөнгөөс барагдуулах ажиллагаа хийсэн нь ШШГТХууль зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Б.Отгонтуяагийн өмчлөлийн 33 тоотод байрлах 48.43 мкв талбайтай 2 өрөө орон сууц нь ИХ-н 156-д заасны дагуу төлбөр авагч Проадд ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй болох нь Хан-уул дүүргийн Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаагаар болон Проадд ББСБ ХХК болон Б.Бадралсайхан нарын 2013.10.18-ны өдрийн 13/10/18 дугаар Зээлийн гэрээ мөн Проадд ББСБ ХХК болон Б.Отгонтуяа нарын 2013.10.21-ний өдрийн 13/10/18Б дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр барьцаа хөрөнгө болох нь тогтоогдож байна. ИХ-н 153.1-д заасны дагуу барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Отгонтуяа 2019.07.30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас үл хөдлөх эд хөрөнгө хасахыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015.11.11-ний өдөр 7631 дугаартай захирамж гаргаж, Б.Бадралсайхан нь Проадд ББСБ ХХК-д 95,656,000 төгрөг төлөхийг зөвшөөрснийг баталж, захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар дурджээ.

 

Б.Бадралсайхан захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7631 дугаар захирамжийн дагуу 2016.04.15-ны өдөр албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол 2016.08.08-ны өдөр гарсан, албадан гүйцэтгэх ажиллагааны талаар Б.Отгонтуяад мэдэгдэж байсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогджээ.

 

2. Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нь хийх эрхтэй бөгөөд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа юм.

 

а\. Төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйл /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 53 дугаар зүйл/-д заасан дарааллын дагуу явагдана. Тухайлбал, уг зүйлд зааснаар эд хөрөнгө нь төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй, зохигч мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.3 дах хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-86.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсгийг зөрчинө.

 

б\. Шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх дарааллыг заавал баримтлахыг шаардахгүй бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл., Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т нийцнэ.

 

3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт буй баримтын талаар дүгнэлт хийгээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг анхаарч үзээгүй, зохигч мэтгэлцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Отгонтуяад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба 2019.06.13-ны өдөр 4/1016 дугаар албан бичгээр хариу \хх 85\ өгсөн, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Түүнчлэн, хяналтын шатны шүүхийн 2018.12.13-ны өдрийн 001/ХТ2018/01838 дугаар тогтоол /хх 126-127/-д ... төлбөр төлөгч болон авагч, өмчлөгч нар нь... тохиролцоогүй тул... үнэлгээ... гаргуулсан... ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.4., 54.1., 55.2.2-т заасныг зөрчөөгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй... гэжээ.

 

Нэхэмжлэгч хэрэгт буй уг баримтыг эсэргүүцээгүй байгааг шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцээгүй байна.

 

4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00163 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 866 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН