Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00553

 

 Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дүгээр магадлалтай,

Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Бумбардай цэцэрлэгт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,193,057 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Энхтуяа, өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн төлөөлөгч Н.Отгончимэг, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Ц.Раашзэвэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Зуунмод сумын Бумбардай цэцэрлэгийн нярвын ажилд анх томилогдсон. Мөн миний бие ажиллаж байх хугацаандаа аймаг орон нутгийн удирдлагаас ирсэн шалгалт, үзлэг зэрэгт хангалттай үнэлгээ дүгнэлт авдаг байсан. Ажилд томилогдсон цагаас эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Отгончимэг намайг хэл амаар доромжлох, өвлийн идэш амлаж ажилд ороо байлгүй гэх мэт зүй бус харьцдаг байсан бөгөөд энэ байдал даамжирч намайг хэл амаар доромжилж ажилчид албан хаагчдын дунд нэр төрийг минь гутаах зэрэг үйлдэл гаргадаг байв. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэнэт үндэслэлгүйгээр намайг ажлаас халах тушаал гаргасан. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Отгончимэг нь намайг үндэслэлгүйгээр Цагдаагийн байгууллаар удаа дараа шалгуулж хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,193,057 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Бумбардай цэцэрлэг шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Энхтуяа нь 2015 оноос эхлэн тус цэцэрлэгийн нярваар ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгэээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлүүдээр ажлаас халагдсан. Д.Энхтуяа дээрх тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргаж байсан ба хэргийг Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151/Ш32018/01786 тоот болон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 151/11132019/00684 тоот захирамжуудаар тус тус хэрэгсэхгүй болгож байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь ажлаас халсан үндэслэлүүдийн нэг болох байгууллагын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулж үүнтэй холбогдуулан хүүхдийн тоог зассан үйлдлийг эрүүгийн журмаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Д.Энхтуяа нь хүүхдийн тоо зассанаас гадна санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн хуурамчаар шинэ дэвтэр нээж хөтөлсөн, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр ажлаас халагдсан. Төв аймаг дахь Цагдаагийн хэлтсээс Д.Энхтуяад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч бараа материал ашиглан шамшигдуулсан нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийг хаах тухай Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 112 тоот тогтоол гарсан. 

"Бумбардай" цэцэрлэгийн эрхлэгч Н.Отгончимэгийнзүгээс дээрх хэргийг хаах тухай тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн Прокурорын газарт гомдол өгөөд уг гомдол одоогийн байдлаар хянагдаж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд Д.Энхтуяагийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2018/01786 тоот болон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2019/00684 тоот захирамжуудын үндэслэл арилаагүй буюу эрүүгийн журмаар шалгаж буй асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Бичээч овогт Дэнзэнгийн Энхтуяаг Төв аймгийн Зуунмод сумын Бумбардай цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,387,985 төгрөгийг хариуцагч Бумбардай цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан Д.Энхтуяад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Энхтуяагийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Бумбардай цэцэрлэгийн санхүүд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Бумбардай цэцэрлэгээс 149,158 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын ...8,387,985 төгрөгийг... гэснийг ...7,193,057 төгрөгийг... гэж, 4 дүгээр заалтын ...149,158 төгрөгийг... гэснийг ...130,038 төгрөгийг... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 149,158 төгрөгөөс 19,120 төгрөгийг хариуцагчид буцаан олгож, 130 038 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2020 оны 03 сарын 27-ны Өдрийн 151/ШШ2020/00462 дугаар шийдвэр иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь эргэлзээтэй илт хууль зөрчсөн магадлалууд байх тул хяналтын шүүхээр хянуулахаар улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүхэд хандаж байна.

Д.Энхтуяа нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гэдэг нь Аймгийн засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон сар бүрийн 01-ний өдөр буюу ажил дээрээ авчирснаас тэнд байсан багш ажилтан нар ууж согтуурснаас жижүүр Лувсандорж эрүүлжүүлэгдэж уг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.17.5 дахь хэсэг, ажлын байрны тодорхойлолтын 12 дугаар зүйл, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээний 4.1.5, Хөдөлмөрийн гэрээний 2.3.3, хөдөлмөрийн гэрээний хавсралтын 1. 2-р заалтуудыг тус тус зөрчсөн нь Бумбардай цэцэрлэгийн багш ажилчдын хурлын тэмдэглэлээр дээрх хууль тогтоомж дүрэм журмыг зөрчсөн нь нотлогдож энэ үндсэн дээр Д.Энхтуяа сахилгын арга хэмжээ авагдсан нь батлагдаж байна. Д.Энхтуяаг ажлаас халсан тушаалд Санхүүгийн хуурамч баримт бүрдүүлж ноцтой зөрчил давтан гаргаж байгууллагын итгэл алдсан гэдэг нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эрхлэгч Н.Отгончимэг нь бүх ангиудаар явж ирцийн бүртгэлийг ирсэн хүүхдийн тоотой тулгахад бага бүлэгт 14 хүүхэд ирсэн байхад гал тогооны хүүхдийн хоолны.захиалгын ирц 19 хүүхдээр бүртгэгдсэнийг илрүүлж туслах багш Т.Мөнгөнчимэгээс тодруулахад, тогооч Ч.Мөнгөнцэцэг 5 хүүхэд нэмчих гээд нэмүүлсэн гэсний дагуу бүх багш нарыг ирцийн бүртгэлтэй нь дуудаж шалгахад нярав Д.Энхтуяа. 2017 оны 11 дүгээр сарын ирцийн бүртгэлийг шинэ журнал өгч хүүхдийн тоог засварлуулан хуулуулсан зөрчил нь баримтаар нотлогдож байна мөн дээрх зөрчил нь нярав Д.Энхтуяа нь сар бүрийн 5-ны дотор бараа материалын тайланг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй 2017 оны 11,12 сарын тайланг бүтэн 2 сарын дараа гаргаж өгсөн байхад нягтлан бодогч анхан шатны баримтаас нь хөөн шалгахгүйгээр, няравын гаргасан тайлангийн орлого, зарлагыг хүлээн зөвшөөрч санхүүгийн программд шивж оруулан үлдэгдлийн журналыг хэвлэн гаргаж гүйцэтгэсэн нярав, шалгасан нягтлан бодогч нар гарын үсэг зурсан нь зөрчил гарах эрсдэл бий болгосон байна гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийтдээ 40 цагийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн нь цагийн бүртгэлд 1 дүгээр сарын 29,30-ны өдрүүдийн өглөө цагаа бүртгүүлсэн боловч тухай өдрүүдэд ажиллаагүй нь цагийн бүртгэл дээр ажил тасалсан гэж бичигдсэн, шүүх хурал дээр гэрчээр асуугдсан Лайжинханд, Наранцэцэг нарын мэдүүлгээр өглөө ирсэн нь нотлогдож байгаа боловч тухайн өдрүүдэд бүтэн ажилласныг нь нотлоогүйгээс нь үзэхэд зөвхөн цагаа бүртгүүлээд явсан нь тогтоогдож байна.

Төв аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түвшинжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гарсан шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Энхтуяа нь уг тушаалд заасан зөрчлүүдийг гаргасан нь нотлогдсон байхад түүнийг үгүйсгэсэн шударга бус шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх шаардлагатай байтал түүнийг нь дэмжиж ИХШХШ тухай хуулийн шаардлагыг хангасан гэсэн дүгнэлт хийж магадлал гаргасанд харамсаж байна. Давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дугаар магадлалдаа анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийж уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь ИХШХШ тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг зөрчсөн зөрчлийн аль нэг нь байхад түүнийг ноцтой зөрчилд тооцож уг ажилтныг захиргааны санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас халдаг тул Д.Энтуяагийн гаргасан зөрчлүүдийг заавал бүрэн тогтоох шаардлагагүй тул зөвхөн энэ зөрчлүүдийн аль нэгээр нь ажлаас халах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд төв аймаг дахь эрүү иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 223/МА2019/00036 тоот, мөн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дугаар тоот магадлалууд мөн, төв аймаг дахь сум дундын анхан шатны иргэний шүүхийн 00462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн 151/ШШ2019/01043 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ

Д.Энхтуяа нь Бумбардай цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг хүчингүй болгуулж, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...сануулах шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, 40 цагийн ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар гаргаж, маргасан байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хянаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг залруулж, энэ үндэслэлээр  шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

1. Д.Энхтуяа нь 2015 оноос хойш Бумбардай цэцэрлэгт няраваар ажиллаж байсан ба ажил олгогч 2018.03.05-ны өдөр Б/02 тоот тушаал гаргаж, түүнийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 2.3.2, 2.3.3, 3.1.1, 3.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 4.17 дах хэсгийн 10 дах хэсгийг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 3 сард нэхэмжлэл гаргасан, Төв аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.22-ны өдрийн 01786, 2019.02.26-ны өдрийн 00684 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлд дурдсан асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэл дурдсан гэснийг хариуцагч үгүйсгээгүй байна.

Төв аймгийн Прокурорын газрын 2019.05.22-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Д.Энхтуяа нь гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, нэхэмжлэгч уг тогтоолыг 2019.07.19-ний өдөр хүлээн авч, мөн өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ /1хх 1-2, 6-7 тал/.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-т зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолох ба нэхэмжлэгч прокурорын тогтоолыг хүлээн авсан өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан, хариуцагч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан гаргаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-г зөрчөөгүй байна.

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд заасан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, байгууллагын хамран сургалттай холбоотой хүүхдийн тоог засаж санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 40 цагийн ажил тасалж, ноцтой зөрчил давтан гаргасан эсэх талаар зохигч маргаж, энэ хүрээнд мэтгэлцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн зүйлийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж зааснаас үзвэл ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдсон байх, уг зөрчилд хуульд заасан хугацаанд шийтгэл ногдуулсан байх учиртай.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тушаалд заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдоогүй гэж үзэж, энэхүү үндэслэлээ шийдвэр, магадлалд тодорхой дурдсаныг үгүйсгэх үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл, тайлбараа хариуцагч нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна.

Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ нотолж чадаагүй, энэ тохиолдолд шүүх Д.Энхтуяаг ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т нийцжээ.

2.Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 03 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжлэлээ дахин гаргасан 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговорт 7,193,057 төгрөг гаргуулахаар шаардсан, анхан шатны шүүх хариуцагчаас 8,387,985 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нийцээгүй гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй байна.

 Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 223/МА2020/00009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ