Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00887

 

2021           07            01                                          001/ХТ2021/00887

 

 

 

...................ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03934 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 95 дугаар магадлалтай,

 

...................ын нэхэмжлэлтэй

..................., ................... нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ...................гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019.09.20-ны өдөр Н.Баттөмөрөөс Хьюндай женесис маркийн автомашиныг ...................гаар дамжуулан 49,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл Н.Амарбаярсгалан, ................... нар 2019.10.08-ны өдөр ирж уулзан Хьюндай женесис маркийн автомашиныг чинь авъя, бид зараад ломбарднаас Бенз Е300 маркийн автомашиныг авч, 72,000,000 төгрөгөөр тооцож өгье, таны машиныг 49,000,000 төгрөгт тооцон авч, үлдэгдэл 23,000,000 төгрөгийг бартераар дуусгая гэх саналыг тавьсан. Бид 2019.10.09-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний зүйл болох 72,000,000 төгрөгийн Бенз Е300 маркийн автомашиныг 2019.11.07-ны дотор ...................д шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл ................... нь гэрээнд заасан хугацаанд автомашиныг шилжүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн. Бенз Е300 маркийн автомашиныг шилжүүлэн өгөх шаардлага тавихад машиныг зарсан тул буцаан өгөх боломжгүй мөнгөөр төлье гээд 11 сард 2 удаагийн үйлдлээр нийт 25,000,000 төгрөгийг миний Хаан банкны дансанд буцаан шилжүүлсэн, дараа нь 2,000,000 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 22,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................... шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019.10.09-ний өдөр ...................тай гэрээ байгуулсан нь үнэн. Би Солонгос Улсаас орж ирсэн Хьюндай женесис маркийн автомашиныг 49,000,000 төгрөгөөр үнэлж худалдсан ба автомашины үнэ 45,000,000 төгрөг дээр нэмээд 1 айлын газрыг 4,000,000 төгрөгөөр бодож, нийт 49,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би ...................тай уулзаж мерседес бенз 2014 оны Е300 маркийн автомашиныг санал болгож, 2 талаас ярьж байгаад ................... нь худалдан авахаар болж Хьюндай женесис маркийн автомашиныг буцааж авах үед гэрээ хийсэн ба хэдэн өдрийн дараа ................... нь мерседес бенз Е300 маркийн автомашиныг очиж үзээд сонирхохгүй гэдгээ хэлж бид хоёрын хоорондын наймаа буцсан. ................... манай эхнэр ...................тай хийсэн гэрээгээ өөрөө биелүүлээгүй тул Хьюндай женесис маркийн автомашины үнэ 45,000,000 төгрөгөөс 5 айлын газрын мөнгө болох 27,000,000 төгрөгийг ...................ын данс руу 2019.10.05-ны өдөр 2,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 22,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус бүр шилжүүлсэн. Иймд ................... бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөр тооцоогүй гэж бодож байгаа гэжээ.

 

Хариуцагч ................... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ...................тай 2019.07.09-ний өдөр АНУ-аас орж ирсэн мерседес бенз маркийн 2010 онд үйлдвэрлэсэн автомашиныг худалдсан ба үнийн дүнгийн тодорхой хувьд 5 айлын газар худалдан авсан. Үнийн дүн нь 18,000,000 төгрөг. 4 айлын газрыг 1 айлыг 4,000,000 төгрөгөөр тус бүр бодож 1 айлын газрыг 2,000,000 төгрөгөөр, нийт 18,000,000 төгрөгөөр авсан. ...................тай миний бие тухайн 5 айлын газрыг 2019.08 дугаар сард багтаан өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх, тухайн сард багтаан шилжүүлж өгөөгүй нөхцөлд 5 айлын газрын мөнгө болох 18,000,000 төгрөгийг бэлэн өгнө гэж хоорондын гэрээ байгуулсан боловч ................... нь шилжүүлж өгөөгүй учир хийсэн гэрээгээ зөрчин миний нэр дээр ямар нэгэн газар шилжиж ирээгүй болно. Иймд ...................ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03934 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ...................гаас 22 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................д олгож, нэхэмжлэлээс хариуцагч ...................д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ...................гаас 267 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 95 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03934 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ... гэснийг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 гэж, ... 205 дугаар зүйлийн 205.1 ... гэсний дараа, 205.2.1 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ................... хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж мөн хуулийн 172.2. дугаар зүйлийн 172.2.2 шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1.Шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал заасан ажиллагааг огт хийлгүйгээр хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж зөвхөн зохигчийн хооронд хийгдсэн 2019.10.09-ний өдрийн гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь энэ үйл явдал болохоос өмнө буюу 2019.07.09-ний өдөр ................... би өөрийн өмчлөлийн авто ломбардаас авсан зээлийн барьцаанд байсан Бенз ЖЛК 350 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч ...................д худалдсан. Тодруулбал ................... нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж өөрийн эхнэрийн дүү гэх н.Лувсангийн нэр дээр тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж авсан ба тээврийн хэрэгсэл худалдсны үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөгт тооцож 5 айлын газрыг надад өгөхөөр тохиролцсон. Улмаар ................... нь өөрийн гэр бүлийн гишүүдийн нэр дээрх эзэмшил газрыг гэрээ байгуулан надад хэлбэрийн төдий шилжүүлсэн ба уг гэрээ огт хэрэгжээгүй учир 2019.07 сард хариуцагчид худалдсан Бенз ЖЛК 350 маркийн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ................... нь надад өгөхөөр болсон. Энэ нөхцөл байдлыг мэдэх миний тээврийн хэрэгслийг худалдах гэрээнд худалдагч талаас оролцсон гэрч н.Тэмүүжинг шүүх хуралдаанд гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна. 2. ...................ын надад 2019.10.09-ний өдөр худалдсан хьюндай маркийн тээврийн хэрэгслийг үнэ 49,000,000 төгрөг биш бөгөөд жинхэнэ үнэ нь 45,000,000 төгрөгөөр тохирсон, 4,000,000 төгрөгт надад газар өгөхөөр тохиролцсон тул нийт үнийг 49,000,000 төгрөг гэж бичсэн. Маргааны зүйл болсон хьюндай маркийн тээврийн хэрэгслийг 2019.10.09-ний өдөр хариуцагчаас худалдаж авсан ба түүнд 27,000,000 төгрөгийг өгч үлдэх 22,000,000 төгрөгт надаас худалдаж авсан Бенз ЖЛК 350 маркийн тээврийн хэрэгслийн төлбөрийг үлдэгдэл 22,000,000 төгрөгт бодон харилцан тооцож төлбөр дууссан. Энэ нөхцөл байдлыг ................... өөрөө хүлээн зөвшөөрсөн дүрс бичлэгийг 2020.11.10-ны өдөр шүүхэд гаргаж өгч үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосонд гайхаж байна. Энэ бичлэгийг шүүх үзсэн бол нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тодорхой болж хариуцагч татгалзлаа бүрэн нотлох байсан. Бичлэгийг үзээгүй атлаа намайг бусдын өмнө гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд гэж эргэлзээгүй дүгнэж байгаад туйлын ихээр харамсаж байна. 3. Энэхүү хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд ................... нь надтай холбогдож 2-3 сая төгрөг өгчих би газраа чамд шилжүүлж өгөөгүй учир чамаас худалдаж авсан машины үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөгөө хасаад маргаанаа шийдвэрлүүлэх санал тавьсныг миний бие тухайд үед нь хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь үнэн мөн нь олдоно бид хэн алиндаа өглөггүй байж яахаараа бусдад мөнгө өгдөг юм гэдэг зарчим барьснаас үүдэлтэй. Шүүх хуралдаанд ...................ыг биеэр оролцуулж нүүр тулж мэтгэлцэх, өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн аваагүйд гайхаж байна. Би энэ хүнд нэгч төгрөгний өргүйээ. Дээрх нөхцөл байдлыг тогтоосны дараа шүүх шийдвэрээ гаргасан тохиолдолд ...................ын нэхэмжлэл хэрэгсэхгүй болох нь тодорхой байсан. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

................... нь ..................., ................... нарт холбогдуулан гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч ...................д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ...................д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

 

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч талууд маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар ................... нь 18,400,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдсэн 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/-төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч ...................ын Хаан банкны ...................тоот дансанд гэрээ байгуулсан өдөр шилжүүлнэ, ийнхүү төлбөр төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болох ба Улсын Дээд шүүхээр эвлэрлийг баталгаажуулахаар харилцан тохирсон байна.

 

Эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд  байгуулсан, гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03934 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 95 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч ................... нь 18,400,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, 3,600,000 төгрөгийг хариуцагч ................... нь нэхэмжлэгчид шилжүүлсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.СОНИНБАЯР

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                       Б.УНДРАХ