Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 6

 

Капитал банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00919/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1171 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Капитал банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Дарханхан жаргалан” ХХК-д холбогдох “зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 86.424.246,80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай  иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч Капитал банкны Дархан салбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн нараас:

“Дарханхан жаргалан” ХХК нь Капитал банктай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 332 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй олгохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу  ээлжийн санхүүжилт 80.000.000 төгрөгийг банк өөрийн эх үүсвэрээс олгосон  боловч Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангаас тус зээлийн санхүүжилт хийгдээгүй учраас үлдэгдэл 120.000.0000 төгрөг олгогдоогүй болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг, 17-р байрны зүүн хойд талд байрлалтай улсын бүртгэлийн  Y-2003016383 дугаарт бүртгэгдсэн 90 мкв талбайтай амины орон сууц, Дархан сум 9 дүгээр баг 17-р байрны ард талд байрлалтай № 080153620 20 жилийн хугацаатай эзэмших газар, Дархан   сум   10 дугаар баг,    2 дугаар хороолол 4 дүгээр байрны  178 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 18 мкв 1 өрөө орон сууц тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж банкны шаардлагыг үл биелүүлж байх тул тус компанийн  бизнесийн үйл ажиллагаа нь зогссон, зээлийг эргэн төлөх найдваргүй  болсон  тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж үндсэн зээл 79.827.826.50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070.50 төгрөг, нийт 86.404.246.80 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, бүгд 86.424.246.80 төгрөгийг гаргуулж төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Зээлээс нийт  үндсэн зээлийн төлбөр 172.173.50 төгрөг, зээлийн хүүнд 15.760.383,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.443.73 төгрөг төлсөн байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

Энэ хэргийн хариуцагчаар нэг иргэнийг 2 хувааж хариуцагч болон хамтран хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд иргэн Д.Энхтуяа нь “Дарханхан жаргалан” ХХК-ийн захирлын хувьд аж ахуйн нэгжийн хувиар банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд хувь хүний хувиар зээлийн гэрээ байгуулаагүй юм. Харин  зээлийн гэрээ байгуулах үед банкны шаардлагаар хамтран зээлдэгч гэдэг дээр гарын үзэг зурсан. Иймээс энэ хэргийн хариуцагч нь “Дарханхан жаргалан” ХХК болно. Барилгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх автомат ажиллагаатай үйлдвэр барих зорилгоор төсөл боловсруулж 200.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан боловч  эхний ээлжинд Капитал банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр 80.000.000 төгрөгийн зээлийг олгохооор болж үлдэгдэл 120.000.000 төгрөгийг зээлийн батлан даалтын сангийн батлан даалт гаргасны дараа хөрөнгө оруулалт орж ирэхээр  тохирсон. Капитал банк “Дарханхан жаргалан ХХК-тай 200.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч  зээлийн батлан даалтын сангаас 120.000.000 төгрөгийн зээл өгөхөөс татгалзсан.

Капитал банк хариуцагч “Дарханхан жаргалан” ХХК-тай 200.000.000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ хийчихээд 80.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд барьцаанд авсан 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнээс илт доогуур буюу олгосон 80.000.000 төгрөгийн зээлэндээ тохируулан үнэлж барьцааны гэрээ хийсэн нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Барьцааны гэрээнд 3 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ нь өмчлөгчийн үнэлгээгээр 237.000.000 төгрөгийн үнэтэй  үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд авсан байгаа нь тус банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Тус банкнаас авсан 80.000.000 төгрөгийн зээлийг өөрийн боломжоор төлнө харин дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардаж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1171 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Капитал банк “Дарханхан жаргалан” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №332 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Дарханхан жаргалан” ХХК-иас зээлийн үндсэн төлбөр 79.827.826.50 төгрөг, зээлийн хүү 5.480.350.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.096.070,05 төгрөг, нийт 86.404.246.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг Дархан сум  9 дүгээр баг, 17 дугаар  багш нарын байрны зүүн хойд талд байрлалтай 000214347 улсын бүртгэлийн дугаартай 90 мкв талбай бүхий амины орон сууц,  Дархан сум 9 дүгээр баг 17 дугаар багш нарын байрны ар талд байрлалтай 20 жилийн хугацаатай 000451710 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар,  Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 178 тоот 18 мкв 000166987 улсын бүртгэлийн дугаартай  18 мкв 1 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 590.072 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дарханхан жаргалан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 590.072 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Капитал банк 200.0 сая төгрөг зээлдүүлэх зээлийн болон барьцааны гэрээ хийсэн атлаа 80.0 сая төгрөгийн зээлийг олгож 237.0 сая төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаасан авсан байгаа нь гэрээний эрх тэгш байдлыг алдагдуулсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа, барьцааны гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу барьцаа хөрөнгө тус бүрийн үнийг тодорхой заагаагүй, талбайн хэмжээг буруу тогтоосон, өмчлөгчийн талаарх мэдээллийг тусгаагүй, барьцааны зүйлийн үнийг хэт доогуур тогтоосон байгаа тул хариуцагчийн зүгээс “барьцаа хөрөнгийг одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэх, барьцаа хөрөнгийн талбайн хэмжээг тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэх шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан  боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-т заасан гэрчээс мэдүүлэх авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” 38.6-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага хувь хүний нууцтай  холбоотой өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Капитал  банкны Дархан-Уул аймаг дахь салбар  “Дарханхан жаргалан” ХХК болон  Д.Энхтуяа нарт холбогдуулан  зээлийн гэрээ цуцалж,  гэрээний  үүрэгт  86.424.246  төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг  шүүхэд гаргасан байна.

            Шүүх  тус нэхэмжлэлийг хүлээн авч  хариуцагч  “Дарханхан жаргалан” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг  үүсгэж  “Дарханхан жаргалан” ХХК-иас  төлбөрийг  бүрэн гаргуулж  шийдвэрлэжээ.

            Дээрх байдлаас үзэхэд  нэхэмжлэгч нь  хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад  шүүх  нэг  хариуцагчид нь  иргэний хэрэг үүсгэж, нөгөө хариуцагчид  хэрэг  үүсгээгүй  орхигдуулж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  28 дугаарзүйлийн 28.1, 28.3-т заасныг зөрчсөн байна. 

           Нэхэмжлэгч нь хариуцагчаар  хуулийн этгээдийг болон иргэнийг татаж нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр  зээлийн гэрээг ирүүлжээ.

          Уг гэрээнд  Д.Энхтуяа нь “Дарханхан жаргалан”  компанийг  төлөөлсөнөөс гадна   хамтран  зээлдэгчийн хувьд   гарын үсэг зуржээ.

          Энэ байдлаас үзэхэд  зээлийн гэрээний   үүрэг гүйцэтгэгчид нь  хуулийн этгээд болон иргэн байх тул  нэхэмжлэгч  нь  үүрэг гүйцэтгэгч нараас  үүргийн гүйцэтгэлийг  шаардах эрхтэй юм.

           Гэхдээ хамтран  үүрэг гүйцэтгэгч нараас   үүргийн гүйцэтгэлийг  шаардахдаа  Иргэний хуулийн  242 дугаар зүйлд  заасны дагуу  тодорхой  зааж  шаардлага гаргах  ёстой бөгөөд ингэснээр  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад  чухал ач холбогдолтой болно.

           Хэргийн үйл баримтаас  үзвэл нэхэмжлэгч нь  хамтран хариуцагч нарыг  гэрээний дагуу тодорхойлсон боловч  хариуцах  үүргийн талаар  нэхэмжлэлийн шаардлагад тодорхой  дурдаагүй, шүүх   нэхэмжлэлийн шаардлагыг  тодруулах ажиллагаа  хийгээгүй  нь учир дутагдалтай болжээ.  

Түүнчлэн шүүх иргэний хэргийг  хуулийн этгээдэд холбогдуулан  үүсгэсэн   байтал   шүүгчийн  захирамж,  нэхэмжлэлийн хувийг Д.Энхтуяад  гардуулж,  “Дарханхан жаргалан” ХХК-д  гардуулаагүй  \хх-26, 27 дугаар тал\, хэргийн оролцогчийн хуулиар  олгогдсон эрхийг  бүрэн  хангаж  ажиллаагүй   байна. 

           Иймд анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны  шүүхээс  шийдвэрт   өөрчлөлт оруулах журмаар  залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь  зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  мөн шүүхэд буцаасугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар  хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг, шүүгчийн захирамжаар  буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ           

                                       ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                             С.ЭНХЖАРГАЛ