| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Батзориг |
| Хэргийн индекс | 148/2017/00441/И |
| Дугаар | 54 |
| Огноо | 2017-12-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 54
“******* ******* *******
Сэрвисэс *******” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: *******************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Энхжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 564 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор “******* ******* ******* Сэрвисэс *******” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Баян-Ундарга” ХХК-д холбогдох “Зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 358.984.293 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай ******* нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баян-Ундарга ХХК, түүнийг төлөөлөн захирал тэй №2016/33 тоот зээлийн гэрээ мөн №2016/22 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан ба гэрээний дагуу Сэлэнгэ аймаг, ******* сум ***дугаар баг, хаягт байрлах 1080.9 га газар тариалангийн зориулалттай газар барьцаалж, 245.000.000 /хоёр зуун дөчин таван сая/ төгрөгийн зээлийг 10 /арав/-н сарын хугацаатай олгосон.
Манай байгууллага зээлийн гэрээний 3.3.3-т заасны дагуу зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч “Баян-Ундарга” ХХК нь будаа хатаагүй нойтон байна, ургац хураалт удаашралтай, цас орсон зэрэг шалтгаанууд хэлэн графикийн дагуу төлөлгүй зээл болон зээлийн төлөлтийг хойшлуулсаар ирсэн.
2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7, Зээлийн гэрээний 2.7, 4.1.1, 4.1.2 заалтуудыг үндэслэл болгон үндсэн зээл болох 245.000.000 /хоёр зуун дөчин таван сая/ төгрөг, тухайн хүү болох 101.286.668 /нэг зуун нэг сая хоёр зуун наян зургаан мянга зургаан зуун жаран найман/ төгрөг, хуримтлагдсан хүү 6.766.666 /зургаан сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.930.959 /таван сая өсөн зуун гучин төгрөг есөн зуун тавин ес/ төгрөг, нийт 358.984.293 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 572 дугаартай шийдвэрээр:
-Иргэний Хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 358.984.293 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ******* Сэрвисэс *******” ХХК-нд олгож,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.952.871 төгрөгийг орон нутгийг орлогод хэвээр үлдээж, ******* ХХК-наас 1.952.871 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* Сэрвисэс ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...“******* ******* ******* Сэрвисис *******” ХХК-ний нэхэмжпэлтэй “Баян-Ундарга” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 10 сарын 19-ний 564 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргасан ба шалтгаан нь өвчний улмаас Улаанбаатар хотод яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай болсон. Энэ тухай холбогдох эмнэлэгийн баримтыг хүсэлттэйгээ цуг өгсөн байхад намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж манай компаниас 358.984.293 төгрөгийг гаргуулахаар болсонд гомдолтой байна. Хэдийгээр нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн боловч зээлтэй холбоотой баримтуудыг шүүх хуралдаан дээр гаргаж өгөх байсан ба нотлох баримт гаргаж, эрхийг мөн хуульд зааснаар талууд эрх тэгшээр мэтгэлцэх эрх, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох эрхийг тус тус хангалгүйгээр илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж эзгүйд шийдвэрлэж байгаа нь иргэний хэргийн хариуцагч нэртэй оролцож байгаа миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 594 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны хуралдаанаар намайг оролцуулах боломжоор хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч тал болох “*******” ХХК-нд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүх хурлын товыг мэдэгдэж улмаар төлөөлөгч т мэдэгдэх хуудас болон хэргийн материалыг танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг. ...Анхан шатны шүүх хариуцагч талд тайлбар гаргах бүрэн боломж нөхцлийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлд зааснаар олгосон. Хэргийн материалыг шүүх хурал болохоос 7 хоногийн өмнө хариуцагч талд танилцуулсан байдаг. Мөн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгчид гардуулахад эрх үүргийг тайлбарлан танилцуулж гарын үсэг зуруулсан баримт хэрэгт хавсаргагдсан байдаг.
Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 42, 72, 100 дугаар зүйлдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар гэж иргэн хариуцагчаар оролцоогүй. Хуулийн этгээд буюу “Баян-Ундарга” ХХК-ийг манай талаас хариуцагчаар татаж, төлбөр гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан. ...Гэтэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан эрх үүргийг эдлэх эрхгүй этгээд гомдол гаргаж байгаа юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн хуулийн этгээд нь өөрийнхөө нэрээр эрх үүрэг үүсгээд, эрх бүхий этгээд нь тамга тэмдэг дарж баталгаажсан бол болох байсан. Ийм эрхгүй этгээд тамга тэмдэг дараагүй байх тул хүчин төгөлдөр бус гомдол юм. Давж заалдах гомдлыг буцааж өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш шүүхэд тайлбар өгөөгүй ба шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу түүнд олгогдсон эрхийг эдлүүлж хариу тайлбар гаргах 14 хоног өгсөн боловч хэргийн материалтай танилцахдаа тайлбар гаргасан. Мөн завсраар нь эд хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой давхар гомдол гаргаж байсан. Энэ асуудлаар нь тухайн шүүхийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүхээр шийдвэрлүүлж, захирамж гарч байсан. Өмгөөлөгчийн хамтаар миний эрх зөрчигдлөө гэж үзэж байсан хүн яагаад өнөөдрийн шүүх хуралд ирэхгүй байгаа юм бэ? Тийм учраас ийн гаргаад байгаа давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* Сэрвисэс *******” ХХК нь “*******” ХХК-д холбогдуулан зээл болон зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүү нийт 358.984.293 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч“*******” ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаарх тайлбар болон тайлбартай холбоотой нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй тул анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж,нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж дүгнэн нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтын талаар зохих дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Хариуцагч ... нотлох баримт гаргах,мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасангүй...гэх үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын үндэслэлийг судлан үзэхэд:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч талд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гардуулсанаас хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн 2017 оны 10 сарын 19-ний өдөр хүртэлх 58 хоногийн хугацаанд хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эсэх талаарх хариу тайлбар, холбогдох баримтаа ирүүлээгүй,анхан шатны шүүхээс талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг нь зохих ёсоор танилцуулсан,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж эрх үүрэг танилцуулсан тухай баримтууд, шүүх хуралдааны тов мэдэгдсэн, хэргийн материал танилцуулсан зэрэг баримтуудаар нотлогдож байгаа, хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангах эсэх талаар гаргасан захирамж нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй гэх гомдлын үндэслэлийг хангах үндэслэлгүй.
Хариуцагч тал нь хуульд заасан хугацаанд тайлбар, баримтаа ирүүлээгүй шалтгаанаа шүүх хуралдаан дээр гаргах гэж байсан гэж тайлбарлаж буй нь хариуцагчийн хуулийн хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүйг зөвтгөх хүндэтгэн үзэх ямар нэгэн үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй байх ба шүүх нэхэмжлэгч хүсэлтийг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ,зээлийн гэрээний үүргийг шаардах эрх болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ хуульд нийцсэн эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийн Иргэний хуулийн зохих зүйл,заалтыг зөв хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байх боловч зээлдэгчийн хариуцлагатай холбоотой Иргэний хууль болон Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохих заалтыг хэрэглээгүй байх тул зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүх ямар баримтыг үндэслэн хариуцагч талыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болох нь тодорхой бус байгааг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 564 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар “Баян-Ундарга” ХХК-аас 358.984.293 төгрөгийг гаргуулан “******* ******* ******* Сэрвисэс *******” ХХК-нд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Баян-Ундарга” ХХК нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2058 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН