Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2018/01509

 

           

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

     Дугаар 183/ШШ2018/01509

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, энхтайваны өргөн чөлөө гудамж, ди эйч эл байр, 5 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, Г овогт Б-ийн О /РД:ЦГ56101612/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, эв нэгдлийн гудамж, өөрийн байр, А ХХК /РД:2809427/-д холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, А ХХК-ийн 4 хувийн хувьцааг буцаан авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.О /ШТЭҮД-0287/, хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгч Ш.Э /ШТЭҮД-0821/, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хариуцагч А ХХК болон М ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурван талт гэрээ байгуулж, харилцан үүрэг хүлээсэн. 2015 оны байдлаар А ХХК 128 440 000 төгрөгийн хөрөнгөтэй, 7 гишүүнтэй байсан бөгөөд миний бие уг компанийн 4 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Энэ 4 хувийн хувьцаа нь 5 137 600 төгрөг болно. Миний бие болон манай гэр бүл нь М ХХК-ийг үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшигч нар юм. Ийм учраас дээрх гурван талт гэрээгээр А ХХК-ийн хүлээсэн үүрэг бол миний үүсгэн байгуулсан М ХХК-д өөрийн эзэмшлийн газраас 5394 м.кв талбай бүхий газрын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх байсан. Гурван талт гэрээнээс харахад гэрээний талууд бүгд үүрэг хүлээсэн мэт харагдах боловч үндсэн үүргийн харилцаа нь А ХХК болон миний хооронд үүссэн харилцааг зохицуулахад чиглэсэн болно. Өөрөөр хэлбэл гурван талт гэрээ нь агуулгын хувьд 3 этгээд харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн гэхээсээ илүү А ХХК болон миний хооронд байгуулсан гэрээ гэж үзэхээр юм. Иймд М ХХК болон миний бие хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй. Гэрээний дээрх агуулга нь гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй бол харилцан өгсөн авсан зүйлээ буцаах тухай тохирсон. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч хариуцагч А ХХК нь газар шилжүүлж өгөх үндсэн үүргээ миний өмнө болон М ХХК-ийн өмнө гүйцэтгээгүй. Бид А ХХК-иас газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. М ХХК болон А ХХК нарын хооронд үүссэн үүргийг Б.О шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Гэрээний гол талуудын хүсэл зориг юу байсан бэ гэхээр нэхэмжлэгч тал гэрээний дагуу газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авахыг хүссэн болохоос бичиг баримтыг шилжүүлж авахыг хүсээгүй. Өөрөөр хэлбэл газрыг М ХХК-д шилжүүлж өгөхийг хүссэн. Үүний төлбөрт А ХХК-ийн 4 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөн. А ХХК-ийн Б.Од өгсөн мөнгө бол хувьцааны үнэ биш. Харин миний А ХХК-д зээлсэн мөнгөний 50 хувьд хүрэхгүй мөнгийг эгүүлэн өгсөн. Гурван талт гэрээний дагуу А ХХК газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхдөө М ХХК-ийн хуулийн зөвлөхөд хүлээлгэн өгнө гэж үүрэг хүлээлгээгүй. А ХХК нь Нийслэлийн Газрын албанд М ХХК-д газраа шилжүүлнэ гэсэн бүх баримт бичгийг Газрын албанд шилжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн байсан. Тэгэхээр эдгээр бичиг баримтыг н.Энхчулуун гэгч хүнд хүлээлгэн өгснөөр 3 талт гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. 3 талт гэрээний дагуу бид нар маргаан гаргахгүй гэж тохирсон тул шүүхэд хандах эрхгүй гэж байна. Энэ заалт нь хууль зөрчсөн заалт учир хүчин төгөлдөр биш юм. Гурван талт гэрээний дагуу 4 хувийн хувьцаагаа А ХХК шилжүүлэн авсан мөртлөө гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр буст тооцуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн тул үүний дагуу нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд хариуцагчтай эвлэрсэн үү гэдэг бидэнд хамаагүй. Гол нь бодит байдал дээр 3 талт гэрээний дагуу газрын албанд М ХХК-д газар шилжүүлэх талаарх материалыг өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй тул гурван талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг нь өмгөөлөгчийн хамт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...А ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.6, 2.9 дэх хэсэгт заасны дагуу Б.Оийн А ХХК-д зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 27 900 ам.доллар, түүнд бодогдсон хүү болох 61 617 ам.долларыг буцаан төлөх үүргийг хүлээсэн. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ А ХХК бүрэн биелүүлж, 4 ширхэг хувьцааны үнэ, түүнд бодогдох ногдол ашиг, Б.Оийн компанид шилжүүлсэн мөнгөний хүү, түүний үлдэгдэл нийт 156 535 ам.долларыг Б.Оийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгосон. Гэрээгээ байгуулснаас хойшхи тооцоог бүгдийг шилжүүлсэн. Газартай холбоотой асуудлаар 3 талт гэрээний 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар А ХХК нь өөрийн эзэмшиж байгаа газраасаа 5394 м.кв газрыг М ХХК-д шилжүүлэн өгөх хүсэлт Газрын албанд гаргах, газар шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. А ХХК нь 3 талт гэрээ байгуулсныхаа дараа буюу мөнгөө шилжүүлснийхээ маргааш нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК-ийн өмгөөлөгчид газартай холбоотой бүх баримт бичгийг акт үйлдэн нотариатаар баталгаажуулж шилжүүлэн өгсөн. Газрын төлбөр, бүх зүйлийн тооцоог дуусгаад газрын албанд хандсан бичгээ хүртэл өгсөн. Энэ бичиг баримтын дагуу М ХХК Нийслэлийн Газрын албанд хандахгүй жил гаран алга болсон тул бид гайхаад араас нь сураг тавихад Нийслэлийн Газрын албанд хандалгүй, харин ч М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Алтанцэцэг буюу Б.Оийн гэр бүлийн хүн ажлаас чөлөөлөгдсөн байхдаа М ХХК-д газар шилжүүлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, өөрөө газар шилжүүлэн авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн газар шилжүүлэн авах хүсэлт гаргаж байсан. Үүнээс болоод газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж, А ХХК хүртэл газаргүй болсон байсан. Ингээд сунгуулахаар хүсэлт гарган шийдвэрлүүлсэн. М ХХК ч гэсэн бид нарын хооронд янз бүрийн асуудал байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг А ХХК-д дахин гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж бичиг өгсний дагуу Газрын албанаас дахин газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Иргэн Б.О М ХХК-ийн өмнөөс газар эзэмших эрхийг шаардах эрхгүй. Мөн 3 талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон асуудлаараа дахин хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй шүү гэж тохиролцоод Б.Оийн 5 137 600 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хувьцааг өндөр үнээр буюу 133 595 022 төгрөгөөр худалдан авч, харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгосон. Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ А ХХК хугацаандаа бүрэн биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Ийм үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М ХХК  нь 3 талт гэрээний нэг тал бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд иргэний хэргийн хариуцагч байх ёстой. Энэхүү гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр гэрээгээр манай байгууллага ямар нэг хэмжээгээр эрх, үүрэг хүлээсэн байгаа. Талууд гэрээний дагуу өөрийн шаардах эрхийнхээ дагуу шаардах ёстой. М ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ А ХХК-ийг биелүүлсэн гэж тооцож байна. Гэрээнд заасныхаа дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бичиг баримт, хүсэлтийг шилжүүлж өгсөн боловч манай компанийн дотоод асуудал, ажиллагаа, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад шилжүүлж авч чадаагүй. Гэхдээ М ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ А ХХК-ийг биелүүлсэн гэж үзэж байгаа. Гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, А ХХК-ийн 4 хувийн хувьцааг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А ХХК болон иргэн Б.О, М ХХК-иудын хооронд “Гурван талт гэрээ” гэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний ...2.1-д зааснаар А тал буюу А ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж буй газраас энэ гэрээний хавсралт 1-д заасан кадастрын зурагт заасан А цэгт 3320 м2, С цэгт 890 м2, Д цэгт 1184 м2 газар буюу нийт 5394 м2 газрыг С талд шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад бичгээр гаргаж өгөхөөр...,

Б тал буюу Б.О нь ...өөрийн эзэмшлийн А ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 4 хувь буюу 4 ширхэг хувьцааг 67018 ам.доллараар А талд худалдаж, холбогдох хэлцэл, бичиг баримтуудад гарын үсэг зурж, шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн байгууллагад 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор гаргаж өгөх, Б талын эзэмшлийн 4 ширхэг хувьцаа, түүнд холбогдох төлбөр тооцоо дуусмагц Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 443 337 528 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзахаар ... тус тус талууд тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...дээрх гэрээгээр талуудын хэн аль нь гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй бол харилцан өгсөн авсан зүйлээ буцаахаар тохирсон. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч хариуцагч А ХХК нь хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Гурван талт гэрээний 2.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу М ХХК-д 5394 м.кв газрыг шилжүүлэх үүргээ миний өмнө болон М ХХК-ийн өмнө гүйцэтгээгүй. Бид А ХХ-иас газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. Иймд миний бие Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 3 талт гэрээний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар гурван талт гэрээнээс татгалзаж байгаа тул мөн хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу тус компанийн 4%-ийг эзэмших эрхийг А ХХК-иас буцаан гаргуулна” гэж, 

Хариуцагч А ХХК нь “...2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг, 2.6 дахь хэсэг, 2.9 дэх хэсэгт заасны дагуу ... Б.Оийн А ХХК-ийн 4%-ийн хувьцааг 67 018 ам.доллараар худалдан авч, түүний хувьцаа эзэмшигчээс хасуулсан бүртгэлийн байгууллагад хийлгэх, мөн Б.Оийн А ХХК-д зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 27 900 ам.доллар, түүнд бодогдсон хүү болох 61 617 ам.долларыг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлж, 4 ширхэг хувьцааны үнэ, түүнд бодогдох ногдол ашиг, Б.Оийн компанид шилжүүлсэн мөнгөний хүү, түүний үлдэгдэл нийт 156 535 ам.долларыг Б.Оийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Газартай холбоотой асуудлаар 3 талт гэрээний 2.1 дэх хэсэг, 2.3 дахь хэсэгт зааснаар А ХХК нь өөрийн эзэмшиж байгаа газраасаа 5394 м.кв газрыг М ХХК-д шилжүүлэн өгөх хүсэлт газрын албанд гаргах, газар шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. ...Газрын төлбөр бүх зүйлийн тооцоог дуусгаад газрын албанд хандсан бичгээ өгсөн. Энэ бичиг баримтын дагуу М ХХК Нийслэлийн газрын албанд хандахгүй жил гаран алга болсон. ...Иргэн Б.О М ХХК-ийн өмнөөс газар эзэмших эрхийг шаардах эрхгүй. Мөн 3 талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон асуудлаараа дахин хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй гэж тохиролцоод Б.Оийн 5 137 600 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хувьцааг өндөр үнээр буюу 133 595 022 төгрөгөөр худалдан авч харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгосон. Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ А ХХК хугацаандаа бүрэн биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах үндэслэлгүй” гэж, 

 Груавдагч этгээд “...Энэхүү гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд гэрээний дагуу өөрийн өөрийн шаардах эрхийнхээ дагуу шаардах ёстой. Гэрээнд заасныхаа дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бичиг баримт, хүсэлтийг шилжүүлж өгсөн боловч манай компанийн дотоод асуудал, ажиллагаа, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад шилжүүлж авч чадаагүй боловч Монинзем ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ А ХХК-г биелүүлсэн гэж үзэж байгаа” гэж тус тус тайлбарлан маргасан.

 

            Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд хоёр талын гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээний онцлог нь гэрээний талуудын хүлээх үүрэг хоорондоо харилцан хамааралтай  байдагт оршино. Гэрээний аль нэг тал нөгөө тал мөн адил харилцан хариу үүрэг гүйцэтгэх учраас үүрэг хүлээдэг, өөрөөр хэлбэл харилцан солилцох үүргийн харилцаа байх ёстой. Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдол бүрт гэрээнээс татгалзах эрхтэй биш бөгөөд зөвхөн хоёр талын харилцан хүлээх үүргийн харилцаанд л хамаарах юм. Өөрөөр хэлбэл хоорондоо хамаарал бүхий үүргийн тухайд гэрээнээс татгалзах эсэх асуудал хамаарна. 

 

            Талуудын хооронд байгуулагдсан Гурван талт гэрээний 6.6-д “Талуудын аль нэг нь энэ Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд шаардлага гаргах эрхтэй ч хариуцагчийн мөн гэрээний 2.1-д заасан, С тал буюу М ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй явдалд Б тал буюу нэхэмжлэгч Б.Оийн эрх  ашиг хөндөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний 2.1-д заасан үүрэг нь А тал буюу А ХХК, Б тал буюу Б.О нарын харилцан хүлээх үүргийн харилцаа биш байна гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар уг гэрээний 2.1 дэх заалт биелэгдээгүй үйл баримт тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй байхаар хуульчилсан, түүнчлэн харилцан үүрэг хүлээсэн С тал буюу М гомдол гаргаагүй, гэрээний үүргийг биелэгдсэн гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Б.О уг гэрээнээс татгалзах эрхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4 дэх хэсгийг баримтлан А ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 4 хувийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ