Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 794

 

 

 

 

 

 

                                                       

 

Ц.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Ц.Хулан,

хохирогч Г.Өсөхбаярын өмгөөлөгч А.Зүмбэрэл,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/428 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ад холбогдох эрүүгийн 201425005570 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.А нь Г.Өсөхбаяртай хамтран барилга барьж түүний ашгийн хуваарилалтад өс санаж буюу өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Өсөхбаяр гүйцэтгэх захиралтай УУСА /UUSA/ нэртэй компанийн тамгатай цаасыг ашиглан 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Өсөхбаярт 60.000 ам.долларыг 01 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хуурамчаар үйлдэн иргэний шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, Г.Өсөхбаярт 60.000 ам.доллар буюу 70.009.000 төгрөгийн /1 ам.доллар 1250 төгрөг 15 мөнгө/ онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ц.Аыг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Ад Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн яллах талын нотлох баримт болох гэрч О.Алтансувд, Б.Хоролбат нарын мэдүүлэг болон шинжээчийн 6385 дугаартай дүгнэлтийг үндэслэн Ц.Аыг гэм буруутайд тооцсон ба энэ хэрэгт авагдсан цагаатгах талын нотлох баримтууд болох гэрч Г.Батхишиг, түүний тэмдэглэлийн дэвтэрт хийгдсэн үзлэгийн тэмдэглэл болох “Г.Өсөхбаярт 60 мянган ам.доллар зээлэв” гэсэн бичээс, гэрч Ц.Баттулга, И.Мэндсайхан нарын мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй, Зээлийн гэрээ, Мөнгө хүлээлгэн өгсөн баримт дахь гарын үсгийг 3 удаагийн шинжилгээгээр “Г.Өсөхбаярын гарын үсгийг дуурайлган зураагүй” гэх үйл баримт нотлогдсон бол хамгийн сүүлийн буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6385 дугаартай дүгнэлтээр “цаасны өргөний хэмжээ 0,2 мм зөрүүтэй, ...2 гарын үсгийн будагч бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдэгдээгүй байх боломжтой” гэх үйл баримтыг тогтоосон байх боловч цаасны хэмжээс зөрүүтэй байх, мөн тамга, тэмдэг дарагдаагүй нь тухайн баримт бичгийг хуурамч гэдгийг шууд нотлохгүйн дээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 сарын 15-ны өдрийн 09/1693 дугаартай албан бичиг /2 хх 129/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 04/4639 дугаартай албан бичиг /3 хх 44/ -үүдээр “шинжилж буй баримт бичгийг устгахгүйгээр химийн шинжилгээ хийх боломжгүй” гэх тайлбарыг өгч байсан атлаа 6385 дугаартай дүгнэлтийг гаргасан тус дүгнэлтээр “гарын үсгийг дуурайлган зурсан” үйл баримт нотлогдоогүй байхад шүүх эдгээр баримтыг харьцуулан үнэлэлгүйгээр Ц.Аыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

Шүүх анхан шатны журмаар хэргийг хэлэлцэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчийг яллахаас татгалзсан нөхцөлд шүүх өөрөө ялласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэстэй. Анхан шатны шүүх гэрч О.Алтансувд, Б.Хоролбат нарын эргэлзээтэй, тогтворгүй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь таамаглалд үндэслэсэн, шууд нотолсон шинжгүй байхад Ц.Аыг гэм буруутайд тооцсон, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ял оноосон нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 3 удаа шинжилгээ хийлгэсэн. Тэгээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга дахин шинжилгээ хийх боломжгүй баримт устана гэх хариуг хоёр удаа өгсөн. Энэ талаар хавтас хэрэгт бүгд авагдсан байгаа. 3 дугаар хавтас хэргийн 44 дүгээр хуудас, 2 дугаар хавтас хэргийн 129 дүгээр хуудас. Шинжилгээ хийлгэж болохгүй гэх хариу өгсөөр байтал 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 6385 дугаартай шинжилгээний дүгнэлт гарсан. Уг шинжилгээг гаргаж өгсөн шинжээч нар өөрсдөө хэрэгт холбогдоод явж байгаа. Миний хувьд гэм буруугүй тул намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Өсөхбаярын өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шинжээчийн 6385 дугаар дүгнэлтэд “принтерийн мөр гарсан байна” гэж гарсан. Тамга дээр зээлдэгч гэх үгний “З” үсэг нь хэвлэгдсэн. Энэ яах аргагүй нотлох баримт хуурамчаар үйлдсэн баримт болж байгаа. А5 цаасан дээр мөнгө хүлээлгэж өгсөн баримт гэдэг дээр 0,2 мм цаасны хэмжээ зөрсөн байдаг. Энэ нь бэлдэц цаасыг ашигласан байдал харагдаж байна гээд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шинжилгээ хийх боломжгүй гэх хариу өгсөн байхад шинжилгээ хийлгэсэн асуудал ярилаа. Бид гарын үсгэн дээр шинжилгээ хийгээд өгөөч гэдэг асуудлаар өмнө нь хандаж байсан. Гэхдээ өөрийнх нь гарын үсэгтэй цаасыг ашигласан учраас гарын үсэг мөн биш гэдэг дээр маргаагүй. Гарын үсгэн дээр шинжилгээ хийх боломжгүй гэх дүгнэлт гарч байсан болохоос сүүлд гарсан 6385 дугаартай дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний томсгосон аппаратаар давхардалыг үзэхээр бичигч хэрэгслийн мөр нь тамга дээр гарсан байгаа гэдгийг тодруулсан байдаг. Үүнийг үгүйсгэх ямар ч үндэслэл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд иргэний шүүх тухайн хуурамч гэж үзсэн баримтыг үнэлсэнээр гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Тэгэхээр Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон буюу 2016 оны 3 дугаар  сарын 16-ны өдөр гарснаар уг гэмт хэргийн бүрдэл төгсөж байгаа тул энэ хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байна. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хөөн хэлэлцэх хугацааны хувьд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар гэмт хэрэг төгссөн гэж үзсэн. Анхан шатны шүүх хурлын үеэр улсын яллагч яллахаас татгалзаагүй. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал гаргаснаар Эрүүгийн хуулийн /2002 оны/  тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байсныг Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн байгаа. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ц.А нь Г.Өсөхбаяртай хамтран барилга барьж түүний ашгийн хуваарилалтад өс санаж буюу өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Өсөхбаяр гүйцэтгэх захиралтай УУСА /UUSA/ нэртэй компанийн тамгатай цаасыг ашиглан 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Өсөхбаярт 60.000 ам.долларыг 01 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хуурамчаар үйлдэн иргэний шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, Г.Өсөхбаярт 60.000 ам.доллар буюу 70.009.000 төгрөгийн /1 ам.доллар 1250 төгрөг 15 мөнгө/ онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Өсөхбаярын “...2007-2010 хүртэл хамтарч бизнес хийсэн. ....хоосон цаас болон албан бланк дээр гарын үсэг зурсан цаасыг Ц.А болон Хоролбат нарт хоёуланд нь үлдээдэг байсан. ...Эхнэр нь Бурмаа гэдэг хүнд өртэй шалгагдсан. Би тэр үед барилга барих төсөл батлуулж байсан. Ц.А тухайн үед өөрөө Лексус 470 машин унаж байгаад өрөндөө хүнд өгсөн гэсэн. ...Мөнгө зээлэх шаардлага байхгүй, 2010 онд бүх тооцоо данс дуусаад салсан. ...2013 оны намраас Ц.А надаас 52.000 ам доллар нэхэх болсон. Нэхсэн талаарх баримт нь байгаа. Байгууллагын хоосон бланк дээр болон иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхийн тулд цагаан өнгийн хоосон цаасан дээр гарын үсгээ зурдаг байсан. A5 хэмжээтэй цаасан дээр би гарын үсгээ зурдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх 17-19, 33-34, 2-р хх 66-67, 198-199/,

 

Гэрч О.Алтансувдын “...2010 онд ажилд орсон...барилгын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Тухайн үед Өсөхбаяр Хөрөнгө оруулалтын банкнаас “UUSA” ХХК-ний нэр дээр зээл авч байсан, хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй. 2013 оны 4 дүгээр сарын үед Ц.А ажил дээр өдөр ирээд захирлын өрөө болон тухайн оффисын бүх ширээ сандалыг аваад явсан байсан тухайн ширээний нүдэн дотор компаний бүхий л бичиг баримт Өсөхбаярын тамга байсан. Тухайн тамга нь миний ширээний шургуулганд байсан. ...Өсөхбаяр нь компанийн зарим нэг бланк дээр гарын үсэг зураад үлдээдэг байсан. ...” /1-р хх 225-227, 2-р хх 194-195/,

 

Гэрч Б.Хоролбатын “...Өсөхбаяр, Ууганбаяр, Амарсайхан, Сумъяабазар нар нь хамтран компани байгуулж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын орон сууц барьсан бөгөөд тухайн барилгын санхүүжилт нь банкны зээл, орон сууцны захиалагчдын хөрөнгө зэрэг зүйлсээс эх үүсвэр нь бүрдсэн. Ц.А нь барилгын дэд захирлын албан тушаал дээр ажиллаж байсан. Өсөхбаяраас өөр хүн албан бичигт гарын үсэг зурдаггүй, гадагшаа ажилтай явдаг үед өөрөө албан бичигт гарын үсэг зураад тамга дараад явдаг байсан. ...тухайн үед Өсөхбаяр захирлаар ажиллаж гарын үсэг зурж тамга дардаг байсан, Өсөхбаяр нь зун бэлтгэлтэй, заримдаа гадаад явдаг байсан ба тэр үед нь албан бланк дээр гарын үсэг зурж тамга дарж бланк дуусчихсан үед цагаан цаасан дээр гарын үсэг тамга дарж үлдээдэг байсан. …Би дээрх гарын үсэг зурсан бланк цаасыг өөрийн ширээний шургуулганд хадгалж цоожилж байсан ба хамгийн сүүлд Ц.А манай оффисын ширээ сандал бүх зүйлийг аваад явсан байсан ба миний шургуулганд албан бланк, гарын үсэгтэй тамга дарсан цаас, санхүүгийн баримт гээд бүх зүйлийг аваад явсан. Энэ талаар Алтансувд, Гантулга нар мэднэ, нэг өрөөнд бөөнөөрөө суудаг байсан. ...” /2-р хх 70-72, 196-197/,  

 

Гэрч Б.Гэрэлмаагийн “...Ц.А барилга барьж дууссаны дараа 2013 онд манай нөхөр Ууганбаяраас барилгатай холбоотойгоор мөнгө нэхээд байхаар нь би тухайн үед Ц.Ад 9.000 ам.доллар өгөөд оронд нь авах ёстой байсан 3-н айлын орон байрны ордерыг авч өр төлбөргүй гэсэн бичгийг хийлгэж авсан. Захирал Өсөхбаяр нь хөдөө орон нутгаар явах үедээ тамга тэмдгээ Сувдаа гээд нябод үлдээдэг гэж байсан. ...” /2-р хх 73-75/,

 

Гэрч Р.Батдэлгэрийн “...Тухайн үед 2011 оны 6 дугаар сарын эхээр аварга Өсөхбаяр нь өөрийн гэр бүлийн хамт ирээд байрлах газрын гэр болон байршлийг тохирч байсан, ...тухайн өдрөө хоноод маргааш нь барилдаантай гэж байсныг санаж байна. Тушаал нь гараагүй байсан. ...” /2-р хх 68-69/ гэх мэдүүлгүүд

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...1.2.3 ШШҮХ-н КШХ-н шинжээч О.Гүнбилэгтийн 2014.4.18-нд гаргасан №1811 дугаартай шинжээчийн дүгнэлт, ШШҮХ-н КШХ-н шинжээч Б.Солонго, Д.Энхбаяр, Г.Ганзориг нарын 2014-7-22-нд гаргасан №3221 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй болон зөрүүтэй эсэхэд шинжээчдийн зүгээс дүгнэлт өгөх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт эх хувиараа байгаа 2011.6.4-ний өдөр хийгдсэн гэх "Зээлийн гэрээ" гэсэн баримт дээр дарагдсан тэмдэгийн дардасны тосон дээр "Зээлдэгч" гэсэн үгний "3" үсэг хэвлэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 2011.6.4-ний өдөр хийгдсэн гэх "Зээлийн гэрээ" болон "мөнгө хүлээлгэн өгсөн баримт" дээрх бичвэрүүд "Times new roman 12" фондоор бичигдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт"-ын цаасны хэмжээ 14.6x21 см буюу "Word" программ дээрх "А5" хэмжээтэй цаасны урт, өргөний стандарт хэмжээстэй харьцуулахад өргөн нь 0.2 мм-ээр бага байна. Шинжилгээнд ирүүлсэн "Зээлийн гэрээ" гэсэн баримтад шинжилж буй тэмдэгний дардасны дээр уг баримтын бичвэр хэвлэгдсэн, "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт"-ын цаасны өргөний хэмжээ нь 0.2 мм-ээр зөрүүтэй, 2011.6.4 гэсэн огноотой "Зээлийн гэрээ"-н дээрх "Зээлдүүлэгч", "Зээлдэгч" гэсний ард байх шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн будагч бодисын өнгө өөр, "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт"-ын "Хүлээн авсан", "Хүлээлгэн өгсөн" гэсэн хэсэгт "Г.Өсөхбаяр", "Ц.А" гэсний дор зурсан шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга, тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдээгүй байх боломжтой. 2011.6.4-ний өдөр хийгдсэн гэх "Зээлийн гэрээ" болон "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт" зэрэгт зурагдсан Г.Өсөхбаяр гэсэн хэсэгт зурагдсан 2 гарын үсэг нь хоорондоо, Ц.А гэсэн хэсэгт зурагдсан 2 гарын үсэг нь хоорондоо тохирч байна. ...” /3-р хх 46-48/ гэх 6385 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнд зөв хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч Я.Баярсайханы “...Анхан шатны шүүх гэрч О.Алтансувд, Б.Хоролбат нарын эргэлзээтэй, тогтворгүй мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь таамаглалд үндэслэсэн, шууд нотолсон шинжгүй байхад Ц.Аыг гэм буруутайд тооцсон...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдол, шүүгдэгч Ц.Аы тус шүүх хуралдаанд гаргасан “...Миний хувьд гэм буруугүй тул намайг цагаатгаж өгнө үү. ...” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хүлээж авах боломжгүй байна.

 

Учир нь шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинж, шалгуурт тохирч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийдэг.

 

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцэх ёстой.

Шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч Я.Баярсайханы давж заалдах гомдол, шүүгдэгч Ц.Аы тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6385 дугаартай “...2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн гэх “Зээлийн гэрээ” гэсэн баримт дээр дарагдсан тэмдгийн дардасны тосон дээр “Зээлдэгч” гэсэн үгний “3” үсэг хэвлэгдсэн байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын цаасны хэмжээ 14,6x21см буюу “Word” программ дээрх “А5” хэмжээтэй цаасны урт, өргөний стандарт хэмжээстэй харьцуулахад өргөн нь 0,2 мм-ээр бага байна. Шинжилгээнд ирүүлсэн “Зээлийн гэрээ” гэсэн баримтад шинжилж буй тэмдэгний дардасны дээр уг баримтын бичвэр хэвлэгдсэн, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын цаасны өргөний хэмжээ нь 0,2 мм-ээр зөрүүтэй, 2011 оны 6 дугаар сарын 4 гэсэн огноотой “Зээлийн гэрээ”-н дээрх “Зээлдүүлэгч, Зээлдэгч” гэсний ард байх шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн будагч бодисын өнгө өөр, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт”-ын “Хүлээн авсан”, “Хүлээлгэн өгсөн” гэсэн хэсэгт “Г.Өсөхбаяр”, “Ц.А” гэсний дор зурсан шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга, тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдээгүй байх боломжтой..." гэсэн дүгнэлтээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Ц.Аы үйлдэл иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

  

Өөрөөр хэлбэл анхан шатын шүүх шүүгдэгч Ц.Аыг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн /2002 оны/  тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Аы үйлдлийг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гарснаар төгссөн гэж дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэдэгт баримт нотолгоог зохиомлоор бий болгох агуулгыг нь гуйвуулан гажуудуулж өөрчлөх, хуурамчаар хийх, зохиомлоор хасах буюу нэмэлт оруулах, тамга, тэмдэг, гарын үсэг, тоо, тэмдэглэгээ, дүрс хэлбэр, өнгө зэргийг өөрчлөхийг хууль зүйн хувьд ойлгодог.

 

Энэ гэмт хэрэг хуурамчаар бүрдүүлсэн нотлох баримтыг иргэний хэргийн шүүхэд хавсаргаж өгснөөр төгсдөг онцлогтой.

 

Хохирогч Г.Өсөхбаяр гүйцэтгэх захиралтай УУСА /UUSA/ нэртэй компанийн тамгатай цаасыг ашиглан 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Өсөхбаярт 60.000 ам.долларыг 01 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэргийг шүүгдэгч Ц.А хуурамчаар үйлдэн иргэний шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэлд хавсарган гаргасан болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2646 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /1-р хх 74, 75/

 

Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч Ц.А нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэн түүнийг нэхэмжлэлд хавсаргаж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр гаргаж өгснөөр Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Аы үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй юм.

 

Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, арбитрын ажиллагааны талууд, түүнчлэн шүүгч, арбитрч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу  дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл  хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Ц.Аы үйлдсэн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд уг хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.  

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлын “...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ял оноосон нь хууль зүйн үндэслэлгүй...” гэснийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох цаг хугацааг тогтоож, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан аль тохирох хэсгийг давхар журамлан хэрэглэж байх нь хуульд нийцэхийг анхаарвал зохино.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/428 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 2 заалтыг “Шүүгдэгч Ц.Аыг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, түүнчлэн шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчлөн,

Тогтоох хэсэгт:  

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Аы үйлдсэн Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлын“...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ял оноосон нь хууль зүйн үндэслэлгүй...” гэснийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

           ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

 

           ШҮҮГЧ                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ