Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00355

 

 Тотал дистрибюшн ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 133/ШШ2019/00188 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар магадлалтай, 

Тотал дистрибюшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Дэлгэрмаа, Ц.Ганмөнх, Х.Баттогтох нарт холбогдох

Байгууллагад учруулсан хохирол 39,065,440 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

хариуцагч Б.Дэлгэрмаагийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү, хариуцагч Б.Дэлгэрмаагийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч Х.Баттогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд: Тотал дистрибюшн ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарт 2016 оны 06 сарын 02-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 29,111,900 төгрөгийн дутагдал илэрсэн. Уг зөрчлийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар 20160700009 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Тотал дистрибюшн ХХК-д 29,089,220 төгрөгийн хохирол учирсан болохыг Улаанбаатар аудит ХХК-ийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 193 тоот аудитын дүгнэлт, 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон боловч хариуцагч тус бүр хэзээ, яаж, хэдэн төгрөгний хохирол учруулсныг шинжээчийн болон аудитын дүгнэлтээр тогтоох боломжгүй, хариуцагч тус бүрийн хүлээх хариуцлагын хэмжээ тодорхой биш гэсэн үндэслэлээр 2018 оны 02 сарын 08-ны өдөр эрүүгийн хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчид нь байгууллагад 29,111,900 төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч тэнцүү хувааж төлөхөөр тохиролцсны үндсэн дээр байгууллага үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд байгууллагад учруулсан хохирлыг барагдуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нь 2016 оны 08 сарын 15-ны өдөр Д.Дамидмаа аудиторын ажлын хөлс 616,700 төгрөг, 2016 оны 08 сарын 31-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 400,000 төгрөг, 2017 оны 06 сарын 28-ны өдөр Улаанбаатар аудит ХХК-иар дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 3,500,000 төгрөг, 2017 оны 12 сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 2,400,000 төгрөг, нийт 6,916,700 төгрөгийг шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн. Иймд байгууллагад учирсан нийт хохирол 36,005,920 төгрөгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 12,001,980 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түгээгч Х.Баттогтох 2016 оны 06 сарын 04-ний өдөр Тотал дистрибюшн ХХК-д бичгээр гаргасан тайлбартаа Могойн бор харилцагчаас хувийн дансандаа барааны үнэ 3,059,520 төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэж бичсэн ч төлөлт хийгээгүй болно. Иймд Х.Баттогтохоос дээрх 12,001,980 төгрөг дээр 2016 оны 05 сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын Могойн бор харилцагчид нийлүүлсэн барааны хувийн дансандаа шилжүүлэн авсан үнэ 3,059,520 төгрөг, нийт 15,061,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Хариуцагч Ц.Ганмөнх нь 2019 оны 05 сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан тул Ц.Ганмөнхөд холбогдох компанид учруулсан хохирол болох 12,001,980 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Б.Дэлгэрмаа, Х.Баттогтох нараас компанид учруулсан хохирол болох 27,063,480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Дэлгэрмаагийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Миний бие нь Тотал дистрибюшн ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Тус ХХКомпаниас 2016 оны 06 сарын 02-ны өдрийн гэнэтийн тооллогоор 29,111,900 төгрөгийн дутагдал гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж биднийг хууль бусаар бусдын эд хөрөнгийг ашигласан, үрэгдүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хэрэг хэрэгсэхгүй болсон. Биднийг уг компани нь дутагдлаа төлөхөө зөвшөөрвөл цаашид ажиллаад хохирлоо барагдуул, шүүх цагдаа гэхгүй өнгөрнө гэж биднийг хуурч төлөх баталгаа бичүүлж авсан боловч хууль хяналтын байгууллагад өгсөн байсан. Мөн намайг ажиллуулахгүй байгаа боловч чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, тушаал шийдвэр гардуулаагүй байгаа болно. Иймээс бид ямар учраас хэрхэн дутагдал гарсан болохыг шалгаж тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн, хэрхэн ямар учраас дутагдсан болох нь ч тогтоогдоогүй, уг дутагдалд намайг гэм буруутай болохыг өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд ямар үндэслэлээр надаас 12,001,980 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Дэлгэрмаа шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие анх 2007 онд Зүүн хараа трейд ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан бөгөөд сүүлд 2016 оны 05 сарын 03-ны өдөр компанийн нэр Тотал дистрибюшн ХХК болж өөрчлөгдсөн. Миний бие нь 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс салбарын ахлахаар томилогдон ажиллаж байгаа болно. Ингээд 2016 оны 6 сараас энэхүү маргаан үргэлжилж байгаа бөгөөд намайг эрүүгийн хэрэг шалгах хугацаанд миний ажлыг түдгэлзүүлээгүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй өдий хүрсэн бөгөөд миний буруутай үйлдлээс мөнгө дутагдсан нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Баттогтохын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Х.Баттогтох нь MCS ХХК-д түгээгчээр ажилд орсон. Х.Баттогтохоос дутагдсан эд зүйлийн үнэ нэхэж орж ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр Х.Баттогтох нь эд хариуцагч биш. Түгээгч байсан. Х.Баттогтохын агуулахаас авсан бараанаас хэдэн сарын хэдний өдөр ямар дэлгүүрт тараасан юм. Оператор гэдэг хүн нь худалдааны төлөөлөгчийн захиалагчаар бараа түгээгч нь хүргэж өгдөг гэж байна. Худалдааны төлөөлөгч нь хэзээ ямар дэлгүүрт хэдэн төгрөгийн бараа өгнө гэснийг Х.Баттогтох нь хэдэн төгрөгийн бараа ямар дэлгүүрт хүргэж өгсөн, тэрнээс нь хэдэн төгрөгийн дутагдал гарсан нь одоог хүртэл тогтоогдоогүй. Энэ нь Цагдаагийн байгууллагаас ч тогтоогдоогүй. Х.Баттогтох нь Цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэгт Миний агуулахаас авсан бараа эргээд шилжүүлсэн мөнгөн дүн хоёроос дутагдал гараагүй. Би тухайн үед нь бэлэн мөнгийг бэлнээр нь дансаар орсон мөнгийг дансаар нь өгдөг байсан. Миний агуулахаас авсан бараанаас ямар нэгэн дутагдал гараагүй. Би үүнийг хариуцахгүй. Гэнэтийн тооллого гэж ирээд эд хариуцагч нартай тооцоо нийлсэн. Эд хариуцагч нартай тооцоо нийлээд дутагдал гарсан гэж байсан. Агуулахаас аваад явсан бараанаас дутагдал гарчихлаа гэдэг талаар яригдаж байгаагүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Иймээс Х.Баттогтоход холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж ирсэн байгаа. Х.Баттогтох нь MCS ХХК-тай байгуулсан гэрээ байгаа. Өнөөдрийн нэхэмжлэл гаргаад байгаа компани нь өөр компани байгаа учраас Х.Баттогтохын 3 янзын гэрээ ирсэн байдаг. Гарын үсэг нь биш. Би хэргийн материалтай танилцаад эдгээр зүйлийг үзүүлэхэд миний гарын үсэг биш. Ийм гэрээ байгуулаагүй гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн эд хөрөнгийн гэрээ байхгүй гэдгээ ярьж байсан. Тийм учраас Хөдөлмөрийн хуулин дээр заасан заалтын дагуу энэ хүмүүсээс тэнцүү хэмжээгээр барагдуулах хүсэлттэй байна гэж ярьж байсан. Х.Баттогтох аваад идсэн. Түүнээс болж өр авлага үүссэн гэж ярьж байгаа боловч хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтаар энэ нь бүрэн тогтоогдохгүй байна. Х.Баттогтох нь хэдэн төгрөг аваад хувьд ашиглаж завшсан юм. Аль дэлгүүрт ямар бараа өгөөд дутсан юм. Өнөөдрийн Х.Баттогтохоос нэхээд байгаа бараа нь юу юуны мөнгө, хэдэн төгрөг юм гэдэг нь тогтоогдохгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Могойн бор компаниас хувьдаа мөнгө авчихаад хийгээгүй гэж байгаа. Хэдэн сарын хэдний өдөр Х.Баттогтох нь бараа нийлүүлсэн юм. Энэ талаар ч бичгийн баримт байхгүй. Х.Баттогтохын данс руу нь мөнгө нь ороод Х.Баттогтох өгөхгүй байна гэдэг бичгийн баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Байгууллагын данс руу ч ордог байсан миний данс руу орж ирсэн мөнгийг тушаадаг байсан. Миний агуулахаас авсан бараанаас дутаагүй гэдэг учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 133/ШШ2019/00188 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Дэлгэрмаагаас компанид учруулсан хохирол 12,001,980 төгрөгийг, хариуцагч Х.Баттогтохоос 12,001,980 төгрөгийг, нийт 24,003,960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тотал дистрибюшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Х.Баттогтоход холбогдох 3,059,520 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Тотал дистрибюшн ХХК нь хариуцагч Ц.Ганмөнхөд холбогдох компанид учруулсан хохирол 12,001,980 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг, хариуцагч Б.Дэлгэрмаагийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь татгалзсан болохыг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 138,985 төгрөгийг хариуцагч Б.Дэлгэрмаагаас, 138,985 төгрөгийг Х.Баттогтохоос, нийт 277,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тотал дистрибюшн ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар Бэхбатын Дэлгэрмаа, Цэдэвдоржийн Ганмөнх, Хуяг-Очирын Баттогтох нарын эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний эх хувийг нэхэмжлэгч Тотал дистрибюшн ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Б.Дэлгэрмаагаас 12,001,980 төгрөгийг, Х.Баттогтохоос 12,001,980 төгрөгийг гэсний Б.Дэлгэрмаагаас 8,543,630 төгрөгийг, Х.Баттогтохоос 8,543,630 төгрөгийг гэж, нийт 24,003,960 төгрөгийг гаргуулж гэснийг нийт 17,087,260 гэж, шийдвэрийн 3 дахь заалтын 138,985 төгрөгийг хариуцагч Б.Дэлгэрмаагаас, 138,985 төгрөгийг Х.Баттогтохоос, нийт 277,970 төгрөгийг гэснийг 121,693 төгрөгийг хариуцагч Б.Дэлгэрмаагаас, 121,693 төгрөгийг хариуцагч Х.Баттогтохоос нийт 243,386 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, Д.Ариун-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Тотал дистрибюшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Дэлгэрмаа, Х.Баттогтох нарт холбогдох иргэний хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 188 дугаар шийдвэр, 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 22 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Энэхүү хэрэг нь 2019 оны 03 сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэгдэж анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэхээр буцаагдсан болно. Ийнхүү буцаагдахдаа дутагдлыг илрүүлсэн гэх тооллого ямар баримтын үндсэн дээр хийгдсэн болох нь бараа бүтээгдэхүүнийг төв байгууллагаас ямар баримтаар хүлээн авдаг, агуулахын барааг нярав ямар баримтаар түгээгчид хүлээлгэн өгдөг зэргийг тогтоох ач холбогдолтой болохыг дурьдаж анхан шатны шүүхэд буцаасан болно. Гэтэл энэхүү үндэслэлтэй холбоотой нэг ч баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Тотал дистрибюшн ХХК нь хариуцагч Б.Дэлгэрмаа, Ц.Ганмөнх, Х.Баттогтох нарт холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 29,089,220 төгрөг, хариуцагч нарыг эрүүгийн хэрэгт шалгуулахдаа шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн 6,916,700 төгрөг, нийт 36,005,920 төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч тус бүрээс 12,001,980 төгрөг гаргуулах, ... харилцагчаас хувийн дансаараа шилжүүлэн авсан 3,059,520 төгрөгийг хариуцагч Х.Баттогтохоос нэмж гаргуулах, нийтдээ 39,065,440 төгрөгийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Дэлгэрмаа, Х.Баттогтох нар ...хэн нь хэдэн төгрөгийн дутагдал гаргасныг эрүүгийн хэрэгт шалгасан боловч тогтоогоогүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Дэлгэрмаагаас компанид учруулсан хохирол 12,001,980 төгрөгийг, хариуцагч Х.Баттогтохоос 12,001,980 төгрөгийг, нийт 24,003,960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тотал дистрибюшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Х.Баттогтоход холбогдох 3,059,520 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Тотал дистрибюшн ХХК нь хариуцагч Ц.Ганмөнхөөс 12,001,980 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг, хариуцагч Б.Дэлгэрмаагийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь татгалзсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Дэлгэрмаа, Х.Баттогтох нараас тус бүр 8,543,630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, Д.Ариун-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж зохицуулсан.

Хэргийн баримтаас үзэхэд Тотал дистрибюшн ХХК нь Б.Дэлгэрмааг 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс М Си Эс дистрибюшн ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын ахлагчийн ажилд, Х.Баттогтохыг 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр түгээгчийн ажилд тус тус томилж, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй.

2. Байгууллагад учирсан хохирлын тухайд:

Нэхэмжлэгч нь шаардлагынхаа хэмжээг тодорхойлохдоо ...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн гэнэтийн тооллогоор 29,111,900 төгрөгийн дутагдал илэрсэн. ... Улаанбаатар аудит ХХК болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 29,089,220 төгрөгийн хохирол учирсан болохыг тус тус тогтоосон, ...хариуцагч нар байгууллагад 29,111,900 төгрөгийн хохирол учруулснаа зөвшөөрч, тэнцүү хувааж төлөхөөр тохиролцож, байгууллага үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд байгууллагад учруулсан хохирлыг барагдуулаагүй гэсэн тайлбар гаргасан ба энэ талаарх баримт ирүүлснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно гэж заасан байх бөгөөд шүүх Тотал дистрибюшн ХХК-д 29,089,220 төгрөгийг хохирол учирсан гэж дүгнэснийг хуульд нийцсэн гэж үзнэ.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Дэлгэрмаа, Б.Баттогтох нартай байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1., 135.1.3-т хамаарсан, ажил олгогчид учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг зөрчөөгүй байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно гэжээ.

Хариуцагч нарын учруулсан хохирлын хэмжээг ажилтан тус бүрээр ялган тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтүүд гарсан боловч тэдний ажил үүргийн хуваарьт зааснаар хариуцагч нар нь харилцан уялдаа, хамаарал бүхий ажил үүрэг гүйцэтгэдэг байх тул Тотал дистрибюшн ХХК-д учирсан бараа материалын дутагдлын үнийг тэнцүү хэмжээгээр тооцож нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй юм.

Шүүх ажил олгогчид учруулсан хохирлыг төлөх үүргийг 3 хариуцагчид тэнцүү хэмжээгээр тооцож, Б.Дэлгэрмаа, Х.Баттогтох нараас тус тус 8,543,630 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь ... Могойн бор харилцагчаас Х.Баттогтохын данс руу шилжүүлсэн 3,059,520 төгрөгийг Х.Баттогтохоос гаргуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй, хариуцагчийн бичсэн өргөдлийн хуулбарыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэн, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.

5. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд ажил олгогч нь байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг ажилтнаас шаардсан байх тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч байгууллагаас шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн 6,916,700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд нийцээгүй байна.

 Иймээс хариуцагч нараас 6,916,700 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хуульд нийцжээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад хариуцагч Ц.Ганмөнх нас барсан тул нэхэмжлэгч нь Ц.Ганмөнхөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч Х.Дэлгэрмаа нь Тотал дистрибюшн ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан байна.

Анхан шатны шүүх зохигчдын дээрх татгалзлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үлдэх хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 133/ШШ2019/00188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Дэлгэрмаагаас 8,543,630 төгрөг, Х.Баттогтохоос 8,543,630 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Тотал Дистрибюшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,916,700 төгрөг болон хариуцагч Х.Баттогтоход холбогдох 3,059,520 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Тотал Дистрибюшн ХХК нь хариуцагч Ц.Ганмөнхөд холбогдох 12,001,980 төгрөг гаргуулах шаардлагаас, мөн хариуцагч Б.Дэлгэрмаа нь Тотал Дистрибюшн ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтын 138,985 төгрөгийг хариуцагч Б.Дэлгэрмаагаас, 138,985 төгрөгийг Х.Баттогтохоос, нийт 277,970 төгрөгийг гэснийг хариуцагч Б.Дэлгэрмаа, Х.Баттогтох нараас тус бүр 121,693 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Б.Дэлгэрмаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,700 төгрөг, хариуцагч Х.Баттогтохын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД