Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02964 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ТӨХК, М банкинд холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7 734 196 058,49 төгрөгийг “М” ТӨХК-иас гаргуулах, гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Х банкинд даалгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Е, Б.Д,

Хариуцагч “М” ТӨХК-ийн өмгөөлөгч: Ц.Г, Л.Б,

Хариуцагч Монгол Улсын Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч, Н.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их хурал 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 32 дугаар тогтоол гаргаж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Үүнтэй холбогдуулан Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоол гаргаж, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын Х банкаар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан. Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “М” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан. Уг гэрээгээр “Т” ХХК нь “М” ТӨХК-ийн захиалгын дагуу Даланзадгад - Таван толгой - Цагаан суврага - Сайншанд - Баруун-Урт - Хөөт - Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, М ТӨХК нь ажлын хөлсөд нийт 5 156 130 705,49 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон. “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосоноор Даланзадгад-Тавантолгой- Цагаансуврага - Сайншанд - Баруун-Урт - Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц /далан/ барих ажлыг зургийн дагуу хөрс хуулалтын ажил хийсэн. Гэхдээ гэрээний дагуу тохирсон хөлсөө нэхэмжилсэн. Дээрх ажлыг зургийн дагуу 2011 оны 5 дугаар сарын 03-наас эхлэн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийн тайлангаа 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/50, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1/83 дугаартай албан бичгүүдээр захиалагчид хүргүүлж, гэрээнд заасны дагуу ажлын бичиг баримтуудыг 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Дээр дурдсан ажлын гэрээний 15.1-д “ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хөлс нь нийт 5 156 130 705,94 төгрөг байна”, 16.1-д “ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт төлнө”, 16.2-д “ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлнө” гэж тус тус харилцан тохиролцсон боловч захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алдангид нэг ч төгрөг төлөөгүй болно. Захиалагч гэрээ болон хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй. Манай компани нийт 5 156 130705,94 төгрөгийн ажлыг батлагдсан зургийн дагуу, гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэж дуусгасан. Захиалагч “М” ТӨХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, Хөрс хуулалтын ажлын гэрээний 15,16, 17.3-т тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргийг огт биелүүлээгүйгээс болж ажил гүйцэтгэгч буюу манай компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд маш их хохирол учирч, байгууллагын бизнесийн нэр хүнд ихээхэн хэмжээгээр унаад байна. Захиалагч “М” ТӨХК нь хөрс хуулалтын ажлын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түүнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 22.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрээний 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги хүлээлгэнэ гэж заасан ба ажлын хөлс болох 5 156 130 705,94 төгрөгийг 0.1 хувиар тооцон үзэхэд хоногт 5 155 100 төгрөгийн алданги тооцогдож байх ба ажлыг гүйцэтгэж дууссан 2011 оны 12 дугаар сарын 27-ноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 07 дугаар сарын 25 хүртэлх нийт 1831 хоногоор тооцоход /5.156.130.705,94x1 831=9.440.875.322 төгрөгийн алданги болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу төлөх үнийн дүнгийн 50 хувь буюу 2 578 065 352,97 төгрөг болсон. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч, Шинэ төмөр зам төсөл-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 000 000 ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Х банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 28 дугаар тогтоол гаргаж, “М” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан. Монгол Улсын Х банк нь төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн. Иймд “М” ТӨХК-иас хөрс хуулалтын ажлын хөлс 5 156 130 705,94 төгрөг, алданги 2 578 065 352,97 төгрөг, нийт 7 734 196 058,91 төгрөгийг гаргуулах, “М” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Х банкинд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ТӨХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор олгосон Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу манай компани төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д заасан шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад “Т” ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 16.1-т "... ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө, 16.2-т ажлын хөлсний үлдэх хувийг Төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр төлнө гэж тус тус заасан. Гэрээнд ажил хийж дуусгах тухай ямар ч хугацаа заагаагүй. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчийн хувьд гэрээний 13.3-т заасан үүргээ биелүүлж, ажлыг гэрээний 8-д заасны дагуу, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлсэн тохиолдолд хариуцагч манай компанид төлбөр төлөх үүрэг үүсэхээр талууд харилцан тохиролцсон байдаг. Хариуцагч Монгол Улсын Х банк гэрээний оролцогч биш боловч Засгийн газрын 283 дугаар тогтоолоор хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг ТӨХ-д даалгаж, мөн Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолоор ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах 55 000 000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Х банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч, Х банкны үүргийг тодорхойлсон. Мөн төрийн байгууллагуудын хооронд 4 талт төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг 2013 онд байгуулсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Төр бусдаар ажил хийлгэсэн бол хөлсийг нь төлөх үүрэгтэй ч төсөвт суулгаж байж санхүүжилтээ авах нь зүйтэй. “Т” ХХК ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч ажлын бичиг баримт ирүүлсэнийг /тайлан, зураг, ажлын гүйцэтгэл/-ийг Зам тээврийн яаманд хүргүүлснийг тус яам баталгаажуулж, Хөгжлийн банкинд санхүүжилт хийх талаар хүсэлт хүргүүлсэн. Ажлын хөлс 5 156 130 705,94 төгрөг болон алданги 2 578 065 352,97 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Захиалагчийн хувьд хугацаа хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 16.1-т "...ажлын хөлсийн 50 хувьтай тэнцэх хэсгийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө” гэж заасан. Санхүүжилд өгсөнөөр нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ. Гэрээний талууд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлын гүйцэтгэлийг шалгаж, гаргасан тайлангаар “ажлыг бүрэн хийгээгүй 109 222,48 м3 хэмжээтэй ажил хийсэн” байдаг. Гэрээний 15-д “1 м3 хөрс хуулалтыг 15 625 төгрөгөөр тооцно” гэж заасны дагуу ажлын гүйцэтгэлийн үнийг тодорхойлно гэж үзэж байна. Алдангийн хувьд бол гэрээнд хугацаа заагаагүй тул хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Иймээс алданги тооцохгүй. Гэрээний 16.1-т “санхүүжилт хийгдсэнээс хойш, ажлыг бүрэн хийсний дараа хөлс төлөх үүрэгтэй” байсан бөгөөд тухайн үед санхүүжилт орж ирээгүй, санхүүжилт орж ирэхгүй бол ажлын хөлсийг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын Х банк шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК, “М” ТӨХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулсан. Монгол Улсын Х банк нь энэ гэрээнд тал болон оролцоогүй, энэхүү гэрээгээр “Т” ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж заасан байх бөгөөд “Т” ХХК, Монгол Улсын Х банкны хооронд эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлд дурдсан асуудал Монгол Улсын Х банкинд хамааралгүй, зөвхөн гэрээ байгуулж, харилцан үүрэг хүлээсэн захиалагч, гүйцэтгэгч нарын хоорондын асуудал юм. Шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Улсын Их хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор Шинэ төмөр зам төсөлийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 000 000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан. Уг тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарт даалгасан. Мөн уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан туршилтын хөрс хуулалт хэсгийн 1-т “М” ТӨХК, “Т” ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ, нийт үнийн дүнг 5 156 131 /төгрөгөөр/, 3 706 /ам.доллараар/ гэж заасан. Дээрх шийдвэрүүдээс үзэхэд Монгол Улсын Х банкинд үүрэг болгосон заалтууд байдаггүй бөгөөд зөвшөөрсөн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөн, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авах зэргээр зөвшөөрөл олгосон байдаг. Х банкны тухай хуульд зааснаар Монгол Улсын Х банк нь Улсын их хурал, Засгийн газрын зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Х банкны зээлийн хороо, төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэдэг. Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг Монгол Улсын Х банкинд хүлээлгэх боломжгүй. Монгол Улсын Х банк, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, “М” ТӨХК нарын хооронд 55 000 000 ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15-д “2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой, олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана” гэж заасан. Түүнчлэн гэрээний 3.1.4-т “Төсөл хэрэгжүүлэгч “М” ТӨХК нь гэрээлэгчийн хийсэн ажлыг хүлээн авч, гэрээлэгчид төлөх төлбөрийг Зам тээврийн яамаар баталгаажуулж ирүүлсэн байх” гэж, 4.1-т “Х банк нь төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн хавсралт 1-т заасан олголтын хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлнэ” гэж, 7.1-т “М” ТӨХК нь төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын хэрэгжилт, барилгын ажлын явц, тайлан мэдээ, мэдээллийг Зам тээврийн яамаар баталгаажуулж, энэхүү гэрээний 4.1-т заасан олголтын хуваарийн өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Хөгжлийн банкинд хүргүүлнэ” гэж тус тус заасан. Гэтэл “М” ТӨХК-иас “Т” ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаартай албан бичгээр “Т” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлсэн боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. Ийнхүү Монгол Улсын Х банкнаас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч гэрээний хүрээнд уг ажлыг тус банкнаас санхүүжүүлэх боломжгүй болсон. Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу Монгол Улсын Х банкнаас 55 000 000 ам.доллар хүртэл санхүүжүүлэх боломжтой ч гэрээний хугацаанд шаардлага хангасан болон Зам тээврийн яам, “М” ТӨХК-ийн баталгаажуулсан дараах ажлуудад нийт 22 517 000 ам.долларын санхүүжилт олгосон. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, Монгол Улсын Х банк, “М ТӨХК нь төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, З-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Уг гэрээний хавсралтаар Монгол Улсын Х банкнаас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22 517 000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг Монгол Улсын Х банкинд төлж байна. 2015 оны Төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар Х банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад “Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй. Улсын төсвөөс эргэн төлөгдөх санхүүжилтыг Сангийн яаманд шилжүүлсэн. Энэ төслийн хүрээнд “М ТӨХК” 22 500 000 ам долларын санхүүжилтийг төлбөрийн даалгавар бичсэний дагуу шилжүүлсэн. Засгийн газар Х банкинд даалгах үндэслэлгүй, сахүүжүүлэх шийдвэрийг тус банкны зээлийн хороо гаргадаг. Х банкны санхүүжүүлэх эрхийг Засгийн газар тогтоохгүй, шинэ хуулиар тодорхой болгосон. Иймд Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ТӨХК-иас 6 445 163 382,18 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 289 032 676,49 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “М” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Х банкинд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38 828 930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ТӨХК-иас 16 166 883 төгрөг, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 16 166 883 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс хамтран хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох хэсэг буюу тогтоох хэсгийн 2 дугаар зүйл дэх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан “М” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Х банкинд даалгасугай" гэсэн болон 3 дугаар зүйлд "... Монгол Улсын Х банкнаас 16 166 883 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай" гэснийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. Анхан шатны шүүхээс "Т" ХХК болон Монгол Улсын Х банкны хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, харин "Т" ХХК болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан атлаа Монгол Улсын Х банкийг төслийг санхүүжүүлэх үүрэгтэй гэж үзсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон. Энэхүү төслийн санхүүжилттэй холбоотойгоор "Т" ХХК болон "М" ТӨХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдаж, талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Монгол Улсын Х банк нь энэ гэрээнд тал болон оролцоогүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөвхөн гэрээний талаас шаардах эрхтэй. Иргэний хуулийн 187.1 дэх хэсэгт "Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ." гээд мөн хуулийн 8.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлээр тогтоогоогүй. Энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн. /13 дугаар хуудас/. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкинд биш, Төрийн өмчийн хороонд даалгасанаас үзвэл Засгийн газрын тогтоолыг биелүүлээгүй асуудлыг Монгол Улсын Х банкнаас биш, Төрийн өмчийн хорооноос шаардаж, Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байжээ. Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоол нь үүрэг хүлээлгэсэн бус зөвшөөрөл буюу эрх олгосон шийдвэрийн хүрээнд Монгол Улсын Х банк нь санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Улсын их хурлаас төсөл, хөтөлбөрийг баталдаг. Засгийн газраас санхүүжүүлэх зөвшөөрөл олгох, эргэн төлөх хөрөнгийг төсөвт тусгах тухай тогтоол гардаг. Монгол Улсын Х банкны тухай хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэх, эх үүсвэр хүрэлцээтэй эсэхийг Монгол Улсын Х банкнаас тогтоодог. Монгол Улсын Х банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дугаар зүйл, 10 дугаар зүйлд тус тус заасан шаардлага хангасан эсэх, эх үүсвэр байгаа эсэх, эрсдэлтэй эсэх, эргэн төлөх хөрөнгийг улсын төсөвт тусгасан эсэх зэрэг нөхцөл байдлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний үндсэн дээр тогтоож, инженерийн болон хууль зүйн дүгнэлтийг мөн гаргасны дараа санхүүжилт олгох шийдвэрийг зээлийн хороо, 5 тэрбумаас дээш үнийн дүнтэй санхүүжилтийн тухайд төлөөлөн удирдах зөвлөл гаргадаг. Төрийн аливаа байгууллагын шийдвэрээр Монгол Улсын Х банк санхүүжилт олгох үүрэг хүлээлгэх нь хууль зүйн хувьд болоод санхүүгийн хувьд боломжгүй, иймээс үүрэг хүлээлгэсэн шийдвэр байдаггүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн болон зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн төсөл санхүүжүүлэх гэрээ байгуулж, тэрхүү гэрээний талуудын өмнө үүрэг хүлээдэг. Санхүүжилтийг гэрээний дагуу, олгох боломжит хугацааны дотор олгодог. Олгох боломжит хугацаанд аваагүй бол санхүүжүүлэх үүрэг дуусгавар болж, Монгол Улсын Х банкнаас чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж эхэлдэг. Гэтэл анхан шатны шүүх санхүүжилт олгох үйл явцыг үл харгалзан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь заалт буюу "хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэснийг баримталсан нь хууль, дээрх төрийн байгууллагуудын шийдвэрийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. МУХБ ямар үүргийг, ямар тодорхой эрх зүйн баримт бичиг, гэрээгээр хүлээсэн болох, хүлээсэн бол хэний өмнө хүлээсэн болохыг тогтоогоогүй, 4 талт гэрээгээр М ТӨХК-ийн өмнө хүлээж байсан МУХБ-ны үүрэг дуусгавар болсон бодит фактыг үнэлж үзээгүй. Мөн "Т" ХХК-ийн өмнө үүрэг хүлээснийг нотлох баримтгүй байхад ийнхүү шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар Монгол Улсын Х банк нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй гэж байна. Монгол Улсын Х банк нь Монгол Улсын Х банкны тухай хуулийг зөрчиж гаргасан энэхүү шийдвэрийг биелүүлэх үүрэггүй, мөн тэдгээр шийдвэр нь ч эргэн төлөх нөхцлийг тодорхойлсон, эрх олгосон байдлаар гарсан байдаг. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолд Концессын тухай хуулийн 6.1.2 дахь заалт буюу "концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох" гэснийг үндэслэсэн нь Монгол Улсын Х банкны санхүүжүүлэх үүрэг хүлээлгэх эрхийн тухай заалт биш юм. Мөн тогтоолын 4 дүгээр зүйлд "Х банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Б, Сангийн сайд Ч.Ул нарт даалгасугай" гэсэн байдаг. Эндээс үзэхэд эргэн төлөх хөрөнгийг улсын төсөвт тусгах нь Сангийн сайдын үүрэг байсан тул Монгол Улсын Х банкнаас биш, Сангийн яамнаас улсын төсөвт тусгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй байжээ. Мөн Монгол Улсын Х банкыг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй тул үүнтэй холбоотойгоор үүргээ биелүүлэх тухай ойлголт байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Х банкыг ямар үндэслэлээр хамтран хариуцагчаар татсан тухай үндэслэлийг тайлбарлаагүй. Мөн Улсын Их Хурал, Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 441 дүгээр "Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай" тушаал гарсан. Энэ тушаалын 1 дүгээр зүйлд "Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Х банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж, авлага, өглөгийг харилцан суутгаж, үр дүнг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүүгийн тайланд тусгахыг Санхүүгийн бодлогын газар, Төрийн сангийн газар, Төсвийн хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгасугай", 2 дугаар зүйлд "Энэхүү тушаалын 1-т заасан тооцоо нийлсэн актыг үндэслэн Монгол Улсын Х банкнаас улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлсэн зээлийн багцыг шилжүүлэн авахтай холбогдуулан тус банктай 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан "Санхүүгийн зуучлалын гэрээ"-г дуусгавар болгох, Монгол Улсын Х банктай төсөл санхүүжүүлэх зорилгоор байгуулсан холбогдох гэрээг дүгнэх, дуусгавар болгох, баримт бичгийг шилжүүлэн авах ажлыг Санхүүгийн бодлогын газар, Төсвийн хөрөнгө оруулалтын газарт даалгасугай" гэж заасан. Ийнхүү хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарч төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн, мөн шилжүүлсэн тухай баримт бичгийг гаргаж өгсөн атал анхан шатны шүүхээс эдгээрийг үнэлж үзээгүй, үндэслэл болгоогүй. Мөн төслийг шилжүүлсэн талаар Сангийн яамнаас лавлагаа авах хүсэлтийг ч хүлээн аваагүй. Мөн "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" гэрээний талууд нь Монгол Улсын Хөгжлийн банк, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын Зам тээврийн яам, “М” ТӨХК бөгөөд уг гэрээний зорилго нь эдгээр талуудын хоорондын харилцааг зохицуулах байсан бөгөөд уг гэрээнд заасны дагуу “М” ТӨХК-ийн өмнө хүлээсэн Монгол Улсын Х банкны үүрэг дуусгавар болсон. "М" ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдсан. Эдгээр гэрээнүүд хоорондоо холбоо, хамааралгүй, аль нэг гэрээнд нь эдгээр гэрээнүүд холбоо хамааралтай болох талаар эсхүл салшгүй хэсэг болох талаар дурдаагүй байтал анхан шатны шүүхээс холбоотой гэж үзсэн. Гэрээний 2.1.15-д “Санхүүжилт олгох боломжит хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой. Олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана" гэж заасны дагуу Монгол Улсын Х банкнаас "М" ТӨХК-ийн өмнө хүлээсэн төсөл санхүүжүүлэх үүрэг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу 4 жилийн өмнө дуусгавар болсон байтал "санхүүжүүлэх үүрэгтэй" гэж шийдвэр гаргасан. Монгол Улсын Хөгжлийн банк нь санхүүгийн байгууллага, төрийн өмчит, ашгийн төлөө байгууллага учраас хөрөнгийн чөлөөт эх үүсвэрийг үр ашигтай байршуулах, бусад төслийг санхүүжүүлэх учиртай тул эх үүсвэрийг үр ашиггүй хадгалаад байх боломжгүй. "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгч болох "М" ТӨХК-аас "Т" ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаартай албан бичгээр "Т” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. Мөн энэ албан бичиг нь "Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ирж байсан. Ийнхүү Монгол Улсын Х банкнаас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан. Анхан шатны шүүх олгох гэж буй зээлийн эргэн төлөлтийг төсөвт тусган баталгаажуулснаар санхүүжилт олгодог гэдгийг тооцож үзэлгүй, Монгол Улсын Х банкны тухай хуулийг зөрчиж шийдвэр гаргасан. Монгол Улсын Х банкны эх үүсвэр нь Засгийн газрын буюу төрийн өмч, эх үүсвэрийн хүрэлцээгүй байгаа өнөөгийн нөхцөлд төслийг санхүүжүүлэх боломжгүй. Гэтэл эх үүсвэрийн бодит нөхцөл байдал, хаанаас, хэрхэн бүрдүүлэх, тэрхүү эх үүсвэрийг хаанаас, хэн, хэрхэн буцаан төлөх зэргийг тооцож үзэлгүй анхан шатны шүүх шийдвэр гаргасан. Эх үүсвэр байсан ч түүний эргэн төлөлт баталгаажсан тохиолдолд МУХБ зээлийг олгодог. Гэтэл 2015 оны Төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй. Хуулиар зөвшөөрөөгүй санхүүжилтийг Монгол Улсын Х банкнаас хууль зөрчин олгох боломжгүй. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байтал шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заалтыг зөрчиж, 2016 оны 7 сард буюу 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Ажил хүлээлцээгүй буюу ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ, ажлын хөлсний хэмжээ өнөөдрийг хүртэл захиалагч, гүйцэтгэгчийн хооронд тодорхойгүй, маргаантай байгаагаас үзэхэд ажил хийсэн нь ч тодорхойгүй байна. Ажил хүлээлцэх комисс байгуулаагүй, ажил хүлээлцээгүй гэдгийг захиалагч, гүйцэтгэгч нар зөвшөөрдөг. Гагцхүү гүйцэтгэгчийн хувьд захиалагч хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Захиалагчийн хувьд гүйцэтгэгч хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж өнөөдрийг хүртэл маргадаг. Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч, анхан шатны шүүх аль аль нь ажил хүлээлцээгүй, хамтарсан комисс байгуулаагүй гэдгийг зөвшөөрдөг. Анхан шатны шүүх санхүүжүүлэх боломжгүй болсон нь үндэслэлтэй гэсэн атлаа санхүүжүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, хоорондоо зөрчилтэй шийдвэр болжээ. Ажлын хөлсийг захиалагч буюу “М” ТӨХК төлөхийг нэхэмжлэгч болон анхан шатны шүүх хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүх ажлын хөлс төлөх нь “М” ТӨХК-ийн үүрэг гэж үзсэн атлаа Монгол Улсын Х банкийг санхүүжүүлэх буюу энэ ажлын хөлсийг төлөхөөр шийдвэрлэсэн нь зөрчилтэй шийдвэр болсон. Нэхэмжлэгчийн тайлбарт "Төр бусдаар ажил ажил хийлгэсэн бол хөлсийг нъ төлөх үүрэгтэй ч төсөвт суулгаж байж санхүүжилтээ авах нъ зүйтэй" гэж тайлбарладаг боловч төсөвт тусгах нь Монгол Улсын Х банкны чиг үүрэгт бус харин Сангийн яамны чиг үүрэгт хамаарна. Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүссэн ажил хийсэн эсэх талаарх маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа санхүүжилтийг “М” ТӨХК нь төсөвт суулган шийдвэрлүүлэх боломжтой. Монгол Улсын Х банк нь санхүүжүүлэх асуудалд огт хамааралгүй. Хяналтын шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч дахин хэлэлцэх ажиллагаа хийхээс илүүтэйгээр өмнө гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн байдлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс өмнө нь гарч байсан буюу 181/ШШ2017/00171 дугаартай шийдвэр болон анхан шатны шүүхийн 181/ШШ2017/02964 дугаартай шийдвэр нь үг, үсэг, найруулгын хувьд ерөнхийдөө ижилхэн, нэлээд өгүүлбэрийг шууд хуулж бичсэн, тэр ч байтугай хэл зүйн алдааг нь хүртэл давтсан, мөн тэр үед байсан бөгөөд одоо арилсан нөхцөл болох "өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банк төлж байна " гэж шүүх хуралдаан дээр миний яриагүй зүйлийг хүртэл агуулгаар нь давтсан байдаг. Гэтэл Сангийн яам нь санхүүжилтийн хүүгийн төлбөрийг Монгол Улсын Х банкинд төлж байгаад төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүд шилжсэнээс хойш төлөхөө больсон. Анхан шатны шүүхийн 181/ШШ2017/02964 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн үндэслэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заалт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох)-ыг удирдлага болгосон атал шийдвэрийн агуулга нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилтэй, хууль зөрчсөн шийдвэр болжээ. Эдгээр нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай лийн 172.2.2-т зааснаар "шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн" гэж үзэхэд хүргэж байна. Иймд Монгол Улсын Х банк нь "Т" ХХК-ийн өмнө энэхүү төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаагүй, өнөөдөр ч ийм үүрэг хүлээгээгүй, "М" ТӨХК-ийн өмнө ажлыг бус төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байсан боловч энэхүү үүрэг дуусгавар болсон. Монгол Улсын Х банк хамтран хариуцагч байх эрх зүйн үндэслэлгүй, Улсын их хурал, Засгийн газраас тухайн үед гарч байсан тогтоолууд нь үүрэг болгосон бус эрх олгосон, зөвшөөрсөн хэм хэмжээтэй. Монгол Улсын Х банкинд санхүүжилт олгох үүрэг хүлээлгэх нь хууль зүйн болон санхүүгийн хувьд боломжгүй учир үүрэг болгосон шийдвэр өнөөдрийг хүртэл гарсан нэг ч тохиолдол байхгүй. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 441 дүгээр тушаалаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүд Сангийн яаманд шилжсэн буюу Сангийн яам төсөвт тусган санхүүжүүлэх үүргийг хүлээхээр болсон. Төсөл санхүүжүүлэх болон хөрс хуулалтын ажлын гэрээнүүд хоорондоо холбоогүй байтал хоорондоо холбоотой гэж үзэн санхүүжүүлэх үүрэгтэй гэж үзсэн, гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийг хүлээн авсан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ажил хүлээлцээгүй гэж шийдсэн болон Монгол Улсын Х банкыг санхүүжүүлэх боломжгүй болсон гэж үзсэн атлаа санхүүжүүлэх гэж шийдвэрлэсэн, анхан шатны шүүхээс хэргийг хуульд нийцүүлэн дахин хэлэлцэх ёстой байтал өмнө гарсан шүүхийн шийдвэрийг жишиглэсэн байх магадлалтай байна. Иймд анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдож байгаа энэ бүх бодитой хууль зүйн фактыг үл хэрэгсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул хамтран хариуцагч Монгол Улсын Х банкинд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “М” ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 7 734 196 058,91 төгрөгийг гаргуулах, Монгол Улсын Х банкинд холбогдуулан “М” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал, хариуцагч “М” ТӨХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-тай хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хүлээлгэж өгөөгүй тул хөлсийг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын Их хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсаны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК нь Даланзадгад-Таван толгой-Цагаансуварга, Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 километр хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, “М” ТӨХК нь ажлын хөлсөнд нийт      5 156 130 705,94 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээг байгуулсан байна./1-р хх-ийн 26-37 дугаар тал/

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь гэрээнд заасан ажлыг 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 18-ны хооронд гүйцэтгэсэн байх бөгөөд хариуцагч “М” ТӨХК нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1/365 тоот албан бичиг болон түүний хавсралтаар “Т” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн материал болох нийт 9290 хуудас, 95 боть, 1 ширхэг “ди ви ди” /DVD/ зэрэг материалуудыг Зам тээврийн яаманд хүргүүлжээ. /2-р хх-ийн 58 дугаар тал/

 

Улмаар Зам тээврийн яам дээрх баримтуудыг хянан баталгаажуулж, санхүүжилт шийдвэрлүүлэх тухай албан бичгийг 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкинд хүргүүлсэн байна. /1-р хх-ийн 148, 149 дүгээр тал/

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч “Т” ХХК нь ажлын гүйцэтгэлийн тайланг холбогдох бичиг баримтын хамт 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч, хоёр талын эрх бүхий этгээдүүд ажлын бичиг баримт хүлээлцсэн актад гарын үсэг зурж баталгаажуулсан байгаагаас дүгнэхэд хариуцагч “М” ТӨХК гэрээгээр тохирсон ажлыг хүлээн авсан гэж үзэхээр байна. /1-р хх-ийн 39 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг ажлын үр дүнг хүлээж авсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч “М” ТӨХК-иас гэрээний дагуу ажлын хөлс 5 156 130 705,94 төгрөг, алданги 1 289 032 676,24 төгрөг, нийт 6 445 163 382,18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасантай тус тус нийцсэн байх бөгөөд энэ талаар хариуцагч “М” ТӨХК давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч Монгол Улсын Х банк нь шүүхэд гаргасан татгалзал болон давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Х банк нь нэхэмжлэгч “Т” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй, “Т” ХХК болон “М” ТӨХК-ийн хооронд байгуулсан гэрээний оролцогч биш, уг гэрээгээр “Т” ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй” гэх боловч энэхүү татгалзал, гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь:

 

Дээр дурдсанчлан төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын Их хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд 55 000 000 ам.долларын санхүүжилт хийхийг Монгол Улсын Х банкинд зөвшөөрсөн шийдвэрийг Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор гаргажээ.

 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “... хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, ... гаргаж биелэлтийг хангана” гэсэн заалтын дагуу тогтоол гаргасан байна.

 

Тодруулбал, Монгол Улсын Х банк нь Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуульд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд болно.

 

2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Х нь Улсын Их хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөдөтлбөрүүдийг санхүүжүүлэхээр зохицуулсан байна.

 

Хуулийн дээрх заалтыг биелүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Их хурлын тогтоолоор баталсан төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд санхүүжилт хийхийг Монгол Улсын Х банкинд зөвшөөрсөн байгаа нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чигэлсэн захиргааны шийдвэр нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болохор заасан.

 

Хуулийн дээрх заалтаас дүгнэхэд Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол гаргасан байгааг иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болсон захиргааны шийдвэр гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Хөгжлийн банкинд үүрэг үүсгэсэн захиргааны шийдвэр гаргаж болох талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан, дээрх шийдвэрийг гаргах эрхийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт олгосон гэж үзэхээр байна.

 

Иймд “М” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Х банкинд даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлд банкны ажиллах хүрээг тодорхойлсон байх бөгөөд 8.1.1-д төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1-д тус тус Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр заажээ.

 

Хариуцагч Монгол Улсын Х банк нь давж заалдах гомдолдоо, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч Монгол Улсын Х банк, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, “М” ТӨХК нь дээрх төслийг санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өөрчлөлт оруулах тухай гэрээгээр эргэн төлөлтийн хуваарийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тогтоосон байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02964 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 938 603,53 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

                                               

                                    ШҮҮГЧИД                                          С.ЭНХТӨР     

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ