Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2104

 

 

    

 

 

 

 

    

 

 

2018 оны 08 сарын 30 өдөр

         

 

 

 

 

        

 

   

Дугаар 184/ШШ2018/02104

      

 

 

 

 

                

 

                             

                    Улаанбаатар хот

 

                              

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг,***-р хороо, Хувьсгалчид *** дүгээр гудамж, **** тоотод оршин суух, Булгадай овогт Нямжавын Н.А /РД:****/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, ****-р хороо, Өнөр хороолол,***-р байрны *** тоотод оршин байрлах, БЖЭТ ХХК/РД:****/-д холбогдох,

 

Гэрээний үүргийн биелэлт 24,695,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.А нь 2014 оны 01-р сарын 21-ний өдөр “Би Жи Эй транс” ХХК-тай “Байр захиалах гэрээ”-г байгуулж Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны Хүнс трейд гудамжны ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2-р орцны 6-р давхар М-8 тоот 44.9 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Уг гэрээгээр орон сууцны 1 м2 талбайн үнэ 1,100,000 төгрөгөөр тооцож, 49,390,000 төгрөг буюу 29,100 ам.доллар бүхий үнийн дүнтэй гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 11,900,000 төгрөг буюу 1 долларыг 1,697 төгрөгөөр тооцож 7000 доллар, 2014 оны 5 дугаар сарын 12-нд 2,300 доллар, 2014 оны 8 дугаар сарын 12-нд 1300 ам.доллар, 2014 оны 8 дугаар сарын 14-нд 1500 ам.доллар, 2014 оны 10 дугаар сарын 01-нд 1300 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 14-нд 30 доллар нийт 13,430 ам.долларыг тус компанид төлсөн. Байр захиалах гэрээний 3-р зүйлийн 3.1-т заасны дагуу гүйцэтгэгч “Би Эй Транс” ХХК нь орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд багтаан захиалагч Н.Ад хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл БЖЭТ ХХКнь 2014 оны 01 дүгээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй хугацаа хэтэрч 2014 оны 12-р сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулсан байдаг.

Тус гэрээний 4-р зүйлийн 4.1-т “А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам төлнө” гэж талуудын хүлээх хариуцлагыг тусгаж өгсөн.

2014 оны 4-р сарын 01-ний өдрөөс 2014 оны 12-р сарын 15-ны өдрийн хүртэлх хугацаа буюу 259 хоногоор хэтрүүлсэн хугацааны алдангийг гүйцэтгэгч компанийн 2014 оны 01-р улиралд багтаан орон сууцыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх үүрэг буюу гүйцэтгэх ёстой үүргийн нийт өртөг болох 49,390,000 төгрөгөөс тооцоход хоног тутамд 148,170 төгрөгийн алданги буюу 38,376,030 төгрөгийн алдангийг төлөх үүрэг “Би Жи Эй транс” ХХК-д үүссэн.

Иймд алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр 24,695,000 төгрөгийн хэмжээнд тооцон Би Жи Эй Транс ХХК-иас гаргуулан өгнө үү.

Өмнөх шүүхийн шийдвэрээр манай гэрээг цуцлах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэрээ цуцлаагүй, байр захиалах гэрээгээр орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын улиралд багтаан захиалагчид хүлээлэн өгөх ёстой байсан боловч 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулж улсын комисс хүлээн авсан байдаг.  БЖЭТ ХХКнь Улсын комисст байр ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай мэдэгдэлээ 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн нь уг комиссын актад дурдагдсан байгаа. Үүнээс үзэхэд мөн оны 1-р улиралд багтаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь нотлогддог.

 

Мөн дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал буюу “Би Жи Эй транс” ХХК-ийг  2014 оны 1 дүгээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр биелүүлсэн,  хариуцагч энэ үүргээ 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа буюу 259 хоногоор хэтрүүлсэн гэж дүгнэсэн байгааг анхаарч үзнэ үү гэв.

 

Хариуцагч “Би Жи Эй транс” ХХК-ийг төлөөлөн П.Батгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:

Нэхэмжлэгч Б.Н.А нь 2014 оны 01-р сарын 21-ний өдөр манай компанитай 44,9 м.кв талбайтай 2 өрөө байр захиалах гэрээ байгуулсан бөгөөд хөрөнгө оруулагч нарын найз нөхөд учир түүнд 1м.кв-ийн үнийг тухайн үеийн зах зээлийн үнээс маш хямд, доогуур буюу 1,100,000 төгрөгөөр үнэлж, 2016 оны 8-р сараас өмнө гэрээний дагуу төлбөрийг 100% төлж байраа хүлээж авна гэж тохирсон юм.

Мөн гэрээний 3.9-р заалтанд 100% төлбөр хийсэн, Улсын комисс хүлээж авсан тохиолдолд орон сууцыг хүлээлгэн өгч Эрхийн бичиг олгоно гэж заасан байдаг. Гэвч нэхэмжлэгч 2015 оны 2-р сараас хойш гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө огт төлөөгүй байж 2017 оны 8-р сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө төлсөн байрны төлбөрийг буцааж авах, мөн хугацаа хэтэрч байг ашиглалтанд орсон гэж алданги тооцуулах тухай гомдол гаргасан байдаг. Уг хэргийг шүүх хүлээн авч хэлэлцээд 2017 оны 12-р сарын 01-нд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хоёр талын алдангийг нэхэмжлэгч 83,090,809 төгрөг, хариуцагч 12,409,381.5 төгрөгөөр тооцон гаргаж харилцан тулгаж хассаны үндсэн дээр нэхэмжлэгчийг 13,189,023 төгрөгийн алданги төлөхөөр тогтоосон болно. Шүүхээс нэхэмжлэгчийг эцсийн дүнгээр алданги болон үндсэн төлбөртэй нийлээд 39,567,069 төгрөгийг төлөөд захиалсан байраа хүлээн авахыг даалгасан шийдвэр гаргасан юм. Нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн давж заалдах шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэрийг 2018 оны 02-р сарын 14-нд гаргасан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үл тоон үлдэгдэл төлбөрөө барагдуулж, захиалсан байраа хүлээж авахгүй мөртлөө хууль зөрчин нэгэнт шийдэгдсэн хэргийг дахин давтан шүүхэд гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээний 3.20-д орон сууцны төлбөрийг 100% төлсөн тохиолдолд орон сууцаа хүлээн авахаар тохирсон байгаа. Нэхэмжлэгч Б.Н.А төлбөрөө одоо хүртэл төлөөгүй байгаа. Манай орон сууц 2014 оны 06-р сарын 01-нд ашиглалтад орсон. Төлбөрөө 100% төлсөн захиалагч нар орон сууцандаа орсон. Улсын комисс хүлээн авах асуудал нь бичиг баримт бүрдүүлэх, өргөдөл гаргах хугацаа заасан учир бид заасан хугацаанд нь мэдэгдэлээ өгч, улсын комисс ирж үзээд актаа гаргасан. Энэ нь биднээс шалтгаалаагүй юм.

Төлбөр төлөх графикт тусгаснаар байрны төлбөрөө 2016 оны 8-р сарын 01-нд төлж барагдуулсан байхаар тохирсон боловч уг хугацаандаа төлөөгүй, хэрэв төлсөн бол байрыг нь хүлээлгэн өгөх боломжтой. Байр одоо болтол сул байгаа.  байгаа. Нэхэмжлэгч манай хөрөнгө оруулагч Цэнд гээд хүнтэй найз нөхөд гээд манай ажилчиддаа үзүүлсэн хөнгөлөлттэй үнээр байр захиалсан. Тухайн үед барилгын явцын хараад явж байсан учир өөрөө мэдэж байгаа. Цэнд гэж хүнтэй нийлж будилаан үүсгэсэн. Энэ мөнгөө тэр хүнээсээ нэхэх ёстой гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч “Би Жи Эй Транс” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 24,695,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй..., 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан.. гэрээгээр хүлээсэн үүргээ 259 хоногоор хугацаа хэтрүүлсэн...гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 %-тэй тэнцэх алданги төлөхөөр тохирсон...” гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2016 оны 8-р сарын 01-нд төлбөрөө 100% төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй..., ...гэрээний 3.9-р заалтанд 100% төлбөр хийсэн захиалагчид  Улсын комисс хүлээж авсан орон сууцыг хүлээлгэн өгнө..., улсын комисс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан нь биднээс шалтгаалаагүй..., нэхэмжлэгч төлбөрөө одоо болтол төлөөгүй байгаа..., ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж байна.

 

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн 24,695,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Байр захиалах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж ½ тоотод баригдаж буй 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхрын М-8 тоот хаягт байрлах 44,9 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1.100.000 төгрөгөөр тооцон нийт 49.390.000 төгрөг буюу 29.100 ам долларын хөлсийг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 7.000 ам.доллар, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2300 ам.доллар, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу 3 сар дутамд 2.200 ам.долларыг 2016 оны 08 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлж дуусгах, орон сууцны барилгыг 2014 оны 01-р улиралд батлагдсан зураг төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөх, 100% төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, талууд үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 %-тай тэнцэх хэмжээний алдагийг нөгөө талдаа төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Байр захиалах гэрээ”-р тогтоогдож байна.

Талууд гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Зохигчид “Байр захиалах гэрээ”-ний Гурав дугаар зүйлийн 3.1-д “орон сууцны барилгыг 2014 оны 01-р улиралд батлагдсан зураг төсвийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлно...” гэсэнтэй нийцэж байна.

Мөн талууд гэрээний Дөрөв дүгээр зүйлд талуудын хүлээх хариуцлагын талаар тохирсон байх бөгөөд 4.1-д “А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3%-тай тэнцэх алдангийг хоног тутам төлнө” гэж тохирсон нь  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргийг хүлээх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Би Жи Эй Транс” ХХК-ийн захиалгатай 13 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 50 айлын орон сууцны барилга буюу гэрээнд дурьдсан тус орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх ёстой байсан боловч 2014 оны  12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулсан болох нь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014/845 дугаартай акт”-аар тогтоогдож байна. /ХХ-ийн 47-48 дугаар хуудас/ Уг комиссын актад дурсанаар хариуцагч БЖЭТ ХХКнь барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 41/14 дугаартай мэдэгдлийг улсын комисст хүргүүлсэн болохыг дурджээ. Үүнээс үзвэл хариуцагчийн “...барилгыг бид хугацаандаа хүлээлгэн өгсөн, улсын комисс хүлээн аваагүй үйлдэл нь биднээс шалтгаалаагүй тул алдангийг төлөхгүй ....” гэх тайлбарыг үгүйсгэж байгаа төдийгүй гэрээнд заасан хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Н.А нь “Би Жи Эй транс”ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32,711,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,  хариуцагч БЖЭТ ХХКнь Н.Агаас гэрээний үүргийн биелэлтэд 57,714,882 төгрөг гаргуулах, орон сууцыг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхэд тус тус гаргасан байх бөгөөд уг маргааныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/02742 дугаартай шүүхийн шийдвэрээр Н.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Би Жи Эй транс” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардагаас зарим хэсгийг хангаж, Н.Агаас 39,567,069 төгрөг гаргуулан хариуцагч “Би Жи Эй транс” ХХК-д олгон, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Хүнс трейд гудамж ½ хаягт байрлах 40 айлын орон сууцны 2 дугаар орцны 6 дугаар давхрын М-8 тоот орон сууцыг хүлээн авахыг Н.Ад даалгаж, үлдэх 18,122,931 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/02742 дугаартай шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 496 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна. Хариуцагч энэхүү шийдвэрээр талуудын маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж маргаж байгаа боловч энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн гэрээний үүргийн биелэлт буюу ажил гүйцэтгэгчээс орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй хугацааны алдангийг шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхээ алдаагүй байна гэж үзлээ.

Талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй учир гэрээ буюу хуульд заасан алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Хариуцагч БЖЭТ ХХКнь нэхэмжлэгч Н.Агаас гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцон нэхэмжлэгчээс алдангид 13,189,023 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн  болох нь дээрх 184/ШШ2017/02742 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

Иймд ажил гүйцэтгэгч БЖЭТ ХХКнь 2014 оны 1 дүгээр улиралд багтаан орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр биелүүлсэн болох нь тогтоогддог ба хариуцагч энэ үүргээ 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа буюу 259 хоногоор хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна. Алдангийг хариуцагчийн гүйцэтгэх ёстой үүргийг орон сууцны нийт өртөг болох 49,390,000 төгрөгөөс тооцох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр буюу 24,695,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч “Би Жи Эй Транс” ХХК-иас 24,695,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,425 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Би Жи Эй Транс” ХХК-иас 281,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН