Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 02936

 

 



 

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02936

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Мөнхтөр Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байрны 20 тоотод байрлах, П. ХХК/,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байрны 20 тоотод оршин суух, Д.А  нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байрны 158 тоотод байрлах, Б ХХК -д холбогдох,

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 5А байр, 12 тоотод оршин суух, Я.А,

            Гэм хорын хохиролд 305,027,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Отгончимэг, хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, гэрч С.Идэр, Ч.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П. ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П. ХХК нь Б ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн үйлдвэр, ажлын байрыг 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн юм. Б ХХКХХК нь түрээсийн гэрээний дагуу тухайн үйлдвэр, ажлын байрыг түрээслэж байх хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө гал гарч үйлдвэр, ажлын байр шатсаны улмаас манай компанийн үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж эд зүйлс устаж 305,027,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3/4 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр тогтоогдож тухайн галыг санаатай тавьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай Прокурорын тогтоол гарсан. Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д Түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гаргасан ажиллах ба хөрөнгөнд ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна гэж заасан тул П. ХХК-д учирсан хохирол болох 305,027,000 төгрөгийг Б ХХКХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч П. ХХК болон Д.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч П. ХХК нь Б ХХКХХК-д өөрийн ажлын байрыг түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн. Б ХХКХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарч манай компанийн 73 нэр төрлийн 90,957,000 төгрөгийн эд хөрөнгө галд шатсан. Иймд дээрх мөнгийг П. ХХК нь нэхэмжилж байна. Д.Аминий өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө шатсаны улмаас Үнэлгээний төвийн өртгийн хандлагын аргаар тооцсон үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийн үнэ 214,070,000 төгрөг гарсан тул Д.Аби Б ХХКХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч П. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П. ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б ХХК-иас 305,077,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. П. ХХК нь Б ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж байр түрээслүүлсэн. Б ХХКХХК нь түрээсийн гэрээний дагуу тухайн ажлын байрыг түрээсэлж байх хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжих шөнө түрээсэлж байсан ажлын байр, үйлдвэрт гал алдсан. Энэ гал цахилгааны холболт, хэт ачааллын улмаас гарч ажлын байр шатсан. Шатсаны улмаас П. ХХК-ийн тоног төхөөрөмж, эд зүйлс устаж эд материалын хохирол учирсан бөгөөд энэ нь Гамшиг судлалын шинжээчийн дүгнэлт, 2015 оны хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Галыг санаатай тавьсан нөхцөл байдал тогтоогдоогүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлыг иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 тоот Прокурорын тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу Б ХХК-иас учирсан гэм хорыг нэхэмжилсэн. Б ХХК болон П. ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар түрээслэгч ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гаргаж ажиллах ба ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмших, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна гэж заасан байсан. Энэ гал П. ХХК-иас шалтгаалаагүй, Б ХХКХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан учраас учруулсан хохирлоо нэхэмжилж байна. Шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодотгож Б ХХК нь П. ХХК-ийн хөдлөх хөрөнгө 90,000,000 төгрөгт гэм хор учруулсан гэх баримтыг хавсаргаж өгсөн. Б ХХКХХК-иас 90,957,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П. ХХК ганц гишүүнтэй, үүсгэн байгуулагчтай компани бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Үл хөдлөх хөрөнгө нь Д.Аминий нэр дээр байдаг. Д.А миний бие П. ХХК-д уг үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бичгийг өгсөн. Үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний аргачлалаар буюу үнэлгээний төвийн гаргасан тооцоогоор 214,070,000 төгрөг гэж байсан. Энэ төгрөгийг гэм хор учруулсан Б ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

            Хариуцагч Б ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 398 дугаартай тогтоол болон Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд манай байгууллага болон миний буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гараагүй. Гэм буруутай гэж тогтоогдоогүй гэж ойлгож байгаа учраас П. ХХК-ийн 305,027,000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Манай компанийн хувьд үйлдвэрт хэвлэгдэж байсан 8 дамжлага бүхий тоног төхөөрөмж, бараа материал бүгд галд өртөж шатсан тул би ч хохирогч болсон. П. ХХК-ийн нэхэмжилсэн 305,027,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр П. ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө гал гарч шатсан. Манай компанийн хувьд мөн 85,000,000 төгрөгийн хохирол учирсан үнэлгээний дүгнэлт байгаа. Дан ганц П. ХХК-нд хохирч, галд өртсөн юм биш. Адилхан хохирсон гэж үзэж байна. Галын дүгнэлт болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Геологийн төв лабораториос гарсан шинжилгээнд манайх буюу Б ХХКХХК-иас болж гарсан гэсэн үг, өгүүлбэр байхгүй байгаа гэж үзэж байгаа. Анх надаас П. ХХК нэхэмжилж байсан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа хоёр хуваасан. 214,070,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, склад шатсан байгаа гэдэг. Энэ бол хэргийн материалд байгаа зургаас харахад юу ч байхгүй шатсан юм бол биш. Дээвэр хэсгээрээ шатсан, салхины чиг урдаасаа хойшоо байсан учраас манай тал их шатсан. Гэтэл хамаг юм шатсан гэсэн байна. Сэргээн засах ямар нэгэн боломж байхад үнэлгээний төвөөр тэр чигт нь нурааж байгаад үнэлүүлсэн. Хэргийн материалыг дахин дахин харж байхад иймэрхүү юм ажиглагдаж байна. Нэхэмжлэгч нарын гаргасан 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би мөн адилхан хохирсон. Миний үйлдвэр бол миний өөрийн гараар байгуулсан үйлдвэр. Энэ үйлдвэр маань гал гараад шатсан одоо ямар ч үйл ажиллагаа явуулахгүй 3-4 жил шүүх, цагдаа гээд л явж байна гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Зао Фин 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хятад улсад нас барсан. Нэхэмжлэгч Д.Ань 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000158811 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж хуурамч бичиг баримт бүрдүүлээд 000345458 тоот гэрчилгээг гаргасан үйлдэлд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс Д.Анхтуяад холбогдуулан 201526022125 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж уг хэрэг нь Прокурорын шатанд хянагдаж байгаа. ОДоо эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч Д.Ань 1998 онд манай нөхрийн компани болох Хятад улсын Кайти компани, өөрийнх нь Сан мери ХХК-тай харилцан тохиролцож П. ХХК-ийг анх байгуулж байсан. Анх Кайти компани нь 49 хувь, Сан мери ХХК нь 51 хувийн эзэмшихээр зааж, 1998 онд гэрээ байгуулсан байдаг. Дүрмийн санг нь тус даргыг нь оруулахаар тусгасан байдаг юм. Кайти компани нь тоног төхөөрөмж 11,517,000 төгрөг, барилгын материал 22,183,000 төгрөг нийт 33,700,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэтэл Сан мери ХХК нь 53,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон юм. Гэвч гэрээнд заасан хэмжээнд хөрөнгөө оруулаагүй. Тэр үед ямар ч байсан компаниас хөрөнгөө оруулаагүй ч гэсэн үйл ажиллагаа эхлэхээр болсон. Хятад улсаас 6 вагон барилгын материал, шилэн хөвөн, хар цаас, будаг зэргийг ачуулсан. Монголд өөрөөс нь гааль, татварын хураамж зэргийг төлөх байсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хэлэхэд П. ХХК-ийн хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулах 49 хувиа хангаж чадахгүй байна гэсэн хуурамч гарын үсгийг хийгээд гэрчилгээгээ дан ганц П. ХХК-нд гаргуулаад одоо нэхэмжлэл гаргаад явж байна. П. ХХК-г татан буулгахаар тохиролцсон байхад татан буулгаагүй. Д.Анхтуяагийн нэхэмжлээд байгаа зүйл бүгд манай нөхрийн өмч юм гэжээ.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П. ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 305,027 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.Ахамтран нэхэмжлэгчээр оролцож, нэхэмжлэгч П. ХХК нь эд хөрөнгөнд учирсан хохиролд 90,957,000 төгрөг, Д.А нь үл хөдлөх хөрөнгийн хохиролд 214,070,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч П. ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө түрээслэгч тал болох Б ХХК-ийн буруугаас түрээслүүлсэн байранд гал гарч П. ХХК-ийн тоног төхөөрөмж, эд хөрөнгө устаж нийт 90,957,000 төгрөгийн хохирол учруулсан гэж, нэхэмжлэгч Д.Ань уг гал гарснаас өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байрлалтай 2016 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд 214,070,000 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлыг арилгуулахаар тус тус шаардлага гаргасан.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Ань уг үл хөдлөх эд хөрөнгийн ногдох хэсгийн өвлөгч Я.А А.Чингүүн, охин А.Гүнжлхам нар тул Д.Ашүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.А нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байршилтай 2016 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2205017735 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

 

            Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй байсан БНХАУ-ын иргэн Зао Гүйпинд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А, хүү А.Чингүүн, охин А.Гүнжлхам нарыг тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дугаар шийдвэр хэрэгт авагдсан.

 

            Дээрх баримтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.А, өвлөгч Я.А, А.Чингүүн, А.Гүнжлхам нар байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, өвлөгч нь эд хөрөнгөнд учирсан хохирлоо шаардахад хамтран өмчлөгч, өвлөгчөөс зөвшөөрөл авах шаардлагагүй тул Д.А хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар П. ХХК нь Б ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө түрээсийн байранд гал гарч тэдний эзэмшиж, ашиглаж байсан үйлдвэр, тоног төхөөрөмж, эд зүйл, Сан мери ХХК-ийн эзэмшлийн талбай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байрлалтай 2016 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтас 5-6, 74, 76 дах тал/

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхээр зохицуулсан байдаг.

 

            Цагдаагийн байгууллагаас гал гарч эд хөрөнгөнд хохирол учирсан талаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн Прокурор газрын прокурорын 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор мөрдөн байцаалтын явцад ... П. ХХК болон Б ХХК-ийн албан тушаалтнууд нь галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу галаас урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны холболт, үйл ажиллагаа явагдах үед галаас урьдчилан сэргийлэх талаар зохих ажиллагаа явуулж байсан ч гал гарсан нөхцөлийг урьдчилан мэдэх боломжтой байсан эсэх, галыг аливаа зорилгоор санаатай тавьсан гэх баримтууд тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж дүгнэн 2014260006363 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтас 7 дах тал/

 

            Гал гарсантай холбоотой хийгдсэн Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 9/62 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас 16-18 дах тал/-ийн 2, 3-т Гал түймэр нь угсралт болон техникийн гэмтлээс (богино холболт, хэт ачаалал шилжилтийн эсэргүүцэл г.м) үүдэлтэй гарсан, ...тухай гал зуухнаас болж гарсан гэх үндэслэлгүй байна. 4-т Шатсан агуулахын дам нурууны нүүсжилтийг тодорхойлоход П. ХХК-ийн 380 вольтийн тэжээлийн кабелийн цахилгаан монтажийн зураг дээрх В буюу 1-р зурагт харуулсан тухайн хэсгээс эхлэн гарч улмаар тархан дэлгэрсэн гэж шинжээчийн бүрэлдэхүүн үзэж байна. 5-д Тухай гал түймэр нь хүний хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэх үндэслэлгүй болно гэж, Геологийн төв лабораторийн цахилгааны утсанд хийсэн рентген бүтцийн чанарын шинжилгээ /2 дугаар хавтас 12-17 дах тал/-ээр 1.380 вольтын шийднээс авсан хөнгөнцагаан утас гэх дээжинд хөнгөнцагааны А1 2.Баялаг коллектын агуулахын шийдний автомат гэх дээжид Хөнгөнцагаан бөмбөлөгт: хөнгөнцагаан А1, цайр Zn, цайрын исэл ZnO. Зэс утсанд: цэвэр зэс Cu, зэсийн исэл Cu2O, цайр Zn, цайрын исэл ZnO зэрэг илэрсэн гэж, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 39/2921 дугаар дүгнэлт /2 дугаар хавтас 96 дугаар тал/-ийн 1-д гал түймэр гарсан шалтгаан нь: Цахилгааны богино холболтын улмаас уг гал гарсан байх магадлал өндөр байна. 2.Галын голомт агуулахын голын хананы хэсгээс үүсч урагшаа чиглэлтэй шатсан байна. улмаар гал унтраах үед салхины чиглэлд өөрчлөлт орж салхи тогтворгүй байсан болно. 3.Гарсан гал нь хүний хүчний зүйлийн үйлчлэлээр үүсэн эсэх /шүдэнз, асаагуур лаа/ зэрэг зүйлээс үүсэлтэй эсэх нь тогтоогдохгүй байна. 4.Хүний хүчин зүйлийн үүсгэгдээгүй ба гэрэл цахилгаан /шил, төөнүүр/ зэрэг зүйлээс үүссэн байх магадлал өндөр байна. 5.Шинжилгээнд ач холбогдол бүхий өөр нөхцөл илрээгүй болно. Нэмэлт хариулт: Хэргийн газрын үзлэгээс үзэхэд цахилгааны нөлөөнөөс гар гарсан байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт тус тус гарсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гал гарсан байдал, шалтгаан нөхцөлд холбогдох байгууллага шалгалт хийж, дүгнэлт гаргасан байх боловч хариуцагч Б ХХКХХК-ийн хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэх байдал нотлогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний хугацаанд гал гарч эд хөрөнгөнд хохирол учирсан байх боловч гал гарах болсон шалтгаанд гэм буруутай этгээд тогтоогдоогүй, хариуцагч Б ХХКХХК нь гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар хариуцагч Б ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 90,957,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П. ХХК, 214,070,000 төгрөг гаргуулах тухай Д.Анарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 90,957,000 төгрөг гаргуулах тухай П. ХХК-ийн нэхэмжлэл, 214,070,000 төгрөг гаргуулах тухай Д.А-ийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П. ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,683,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

                        ШҮҮГЧИД М.МӨНХТӨР

                                                                                    Ч.МӨНХЦЭЦЭГ