Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 683

 

 

 

 

 

 

 

2019          7              04                                          2019/ДШМ/683

 

А.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/373 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Жавхлантөгсийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, А.Бд холбогдох 1708029651106 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Аийн Б, 1968 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дунд сургуулийн захирлаар томилогдсон боловч албан тушаал эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “...” хотхоны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.../;

А.Б нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн ... сургуулийн захирлаар ажиллаж байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэх утгатай нэхэмжлэлийг гаргаж өгөхдөө хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 хуудас, Улсын бүртгэлд бүртгэлгүй “...” ХХК-ний зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: А.Бын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.... зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол овогт Аийн Быг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-д тус тус зааснаар шүүгдэгч А.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Ууганбаярын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Жавхлантөгс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор А.Быг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-д тус тус зааснаар шүүгдэгч А.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэв. Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан гэмт хэрэг хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн зүйлийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Хүндэвтэр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болсон гэж дүгнэж байна. Мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйл гэж хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийг шалгаж эхлэхдээ 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шалгасан ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн тул 2017 оны Эрүүгийн хуулийн 1.... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэж заасны дагуу анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэж, хууль хэрэглэхдээ дээрх нөхцөл байдлыг үндэслэл болгон 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ажилгүй болсондоо гомдоод иргэний шүүхэд хандсан. Иргэний шүүхэд 2016 оноос 2017 оны хичээлийн жилд зурагт авсан байна гээд арга хэмжээ авах хугацаандаа захирамж дээрээ тэгж бичээд л ажлаас халсан юм. Уг үйлдэл нь гэтэл 2015 оноос 2016 оны хичээлийн жилд явагдаад дууссан үйл баримт юм. 2015 оноос 2016 оны хичээлийн жилд тухайн зурагтыг авсан юм гэдгийг нотлохын тулд л эцэг, эхийн хурлын тэмдэглэл, зурагтыг сургуулийн өмчид бүртгэж авсан материалуудыг, зурагт худалдаж авсан баримт зэргийг өмгөөлөгчгүй байсан учраас нотлох гэх бүх баримтуудыг л гаргаж өгсөн. Дараа нь хуурамч гэх нотлох баримтуудыг үндэслээд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгэхэд би цагдаа дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад нь хэд хэдэн хүсэлт өгсөн. “Та нар сургууль дээр очиж багш, эцэг, эх нарыг байцаасан байсан. Эцэг, эхийн хуралд суусан 40 орчим хүмүүсийг бүгдээс нь мэдүүлэг аваад өгөөч ээ” гэж хүссэн. Улсын бүртгэлийн регистрийн дугаарыг уншигдахгүй байгааг олоод уншсан атлаа компанийн нэрийг нь тогтоогоод гаргаж өгөөгүй л байсан. Мөн миний гарын үсгийг шинжилгээнд авсан. Тухайн хүмүүсийн гарын үсгийг би хуурамчаар зурсан бол би ядаж тэрийг мэдэх ёстой. Гэтэл жижүүр багш нар, эсхүл хэн нэг багшаар зуруулсан баримтыг би мэдэхгүй шүү дээ. Тэр баримтуудыг сольсон гэдгийг шүүхэд шилжих үед нярав, нягтлан хоёр маань хүлээн зөвшөөрсөн байдаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Быг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-д тус тус зааснаар шүүгдэгч А.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид ... гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах... ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж тус тус заажээ.

Прокуророос шүүгдэгч А.Бын үйлдлийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр хуульчилж байсан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэг байна.

Тиймээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/373 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх яллах болон цагаатгах талын нотлох баримтуудад тодорхой, үндэслэл бүхий, нэг бүрчлэн, няцаасан болон дүгнэсэн хууль зүйн дүгнэлтүүдийг бүрэн гүйцэт өгөх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоосны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг анхааруулан дурдаж байна.  

Иймд прокурор Т.Жавхлантөгсийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/373 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.... зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/373 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ