Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00025

 

2018 оны 01 сарын 05 өдөр Дугаар 142/ШШ2018/00025 Орхон аймаг 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, 47 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум ** тоотод оршин суух Д.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 1 418 210 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , Б.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний өмчлөлийн ** тоот 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаанд оруулж "Э "ХЗХ ялагч болсон.Тухайн үед орон сууц маань Орхон аймаг дахь ХААН банкны барьцаанд байсан бөгөөд орон сууцны үнээс төлбөр авагч нарт хуваагаад Орхон аймаг Дахь ХААН банкны салбарт төлөх учиртай байсан 32.500.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Э албаныхаа дансанд авч үлдсэн байсан. ХААН банкны нэхэмжлэлтэй шүүх хурал болж Д.О банктай 32.500.000 төгрөгөн дээр эвлэрээд тус албаны дансанд байршигдсан 32.500.000 төгрөгийг банканд төлж орон сууцаа чөлөөлүүлж авах гэтэл 2.300.000 төгрөгийг нь байхгүй болгосон байна. Дээрх мөнгийг "Э "ХЗХ-ны хүсэлтээр битүүмжилсэн байсан юм билээ. 1-рт дансанд байршсан мөнгө, 2-рт Барьцаанд байж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр битүүмжпэгдсэн мөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй байхад албан тушаалаа ашиглан авч хэрэглэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажилагааны улмаас хууль бусаар авсан мөнгийг нь би хариуцах учиргүй юм. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2 300 000 төгрөг гаргуулан Д.О надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Д.О-н Хаан банкинд төлөөгүй төлбөр нь 1 418 210төгрөг гэсэн 457 тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж одоо 1 418 210 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжуудаар төлбөр төлөгч Д.О-с 58 183 875 төгрөг гаргуулж А.С-д, 6 432 210 төгрөг гаргуулж Л.Д-д, 3 005 800 төгрөг гаргуулж Т.Т-д 10 175 000 төгрөгийг И.Б-д тус тус олгохоор шийдвэрлэгдсэн.Дээрх гүйцэтгэх баримт бичгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.О-н өмчлөлийн ХААН банкны барьцаанд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн ** тоот орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураан авсан. Хураан авсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж 72 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд хөрөнгийн үнээс ШШГТХ-д заасны дагуу төлбөр авагч Л.Д-, И.Батжаргал, Т.Туяа, А.С- нарт 2015 оны 11-р сарын 18-ны өдөр 42 200 000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 Эм пи пи ХЗХ-ны нэхэмжлэлээр ШШГА-ны дансанд байгаа дуудлага худалдааны үнээс үлдсэн мөнгийг ХААН банк руу шилжүүлэхгүй дансанд нь битүүмжлэх хүсэлийг шүүх хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5713 тоот захирамжаар битүүмжилсэн байсан ба шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төлбөр төлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршсан үлдэгдэл 30 300 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-нд ХААН банкинд шилжүүлсэн. Төлбөр төлөгч Д.О нь А.С-д төлөх 11 883 875 төгрөг, Т.Туяад төлөх 905 800 төгрөгийн төлбөрийн материалд шийдвэр гүйцэтгэх явуулж байгаа болно гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.О хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1 418 210 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгч Д.О шүүхийн шийдвэрээр 58 183 875 төгрөг А.С-д, 6 432 210 төгрөг Л.Д-д, 3 005 800 төгрөг Т.Туяад, 10 175 000 төгрөг И.Батжаргалд тус тус төлөх үүрэг хүлээсэн ба Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгүүдийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.О-н өмчлөлийн, ХААН банкны барьцаанд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн ** тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж 72 500 000 төгрөгөөр худалдан борлуулж дуудлага худалдаагаар төвлөрсөн 72 500 000 төгрөгнөөс төлбөр авагч Д-д 6 900 000 төгрөг, И.Батжаргалд 6 900 000 төгрөг, Т.Туяад 2 100 000 төгрөг, А.С-д 26 300 000 төгрөг, нийт 42 200 000 төгрөгийг 2015 оны 11-р сарын 18-ны өдөр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар,хэргийн 24 дүгээр хуудаст авагдсан Өглөг,авлагын дэлгэрэнгүй журнал гэсэн баримт, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1660, №1663,№ 1662,№1661 дугаартай төлбөрийн даалгаварууд, гүйцэтгэх ажиллагааны баримтууд зэргээр нотлогдож байна.

Мөн, Д.О-н өмчлөлийн дээрхи орон сууцыг барьцаалсан байсан Хаан банкны нэхэмжлэлээр шүүх 2016 оны 6 сарын 27-ны өдөр 00891 дугаартай шүүгчийн захирамж гаргаж зохигчид 32 500 000 төгрөгний үнийн дүнд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршиж байсан үлдэгдэл 30 300 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-нд ХААН банкинд нэхэмжлэгч Д.О-н зээлийн төлбөрт шилжүүлсэн болох нь нотлогдсон. Хаан банкны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр Д.О нь тус банкинд 1 418 210 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож ба нэхэмжлэгч энэ үлдэгдэл мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэгч 42 200 000 төгрөгний хуваарилалтын тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч Д.О нь төлбөр авагч Л.Д-д 6 432 210 төгрөгний төлбөртэй байсан бөгөөд үүнээс дуудлага худалдааны орлогоос бусад төлбөр авагчтай адил хувь тэнцүүлэн олгох байтал 6 900 000 төгрөг буюу илүү мөнгө шилжүүлсэн тухайд хариуцагч тайлбарласан нь шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Эрдэнэхүүгийн Төлбөр төлөгч Д.О-т холбогдох гүйцэтгэх бичиг баримтад ажиллагаа хийж шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан.Орон сууц нь Хаан банкны барьцаанд байсныг банктай тохирч дуудлага худалдаанд оруулсан.Төлбөр авагч нарт мөнгийг хувь тэнцүүлэн олгох шийдвэр гарч төлбөрийн даалгаварыг комьпютерт шивэхдээ техникийн алдаа гаргаж төлбөр авагч Л.Д-д илүү мөнгө бичсэн.Т.Туяа гэдэг төлбөр авагчид 6 900 000 төгрөг бичиж байгаад Л.Д-д мөн адил  6 900 000 төгрөг бичиж гүйлгээ хийсэн байсан.Л.Д- илүү мөнгийг шилжүүлэхдээ өөрийн авлагаа бүрэн хэмжээгээр авч үлдсэн тул Хаан банкинд очих мөнгө дутсан гэсэн мэдүүлэг,1663 дугаартай төлбөрийн даалгавар зэргээр нотлогдсон.

      Иргэний хуульд зааснаар барьцаалагч тэргүүн ээлжинд барьцааны зүйлээс хохиролоо барагдуулах эрхтэй боловч барьцаалагч Хаан банк Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай тохиролцсоны үндсэн дээр орон сууцыг дуудлага худалдаанд оруулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь заалтыг үндэслэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэл муутайн зэрэгцээ 54.2 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хассан байна.

       Нэхэмжлэгчийн ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцан арилгана гэж заасан тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байгаа.

      Хариуцагчийн хайнга ажиллагааны улмаас мөнгийг төлбөр авагч нарт хуваарилахдаа алдаа гаргаж Л.Д-д илүү хуваарилж Хаан банкинд төлөх төлбөр дутсан болох нь нотлогдож байх боловч нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж хохирол учирсан байдал тогтоогдоогүй, төлбөр авагч Л.Д-ын төлбөр бүрэн барагдсан ба илүү төлөгдсөн 314 000, 467 790 төгрөгийгЛ.ДавааН с гаргуулан Хаан банкинд шилжүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч мөнгийг албан тушаалаа ашиглан авч хэрэглэсэн байдал баримтаар тогтоогдоогүй, Хаан банк өөрт нь хохирол учирсан талаар шүүхэд хандаагүй.

Шийдвэр гүйцэтгэгч хэдийгээр тэргүүн ээлжинд Д.О-н Хаан банкинд төлөх төлбөрийг шилжүүлэх байсан ч төлбөр авагч Л.Д-ын төлбөр эхний ээлжинд барагдсанаар Д.О-т ямар нэгэн хохирол учраагүй, учирсан талаархи баримт хэрэгт авагдаагүй. Тэрээр Л.Д-д 6 432 210 төгрөгний төлбөртэй байсан талаараа маргадаггүй.

Тиймээс шийдвэр гүйцэтгэгч албан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51 750 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Д.О-н Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүүшийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанөдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйгдурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА