Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2017/01057/И |
Дугаар | 183/ШШ2018/01342 |
Огноо | 2018-05-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2018/01342
2018 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2018/01342 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намяанжүгийн гудамж, Жоханес төв, 206 тоотод оршин байрлах, МХХК /РД:5580749/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат, Хар чонот 11 дүгээр байр, 33 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, Ха овогт Ц-ын О /РД:УХ65061475/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр 2 зайсан, 27б байр, 1401 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, Т овогт М-гийн Ө /РД:УС65123118/ нарт тус тус холбогдох
Ц.О, МХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206066537 дугаартай 35/3, улсын бүртгэлийн Ү-2206066534 дугаартай 35/4 тоот хаус, улсын бүртгэлийн Ү-2206046536 дугаартай 37/3 тоот хаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун хотхоны 3 дугаар, 3/1 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206046625 дугаартай хаусуудын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээнүүд, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр МХХК-ийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ат, түүний өмгөөлөгч Г.Лхагвасүрэн /ШТЭҮД-2460/, гуравдагч этгээд О.Н, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Ж.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...МХХК нь Баянзүрх дүүрэгт худалдаа, үйлчилгээний барилга барьсан боловч барилгын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн их хэмжээний хэрэгцээ гарсан. Ингээд Ц.О санал тавьсны дагуу түүнээс зээл хүссэн. Ц.О нь МХХК-ийг тухайн үед шүүхэд төлөөлөөд явж байсан Б.Атд МХХК-ийн нэрийн өмнөөс 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 600 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 660 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 200 000 000 төгрөг зээлүүлэх гэрээг тус тус байгуулсан байдаг ба энэхүү гэрээг халхавчлах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №2015/01 тоот 1 422 702 000 төгрөгийн зээлийн гэрээг 10 сарын хугацаатайгаар МХХК-тай байгуулсан мэтээр байгуулсан хэдий ч тус компанид мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. Иргэний хуульд заасны дагуу мөнгө эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Энэхүү 1 422 702 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу МХХК-д иргэн Ц.Оээс ямар нэг эд хөрөнгө, мөнгө зээлдүүлсэн үйл баримт байдаггүй. Тийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу энэ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Түүнчлэн, хариуцагч нарын тайлбарлаж байгаагаар дугаар бүхий 4 үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөртөө шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа ба эдгээр хөрөнгүүд нь цаашаа гуравдагч этгээдүүдийн нэр дээр шилжсэн. Ц.О нь МХХК-д их хэмжээний мөнгийг зээлдүүлнэ, тийм учраас энэхүү зээлийн гэрээний баталгаа болгож үл хөдлөх хөрөнгүүдийг бидний нэр дээр шилжүүл, тэгсэн үед зээлийг шилжүүлнэ гэсэн тул үл хөдлөх хөрөнгүүдээ түүний нэр дээр шилжүүлсэн. Гэтэл зээлдүүлэгч Ц.О нь зээлдэгчид мөнгө шилжүүлсэн үйл баримтгүй мөртлөө эдгээр 4 орон сууцыг шилжүүлэн аваад байгаа энэхүү гэрээнүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус. Түүнчлэн, М.Ө бол анхнаасаа Ц.Отэй хувийн харилцаа, холбоотой хүн байсан тул М.Ө шүүхэд хандан Ц.Оээс орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Ц.О нь МХХК-ийн өмчийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан тул өөрийн нэр дээр нь байвал эргүүлээд шаардвал асуудал үүснэ гэдгийг мэдэж байсан үйл баримт тодорхой харагдаж байна. М.Ө гэдэг хүнээр шүүхэд нэхэмжлэл гаргуулаад байраа албадан чөлөөлүүлээд түүний нэр дээр шилжүүлсэн асуудал бий. М.Ө, О.Н, Д.С, Ц.О нар нь гэр бүлийн харилцаатай, хоорондоо холбоотой хүмүүс. Бид нар мэдээгүй, бид шударга өмчлөгч гэж ярьж байна. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Б.Ат-тэй байгуулсан гэрээнүүдээс үндэслээд А.У нь ямар хариуцлага хүлээгээд тооцоо нийлээд байгаа нь ойлгомжгүй. Гэтэл Б.Ат гэж хүн мөнгө авсан, түүнийх нь өмнөөс МХХК эд хөрөнгүүдээ шилжүүлсэн. Хуулийн этгээд гэж өөрийн нэрийн өмнгөөс үйл ажиллагаа явуулж, өөрийн нэрээр эрх, үүрэг хүлээж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. МХХК зээл авсан бол тэр зээлийг төлөх үүрэг МХХК-д байгаа. МХХК-ийн ашиг сонирхол нь мөнгө байсан. Гэтэл үүн дээр нь дөрөөлөөд үл хөдлөх хөрөнгүүдийг авчихаад зээл өгнө, өнөөдөр 2 дахь өдөр байна, жаахан байж байгаад өгнө гэх мэтээр хуурсан. Үүний дараагаас Ц.О гэж хүн зээл өгөх нь тодорхойгүй юм байна гэдэг нь тодорхой болсны дараа шүүхэд хандсан байдаг. Анхнаасаа МХХК-д зээл өгсөн юм бол яагаад МХХК-ийн данс руу мөнгийг шилжүүлээгүй юм бэ? 450 000 000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгэний утга дээр нь “МХХК-д шилжүүлэв” гэж бичсэн байх хэдий ч Б.Ат гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг Б.Ат компанид өгсөн талаарх баримт байхгүй. МХХК нь огт аваагүй мөнгөхийхөө төлөө өөрийн үйл ажиллагааны явцад олсон 4 000 000 000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдээ бусдын зээлийн гэрээний өмнөөс шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ө бол энэхүү зээлийн гэрээнд ямар нэгэн байдлаар холбоо байхгүй. Тэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дипломат резиденс хотхоны 35/3, 37/3 гэсэн хаягт байрлах хаусуудыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нийт 642 000 000 төгрөгийн өр төлбөрт Ц.Оээс тооцож авсан. Тийм учраас МХХК-тай ямар нэгэн харилцаагүй, энэ талаар огт мэдээгүй. М.Ө эдгээр хаусын хууль ёсны шударга өмчлөгч юм. Анх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Нарантуул худалдааны төвийн хажууд МХХК нь 6-7 давхар барилгын үйл ажиллагаа эхлэх гэж байхдаа Ц.Оээс зээл хүссэн. Зээл хүсэхдээ тухайн үед албан ёсоор хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлын албан тушаалтай Б.Ат нь зээл олгооч гэсэн хүсэлт тавьсан байдаг. Түүний дагуу 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 600 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдр 200 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Мөнгө зээлэхдээ Б.Ат нь Баянзүрх дүүргийн Да хүрээ захын хажууд байрлах МХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Барьцаат зээл авахдаа Б.Ат нь МХХК-ийн барилгад хөрөнгө оруулж байгаа гэж хэлж, удаа дараа зээл авч байсан. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дахин хандан “мөнгө зээлээч, өмнөх зээл барилга барихад хангалтгүй байна, томоохон хэмжээний санхүүжилт хэрэгтэй байна...” гэсэн тул Ц.О “...та нар өмнөх зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй байж ямар байдлаар, яаж баталгаа гаргах юм бэ” гэхэд “...бид нар одоогийн байдлаар танд баталгаа гаргах зүйл байхгүй байна. Та бидэнд 450 000 000 төгрөг өгчих, бидний барьж байгаа барилгын хоёр давхрын үйлчилгээний талбай өгье” гэж ярьсан зүйл байдаг. Үүний дагуу Ц.О өмнөх зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөөд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өөдр Б.Ат, Ц.О нар тооцоо нийлсэн акт үйлдээд, түүний дагуу 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 гэсэн зээлийн гэрээг байгуулж, 450 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь Голомт банкны гүйлгээний баримтаар тогтоогдоно. Тухайн үед яагаад МХХК-ийн дансаар аваагүй юм бэ гэхээр МХХК нь татвар төлнө, тиймээс хувийн дансаар авъя гэсэн. Ц.О зээлийн төлөлтөө удаа дараа шаардахад нэхэмжлэгч ганц ч удаа төлбөр төлөөгүй тул Ц.О та нар төлбөрөө төлсөнгүй, 4 хаусаа шилжүүл гэхэд 4 хаусаа шилжүүлсэн, шилжүүлэхдээ эрх шилжүүлэх гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Иймд Ц.О Монгол Улсын хуулийн дагуу авсан, ямар нэг байдлаар хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Д.С нь Ц.Оээс 654 000 000 төгрөгийн авлагатай байсан. Тухайн үед Ц.О мөнгөө төлөхгүй болохоор нь Д.С 2016 оны 11 дүгээр сард шүүхэд хандахад Ц.О нь “мөнгөгүй байна, надад Оранж таун хотхонд орон сууц байгаа, түүнийг төлбөртөө тооцуулъя” гэж хүсэлт гаргасны дагуу талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдан, эвлэрлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч баталгаажуулсан байдаг. Ингээд шүүхийн шийдвэрийг дагуу уг үл хөдлөх эд хөрөнгө Ц.Оийн өмчлөлөөс Д.Сд шилжсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын яриад байгаа төлбөр тооцоо, зээлийн гэрээний харилцаа эсвэл хэн хэнийгээ хуурсан, халхавчилсан зүйл байгааг гуравдагч этгээд нарын хэн аль нь мэдэхгүй. Бид нар үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч. Хоёрдугаарт, О.Н нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 167.5 м.кв талбайтай орон сууцыг зохих журмын дагуу шилжүүлж авсан. О.Н нэхэмжлэгч, хариуцагчийн яриад байгаа асуудлыг огт мэдэхгүй. Тэрээр үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авсан, шударга өмчлөгч юм. Тийм учраас нэхэмжлэгчийн шаардаад байгаа гуравдагч этгээдийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх гэсэн шаардлага үндэслэлгүй. Тухайн гэрээтэй холбоотой суурь хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэл байхгүй. Иймд гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхлыг шүүх хамгаалж өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Ц.О, М.Ө нарт холбогдуулан Ц.О, МХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206066537 дугаартай 35/3, улсын бүртгэлийн Ү-2206066534 дугаартай 35/4 тоот хаус, улсын бүртгэлийн Ү-2206046536 дугаартай 37/3 тоот хаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун хотхоны 3 дугаар, 3/1 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206046625 дугаартай хаусуудын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээнүүд, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр МХХК-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б.Ат, Ц.О нар нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр №2015/01 тоот 1 422 702 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний зүйлийг аваагүй, Ц.О нь уг зээлийн өр төлбөрт 4 үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авч, тэдгээр нь хариуцагч М.Ө болон гуравдагч этгээдүүдийн өмчлөлд шилжсэн, нэгэнт Б.Аттэй байгуулсан хэлцлүүдийг халхавчлах зорилгоор хийгдсэн, зээлдүүлэгчээс МХХК-д мөнгө шилжүүлээгүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус буюу түүний үндсэн дээр хийгдсэн хэлцлүүд болох DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээнүүд, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус” гэж,
Хариуцагч нараас “...МХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Б.Ат нь МХХК-ийн нэрийн өмнөөс зээл авах хүсэлт гаргасныг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 600 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 200 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нэмж 450 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, МХХК нь татвар төлөлттэй холбоотойгоор шилжүүлгийг Б.Атийн дансаар авах хүсэлт гаргасныг харгалзан Голомт банкаар мөнгийг шилжүүлсэн, ийнхүү зээлийн эргэн төлөлт хийхийг удаа дараа шаардсан боловч төлөлт хийгээгүй тул 4 үл хөдлөх эд хөрөнгийн МХХК-иас шилжүүлэн авч, өр төлбөртөө тооцсон, тэдгээрийг хариуцагч М.Ө, гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн нь хуурч мэхлээгүй, хууль зөрчөөгүй” гэж,
гуравдагч этгээд нараас “...гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн асуудал, эсхүл халхавчилсан хэлцэл хийсэн гэх асуудлын талаар мэдээгүй, шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг олж авсан шударга өмчлөгч нар тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг. Хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэл/-ийг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгоно. Хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шууд шалтгаалдаг.
Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Ц.О болон иргэн Б.Ат нарын хооронд нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр №1 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.О нь Б.Атд 600 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр №3 тоот мөн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Ц.О нь Б.Атд 200 000 000 төгрөгийг 70 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлэхээр тохиролцон гэрээг нотариатаар гэрчлүүлж, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 600 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд Б.Атийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад Сүрэн 6 гудамж, 23 тоот хаягт байршилтай, 447 м.кв талбай бүхий газар болон 1070 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээ байгуулсан байна. /хх221, 223, 224/
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлдүүлэгч Ц.О нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 600 000 000 төгрөгийг Б.Атийн Голомт банкны 1605034041 тоот дансанд, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 200 000 000 төгрөгийг Б.Атийн Голомт банкны 1109230226 тоот дансанд тус тус шилжүүлсэн болох нь төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч тал энэ асуудлаар маргаагүй, харин “...тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Аттэй уг зээлийн гэрээг байгуулсан, уг зээлийн мөнгөн хөрөнгө МХХК-ийн дансанд орж ирээгүй, Ө.Атийн хувийн дансанд шилжүүлсэн” гэж маргасан.
Үүний дараа, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ц.О, Б.Ат нар нь Үүрэг дуусгавар болсон тухай гэрээнүүдийг байгуулж, 600 000 000 төгрөгийн үүргийг зээлдэгч зохих ёсоор гүйцэтгэсэн тул барьцаалбарын зүйл болох газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...нэхэмжлэгч талаас манай барьцааг суллаад өгөөч, оронд нь бид баригдаж байгаа барилгынхаа 2 давхарт 1000 м.кв талбай өгье гэсэн тул барьцааны зүйлсийг чөлөөлсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, мөн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр МХХК болон Ц.О нарын хооронд “Худалдааны талбай худалдах, худалах авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч тал буюу МХХК-ийн барьж буй “M-SQUARE” худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт 1206,551 м.кв талбайг Ц.О худалдаж авахаар тохиролцсон зэргээс хариуцагчийн дээрх тайлбар нотлогдож байна гэж шүүх дүгнэв. /хх227, 230, 233-238/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг байгуулах үед МХХК-ийн үйлчилгээний барилгын карказ нь боссон байсан. Одоо бид нар барилгаа барьж дуусна. Эндээс 1000 м.кв талбай өгнө гэж байсан тул уг гэрээг байгуулсан гэтэл барилга баригдахгүй, карказ хэвээр байсан тул тооцоо нийлсэн акт үйлдсэн” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ц.О, МХХК нар хоорондын тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актад “...2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Мэргэн девелопмент” ХХК нь иргэн Ц.Од 972 702 000 төгрөгийн өртэй болохыг энэхүү актаар баталгаажуулж байна. 972 702 000 төгрөгийн өрийг 1 сарын 3 хувийн хүүтэйгээр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Ц.Од бүрэн төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцов” гэж тохиролцон, М ХХК-ийн захирал А.У, зээлдэгч Ц.О нар гарын үсэг зурж, МХХК-ийн тамгаар баталгаажуулжээ. /хх239/
Ийнхүү мөн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлдүүлэгч Ц.О нь зээлдэгч МХХК-д 1 422 702 000 төгрөгийн зээлийг 10 сар 4 хоногийн хугацаатай олгохоор шийдвэрлэн 2015/01 тоот зээлийн гэрээг байгуулж, зээлдэгчийг төлөөлж захирал А.У, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Б.Ат нар гарын үсэг зурж, мөн компанийн тамгаар баталгаажуулсан байх бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ц.Оээс 450 000 000 төгрөгийг Б.Атийн 1109230226 тоот дансанд шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал “...дээрх 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2015/01 тоот зээлийн гэрээ нь Ц.Оийн Б.Аттэй байгуулсан өмнөх гэрээнүүдийг халхавчлах зорилгоор хийгдсэн, түүнчлэн бодитоор МХХК-д 1 422 702 000 төгрөгийг зээлдүүлсэн баримт байхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч дээрх гэрээг байгуулахдаа гэрээний талуудын чөлөөт байдал зөрчигдсөн гэдгээ баримтаар нотлоогүй, нөгөөтэйгүүр тухайн гэрээнд зээлдэгчийг төлөөлж МХХК-ийн захирал А.У гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдсан байгаа нь зээлдэгч нь тухайн гэрээг байгуулах хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, Зээлийн гэрээний 2.2-т “Зээлдүүлэгч нь зээлийн хөрөнгийг Зээлдэгчид 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн актын дүнг тооцсон болон шилжүүлгээр хүлээлгэн өгсөн болно” гэж дурдсан зэргээс үзвэл уг гэрээгээр аливаа хэлцлийг халхавчлах зорилгыг агуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, талууд харилцан тооцоо нийлсэн актыг үйлдсэн, зээлийн гэрээний зүйл болох 1 422 702 000 төгрөгт тооцоо нийлсэн актаар МХХК-иас Ц.Од буцаан төлөх 972 702 000 төгрөг орсныг зээлийн гэрээнд дурдсан, улмаар үлдэгдэл 450 000 000 төгрөгийг шилжүүлгээр буюу 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгчийг төлөөлж захирал А.Уянгын хамт төлөөлөн гарын үсэг зурсан Б.Атийн дансанд шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх аливаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж хуульчилсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Ат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...компанийн бизнесийн үйл ажиллагаанд их хэмжээний мөнгө шаардлагатай болсон тул DR02, DR05, DR06 тоот эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, үүнийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ц.Оийн нэр дээр шилжүүлсэн” гэж тайлбарласан болохыг, өөрөөр хэлбэл уг зээлийн МХХК-ийн өмнөөс зээлдэж авсан болохоо нотолсон болохыг дурдах нь зүйтэй.
Ийнхүү нэхэмжлэгч тал дээрх 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул МХХК-ийн захирал А.У нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр DR02, DR05, DR06 тоот эрх шилжүүлэх гэрээ байгуулан, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Н констракшн ХХК-тэй 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ /DR02, DR05, DR06/-гээр хүлээсэн бүх л эрх, үүрэг, хариуцлагаа эрх хүлээн авагч буюу хариуцагч Ц.Од шилжүүлсэн байх бөгөөд талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцлийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээнүүд, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өмчлөлдөө авсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хариуцагч Ц.О хангуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүйн дээр өмчлөгчийг өмчлөх эрхээ хэрэгжүүлнийг нь буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 000 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ц.О болон М.Ө нарт холбогдуулан гаргасан Ц.О, М ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингаравын гудамжинд байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206066537 дугаартай 35/3, улсын бүртгэлийн Ү-2206066534 дугаартай 35/4 тоот хаус, улсын бүртгэлийн Ү-2206046536 дугаартай 37/3 тоот хаус, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун хотхоны 3 дугаар, 3/1 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206046625 дугаартай хаусуудын өмчлөх эрхийг шилжүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн DR02, DR05, DR06 дугаар эрх шилжүүлэх гэрээнүүд, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр М ХХК-ийг тогтоолгох тухай МХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 000 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулах тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ