Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2581

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02581

 

 

 “Д” ХХК, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02330 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ДК” ХХК,

Нэхэмжлэгч “ТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ДХ” ХХК,

Хариуцагч Нийслэлийн газрын албанд

Хариуцагч С.Ч нарт холбогдох,

 

“Драгон констракшн” ХХК-ийн өмчлөлийн барилга оршин байгаа газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг “ДХ” ХХК-д даалгах, газар эзэмших эрхийг “ДК” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч “ДК” ХХК-ийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н

Хариуцагч “ДХ” ХХК-ийн өмгөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТТ” ХХК-ийн захирал Н.Э, “ДК” ХХК-ийн захирал С.Ч нарын хооронд 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Москвагийн гудамж, 0000 хаягт байрлах 780 м.кв талбайтай, зоорь болон 2, 3 давхарын 20 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх ба уг үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ, зөвшөөрөл зэргийг гаргаж өгөхөөр, худалдан авагч нь худалдагч талд 275 000 000 төгрөгийг төлөхөөр болсон.

 Улмаар гэрээ байгуулснаас хойш 4 хоногийн дараа буюу 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.Ч-тай эрх шилжүүлэх, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “ДК” ХХК-ийн хувьцааг 100 хувь, болон бусад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бүх эрхийг шилжүүлэн 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “ТТ” ХХК-ийн захирал Н.Э “ДК” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Ингээд С.Б-тай тохиролцсон үндсэн тохиролцооны дагуу Н.Э 2009 оны 02 дугаар сарын 25-ны өдөр түүний төрсөн дүү С.Ч-д 260 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Мөн “ДХ” ХХК-ийн буудал худалдан авсны үлдэгдэл тооцоог 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2010 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үлдсэн мөнгийг “ДХ” ХХК-ний нягтлан бодогч болон холбогдох санхүүгийн ажилтанд бэлнээр хүлээлгэн өгч тооцоо дууссан.

Н.Э-ны зүгээс ийнхүү зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авах гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан ба С.Б-ын зүгээс буудлыг шилжүүлэн өгсөн ба газрын гэрчилгээ, эрхийг шилжүүлэх асуудлыг ярихад янз бүрийн шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрсэн байна.

Бид Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газарт газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр удаа дараа хандсан ч С.Б болон “ДХ” ХХК-ийн холбогдох баримтыг гаргаж өгөхгүй байгаа тул өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн нэрийг солиулж чадахгүй байна. Энэ талаар ч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас өгсөн албан бичигт дурьдсан байгаа.

Иймд “ДК” ХХК-ийн өмчлөлийн барилга байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэх холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг “ДХ” ХХК-д даалгаж даалгаж, газрын эзэмших эрхийг “ДК” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ДХ  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ДК” ХХК-ийн захирал Н.Э нь 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тухайн үеийн “Драгон констракшн” ХХК-ийн захирал байсан С.Ч-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулах үед тухайн байгууламжийн 1-р давхарт Олон улсын авто тээврийн үндэсний төв үйл ажиллагаагаа явуулж байсан тул талууд гэрээний зүйлийг зочид буудлын 2,3-р давхар, зоорийн давхрын барилга байгууламж байхаар тохиролцсон байдаг.

Мөн “ДК” ХХК-ийн эрх шилжүүлэгч С.Ч, эрх хүлээн авагч Н.Э нар 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд тухайн гэрээг “ДК” ХХК-ийн эрх, үүргийг шилжүүлэх зорилгоор байгуулсан байдаг. Тус гэрээгээр “ДК” ХХК-ийн эзэмшиж буй газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай зохицуулалт хийгдээгүйн дээр бодит байдал дээр тус компанид анхнаасаа газар эзэмших, өмчлөх эрх хуулиар олгогдоогүй байсан. Маргаан бүхий газрын тухайд “ДХ” ХХК-ийн салбар компани болох “Дөрвөн луу” ХХК-ийн эзэмшил газар байсныг 2011 оны Нийслэлийн Засаг даргын 904 дүгээр захирамжаар “ДХ” ХХК-д шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар шийдвэрийг үндэслэн 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 0293264 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар “ДХ” ХХК-д олгосон. Газрын эзэмшигч нь “ДХ” ХХК байх бөгөөд тус компанийн тухайд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах зэрэг гэрээний алинд нь ч гэрээний тал болоогүй байхын зэрэгцээ эдгээр гэрээнүүдийн тухайд үүрэг хүлээх этгээд биш юм.

Нэхэмжлэгчийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, Эрх шилжүүлэх, Компанийн хувьцааг худалдах, худалдан авах зэрэг гэрээнүүд нь 2009 онд байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр ДХ ХХК нь үүрэг хүлээхгүйн зэрэгцээ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэж болно гэж заасан бөгөөд Нийслэлийн газрын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллагад хамаарах буюу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байх тул захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус компаниас ирүүлсэн газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ шилжүүлэх ажлын хэсгийн хурлаар хоёр удаа хэлэлцүүлсэн боловч “ДХ” ХХК-ийн ирүүлсэн материал дутуу байсан тул шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлыг иргэний хэрэг үүсгэх үндэслэлгүй ба “ДК” ХХК, “ТТ” ХХК-ийн нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч “ДК” ХХК, “ТТ” ХХК-иудын хариуцагч “Д” ХХК, Нийслэлийн Газрын алба, С.Чимэдгаадан нарт холбогдуулан гаргасан “ДК” ХХК-ийн өмчлөлийн барилга байрлаж буй газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг “ДХ” ХХК-д даалгах, газрын эзэмших эрхийг “ДК” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “ДК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ДК ХХК-ийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

"ДХ" ХХК-ийн захирал С.Б "ДК" ХХК-ийн захирал байсан С.Чимэдгаадан нар төрсөн ах дүү бөгөөд 3 давхар буудлын барилга, компанийн хувьцаа худалдах иргэний хэргийн харилцаанд орохдоо ашиг сонирхлын зөрчилтэй, худалдсан 3 давхар барилгын газар эзэмших гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа нь анхнаасаа хууран мэхлэх, залилах санаатай байсан ба олон жил газрын бичгийг гаргаж өгнө гэж өнөө маргааш гэж байгаад сүүлд нь өгөхгүй байгаа асуудал нь иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх маргаан мөн гэж үзэж байна.

Бусдын газрыг булаалдаж маргалдаагүй, өөрийн худалдаж авсан барилгын доорх газрыг хуульд заасны дагуу эзэмших эрхээ баталгаажуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан. Барилга байгаа газар нь "ДХ" ХХК-ийн захирал С.Б дээрх асуудлыг мэдээгүй, түүнд хамаагүй асуудал гэх үндэс байхгүй. "ДХ" ХХК-ийн өмгөөлөгч С.Баяртад хамаагүй, С.Б нь "ДХ" ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж маргасан нь үндэсгүй. Анхан шатны шүүхээс "ДХ" ХХК нь ... маргаан бүхий газрыг ..."ТТ" ХХК болон "ДК" ХХК-ийн хэн алинд шилжүүлэхээр үүрэг хүлээсэн хэлцлийг байгуулаагүй", "С.Баярт гэх хүн ...газар эзэмших эрх шилжүүлэхээр тохиролцсон болон С.Баярт нь "Д" ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх талаарх баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэхээргүй байна" гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Н.Эрдэнэсайхан "Драгон констракшн" ХХК-ийн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан тул тэрээр өмчлөгч мөн. Газраас салгаж үл болох эд хөрөнгө байшин барилга газрын салшгүй хэсэг мөн гэж хуулинд заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэж, эзэмшиж байгаа хөрөнгө болох барилгын доорх газар эзэмших эрхийн асуудлыг зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “ДК” ХХК, “ТТ” ХХК нь хариуцагч “ДХ” ХХК, С.Ч, Нийслэлийн газрын албанд тус тус холбогдуулан “ДК” ХХК-ийн өмчлөлийн барилга оршин байгаа газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг Нийслэлийн Газрын албанд хүргүүлэхийг “ДХ” ХХК-д даалгах, газрын эзэмших эрхийг “ДК” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “ТТ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Москвагийн гудамж-000 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын зоорь, хоёр, гуравдугаар давхаруудад байрлах 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 275 000 000 төгрөгөөр худалдан авахаар “ДК” ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Харин уг үл хөдлөх эд хөрөнгийг “ТТ” ХХК-ийн захирал Н.Э нь өмчлөлд шилжүүлэхдээ иргэнийхээ хувиар “ДК” ХХК-ийн захирал С.Ч-тай 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Улмаар дээрх хэлцлийн үндсэн дээр “ДК” ХХК-ийн хувь нийлүүлэгч, үүсгэн байгуулагч нь 100 хувийн  хувьцаа эзэмшигч нь Н.Э болж өөрчлөгдсөн ба холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар гэрээний талууд маргаагүй.

 

 Нэхэмжлэгч “ДК” ХХК нь 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Москвагийн гудамж-0000 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын зоорь, хоёр, гуравдугаар давхаруудад байрлах 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан баримт тогтоогдсон тул дээрх гэрээ  хэлцлүүд хүчин төгөлдөр, энэ талаар маргаангүй.

 

“ДК” ХХК, “ТТ” ХХК болон “ДХ” ХХК-иудын хооронд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө оршин байх газрыг эзэмших эрхийг шилжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгуулахтай холбоотой талаар маргасан.

 

Маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах нэр шилжүүлэх тухай 904 дугаар захирамжаар “ДХ” ХХК нь 14 106 м.кв талбай бүхий хэмжээгээр 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа ба улмаар “ДХ” ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/417 дугаар захирамжаар тус компанид олгогдсон 14 106 м.кв талбай бүхий эзэмших газрын хэмжээг 2 400 м.кв болон 11 703 м.кв талбай болгон хувааж, эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар тогтоосон ба эрх бүхий захиргааны акт хүчинтэй байна.

 

Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газрын эзэмшигч нь “Д” ХХК бөгөөд энэ эрхийг зөвхөн хууль болон гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлэх юм.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцэл хийгдсэн гэдгийг нотолгооны хуваарилалтын дагуу нотлох үүрэгтэй, уг үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан бусад нотлох баримт нь нэхэмжлэлийн үндэслэл болсон суурь хэлцэл хийгдсэн гэдгийг хангалттай нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь зөв болжээ. 

 

Иймд хариуцагч “ДХ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул газрын эзэмшлийг бүртгэхтэй холбоотой үүрэг Нийслэлийн газрын албанд үүсэхгүй, хариуцагч С.Ч-д нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5/3732 тоот албан бичгээр “ДК” ХХК-ийн захирал Н.Э-д өгсөн хариуд “газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх ажлын хэсгийг хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг бөгөөд ирүүлсэн материал дутуу тул хурлаар хэлэлцэх боломжгүй” талаар, мөн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 5/1245, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 5/1898 тоот албан бичигүүдэд “...“ДХ” ХХК-иас ирүүлсэн материал дутуу тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөнөөс үзвэл нэхэмжлэгч “ДК” ХХК нь газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахтай холбоотой ямар баримт бичиг бүрдүүлж өгөхөөс ямар нь дутуу байгааг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа талаар нэхэмжлэлдээ тодорхой заах байжээ.

 

Нэхэмжлэгч талд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг анхан шатны шүүхийн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар тайлбарлаж өгсөн байхад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах нь нэхэмжлэгчийн үүрэгт хамаарах юм.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.Ч-г хариуцагчаар оролцуулахаас татгалзсантай холбогдуулан гэрчээр асуух хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Ч-нь хариуцагчаар оролцож байгаа тохиолдолд түүнд холбогдох  нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх юм. Иймд түүнийг хариуцагч гэж үзэх тул түүнээс авсан гэрчийн мэдүүлэг нь гэрч хөндлөнгийн байх, хэрэгт ашиг сонирхолгүй байх зарчимд нийцэхгүй үндэслэлээр нотлох баримт болох чадвараа алдах юм. Энэ алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

Иймд нэхэмжлэгч “ДК” ХХК-ийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/02330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ДК” ХХК-ийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ДК” ХХК-ийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА