| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 108/2016/0036/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 654
2019 7 2 2019/ДШМ/654
М.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Цэрэндалай,
шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр, К.Бауржан,
насанд хүрээгүй хохирогч С.А-ын хууль ёсны төлөөлөгч А.К-, түүний өмгөөлөгч Ц.Цэгмид ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Л.Галбадар, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр, О.Бауржан нарын тус тусдаа гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Б-т холбогдох эрүүгийн 201601080015 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
....... овгийн..........Б, 19........ оны 2 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ............... хамт........... дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;
М.Б- нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан доторхи цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай С.А-ын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: М.Б-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Каракас овгийн М.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Б-ээс нийт 3.738.270 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч С.А- болон түүний хууль ёсны төлөөлөгч А.К- нарт олгохоор тогтоож, насанд хүрээгүй хохирогч С.А- түүний хууль ёсны төлөөлөгч А.К- нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хохирогч С.А-, насанд хүрээгүй гэрч З.А, М.Е нарын мэдүүлэг, гэрч Т.М, А.К- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 08/12 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 1153 тоот дүгнэлт, шинжээч эмч С.Төгсбуян, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Б.Баттөгсийн мэдүүлэг, гэрч Б.Алимаа нарын мэдүүлэг болон 13624 дугаартай өвчний түүх зэрэг баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон гэх боловч хэрэгт авагдсан эдгээр нотлох баримт, гэрч, хохирогч нарын мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.
Мөн дээрх нотлох баримтуудаас насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, гэрч Т.Майрагийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай эрс зөрсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддоггүй зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнээгүй байна.
Шүүх шүүгдэгчийг насанд хүрээгүй хохирогч С.А-д хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэх боловч тухайн гэмтлийг М.Б- учруулсан гэдгийг хангалттай хөдөлбөргүйгээр нотолж чадаагүй. Учир нь шинжээч эмч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогч нь тухайн гэмт хэргийг хэзээ авсан гэдгийг шууд тодорхойлох боломжгүй, мөрдөгчийн асуултын дагуу 1-3 сарын өмнө авсан байх боломжтой гэж хариулдаг ч тухайн өвчний илрэх хугацаа 14 хоногоос дээш 6 сараас 1 жил хүртэл хугацаанд үргэлжилдэг бөгөөд хохирогч тухайн гэмтлийг хэзээ ч авсан байх боломжтой.
М.Б-ийн хувьд хохирогчийг нэг ч удаа алгадаагүй тухайгаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлж байсан ба хууль ёсны төлөөлөгч А.К- болон Н.Серекбол нар тухайн өдөр М.Б-тэй уулзахад тэрээр хүүхдийг нь алгадаж цохиогүй, харин гараас барихад уйлсан тухай хэлж байсан гэдгийг мэдүүлсэн байдаг. Гэтэл насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг нь гэрч Т.М-ийн өгсөн мэдүүлгээс зөрүүтэй буюу насанд хүрээгүй гэрч, хохирогч нар нэг удаа алгадсан гэдэг бол гэрч Т.Майра нь хэд хэдэн удаа алгадсан гэх мэдүүлэг өгсөн байдаг.
Мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.С улсын яллагчийн асуусан асуултад “тухайн үед хүүхдээ цохиулсан гэдгийг мэдээгүй, 7-8 хоногийн дараа толгой нь өвдөж байна гэхээр нь Налайх дүүргийн эмнэлэгт ганц нэг удаа үзүүлж байсан” гэж мэдүүлсэн байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, тус зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан.
Иймд гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй, хэрэг гарсан байдал, хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад М.Б-ийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... “ гэв.
Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч К.Бауржан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М..Б-ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгахдаа 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаанд доторхи цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай С.А-ын баруун хацарт нь гараараа алгадаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж үзсэн. Энэхүү үйлдэл нь насанд хүрээгүй хохирогч С.А-, насанд хүрээгүй гэрч З.Азамат, М.Ердос нарын мэдүүлэг, мөн гэрч Т.Майра, А.К- нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн эмч С.Төгсбуянгийн 08/12 тоот дүгнэлт, ШШҮХ-ийн эмч нарын 1153 тоот дүгнэлт, шинжээч эмч С.Төгсбуян, ГССҮТ-ийн эмч Б.Баттөгсийн мэдүүлэг, гэрч Б.Алимаа нарын мэдүүлэг болон 13624 дугаартай өвчний түүх зэрэг баримтуудаар нотлогдсон гэж үзсэн.
1 . Болсон хэргийн тухайд:
2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн иргэн С.А гэх 7 настай хүүхэд ГССҮТ дээр хагалгаанд орж, тархины эдийн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи 200 мл архаг цус хуралт авхуулсан. Улмаар дээрх гэмтлийг буюу хүүхдийн тархины эдийн баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи архаг цус хуралт нь гадны нөлөөнөөс буюу бусдад цохиулах, эсхүл тэгш гадаргуу бүхий зүйл дээх унах үед авах боломжтой “хүнд” зэргийн гэмтэл болохыг ШШҮХ-ийн шинжээч эмч нар санал нэгтэй тодорхойлсон. Хохирогчийн ар гэр буюу эцэг,эхийн зүгээс дээрхи гэмтлийг Б гэх хүн 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр учруулсан гэж өргөдөл гаргаснаар цагдаа, прокурорын байгууллага энэ өдөр гэмт хэрэг үйлдэгдэн байна, Б-с болж хүүхдийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэсэн.
2. Нотлогдоогүй буюу эргэлзээтэй асуудлууд: /Тухайлбал хэрэг гарсан гэх өдөр хэдэн сарын хэдний өдөр байсан гэдэг асуудлууд/
Хэрэг гарсан өдрийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.К- , гэрч Серекбол, Майра нар шууд тодорхойлж 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байсан гэдэг боловч тэдгээр хүмүүс нь ямар учраас энэ өдөр байсныг санаж байгааг асуухад “хүүхдийн хичээл ороод удаагүй байсан, амралтын өдөр байсан учир санаж байна” гэж мэдүүлж байсан бол сүүлийн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.К- нь “тухайн хэрэг болдог өдөр цагдаад өгөх гээд өргөдөл бичиж байсан учир сайн санаж байна” гэх болсон. Тэгвэл хэрэгт холбогдоод байгаа Б нь тухайн өдөр буюу бойны хашаанаас хүүхдүүдийг хөөсөн гэх өдөр нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны үед байсан тухай мэдүүлсэн бол түүнтэй ижил мэдүүлгийг буюу энэ хэрэгт ямар нэг хувийн сонирхолгүй этгээд болох У.Хуатбек гэгч нь 8 дугаар сарын дундуур байсан, хэдний өдөр гэдгийг санахгүй байгаа тухай мэдүүлсэн байдаг. Мөн энэ хэрэгт огт гэрчээр асуугдаагүй ч уг асуудал болох үед хамт байсан гэх Айболат, Уатта нар 2015 оны 8 дугаар сарын дундуур байсан гэдгийг тодорхойлж тодорхойлолт бичиж өгснийг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн боловч нотлох баримтаар үнэлэхгүй талаар тайлбарлаж хүлээн аваагүй болно. Үүнээс гадна сүүлийн 3 удаагийн шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогч Аманбол нь зуны амралт буюу хичээл орохоос өмнө энэ асуудал болсон тухай мэдүүлсэн. Шинжээч нар гэмтэл авсан цаг хугацааг шууд тодорхойлох боломжгүй /мөрдөгчийн асуусны дагуу гэмтлийг 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр авсан байх боломжтой гэж хариулсан/ талаар дүгнэсэн.
Хэрэв хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.К-, түүний нөхөр Серекбол болон гэрчээр асуугдсан Серекболын төрсөн дүү гэрч Майра нарын мэдүүлснээр уг асуудал 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болоогүй, харин 8 дугаар сарын дундуур буюу хичээл орохоос өмнө болсон гэдэг нь тогтоогдвол 1 дүгээрт тэдгээрийн ярьсан бүх зүйл худал болно, 2 дугаарт шинжээчийн дүгнэлт /тухайн гэмтлийг 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр авсан байх боломжтой гэсэн хэсэг/ эргэлзээтэй болоход хүрнэ.
3. Шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг хэн учруулсан гэдэг асуудал:
Хэдий насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Каня нь Болатбекийн алгадсан үйлдлээс болж тухайн гэмтлийг авсан гэж үзэж гомдол гаргасан, улмаар насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрч нар, гэрч Майра нар нотолно гэж байгаа боловч тухайн гэмтлийг авсан даруй, авсны дараа толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, явах үед гуйвах, хоолны дуршил буурах зэрэг хэд хэдэн шинж тэмдгүүд илэрдэг тухай шинжээч эмч С.Төгсбуян, Б.Батцолмон нар мэдүүлсэн байдаг бол АШУҮИС-ийн М.Лхагважав гэж хүний илтгэлд гавал тархинд гэмтэл авсан үед ухаан алдах, бөөлжих, ойгүйдэх гэсэн гурвалсан шинж тэмдэг илэрдэг тухай дурьдсан байсан. Эндээс үзэхэд хамгийн нийтлэг илэрдэг шинж нь тухайн гэмтэл авсан тохиолдолд дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэг гэж үзэхээр байна. Гэрч Серекбол мэдүүлэхдээ “тэр асуудал болсны дараа манай хүүхэд байнга толгой өвдөөд байна гэх болсон. Тэгэхээр нь бид нар байнга эмнэлэгт үзүүлдэг байсан. Манай хүү өөрөө хэлэхдээ Болатбект цохиулснаас хойш толгой өвдөх болсон гэж байсан” гэж мэдүүлсэн атлаа энэ асуудлаар тухайн үед цагдаа, эмнэлэгт хандаж байгаагүй нь нотлогддог. Насанд хүрээгүй хохирогчийн ээж Каня өмнө өгч байсан мэдүүлэгтээ огт дурьдаж байгаагүй нэг зүйл хэлсэн нь “хүүхдээ зодуулснаас хойш 7 хоногийн дараа хүүхдийн түргэнд очиж үзүүлсэн, бөөлжөөд байсан” гэж мэдүүлсэн байдаг ба энэ талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй болно. Гэтэл хэрэг болсон гэх 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дээр дурьдсан шинж тэмдэгүүд хохирогчийн биед илрээгүй болох нь түүний өвчний түүх, гэрч нарын мэдүүлэг, анги удирдсан багшийн хөтөлдөг ирцийн тэмдэглэл зэргээс тодорхой нотлогддог. Тухайлбал, хамгийн анх 2015.10.05-ны өдөр ЭХЭМТ-ийн Мэдрэлийн эмчид үзүүлсэн ба тухайн үед онош хэвээрээ буюу таталт, тархины уйланхайтай гэсэн оноштой таталтын эсрэг эмчилгээгээ үргэлжлүүлэхийг зөвлөсөн. 2015.10.14-ний өдөр ӨЭМТ-д үзүүлэхэд гүйлсэн булчирхайн улайлт үрэвсэл гэж оношилосон, 2015.11.21-ны өдөр үзүүлэхэд гүйлсэн булчирхайн улайлт үрэвсэл, 2015.11.24-ны өдөр ӨЭМТ-д үзүүлэхэд уналт таталтын хам шинж оноштой гэсэн бол, 2015.12.05-ны өдөр тархины уйланхай, уналт таталтын хам шинж, мэдрэлийн ядаргаа оноштойгоор сувилалд 5 хоног сувилуулсан. 2015.12.10-ны өдөр уналт, таталт, тархины уйланхай оноштойгоор ВКК-д илгээв гэсэн бол 2015.12.11-ны өдөр Уламжлалт эмнэлгийн үзлэгт нүүрний мэдрэлийн сувгийн хатингаршил гэсэн оноштой эмчилгээ хийгдсэн болох нь өвчний түүх дээр бичигдсэн байдаг. Мөн шинжээч эмч нар нь тухайн гэмтлийг хэзээ авсан гэдгийг шууд тодорхойлох боломжгүй гэж байгаа ч мөрдөгчийн асуусны дагуу 1-3 cap өмнө авсан байх боломжтой гэж хариулж байгаа боловч өвчний /архаг цус хуралтын/ шинж тэмдэг илрэх хугацааг 14 хоногоос дээш 6 сараас 1 жил хүртэл хугацаанд үргэлжилдэг талаар тайлбарласан ба учир нь том хүн болон хүүхдийн биеийн бүтэц харилцан өөр байдаг тухай тайлбарласан байдаг. Хохирогчийн хувьд 2010.03.27, 2010.10.25, 2015.12.28-ны өдрүүдэд КТГ-ын шинжилгээнд орж байсан гэдгийг шинжээч эмч нар тодорхойлсон байдаг. Эндээс тухайн гэмтлийг хэзээ ч авсан байх боломжтой гэдгийг харж болно. 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Өрхийн эрүүл мэндийн төв болон ЭХЭМТ-д тус тус үзүүлсэн байдаг ба таталт, төрөлхийн уйланхайтай гэсэн оноштойгоор үзүүлж таталтын эсрэг эмчилгээгээ үргэлжлүүлэхийг зөвлөсөн талаар ЭХЭМТ-ийн эмч Алтанчимэг мэдүүлсэн байна. Үүнээс гадна насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг гэрч Майрагийн өгсөн мэдүүлгээс зөрүүтэй буюу насанд хүрээгүй хохирогч, гэрч нар нэг удаа алгадсан гэдэг бол гэрч Майра хэд хэдэн удаа алгадсан тухай мэдүүлсэн байдаг. Харин Болатбек нь анхнаасаа хохирогчийг нэг ч удаа алгадаагүй тухайгаа тогтвортой мэдүүлж ирсэн бол насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Каня болон Серекбол нар нь тухайн өдөр Болатбектэй уулзахад тэрээр хүүхдийг нь алгадаж цохиогүй, харин гарнаас барихад уйлсан тухай хэлж байсан гэдгийг мэдүүлсэн байдаг. Гэрч Хуатбекийн хувьд хүүхдийг цохиж, алгадсан гэдгийг хараагүй, харин хөөж явуулсан тухай мэдүүлсэн. Мөн энэ талаар насанд хүрээгүй иргэн Айболат тодорхойлсон. Үүнээс гадна 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Серекбол нэг эргэлзээтэй зүйл ярьсан байдаг нь тэрээр улсын яллагчийн тавьсан “та хүүхдийг цохиулснаас хойш хэдий хугацаанд эмчид хандсан талаараа хэлнэ үү” гэсэн асуултад, “тухайн үед хүүхдээ цохиулсан гэдгийг мэдээгүй, 7-8 хоногийн дараа толгой нь өвдөж байна гэхээр нь Налайх дүүргийн эмнэлэгт ганц нэг удаа үзүүлж байсан” талаараа мэдүүлсэн байдаг. Энэ мэтчилэн тухайн гэмтлийг буюу 7 настай С.А- хүүгийн биед учирсан хүнд зэргийн гэмтлийг Болатбек гэгч учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй болно. Шинжээч эмч Хашхүү болон Төгсбуян нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “тухайн гэмтэл хэзээ учирсан гэдгийг тогтоох боломжгүй” гэсэн бол хүүхдэд хагалгаа хийсэн ГССҮТ-ийн эмч Баттөгс мөн адил “тухайн цус хуралт хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй талаар” мэдүүлсэн. Цус хуралт гэмтлийг дээрх шинжээч нарын тайлбарласнаас гадна ном зохиолд 3 хуваан авч үздэг ба Үүнд: хурц, хувцавтар, архаг гэж хувааж үздэг. Хурц цус хуралт нь 3-7 хоногийн дотор, хурцавтар цус хуралт нь 14 хоногийн дотор, архаг цус хуралт нь 14 хоногоос дээш 6 сараас 1 жилийн хугацаанд үүсдэг тухай тайлбарласан байдаг. Цус харвалт буюу гавал тархины гэмтэлийн үед тухайн өвчний илрэх шинж тэмдэгийг дээрх шинжээч нарын тайлбарласнаас арай өөр байдлаар АШУҮИС-ийн М.Лхагважав гэж хүний илтгэл дээр Оношлогоо 1. Ухаан алдах 2. Бөөлжих 3. Ойгүйдэх гэсэн Гурвалсан шинжээр илэрнэ гэж бичсэн байсан. Эндээс үзэхэд тухайн гэмтлийн үед /цус хуралт/ хамгийн түрүүнд илрэх нийтлэг шинж тэмдэг бол бөөлжих юм. Хүүхдийн хувьд бөөлжих шинж тэмдэг нь сүүлд буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр илэрсэн байдаг гэдгийг анхаарах шаардлагатай юм. Хэрэв насанд хүрээгүй гэрч, хохирогч гэх хүүхдүүд үнэн хэлсэн, өөрөөр хэлбэл, Аманболыг нэг удаа алгадсан гэдэг нь тогтоогдсон гэж үзээд яг тэрхүү алгадсан үйлдлээс шалтгаалан хохирогчийн биед гэмтэл / гавал тархины хатуу бүрхүүл дор цус хуралт гэмтэл/ учирсан гэвэл энэхүү дүгнэлт нь өөрөө шууд таамаглалд үндэслэсэн дүгнэлт болно. Мөн шинжээч нарын хувьд тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэснээс бус учирсан гэж шууд дүгнээгүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно", 3 дахь хэсэгт "шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/", 1.2-т "гэмт хэргийг хэн үйлдсэн"-ийг нотолно гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана" гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана" гэж тус тус заасныг анхан шатны шүүх зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй, хэрэг гарсан нөхцөл байдал, цаг хугацаа, хүүхдийн биед хэн гэмтэл учруулсан гэдгийг эргэлзээгүй байдлаар нотлоогүй байхад М.Б-ийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэх замаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож М.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч С.А-ын хууль ёсны төлөөлөгч А.К- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр хүүхэд гүйж ирээд манай хүүхдийг том хүн алгадчихлаа гэж хэлэхээр нь би гүйгээд очсон. Очиход манай хүүхдийн царай нь цайсан, хацар нь улайсан байдалтай байсан. Одоо хүртэл гэм буруугаа хүлээдэггүй. Миний хүүхдийг маш их доромжилж байгаа. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч С.А-ын хууль ёсны төлөөлөгч А.К-гийн өмгөөлөгч Ц.Цэгмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Хэрэг гарсан өдөр тодорхойгүй гэж ярьж байна. Ганцхан өргөдөл бичсэн өдрөөр тодорхойлогдож байгаа асуудал биш юм. Сургуулийн багш нь тодорхой мэдүүлдэг “хичээл эхлэхэд Аманбол гэх хүүхэд сэргэлэн цовоо орж ирсэн. Гэтэл 9 дүгээр сарын 10-наас эхлээд хичээлдээ идэвхигүй болсон. Ээжийг нь 2-3 удаа дуудсан. 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хичээлдээ ирээд бие нь өвдөөд байхаар ээжийг нь дуудаад явуулсан” гэсэн байдаг. Мөн насанд хүрээгүй гэрч нар хичээл орсон байсан гэж мэдүүлсэн байдаг. Хохирогчийн эцэг, эх хоёр нь гүйгээд очиход Аманболын царай нь цайчихсан, хацар нь гарын ором гарсан байдалтай байсан гэдэг. Шүүгдэгч 130 кг жинтэй, 1 метр 90 см өндөртэй том биетэй хүн байдаг. Тэгээд 7 настай хүүхдийг алгадсан. Хүүхэд төрөлхийн уйланхайтай хүүхэд байсан. Бөөлжих, толгой өвдөх байдлыг нь үүнтэй нь холбож эмнэлэгт хандсан байдаг. Эмчилгээ хийлгэсэнээс үүдээд гэмтэл нь мэдэгдэхгүй удаанширсан байдал харагддаг. Архаг цусан хураа гэдгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар болон Гэмтлийн эмнэлгийн эмч нар тодорхой тайлбарладаг. Хүүхдийн онцлогоос шалтгаалаад удаан илрэх боломжтой гэдэг. 1-ээс 3 сар, 6 сараас 1 жилийн хооронд илэрч болно гэдэг. Батцолмон эмч тайлбарлахдаа “судас тасарсан хамгийн анхны шинж тэмдэг бол “царай цайх” гэсэн байдаг. Иймд хүүхэд тухайн өдөр гэмтэл авсан байх боломжтой байдаг. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралд өөрөө гэрчээр оролцож маш тодорхой тайлбарлаж өгсөн байдаг. Тухайн үед болсон асуудлыг яг хараад зогсож байсан гэрч нар хэргийн талаар тодорхой мэдүүлсэн байдаг. 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл нийтдээ 12 удаа эмнэлэгт хандсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдсон. Гэрч нарын мэдүүлгүүд маш тодорхой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Б-т холбогдох хэргийг шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр, К.Бауржан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэж байгаа боловч тухайн гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.Б- нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бойны хашаан доторхи цөмөрсөн зоорины дээгүүр гүйлдлээ, зоорины агааржуулагчаар архины шил, тоосгоны хэлтэрхий зэрэг янз бүрийн эд зүйл хийлээ гэж уурлан 7 настай С.А-ын баруун хацарт нь гараараа алгадаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:
насанд хүрээгүй хохирогч С.А-ын: "...2015 оны намар яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Гэрээсээ гараад танихгүй айлын хашаан дотор найз нарынхаа хамтаар тоглож байхад уг айлын эзэн нь болох том биетэй ах архины шил хагалж нүх рүү хийлээ гээд намайг барьж авангуутаа миний толгой руу гараараа цохисон. Тэгэнгүүт нь би зугтаагаад аавын төрсөн дүү Майра эгчийн хашаан дотор ороход нөгөө ах хойноос гүйж ирээд намайг барьж авангуутаа дахиад толгой руу гараараа цохиж зодсон...тухайн үедээ миний толгой өвдөж байгаад гайгүй болсноо хэд хоногийн дараа дахиад маш их өвдөж бөөлжсөөр байгаад эмнэлэгт хэвтсэн. Миний толгойн баруун хэсэгт гараараа цохисон. Миний толгойд намайг зодсон ах цохисоноос өөрөөр бэртэл гэмтэл учраагүй...” “...Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна.2015 оны 9 сард санагдаж байна. Ямар ч байсан намар болоод хичээл орчихсон байсан юм. Намайг Болатбек гэдэг ах миний толгойны баруун тал руу нэг удаа гараараа алгадаж цохисон. Их хүчтэй байсан... Ердос, Азамат нар байсан. Намайг цохихийг тэр хоёр харсан. Тэр хоёр надтай хамт тоглож байсан юм... Миний хувьд ямар нэгэн зүйлд толгойгоо цохих болон унасан зүйл байхгүй..., ...Би 2015 оны 9 дүгээр сард тэр Болатбек гэдэг ахад цохиулснаас хойш өөр зодуулж цохиулсан, бас толгойгоороо унаж гэмтсэн зүйл байхгүй... 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр намайг хичээлдээ явахад миний толгой зүгээр байсан. Ямар нэгэн өвчин зовиур байгаагүй ээ. Тэгээд тэр ахад цохиулсаны дараа хэзээ гэдгийг нь санахгүй байна. Толгой өвдөж бөөлжих болсон. Би 2015 оны 10 дугаар сараас эхлэн эмнэлгээр явж эхэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х, 97-98х/;
насанд хүрээгүй гэрч М.Ердосын “... 2015 оны намар хичээл орсны дараа 9 сард байх миний бие найз С.А-, Азамат нарын нарын хамтаар бойны хашааны хойд хэсэгт амьдардаг Аманболын эгч Майра эгчийн гэрийн ойролцоо тоглож байгаад гурвуулаа Майра эгчийн урд талд байх нүхэнд шил хийж тоглож байсан чинь нэг том ах хүрч ирээд намайг барьж аваад чи хэний хүүхэд вэ гэхээр нь би аавынхаа нэрийг хэлсэн чинь намайг тавьсан. Тэгэнгүүт Аманболыг барьж аваад зүүн гараараа толгой руу цохьсон. Тэгэнгүүт нь Азамат бид хоёр зугтаагаад явсан. Тэгээд Азамат бид хоёр Аманболын гэрт нь очиж Аманболыг том хүн зодоод байна гэж ээжид нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-19/;
гэрч Т.Майрагийн: "Манай гэр Налайх дүүргийн 4 хороо Бүс нуурын 7-1 тоотод буюу бойны хашааны баруун талд залгаа байдаг юм.Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед хашаан дотроо юм угаагаад байж байхад байшингийн хойд талд хүүхэд уйлах чимээ гарахаар нь байшингийнхаа хойд талд гараад ирсэн чинь Болатбек гэх бойны хашаанд амьдардаг залуу манай ах Серикболын төрсөн хүү 8 настай А-н гарнаас нэг гараараа барьж байгаад нөгөө гараараа толгойнх нь баруун шанаа руу хэд хэдэн удаа алгадаж байсан.Тэгэхээр нь болиоч наад хүүхэд чинь толгойны өвчтэй ш дээ гэсэн... Б А зодсоны дараа А-н нүүр болон баруун шанааны хэсэг нь нэлээн улаасан байдалтай харагдаж байсан.Өөр ил харагдахаар бэртэл гэмтэл анзаарагдаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
шинжээч эмч С.Төгсбуянгийн: "...Тухайн гэмтэл нь насанд хүрсэн хүний гараар нэг болон түүнээс дээш удаагийн цохилтоор үүсэх боломжтой...2015 оны 9 дүгээр сард тухайн гэмтлийг авсан байх боломжтой. Дээрхи гэмтлийг авсан даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, огих, нүд бүлтрэх, толгой эргэх, явах үед гуйвах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Амь насанд аюултай байдалд хүрэх хүртэл идэвхитэй үйлдэл хийх боломжтой.Насанд хүрээгүй хүүхдийн хувьд илүү урт хугацаагаар идэвхитэй үйлдэл хийх боломжтой. Учир нь хүүхдийн тархи, гавал ясны бүтэц зэрэг нь насанд хүрсэн хүнийхээс онцлогтой байдаг. Хүүхдийн хувьд гавал яс нимгэн, тархинд үзүүлж байгаа даралт нь бага байдаг учир шинж тэмдэг удаан илэрдэг юм. Насанд хүрсэн хүн дээрхи гэмтлийг авсан тохиолдолд удаан хугацаагаар идэвхитэй үйлдэл хийж чадахгүй" гэх мэдүүлэг. /хх 29-30х/ “...Уйланхай нь өөрөө архаг өвчин байгаа юм. Харин хохирогчид учирсан архаг цусан хураа нь гэмтлийн гаралтай үүсдэг учир уйланхай өвчин гэмтэлд нөлөөлсөн зүйл байхгүй. Ямар ч хамаа байхгүй... Тархины архаг цусан хураа гэдэг нь тархинд цус хураад удаан хугацаагаар байсныг ойлгоно..." гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,
гэрч Б.Баттөгсийн "Тухайн хүүхэд тархиндаа цус хуралттай гэсэн оноштойгоор ирсэн ба миний бие хагалгааг ахалж хагалгаанд орсон. Намайг хагалгаа хийхэд тархины баруун талын чамархайд цус хуралттай байсан ба хагалгаагаар 200 мм орчим архаг цус хуралт байсныг нь авсан...Тухайн хагалгаанд орсон хүүхэд нь бага насны хүүхэд байсан тул жижиг зүслэг хагалгаа хийсэн. Намайг хагалгаа хийхэд хүүхдийн тухайн мэс засал хийгдсэн хэсэгт хугаралт цууралт байгаагүй. Зөвхөн цус хурсан байсныг нь л авсан. Өөр эмчилгээ хагалгааны ажиллагаа хийгдээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
гэрч А.К-гийн: "...манай хүү Аманболын найзууд болох Ердос, Азамат нар манай гэрт гүйж ирээд танай хүүхдийг хүн зодоод байна гэхээр нь нөхөртэйгээ хамт гүйгээд очсон. Бид хоёрыг очиход нүүрнийх нь баруун тал нь улайчихсан, бас хацар нь улайчихсан байсан. Тэгэхээр нь би нөхөртэйгээ хамт очоод тэр зодсон гэх М.Б-тэй уулзаад та яаж байгаа юм бэ гэсэн чинь хохь чинь шүү дээ, танай хүүхэд чинь нүхэнд шил хийсэн, би боль гэсэн боловч болиогүй гэж хэлсэн... Тухайн үед хүүхдээ эмнэлэгт үзүүлж чадаагүй. Зодуулсанаас хойш 7 хоногийн дараа эмнэлэгт үзүүлсэн. Тэр өдрөөс хойш манай хүү толгой өвдөх боллоо гэж хэлээд байнга бөөлжих болсон. Бид нар төрөлхийн уйланхайтай болохоор нь тэрэндээ нөлөөлчихлөө гэж бодож байсан юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд эмч нүд нь аяганаасаа гарчихсан байна. Яаралтай зураг авахуул гэж хэлэхээр нь тархины нарийвчилсан зураг авахуулсан... Тархиндаа гэмтэл авсан байсан. Тэр гэмтэл нь бол багын төрөлхийн уйланхайтай ямар ч хамаа байгаагүй. Тэр өдрөөс хойш байнгын эмнэлгээр миний хараа хяналтанд байсан. Байнгын хэвтэрийн байдалтай байсан. Одоо ч гэсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна... Эмчилгээний зардалд одоогоор 2.031.470 төгрөгийн зардал гаргаад байна. Хагалгаанаас хойших баримт байгаа юм. Хагалгаанаас өмнөх баримтуудыг авч чадаагүй юм. Тэр нь багаар бодоход 500.000 орчим төгрөг болсон. Нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна..., ...Манай хүүгийн хувьд тэр М.Б- гэгчид 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр алгадуулснаас хойш нүд нь улайж бага зэрэг солийж, бас толгой нь өвдөж бөөлжих болсон. Тэгээд зовиур бага багаар илэрч байгаад 2015 оны 10 дугаар сард өвчин нь хүндэрч эмнэлгээр явж үзүүлж эхэлсэн юм. 2015 оны 12 дугаар сард гэмтлийн эмнэлэгт хэвтэхдээ өвчин хэзээнээс эхэлсэн бэ гэж асуухад нь бид нар 10 дугаар сараас эхлэн өвчин нь хүндэрч өвдөх болсон гэж хэлсэн болохоор өвчний түүх дээр тэгж бичсэн байх. 2015 оны 10 дугаар сард эх нялхаст үзсэн эмч нь картан дээр нь эмчилгээ бичсэн байгаа. М.Б-д цохиулсанаас хойш гэрээс гараагүй. Хичээлд нь явуулчихаад л гэрээс гаргадаггүй байсан. А ч өөрөө бие нь өвдөөд хэвтээд байдаг байсан юм. Толгой өвдлөө гээд л хэвтээд байдаг байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд дахиж хэд хоносон бол танай хүүхэд нас барах байсан байна, азтай хүүхэд байна гэж байсан..." /хх-ийн 22-23/,
гэрч Б.Алимаагийн: "...Миний дааж авсан 2б ангийн сурагч байгаа юм. С.А-ын хувьд 2014-2015 оны хичээлийн жилд зүгээр хичээлдээ сурсан. 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхэлсэн.С.А-ын хувьд 9 сард яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, А нь нүд нүүр нь улайгаад хичээлдээ идэвхигүй болчихсон байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сард А-н нүдний улайлт нь улам нэмэгдээд хичээлээ ч хийхгүй ширээгээ дэрлэж хэвтээд байхаар нь ээж рүү нь залгаж хэлж хүүхдийг нь явуулж байсан. Тэгсэн чинь маргааш нь С.А- эмнэлгээр үзүүлж харуулж байна гээд хичээлдээ ирээгүй. Тэр өдөр нь журналаас харахад 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байна. Тэр өдрөөс хойш 5 хоног хичээлдээ ирэлгүй чөлөөтэй байж байгаад 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хичээлдээ ирээд дахиад бие нь өвдөөд ээжийг нь дуудаад өгөөд явуулсан. Тэгээд тэр өдрөөс хойш хичээлдээ бараг ирэхгүй өвчтэй байсаар байгаад хагалгаанд орсон юм. Чөлөөний хуудас өгөөгүй. Эмчид үзүүлсэн эмнэлгийн бичиг магадлагаатай нь танилцаж журнал дээрээ өвчтэйгээр тэмдэглэж байсан...Одоо бол С.А-ын хувьд хичээлийн 4 цагтаа арай гэж суудаг. Хичээлээс маш их хоцорсон. Илүү цагаар давтлага өгье гэхээр давтлаганд хамрагдах чадваргүй болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 103х/,
Шүүх эмнэлгийн №1153 тоот: "...1.Шинжээч эмч С.Төгсбуянгийн гаргасан №08/12 тоот шинжээчийн дүгнэлтийн баруун чамархай ясны цууралт гэснээс бусад заалттай санал нэг байна. 2.3.А-н биед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх архаг цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4.7.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Баруун хацарт алгадах үед үүсэх боломжтой. б.А-н биед тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи архаг цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...8.Дээрхи гэмтэл нь нэг цаг хугацаанд хэрэг болсон гэх 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үүсэх боломжтой. 9.10.11.12.дээрхи гэмтлийг авсан хүүхдэд толгой байнга өвдөх бөөлжүүлэх, хоолны дуршил буурах, идэвхи сулрах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.С.А- нь хэрэг болсон гэх цаг хугацааснаас хойш тогтмол эмнэлгийн байгууллагад хандаж эмийн болон эмийн бус эмчилгээ хийгдэж байсан учир эмнэлзүйн шинж тэмдэгүүд бүдэг илрэн 3-4 сарын турш идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. А нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эмнэлгийн байгууллагад хандан уналт, таталт, хам шинж, тархины уйланхай, гүйлсэн булчирхайн үрэвсэл оношуудаар үрэвслийн эсрэг тархины цусан хангамж сайжруулах, эмийн эмчилгээ болон эмийн бус эмчилгээ хийлгэж байсан байна. 13.С.А-ын биед учирсан тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи архаг цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл нь анхны цохилтоор үүсч, улмаар нэмэгдэх байдлаар эмнэл зүйн шинжүүд илрэн хагалгаанд орсон байна." гэх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 219-223х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба шүүгдэгч М.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, К.Бауржан нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдол тус тус гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь, шүүгдэгч М.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/273 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр, К.Бауржан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ