Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2017/00020/И |
Дугаар | 2232 |
Огноо | 2018-10-11 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2232
2018 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2018/02232 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, өөрийн байранд байрлах H-ийн /РД:2578697/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Гурван оргил, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, Х овогт Г С /РД:00000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Гурван оргил, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, Х овогт О А /РД:00000000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13 607,84 ам.доллар буюу 33 850 590 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч H-ийн төв салбарын захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Г нь 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хасбанктай барьцаат зээлийн 59000177 дугаар гэрээ байгуулж, 20 000 ам.долларын зээлийг жилийн 14,3 хувийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Уг зээлийн эргэн төлөлт 2015 оны 12 сарын 25-ны өдрөөс хойш зөрчигдөж байгаа тул хариуцагчтай тохиролцон ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлэн төлөх боломж, зээлийн хуримтлагдсан төлөлтөө хувааж төлөх боломжийг хэд хэдэн удаа олгохоор уулзаж тохиролцох гэж оролдсон боловч зээлдэгч тохиролцоонд хүрэлгүй зээлийн зөрчил гаргасаар байна. Уг зээлээр худалдан авсан Ү-2204014390 улсын дугаартай БЗД-ийн 14 хороо, 14 хороолол, 1 байр 3 тоотын 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Дээрх гэрээнд О нь хамтран зээлдэгч буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1б дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 3 сард 200 ам.доллар төлж, түүнээс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчдэд банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачлага гаргаагүй. Иймээс зээлийн гэрээний 3.3.1, 3.3.9-д зааснаар банкны санаачилгаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг цуцлаж байна. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр нь үндсэн төлбөр 11 888,84 ам.доллар, хүүний төлбөр 1 719 ам.доллар, ний 13 607,84 ам.доллар байна. Иймд зээлдэгч нараас 13 607,84 ам.долларыг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн гэрээний 2.2.11-т заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр нь барагдуулах талаар шийдвэрт зааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нар нь 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 20 000 ам.долларыг жилийн 14.3 хувийн хувьсах хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдаж авах зориулалтаар авсан. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 8 111,16 ам.доллар, зээлийн хүүд 16 639,26 ам доллар, нийт 24 750,42 ам долларыг төлсөн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 2 тоотод байрлах 1 өрөө, 18 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа. Зээлийн төлбөрийг төлөх, ам.доллараар биш төгрөгөөр тооцох талаар харилцан тохиролцохоор мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар гэрээг цуцласан. Тиймээс ч үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй, одоо үндсэн зээлийн төлбөрт 11 888,84 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 1 719 ам.доллар, нийт 13 607.84 ам доллар буюу 33 850 590 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.
Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй, хэрэв ам.доллараар төлөх боломжгүй гэсэн бол төгрөгөөр төлөх боломж нь байсан, мөн өөрсдөө зээлийн төлөлтийн хуваарь болон зээлийн тооцооллын талаар банкнаас асуух тодруулах эрх нь байсан. Бид хууль зөрчөөгүй, зээлийн гэрээний хүүг 14,3 буюу хувьсах хүүтэй гэж гэрээнд заасан, мөн зээлийн гэрээний хүү бол буурсан байдаг. Энэ нь зээлийн тооцооллоос харагдана. Гэтэл эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байсан байхад хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулчихаад гэрээний үүргээ зөрчсөний дараа гэрээний заалт зөрчилтэй, стандарт гэрээ гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү, бид гэрээний үүргийг зөрчсөн тул нэг талын санаачилгаар цуцлаж шүүхэд хандсан, тиймээс гэрээний хугацааг дуусах хүртлэх хугацааны хүүгийн төлбөрт 11 625 656 төгрөг төлнө гэж байгааг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, Ч.О нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нар нь анх 23 000 000 төгрөгийн зээл авахаар банкинд хандсан бөгөөд тухайн үед банкны зүгээс зөвхөн ам.долларын зээлийг олгоно гэснээр 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээгээр 20 000 ам.долларыг жилийн 14.3 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатай буюу 10 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хавсралтад зааснаар сар бүр 415 202 төгрөг төлөхөөр тохиролцсон. Бидэнд анх ойлгуулахдаа 415 202 төгрөгийг төлөөд байх юм бол зээлийн гэрээний үүрэг 10 жил болохоос өмнө дуусна гэж ойлгуулсан учраас тухайн үед зөвшөөрч байсан. Банкны зүгээс хүүг хувьсах хүүтэй буюу анх тогтоосон 11 хувийн хүүг өөрсдийн дураар хүүг өөрчлөх эрхтэй байхаар тусгаж, мөн ам.долларын ханшийг тухайн гэрээ байгуулагдах үеийн Монгол банкны ханшаар бус тухайн ажлын өдрийн Хас банкны ам.доллар худалдах ханшаар тооцож зээлдэгчийн дансанд шилжүүлэхээр зааж хэт нэг талыг барьсан гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Анх зээл авсны дараа зээлийн төлөлт хийхэд 415 202 төгрөгөөр эргэн төлөлт хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 160 ам.доллар хасагдаж байсан. Хамгийн сүүлд төлбөр хийсэн буюу 2016 оны 02 дугаар сарын төлбөрийг хийхэд үндсэн зээлийн төлбөрөөс 12 ам.доллар хасагдсан тул лавлаж асуухад ам.долларын ханштай холбоотой, энэ гэрээг ам.долларын хэлбэрээр төлөх юм бол дуусахгүй тиймээс зээлийг төгрөгт шилжүүлж гэрээгээ шинэчил гэсэн шаардлагыг тавьсан. Талуудыг гэрээ байгуулах үед ам.долларын ханш 1 155,95 төгрөг байсан ба тухайн үеийн ханшаар тооцох юм бол 23 120 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний зээл байсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 37 000 000 орчим төгрөг төлсөн. Сүүлийн төлбөр төлсөн үе буюу 2016 оны 03 дугаар сард төлбөрийн үлдэгдэл нь тухайн өдрийн ханшаар 24 000 000 төгрөг байсан. Анх 23 000 000 төгрөгийн зээлийг авсан, 37 000 000 төгрөгийг төлсөн байхад дахин 24 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх нөхцөл байдлыг зээлдэгч нар хараад зээлдэгч нар банкны шаардлагыг хүлээж авалгүй зээлийн төлбөрийг төлөхийг зогсоосон. Энэхүү маргаантай холбоотой зээлдэгч нар нь дансны хуулгыг авч үзэхэд 2010 оны 04 дүгээр сар хүртэл 20 сарын хугацаанд зээлийн хүүг бодож байгаад түүнээс хойш зээлийн хүүг өөрсдөө дур мэдэж өөрчилж 13.78 хувиар тооцож 2011 оны 08 дугаар сар хүртэл үүнээс хойш 14.28 тооцож зээлийн хүүг нэмэгдүүлсэн боловч энэ талаар зээлдэгч нарт мэдэгдээгүй. Хэрэв шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх юм бол өмнө төлсөн төлбөртэй нийт бодож үзэхэд 70 000 000 төгрөг болно. Анх 23 000 000 төгрөгийн зээл авсан байж 70 000 000 төгрөг болгож буцааж төлөх нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу стандарт гэрээний 1.8, 1.13 гэсэн тодорхой заалтууд нь өөрөө Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг зөрчсөн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байна. Мөн гэрээний 1.4-д заасан банк хүүгээ хэдийд өөрчлөх эрхтэй, өөрчилсөн талаараа нөгөө талд заавал мэдэгдэх шаардлагагүй гэсэн заалт нь Монгол улсын Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-д гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан байвал стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэх заалтад хамаарч байгаа юм. Хариуцагч нарын зүгээс огт төлбөр төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Харин 2016 оны 03 дугаар сараас гэрээний хугацаа дуусах буюу 2018 оны 06 дугаар сар хүртэл сар бүрийн төлөх төлбөр 415 202 төгрөгийг төлөх боломжтой бөгөөд нийт үлдэх хугацаанд 11 625 656 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн дээрх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Барьцаат зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 20 000 ам.долларыг шилжүүлэн авсан, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан талаар маргахгүй. Харин гэрээний үүрэг зөрчигдсөн буюу 2016 оны 3 сараас эхлэн 2018 оны 7 сарыг дуусталх буюу гэрээний хугацаа дуустал 28 сарын төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 415 202 төгрөгөөр тооцож, 11 625 656 төгрөгийг төлөх саналтай байна. Учир нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт сар бүр 415 202 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон байдаг. Бид өмнөх анхан шатны шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч татгалзсан байгаа, одоо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэдгийг хариу тайлбараар гаргаж байна. Хэрэв гэрээний дагуу төгрөгөөр төлснийг ам.долларт шилжүүлээд тооцох юм бол ам.долларын ханшийн зөрүүнээс шалтгаалан хариуцагч нарт маш хохиролтой байгаа. Энэ талаар буюу төгрөгөөр тооцох талаар хариуцагч нар банкинд мэдэгдэж байсан гэдэг. Зээлийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ байгаа, зээлийн гэрээний 1.4-т заасан заалт нь хүчин төгөлдөр эсэхийг анхаарах шаардлагатай. Мөн талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 1.8, 1..4, 1.13 дугаар заалтууд нь хоорондоо зөрчилтэй байгаа. Нэхэмжлэгчээс хариуцагч нарын гэрээнд болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй гэж тайлбарлаж байгаа боловч энэ эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш ам.долларын ханш тасралтгүй өссөн байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул үүргийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч H хариуцагч Г, О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 607,84 ам.доллар буюу 33 850 590 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтруулан шийдвэрлүүлэхээр барьцаат зээлийн гэрээний зарим заалт нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл тул зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрүүдийг тухайн үеийн ханшаар тооцож хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн хариу тайлбар гэж тайлбарласан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г, О нартай 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр №59000177 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 20 000 ам.долларыг 120 сарын хугацаатай, 14,3 хувийн хүүтэй, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014390 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж, барьцааны эрхийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь 59000177 тоот барьцаат зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, АНУ-ын доллараар олгосон зээлийг эргэн төлөх төлбөрийн хэмжээ, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-11-р хуудас/
Зохигч талууд барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, уг гэрээнүүд нь талуудын хүсэл сонирхлын илэрхийлэл болсон тул H, Г, О нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г, О нартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 20 000 ам.долларыг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, хугацаандаа төлөлт хийгээгүй тул гэрээг цуцлаж, үндсэн зээлийн төлбөр буюу хүү нийт 13 607,84 ам.доллар буюу 33 850 590 төгрөгийг гаргуулж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь Г, О нар нь гэрээний зүйлийг шилжүүлэн авсан талаараа маргаагүй, гэрээний хугацааг дуусгавар болох хүртэлх гэрээний үүрэгт 11 625 656 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч зээлийн гэрээ нь гэрээний талуудын чөлөөт байдлыг хангаагүй, төлбөрийг буцаан төлөх нөхцөл нь зээлдэгчид хохиролтой, гэрээгээ тохиролцсон гэсэн боловч гэрээний заалт нь стандарт нөхцлөөр байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус, зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш ам.долларын ханш өссөн тул үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө гэж маргасан.
Нэхэмжлэгч H нь хариуцагч Г, О нарын хооронд байгуулагдсан 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хугацаанаас өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийг шаардсан.
Нэхэмжлэгч H нь хариуцагч нарт шаардах хуудас хүргүүлж, зээлийн төлбөрийг төлөх талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ талаар хариуцагчийн төлөөлөгч нар маргаагүй болно. /хэргийн 13-р хуудас/
Талууд зээлийн гэрээнд зээлийн гэрээний хугацаа, зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба гэрээний 3.3.1-д “зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй”, 3.3.9-д “гэрээний үүргээ биелүүлэх талаар банкны тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн бусад үүргээ зөрчсөн” бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно” гэж тус тус зааснаар хариуцагч нар нь зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарьт заасан хугацаандаа төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэрээний хугацаа хэтрэлттэй, нэхэмжлэгчээс үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан ч зээл хугацаандаа төлөгдөхгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаж, зээлийн төлбөрийг гэрээг цуцлах хүртэл тооцсон нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгөн хөрөнгө болох 20 000 ам.долларыг хариуцагч нарт нарт шилжүүлсэн, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг нь буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн төлбөр 11 888,84 ам.доллар, хүү 1 719 ам.доллар, нийт 13 607,84 ам.доллар буюу 33 850 590 төгрөгийг шаардсан.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний хугацаа дуусгавар болох хүртлэх зээлийн хүүг талуудын хооронд байгуулсан зээлийн эргэн төлөлтөд тохиролцсоноор 415 202 төгрөгөөр тооцож 11 625 656 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үндсэн төлбөр 11 888,84 ам.доллар, хүү 1 719 ам.долларыг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний 1.4 заалт нь стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтад хамаарна, 1.8, 1.13 дугаар заалтууд нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 1.3-т “...зээлийн жилийн хүү нь банкны төгрөгийн /АНУ-ын долларын жилийн суурь хүү дээр 3,3 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ба 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн буюу 360 хоногийн суурь хүүгийн хэмжээ нь 11 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувь, хэмжээ 14,3 хувь байна” , 1.4-д “...банк нь жил бүрийн 4, 10 дугаар саруудад зээлийн хүүг банкны суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулж... зээлийн хүүг шинэчлэн тогтоохоор, ...зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөн тогтоосон талаар зээлдэгчид амаар болон бичгээр мэдэгдэх, ...мэдэгдээгүй нь өөрчлөн тогтоосон хүүгийн хувь, хэмжээг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Х гүйцэтгэх захирлын 2008 оны 9 дүгээр сарын 30-ний өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх суурь хүүг шинэчлэн тогтоох тухай тушаалуудаас үзвэл тус банкны ам.долларын зээлийн суурь хүү 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 11 хувиар тогтвортой байж, мөн өдрөөс эхлэн 10,50 болж буурч, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 11 болж өссөн байна. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулсан зээлийн хүү нэг жилийн 13.78-14.28 хувь байсан буюу зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, энэ талаар хариуцагч маргаагүй тул түүний гэрээний 1.4 дэх заалтыг хууль зөрчсөн буюу стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэх заалтад хамаарч байна гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Мөн барьцаат зээлийн гэрээний 1.8-д “зээлийг олгосон валютын төрлөөс үл хамааран зээлдэгч зээлийг зөвхөн төгрөгөөр эргэн төлнө. Төгрөгөөр авсан зээлийн эргэн төлөлтийг банк тухайн ажлын өдөрт багтаан тухайн өдрийн Х АНУ-ын доллар худалдах ханшаар тооцож, зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байх бөгөөд гэрээний хавсралт 1б-д зээлдэгчийн сар бүр төлөх зээлийн нийт төлбөрийн хэмжээг 415 202 төгрөг байхаар тодорхойлсон, хариуцагч 2008 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 2016 оны 3 дугаар сарыг хүртэл гэрээгээр тохиролцсон хэлбэрээр хуваарийн дагуу зээлийг буцаан төлж байснаас үзэхэд тэрээр гэрээний төлбөр төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч биелүүлж байсан гэж үзэхээр байна.
Барьцаат зээлийн гэрээний 1.13-д “АНУ-ын долларын зээлийг төгрөгөөр олговол ханшийг банкны тухайн өдрийн АНУ-ын доллар худалдан авах ханшаар, АНУ-ын доллараар олгосон зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийх бөгөөд ханшийг тухайн өдөр банкны АНУ-ын доллар худалдаж буй ханшаар тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн төгрөгийг тухайн өдрийн АНУ-ын долларыг худалдаж буй ханшаар тооцсон болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, Монгол банкны болон Хас банкны тухайн өдрийн ханшийн мэдээллээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 4-6, 12-р хуудас/
Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн тооцооллын талаар маргаагүй, зээлийн хэмжээг өөрчлөх, зээлийг эргэн төлөх төлөх хуваарь, гэрээний заалтад өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргаж байсан гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, зээлийг шилжүүлэн авч, эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, уг хуваарийн дагуу төгрөгөөр төлж байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх тул хууль зөрчсөн гэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар байгуулсан байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлаж 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нь шүүхэд гэрээг цуцлах хүртлэх хугацааны хүү, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Г, О нараас үндсэн зээл 11 888,84 ам.доллар, хүү 1 719 ам.доллар, нийт 13 607,84 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв. Гэхдээ уг 13 607,84 ам.долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар үүрэг үүсэх үеийн буюу талуудын барьцаат зээлийн гэрээ байгуулах үеийн ханш болох 1 156,6 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэж, хариуцагч нараас 13 607,84 ам.доллар буюу 15 738 827 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 18 111 763 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч H нь хариуцагч Г, О нартай 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014390 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ.
Хариуцагч нар нь барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч H нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 3.5-д энэ талаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 4-6-р хуудас/
Иймд хариуцагч Г, О нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Харчу овогт Ганболдын Сугар, Харнууд овогт Оёдоогийн Ариунаа нараас зээлийн гэрээний үүрэгт 15 738 827 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч H-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 111 763 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г, О нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204014390 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг хуульд нийцүүлэн дуудлага худалдаагаар албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 203 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О, Г нараас 236 644 төгрөг гаргуулж нэхэмжлэгч H-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН