Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00491

 

2021           05            20                                          001/ХТ2021/00491

 

 

 

“............” ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01216 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар магадлалтай,

 

“............” ХХК-ийн хүсэлттэй

 

Дампуурсанд тооцуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хэрэг гүйцэтгэгч ............, Орхон аймгийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Хүсэлт гаргагч ............ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ............ ХХК нь 2006 оноос эхлэн тасралтгүй зүсмэл материал болон төрөл бүрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаад ажил тасалдаж улмаар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, хөгжүүлэх чадамжгүй болсон тул энэхүү ............ ХХК-ийн үйл ажиллагааг шалган дампуурсанд тооцон үзэж татан буулгаж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2816156 тоот регистрийн дугаартай ............ ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийт 4,117,981 төгрөгийн албан татвар төлсөн байна. Тус хэлтсээс 2014 оны байдлаарх 8,453,800 төгрөгийн хугацаа хэтэрсэн өрийг нэхэмжлэн Сум дундын 14 дүгээр шүүхээс 2014.01.15-ны өдрийн 1164 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд 530 тоот гүйцэтгэх хуудастайгаар шилжүүлснээр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулж орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг эс биелүүлж байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд ............ ХХК-иас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 8,061,201.80 төгрөгийг гаргуулах, тус компанийг дахин хөрөнгөжүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч ............ шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Төлбөрийн чадварын талаархи дүгнэлт: 1. Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан ............ ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. 2. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2018 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийж үзэхэд ............ ХХК нь 88,18%-71,33%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт оржээ. 3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү ............ ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд зарим илтгэгч коэфициентүүд сөрөг утгатай гарч байгаа нь, Беликовын 4 хувьсагчтай загварын шинжилгээнээс бусад шинжилгээгээр дампуурах магадлал их гарч байгаа нь ............ ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал маш өндөр түвшинд хүрсэн байна. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ............ ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Тайжийн бүлаг ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ируулээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна... гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01216 дугаар шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ............ ХХК-нийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн ............ ХХК-аас 8.061.201,80 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Татварын хэлтэс нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлээгүй болохыг дурдаж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2018/04978 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2018/04978 дугаартай шүүгчийн захирамж нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ............ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан хяналтын гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.05-ны өдрийн дугаар 160 тоот шийдвэртэй танилцан хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 142/ШШ2019/01216 дугаар шийдвэрийг хянахдаа хэрэгт үндэслэл муутай хандсан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэхгүй, хуулиар хүлээсэн албан татвар төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Хэрэгт голчоор хандсангүй гэж үзэж байна. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь үндэслэл муутай хангалтгүй байгаа нь харагдаж байгаа. 2. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн гол үндэслэл, баримтууд нь хангалтгүй бөгөөд учир дутагдалтай байна гэж үзэж байгаа. Мөн түүнчлэн зайлшгүй тодруулах шаардлагатай, авах шаардлагатай хууль ёсны эрх бүхий байгууллагаас гарах баримтуудыг үндэслээгүй баримт гаргуулаагүй. Өөрөөр хэлбэл санхүү, төрийн сангийн хэлтсээс баталгаажуулдаг жил бүрийн санхүүгийн тайланд огт дурьдаагүй, үндэслэл болгоогүй. Иймд 160 дугаартай магадлалыг хүчингүй болгож хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

“............” ХХК нь дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Шүүх Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн  5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “............” ХХК-нийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Орхон аймгийн Татварын хэлтсийн “............” ХХК-аас 8,061,201.80 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Татварын хэлтэс нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

1. Д.Ганхуяг нь 8,418,000 төгрөгийн дүрмийн сантайгаар, “............” ХХКомпанийг үүсгэн байгуулж, 2004.03.21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн, Орхон  аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг Баянцагаан МОГ-ийн хашаанд байрлаж, зүсмэл  материал үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа зуучлалын үйл ажиллагаа явуулжээ. 2006.12.21-ний өдөр Булган аймгийн Хялганат тосгонд салбар нэгж байгуулсан,  2011.04.15-ны өдөр ачаа тээвэрлэх үйлчилгээ эрхлэх туслах үйл ажиллагаа болон талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, автомашины засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулах нэмэлт өөрчлөлтийг тус тус бүртгүүлсэн байна.

 

“............” ХХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 2004-2013 он хүртэл хугацаанд нийт 4,117,981 төгрөгийг татвар төлсөн, 2013 оноос Х тайлан гаргаж байжээ.

 

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, дампуурлын хэрэг үүсгэсэн, хариуцагч төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон байдал, дампуурлын хэрэг үүсгэсэн тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон шүүхийн ажиллагаа Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.3, 5.4, 5.5, 5.7, 7 дугаар зүйлийн зөрчөөгүй байна.

 

Тус компанийн хөрөнгийг тогтоохоор шүүх Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн алба болон банкуудаас лавлагаа авсан, тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг Орхон аймгийн  Автотээврийн төвөөс шалгуулахад бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй, нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа 06-97 УНО улсын дугаартай хуучин маз автомашин, хөрөө рам эвдэрч төмрийн хог руу ачигдсан гэх тайлбар гаргасан, компанид эд хөрөнгө байхгүй байгаа үйл баримт тогтоогджээ.

Дампуурлын хэрэг үүсгэж, “............” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг зарласнаас хойш нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс Сум дундын 14 дүгээр  шүүхийн 2014.01.15-ны өдрийн 1169 дугаар шийдвэрийн дагуу татварын өр 8,061,201.80  төгрөгийг “............” ХХК төлөөгүй болохыг мэдэгдэж, дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч нь татварын өрөөс өөр бусдад төлөх өр төлбөргүй боловч дүрмийн сандаа хөрөнгөгүй, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно.” гэж заасан шаардлагад хүрсэн байна.

 

2018.10.22-ны өдрийн 4448 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр ............ыг томилсон ба хэрэг гүйцэтгэгч 2019.09.14-ний өдөр шүүхэд дүгнэлтдээ “...“............” ХХК нь 2012-2018 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийхэд 88.18%-71.33%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон, 2019 оны хагас жилээр буюу 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаар эзний өмчийн дүн -2.699.300 төгрөг буюу хасах баланстай болсныг Татварын байгууллагад мэдүүлсэн, 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна...” гэжээ. Хэрэг бүртгэгч томилсон, хэрэгт бүртгэгчийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа Дампуурлын тухай хуулийн 11,12,13 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

“............” ХХК-ийн дампуурлын шалтгаан нь тухайн компанийн үйл ажиллагаа доголдож, өрсөлдөх чадваргүй болсон, татварын өрийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн нь тогтоогджээ. Аж ахуйн нэгжийг санаатайгаар, зориуд дампууралд хүргэсэн гэх нөхцөл байдал хэрэгт байгаа баримтын хүрээнд байхгүй байна.

 

Шүүх тус компанийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргахдаа Дампуурлын тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт байгаа баримтад тулгуурласан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

2. Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналтын журмаар гаргасан дараах 2 үндэслэл бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

2.1.Хэрэг гүйцэтгэгч хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүйгээс гадна Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар дампуурлын хэргийн оролцогчид хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол гаргах, шүүх хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх эрхтэй байхад нэхэмжлэгч нь энэ талаар гомдол гаргаж байгаагүй байна.

 

Дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа нь хуулийн этгээдийг санхүүгийн хүндрэлд хүргэсэн нөхцөл байдлыг багасгаж, дахин шинэчлэх зорилгоор дампуурлаас гаргах арга зам бөгөөд хуулийн этгээдийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийн тооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийн төлөвийн талаар тусгасан дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг үүрэг гүйцэтгэгч өөрөө, хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргахдаа, эсвэл нэхэмжлэгчдийн хурлаас хэрэг гүйцэтгэгчид үүрэг болгосноор шүүхэд гаргадаг байна. Орхон аймгийн Татварын хэлтэс нэхэмжлэл гаргахдаа “............” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргасан боловч энэ талаарх төлөвлөгөөг ирүүлээгүй, уг арга хэмжээг хэрэгжүүлэх боломж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01216 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАХ

                      ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                              Х.СОНИНБАЯР