Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00489

 

М.Б-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00096 дугаар шийдвэртэй,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 01-ний өдрийн 218/MA2020/00007 дугаар магадлалтай,

М.Б-ний нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Засаг даргад холбогдох

Дундговь аймгийн Засаг даргын 2019.6.27-ны өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах, балансын урамшуулал, түлээний үнийн хөнгөлөлт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч, нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

Нэхэмжлэгч М.Б-ний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.Б  би боловсролын салбарт 28 жил ажиллаж байна. Дундговь аймгийн Засаг даргын 2019.06.27-ны өдрийн Б/18 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгуулах, мөн түлээний үнийн хөнгөлөлт,  балансын урамшуулал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч М.Б  нь 1-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн, тушаал хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ. 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00096 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч овогт М-ын Б /ЗИ69091008/-ыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 7929845 төгрөгийг хариуцагч тал /Дундговь аймгийн засаг дарга/-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган нэхэмжлэгчийн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг /“Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгуулах, балансын урамшуулал 893425 төгрөг, түлээний хөнгөлөлт 300000 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241273 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 212027 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 218/MA2020/00007 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 07-ны өдрийн 139/ШШ2020/00096 тоот шийдвэрийн удиртгал хэсгийн “Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг дарга /О.Б-Э/... гэснийг “Хариуцагч: Дундговь аймгийн засаг дарга /О.Б-Э/...” гэж, тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...7929845... гэснийг 7629845 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ч-ын  хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: нэхэмжлэгч М.Б-ийг “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь аймгийн Засаг даргын 2019.06.27-ны өдрийн Б/18 тоот тушаалаар М.Б-ийг ажлаас чөлөөлөх үндэслэл “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэл биш юм. Хавтаст хэргийн материалд М.Б-д сахилгын арга хэмжээ авч байсан болох тушаалуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн нь нэхэмжлэгч М.Б  өмнө нь мөн байнга арга хэмжээ авагдаж байсан гэдэг хувь хүн талаас нь гаргаж өгсөн баримт юм. Гэтэл шүүх нотлох баримт, тушаалын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

...Нэхэмжлэгч М.Б мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль дүрмийг давтан зөрчсөн зөрчлийг гаргасан болох нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019.05.03-ны өдрийн 2/16 тоот албан шаардлага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болох бусад ажилтны ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, Дундговь аймгийн багшийн Ёс зүйн зөвлөлийн хурлын 2019.12.08, 2019.03.11-ний өдрийн тэмдэглэл, 1-р цэцэрлэгийн багш, ажилчдын 2019.03.14-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, маргааны үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй байна. Үүнд:

Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлагад нэхэмжлэгч М.Б-ийг нийт 8 зөрчил гаргасан болохыг шалган тогтоож, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлага ирүүлсэн байдаг. Гэтэл шүүхээс Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлагад дурдсан зөрчлийг М.Б  гаргасан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага ирснээр тухайн зөрчлийг гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлагад дурдсан зөрчлийг нотлох үүргийг хариуцагч тал хүлээхгүй бөгөөд нэгэнт Хүний эрхийн үндэсний комиссоос хяналт, шалгалт явуулаад М.Б-ийг дээрх 8 төрлийн зөрчлийг гаргасан болохыг тогтоосон, энэхүү албан шаардлагыг нэхэмжлэгч М.Б-д хүргүүлсэн болохыг нэхэмжлэгч өөрөө тайлбарладаг бөгөөд шаардлагыг хүлээн аваад гомдол гаргаагүй нь шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн нөгөө талаас дээрх Хүний эрхийн үндэсний комиссын шаардлагад дурдагдсан зөрчлүүдийг гаргасан болох холбогдох нотлох баримт нь хавтаст хэргийн материалд авагдсан байна.

 Тухайлбал: Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлагад дурдагдсан зөрчлүүдийг гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан 1-р цэцэрлэгийн багш, ажилчдын 2019.03.14-ний өдрийн хурлын тэмдэглэл, Дундговь аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн хурлын 2019.12.08-ны өдрийн болон 2019.03.11-ний өдрийн тэмдэглэл, Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн Эцэг, эхчүүдээс авах санал, асуулгын нэгтгэл, багш ажилтнуудын саналыг нэг бүрчлэн сонсох үйл ажиллагаанаас гаргасан саналын нэгтгэл, 2017, 2018 онуудын “Б” тушаалын бүртгэл, 1-р цэцэрлэгийн албан хаагчдын социометрийн судалгааны 2019.01.15-ны өдрийн дүгнэлт, М.Б-ний хууль зүйн үндэслэлгүй тушаалаар ажлаас халагдаж шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтан Л.Б, Ц.Н нарыг ажилд эгүүлэн тогтоосон тушаал, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болох бусад ажилтны ёс зүйн зөвлөлийн дүгнэлт зэрэг бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байгаа нь Засаг даргын ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлага нь бодит байдалд нийцэж байгаад шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.8-т “Мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль, журмын заалтыг давтан зөрчсөн” гэдэг заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар ажилтан нь ...хөдөлмөрийн гэрээг сахин биелүүлэх үүрэгтэй. М.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т “Ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан дараах тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар тохиролцсон байдаг. Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.8-т “...Холбогдох хууль, журмын заалтыг давтан зөрчсөн” гэж заасан нь хууль журмын заалтыг зөрчсөн зөрчлийг давтан гаргасан нь Мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно. Нэг шалгалтаар олон зөрчил тогтоогдсоныг дээрх үндэслэлд хамааруулан ойлгоно.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан, тухайлбал 1-р хавтаст хэргийн 52, 74-101, 106-116, 206-209, 241-242-р талд авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд, мөн 2-р хавтаст хэрэгт авагдсан Дундговь аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн хурлын 2019.12.08-ны өдрийн, 2019.03.11-ний өдрийн тэмдэглэл, Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн Эцэг, эхчүүдээс авах санал, асуулгын нэгтгэл, багш, ажилтнуудын саналыг нэг бүрчлэн сонсох үйл ажиллагаанаас гаргасан саналын нэгтгэл, 2017, 2018 онуудын “Б” тушаалын бүртгэл, 1-р цэцэрлэгийн албан хаагчдын социометрийн судалгаа зэрэг нотлох баримтуудад огт үнэлэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцэхгүй байна. Мөн шүүхээс 2020.02.07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр 1-р хавтаст хэргийн 74-85-р талд авагдсан нотлох баримтуудын эх хувьд үзлэг хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шинжлэн судалсан. Үзлэг хийхдээ хөндлөнгийн 2 гэрчид Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийг тайлбарлан өгч, хууль сануулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Учир нь, Дундговь аймгийн Засаг дарга маргаан бүхий 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.“ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6, 3.2.2.8. гэсэн заалт болон Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2/16 дугаартай албан шаардлагыг үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ийг “байгууллагын багш, ажилчдын ажлыг үнэлж, дүгнэх, ажилтан шинээр томилох, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчих, өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ багш ажилчдад ажлын байрны дарамт үзүүлэх, ялгаварлан гадуурхах зэргээр Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенцийг зөрчсөн үйлдэл гаргаж, иргэдийн хөдөлмөрлөх эрх, хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, нэхэмжлэгчид өмнө нь авч байсан сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар “сахилгын шийтгэлгүйд тооцогдох” болсноор уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэл үгүйсгэгдсэн, түүнчлэн хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох “ноцтой зөрчил” гэж заасан хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6.“хамт олны санал гомдол 2 ба түүнээс дээш удаа удирдах байгууллагад ирсэн, тухайн асуудлаар арга хэмжээ авахуулсан” гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн 3.2.2.8-д заасан “мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль журмын заалтыг давтан зөрчсөн” гэх нөхцөл нь Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 2/16 дугаартай албан шаардлагаар тогтоогдохгүй байна гэж хэргийн үйл баримтыг шүүхүүд хэрэгт байгаа баримтад тулгуурлан зөв дүгнэсэн, иймд “...шүүх нотлох баримт, тушаалын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын 1 дэх хэсэг үндэслэлгүй.

Хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2.8-д заасан “мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль журмын заалтыг давтан зөрчсөн” гэх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тайлбарлавал, “хууль, журмыг давтан зөрчсөн” гэх нөхцөлийг мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа” өнгөрөөгүй байхад ажилтан дахин хууль, журам зөрчсөн байх бөгөөд энэ нь “мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон” байна гэж үзэхээр байна.

Энэхүү хэргийн тухайд, Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 2/16 тоот албан шаардлагад дурдсан 9 зөрчил нь цаг хугацааны хувьд давтан үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, тухайлбал, албан шаардлагын 1-д заасан зөрчил нь 2016-2017 оны үйл баримт, 2 дахь нь цаг хугацааны хувьд тодорхойгүй, 3 дахь нь 2019 оны 1 дүгээр улиралд болсон үйл баримт, 4 дэх нь 2018 оных, 5 дахь нь цаг хугацааны хувьд тодорхойгүйгээс гадна санал асуулгын хариуг үндэслэн дүгнэлт хийснийг шууд зөрчил гаргасан гэж үзэхгүй, 6 дах нь 2019 оны 03 дугаар сарын 14-18-нд болсон үйл баримт, 8 болон 9-д заасан зөрчил нь нэхэмжлэгчийн буюу хувь хүний үйлдэлтэй шууд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлагад тусгагдсан зөрчлүүдийг ажилтны буюу нэхэмжлэгчийн албан тушаалын аль чиг үүрэгт хамаатуулж байгаа, энэ нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ямар зөрчил болох, яагаад давтан зөрчил гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулж байгаа үндэслэлээ тогтоогоогүй буюу нотлоогүй байна.

Иймээс “...Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлагад нэхэмжлэгчийг нийт 8 зөрчил гаргасан болохыг тогтоосон, энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байгаа, хариуцагчийн гаргасан ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон Комиссын албан шаардлага нь бодит байдалд нийцэж байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хөдөлмөрийн гэрээний 3.2.2.8-д заасан “зөрчлийг давтан гаргасан” гэдэгт нэг шалгалтаар олон зөрчил тогтоогдсоныг ойлгоно...” гэсэн утгатай хяналтын гомдлыг /2-3 дахь үндэслэл/ хангах боломжгүй гэж үзэв.

Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрсдийн дотоод итгэлээр үнэлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй /гомдлын 4 дэх үндэслэл/.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 01-ний өдрийн 218/MA2020/00007 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                                          Б.УНДРАХ