Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02705

 

 

 

 

 

2018 оны 9 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02705

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, 16 дугаар байрны 80 тоотод оршин суух, Боржигин овогт А.Н нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, СВД-3-15 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар байрны 76 тоот хаягт оршин суух, Боржигин овогт А.А,

            Хариуцагч: Банягол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, 16 дугаар байрны 80 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 426 дугаар байрны 36 тоотод оршин суух, Улаан ганин овогт П.Б нарт холбогдох,

            А.Нгаас А.Аийн нэр дээр 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н мөн болохыг тогтоолгох,

            А.А, П.Б нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр автомашиныг гаргуулах; А.Аээс 176,522,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ичинхорлоо, Г.Урантогос, хариуцагч нарын өмгөөлөгч А.Зүмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашиныг 2011 онд, 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK маркийн автомашиныг 2012 онд тус тус БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авч, зохих журмын дагуу улсын дугаар аван тээвэрт явуулдаг байсан. Миний төрсөн дүү А.А тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд, би түүнийг 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 43-52 УНО улсын дугаартай автомашины жолоочоор ажиллуулж эхэлсэн. А.А нь тээврийн ажил хийж, тээвэрлэлтийн хөлсийг өөрийн дансаар авч, өөрийнхөө цалин болон миний зээлийн мөнгийг суутган авч, үлдэгдэл мөнгийг надад тайлагнан өгч байхаар тохиролцон ажиллаж байсан. 2013 онд би ХААН болон Төрийн банкинд зээлтэй байсан учир өөрийн хоёр машины аль нэгийг худалдан борлуулж, зээлээ төлөх гэтэл дүү А.А нь “...хамаатны ах П.Баас хүүгүйгээр 50,000,000 төгрөгийг зээлчихье, тэгээд зээлээ төлчих, машинаа заавал зарах хэрэггүй...” гэсний дагуу П.Баас 50,000,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг миний талийгаач эхнэр данснаас авч, захиран зарцуулсан байдаг. 2014 онд би П.Баас 20,000,000 төгрөг зээлсэн боловч банкны зээл бүтээгүй. Гэтэл дүү А.А нь П.Бтай үгсэн тохиролцож 2 ширхэг автомашиныг минь үндэслэлгүйгээр П.Бын нэр дээр шилжүүлэн өгсөн. Өнгөрсөн хугацаанд дүү А.А нь тээвэрт явсан ажлын хөлснөөс 31,520,000 төгрөгийг, харин миний зүгээс 24,000,000 төгрөгийг, нийтдээ 55,520,000 төгрөгийг П.Бад өгч, 14,480,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байхад барьцаа гэх нэрийдлээр 2 автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан явдлыг хууль бус явдал хэмээн үзэж байна. Учир нь миний нэрээр зээлсэн гэх 70,000,000 төгрөгийг анх П.Баас авахдаа талуудын хооронд ямар нэгэн зээлийн болоод барьцааны гэрээ хийгдээгүй. Иймд А.Нгаас А.Аийн нэр дээр 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай HOWO LZZ3257 маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н мөн болохыг тогтоолгож, А.А, П.Б нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр машиныг гаргуулж өгнө үү.

Түүнчлэн, миний бие банкны зээлийн эрсдлээс шалтгаалан өөрийн хоёр автомашинаа төрсөн дүү А.Аэд итгэмжлэн шилжүүлсэн уг хөрөнгүүдийг П.Бад шилжүүлж, миний ашиг сонирхолд харш үйлдэл явуулж, улмаар А.А нь машинуудыг ашиглаж надтай байгуулсан хөлсөөр ажиллах үүргээ зөрчиж, надад шилжүүлбэл зохих орлогоос А.Аийн завшсан 176,522,400 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Үүнийгээ төлбөрийн баримтуудтай тулгаад 12,122,400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.Аээс 164,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилсөн. “Амарбаяжих эрдэнэс” ХХК-ийн захирал н.Базарсадаас 10,000,000 төгрөг, дараа нь 14,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг төлсөн. Тухайн үед машинуудыг шилжүүлэхэд би Хаан болон Төрийн банкинд маш их хэмжээний зээлтэй байсан учир машинаа банкинд хураалгах эрсдлээс айж дүүдээ түр хугацаагаар банкны өр дарж дуустал шилжүүлсэн. Иргэний үнэмлэхгүй гээд шилжүүлсэн зүйл байхгүй. Төрийн банкинд 23,000,000 гаруй төгрөг, Хаан банкинд 7,000,000-8,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урантогос, Д.Ичинхорлоо нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

А.Н нь А.Атэй 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож автомашинаа А.Аийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ хэлцэл дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. А.Н нь Хаан болон Төрийн банкинд зээлтэй байсан. Зээлийн төлбөрөө төлөх боломжгүй байдалд хүрж амьдралаа залгуулдаг 2 автомашинаа банкны зээлэнд алдахгүйн тулд дүү А.Аэд итгэж автомашинаа шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Мөн хэрэгт авагдсан Төрийн болон Хаан банкны зээлийн дансны тодорхойлолтоор зээлтэй байсан, эхнэр нас барахад их хэмжээний зээл гарч ирсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас энэ байдлыг зайлуулахын тулд дүүдээ итгэж дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэдэг нь тогтоогдож байна. П.Баас зээлсэн 70,000,000 төгрөгийн хувьд 2013 он.ы 9 дүгээр сард 50,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сард 20,000,000 төгрөгийг тус тус хүүгүйгээр зээлсэн байдаг. А.Аийн данснаас төлөлт хийж байсан нь тухайн зээлийг эргүүлэн төлж байсан гэдэг нь тодорхой харагддаг. Энэ дансны хуулгаас харахад 18,900,000 төгрөгийг н.Базарсадаас, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 28,900,000 төгрөгийг төлсөн. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сар хүртэл Хаан банкны дансны хуулгаар 9,500,000 төгрөгийг А.А П.Б руу зээлийн төлбөр гэж шилжүүлсэн. А.А нь П.Бад машин шилжүүлснээс хойш 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 5,500,000 төгрөг төлсөн. 70,000,000 төгрөгөөс нийт 57,900,000 төгрөгийг төлсөн. Автомашиныг өрөндөө шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан дансны хуулгуудаар зээлийн эргэн төлөлтийг төлж байсан нь харагдах тул цаг хугацааны хувьд үгүйсгэгдэж байна. Машины өмчлөгчийн тухайд Гаалийн ерөнхий газрын лавлагаагаар нэг автомашин нь А.Нгийн, нөгөө нь “Болор хорго” ХХК-ийн нэр дээр орж ирсэн. Хуулийн этгээдийн нэр дээрээс ямар шалтгаанаар А.Нгийн нэр дээр шилжсэн гэдэг нь гэрч Н.Энхболорын мэдүүлгээр тогтоогдоно. Иймд Иргэний хуулийн 106.1-д зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс автомашинаа шаардаж байгаа.

П.Б нь А.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 4 хоногийн дараа хүргэн ах н.Батбаатар руу машиныг шилжүүлсэн. Энэ талаар тодруулахаар н.Батбаатартай утсаар ярихад “би автомашин аваагүй, нэр шилжсэнийг мэдэхгүй байна” гэж хариулсан. Маргааны зүйлийг өөрсдөөсөө холдуулж цувчуулах үйл ажиллагаа хийсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд А.Н өөрийн төрсөн дүү А.Аийг жолоочоор ажиллуулж, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр орлоготой байх үедээ хөлс өгч байхаар харилцсан тохиролцсон. Уул уурхайн салбарын том машины жолоочийн жишгээр 10-15 хувиар цалинжуулахаар тохиролцсон. А.А нь банкнаас зээл авах үүднээс тээврийн орлогыг өөрийн дансаар авч, дараа түүх бүрдүүлэн зээл авахад хэрэгтэй байдаг гэж гуйсны эцэст тээврийн орлогыг 2011 оноос хойш түүний нэр дээрх Хаан банкны 5029858278 тоот дансаар авдаг байсан. Мөн тээврийн орлогоос П.Бад зээлийн эргэн төлөлтийг төлж байна гээд зохих ёстой хөлсийг өгөөгүй байдаг. А.А нь 2011-2018 оны 4 дүгээр сар хүртэл уг өөрийн Хаан банкны дансаар 367,027,700 төгрөгийн тээврийн орлогыг авсан. Дээрх орлогоос түлшний зардал 133,734,600 төгрөгийг хасахад түүний ажлын хөлс 34,993,000 төгрөг, П.Бын зээлийн эргэн төлөлтөд 33,900,000 төгрөгийг төлсөн. Эдгээр зардлуудыг хасвал А.А нь тээврийн орлогод 164,000,000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч огт өгөөгүй байдаг. Дансны хуулгаас харахад автомашины засвар үйлчилгээ болон сэлбэгэнд мөнгө зарцуулаагүй харагддаг. Ийнхүү тээврийн орлогоос их хэмжээний мөнгө завшсан учраас Иргэний хуулийн 492.3, 493.1, 493.2, 495.6, 106.1, 106.2-т заасныг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч А.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний төрсөн ах А.Н нь 2011 онд “автомашин авсан, ирж бариарай. Энэ машины өрийг дараач өгөөчээ” гэж хүссэний дагуу би машиныг нь барьсан. 2012 онд дахин HOWO маркийн машин авч, хамтдаа тээвэрт явж байгаад төлөхөөр тохиролцож авсан. Надад цалин өгнө гэж гэрээ байгуулаагүй. Тээвэрт явж байх хугацаанд А.Н банкны өр нэхэгдээд байна гэхээр нь би П.Бтай зуучилж өгсөн. Тэд хоорондоо утсаар ярьж байгаад А.Н нь П.Баас 50,000,000 төгрөг зээлж авсан. Түүнээс би аваад өгье гэж зээлж өгөөгүй. П.Б ах манай аавын бага дүү юм. Дээрх явдлын дараа 2014 онд А.Н ахын эхнэр нь өнгөрсөн. Тэр П.Баас нэмж 20,000,000 төгрөгийг зээлсэн. Би тогтмол тээвэрт явж, банкны зээлийг нь төлдөг байсан. Тээвэрлэлтийн хөлс, тооцоог миний данс руу хийж, зарим мөнгийг нь А.Нгийн данс руу шилжүүлдэг байсан. Автомашины засвар үйлчилгээ, дугуй зэрэгт мөнгөө зарцуулдаг. П.Б ах зээлсэн мөнгөө нэхэхэд зээлийн үлдэгдэл төлбөртөө дээрх 2 автомашиныг шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр П.Б ах иргэний үнэмлэхгүй явж байсан тул миний нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. П.Б, А.Н хоёр мөнгөн дээрээ тохиролцож чадахгүй байх шиг байсан. Би тухайн үед ахын эхнэр энд тэнд өртэй гэхээр нь хадмуудаасаа 10,000,000 гаруй төгрөг зээлүүлсэн. Байр сав, хүмүүсийн өрийг нь дарж өгч байсан. Өөрийн гэсэн орон гэр байхгүй, хадмындаа амьдарч байгаа. Хаан банкны өртэй гэхээр нь би банкнаас зээл авч өгч байсан. Түүнээс би А.Нгийн хэлснээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Би цалин гэж авдаггүй байсан. Тээврийн хөлс орж ирэхэд зээл рүү нь шилжүүлдэг байсан. 2 машины тээврийн орлогыг миний Хаан банкны дансаар авдаг байсан ч өөр хүмүүсийн тээврийн хөлс мөн орж ирдэг байсан. Учир нь би 2014, 2015 он хүртэл зун хүмүүс ажил байна уу гэхээр би дагуулж тээвэрт явдаг байсан. Тэр хүмүүсийн тээврийн хөлс бөөндөө ороод ирдэг, би машины эзэн бүрт нь тарааж өгдөг байсан. Би А.Нгийн банкны зээлүүдийг нь сар бүр төлдөг байсан. Маргаан бүхий 2 машины өмчлөлийг дараа нь П.Бын нэр дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоо би 43-52 УНО дугаартай машиныг ашиглаж байгаа. Энэ машин Хас банкны барьцаанд байгаа гэв.

Хариуцагч П.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

А.Н нь надаас 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд удаа дараа худал хэлж, нилээдгүй хугацаа өнгөрсний эцэст маргаан бүхий дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би иргэний үнэмлэхгүй явж байсан тул өөрийн дүү А.Аийн нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Тухайн үед сайн дураараа, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцсон асуудлыг 3 жилийн дараа гэнэт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий 2 машины өмчлөл нэг нь иргэн А.Аийн нэр дээр, нөгөө нь гуравдагч этгээдэд зарагдсан байгаа тул нэхэмжлэгч А.Н өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байхаас гадна өмч хууль ёсны дагуу өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А.Нгаас А.Аэд 2 автомашин шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ нэхэмжлэгч тал дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлалаа. Тухайн үед А.Нгийн эхнэр өнгөрч, банкны өр төлбөр ихтэй байсан. П.Б нь зээлсэн мөнгөө авъя гээд шахаж шаардсаны хүрээнд А.Н, А.А нарын хамт 3-уулаа явж машинуудыг шилжүүлсэн байгаа. Үнэхээр нэхэмжлэгчийн ярьсан шиг банк зээлийн төлбөртөө авомашиныг авахаас сэргийлж А.Аийн нэр дээр шилжүүлэхэд П.Б шилжүүлэгчийн мэдүүлгийг бичих ямар ч шаардлагагүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл биш. Харин зээлсэн мөнгөний оронд автомашиныг шилжүүлсэн харагдаж байна. 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зөвхөн 10,000,000 төгрөгийн төлөлт хийгдсэн. 2015 онд н.Базарсадаас 14,000,000 төгрөг баримтаар шилжүүлсэн. Талууд хоорондоо автомашиныг өр төлбөртөө шилжүүлье гээд, П.Б үнэмлэхгүй байхаар нь А.А А.Н нарын хооронд ямар ч харилцаа үүсээгүй байхад А.Аийн нэр дээр машинуудыг шилжүүлсэн. Автомашины эзэмших эрх шилжүүлснээр нэхэмжлэгч нь А.Аэд өөр этгээдэд шилжүүлэх боломжийг нээж өгч байгаа учраас энэ эрсдлийг тооцоолж байсан. Хажууд нь П.Б байсан гэдгийг сая хэллээ. Тэгэхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зориулж шилжүүлсэн байна. Өөр хүний нэр дээр шилжүүлэхээр энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй. Дүр үзүүлэн хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Автомашинуудын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд 2018 оны Авто тээврийн газраас авсан лавлагаагаар тэдгээр автомашинуудын өмчлөгч нь хариуцагч этгээдүүд биш байгаа. Шинэ өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөхгүйгээр энд хэргийг шийдвэрлэх боломж байхгүй. Эндээс хариуцагчаар татагдвал зохих этгээдүүд нь П.Б, А.А нар мөн үү гэдэг асуудал үүсч байна. Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг шилжүүлэхдээ сайн дурын үндсэн дээр бусдад шилжүүлэх эрсдлийг тооцсоны үндсэн дээр шилжүүлнэ үү гэхээс “надаас зөвшөөрөл аваагүй” гэж тайлбарлах нь эрх зүйн үр дагавар үүсэх үндэслэлгүй байна. Тиймээс өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь 3 дахь шаардлага болох эзэмшил, ашиглалтаас гаргуулах шаардлагатай адил хангагдахааргүй байна. Автомашинуудыг хариуцагч нарын эзэмшлээс гаргая гэхэд өөр бусдын нэр дээр байгаа учир гаргуулах боломжгүй. Шүүхийн шийдвэр үр дагавар үүсгэдэг учир биелэгдэхгүй байдал үүсч байна. А.Аээс 164,000,000 төгрөгийг 2011 оноос автомашинд засвар үйлчилгээ хийлгүүлэх байсан мөнгийг шамшигдуулсан гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж байна. Эд хөрөнгө завшсан, үрэгдүүлсэн гэж байгаа бол эрүүгийн журмаар шалгадаг гэмт хэрэг. Энэ гэмт хэргээр тодорхойлогдсон зүйлийг иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй, хэргийн харъяалал зөрчигдөнө. А.А нь машин унаж тээвэрт явж, зээлийн төлбөрийг төлж, цалин хөлсгүй ажиллаж байсан гэж тайлбарладаг. Энэ хүртэлх хугацаанд автомашинуудын эд зүйл, дугуй нь хагардаггүй хэрэг үү? Мөнгийг өөр зүйлд зарцуулсан гэж байгаа нь юугаар нотлогдож байгаа вэ? 164,000,000 төгрөгийн тооцооллыг гаргахдаа нэхэмжлэгч тал хийсвэр байдлаар гаргасан байна. А.Аийн хэдэн километр зам туулсан, хэдэн төгрөгийн ашигтай ажилласан талаар шууд нотолсон баримт байхгүй, дам байдлаар, дансны хуулга харж байгаад л тооцоо хийсэн байдаг. Дансны хуулгаар шилжүүлсэн мөнгө болгон автомашины төлбөр гэдгийг нотолж байна уу, эсвэл энэ хүмүүсийн хооронд өр төлбөрийн асуудал байсан юм уу гэдгийг нотолж өгөөгүй. Хийсвэрээр тооцоо хийгээд, түүнийхээ дагуу нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

            Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч А.А, П.Б нарт холбогдуулан 83-86 УНБ, 43-52 УНО улсын дугаартай автомашинуудыг 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.Аэд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг автомашинуудын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс автомашинуудыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн, хариуцагч А.Аээс 176,522,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед уг шаардлагаа 164,400,000 төгрөг болгон багасгасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаан бүхий автомашинуудыг зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн, уг автомашинууд хариуцагч нарын эзэмшилд байхгүй, бусдын эзэмшилд байгаа, мөн А.Аийн хувьд 164,400,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, уг шаардлага баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцлээ.

Шүүх дараахь үндэслэлээр А.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргааны зүйл болох 40,733,721 төгрөгийн үнэтэй HOWO маркийн автомашин (43-52 УНО) нь 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Болорхорго” ХХК-ийн нэр дээр ирж, 64,458,558 төгрөгийн үнэтэй SINOTRUCK маркийн автомашин (83-86 УНБ) нь 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр А.Нгийн нэр дээр тус тус БНХАУ-ын Эрээн хотоос тус тус орж ирсэн болох нь Монгол улсын Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /1-р хх 107-111/

Улмаар 43-52 УНО улсын дугаартай HOWO маркийн автомашин нь 2011 оны 3 дугаар сарын 18-нд А.Нгийн, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.Нгаас А.Аийн, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А.Аээс П.Бын, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр П.Баас А.Аийн, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр А.Аээс “Хас банк” ХХК-ийн нэр дээр шилжсэн нь улсын бүртгэлд бүртгэгдсэн бол,

83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK маркийн автомашины хувьд 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдөр А.Нгийн, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.Нгаас А.Аийн, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А.Аээс П.Бын, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр П.Баас Ш.Батбаатарын, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ш.Батбаатараас Л.Лхагва-Очирын, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Л.Лхагва-Очироос З.Жавхлантөгсийн нэр дээр тус тус шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №310 тоот лавлагаагаар тогтоогдсон. /2-р хх 76-90/

Дээрх байдлаар маргаан бүхий автомашинуудын анхны өмчлөгч А.Нгаас 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өөрийн төрсөн дүү А.Аийн нэр дээр автомашинуудыг шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэгч шаардаж байна.

2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.Н болон А.А нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ч, автомашинуудын улсын бүртгэлд бүртгэгдсэн эзэмшил А.Аийн нэр дээр шилжсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй хэдий ч шилжүүлэх болсон шалтгааныг өөр өөрөөр тайлбарлан маргаж байна. Тодруулбал:

Нэхэмжлэгчийн зүгээс: “... А.Н нь тухайн үед Хаан банк, Төрийн банкинд 40,000,000 орчим төгрөгийн зээлийн төлбөртэй байсан, түүний автомашинууд банкны барьцаанд байсан учир банкинд алдахаас сэргийлж А.Аэд түр хугацаагаар шилжүүлсэн байсан. П.Баас авсан 70,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл өндөр байсан ч А.Аийн нэр дээр автомашинуудыг шилжүүлснээс хойш П.Бад зээлийг үргэлжлүүлэн төлсөн...” гэж,

Хариуцагч нарын зүгээс: “...А.Нгийн П.Баас зээлсэн 70,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрт тооцож 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр П.Бын нэр дээр шилжүүлэхээр болсон боловч П.Б бичиг баримтгүй явж байсан учраас А.Аийн нэр дээр шилжүүлсэн...” гэж тус тус тайлбарлана.

Нэхэмжлэгч А.Н нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг П.Баас зээлж авсан талаар зохигчид маргаагүй тул тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

А.Н, П.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хариуцагч А.А нь нэхэмжлэгч А.Нгийн өмнөөс түүний автомашинуудыг ашиглан тээвэрт явж, олсон орлогоороо П.Бад төлдөг байсан нь зохигчдын тайлбар, тэдний банкин дахь дансны хуулгуудаар тус тус тогтоогдоно.

Автомашинуудыг А.Аийн нэр дээр шилжүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар П.Баас авсан зээлийн төлбөрт дансаар нийт 20,810,000 төгрөгийн төлөлт хийгдсэнээс, н.Үзмээ (нэхэмжлэгч А.Нгийн талийгаач эхнэр) 700,000 төгрөг, Ц.Базарсад (зохигчдын төрлийн хүн) 10,000,000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлснийг тус тус зээлийн төлбөрт тооцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд, энэ талаар хэн аль нь маргаагүй байх тул А.Аийн нэр дээр автомашинуудыг шилжүүлэх үед А.Н нь зээлийн гэрээний үүрэгт 30,810,000 төгрөгийн төлөлт хийж, 39,190,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байжээ.

Үүнээс хойш 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд А.А болон н.Үзмээ нараас зээлдүүлэгч П.Бад 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлөлт хийгдэж, Ц.Б-аас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14,000,000 төгрөг шилжүүлснийг нэмж тооцвол нийт 24,000,000 төгрөг нэмж төлөгдсөнөөр А.Аээс П.Бад автомашинуудыг шилжүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар А.Нгийн П.Бд төлвөл зохих зээлийн үлдэгдэл төлбөр 15,190,000 төгрөг болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн зүгээс 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр П.Баас авсан зээлийн гэрээний төлбөрт тооцон автомашинуудыг шилжүүлсэн гэж тайлбарлах боловч энэхүү тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болох ба үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл эрх бүхий этгээдийн үлдсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт өрийн төрөл, хэмжээ, үүрэг гүйцэтгэгчийн буюу өр төлсөн этгээдийн овог, эцгийн нэр, үүрэг гүйцэтгэсэн газар, хугацаа зэргийг заахаар хуульчилсан байх бөгөөд, тийнхүү гэрээний талууд зээлийн гэрээний үүргийг сольж автомашинуудыг зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн А.Аийн нэр дээр автомашинууд шилжсэнээс хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А.Аээс П.Бын нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд, энэ хугацаанд хариуцагч А.Аийн зүгээс П.Бад А.Нгийн зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн, тогмтол шилжүүлж байсан болох нь түүний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон тул автомашинуудыг 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт шилжүүлэн авсан гэх хариуцагч нарын тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч нь “Төрийн банк” ХХК-иас зээлсэн Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний дагуу 29,092,242 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, уг гэрээний дагуу маргаан бүхий 2 автомашиныг барьцаалсан байсан нь тус банкны тодорхойлолт, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. /2-р хх-259, 260-261/

Мөн “Хаан банк” ХХК-иас 12,600,000 төгрөгийн өрхийн зээлийн төлбөртэй байсан гэдэг нь тус банкны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №136 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж буй “банкинд машинаа хураалгахаас сэргийлж А.Аэд машинуудаа түр шилжүүлсэн” гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. /1-р хх-220/

Нэхэмжлэгч А.Н нь “Төрийн банк” ХХК-тай Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагуудыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулан, машинуудыг өөрийн эзэмшилд ашиглах нөхцөлтэйгөөр барьцаалж, уг гэрээг бичгээр үйлдэн нотариатаар батлуулсан байна.

Гэвч барьцааны зүйлийг А.Аийн нэр дээр шилжүүлэхээр хэлцэл хийхдээ барьцаалагчид мэдэгдээгүй байгаа нь Иргэний хуулийн 56.1.8 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт “... 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан боловч маргаан бүхий хэлцлийн дагуу А.Нгаас А.Аэд шилжүүлсэн 2 автомашин одоогийн байдлаар хариуцагч нарын эзэмшил, өмчлөлд байхгүй тул машинуудыг тэдний хууль бус эзэмшлээс гаргуулах боломжгүй бөгөөд, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нараас автомашинуудын үнийг гаргуулахаар шаардаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноос үүсэх хохирлыг буруутай этгээдээс хохирол нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд, маргаан бүхий 2 автомашин хариуцагч нарын эзэмшилд бус гуравдагч этгээдүүдийн эзэмшилд байх бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын зүгээс тэдгээрийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч А.Аээс автомашинуудыг нь ашиглаж завшсан гэх 164,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч А.Аийг 2011 оноос 2018 оны хооронд 43-52 УНО улсын дугаартай HOWO маркийн автомашин, 83-86 УНБ улсын дугаартай SINOTRUCK маркийн автомашинуудыг түүний зөвшөөрлөөр ашиглаж, нийт 367,027,700 төгрөгийн орлого дансаар авснаас түлшинд зарцуулсан 34,993,000 төгрөг, ажлын хөлс 34,993,000 төгрөг, П.Бад зээлийн төлбөрт төлсөн 33,900,000 төгрөг, нийт 202,627,600 төгрөгийг хасч, үлдэх 164,400,000 төгрөгийг А.Аээс шаардаж байна.

Маргаан бүхий автомашинуудыг нэхэмжлэгч А.Н нь Монгол улсад орж ирснээс эхлэн хариуцагч А.Аээр жолоодуулан, түүнтэй хөлсөөр ажиллах гэрээг аман хэлбэрээр хийж, ашиг орлогыг А.А нь А.Нд төлдөг байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдоно.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хэрэв тэдний хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, мөн үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан байна. 

Гэвч хариуцагч А.Аийн 2011 оноос 2014 оныг хүртэлх хугацаанд түүнийг А.Нгаас хөрөнгө завшсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй байх бөгөөд, тухайн хугацаанд автомашинуудыг ашиглаж олсон орлогоос А.Нд шилжүүлдэг байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Түүнчлэн, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр автомашинуудыг А.Аийн нэр дээр шилжүүлснээс хойш маргаан бүхий автомашинуудыг ашиглан хичнээн төгрөгийн орлого олсон нь тодорхойгүй, мөн ачаа тээвэрлүүлж байсан гэх Говьсүмбэр аймаг дахь “Эф Би Эл Жи” ХХК, “Улаанбаатар транс” ХХК-иудаас 43-52 УНО улсын дугаартай автомашинаар ачаа тээвэрлэн пүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт ирүүлсэн боловч тэдгээр баримтуудаар А.Аийг 2018 оныг хүртэл хугацаанд хичнээн төгрөгийн ашиг орлого олсон болох нь тодорхой тогтоогдохгүй байх тул А.Аээс 164,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А.Нгаас А.Аийн нэр дээр 83-86 УНБ улсын дугаартай автомашин, 43-52 УНО улсын дугаартай автомашин зэргийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, автомашины хууль ёсны өмчлөгч А.Н мөн болохыг тогтоолгох тухай А.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.А, П.Б нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас автомашинуудыг гаргуулах болон, А.Аээс 164,400,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,778,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 737,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА