Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 82А

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Н.Мөнгөнсүх, хохирогч Ж.Туяа, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг /ҮД:0079/, шүүгдэгч Д.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ҮД:0838/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 7-13 насны 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 37 дугаар байрны 109 тоотод оршин суудаг,  ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ИВ79042010/ Хотгоод овогт Даваасүрэнгийн Бат-Амгаланд

 

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021524 дугаар 185/2016/0079/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Бат-Амгалан 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гадна зогсоол дээр өөрийн эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн маргалдах явцдаа хохирогч Ж.Туяагийн “Айфон-5” загварын гар утсыг авч шидэн санаатайгаар гэмтээж 190.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бат-Амгалангийн: Тухайн өдөр болсон асуудал ийм зүйл болно гэж бодоогүй. Өөрийнхөөрөө байх гэснээс болж Туяатай харьцсандаа гэмшиж байна. Өдий олон жил ханилчихаад ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. Би урьд нь Туяад утас авч өгч бэлэглэж байсан. Гэхдээ Туяаг утсан дээрээ ийм хэл ам хийнэ гэж бодоогүй. Би үйлдсэн бүх зүйлдээ гэмшиж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Туяагийн: 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр манай бага охин Номударийн төрсөн өдөр болж, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхээр болсон. Тэгээд би 3 хүүхдээ аваад гэрийнхээ ойролцоо KFC орж өглөөний цайгаа уугаад Өгөөжийн боовны баярт оролцсон. Тэгж байхад хүүхдүүдийн аав Бат-Амгалан утсаар яриад ирсэн. Бат-Амгалан хүүхдүүдээ аваад парк явахаар болж би 17 цагт ирж паркаас хүүхдүүдээ авахаар болсон. Тэгээд би ажлаа амжуулаад 17 цагт хүүхдүүдээ авахаар ирэхэд тэд өөдөөс гарч ирж байсан. Гэтэл Бат-Амгалан хүүхдүүдээ авч явна гэсэн. Хүүхдүүд хүртэл явна гэж байсан. Тэгэхээр нь би одоо болно, чи өөрөө л уулзсан бол болоо гэж хэлэхэд Бат-Амгалан би тэгвэл ядаж Номударийг авч явна гээд хөтлөөд явсан. Тэгтэл эгч нь араас нь дүүгээ авах гээд гүйгээд явсан. Бат-Амгалангийн машин 3 эгнээ машины цаана байсан. Бат-Амгалан Номударийг хүчээр машиндаа суулгаж уйлуулсан. Анударь өөрөө машинд суусан. Би Бат-Амгалангийн машины жолоочийн эсрэг талын хаалгыг нээгээд охиноо аваад явна, чи боль гээд бид хоёр маргалдсан. Гэтэл Бат-Амгалан намайг холдуулах зорилгоор маш их ууртайгаар хохь чинь шүү чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд миний хоолойг боож машин руу түлхээд зүүн гараараа миний шанааны доод хэсэг рүү цохисон. Тэгээд би нэг хэсэг сонин болсон. Тэгэхэд нь би үнэхээр их айсан. Тэгээд би хүүхдүүдээ аваад явах гэж байсан. Бат-Амгалан надтай хэрүүл хийж байхад Анударь бичлэг хийж байсан. Бат-Амгалан уурлаад боль гэхэд Анударь айгаад надад утсаа өгсөн. Гэтэл Бат-Амгалан миний гарыг хэд хэд мушгиж гар утсыг аваад хол шидсэн. Миний гар утсыг билетийн касс хүртэл шидэгдсэн. Хүү Дорж утасны араас явсан. Биднийг Бат-Амгалан явуулахгүй хоргоогоод байхад тэнд явж байсан охин гар утсаараа цагдаа дуудаж өгөхөд Бат-Амгалан зугтаагаад явсан. Бат-Амгалангаас нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ Бат-Амгалангийн худал ярьж байгаад гомдолтой байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Анударийн: ...2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай дүү Номундарийн төрсөн өдөр болж байсан. ...Аав Номундарь бид хоёрыг тойроод ээжийг багалзуурдаад хүзүү хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Ээж Номундарь бид хоёрыг аваад өөрийнхөө машин руу авч явж байхад аав ээж хоёр хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би ээжийн гарт байсан гар утсыг аваад бичлэг хийхэд аав намайг сүрдүүлээд утсыг чинь шиднэ шүү гэхэд би айгаад ээжид утсаа өгөх гэж байхад аав булааж аваад гараараа мушгиад шидсэн. Тэгтэл нэг эгч хүрч ирээд та ямар аймар юм бэ болиоч ээ гэж хэлэхэд аав тэр эгчид бид нарын амьдрал чамд хамаагүй яв гэсэн. ...Тэгээд тэр эгч цагдаа дуудсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Лувсандоржийн: ...2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай дүү Номундарийн төрсөн өдөр байсан. Аав, би, 2 дүүгийн хамт паркаас гарч байхад ээж бид гурвыг авах гээд ирсэн байсан. Тэгтэл аав бид гурвыг дүү нар руугаа авч явна гэхэд ээж өгөхгүй гэсэн. Гэтэл аав манай бага дүү Номундарийг хүчээр аваад явсан. Манай том дүү бага дүүг авчрах гээд араас нь гараад гүйсэн. Ээж 2 дүүг авчрах гээд машинаас бууж аавын машин руу явсан. Тэгтэл аав хоёр дүүг машиндаа суулгаж байх шиг харагдсан. Тэгээд аав ээжийг багалзуурдаад өөр машины араар аваад орсон. Тэгээд гүйж очоод 2 дүүг аавын машинаас аваад... ...буцаад ирэхэд аав ээж хоёр хэрэлдээд байж байсан. Анударь ээжийн гарт байсан гар утсыг авч бичлэг хийж байсан... ...аав ээжээс гар утсыг нь булааж аваад гар утсыг нь шидсэн...  Шидсэний дараа гар утас нь бүх юм нь салсан дэлгэц нь хагарсан байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11/,  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №7098 тоот:

  1. Туяагийн биед тархи доргилт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-13/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35/, эд зүйлийн үнэлгээ /хх-46/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-24/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-47-48/, хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-58/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-51/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-52/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” хэмээн хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Бат-Амгалан 2016 оны 5 сарын 21-ний өдөр эхнэр Ж.Туяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие махбодид нь тархи доргилт, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7098 тоот актын дүгнэлт, хэрэгт авагдсан гэрэл зургаар,

Мөн өдөр хохирогч Ж.Туяагийн эзэмшлийн эд хөрөнгө болох “Айфон-5” загварын гар утсыг шидэн санаатайгаар гэмтээсэн нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-34/, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ /хх-46/-гээр тус тус тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч Ж.Туяагийн “Айфон-5” загварын гар утсыг шүүгдэгч хохирогч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж маргаж байгаа боловч шүүгдэгч хохирогч нар өөрсдийнх нь шүүхэд мэдүүлсэн мэдүүлгээр 2015 оны 3 сараас тус тусдаа амьдарч эхэлсэн ба хохирогч Ж.Туяа уг утсыг 2015 оны 6 сарын 24-ний өдөр худалдан авсан нь баталгааны хуудсаар /хх-21/ нотлогдов.

Мөн насанд хүрээгүй гэрч нараас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийг зөрчиж байцаалт авсан тул нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар сурган хүмүүжүүлэгчийг байлцуулан насанд хүрээгүй хохирогч нараас мэдүүлэг авснаар тэдний эрх ашгийг хохироосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Д.Бат-Амгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Бат-Амгаланг хохирогч Ж.Туяагийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, хохирогч Ж.Туяагийн “Айфон-5”загварын гар утсыг нь санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.Бат-Амгалангийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Туяагийн эд хөрөнгөнд 190.000 төгрөгний хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр /хх-49/ тогтоогдов. Хохирогч Ж.Туяад эд хөрөнгийн хохиролд 190.000 төгрөг төлсөн нь баримтаар /хх-58/ тогтоогдов. Хохирогч Ж.Туяа бие махбодидоо учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлын талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, энэ талаар шүүхэд баримт ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Бат-Амгалан ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-50/ нотлогдов.

 

Шүүгдэгч Д.Бат-Амгалан анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч хохирогч Ж.Туяад учирсан сэтгэл санааны хохирол арилаагүй, гомдолтой гэх тул ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Айфон-5” загварын дахин ашиглах боломжгүй эвдэрсэн гар утсыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн зүйлийн 88.1.7-д зааснаар 1 ширхэг хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Даваасүрэнгийн Бат-Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Даваасүрэнгийн Бат-Амгаланг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Бат-Амгаланд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Бат-Амгаланд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Айфон-5” загварын 1 ширхэг эвдэрсэн гар утсыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг /Си Ди/ хуурцгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  6. Д.Бат-Амгалан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Бат-Амгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2016 оны 11 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.    
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бат-Амгаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ү.ТҮМЭНЖАРГАЛ