Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0157

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр           Дугаар 128/ШШ2021/0157           Улаанбаатар хот

                            

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч:  Т.е.г.д

Нэхэмжлэлийн шаардлага: ”Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх, томилох” тухай А/******* дугаар тушаалын Ч.Б холбогдох хэсэг,  2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/7******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/*******  дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаал, тус тушаалаар байгуулагдсан “Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах” ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын ахлах байцаагчийн, эгүүлэн тогтоолгох, Ажилгүй байсан 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02 дугаар сарын цалин 4,010,592 төгрөг, зэрэг дэв, үр дүнгийн урамшуулал 1,560,558.45 төгрөг, нийт 5,571,180.45 төгрөгийг нөхөн олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагч Ч.Б, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/******* тоот тушаалаар Татварын улсын байцаагчаар томилохдоо албан тушаалын зэрэглэл, зэрэг дэв, цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулсан нь Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчин, төрийн жинхэнэ албан хаагч бидний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан юм.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор гомдлын шаардлагыг хангахгүй гэж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дах хэсэгт “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Т.е.г.д миний төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг үндэслэлгүйгээр бууруулж, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгааг зөрчсөн шийдвэр гаргахдаа хууль тогтоомжуудыг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:  

1. Миний албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв бууруулснаар Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоол батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.9 дэх хэсэгт “Төрийн захиргааны албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаал буурсан тохиолдолд тухайн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаал зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасныг зөрчсөн. Энэ зөрчлийг Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоолоор баталгаажуулсан.

2. Миний албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулах шийдвэр гаргахдаа надад мэдэгдээгүй, санал гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг санаатай зөрчсөн.

3. Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг санаатайгаар зөрчсөн.

4. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/******* тушаалыг өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийг санаатайгаар зөрчсөн.

5. Татварын ерөнхий газрын даргын А/******* тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн  62.1.3-д заасныг үндэслэн гаргасан. “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүний албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий тушаалтан шалгаруулж авах” заалтын дагуу үргэлжлүүлэн ажиллуулах эсхүл шалгаруулж авах байтал шууд албан тушаалаас бууруулж чөлөөлсөн нь дээрх заалтыг зөрчсөн үйлдэл болж байна. Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтаар шалгаруулалт хийх тушаалыг албан тушаалаас чөлөөлөх тушаалаас өмнө гаргах ёстой байтал чөлөөлсний дараа маргаан үүсгэсний үр дүнд хийх шийдвэр гаргасан нь хуулийг хэрэглэх процесс үйл ажиллагааг зөрчиж байна.

6. Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлд гомдол 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 тоот тушаалаар цалинг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн буцаан олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь А/******* тушаалыг анх гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг баримтлан гаргасан атал Төрийн албаны зөвлөл дээр гомдол маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад засан дахин өөр заалтаар шийдвэрлэж засвар оруулсан нь хүчингүй болгох үндэслэл болсон гэж үзэж байна.

7. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д ахлах түшмэлийн ангилалд ТЗ-10, ТЗ-9 хамаарч, дэс түшмэлийн ангилалд ТЗ-8 хамаарахаар зохицуулсан. Засгийн газрын агентлагийн Улсын ахлах байцаагч нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын ангилалд ТЗ-8 д хамаарч байгаа тул албан тушаалын ангилал хэвээр үлдэхээр байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолын 2.2-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ”, 2.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй“ заалтуудыг зөрчиж шатлан дэвших эрх боломжийг хаасан. Шатлан дэвших боломжийг олгоогүй.

8. Улсын их хурлын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” 21 дүгээр тогтоолын 2.10-т зэрэг дэвийн нэмэгдэл /хувиар/-ийг тогтоосон ангилал дахь зэргийн нэмэгдлийг албан тушаалын зэрэглэлээр олгохгүй ТЗ-8-5 батлагдсанаар 32 хувийн нэмэгдлийг олгох ёстой боловч өнөөдрийг хүртэл 30 хувь буюу ТЗ-8-4 зэрэглэлийн хувиар олгож зөрчлийг үргэлжлүүлэн гаргасаар байна.

9. Татварын ерөнхий газрын А/******* тушаал нь ахлах байцаагчдыг нийтээр нь албан тушаал бууруулсан нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолын 2.2-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ”, 2.3-т “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлнэ”, 2.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй” гэж заасан заалтуудыг зөрчиж шатлан дэвших эрх боломжийг хаасан.

Ийнхүү Т.е.г.д Б.З******* нь миний албан тушаалыг хууль бусаар өөрчилсөн шийдвэр гаргахдаа төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг санаатайтайгаар зөрчсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хооронд хариуцагч Т.е.г.д нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны хууль зөрчин Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалтыг зохион байгуулж нэхэмжлэгч миний ажлын байранд өөр албан хаагчдыг томилох ажиллагаа явуулан миний эрхийг зөрчсөн бөгөөд уг ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, улмаар хариуцагч Т.е.г.д нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/******* дугаар тушаалуудыг гаргаж намайг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар,  томилсон бөгөөд эдгээр тушаалууд нь ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилох замаар Төрийн албаны тухай хуулийг илт зөрчсөн тушаал болсон.

Татварын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар Татварын ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх бөгөөд уг тушаалаар батлагдсан бүтцэд нэхэмжлэгч нарын албан тушаал болон албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байгаа тул хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн томилуулах үүрэгтэй байсан гэж үзэж байна. Уг тушаалаар батлагдсан бүтцээс үзэхэд нэхэмжлэгч миний өмнө нь эрхэлж байсан Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын чиг үүрэг нь Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, ийнхүү үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүйгээс Төрийн албаны тухай хууль болон миний өмнө нь эрхэлж байсан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ч.Б миний бие Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Удирдлагын академид докторын зэрэг хамгаалахаар суралцах болсон тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасны дагуу түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан билээ.

Гэтэл Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/7******* дугаар тушаалаар намайг төрийн албанаас бүр мөсөн чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тушаалыг надад албан ёсоор танилцуулаагүй, миний бие хуулбар хувийг олж мэдсэн болно.

Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор татварын байцаагчийн ангилал бууруулсан боловч зэрэг дэвийг хэвээр үлдээсэн. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор ахлах түшмэлийн ангилалд ТЗ-9, ТЗ-10 зэрэглэл хамаарахаар болсон. ТЗ-8 зэрэглэл нь дэс түшмэлийн ангилал болж буурсан. Албан тушаалын зэрэглэл буурсан бол дээшилсэн ангилалд албан тушаалтныг оруулах ёстой гэсэн шийдлийг өгсөн гэх мэдээлэл бидэнд байсан. ТЗ-8 буюу ахлах түшмэлийн ангилалд багтаж байсан албан тушаалыг дэс түшмэлийн ангилал руу буулгасан. 2019 онд томилогдсон бүх ахлах байцаагч нар дэс түшмэлийн ангиллаар томилогдсон байгаа. Засгийн газрын 275 дугаар тогтоолоор ахлах түшмэлийн ангилал дэс түшмэлийн ангилал болж буурсан. Ажлын үр дүнг харгалзахгүйгээр албан тушаалын ангилал зэрэглэл бууруулсан нь үндэслэлгүй юм.

2020 онд ахлах байцаагчийн албан тушаалын шалгаруулалттай холбоотойгоор хамт олны санал гэх оноо доошлуулах үйл ажиллагаа явуулсан. Татварын ерөнхий газраас ирүүлсэн цалингийн зөрүү болон нэхэмжлэгчийн тооцсон цалингийн зөрүүг тооцсон тооцооллыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Би 5 дугаар сар хүртэл Татварын ерөнхий газарт ажиллаж, 10 дугаар сарыг дуустал Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст ажилласан.

Зэрэг дэвийн нэмэгдлийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тогтоодог. Т.е.г.д Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэж тушаал гаргадаг. 2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор миний зэрэг дэв нэмэгдсэн. Дэд ангиллаар зэрэг дэвийн нэмэгдэл 30 байсныг тэргүүн ангиллаар 32 хувьтай болох ёстой байсан боловч 01 дүгээр сараас эхэлж миний зэрэг дэвийн нэмэгдлийг нэмэгдээгүй байсан.

Т.е.г.д Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэж тушаал гаргахдаа ахлах түшмэлийн ангилалд байсан ахлах байцаагч нарыг орхисон нь шударга ёсонд нийцэхгүй байна. Татварын ахлах байцаагч нарын зэрэг дэвийн нэмэгдлийг нэмээгүй талаар бидэнд мэдэгдээгүй учраас гомдол гаргах боломж байгаагүй.

Хариуцагчийн зүгээс зэрэг дэвийн нэмэгдлийг зөрүүг олгосон гэж тайлбарладаг. 5 дугаар сард 250.214 төгрөг нэмсэн боловч миний авах ёстой нэмэгдлээс зөрсөн. Б.Д******* бид хоёрын цалин 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн атлаа төрийн захиргаанд ажиллаж байсан н.У*******, Ц.А нарын цалин 600 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн байсан. Үүнээс үзэхэд албан тушаал бууруулснаас үүссэн зөрүү биш байсан байна гэх ойлголт үүссэн. Учир нь н.У*******, н.А нарын ажилласан жил, зэрэг дэв нь надаас бага байгаа. Нийт дүнгээр 516.963 төгрөгийн зөрүү үүссэн.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс докторын сургалтад сурахаар чөлөө авсан. Цалинтай чөлөө олгоно уу гэсэн хүсэлт өгсөн боловч цалинтай чөлөө олгох боломжгүй гэдгээ 10 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн. Татварын улсын байцаагчийн ажлын хажуугаар судалгаа хийх боломж цаг зав гарах боломжгүй учраас түр цалинтай чөлөө авах хүсэлт өгсөн юм.

Төрийн албаны тухай хуулийн дагуу түр чөлөө авах хүсэлт гаргасан боловч Татварын ерөнхий газраас чөлөө олгохдоо ажлаас чөлөөлөв гэсэн агуулга бүхий тушаал гаргасан. Төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас бусдыг хохироож болохгүй. Иймд би үндсэн цалингаа нэхэмжилж гомдол гаргаж байна. Бид ажлаа хийхдээ ганц үг, таслал буруу бичих вий гэж ажилдаа хариуцлагатай ханддаг байсан.

Цалин хөлсний тооцоололтой холбоотой зөрүү байгаа бол хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Ажилгүй байсан хугацааны нийт цалинд 5,571,180.45 төгрөг нэхэмжилж байна.

Иймд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх, томилох” тухай А/******* дугаар тушаалын Ч.Б холбогдох хэсэг,  2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/7******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/*******  дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаал, тус тушаалаар байгуулагдсан “Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах” ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын ахлах байцаагчийн, эгүүлэн тогтоолгох, Ажилгүй байсан 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02 дугаар сарын цалин 4,010,592 төгрөг, зэрэг дэв, үр дүнгийн урамшуулал 1,560,558.45 төгрөг, нийт 5,571,180.45 төгрөгийг нөхөн олгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А, Г.Н нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Татварын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр татварын багц хуулиуд шинэчлэн батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.

Татварын албаны шинэчлэлийн хүрээнд татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, албаны үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахтай холбоотойгоор Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан.

Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа “Сургалтын төв”, “Татварын үйлчилгээний төв” нь татан буугдсантай холбоотойгоор тус төвүүдэд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Татварын ерөнхий газар, хэлтсүүдэд 2020 оны Б/64 дүгээр тушаалаар харилцан зөвшилцсөний үндсэн дээр шилжүүлэн томилсон.

Улмаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсэгт зааснаар “албан тушаалын тодорхойлолт”-ыг шинэчлэн батлуулахаар Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлага бий болсон.

Төрийн албаны зөвлөлөөс “албан тушаалын тодорхойлолт”-ыг батлаагүй байхад шинэ бүтцээр ажиллах хууль зүйн боломжгүй байсан тул албан тушаалын тодорхойлолт батлагдах хүртэл төрийн алба тасралтгүй явагдах зарчмын дагуу хуучин бүтцээрээ ажилласан.

Төрийн албаны зөвлөлийн 44 дүгээр тогтоол нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр огноологдсон боловч ёсчлогдон, Татварын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж /газар/ тус бүрд нэг татварын улсын ахлах байцаагчийн орон тоотой байхаар болсон.

Шинэ бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбоотойгоор Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаалын хавсралтад дурдсан Татварын ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагчийг чөлөөлж, буцаан томилохдоо татварын улсын байцаагчаар томилсон бөгөөд тушаалын 2 дахь заалтаар “татварын улсын ахлах байцаагч”-ийн орон тоо 23-аас 8 болж цөөрсөнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад зааснаар 1 дүгээр улиралд багтаан татварын улсын ахлах байцаагчийг сонгон шалгаруулахаар болсон.

Гэвч Улсын онцгой комиссын шийдвэрээр шинэ корона вирусын халдвар буурахгүй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хугацаа сунгасан тул Татварын ерөнхий газраас үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Татварын улсын ахлах байцаагчийн сонгон шалгаруулалтыг нэгдүгээр улиралд багтаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Татварын ерөнхий газрын удирдлагын зүгээс сонгон шалгаруулалт удааширсан тул төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дүгээр тушаалаар нэр бүхий албан хаагч нарын урьд эрхэлж байсан татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр хэвээр олгох, зөрүү цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгохоор шийдвэрлэсэн.

Төрийн албаны зөвлөл нь Ч.Б гомдлыг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд 179 дүгээр тогтоолоор Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/******* дугаар тушаалаар авсан арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд явуулсан арга хэмжээ гэж үзсэн. Мөн татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор 8 татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулж томилох арга хэмжээг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг чанд баримтлан явуулахыг зөвлөж, тогтоолын биелэлтийн талаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу мэдэгдэхийг Т.е.г.д үүрэг болгосон.

Улмаар Татварын ерөнхий газар нь Төрийн албаны зөвлөлийн 179 дүгээр тогтоолын биелэлтийг хангуулах үүднээс батлагдсан 8 татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар байгуулж, удирдамжийг баталж, бэлтгэл ажлыг ханган зохион байгуулсан.

Нийт 8 татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын шалгаруулалтад оролцохыг татварын улсын ахлах байцаагчаас чөлөөлөгдөж татварын улсын байцаагч болсон бүх албан хаагч нарт мэдэгдсэн. Үүний дагуу газар, хэлтсийн нэр бүхий алба хаагч нар шалгаруулалтад орох хүсэлт, холбогдох материал, тайланг ажлын хэсэгт ирүүлсэн бөгөөд ажлын хэсэг бүх албан хаагчдыг байлцуулан биечлэн уулзаж, танилцуулсан боловч нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Т.е.г.д хандан шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр шалгаруулалтыг хойшлуулах, оролцох боломжгүй гэдгийг мэдэгдсэн хүсэлтийг ирүүлсэн.

Ажлын хэсгийн дарга бөгөөд Татварын ерөнхий газрын даргын Дэд дарга Д.Ц нэхэмжлэгчийн хүсэлтийг судлаад шалгаруулалт эхлэхээс өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/******* тоот албан бичгээр шалгаруулалтыг хойшлуулах хууль зүйн боломжгүй тухай албан бичгээр болон Татварын улсын ахлах байцаагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий А/******* дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 05 дугаар сарын 26-ны өдөр уулзалт зохион байгуулж зөвлөсөн боловч оролцоогүй.

Улмаар шалгаруулалт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр явагдсан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа албан хаагч нарыг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар татварын улсын ахлах байцаагчаар томилсон.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06/965 тоот албан бичгийн дагуу 179 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулж, шалгаруулалтын талаар болон холбогдох материалыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/******* тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Дээрх татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулах үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад нийцсэн, хуулийн дагуу явагдсан болно.

Засгийн газрын агентлагийн татварын улсын байцаагч /ахлах/ нар нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 7.7, мөн Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хавсралт, Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 18 дугаар зүйлийн 18.5-д зааснаар “дэс түшмэл”-ийн ангилалд хамаарна.

Гэтэл нэхэмжлэгчид дээрх Төрийн албаны тухай хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолыг зөрчиж “ахлах түшмэл”-ийн дөтгөөр, дэд, тэргүүн зэрэг дэвийг олгосон байдаг. Гэхдээ удирдлагын зүгээс урьд нь нэгэнт гарсан шийдвэрийг хүндэтгэн зэрэг дэвийг буулгаагүй, хэвээр нь олгосон.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий А/******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг татварын улсын ахлах байцаагчаас чөлөөлж татварын улсын байцаагч болгосон нь урьд авч байсан дэс болон ахлах түшмэлийн дөтгөөр, дэд, тэргүүн зэрэг дэвийг бууруулсан гэсэн үг биш бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар цалинг шинэчлэн тогтоосон тушаалын хавсралтаар авч байсан зэрэг дэвийн хувь огт буураагүй хэвээр байгаа болно.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар ахлах болон дэс түшмэлийн зэрэг дэвийг ... Монгол Улсын сайд ... төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан олгоно”, 21.3-д “зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана” гэж заасан. Нэхэмжлэгчийн ажилласан хугацаа болон албан тушаалын зэрэг дэвийг хамгийн сүүлийн байдлаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар тогтоосон бөгөөд тухайн үед 32 хувиар олгох ёстой байтал 30 хувиар олгож байгаа асуудлаар санал, хүсэлтээ гаргаагүй атлаа маргаан бүхий А/******* дугаар тушаалаар 32 хувь авах ёстой байсныг 30 хувь болгон бууруулсан мэтээр энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан байна.

Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж газар, хэлтсийн нэр, чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт батлагдсан байхад хуучин нэршил, бүтэц, зохион байгуулалтаар ажиллах хууль зүйн боломжгүй тул газар, хэлтсийн бүх ажилтан албан хаагчдыг чөлөөлж, шинэ зохион байгуулалтын бүтцийн нэгжид буцаан томилох нь хууль ёсны зүйл.

Татварын ерөнхий газрын ажилтан албан хаагч нар нь Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр тушаалын дагуу албан тушаалын тодорхойлолт батлагдахаар чөлөөлж, томилно гэдгийг мэдэж байсан бөгөөд газар хэлтсийн шуурхай хуралдаан дээр ч танилцуулагдаж байсан. Нийтийн эрх ашиг, төрийн алба тасралтгүй явагдах зарчмын үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд дээрх үндэслэлээр сонсох ажиллагаа хийгдээгүй нь тушаалыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Нөгөөтээгүүр Татварын ерөнхий газар нь хууль тогтоомжийг хэрэгжүүлж шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу чөлөөлж, томилсноор хэн нэгний буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхгүй.

Маргаан бүхий А/******* дугаар тушаалаар чөлөөлж, томилогдоход урьд хийж гүйцэтгэж байсан чиг үүрэг бүхий ажилд нь буцаан томилсон бөгөөд чиг үүрэг нь огт өөрчлөгдөөгүй. Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авахгүй. Авлигатай тэмцэх газар чиг үүрэг  огт өөрчлөгдөөгүй бол урьдчилсан мэдүүлэг гаргуулах, хянах шаардлагагүй гэж үздэг.

Татварын ерөнхий газрын ажилтан албан хаагч нар нь Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр тушаалын дагуу албан тушаалын тодорхойлолт батлагдахаар шинэ бүтцээр чөлөөлж, томилно гэдгийг мэдэж байсан бөгөөд нийт ажилтнууд болон газар хэлтсийн шуурхай хуралдаан дээр танилцуулагдсан. Тиймдээ ч нэхэмжлэгч нар нь гомдол гаргах эрхээ эдэлж хуульд заасан хугацаанд Төрийн албаны зөвлөл болон шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж ойлгож байна.

Шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын тодорхойлолтоор Татварын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газарт 1, нийт 8 татварын улсын ахлах байцаагч байхаар батлагдсан бөгөөд Татварын ерөнхий газрын хэмжээнд 23 татварын улсын ахлах байцаагч шалгаруулалт явуулсны дараа чөлөөлж, томилох нь цаг хугацаа, процесс дарааллын хувьд эрх зүйн чадамжгүйд тооцогдох үр дагавартай.

Өөрөөр хэлбэл Сангийн сайдын 04 дүгээр тушаал 2020 оны 01 дүгээр сард гарч, албан тушаалын тодорхойлолт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр батлагдсанаас хуучин бүтэц, нэр томьёогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, аливаа эрхийн акт нь эрх зүйн чадамжгүйд тооцогдох тул албан тушаалын тодорхойлолт Татварын ерөнхий газарт ирсэн даруйд бүх ажилтан, албан хаагчийг шинэ бүтэц, зохион байгуулалтын чиг үүргийн дагуу томилсон нь аливаа хуулийн процессыг зөрчөөгүй, харин ч хуулийн дагуу болсон. Энэхүү үйл ажиллагаа нь хуульд нийцсэн талаар Төрийн албаны зөвлөлийн 179 дүгээр тогтоолд дурдсан болно.

Татварын ерөнхий газрын даргын А/74 дүгээр тушаалаар Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.9-д “Төрийн захиргааны албан хаагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаал буурсан тохиолдолд тухайн төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын зэрэг дэвийг бууруулахгүй гэж заасны дагуу орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр цалин хөлс нь буурсан албан хаагчдын урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг хэвээр олгох, цалин хөлс буурсан хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн олгосон нь хуульд нийцсэн ажиллагаа юм. Татварын ерөнхий газрын даргын А/74 дүгээр тушаал нь маргаан бүхий А/******* дугаар тушаалд завсар, өөрчлөлт оруулсан тушаал биш тул маргаан бүхий А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Татварын албаны хэмжээнд батлагдсан шинэ болон хуучин Татварын ерөнхий хууль болон түүнийг үндэслэн гарсан “Татварын улсын байцаагчийн эрх олгох” журамд Татварын улсын ахлах байцаагч гэх нэршил, албан тушаал байхгүй байхад тухайн үеийн удирдлагууд хууль тогтоомжид байхгүй татварын улсын ахлах байцаагч гэх албан тушаалыг хавтгайруулан олгож, ажлын хийдэл, давхардал үүсгэж байсан буруу жишиг тогтсон байсныг хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс дээрх арга хэмжээг авсан.

Шинэчилсэн албан тушаалын тодорхойлолтоор газарт 1, нийт 8 татварын улсын ахлах байцаагч байхаар шинэчлэн батлагдсаны дагуу сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд нэхэмжлэгчийг оролцохыг мэдэгдсэн боловч оролцоогүй, сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдаж, нэр бүхий 8 байцаагчийг татварын улсын ахлах байцаагчаар томилсон нь Төрийн албаны тухай хууль 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтад нийцсэн болно.

Татварын ерөнхий газрын даргын А/74 дүгээр тушаал нь бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хуучин бүтцээр ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг чөлөөлөөд буцаан томилсон тушаал бөгөөд нэхэмжлэгч нарын шатлан дэвших эрхийг хязгаарлалт тогтоогоогүй. Гагцхүү Төрийн албаны тухай хуулиар олгогдсон боломж, эрхийн хүрээнд шатлан дэвших эрх нь нээлттэй болно.

Нэхэмжлэгчийн хэзээ ямар байдлаар шатлан дэвших /субьектив/ эрхийг хэрхэн хаасан. Энэ нь нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан эрх хууль ёсны ашиг сонирхол болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, нийтлэг болон нэмэгдэл баталгааг шууд хөндсөн болон хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах”-аар шүүхэд хандах эрхтэй. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны актыг хүчингүй болгуулах ... захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх ёстой.

Нэхэмжлэгчийн хувьд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалин хөлс, нэмэгдлийг авч байгаа бөгөөд огт буураагүй тул А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулснаар зөрчигдсөн гэж үзэж буй ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаад 2020 оны 179 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06/965 тоот албан бичгээр уг тогтоолыг Татварыг ерөнхий газарт ирүүлсэн. Ингэхдээ дээрх тогтоолын биелэлтийг хангуулж, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг үүрэг болгосон.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “... зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар дэд даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй “Татварын улсын ахлах байцаагч”-ийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Энэхүү тушаал нь шалгаруулалтад оролцогчдод бус, сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдэд хамаарах дотогшоо чиглэсэн акт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гадагш чиглэсэн акт гэж үзэх үндэслэлгүй.

Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулсан шалгаруулалт болон ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/******* дүгээр тушаалаар татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий Дэд даргаар ахлуулсан 9 гишүүнтэй ажлын хэсэг байгуулж удирдамжийг баталсан.

Улмаар ажлын хэсгээс татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах шалгаруулалтад оролцохыг мэдэгдсэн зарыг татварын улсын ахлах байцаагч нарт 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор дотоод сүлжээ болон албаны цахим хаягаар албан ёсоор хүргүүлж, ажлын хэсгийн даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу А/******* дүгээр тушаал болон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг шалгаруулалтад оролцохыг хүсэгч нарт Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Орхон 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутад Татварын ерөнхий газрын 7 дугаар давхрын хурлын танхимд өгсөн.

Нэхэмжлэгч нь дээрх уулзалтад биечлэн оролцсон бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Т.е.г.д хандаж “захиргааны хэргийн шүүхэд хандсан” үндэслэлээр татварын улсын ахлах байцаагчийн сонгон шалгаруулалтыг хойшлуулах, уг шалгаруулалтад оролцох боломжгүй талаарх хүсэлт ирүүлснийг удирдлагын зүгээс танилцаад 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/******* тоот албан бичгээр шалгаруулалтыг хойшлуулах үндэслэлгүй тул шалгаруулалтад оролцохыг дахин мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч Ч.Б нь шалгаруулалтад оролцоогүйн дээр хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг ирүүлээгүй.

Мөн дээрх шалгаруулалтыг зарлах болон явагдаж байх хугацаанд Захиргааны хэргийн шүүхээс шалгаруулалтыг явуулж болохгүй болон Ч.Б нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй.

Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу ирүүлсэн материал, хамт олны үнэлгээ /нууцаар/, ярилцлага зэргийг үндэслэн шалгаруулалтыг явуулсны үндсэн дээр 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр оролцогчдын үнэлгээ дүгнэлтийг гаргаж, Т.е.г.д танилцуулж, улмаар шалгаруулалттай холбоотой баримтыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/******* тоот бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нь нэгэнт сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзсан, материал, танилцуулга ирүүлээгүй атлаа татварын улсын ахлах байцаагчийн шалгаруулалт болон ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөөтээгүүр шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дүгнэлтийг хүчингүй болгуулах 2 шаардлага гаргасан эрх зүйн үр дагавар, үндэслэл тодорхойгүй. Мөн шалгаруулалт болон дүгнэлтийг бүхэлд нь эсхүл өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байгаа зэрэг нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Ч.Б Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилсон.

Нэхэмжлэгчийн зүгээс илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ “Ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн ажиллах эрхийг нөөцтэй зөрчсөн” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй эсхүл илт хууль бусын аль нь болохоос хамаарч эрх зүйн үр дагавар буюу нэхэмжлэлийн шаардлагын өөр өөр төрлийг сонгон хэрэглэх зориулалттай. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын зөрчил буюу харагдах байдал нь хэлбэрийн хувьд хэн ч харсан илэрхий зөрчилтэй, алдаа нь тодорхой бөгөөд түүнтэй хэн ч маргахгүй тохиолдолд илт хууль бус бөгөөд тэрхүү акт нь гарсан цагаасаа эрх зүйн ямар нэгэн үйлчлэлгүй, үр дагавар үүсгэхгүй.

Энэ тохиолдолд маргаан бүхий тушаал хэлбэрийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус шинжийг агуулж байгаа эсэхийг шүүх хянах бөгөөд Татварын ерөнхий газрын даргын тушаал нь хэлбэрийн хувьд эрх бүхий этгээдээс бичгээр гаргасан, нэхэмжлэгч нарыг Татварын ерөнхий газрын  татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, дүүргийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт томилсон нь ямар нэгэн илэрхий алдаатай, зөрчилтэй биш бөгөөд асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь ойлгомжтой, тодорхой, шинээр томилогдсон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн цалин хөлс авч байсан тул илэрхий алдаатай, илт хууль бус буюу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актуудад илт хууль бус актын шинж байхгүй тул  илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж маргаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн аль зүйл заалтыг, хэрхэн яаж зөрчсөн /эрх зүйн зөрчил/ нь тодорхойгүй. Нөгөөтээгүүр хуулийг зөрчсөн зөрчил нь өөрөө илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлд бус, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг буюу нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгнө үү.

2. Албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах шаардлагын тухайд: Татварын албаны хувьд зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж шинэ бүтэц батлагдсанаар шинээр ажлын байрны тодорхойлолт батлуулахаар татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн учир Татварын ерөнхий газрын даргын А/******* дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулан ахлах байцаагчдыг сонгон шалгаруулж томилсон.

Гэтэл нэхэмжлэгчдийн тухайд уг шалгаруулалтад оролцоогүй атлаа өөрсдийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь ахлах байцаагчийн болон хэлтсийн даргын албан тушаалд шууд шилжих хадгалагдан үлдсэн гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн орон тооны хязгаарыг 110 байхаар баталсан хязгаарт багтаан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/103 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын болон харьяа нэгжийн орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор орон тоо хасагдаж нэхэмжлэгчийг харьяа дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагчаар томилсон. Татварын ерөнхий газрын даргын зүгээс нэхэмжлэгчдийн гаргасан асуудлыг хуулийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн болон огт шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй байхгүй юм.

3. 2020 оны Б/7******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Ч.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн татварын хэлтсийн даргад хандан “Удирдлагын академийн 2020-2023 оны докторын сургалтад хамрагдан суралцаж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт”-ийг гаргасан байна.

Улмаар Хан-Уул дүүргийн татварыг хэлтсийн дарга Д.Батжаргалын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/******* тоот албан бичгээр татварын улсын байцаагч Ч.Б хүсэлт, сургуулийн тодорхойлолтыг ирүүлснийг хүлээн авч, судалсны үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.5 дахь хэсэг болон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/******* дугаар тушаалаар баталсан “Татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох журам”-ын 4.1.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/7******* дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч нь “түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад бүр чөлөөлсөн, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгосон нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас 46.1-ээр түр төлөөлөх, 46.2-оор бүр мөсөн чөлөөлөх харилцааг зохицуулсан бөгөөд эрх зүйн үр дагаврын хувьд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлж байгаа нэг л харилцаа юм. Гагцхүү 46.1-д зааснаар түр чөлөөлөгдсөнөөр мөн хуулийн 46.6-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогддог. Маргаан бүхий тушаалаар Ч.Б төрийн албаны тухай хуулийн 46.1, 46.1.2-т зааснаар түр чөлөөлж, нөөцөд бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр тухайн ажил, албан тушаалд заавал буцаж томилогдох ёстой гэсэн үг биш бөгөөд статусын хувьд төрийн албанд эргэж орох эрхийг хязгаарлахгүй талаар зохицуулалт юм.

Нөгөөтээгүүр Ч.Б нь өөрөө сайн дурын үндсэн дээр хүсэлт гаргасныг үндэслэн чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд маргаан бүхий 2020 оны Б/7******* дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, хүчингүй болгуулснаар зөрчигдсөн гэж үзэж буй эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Б Т.е.г.д холбогдуулан гаргасан ”Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх, томилох” тухай А/******* дугаар тушаалын Ч.Б холбогдох хэсэг,  2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/7******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах;

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/*******  дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох;

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаал, тус тушаалаар байгуулагдсан “Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах” ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах;

нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын ахлах байцаагчийн, эгүүлэн тогтоолгох;

ажилгүй байсан 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02 дугаар сарын цалин 4,010,592 төгрөг, зэрэг дэв, үр дүнгийн урамшуулал 1,560,558.45 төгрөг, нийт 5,571,180.45 төгрөгийг  нөхөн олгуулах[1]” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Б Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталсны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын орон тоо, харьяа татварын албадын орон тооны дээд хязгаарыг баталсан байна. 

Зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг баримтлан Ч.Б Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаас чөлөөлж, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар томилжээ. 

Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газар 3 татварын улсын ахлах байцаагчийн орон тоотой байсныг шинэ бүтцээр Татварын ерөнхий газрын татвар төлөгчид үйлчлэх газар 1 татварын ахлах байцаагчтай байхаар батлагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д  зааснаар тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах бөгөөд татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд сонгон шалгаруулж томилох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаалаар байгуулсны дагуу уг ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж дүгнэлтээ гаргажээ.

Уг шалгаруулалтын дүнгээр Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Ч.Б Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилон ажиллуулсан байна. 

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/*******  дугаар тушаалаар төрийн албан хаагчийн орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэх Төрийн албаны тухай хуулийн 62 дүгээр зүйлийн 62.1.4 дэх хэсгийг удирдлага болгон нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Б, албан тушаал бууруулсантай холбоотой асуудлаар буюу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасан сонгон шалгаруулалт явуулж, цөөрсөн татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд томилгоо хийсэн нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: … 39.1.15.төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх;” гэж заасныг зөрчсөн байна. 

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч нэгэнт албан тушаал бууруулсан тушаалыг эс зөвшөөрч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад цөөрсөн орон тоонд хамгийн илүү тохирч байгаа албан хаагчийг сонгох бус Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно: … 42.1.7.албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй; …” гэж зааснаар албан үүргийн түр орлон гүйцэтгүүлэх боломжтой байжээ. 

Гэвч нэхэмжлэгч Ч.Б “2020-2023 оны хичээлийн жилд Удирдлагын академийн докторын сургалтад элсэн орж, төрийн удирдлагын чиглэлээр судалгааны ажил хийж эхлүүлээд байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас суралцах хугацаанд түр чөлөө олгож өгнө үү …” гэх хүсэлт гаргасныг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/7******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.5, 46.7 дахь хэсгийг үндэслэн Ч.Б төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө: … 46.1.2.зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон;” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Ч.Б албан тушаалаас бууруулсан нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх асуудлаар нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлээгүй байхад цөөрсөн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, нэхэмжлэгчийг шилжүүлэн томилсон нь хуульд нийцээгүй боловч Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/7******* дугаар тушаал гарснаар нэхэмжлэгч болон татварын албаны хооронд харилцаа дуусгавар болсон тул маргаан бүхий Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/*******, А/******* дүгээр тушаалуудыг болон сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3,  106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ч.Б Т.е.г.д холбогдуулан гаргасан ”Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх, томилох” тухай А/******* дугаар тушаалын Ч.Б холбогдох хэсэг,  2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/7******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах;

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/*******  дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох;

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/******* дүгээр тушаал, тус тушаалаар байгуулагдсан “Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах” ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах;

Нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б Т.е.г.д Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын ахлах байцаагчийн, эгүүлэн тогтоолгох;

Ажилгүй байсан 2020 оны 11, 12, 2021 оны 01, 02 дугаар сарын цалин 4,010,592 төгрөг, зэрэг дэв, үр дүнгийн урамшуулал 1,560,558.45 төгрөг, нийт 5,571,180.45 төгрөгийг нөхөн олгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

 ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН

 

 

[1] Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ “өмнө нь эрхэлж байсан албан тушаал, албан тушаалын зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг хэвээр үлдээж, хууль бусаар олгогдоогүй цалин хөлсийг нөхөн олгуулах” гэж шаардлага гаргаснаа шүүх хуралдаан дээр дээрх байдлаар тодорхойлсон бөгөөд тооцоо хийсэн тайлбараа гаргаж өгсөн болно.