Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 533

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ө, Б.Т нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Ө,

шүүгдэгч Б.Т,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, шүүгдэгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Ө, Б.Т нарт холбогдох 201526022004 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Хойт овгийн Бын Ө, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ногоо тарьдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Сургуулийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан,

  1. Баатар ван овгийн Бийн Т, 1990 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Б.Ө, Б.Т нар нь “Ээгий” гэх хүнтэй бүлэглэж, 2015 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “...”-ийн 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Фитнес клубын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий лед гэрлэн урсдаг хаяг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Ө, Б.Т нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хойт овогт Бын Ө, Баатарван овогт Бийн Т нарыг бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Өыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Тыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Ө, Б.Т нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.Ө, Б.Т нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Өаас 333.333 төгрөг, Б.Таас 333.333 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Б.Урантуулд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Б.Өын эзэмшлийн 35-33 УБЕ улсын дугаартай, “Тоёота румион” загварын автомашиныг хурааж, улсын орлого болгож, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг Си ди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Өт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, Б.Т нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах эрхтэй, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2015 2602 2004 дугаартай хэргээс Ээгий гэгчид холбогдох 170501707 тоот эрүүгийн хэргийг тусгаарласан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие бусадтай нийлж хулгай хийгээгүй. Нотлох баримт хангалттай бус байхад ял оноож байгаад гомдолтой байна. Иймд миний гомдлыг хүлээн авч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэмт хэрэг хийгээгүй. Анхан шатны шүүхийн ямар ч нотлох баримтгүйгээр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэлээ. Тодруулбал;

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно.” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хэрхэн шийдвэрлэснийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй ба гэм буруутай эсэхийг шийдвэрлээгүй, шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.
  2. Прокуророос шүүгдэгч Б.Ө нарын үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч Б.Өт оногдуулсан ялыг тэнссэн нь үндэслэлгүй байна.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг шүүх хэрэглэж болох үндэслэлд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд” оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзахаар хугацаа тогтоож болох хуулийн зохицуулалтай байтал анхан шатны шүүх хуулийн энэ нөхцөл шаардлагыг хангаагүй этгээдийн ялыг тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч нарын гаргасан “Гэм буруугийн асуудлаар маргаж байгаа” гэх гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ