Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 183

 

Н.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00994

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг  даргалж, шүүгч  С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Н.Л-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Ж.А-, Г.О- нарт холбогдох

          “Ажлын хөлс 10.150.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

          Нэхэмжлэгч Н.Л-, өмгөөлөгч Б.Цэдэндамбаа  нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Л-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Л-аас:

“Алтан” салоны эзэн Ж.А- түүний нөхөр Г.О- нартай харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл 10 сарын турш тавилга, эд зүйл хийж өгсөн. Тухайн үед 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5.000.000 төгрөг урьдчилгаа гэж өгсөн үлдэгдлийг ажлаа бүрэн хийсний дараа 5.150.000 төгрөгийг авахаар амаар тохиролцсон. Гэтэл Ж.А-ийн нөхөр Г.О- надаас 5.000.000 төгрөгийг шүүхээр явж буцааж авсан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Алтан” салонд тохижилт хийсэн тухайгаа нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна гэж заасан. Иймд “Алтан” салонд хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10.150.000 төгрөгийг хариуцагч Ж.А-, Г.О- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.А-, Г.О- нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нараас:

2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Н.Л- нь машины хэрэгцээ байна зохих хувийн хүүтэй нь өгье гэж гуйж ирсэн. 5.000.000 төгрөг зээлж Н.Л- нь гарын үсгээ зураад түүнд мөнгө зээлдүүлсэн. Үүнтэй холбоотой 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийдвэр гарсан.  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд дээр Н.Л- ярихдаа үсчний салоны тавилгыг хийж өгсөн. 5.000.000 төгрөгөнд бүх тавилгыг хийхээр тохирсон. Ж.А- гэдэг хүн эд зүйл хийлгээд мөнгөө төлөөгүй, төлбөрт нь миний эхнэр, хүүхэд үсээ засуулж байсан гэж ярьж байна. Гэтэл одоо гаргасан нэхэмжлэлдээ 10.150.000 төгрөгийн эд зүйл, тавилга хийж өгсөн. 5.000.000 төгрөгийг урьдчилгаанд нь авсан гэж бичсэн байна. Н.Л- нь дур зоргоороо худлаа ярьж байгаа нь биднийг гүтгэж байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Алтан” салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан. Гуйхаар нь түүнд 5.000.000 төгрөг зээлж байсан.  Н.Л- нь хийж өгч буй тавилгынхаа мөнгийг аваагүй юм бол надаас 5.000.000 төгрөгийг зээлдэв гэж бичиж өгөх үү. “Алтан” салон Очирзангийнхан гэсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй. Иргэн Н.Л-аар тавилга хийлгэж  байсан. Төлөх төлбөргүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Л-ын хариуцагч Ж.А-, Г.О- нараас 10.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 61.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 177.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Л- түүний өмгөөлөгч Н.Ц- нар давж заалдсан гомдолдоо:

Иргэн Н.Л-аар тавилга хийлгэж байсан төлөх төлбөргүй болно гэж хариуцагч тайлбар өгч байсан ба тухайн шүүх хурал дээр “Алтан” салон үсчний тавилга хийлгэж авсан талаар маргаан байхгүй. Харин төлбөр гэх 10.150.000 төгрөгийг тухай бүрд нь өгч байсан гэжээ. Хариуцагч Ж.А-, Г.О- нар нь нэхэмжлэлийн шаардлага 10.150.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Алтан салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан төлөх төлбөргүй гэж маргаж байгаа. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, алын үр дүнг хүлээлгэж өгөх үед ажлын хөлс төлнө гэснээр хариуцагч Ж.А-, Г.О- нарт ажлын үр дүн хүлээлгэж өгсөн баримтгүй тул ажлын хөлс шаардах эрхгүй байна гэж шүүх үзсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж  үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шүүх хуралд мэтгэлцсэн зарчмаас харахад нэхэмжлэгч Н.Л-, хариуцагч Ж.А-, Г.О- нь “Алтан” салоны гоо сайханы үйлчилгээний тавилга, эд зүйл, хийлгэж авсан талаар маргаан байхгүй  харин нэхэмжлэлийн 10.150.000 төгрөгийг хариуцагч мөнгийг бүрэн төлсөн, төлөх төлбөргүй гэж маргаж байгаа болно гэснээс харахад нэхэмжлэгч талуудын хооронд эд зүйл хийлгэж авсан талаар маргаангүй зөвхөн үнийн дүн 10.150.000 төгрөгийг тухайн үед нь төлж байсан гэж маргаж байхад шүүх маргааныг анхаарахгүйгээр нэг талыг барьж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал 10 хуудас нотлох баримт өгснийг шүүх дутуу  үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1131 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Л- хариуцагч Ж.А-, Г.О- нарт холбогдуулж гүйцэтгэсэн ажлын хөлс 10.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчид нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг тухай бүр төлж байсан тул нэхэмжлэгч Э.Л-д төлөх төлбөргүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Л-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлийн талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Болсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Л- хувиараа мужааны ажил эрхэлдэг бөгөөд 2015 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцагч Ж.А-, Г.О- нарын эзэмшлийн Дархан сумын 10 дугаар багт байрлах “Алтан” гоо сайхны салоныг тохижуулж, 20 гаруй нэр төрлийн эд зүйл хийж өгсөн тул түүнд зарцуулсан нийт зардал, материалын үнэ, ажлын хөлсийг тооцож, нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ж.А-, Г.О- нар нэхэмжлэгч Э.Л-ын хийж гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй ба ажлын хөлсийг хийж гүйцэтгэсэн тухай бүрт нь өгч байсан гэж шүүхэд тайлбар гаргажээ. 

Талуудын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй тул “Алтан” салоныг тохижуулах  ажил, үйлчилгээг хэний зардлаар, ямар хугацаанд, хэдий хэмжээний өртөг зардлаар гүйцэтгэж, ажлын хөлсийг ямар хэлбэрээр төлөх зэрэг гол нөхцлүүд тодорхойгүйгээс нэхэмжлэгч Н.Л-ын нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Л- нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэ үүргээ өөрөө биелүүлээгүй байна.

Хэргийн 65-68 дугаар талд авагдсан 10 ширхэг “Зарлагын баримт”-ууд нь зарлага гаргаж буй байгууллагын нэр хаяггүй, худалдан авагчийн нэргүй, хүлээн авсан гарын үсэггүй, зарим баримт нь худалдан авагчийн өөр өөр нэртэй байх тул энэ маргаанд холбогдох нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Н.Л- болон түүний өмгөөлөгчийн нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Нэхэмжлэгч Н.Л- болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

          2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Л-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ОЮУНЦЭЦЭГ  

                                         ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                          Л.АМАРСАНАА