Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 3

 

Капитал банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00919/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1171 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Капитал банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : “Дархан Ханжаргалан” ХХК-д холбогдох

“зээлийн төлбөр 86.424.246,80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай  иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Ургац хүнс”  ХХК-ийн захирал Г.Лхагвачулуунаас:

Төлбөр төлөгчийн хувиар миний эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшаар үнэлж чадаагүй хэт доогуур тогтоосон нь надад хохиролтой байна. Өмнө нь 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Я.Батбаярын гаргасан үнэлгээнд 96.800.000 төгрөгөөр үнэлснийг дахин үнэлгээ хийлгэхэд энэ үнэлгээчин бүхэл бүтэн 7 жилийн дараа үнэлгээ тогтоохдоо 102.740.925 төгрөг буюу 5.940.925 төгрөгийн зөрүүтэй үнэлсэн нь наад захын 7 жилийн өмнөх төгрөгийн ханш хэд дахин өсөж байхад миний эд хөрөнгүүдийн үнэлгээ яагаад өсдөггүйг, үнэлгээнд хамрагдсан Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар брак “Ургац хүнс” ХХК-ийн хашаанд байрлах конторын барилга зэрэг нь үнэлгээнд хамрагдсан үл хөдлөх хөрөнгүүдээс аль хөрөнгө нь 5.940.925 төгрөгөөр өссөн аль эсвэл нийт хөрөнийг багцалж өсгөсөн үнэлгээ юм уу гэх зэрэг нь ойлгомжгүй тодорхой бус байдлаар бусдын хөрөнгийг үнэлсэн    үнэлгээгээр   албадан   дуудлага   худалдаа зохион байгуулах гэж байгаа нь шударга бус байна. Иймд  102.740.925 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дуудлага худалдааг зогсоож албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгээс:

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1168 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгчид сайн дураар биелүүлэх мэдэгдэл гардуулж барьцааны хөрөнгийг Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ГД-00167105 дугаартай Ү-20030011450 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар брак “Ургац хүнс” ХХК-ийн хашаанд байрлах 69,0 мкв талбайтай 3 машины гараж, ГД-000167517 дугаартай, Ү-2003009307 улсын бүртгэлийн дугаартай Дархан сумын 5 дугаар багт байрлах 18 дугаар брак байрны дунд хэсэгт орших 98,4 мкв талбайтай ажлын байр мөн брак байрны 113,0 мкв талбайтай ГД-00711698 дугаартай Ү-2003009223/А улсын бүртгэлийн дугаартай баруун жигүүр, Ургац-Хүнс ХХК-ийн хашаанд байрлах конторын зориулалттай ГД-000127707 дугаартай Ү-20030011291 улсын бүртгэлийн дугаартай барилга, Дархан сумын 5 дугаар баг, 7 дугаар байрны 97 тоот ГД-000161521 дугаартай Ү-2003005723 улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц, ГД-0079203 дугаартай 809,31 мкв хорин жилийн хугацаатай эзэмших газар зэрэг нь үл хөдлөх хөрөнгүүд мөн ДАА 18-91 улсын дугаартай Тоёото Кроун маркийн суудлын автомашин, ДАА 23-18 улсын дугаартай Киа Веста маркийн саарал өнгийн микро автобус, ДАР 1301 улсын дугаартай Тоёото маркийн ачааны машин зэргийг битүүмжилж хадгалалт хамгаалалтыг Г.Лхагвачулуун, Д.Мягмарсүрэн нарт хариуцуулан үлдээж төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул хураан авч талуудаас үнийн санал авахад зөрүүтэй байсан тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 96.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнэлгээг танилцуулан 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол  гарч 2010 оны 05 дугаар сарын 18-ны анхны дуудлага худалдааг зохион байгуулахад сонирхогч этгээд оролцоогүй, худалдан борлогдоогүй тул 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гарч 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахад мөн адил сонирхогч этгээд оролцоогүй, худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар дээрх барьцаа хөрөнгийг төлбөр авагч Капитал банкинд санал болгох явц буюу 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2895 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд хоёр дахь дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцааж байна.

Үүнд:   1. Барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд үнэлгээний тайланд Ургац-Хүнс ХХК-ийн эд хөрөнгийг 146.772.750 төгрөгөөр үнэлж ирүүлснийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгч төлбөр авагч нарт цаг хугацаанд нь хуулийн дагуу танилцуулж тайлбарыг авч байсан бөгөөд /2002 оны/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар хуулийн хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд тухайн үедээ гаргаагүй бөгөөд хуулийн хугацаа өнгөрсөн барьцаа хөрөнгийг дахин үнэлүүлэх боломжгүй тул эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

     “Ургац хүнс” ХХК-ийг жил бүр шүүхэд хандаж хэрэг удааширч байгаа. 49 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Манайх шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй адил нэг саналтай байна. Шүүхийн шийдвэрийн ажиллагааг дэмжиж оролцож байна гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185  дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ургац хүнс” ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ

“Ургац хүнс” ХХК-ийн захирал Г.Лхагвачулуун давж заалдсан гомдолдоо:

Миний хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшаар үнэлж чадаагүй 7 жилийн дараа үнэлгээ хэт доогуур тогтоосон нь илт хохиролтой үнэлгээ хийгдсэнээс гадна өмнөх үнэлгээгээс 5.940.925 төгрөгөөр өссөн хэсэг нь үнэлгээнд хамрагдсан нийт эд хөрөнгүүдийн яг аль хөрөнгө дээр үнэлгээ өөрчлөгдсөн болох нь тодорхойгүй учир дутагдалтай үнэлгээгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа явагдах гэж байгаа учраас эрх ашгаа хамгаалуулах зорилгоор зөв үнийг тогтоолгох зорилготой түүнээс биш ямар нэг хариуцлагаас зайлсхийх зорилгогүй болно. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Ургац хүнс” ХХК хариуцагч  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан  201007000687 дугаартай тогтоолоор тогтоосон эд хөрөнгийн үнэлгээ, албадан дуудлага худалдаа зохион  байгуулах тухай тогтоолыг   хүчингүй  болгуулах  шаардлага  гаргасныг,

            хариуцагч Дархан-Уул аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  алба  барьцаа  хөрөнгийн үнэлгээний тайлан  2016 оны  06 дугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд  “Ургац хүнс” ХХК-ийн эд хөрөнгийг  146.772.750 төгрөгөөр  үнэлж ирүүлснийг  2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч, авагч нарт танилцуулж, тайлбар  авч  байсан бөгөөд  2002 оны Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т  зааснаар үнэлгээтэй холбоотой  гомдлыг шүүхэд гаргаагүй, хуулийн хугацаа өнгөрсөн, эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэж үзэх  үндэслэлгүй хэмээн маргажээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн  2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1168 дугаар шийдвэрээр “Ургац хүнс” ХХК-аас  62.531.164 төгрөг  гаргуулж  Капитал банкинд  олгох,  төлбөрийг   сайн дураар  гүйцэтгээгүй тохиолдолд  үүргийн гүйцэтгэлийг барьцаа үл хөдлөх хөрөнгөөр  хангуулахаар   шийдвэр, гүйцэтгэх  хуудсанд   тусгагдсан байна.

Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх алба нь  дээрх гүйцэтгэх баримт бичигт  үндэслэн  шийдвэр гүйцэтгэх  ажиллагааг  явуулж  2010 оны  03 дугаар сарын 12-нд   төлбөр төлөгчийн эд хөрөнгийг  битүүмжилж   \х.х-42 дугаар тал\  мөн өдөр  эд хөрөнгийг хураах   \х.х-43 дугаар тал\, төлбөр төлөгч, авагч нарын  саналыг  авах,  шинжээч  томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ  тогтоолгох, дуудлага худалдаа зохион байгуулах комисс  томилох,  хоер удаагийн албадан дуудлага  худалдаа  явуулах ажиллагаануудыг хийсэн ба төлбөр төлөгч  “Ургац хүнс” ХХК  Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан  “Хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинээр гаргуулах” гомдол гаргаснаар  тус хэргийг   Дархан-Уул аймаг дахь сум  дундын шүүхийн   2015 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн  1286 дугаар  шийдвэрээр 2010 оны  05 дугаар сарын 25-ны өдрийн  тогтоолоор зарласан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, барьцаа эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох ажиллагаа гүйцэтгэхийг  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  үүрэг болгосон \х.х-147 дугаар тал\  байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  дахин  шинээр  явуулж, эд хөрөнгө  битүүмжлэх,  эд хөрөнгө хураах,төлбөр төлөгч, авагч нараас үнийн санал  авах, төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаа олгох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох  ажиллагааг  2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай  хуулийн 36, 37 дугаар зүйлд заасны дагуу явуулсан  байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.3-т  “Төлбөр төлөгч, төлбөр авагч  эд хөрөнгийн үнэлгээний талаархи  гомдлоо  үнэлгээ тогтоосон өдрөөс хойш  7 хоногийн  дотор шүүхэд  гаргаж болно”  гэж  заажээ. Гэтэл  төлбөр төлөгч “Ургац хүнс”  ХХК  нь   2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй тухай гомдлыг  2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд  гаргасныг  шүүх  хүлээн авч улмаар гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй ба  энэ талаар анхан шатны  шүүхийн  дүгнэлт хуульд   нийцсэн  байна.

Нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дуудлага худалдааг зогсоож, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай  тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэснээс  үзэхэд  хөрөнгийн үнэлгээг  хүчингүй болгуулахаас гадна албадан дуудлага худалдаа  зохион байгуулах тухай  тогтоолыг  мөн хүчингүй болгуулах  тухай  гомдол   гаргасан гэж  үзэхээр  байна.

Өөрөөр хэлбэл  “Капитал зууч”  ХХК-ийн  үнэлгээний тайлан  мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны ахлах  шийдвэр гүйцэтгэгчийн  2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 201007000678 дугаартай  “Албадан дуудлага худалдаа  зохион байгуулах  тухай”  тогтоол нь  өөр өөр  үр дагавар, өөр өөр зорилго бүхий  эрхийн актууд  юм.

Анхан шатны шүүхийн  шийдвэрийн  тогтоох хэсэгт  “...Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан  үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй  болгосугай.” гэсэн байгаа нь  шүүхийн  шийдвэр тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг  шийдвэрлээгүй гэж  үзэхээр байгаа тул  шүүхийн  шийдвэрт  найруулгын өөрчлөлт  оруулах нь  зүйтэй.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  явуулахдаа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүх маргааны харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй  орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дүгээр заалтыг,

“Иргэний хуулийн  177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар  зүйлийн  55.7-д заасныг баримтлан  нэхэмжлэгч  “Ургац хүнс” ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  холбогдуулан  гаргасан 201007000678 дугаар тогтоолын  үнэлгээг, албадан дуудлага худалдаа  зохион байгуулах  тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.”  гэж  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                             

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                           ШҮҮГЧИД                                          С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ