Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2017/03589/И |
Дугаар | 2075 |
Огноо | 2018-06-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2075
2018 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2018/02075 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У.Ш ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ү.Ч ХХКомпанид холбогдох
313 412 301 төгрөг гаргуулах тухай шаардлагатай,
Хариуцагч байгууллагын 215 587 699 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаяр, Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Ш ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Ж.Наранбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:У.Ш ХХКомпани нь хариуцагч Ү.Ч ХХКомпанид холбогдуулан хариуцагчаас Увидаст орон цогцолборт зориулан хийсэн боржин чулуун хаалгыг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах тухай нэхэмжлэлийг 2017.09.11-ний өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлд 2017.10.31-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар уг ажлын үр дүнг буюу боржин чулуун хаалгыг хүлээн авахад төлөх зах зээлийн дундаж үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг дээрх нэхэмжлэлийн хамт шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2017.11.16-ны өдрийн 102/Ш32017/15281 дүгээр захирамжаар уг иргэний хэрэгт Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн юм.Шинжээч дүгнэлтээ 2018.03.22-ны өдөр гаргаж шүүхэд ирүүлсэн тул шүүх 2018.04.10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан 92 м3 боржин чулууг засах, угсрах, наах нийт үнэ болох 57 375 000 төгрөг нь уг боржин чулуун хаалгыг Архангай аймгийн Цахир сумын нутагт аваачин угсрах, наах, засах зардлыг багтаасан дүн бөгөөд үүнийг үндэслэн нэхэмжлэгч боржин чулуун хаалганы ажилбар тус бүрээр тооцоолсон нийт үнэлгээ болох 529 427 000 төгрөгөөс 92 м3 боржин чулууг засах, угсрах, наах нийт үнэ 57 375 000 төгрөгийг хасч тооцоход 472 052 000 төгрөг болох ба хариуцагчтай боржин чулуун хаалганы үнийг нийт 450 000 000 төгрөгөөр тогтоон эвлэрэх санал гаргасан боловч хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй юм.Учир нь хариуцагч дээрх 57 375 000 төгрөгийг зөвхөн одоо хийгдчихээд байгаа ажлын үнэлгээ гэж тайлбарлаж, боржин чулуун хаалгыг газар дээр нь суурилуулах, угсрах үнийг тусад нь тохиролцоно гэж маргаж байгаа болно.Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагчийн зохиосон боржин чулуун хаалганы ажлын гурван өөр үнийн дүн бүхий төсөвт боржин чулуун хаалгыг Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум хүртэл тээвэрлэх болон суурилуулах машин механизмын зардал, нэмэгдсэн өртгийн албан татварыг ороогүй ба харин бусад бүх зардал буюу үүний дотор боржин чулуун хаалгыг газар дээр нь угсрах, наах, засах зардлыг оруулж тооцсон байдаг.Нэхэмжлэгчийн шүүхээр шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах зорилго ч гэсэн дээр дурдсан боржин чулуун хаалгыг Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум хүртэл тээвэрлэх болон суурилуулах машин механизмын зардлыг оруулахгүйгээр уг ажлын үр дүнг буюу боржин чулуун хаалгыг хүлээн авахад төлөх зах зээлийн дундаж үнэлгээг тогтоолгох байсан.Энэхүү хэргийг 2018.05.08-ны өдрийн шүүх хуралдаанаар анх хянан хэлэлцсэн бөгөөд уг шүүх хуралдаанд шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн захирал Р.Зоригтыг хариуцагчийн хүсэлтээр оролцуулсан гэх боловч хавтаст хэрэгт түүнийг шүүх хуралдаанд оролцуулах тухай бичгээр гаргасан хүсэлт байхгүй байв.Хэдийгээр Р.Зоригт нь боржин чулуун хаалганы хэмжилтийг газар дээр нь хийсэн боловч уг боржин чулуун хаалганы үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн Ж.Уртнасан гаргасан байх бөгөөд шүүх Р.Зоригтод бус харин Ж.Уртнасанд эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дээрх асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байгаа эсэх талаар шүүх хуралдаан даргалагчаас тодруулахад хууль зөрчөөгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн юм.“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирал нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн асуултад хариулахдаа “Боржин чулууг засах, угсрах, наах нийт үнэ болох 57 375 000 төгрөг нь Ү.Ч ХХК-ийн хашаанд байгаа боржин чулуун хаалганы одоо хийгдчихээд байгаа ажлын нийт үнэлгээ юм.Газар дээр нь суурилуулах, угсрах, наах зардал нийт үнэлгээний дүнд ороогүй бөгөөд тэрхүү үнэлгээг тусад нь дахин гаргуулж болно” гэж шинжээчид тавьсан асуултаас илт зөрүүтэй хариулсан бөгөөд харин энэ талаар шинжээчийн дүгнэлтэд огт дурдагдаагүй байна.Тиймээс нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтийн зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байна гэж үзсэн тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхой бус байна гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж, уг шийдвэрт гомдол гаргах эрхгүйг дурдсан.Нөгөөтэйгүүр 2018.05.08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэгч талд боржин чулуун хаалгыг газар дээр нь суурилуулах, угсрах зардлыг оруулахгүйгээр 500 000 000 төгрөгт эвлэрэн хэлэлцэх үнийн санал гаргасан бол 2018.05.22-ны өдөр нэхэмжлэгчид бичгээр хүргүүлсэн саналдаа боржин чулуун хаалганы нийт үнийн дүнг 523 427 000 төгрөгөөр тохирч, чулуун хаалгыг суурилуулах, угсрах үнийг тусад нь тохиролцох саналтай байгаагаа илэрхийлсэн.Гэвч дээрх саналын аль аль нь бодит байдалд нийцэхгүй байгаа учраас нэхэмжлэгч уг саналуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шинжээчийн энэхүү үндэслэлгүй, эргэлзээтэй дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх нь нэхэмжлэгчид илт хохиролтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрчлөх нь зүйтэй гэж нэхэмжлэгч тал үзлээ.Тодруулбал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.Хэрэв хөлсний тухай асуудлыг гэрээ байгуулахдаа тохироогүй орхисон байгаа бол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний хувьд үндсэн зарчмуудад үндэслэн гэрээг байгуулагдаагүй гэж үзэх боломжтой.Өөрөөр хэлбэл талууд санал нэгдсэн болох нь тогтоогдохгүй байгаа бол гэрээг хүчин төгөлдөр байгуулагдаагүй гэж үзнэ.Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасны дагуу талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож чадсан тохиолдолд л гэрээг байгуулсан гэж үздэг.Хөлсний тухай асуудал нь мэдээж хэрэг гэрээний гол нөхцөл юм.Талуудын хувьд боржин чулуун хаалганы үнийг анхнаасаа хэлэлцэн тохирч чадаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан шаардлага хангагдаагүй буюу гэрээ байгуулагдаагүй гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.Нэхэмжлэгч нь чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд зориулан 2015.08.15-ны өдрөөс 2016.08.13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 313 412 301 төгрөгийг хариуцагчид төлөөд байгаа болно.Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн 313 412 301 төгрөгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” гэсэн үндэслэлээр буцаан шаардах эрхтэй юм.Иймд нэхэмжлэгчээс боржин чулуун хаалганы үнэд төлсөн нийт 313 412 301 төгрөгийг хариуцагч Ү.Ч ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч У.Ш ХХК-д олгуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ү.Ч ХХКомпани анх 696 600 000 төгрөгийн төсвийг гаргаж өгсөн, тухайн үед энэ төсвийн үнэ буруу байна гэж хэлж байсан, амаар хийсэн хэлцлийн дагуу, багаж, авна, урагшаа явна гэж манайхаас мөнгө авч байсан, мөнгө авч, өгөлцөх явцдаа байнга ярилцаж байсан, төсвөө гэрээгээр тохирох ёстой гэдгийг хэлж байсан гэв.
Хариуцагч Ү.Ч ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "...Нэхэмжлэгч нь дээр дурьдсан чулуун хаалгыг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээг Ү.Ч ХХК-ийн захирал Ц.Энхтайвантай 2015 оны 10 дугаар сард тохиролцон аман хэлбэрээр байгуулсан бөгөөд уг гэрээний нийт үнийн дүн дээр талууд тохиролцож чадаагүй учраас өнөөдрийг хүртэл гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй байгаа юм" гэжээ.Хариуцагч нь 2015 оны 8 дугаар сард Ертөнцийн 10 дахь гайхамшигийг бүтээн байгуулах, “Увдист орон” цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох 10 метр өндөртэй, 21 метр урттай боржин чулуун хаалгыг нэхэмжлэгчийн саналын дагуу хийж гүйцэтгэхээр болж нийт 696 600 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх санал тавихад захиалагч тал хүлээн зөвшөөрч, улмаар төсвийн дэлгэрэнгүй хувилбартай танилцах хүсэлтийг тавьсан байдаг.Манай компанийн зүгээс уг 696 600 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх төсвийн дэлгэрэнгүйг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн.Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...нэхэмжлэгч нь чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд зориулан 2015.08.15-ны өдрөөс 2016.08.13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 313 412 301 төгрөгийг хариуцагчид төлөөд байгаа болно" гэжээ. Энэхүү төлсөн төлбөрийг 2015 оны 8 сараас эхлэн төлөөгүй бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс төлж эхэлсэн, уг мөнгө нь нэгэнт харилцан тохиролцсон хөлсний тодорхой хэсэг болгон төлсөн төлбөр юм.Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн 2015 оны 8 дугаар сард захиалсан “Увдист орон” цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох 10 метр өндөртэй, 21 метр урттай боржин чулуун хаалгыг нэхэмжлэгчийн саналын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч тал болох Увидасын Шүтээн” ХХКомпанийг ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс болох 383 187 699 төгрөгийг манай компанид төлөөгүй байна.Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д "Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно", мөн 354 дүгээр зүйлийн 354.1-д "Ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй” гэж заасны дагуу манай компанийн зүгээс нэхэмжлэгчийг үлдэгдэл ажлын хөлсийг төлөх хүртэл боржин чулуун хаалгыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэггүй болно.Иймд нэхэмжлэгчийн “Хариуцагч “Үүдэн Чулуу” ХХК-иас “Увдист орон цогцолборт зориулан хийсэн боржин чулуун хаалгыг гаргуулан нэхэмжлэгч “Увидасын шүтээн" ХХК-д олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ү.Ч ХХКомпани шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Анх 2015 оны 10 дугаар сард У.Ш ХХК-ийн захирал, Ү.Ч ХХК-ийн захирал нар нь “Үүдэн чулуу” ХХКомпаниар 115.72 мЗ хэмжээтэй байгалийн боржин чулуун хаалгыг захиалан, хийж гүйцэтгүүлэхээр хэлэлцэж тохиролцсон байдаг.Бид дээрх чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажлын төсвийг нийт 696 600 000 төгрөг /үүнд чулуун хаалгыг Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум хүртэлх тээвэрлэлтийн зардал болоод суурилуулах зардал, ажлын хөлс, НӨАТ ороогүй/ байхаар тооцоо, төсөв гаргасныг У.Ш ХХКомпанид хүргүүлж, танилцуулсан.Үүний дараагаар захиалагч талаас үнийн талаар ямар нэгэн санал, тайлбар ирүүлээгүй бөгөөд уг сардаа урьдчилгаа төлбөрт ... төгрөг шилжүүлсэн тул бид ажлаа эхлүүлсэн.Энэ хугацаанд У.Ш ХХКомпаниас ажил гүйцэтгэх явцад уг ажлын хөлсөнд ... удаагийн төлөлтөөр нийт 313 412 301 төгрөгийг төлсөн бөгөөд бидний хувьд ажлаа хурдан хугацаанд хийж дуусгаж, дараа дараагийн ажлаа хийх нь чухал байсан тул чулуун хаалганы ажилд шаардлагатай нэмэлт зардлыг өөрсдөө гаргаж /үүнд зориулж... банкнаас 150 000 000 төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл авсан/ ажлыг гүйцэтгэж дуусгасан нь өдгөө манай компаний үйлдвэрийн хашаанд хадгалагдаж байгаа болно.Гэтэл захиалагч тал болох У.Ш ХХКомпани нь уг байгалийн боржин чулуугаар хийж гүйцэтгүүлсэн чулуун хаалганы ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй атлаа чулуун хаалгыг гаргуулж, өөрт олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 15281 дүгээр шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанийг шинжээчээр томилсон.Улмаар шинжээч нь талуудыг байлцуулан удаа дараа хэмжилт хийсний дүнд манай компанийн хийж гүйцэтгээд буй боржин чулуун хаалгыг 529 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг.Иймд захиалагчийн чулуун хаалгыг хийж гүйцэтгүүлсэн боловч ажлын хөлсийг гүйцэт төлөөгүй төлбөрийн үлдэгдэл болох 215 587 699 төгрөгийг хариуцагч Увидасыи шүтээн ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.
У.Ш ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ү.Ч ХХКомпани нь нэхэмжлэгч У.Ш ХХКомпанид холбогдуулан “Чулуун хаалгыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 215 587 699 төгрөгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. Хариуцагч нь чулуун хаалгыг нийт 696 600 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх үнийн санал (уг үнийн дүнд чулуун хаалгыг Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум хүртэл тээвэрлэх болон суурилуулах машин механизмын зардлаа нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй)-ыг гүйцэтгэх ажлын төсөвийн хамт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь тэрхүү төсвийг үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч дээр дурдсан ажлын төсвийг төсөвчин Ч.Мөнхтуяагаар 2016 онд хийлгэн манайд дахин ирүүлсэн бөгөөд уг төсвөөр чулуун хаалгыг нийт 698 587 132 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоог гаргасан байсан.Гэвч 2 дахь төсөв нь эхний төсвийн адил үндэслэлгүй байсан тул нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй.Улмаар хариуцагч нь 3 дахь удаагаа чулуун хаалганы ажлын төсөвийг 2016 онд хийж манайд ирүүлсэн бөгөөд уг төсвөөр чулуун хаалгыг нийт 1 101 647 787 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоог гаргасан байсан.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчтай маргааны зүйл болох боржин чулуун хаалгыг хийлгэх талаар 2015 оны 10 сард анх хэлэлцэж тохиролцсон хэдий ч хариуцагчаас 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр анх гаргаж өгсөн чулуун хаалганы нийт үнэлгээ болох 696 600 000 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөөгүй учраас 2, 3 дахь хариуцагчаас нэхэмжлэгчид гаргаж өгч байсан болно.Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчтай урьд өмнө нь ажил хэргийн холбоотой байсан харилцаа болон итгэлцлийн үндсэн дээр чулуун хаалганы зах зээлийн бодит үнийг түүнтэй тохиролцож чадна гэж үзэж байсан учраас хариуцагч чулуун хаалганы үнийн саналыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид ирүүлэхээс өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд уг ажлын хөлсөнд зориулан нийт 313 412 301 төгрөгийг хариуцагчид төлсөн.Мөн хариуцагчийн 3 дахь төсөв нь эхний 2 төсвөөсөө илт өндөр үнийн дүнтэй байгаа нь хариуцагчийн төсөв бодит байдалтай нийцэхгүй байгааг харуулж байгаа бөгөөд дээрх шалтгаанаар нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хариуцагчид ажлын хөлсийг урьдчилж төлөхөө зогсоосон.Хариуцагчаас гаргаж өгсөн 3 удаагийн төсвийн аль алинд нь “чулуун хаалгыг Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цахир сум хүртэл тээвэрлэх болон суурилуулах машин механизмын зардал, нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй” бөгөөд харин хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ чулуун хаалгыг Архангай аймгийн Цахир суманд суурилуулах “ажлын хөлс” төсөвт ороогүй гэсэн нь огт үндэслэлгүй, уг ажлын хөлс нь 3 төсөвт гурвууланд нь орсон.Хэрэв талууд чулуун хаалганы нийт үнийг тохирч чадсан бол нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх ажлын хөлсийг 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зогсоох шаардлагагүй байсан.Нөгөөтэйгүүр хариуцагч нь нэхэмжлэгчтэй чулуун хаалганы үнийг тохиролцож чадаагүй гэдгээ маш сайн мэдэж байсан бөгөөд энэ шалтгааны улмаас талууд өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй байгааг дурдах нь зүйтэй юм.Харин нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд уг шаардлагын үндэслэлдээ шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг дэлгэрэнгүй тайлбарласан болно.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн “Чулуун хаалгыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 215 587 699 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул уг сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Ш ХХКомпани хариуцагч Ү.Ч ХХКомпанид холбогдуулан үндэслэлгүйгээр авсан 313 412 301 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Ү.Ч ХХКомпани нь У.Ш ХХКомпаниас гүйцэтгэсэн ажлын хөлс 215 587 699 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр У.Ш ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхүй болгож, хариуцагч Ү.Ч ХХКомпанийн сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигч байгууллагуудын төлөөлөгч нар 2015 оны 10 дугаар сард боржин чулуун хаалга хийлгэх тухай хэлцэлийг амаар байгуулсан, боржин чулуун хаалганы үнээс хэсэгчлэн 313 412 301 төгрөгийг гүйцэтгэгч байгууллагад төлсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
Энэхүү хэлцлээр нэхэмжлэгч байгууллага нь “Увидаст орон” цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох 10 метр өндөртэй, 21 метр урттай боржин чулуун хаалгыг Ү.Ч ХХКомпаниар хийлгэх, У.Ш ХХКомпани үнийг төлж, хаалгаа авахаар харилцан тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх хэлцэл хийгдсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд У.Ш ХХКомпанийн захиалсан боржин чулуун хаалгыг Ү.Ч ХХКомпани хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байна.
Талууд дээрх хэлцлийг бичгээр байгуулаагүйн улмаас боржин чулуун хаалганы үнэ болон уг хаалгыг Архангай аймгийн Цахир суманд хүргэж суурилуулах ажлын хөлсний талаар зохигчид маргаж байна.
Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа л боржин чулуун хаалганы зах зээлийн дундаж үнэлгээг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна.
Шинжээчийн дүгнэлтэд-Ү.Ч ХХКомпанийн хийсэн боржин чулуун хаалганы зах зээлийн үнийг 529 000 000 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч дээрх үнэлгээнд боржин чулуун хаалгыг Архангай аймгийн Цахир суманд хүргэж суурилуулах ажлын хөлс ороогүй, энэхүү зардлыг талууд тусд нь тохиролцоно гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгч байгууллага нь шинжээчийн дээрх үнэлгээнд боржин чулуун хаалгыг Архангай аймгийн Цахир суманд хүргэж суурилуулах ажлын хөлс орсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Энэхүү шинжээчийн үнэлгээнд боржин чулуун хаалгыг Архангай аймгийн Цахир суманд хүргэж суурилуулах ажлын хөлс орсон, ороогүй гэж маргаж байгаа үйл баримт нь талуудын тохиролцооны буюу ойлголтын зөрүү байх бөгөөд түүнээс боржин чулуун хаалганы үнэлгээг дутуу хийсэн байна гэж үзэхгүй боломжгүй юм.
Талууд анх хэлцэл хийхдээ боржин чулуун хаалганы үнийг тодорхой тохироогүй байхад уг хаалгыг зохих газарт нь хүргэж, улмаар суурилуулах үнийг тохирсон гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хариуцагч байгууллагаас өөр өөр үнийн дүнтэй 3 удаа үнийн санал ирүүлсэн, мөн өөрийн ажилтанаар хэдэн куб метр чулуугаар хаалга хийгдэх тооцоог гаргуулахад 220 м.куб бохир чулууг хэрэглэнэ гэсэн байхад хариуцагч байгууллага 720 м.куб бохир чулуу ашиглана гэсэн байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Шүүх хариуцагч байгууллагын нэхэмжлэгч талд ирүүлсэн үнийн санал буюу төсөвийг үндэслээгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХКомпанийн гаргасан боржин чулуун хаалганы үнийг үндэстэй гэж үзэж байна.
Харин нэхэмжлэгч байгууллагын ажилтан боржин чулуун хаалга хийхэд 220 м.куб бохир чулууг хэрэглэнэ гэдгийг ямар тооцоолол, үндэслэлээр гаргасан тухайгаа баримтаар нотолж ирүүлээгүй байх бөгөөд тэрээр хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагатай тохиролцсон хэлцлийн дагуу 313 412 301 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдож байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” гэж 313 412 301 төгрөгийг хариуцагч талаар шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч байгууллага нь хэлэлцэн тохиролцож захиалсан боржин чулуун хаалганы үнийн үлдэгдэл 215 587 699 төгрөгийг хариуцагч байгууллагад төлөх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар дүгээр зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ү.Ч ХХКомпаниас 313 412 301 /гурван зуун арван гурван сая дөрвөн зуун арван хоёр мянга гурван зуун нэг/ төгрөг гаргуулах тухай У.Ш ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар У.Ш ХХКомпаниас 215 587 699 /хоёр зуун арван таван сая таван зуун наян долоон мянга зургаан зуун ерэн есөн/ төгрөгийг гаргуулан Ү.Ч ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 1 725 020 төгрөг, хариуцагч байгууллагаас төлсөн 1 235 890 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, У.Ш ХХКомпаниас 1 235 890 /нэг сая хоёр зуун гучин таван мянга найман зуун ерэн/ төгрөгийг гаргуулан Ү.Ч ХХКомпанид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН