Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2017/03674/И |
Дугаар | 2527 |
Огноо | 2018-08-09 |
Маргааны төрөл | Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын гудамж, “Баясах трейд” ХХК-ийн байр, 308 тоотод байрлах, “Баясах атлас” ХХК /РД: 5152925/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Кекүшю цамхаг, 1304 тоотод байрлах, “Омни шипинг” ХХК /РД: 5904986/-д холбогдох,
38 276 706 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэлт-Од, О.Мандахзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Баясах атлас” ХХК-ийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гэрэлт-Од, О.Мандахзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай компани нь хариуцагч “Омни шипинг” ХХК-тай тээврийн зуучийн үйлчилгээний 2017/016 тоот гэрээ байгуулан тээврээ хийлгэж байсан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Хэбэй муж, Чинхандао хотын Qinhuangdao Guangyu Fiberglass ХХК-иас 20 тонн чингэлэг ачааг /барилгын шавардлагын тор/ 2 060 ам.доллароор тээвэрлүүлэх захиалга өгсөн. Дээрх захиалга өгсөн ачааны төлбөр болох 16 525.5 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлэгч тал руу шилжүүлсэн байсан. Ачаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр чингэлэгт ачигдаж бэлэн болсон. “Омни шипинг” ХХК-иас бидэнд өгсөн мэдээллээр бол 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хятадын тээвэр зуучийн компани руу 2 100 ам.доллар шилжүүлсэн, Хятадын тээвэр зуучийн компани ачааг Эрээнд ирэх үед нэмж 6 000 ам.доллар шаардсанаар ачаа саатсан гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан 2017/016 тоот тээврийн зуучийн үйлчилгээний гэрээнд заасны дагуу манай компанийн ачааны үнэ болох 16 562.5 ам.доллар буюу 40 694 062 төгрөгийг хариуцагч “Омни шипинг” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин зарим бараа чингэлэгт багтаагүй учраас тэндээ үлдсэн, үлдэгдэл ачааны хөлс 990 ам.долларыг хассан. Нэхэмжлэлээ шүүхэд гаргах үеийн ханш буюу 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ханшаар буюу 1 ам.долларыг 2 440 төгрөгөөр тооцож нэхэмжлэлээ гаргасан. Иймд хариуцагч “Омни шипинг” ХХК-иас 15 661.5 ам.доллар буюу 38 276 706 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Омни шипинг” ХХК-ийн төлөөлөгч Б.Нямбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Баясах атлас” ХХК-д тээвэр зуучийн үйлчилгээг 2015 оноос хойш хүргэж ирсэн бөгөөд тус компанийн Чинхуандо хотоос авах 20 тонн барилгын шавардлагын тор тээвэрлэх саналыг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авч, Хятадын олон тээвэр зуучийн компанийг судлан хамгийн боломжит үнийн саналыг Циндао Лианг стар компаниас авч нэхэмжлэгч “Баясах атлас” ХХК-д санал болгосон. “Баясах атлас” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тээвэр хийлгэх санал ирсэн, мөн өдрөө Циндао Лианг Стар компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, тээвэрлэлтийн ажлыг эхлүүлсэн. Циндао Лианг Стар компани нь Зенгзоу дахь компанид мөнгөө төлөөгүй, Зенгзоу дахь конпани Шензен Нептүүнэ агентад тээврийн хөлсийг төлөөгүйн улмаас “Баясах атлас” ХХК-ийн ачааг ачсан гэх чингэлэг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс хойш Эрээн хотод гацсан байдалтай байна. Дээрх шалтгаануудын улмаас манай компани нь Циндао Лианг стар болон Зенгзоу дахь залилан хийдэг компанийн хохирогч болсон тул уг асуудалд буруутай гэж үзэхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Баясах атлас” ХХК нь хариуцагч “Омни шипинг” ХХК-д холбогдуулан 16 562.5 ам.доллар буюу 40 694 062 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 38 276 706 төгрөг гаргуулахаар багасгасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчаар тээвэр зуучлуулсан бараа ирээгүйн улмаас барааны үнэ гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь уг үндэслэлийг “...бараа ирээгүйд хариуцагч буруугүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2017/016 дугаартай, “Тээврийн зуучийн үйлчилгээний” гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Гэрээний 1-д зааснаар зуучлагч буюу хариуцагч “Омни шипинг” ХХК нь үйлчлүүлэгч буюу нэхэмжлэгч “Баясах атлас” ХХК-ийн захиалгаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж гарах импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тохиролцсон байна.
Гэрээний агуулга, шинж, зорилго, талуулын эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний үүрэг үүссэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тээвэрлэлтийн явцад гарах тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо, хил боомтын болон сэлгэн ачилтын зардлыг үйлчлүүлэгчийн өмнөөс төлөх, нэхэмжлэгч нь ачаа эцсийн хүрэх өртөөнд ирмэгц хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч “Баясах атлас” ХХК нь БНХАУ-ын Хэбэй мужийн Чинхандао хотын Qinhuangdao Guangyu Fiberglass компаниас 20 тоннын чингэлэгтэй барилгын шавардлагын торыг худалдан авч, төлбөрт 15 661.5 ам.долларыг шилжүүлсэн болох нь Худалдаан хөгжлийн банкны 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн гадаад шилжүүлэгийн даалгавар, мөн үйлчүүлэгчийн бараа Монгол улсад ирээгүй болох нь Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/509 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна. Түүнчлэн, хариуцагч нь уг үйл баримтыг баримтаар үгүйсгээгүй байна.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь 15 661.5 ам.долларын барааг худалдан авч, гэрээний дагуу хариуцагчид захиалга өгсөн, хариуцагч нь уг захиалгын дагуу төлбөрийг холбогдох этгээдэд нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн боловч бараа Монгол улсад ирээгүй байгаа үйл баримтаар хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалсан ачаа Монгол улсад ирээгүйд өөрийн буруутай үйл ажиллагаас болоогүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч нь дээрх үйл баримттай холбоотой буюу нэхэмжлэгчийн захиалсан барааг тээвэрлэсэн БНХАУ-ын компанид залилуулсан гэх гомдлыг шалгаж буй нь Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2018 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 14/1491 тоот албан бичгээр тогтоогдож байх боловч энэ нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол болох барааг худалдан авахад төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монголбанкнаас мөн өдөр зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2 456.20 төгрөг байх бөгөөд 15 661.5 ам.доллар нь 38 467 776 төгрөг болж байна. Гэвч нэхэмжлэгч нь 38 276 706 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалттай харшлаагүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 38 276 706 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны шатанд шүүх хуралдааны танхимыг орхин гарсан, хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсээр атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Омни шипинг” ХХК-иас 38 276 706 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Баясах атлас” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 349 334 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
2018 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2018/02527 | Улаанбаатар хот |