Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 254

 

Р.Б, Р.Б нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Мөнхзул,

шүүгдэгч Р.Б,

шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

хохирогч Г.Батхишигийн өмгөөлөгч Я.Баярсайхан,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гантөмөр, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлоор Р.Б, Р.Б нарт холбогдох эрүүгийн 1805021840440 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................., 1979 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20/5 дугаар байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

2. ...................., 1966 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Баянгол дүүргийн нотариатч ажилтай, ам бүл 5, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11-1-23 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бусдыг хуурч иргэн Г.Батхишигийн эзэмшлийн 77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

Р.Б нь нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашины өмчлөгч Г.Батхишигийн өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөгчийг байхгүйд түүний иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж бусдын эд хөрөнгийн эрхэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Р.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Бямбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “..................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, баримт бичиг ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ........................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсаны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Р.Быг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д...............ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Бын 48 цаг баривчлагдсан хугацааны нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт 30.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялаас хасч, түүний эдлэх ялыг 9.970.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Б нь торгох ялыг 2 жилийн хугацаанд, Р.Б торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б, Р.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Р.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц 77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг Чингэлтэй дүүргийн 3 дуraap хороо, Төмөрчний 22-07 тоотод оршин суух Монгол овгийн Гомбосүрэнгийн Батхишиг /РД:ЧД48101161/-т олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Боос 70.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-нд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Б, Р.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч .............ын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын Р.Бд холбоотой хэсэгт гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь бодит нөхцөл байдал, болсон үйл явдал, түүнд хийсэн дүгнэлт, хуул хэрэглээний чиглэлээр гомдол гаргасан. 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр нотариатч Р.Б дээр Р.Б нь хадам ээж Батхишиг гэх эмэгтэй дагуулж очсон. Тухайн үед иргэний үнэмлэхээ хайгаад олохгүй байна гээд иргэний үнэмлэхний нотариатаар конандсан хувилбарыг барьсан ирсэн. Тэр үед иргэний үнэмлэх байхгүй бол иргэний үнэмлэхний лавлагааг аваад ир гээд явуулсан байдаг. Тэгээд хоёулаа гарч яваад 30 гаруй минутын дараа эргэж ирээд ТҮЦ машин ажиллахгүй байна, нөхөр эмнэлэгт хэвтсэн байгаа, нялх хүүхдүүдээ орхичихсон, хадам ээжийн бие тааруу дахин дахин нааш цаашаа явж чадахгүй байна, нотариатын үйлчилгээгээ авчихаад замаараа хурууны хээгээр лавлагаагаа авчирч өгье гэж хэлээд бэлэглэлийн гэрээг хийсэн талаар Р.Б, Р.Б нар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө удаа дараа тогтвортойгоор хэлсэн байдаг. Батхишиг гэх хүний гарын үсэг мөн үү, биш үү, тухайн үед ирсэн хүн Батхишиг мөн үү гэх талаар Р.Б хэрэг үүссэний дараа мэдүүлэг өгөхдөө яг хадам ээж Батхишиг биш байсан гэдэг талаар хэлдэг. Батхишиг гэх хүн гомдол гаргахдаа миний зөвшөөрөлгүйгээр энэ гэрээ, хэлцлээр автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байна гэдэг талаар гомдол гаргасан. Р.Б ч гэсэн энэ талаар мэдсэний дараагаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст “Р.Б намайг хуурч мэхлэн гэрээ хийсэн байна” гэдэг талаар гомдол гаргасан боловч тухайн гомдлыг цагдаагийн байгууллага ямар нэгэн шалгалт хийгээгүй. Мөн Батхишигийн гарын үсэг мөн үү гэдэг тал дээр ямар нэгэн шинжээч томилоогүй. Зөвхөн Р.Б, Батхишиг нарын мэдүүлэгт үндэслэж гэм буруутайд тооцон шүүх шийдвэр гаргасан. Тэгэхээр Р.Б нь тухайн нөхцөл байдалд Батхишиг гэх хүнийг өөрөө ирээд иргэний үнэмлэх нь олдохгүй байгаа учраас хурууны хээгээр лавлагаа аваад эргээд аваад ирье гэх үгэнд нь тухайн үед итгэж нотариатын үйлчилгээ үзүүлсэн байдаг. Нотариатчийн энэ үйлдэлд нь эрүүгийн гэмт хэргийн шинж байхгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, нотариатчийн хувьд ямар нэгэн байдлаар санаатайгаар нотариатын үйлчилгээг хийгээгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 56 дугаар зүйлд, хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хуулийн 39-60 дугаар зүйлд хэлцэл гэж юу болох, хэлцлийн төрөл ямар байх ёстой, ямар тохиолдолд энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх ёстой талаар тодорхой зааж өгсөн. Үүнд хуурч, мэхэлсэн, төөрөгдөлд орсны улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах боломж нь байгаа. Тэгэхээр яг энэ үндэслэлээр Р.Б нь удаа дараа гомдол гаргаж байсан. Прокурорын шатанд 2 ч удаа Р.Бд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгоход Батхишигийн зүгээс удаа дараа гомдол гаргаж Д.Бямбыг яллагдагчаар татуулсан. Дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэхгүйгээр шүүх шийдвэрлэсэн учир дутагдалтай. Эрүүгийн хуульд, Иргэний хуульд байхгүй заалт буюу хууль хэрэглээтэй холбоотой асуудал байна. Үүнийг цаашид Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах үндэслэл байна гэж хуульчийн хувьд харж байгаа. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчилсэн бол хариуцлага тооцохоор заасан. Гэтэл илт хууль бус хэлцэл гэж Иргэний хуульд байхгүй. Иргэний хуульд зөвхөн хүчин төгөлдөр хэлцэл үү, хүчин төгөлдөр бус хэлцэл үү, хүчин төгөлдөр бус хэлцэл бол ямар хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэх юм бэ гэдгийг тодорхой заасан байхад хэлцлийг тодорхойлж байгаа Иргэний хуульд байхгүй үг хэллэгээр Эрүүгийн хуульд зааж хариуцлага тооцохоор хуульчилсан байгаа нь хууль хэрэглээний хувьд Иргэний хуультай зөрчилдөж байгаа гэж үзэж байна. Нотариатчийн хувьд тухайн үед иргэн өөрөө байхгүй үед гэрчлээгүй. Тухайн иргэн нь өөрийнхөө иргэний үнэмлэх гээд конандсан хуулбар бариад явж байсан тул үүнд нь итгэсэн. Р.Б нь иргэний үнэмлэхний лавлагаагаа авчирч өгөөч гэж Р.Боос удаа дараа шаардаж байсан талаар Р.Б, Р.Б нар өөрсдөө мэдүүлсэн. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлаас харахад Д.Бямбын үйлдэлд санаатайгаар бэлэглэлийн гэрээг гэрчлээгүй юм. Өөрөөр хэлбэл, Р.Б болон Батхишиг гэж орж ирсэн хоёр хүний эргээд лавлагаагаа авчирч өгье гэсэн итгэлцэл дээр буюу Р.Бод тухайн үед хууртсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй Д.Бямбыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Иймд Д.Бямбыг гэм буруутайд тооцож ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, Р.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Р.Бын тухайд ч гэсэн бэлэглэлийн гэрээний дагуу нэр дээрээ шилжүүлээд дахин ломбарданд тавьсан байдаг. Гэхдээ Р.Бын анхны үйлдлийг харахад гэр бүлийн хэрэгцээнд авсан хэрэглээний зээлийн зарим хэсгийг дарсан байсан. Мөн гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан байсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр Р.Бод хариуцлага тооцсон нь эргэлзээтэй харагдаж байгаа. Хохирогч нар гэрээний дагуу өөрсдийнхөө хугацаа хэтэрсэн банкны зээлээ төлсөн байсан. Мөн өөрсдийн амьдарч байсан байрыг чөлөөлүүлж авсан байсан. Эдгээр зээлүүдийг Р.Б яаж төлөх вэ гэдгийг мэдэж байсан, авсан мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж, зарим хэсгээр нь өр зээлээ дарсан, хүүхдийн төлбөр зэрэгт өгсөн гэдгээ Р.Б хэлдэг. Үүнээс үзэхэд хохирогч нар өөрсдөө ч гэсэн энэ байдлыг мэдэж байсан. Энэ талаар мэдээгүй гэх үндэслэл ч байхгүй. Мөн автомашиныг ломбарданд тавиад авсан мөнгөө хамтран зарцуулсан байдлыг харахад энэ хэрэг эрүүгийн гэмт хэрэг мөн үү гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байх. Гэр бүлийн хоорондын маргаан дунд нотариатчийг чирсэн нөхцөл байдал харагддаг.” гэв.

 

Шүүгдэгч Р.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед Батхишигийг ирээгүй, мөн биш гэдгийг мэдээгүй. Миний хувьд одоо ч гэсэн би Батхишигийг ирсэн гэж боддог. Анхан шатны шүүх хуралдаанд Батхишиг ирээгүй гэж хэлсэн. Р.Б нь тухайн үед яг хадам ээжтэйгээ адилхан хүнийг дагуулаад очсон гэж тайлбарлаад байгаа. Энэ байдал нь нотлогдоогүй. Энэ асуудалд удаа дараа гомдол гаргасан боловч хэлэлцээгүй. Миний хувьд Р.Бтой санаатай хуйвалдаж энэ гэрээ хэлцлийг гэрчлээгүй. Эсвэл нэг тал нь огт байхгүй байхад Р.Быг гуйхад нь гэрчилсэн асуудал байхгүй.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Тайгын булаг авто ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны болоогүй гэж үзэж байна. Учир нь “Тайгын булаг авто” ХХК нь автомашин барьцаалж зээл олгодог газар юм. Тухайн байгууллагад миний автомашин гээд ирсэн. Энэ хүнтэй 3 дугаар сарын 2-ны өдөр гэрээ хийгээд 43.000.000 төгрөг, дахин 3 дугаар сарын 22-ны өдөр 16.000.000 төгрөгийг зээлсэн. Энэ зээлийн гэрээг байгуулахдаа хөдлөх эд хөрөнгө учраас фидуцийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр зээлийн үүргээ биелүүлж чадахгүй бол үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар өгнө гэх зохицуулалт байдаг учраас 3 дугаар сарын 2-ны өдөр өөрийн нэр дээр “Тайгын булаг авто” ХХК зохих ёсоор нь хандаж гэрчилгээг нь шилжүүлж авсан. Гэтэл прокурорын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол нь 4 дүгээр сарын 11-ний өдөр гарсан гэх боловч битүүмжлэх талаар энэ байгууллагад мэдэгдэхдээ 5 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. Тэгтэл тухайн автомашин байгууллагын нэр дээр 3 дугаар сарын 2-ны өдөр шилжсэн. “Тайгын булаг авто” ХХК-д шилжсэнээс хойш 2 сар гаруй хугацааны дараа ирсэн. “Тайгын булаг авто” ХХК үүний дагуу бүх холбогдох баримтуудаа гаргаж өгсөн. Гэтэл шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдад шилжсэн бол гэж заасан. Бусдад шилжсэн бол гэмт хэрэгтэн өөрөө хохирлоо төлнө гэсэн утгатай байна. Тэгэхээр анхан шатны шүүх бидний хийсэн энэ олон гэрээ хэлцлүүдийг хууль ёсны биш гэж дүгнээгүй. Тэгсэн атлаа манай автомашиныг өгөхгүй, өөр хүнд өгсөн. Энэ үйлдэл нь өөрөө хууль бус шийдвэр юм. Тийм учраас Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тайгын булаг авто” ХХК автомашиныг авах ёстой. Мөн энэ хэрэг эрүүгийн хэрэг биш байвал иргэний эрх зүйн хэлцэл адил хүчин төгөлдөр үлдэнэ. Жишээ нь, Батхишиг гэх хүн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр автомашин аваад 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр автомашины мөнгийг бүтэн төлж дуусах ёстой байсан. Гэтэл автомашиныхаа мөнгийг төлж чадаагүй. Энэ мөнгийг Сайн ломбардаас мөнгө аваад тухайн мөнгөөрөө 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зээлээ хаасан. Шүүгдэгч Р.Бын 3 хүүхэд нь Сант гэх сургуульд сурдаг. Энэ сургуулийн нэг хүүхдийн жилийн төлбөр нь 6.000.000 төгрөг байдаг. Дахиад нэг хүүхэд нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурдаг, төлбөр нь 2.000.000 төгрөг байдаг. Энэ бүх зардлыг Сайн ломбардаас авсан мөнгөөрөө төлж барагдуулсан. Мөн Р.Бын мэдүүлэгт “би нөхөр Амарсайхандаа хэлсэн. Амарсайхан нь ээжид битгий хэлээрэй, хоёулаа ингэе гэж хэлсэн” гэдэг. Энэ талаар Амарсайханаас асуусан зүйл огт байхгүй. Амарсайхан, Р.Б нар нь 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шүүхээр орж салсан байна. Энэ талаар баримт нь хавтас хэргийн 120 дугаар хуудсанд авагдсан байна. Энэ баримт дээр нэг зүйл миний анхаарлыг татсан. Жишээ нь, тухайн үед нэхэмжлэгч Р.Б 3 өрөө байраа авах, гэрээнд заагдсанаар өөрт ногдох эд хөрөнгө авах, хоёр зогсоолын өөрт ногдохоо авах, зуслангийн 2 давхар 7 өрөө байшингийн өөрт ногдох хувийг авах, “Тэди” буюу мобикомын ард барьсан барилгын өөрт ногдох хувийг авах гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч чамд 60 мк 2 өрөө байр, 15.000.000 төгрөг өгье, чи энэ нэхэмжлэлээсээ татгалз гэж хэлж, татгалзуулж байгаад хэргийг нь шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Р.Б нь энэ байрыг авч чадаагүй байгаа. 15.000.000 төгрөгийг өгье гэж хэлчихээд 14.500.000 төгрөгийг өгсөн. Гэтэл Р.Б нь гэрийнхээ тэр их зардлын сайн ломбардын мөнгөнөөс төлчихсөн байна. Ер нь шударга ёс гэж хаана байна. Миний хувьд хэргийн өнгө нь ийм байна гэдэг утгаар хэлж байна. Тэгэхээр энэ хэргийг иргэний хэрэг гэж үзвэл “Тайгын булаг авто” ХХК-тай байгуулсан иргэний хэлцэл хэвээрээ үлдэнэ, эрүүгийн хэрэг гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар “Тайгын булаг авто” ХХК-д автомашиныг өмчлүүлж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Тайгын булаг авто ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээтэй холбоотой асуудлаар “Тайгын булаг авто” ХХК Сайн ломбардаас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь, 2014 онд үйлдвэрлэгдсэн автомашин бөгөөд 2014 онд Монгол Улсад орж ирээд Амартүвшин болон Батхишиг нарын гэрээний дагуу шилжигдэж очсон. Түүнээс хойш 4 жилийн хугацаанд Амарсайхан, Р.Б нар гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэж байсан байдаг. Тэгэхээр зах зээлийн ханш нь орж ирсэн тухайн автомашин 180.0000.000 төгрөг орчим байдаг гэсэн. Тийм учраас энэ үнэлгээ илт үндэслэлгүйгээр өндөр дүнтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих зүйлийг анхан шатны шүүхээс бүрэн гүйцэд нотлоогүй. Учир нь, гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршгийг бүрэн гүйцэд тогтоох ёстой байсан. Гэтэл “Тайгын булаг авто” ХХК-д хохирогчоос 70.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хор уршгийг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Учир нь 70.000.000 төгрөгийн зээл авсан хүнээс “Тайгын булаг авто” ХХК өөрт олох ёстой байсан ашгаа шүүхээр шийдвэрлэж гаргуулж авах ёстой байсан. Анх “Тайгын булаг авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө 81.000.000 гаруй төгрөгийн хүү, алданги гэж тооцож байсан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хүү, алдангийн үнийн дүн нийлээд 107.000.000 төгрөгийн тооцоо гарч байгаа. Үүнийг шүүх нэг мөр шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Мөн нотариатч Р.Б гэх хүний талаар яригдсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бямбыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Р.Б гэх хүний үйлдлийн улмаас “Тайгын булаг авто” ХХК болон хохирогч Батхишиг нарт их хэмжээний хохирол бодитоор учирсан. Хэрвээ энэ илт хууль бус хэлцлийг гэрчлээгүй байсан бол гэмт хэрэг үйлдэгдэж “Тайгын булаг авто” ХХК, хохирогч нарт хор уршиг учрахгүй байсан. Илт  хууль бус хэлцэл гэдгийг сая тайлбарласан. Гэвч энэ хэрэгт иргэний үнэмлэхний хуулбараар энэ гэрээг гэрчилсэн. Тэгэхээр Нотариатын тухай хуульд зааснаар, хуулбараар аливаа гэрээ, хэлцлийг гэрчилж болохгүй. Энэ үйлдэл нь хууль бус үйлдэл. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан илт хууль бус гэрээ, хэлцлийг гэрчилсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байгаа. Энэ хэрэгт Батхишиг нь өөрөө ирсэн ч бай, ирээгүй ч бай ямар ч гэрээг хуулбараар гэрчилж болохгүй. Гэтэл аль аль тал нь би гуйж байгаад хийлгэсэн, би нотариатаар гэрчилсэн гэдэг. Энэ бол байж болохгүй зүйл гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан.  Гэхдээ иргэний нэхэмжлэгчид 70.000.000 төгрөгийн хохирол, хор уршгийг төл гэж шийдвэрлэсэн. Үүнд шударга ёсны зарчим алдагдаж байна гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч байгууллагын бодит хохирол, хор уршиг нь нийлээд 107.000.000 төгрөг байдаг. Гэтэл Р.Бын төлөх төлбөр нь торгох ялтайгаа нийлээд 80.000.000 төгрөг болж байгаа. Тийм учраас шударга ёсны зарчим алдагдаж байна гэж үзэж байна. Мөн 20.000 төгрөгийг хүнд өгөөд үүдэнд суулгаж байгаад бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж яриад байгаа. Өнөөдөр бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч нар гэрээ байгуулахад хамгийн гол оролцогч нь бэлэглэгч нь байдаг. Бэлэг хүлээн авагч нь нотариат дээр очоод бэлэглэгчийн өмнөөс яриад явах нь хэзээ ч үнэнд нийцэхгүй. Хэрэгт гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаантай байсан зүйл байгаа.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нар байгууллагын байр суурийг тодорхой тайлбарласан. Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Тайгын булаг авто” ХХК-ийн Сайн ломбардад ирж өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох автомашиныг барьцаалж зээл авсан тул иргэний эрх зүйн харилцаанд орсон. “Тайгын булаг авто” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан учир гэрээний дагуу тухайн эд хөрөнгөөр зээлийн гүйцэтгэлийг хангуулсан. Гэтэл прокурорын тогтоол гарч, цаашлаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хохирогчид өгөхөөр болсон. Манай байгууллага нь цэвэр ашгийн төлөө байгууллага бөгөөд эд хөрөнгө барьцаалж зээл өгч, үүний үр шимийг нь хүртдэг. Гэтэл иргэн Р.Б нь 70.000.000 төгрөгийг зээлээд өнөөдрийг хүртэл 364 хоног болсон байна. Бид энэ мөнгийг өөр хүнд зээлээд явсан бол илүү ашиг олоод явж байх байсан. Мөн манай байгууллага 500 гаруй ажилтантай. Энэ 70.000.000 төгрөгийн үр шимээр тухайн хүмүүсийн цалин хөлсийг нь өгдөг. Одоо юм болгон дээр ингээд хохирогчид автомашиныг нь өг гээд гэмт хэргийн замаар олдсон эд хөрөнгийг хурааж авах юм бол манай байгууллага яах вэ, цаашлаад бизнесийн байгууллага чөлөөтэй байх зарчим яах вэ гэх асуудал байна.” гэв.

 

Шүүгдэгч Р.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө нь Д.Бямбыг таньдаг байсан. Мөнгөө гээд найзаараа дамжуулаад танил болж байсан. Өмнө нь нотариатын үйлчилгээ авч байгаагүй. Д.Бямбын ажил дээр Батхишигтэй биш, танихгүй хүнтэй очсон. Би гуйгаад хамт орсон. Дагуулж орсон хүнээ танихгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой зүйл байхгүй. Зээл авсан байгууллагад хохирлоо хэзээ төлж барагдуулж эхлэх ёстой вэ гэдгийг шүүхээс тогтоож өгвөл өгөөд эхэлнэ. Гэхдээ би бүгдийг нь нэг дор өгч чадахгүй, хуваагаад өгнө. Би ломбарднаас авсан мөнгөө 9.000.000 төгрөгийг нь Хаан банкнаас автомашинаа чөлөөлөх гэж өгсөн. 50.000.000 төгрөгийг манай дүүгээс Амарсайхан, Батхишиг нар авч зээлдээ өгч байсан мөнгийг буцаагаад өгсөн. 10.000.000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээ, жижиг өр зээлдээ өгсөн. Энэ мөнгө яг тухайн үедээ өр, зээлдээ өгөөд л дууссан. Би хадам ээжээсээ өөр хүн дагуулж орсон учраас санаа зовоод үүдэнд суулгаж байсан. Тухайн үед Р.Б нотариатч ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагаа аваад ир гэсэн. Хадам ээж байхгүй байсан учир лавлагаа авах боломжгүй байсан тул “Р.Б эгчээ би танд яг өөрийнх нь иргэний үнэмлэхийг нь авч ирээд өгнө, та энэ гэрээг батлаад өгөөч” гэж гуйж байгаад батлуулсан.” гэв.

 

Хохирогч Г.Батхишигийн өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн талаас тусгайлан гаргасан гомдол байхгүй. Хэргийг анхан шатны шүүх хавтас хэргийн хүрээнд хянан хэлэлцээд гэм буруугийн асуудалд үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Гэхдээ нотариатч тухайн үед Нотариатын тухай хууль, нотариатын үйл ажиллагаа явуулах үйл ажиллагааны заавраа дагаж явсан бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан. Нотариатын тухай хуулийн 21.3 дугаар зүйлд “нотариатчийн үйл ажиллагаанд хуурамч баримт бичгийг гэрчлэх, баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэхийг хориглоно” гэж, мөн хуулийн 27.27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлчлүүлэгчийн хувийн байдлыг дараах баримт бичгийг үндэслэн тогтооно. Үүнд: 4.1.1-д “Иргэний үнэмлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулбараар гэрчлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тэгэхээр заавал журам, хуулийн дагуу нотариатын үйл ажиллагааг тухайн үед нь ёс журмаар нь явуулсан бол энэ үр дагавар гарахгүй байсан. Иргэний хуульд зааснаар хууль бус хэлцэл гэж хэлцэл хийх хүнийг байхгүй тохиолдолд өөр хүн төлөөлж, итгэмжлэлгүйгээр хэлцэл хийхийг хэлж байгаа. Тэгвэл энэ хэрэгт бэлэглэлийн гэрээ хийхэд бэлэглэгч гол этгээд болох Батхишиг байхгүй байхад өөр хүн дагуулж очоод бэлэглэлийн гэрээ байгуулж байгаа нь илт хууль бус хэлцэл болно. Гэтэл ийм хууль бус хэлцлийг Нотариатын тухай хуулийг зөрчиж бичиг баримтын хуулбарыг үндэслэж гэрчилж байна гэдэг нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэсэн үг юм.  Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хохирогч болон өмгөөлөгчийн хувьд өөрийн алдсан эд хөрөнгийг эргүүлж авах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа.” гэв.

 

Прокурор М.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Р.Б, Р.Б нарын үйлдлийг гэм буруутайд тооцсон. Энэ шийтгэх тогтоолд гомдол гаргасан. Р.Б нотариатч “би хууль бус үйлдэл хийгээгүй, намайг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцлоо, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх тайлбарыг гаргаж байна. Хавтас хэрэгт авагдсан материал болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б “би хүн дагуулж очоод 20.000 төгрөг өгөөд батлуулсан” гэдэг зүйл яригдсан. Одоо ч энэ талаараа тайлбарлаж байна. Гэтэл Нотариатын тухай хуульд итгэсэн, гуйлтаар гэрээ, хэлцлийг баталдаг гэх заалт  байхгүй. Хэрвээ дүрэм, журам зааврын дагуу нотариатч үйл ажиллагаа явуулсан бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан. Тийм учраас шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн 70.000.000 төгрөг, автомашины өмчлөгчийн асуудал яригдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол” гэж заасан. Тэгэхээр энэ нь хууль ёсны хэлцэл мөн үү, биш үү гэдэг асуудал тодорхойгүй, гомдол гаргаж хэлэлцэгдэж байгаа учир Батхишигийн эзэмшилд шилжсэн нь үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй. Хууль ёсны өмчлөгчийн хувьд хавтас хэрэгт авагдсан баримтуудад Батхишигийн өмчлөл болох нь батлагдсан. Тийм учраас анхан шатны шүүх хохирогч Батхишигт олгож шийдвэрлэсэн. Мөн Р.Боос 70.000.000 төгрөгийг гаргуулан “Тайгын булаг авто” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бусдыг хуурч, иргэн Г.Батхишигийн эзэмшлийн 77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглан түүнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Г.Батхишигийн “...машинаа өөрийн нэр дээр болгох гэхэд Баярт-Од нь “би хөөцөлдөөд таны нэр дээр болгоод өгье” гэж хэлээд авсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус 77-87 УНЛ улсын дугаартай машиныг миний нэр дээр бичиг баримтыг шилжүүлээд мөн тухайн өдрөө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Гурванбилэг их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг Р.Б гэх нотариатаар Батхишигээс Баярт-Одод автомашины шилжүүлэх бэлэглэлийн гэрээ байгуулж, тэр гэрээгээр авто тээврийн үндэсний төвд дахин хандаж 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Тус өдөр болох 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 77-87 УНЛ улсын дугаартай автомашиныг “Тайгын булаг” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсныг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мэдэж цагдаад хандсан.” /1хх-7-8/,

иргэний нэхэмжлэгч Б.Гантөмөрийн “...2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 77-87 УНЛ улсын дугаартай JTMHV05JX04141110 арал дугаартай, саарал өнгийн “Тоёота Ланд-Круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг 09800276 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээгээр манай байгууллагын нэр дээр шилжүүлэн 43 сая төгрөгийг 3.5% хүүтэй нэг жилийн хугацаатай, барьцаа автомашиныг унаж явах нөхцөлтэйгээр авсан. Мөн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баярт-Одын манай байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу дээрх барьцаа автомашиныг зогсоолд байршуулан 09800276 зээл болон фидуцийн гэрээг өөрчлөн 70 сая төгрөгийг 3% хүүтэй, нэг сарын хугацаатайгаар дахин 098360 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан.” /1хх-73/,

гэрч Ц.Амартүвшингийн “...2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баярт-Од над руу утсаар залгаад “машины чинь үлдэгдэл мөнгийг чинь төлчихлөө, таныг банкин дээр хүрээд ир гэж байна” гээд олон удаа утсаар ярьсан. Би тухайн үед итгээгүй юм. Тэгсэн чинь Хаан банкны теллер над руу залгаад “зээлийг чинь төлж дууссан байна, ирж бичиг баримтаа чөлөөлж ав” гэж хэлэхээр нь Баярт-Одод итгэсэн. Баярт-Од ээжийн нэр дээр шилжүүлье гээд надаас барьцаа хөрөнгө чөлөөлөх бичиг, байрны ордер, Хаан банкнаас гаргаж өгсөн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх гэсэн 3 албан бичгийг авсан. Тэгэхээр нь “ээж Батхишигийг аваад явна биз дээ” гэхэд “тэгнэ” гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр манай дүү над руу залгаад Баярт-Одыг ломбарданд машин тавьсан талаар хэлсэн.” /1хх-93-94/,

шүүгдэгч Р.Бын яллагдагчаар өгсөн “...Хаан банкны зээлийн данс руу 17.970.000 төгрөгийг шилжүүлсэн. Хаан банкны зээлийн эдийн засагч нь намайг мэддэг учраас Амартүвшингийн машины зээлийн дансыг өгсөн. Хаан банк мөнгийг хийхээр автоматаар татаад авдаг учир машин суллах бичгийг зээлийн дансны эзэн болох Амартүвшинд өгсөн гэсэн. Тэгэхээр нь Амартүвшинг утсаар дуудаад “та ирээд машины бичиг баримт аваад өг” гэхэд Амартүвшин Хаан банкны тооцооны төвд ирсэн. Тэндээс Амартүвшин Нархан хотхоны байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Хаан банкнаас автомашины зээл бүрэн төлөгдсөн гэсэн бичгийг авсан. Тэгэхээр нь би өөрийн эд зүйлсийг Амартүвшингээс авснаа Амарсайханд хэлэхэд “ээжид мэдэгдмээргүй байна, ээжийг оролцуулахгүйгээр зээл авмаар байна” гэсэн. “Сайн” ломбарднаас зээл авсны дараа зээл олгодог хүнд 20 сая төгрөг өгсөн.” /1хх-112-113/ гэх мэдүүлгүүд, автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-17-20/, нотариатийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар /1хх-45-46/, бэлэглэлийн гэрээний хуулбар /1хх-47/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-51/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /1хх-53-54/, зээлийн гэрээний хуулбар /1хх-58-59/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар /1хх-60-61/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-76-81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд Р.Быг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч харин хохирлын хэмжээг тодорхой заагаагүй байна. Хэрэгт авагдсан автомашиныг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-76-81/, шүүгдэгч Р.Быг яллагдагчаар татсан тогтоол, прокурорын яллах дүгнэлтэд 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн байх бөгөөд шүүгдэгч Р.Б нь 140.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоноо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдсэн, улмаар энэ талаараа мэдүүлэг өгчээ.

 

            Р.Б нь “би хөөцөлдөөд таны нэр дээр болгоод өгье” гэж Г.Батхишигээс 7787 УНЛ дугаартай Ланд круйзер машины бичиг баримтыг авч, улмаар Г.Батхишигийн оронд өөр хүн дагуулан очиж, иргэний үнэмлэхний хуулбарыг ашиглан нотариатч Д.Бямбыг төөрөгдөлд оруулан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Р.Бын хуурч, баримт бичиг ашиглан Г.Батхишигийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Б нь 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх байх бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирчээ.

Харин шүүгдэгч Д.Бямбыг нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа илт хууль бус гэрээг гэрчлэн баталж бусдын эд хөрөнгийн эрхэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нотариатын үйл ажиллагаа явуулж буй этгээд нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.2-д “нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах” гэж зааснаас үзэхэд гэрээ байгуулж байгаа хоёр талыг биечлэн байлцуулж, холбогдох албан ёсны баримт бичгийг шалгаж, түүнд үндэслэн гэрээг батлахаар хуульчилжээ.

2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Р.Б нь Г.Батхишигийн оронд түүнтэй төстэй өөр хүн дагуулан орж, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг үзүүлэн нотариатч Р.Багаар автомашин бэлэглэх бэлэглэлийн гэрээг батлуулах хүсэлт гаргаж, улмаар нотариатч Р.Б нь холбогдох баримт бичигт үндэслэн нотариатын бүртгэлийн дэвтэрт гэрээг бүртгэж, автомашин бэлэглэх бэлэглэлийн гэрээг баталжээ.

Тэрээр гэрээг батлахдаа холбогдох баримт бичгийг шалгаж, Г.Батхишигийн иргэний үнэмлэхийн лавлагааг авч ирэхийг шаардсан зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд түүнийг илт хууль бус гэрээг гэрчлэн баталсан гэж шууд үзэх боломжгүй байх ба харин эрхлэн явуулж байгаа үйл ажиллагаандаа хайнга, хайхрамжгүй хандсан шинжтэй алдаа гаргасан байх тул түүний энэхүү үйлдлийг түүнд ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан Г.Батхишиг гэсэн гарын үсэг хуурамч эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй боловч Г.Батхишиг нотариатын газар очиж, гэрээнд гарын үсэг зураагүй болох нь түүний өөрийх нь болон шүүгдэгч Р.Бын мэдүүлгээр тус тус тогтоогдсон, илт хууль бус гэрээг гэрчлэн баталсан гэсэн үйлдлийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, түүнд холбогдох үйл баримтыг тал бүрээс нь шалгаж, хэргийн бодит байдлыг нотлох бүх арга хэмжээг авсан боловч гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж байхаар хуульчлагдсаныг үндэслэн түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Тайгын булаг авто” ХХК нь Р.Бтой баримт бичгийн хувьд ямарч зөрчилгүй бэлэглэлийн гэрээг үндэслэн Барьцаат зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ.” гэж, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.” гэж тус тус заасныг үндэслэн 77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг “Тайгын булаг авто” ХХК-нд олгож, уг машиныг худалдан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг Р.Бын хохирогч Г.Батхишигт төлөх төлбөрт тооцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг үндэслэн барьцаалагдсан хөрөнгө болох 77-87 УНЛ улсын дугаартай автомашиныг “Тайгын булаг авто” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар тухайн /эд зүйлийн үнэлгээг үндэслэн/ автомашины үнэ 140.000.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Р.Боос гаргуулж хохирогч Г.Батхишигт олгох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 4, 5 дахь заалтын Р.Бд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц 77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг Чингэлтэй дүүргийн 3 дуraap хороо, Төмөрчний 22-07 тоотод оршин суух Монгол овгийн Гомбосүрэнгийн Батхишиг /РД:ЧД48101161/-т олгосугай.” гэснийг “77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар 81.171.250 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 77-87 УНЛ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг “Тайгын булаг авто” ХХК-нд шилжүүлж, уг машиныг худалдан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг Р.Бын Г.Батхишигт төлөх төлбөрт тооцуулсугай.” гэж,

8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Боос 70.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-нд олгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Боос 140.000.000 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн 3 дуraap хороо, Төмөрчний 22-07 тоотод оршин суух Монгол овгийн Гомбосүрэнгийн Батхишиг /РД:ЧД48101161/-т олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Р.Бод холбогдох бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авсныг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                     Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                     Д.МЯГМАРЖАВ