| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0584/Э |
| Дугаар | 521 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 521
А.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Бямбасүрэн,
шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор А.Мд холбогдох ................................дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Адуучин овгийн Алтанхуягийн А.М, 1987 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ................................тоотод оршин суух бүртгэлтэй,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 124 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнд нийцүүлэн 5 жил 1 сарын хорих ял болгон өөрчилсөн,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 69А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.17, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 11 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 13 жил 10 хоногийн хугацаагаар тогтоосныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 821 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, нийт 13 жилийн хорих ялаар шийтгэж, Сэлэнгэ аймгийн Мандал Сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 162 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал Сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, /РД:............................../;
А.М нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 279 тоотод оршин суух Австрали улсын иргэн Туксэе Тулкугийн /Tulku Thuksay/ гэрт нь орж, хар өнгийн бууг зэвсэг болгон хэрэглэж “money” /мөнгө/ хэмээн нэхэж, бэлэн 200.000 төгрөг, 400 ам.доллар, “Худалдаа хөгжлийн” банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг зэргийг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Адуучин овогт Алтанхуягийн А.Мыг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтлон дээрэмдсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч А.Мыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Мын Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 8 сарын 04-ний өдрийн №69А дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /есөн/ сар, 23 /хорин гурван/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жил 9 /есөн/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулж тогтоосон 8 /найм/ жил 9 /есөн/ сар 23 /хорин гурван/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын цагдан хоригдсон 266 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/233 тоот тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давах гомдлыг гаргаж байна.
А.Мд оноосон ялын зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчлөх саналтай байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар " Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол 5-12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг заалттай байдаг.
Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон ямар ч үйлдэл түүний хэрэгт байхгүй. Зэвсгийн чанартай зүйл гэж олж тогтоосон ямар ч баримт бас байхгүй. Шүүгдэгч А.Мын үйлдсэн хэргийг нотолсон баримтуудыг үзэх юм бол 2018 оны 5 сарын 19-ны өдөр А.М нь СБД-ийн 1-р хороо, 60-р байр, 279 тоотод байрлах Австрали улсын оршин суугч, төвд иргэн Тускэе Тулкугийн зөвшөөрснөөр түүний гэрт нь нэвтрэн ороод мөнгө байна уу гэж асууж, гуйгаад байхгүй гэхээр нь 1.162.000 төгрөг нууцаар хууль бусаар авсан үйлдэл юм. Энэ үйлдлээ шүүгдэгч хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгосон байдаг.
Хэргийн Хохирогч Туксэе Тулку-н мэдүүлгээр "Намайг айлган сүрдүүлж, зодож цохиогүй, ...тэр сонин байхаар нь би тагт руу гарч доод давхартаа буусан юм аа. Над руу буу тулгаагүй" хх-ийн 20 дугаар хуудас/ "Буугаараа тулгаагүй, чиглүүлээгүй, буудна гээгүй" гэх хохирогчийн удаа дараагийн мэдүүлгээр Яллагдагч А.М нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн, довтолсон үйлдэл харагдахгүй байна. Эндээс харах юм бол яллагдагч А.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 -т заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсныг харуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Мын илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэлд тохирох ял оногдуулах нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим билээ.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, дараах арга хэмжээг авч болно:
1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэжээ.
А.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 400,000 ам доллар болон монгол мөнгөн дэвсгэртээр 200,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байдаг. Хохирлын нийт хэмжээ нь 1.162.000 төгрөг байдаг. Уг хэрэгт одоо ямар ч хохирол байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Гэтэл А.М хэрэг үйлдсэн өдрөө Архангайн Цахир сум руу ах Гэлэгдоржийнх руугаа явсан байдаг. Тэгвэл яагаад Гэлэгдоржийг гэрчээр асуугаагүй вэ. Хэргийг дутуу шалгасан.
Уг эрүүгийн хэрэгт хохирогч өөрөө цагдаа дуудах мөн өөр бусад хүнд цагдаа дууд гэж хэлэх боломж байсан. Анхан шатны шүүх дээр прокурор, шүүгч хоёр хохирогчийг айсан гэж өөрсдөө дүгнэсэн. Гэвч түүний мэдүүлгээр А.М нь хүч хэрэглээгүй, бодит заналхийлэл хийгээгүй болохыг тодорхой илэрхийлсэн.
Мөн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед иргэдийн төлөөлөгч оролцсон. Иргэдийн төлөөлөгчийн саналаар ч А.Мыг "буу буюу зэвсгийн чанартай зүйл ашигласан нь нотлогдохгүй учир хүндрүүлэх нөхцөл байхгүй" гэж үзсэн байна.
А.Мыг гэмт хэрэг үйлдэх үедээ заналхийлэх зорилгоор ашигласан бууны талаар хэргийн материалд тусгаагүй. Бууг нь олж тогтоох үүрэг мөрдөгч, прокурор нарт байх ёстой болохоос зөн билэгч нар шиг таамгаар хэргийг шийдвэрлэж таалагдаагүй хүндээ олон жилийн ял оноож болохгүй. Хэрэв тухайн иргэн буу эзэмшдэг бол Цагдаагийн газраас авсан бүртгэл мэдээлэл байх ёстой. Тийм ямар ч баримт хэрэгт байхгүй. Орчуулагч Пэлжээ, Номинчулуун нар орчуулга хийх ямар чадвартай, мэдлэгтэй вэ гэдгийг нотлох ямар ч баримт хавтаст хэрэгт байдаггүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар "... Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно ..." хэмээн заажээ. Энэ байдал алдагдсан.
Мөн тус хуулийн 1.15-ын 2-д зааснаар "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." хэмээжээ.
Яллагдагч А.Мын хувийн байдал гэвэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгосон, хэрэг хийсэндээ гэмшсэн, ар гэртээ ахмад настай ээж Чимэдцэеэгийнхээ хамт амьдардаг. Гэтэл энэ байдлыг нь харгалзан хаалттай хорих ангид ял оногдуулсан нь ямар утга авцалдаатай шийдвэр вэ.
А.Мын гаргасан үйлдэл нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч түүнд оноосон ял шийтгэл нь А.Мын гэм буруутай үйлдлийн хор уршигт тохирохгүй байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1-т зааснаар хариуцлага тооцох боломжтой.
Дээр дурдсанаар А.Мд 8 жил 9 сарын урт хугацааны хорих ял оноож, хаалттай хорих ангид уг ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх бус улам бүр нийгмээс тусгаарлаж байгааг харуулж байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь зөвхөн тухайн этгээдийг цээрлүүлэхэд оршихгүй билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн хүсэж байгааг хүлээн авна уу...” гэв.
Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.М нь хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэхдээ бууг зэвсэгийн чанартай хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилсэн. Шүүгдэгч А.М нь хохирлын 1.160.000 төгрөгийг төлсөн. Гэхдээ анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдлыг харгалзсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч анх “анхан шатны шүүхийн шийдвэр дээр хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн байдаг. Мөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар илээр хүч хэрэглэхгүйгээр авсан” гэдэг. Өмгөөлөгчийн байр суурь маш тогтворгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байхаа. Хохирогч Австрали улсын иргэн Туксэе Тулку /Tulku Thuksay/ “манайд орж ирэхдээ л буутай байсан, буугаа гаргаж ирээд арчсан, арчсаныхаа дараа нуруундаа хийгээд “money” гээд 15 минут надтай юм ярихгүй өөдөөс хараад суугаад байсан. Энэ хүний үйлдлийн улмаас надад ямар нэгэн байдлаар гэмтэл учрах байх гэж айсандаа гарсан” гэх мэдүүлгийг удаа дараа өгсөн. Уг хэрэг хяналтын шатны шүүхээр хянагдсан байдаг. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг бодит уу, үгүй юу гэдгээс үл шалтгаалж хэргийн зүйлчлэлийн асуудал яригдахгүй. Гэмт этгээдийн санаа зорилго бодитой хэрэгжсэн эсэхээс шалтгаалж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх ёстой, хохирогчийн буу гэж ойлгосон нөлөөллийн улмаас уг гэмт хэрэг төгссөн, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зэвсэг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатнаас буцаасны дагуу анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М бууг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын эд зүйлийг хүчээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд анхан шатын шүүхээс тооцсон. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
А.М нь 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 279 тоотод оршин суух Австрали улсын иргэн 61 настай Туксэе Тулкугийн /Tulku Thuksay/ гэрт нь орж, “Money” /мөнгө/ хэмээн нэхэж бэлэн 200.000 төгрөг, 400 ам.доллар, “Худалдаа хөгжлийн” банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Туксэе Тулкугийн /Tulku Thuksay/ “... англиар “Money” буюу мөнгө гэж хэлэхээр нь надаас мөнгө нэхэж байна гэж ойлгоод би ямар нэгэн юм болох бий гэж айгаад шууд тагт руу гараад шатаар доош буусан. ... ямар нэгэн зүйл алдагдсан байгаа эсэхийг шалгахад уутан дотор байсан түрийвчтэй 400 ам.доллар, 200.000 төгрөг бэлнээр болон “Худалдаа хөгжлийн” банкны долларын виза карт 1 ширхэг, төгрөгийн виза карт 1 ширхэг тус тус байсан нь алга болсон байсан. ...” /хх 18-20, 22/,
гэрч Д.Батцэцэгтүвдэнчойндонгийн “... орчуулагч Б.Номинчулуун над руу яриад “Чиний дагуулж ирсэн залуу багшийн олон улсын виза карт, иргэний үнэмлэх, түрийвч, 400 ам.доллар, 200.000 төгрөгийг ... айлгаж байгаад авсан байна.” гэж хэлсэн. ...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10, 11-12/, зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-14, 15/, хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 17/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Түүнчлэн анхан шатны шүүхийн “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг хууль зүйн ойлголтоор бие махбодийн хүчирхийлэл үзүүлэхээс гадна хохирогчийг айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл хийсэн байдаг ба энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгчээс буу мэт зүйлийг хохирогчид үзүүлж, түүнд сэтгэл санааны хувьд хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон байна. ...” гэх дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцсэн байна.
Шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм бурууд нь тус тус тохирсон, анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шалгавал зохих зүйлийг гүйцэд шалгасан, шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэн ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй, ял эдлүүлэх дэглэм тохирсон байх тул шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Д.Соёл-Эрдэнийн “...А.Мын гаргасан үйлдэл нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч түүнд оноосон ял шийтгэл нь А.Мын гэм буруутай үйлдлийн хор уршигт тохирохгүй байгаа учир туйлын санал нийлэхгүй байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 1-т зааснаар хариуцлага тооцох боломжтой байсан. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Д.Соёл-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Л.ДАРЬСҮРЭН
Ш.БАТ-ЭРДЭНЭ