Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 908

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

                Нэхэмжлэгч:З овогт С-ийн П-ын нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: З овогт С-ийн М-д холбогдох,

              Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхарын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх /цахимаар/, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь С.М-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 6 дугаар сараас эхлэн С.М-ын эзэмшлийн газар дээр хамтран цэцэрлэг, орон сууцны барилга барьж эхлээд 2 жил 6 сарын дараа барилгаа барьж дуусаад байна. Тус барилгыг анх барьж эхлэх цагаас С.М гэрээгээ удаа дараа зөрчиж надад маш их хохирол учруулаад байна. Би 2013 оны 10 дугаар сар хүртэл С.М-с нэг ч төгрөг гаргахгүйгээр барилгыг 2 давхар болтол нь барьж дуусаад үл хөдлөх хөрөнгийн газарт хандаж С.М-ын нэр дээр дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулаад Хаан банкинд хандсан боловч С.М нь Хаан банкинд өндөр зээлтэй банкны зээлийг удаа дараа хожимдуулж банкны найдваргүй зээлдэгч болчихсон байсан учраас цаашид зээл авах ямар ч боломжгүй болсон. С.М нь гэрээнд заасан ёсоор газар эзэмших гэрчилгээг хамтран эзэмшигчээр гаргуулж өгөөгүй учраас банкны зээл авч чадахгүй, хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэж зээл, хүү, эд хөрөнгийн хохирол амсаад байна. Уг барилгын барьж байгаа газрыг Хаан банкинд барьцаалсан байгаа болохоор бусад банк зээл өгөөгүй. Би энэ барилга барих ажилд 4 удаа мөнгө олж барилгын ажлын 60 орчим хувийг хийж гүйцэтгээд 170.000.000 төгрөгийг гаргах ёстой байсан ч би 195.600.000 төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Нэхэмжлэл дээр 185.600.000 төгрөг гэсэн нь өндөр хүчдэлийн шугам буулгахад гарсан зардлыг нэмж тооцоогүй үнэ байгаа юм. С.М бид хоёр энэ барилгын 50 хувь хүртэл өөрийн хөрөнгөөр барьж, нэмж банкны зээл авч нэг давхрыг цэцэрлэгээр ажиллуулах, 2, 3 давхрын 10 өрөөнөөс нэг нэг байрыг өөрсдөө авч үлдэгдэл байраа зарж барилгад оруулсан мөнгөө төлөөд үлдэгдлийг нь хувааж авах ёстой. Гэрээнд заасны дагуу 1 давхар цэцэрлэгийн зориулалтаар барьсан, гэвч барилга ашиглалтад ороход 1 давхарт айлууд оруулсан ба 2 давхрын 5 байрыг би авч, 3 давхрын 5 байрыг С.М авсан. Энэ тал дээр бид маргаагүй. Гэтэл С.М нь барилгад бага хөрөнгө оруулсан хирнээ 16 байрны 11-ийг нь авчихаад байна. Гэрээнд барилгын зургийг барилгын компаниар хийлгэнэ гэж заасны дагуу би 3.000.000 төгрөгөөр хийлгэсэн энэ талаар С.М ч хэлж байгаа. С.М нь хувь хүмүүсээс авсан мөнгөө барилгад оруулахгүйгээр банкныхаа зээлийг төлчихөөд хувь хүмүүсээс барилгын материал зээлдэж аваад барилгад бага зэргийн ажил хийчихээд гэрээнд заасан хувь хэмжээг зөрчиж, тухайн гэрээнд заасан цэцэрлэгийн байрыг бусдад худалдан борлуулж айл оруулаад байна. Би цэцэрлэг барих л гэж гэрээ хийж энэ барилгыг хамтран барьсан. Бид гэрээнд заасны дагуу тухайн барилгын 1 давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, зарах шаардлагатай бол надад бичгээр мэдэгдэж харилцан ашигтайгаар зарах ёстой. Гэтэл цэцэрлэгийн зориулалтаар барьсан нэг давхрын байранд надтай огт зөвшилцөхгүй, айлууд оруулаад зогсохгүй, миний нэр дээр ордер нь гарчихсан 3 байрыг надад өгөхгүй айлууд оруулаад байна. С.М нь банкны зээл авах эрхийг хааж, мөн бусадтай хуйвалдан барилга барьж байгаа газраа зарж, хугацаа алдагдуулж, гэрээгээ удаа дараа ноцтой зөрчсөнд би маш их гомдолтой байна. Иймд гэрээнд заасан ёсоор тухайн барилгын 1 давхрын 3 байрыг надад эзэмшүүлэх, өмчлүүлэх, тухайн барилга барихад миний илүү оруулсан хөрөнгө болох 25.600.000 төгрөгийг С.М-аас гаргуулах, барилга барьсан 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү. Миний бие Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн С.М-аас хамтран барьсан нэг давхрын 6 байрнаас 1 байр, мөн 25.000.000 төгрөг нзхэмжилж танай шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хандсан билээ. Гэтэл М сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Миний бие С.Мын сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн С.Мөнхбат нь тухайн барилгыг 617.000.0000 төгрөгөөр барьсан гэж хэний ч санаанд оромгүй тоо гаргаж ирж намайг залилдаг шигээ танай шүүхийг залилаад өнгөрнө гэж бодож байх шиг байна.  М энэ барилга барих хугацаанд гартаа ганц улаан мөнгө бариагүй, банкны зээл аваагүй 617.000.000 төгрөг гаргаад барилга барьдаг хүн мөн үү. М энэ барилгыг дууссаны дараа 2016 оны 6 дугаар сард тухайн барилгыг улсын комисст хүлээлцэхийн тулд барилгын  төсвийг нөхөж хийлгэсэн. Тэр нөхөж хийлгэсэн төсвөөрөө тухайн барилгыг барьсан гэж хэлж байна. Би анх барилгын зургийг 3.000.000 төгрөгөөр хийлгээд уг барилгыг тэр зургийн дагуу гүйцэтгэсэн. Гэтэл С.М нь Баясгалан гэгчтэй хуйвалдаж, барилгын зургийг 2016 оны барилга 3 дугаар сард буюу бариад дууссаны дараа зөвхөн өөрийн нэр дээр хийлгэж, бүх байрыг өөрийн нэр дээр гаргуулах гэж үзсэн. Төр түмэн нүдтэй болохоор бидний анх хийсэн гэрээ бас олон удаа явсан баримтууд байсан болохоор яагаад ч өөрийн нэр дээр гаргуулж чадаагүй. Одоо сүүлд хийсэн төсвийн дүнгээр энэ барилгыг барьсан гэж залилан хийж С.М өөрийн гэсэн нэг ч төгрөггүй байсан хирнээ надад худал хэлж байгаад энэ ажлыг эхлүүлсэн. Төсөл орж ирэхээр 80.000.000 төгрөгөө оруулна гэсэн. Барилга барих явцад худал хэлж байсан бүх зүйл нь мэдэгдэж эхэлсэн. Хаан банкинд 76.000.000 төгрөгний зээлтэй байсныг сүүлд мэдсэн. Би өөрийн болон захиалагч иргэдийн 114.000.000 төгрөгөөр энэ байрны дээгүүр явж байсан өндөр хүчдэлийг буулгаад, суурийг нь тавиад, 1, 2 давхрын өрлөг өрүүлээд, шавардлага хийлгээд гадна талын шаврын хагасын хийлгээд, 1 давхрын хар шал хийлгээд мөнгө дууссан. Ингээд бүх байрныхаа ордерийг С.М-ын нэр дээр гаргаад Хаан банкны зээл хүсэхэд С.М нь найдваргүй зээлдэгч болчихсон байсан. Энэ цагаас эхлээд энэ барилгын ажил зогсолтын байдалд орж намайг өрөнд оруулж миний амьдралыг сүйрүүлсэн. Иймд С.М-ын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

         Хариуцагч С.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь С.П-тай 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх гэрээ байгуулан С.М миний эзэмшлийн газар дээр 617.000.000 төгрөгийн төсөв бүхий 3 давхар 16 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн юм. С.П нь гэрээний 2.3 дахь заалтаар 16 айлын барилгын ажлын 50 хувийн гүйцэтгэлийг дангаар хариуцаж, үлдэгдэл 50 хувийн гүйцэтгэлийг хамтран хариуцахаар харилцан тохиролцсон. Тодруулбал С.П-аас тухайн 16 айлын орон сууцыг барьж дуусгахад 462.750.000 төгрөгийг, харин миний бие 154.250.000 төгрөг дээр нэмж өөрийн эзэмшил газраас барилга барих газрыг гаргахаар харилцан тохиролцсон байдаг. Би тухайн гэрээний дагуу өөрт хамаарах үүргээ хэрэгжүүлэн 517.000.000 төгрөгийн төсөв бүхий 3 давхар 16 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин хамтран ажиллагч С.П нь энэ хугацаанд тухайн барилгад 61.800.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл мөнгөө одоог хүртэл гаргахгүй байна. Иймд хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж С.П-аас 246.700.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. С.П-ын нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр одоогийн барилга баригдсан газрыг обьектын хамт 90.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Би 2013 оны 6 дугаар сард С.П-тай уулзсан ба манай эхнэрийн холын хамаатны хүн учир итгэж болох хүн гэж үзэн байр баръя гэсэн, тухайн үед би хашаа, байшингаа 45.000.000 төгрөгөөр үнэлээд зарах гэж байсан. Мөн С.П нь надад 80.000.000 төгрөг байна, хамтарч ажиллая би цэцэрлэгийн менежментийг сайн эзэмшсэн гэж надад итгүүлж чадсан учраас би үл хөллөх хөрөнгөө нурааж хохирсон. Тухайн үед би уг газарт хувийн хоолны газар ажиллуулдаг байсан. Би барилгын газрыг өөрийн 100 хувь мөнгөөр авсан байхад уг газрын эзэмшигч нь болчихмоор санаа С.П-т төрсөн нь хачирхалтай юм. Хамтарч барилга барьсан гэж С.П ярьж явдаг ч дан ганц өөрийн хүчээр энэхүү барилгыг босгосон гэдгийг Увсын ард түмэн мэдэх учиртай. Өнгөрөгч 3 жилийн хугацаанд өмнө нь эрхэлж байсан бизнес болон нэр төрөө алдаж дууссан жинхэнэ хохирогч нь би л баймаар юм. Анхнаасаа л 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр одоогийн барилга байгаа газар өөрийн эзэмшлийн 4 машины гражаа хурааж энэхүү хэл ам, хэрүүл тэмцэлтэй барилгыг эхлүүлсэн нь миний хувьд амьдралдаа хийсэн том алдаа байлаа. Тухайн үед хураасан граж маань өнөөдрийн ханшаар 20.000.000 төгрөгийн өртөгтэй байсан. Барилгын ажлыг миний бие нь удирдаж явуулдаг байсан болохоор өөрийн найз Батзоригоос 1 тонн арматур, 5 тонн цемент авчирч барилгын ажил эхлүүлж байсан удаатай. С.П нь 4.400.000 төгрөгтэй ирж 100 хувь миний дэмжлэгээр барилгын суурийг хийчихээд мөнгөгүй болчихлоо гээд зогсож байсан нь саяхан мэт санагдана. С.П нь 3.000.000 төгрөгөөр барилгын зураг төсөл хийлгэсэн гэсэн ч тухайн хийлгэсэн зураг төсөл нь шаардлага хангаагүй, дөнгөж сургууль төгссөн 2 хүүхдийн цоохорлосон цаас төдий зүйл байсан тул би 2013 оны 6 дугаар сард Дархан-Уул аймгийн зураг төслийн компанид захиалга өгч шаардлага хангасан зураг төслийг хийлгэсэн. Тухайн үед мөнгийг нь өгч чадаагүй ба 2015 онд 4.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг сүүлд өгсөн. Барилгыг миний зуруулсан зургийн дагуу улсын комисс хүлээж авсан, бүх техникийн нөхцөл миний нэр дээр, бүх зүйл миний нэрээр хийгдсэн, С.П-ын хийлгэсэн зураг төслөөр улсын комисс хүлээж авсан акт байхгүй байхад зураг төслийг хуурамч гэж худлаа яриад байгааг гайхаж байна. Барилгын ажлын явцад бүх хоолны зардлыг би төлсөн ба төсөвлөөгүй асар их зардал гарсан. Хавтаст хэрэгт хавсаргагдсан хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үнэлж дүгнэхэд С.П-ын барилгад оруулсан нийт хөрөнгө 72.000.000 төгрөг байна. Энэ нь хууль бус шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнгийн 25 хувьд ч хүрэхгүй байна. Барилгын ажлыг эхлэхдээ урьдчилсан нөхцөл болгож гэрээ хийснээс газрын эрх шилжүүлэх хэлцэл хийгээгүй учир газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах боломж байхгүй. Иймд С.П-ын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие энэхүү барилгад 3 жилийн турш 239.100.000 төгрөг, мөн газрыг худалдаж авсан үнэ 90.000.000 төгрөг, нийтдээ 329.100.000 төгрөгийг оруулсан болно” гэжээ.

               Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч С.П нь хариуцагч С.М-д холбогдуулан хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. 

       Нэхэмжлэгч С.П сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С.М  үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

             1.Үндсэн нэхэмжлэлийн талаар:

        Хэрэгт авагдсан 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээ”-ээр нэхэмжлэгч С.П, хариуцагч С.М нар нь С.М-ын эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 8-1 тоот хаягт байрлах хашаанд орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий барилгыг хамтран бариулахаар тохиролцсон байна.

       Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээг 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулснаар гэрээнд бичигдсэн байх боловч талууд “Техникийн алдааны улмаас 2008 он гэж буруу бичигдсэн байна, гэрээг 2013 онд байгуулсан” гэж хэн хэн нь зөвшөөрсөн тул уг гэрээг 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэж үзсэн болно.

           Талууд уг гэрээнд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан гэрээний 3.1 дэх заалтад “өмчлөлд хуваарьт өмч болон хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хэлбэрээр бүртгүүлж болно” гэж нэмсэн байх боловч уг гэрээний бичиг бүдэг, гаргацгүй, өөрчлөлт оруулсан гэрээний 2-р хуудас нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээнд хэрхэн тохиролцсон байдлаар талуудын маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

          Дээрх үйл баримтаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

           Нэхэмжлэгч нь хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний 2.2-т “Хамтрагч С.М нь тухайн барилгыг барих газрыг чөлөөлж, барилга барих газрын гэрчилгээг талууд хамтран эзэмших хэлбэрээр гаргуулах, барилга барих орчин бүрдүүлэх” гэж заасны дагуу 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулахаар шаарджээ.

           Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газрыг бусдад шилжүүлэхдээ талууд  газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлж, мөн зүйлийн 38.2.1-38.3.3-т заасан баримт бичгийг хавсарган тухайн шатны Засаг даргад хүсэлтээ гаргах бөгөөд тухайн шатны Засаг дарга нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр газар эзэмших эрхийг шилжүүлэх үйл ажиллагаа хүчин төгөлдөр болохоор зохицуулжээ.

            Гэтэл зохигчдын хооронд дээрх үйл ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд иргэдийн өмчлөлийн газар дээр нийтийн зориулалттай орон сууц, барилга байгууламж баригдсан тохиолдолд газар өмчлөх эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгчийн гэрээний дагуу 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

           Талууд гэрээний 2.6-д “Цаашид талууд 10 ордер бүхий орон сууцнаас нэг нэг байрыг өөрсдөө авч, үлдэгдэл 8 ордер бүхий байрыг зарж, уг барилгыг барихад гарсан зардлыг төлөөд үлдэх хэсгийг талууд тэнцүү хэмжээгээр хуваана. Барилга барих явцдаа орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдээс урьдчилгаа төлбөр авч болно” гэж тохиролцжээ.

           Нэхэмжлэгч С.П нь 16 айлын орон сууцны барилгыг барихад гаргасан зардлыг тооцохгүйгээр 10 ордер бүхий байрыг шууд хувааж авахаар нэхэмжилж байгаа нь дээрх гэрээний заалттай нийцэхгүй байх тул 16 айлын орон сууцны 1 давхрын 3, 5, 6 тоот байрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжгүй байна.

           Монгол Улсын тэргүүлэх төсөвчний төсөвт өртгийн нэгдсэн товчоогоор Увс аймгийн Улаангом сумын 16 айлын орон сууцны барилгыг 617.012.781 төгрөгөөр үнэлсэн байх боловч уг дүгнэлт нь эргэлзээтэй гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.П-ын хүсэлтээр уг барилгыг барихад гаргасан зардлын тооцоог гаргуулахаар Гэрэгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон.

          Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/25/18 дугаар шинжээчийн дүгнэлтээр 16 айлын орон сууцны барилгыг барихад гарсан зардлын тооцоог 383.260.421 төгрөг гэж тооцоолсон байх боловч шинжээч нь уг дүгнэлтдээ залруулга хийж, нийт 388.950.596 төгрөгийн зардлаар уг барилга баригдсан гэх дүгнэлтийг ирүүлсэн учир уг шинжээчийн дүгнэлтээр барилгын нийт өртгийг тооцох нь зүйтэй.

          Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний 2.3 дахь заалтын үгийн шууд утгыг анхаарвал барилгын 50 хувийг барих хүртэл нэхэмжлэгч С.П санхүүжүүлэхээр тохиролцсон гэж ойлгохоор байгаа боловч шүүх хуралдаанд зохигчид нь 16 айлын орон сууцны барилгыг барихад хөрөнгө оруулалтыг тэнцүү хувь хэмжээгээр буюу 50, 50 хувиар хөрөнгө оруулахаар тохиролцсон гэж тайлбарлаж байх тул 16 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулалтыг тэнцүү хувь хэмжээгээр буюу зохигчид тус бүр 194.475.298 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон байна. 

           Гэвч нэхэмжлэгч С.П нь дараах баримтуудаар барилгад 47.436.900 төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь тогтоогдож байна. Үүнд:

        1. Увс финанс аудит ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар тайлангаар Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах өндөр хүчдэлийн шугамыг буулгаж шилжүүлэн суулгахад гарсан зардал 7.360.000 төгрөг /1-р хавтаст хэргийн 131-132 хуудас/,

        2. С.П нь өөрийн эзэмшлийн данснаас С.М-ын данс руу 6 удаагийн шилжүүлгээр нийт 10.730.000 төгрөг шилжүүлсэн /1-р хавтаст хэргийн 131-132 хуудас/,

      3. 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нийт үнийн дүн 6.880.000 төгрөгийн нэхэмжлэх /2-р хавтаст хэргийн 50 хуудас/, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн нийт үнийн дүн 500.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 51 хуудас/, 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн нийт үнийн дүн 693.500 төгрөгийн нэхэмжлэх /2-р хавтаст хэргийн 53 хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нийт үнийн дүн 998.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 54 хуудас/, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн нийт үнийн дүн 855.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 55 хуудас/, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нийт үнийн дүн 467.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 57 хуудас/, 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн нийт үнийн дүн 317.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 58 хуудас/, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн нийт үнийн дүн 390.000 төгрөгийн нэхэмжлэх / 2-р хавтаст хэргийн 59 хуудас/, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн нийт үнийн дүн 924.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 84 хуудас/, 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн нийт үнийн дүн 2.100.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 87 хуудас/, 2015 оны нийт үнийн дүн 1.530.500 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 99 хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 13-22-ны өдрийн нийт үнийн дүн 825.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 101 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 10-17-ны өдрийн нийт үнийн дүн 427.700 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 103 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 05-14-ний өдрийн нийт үнийн дүн 290.500 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 105 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 14-22-ны өдрийн нийт үнийн дүн 3.171.500 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 106 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 22-29-ний өдрийн нийт үнийн дүн 465.100 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 107 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийн нийт үнийн дүн 633.100 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 108 хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 12-31-ний өдрийн нийт үнийн дүн 603.500 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 109 хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн нийт үнийн дүн 238.200 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 108 хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нийт үнийн дүн 360.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 115 хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нийт үнийн дүн 503.300 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 116 хуудас/, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нийт үнийн дүн 545.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 117 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нийт үнийн дүн 1.217.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 118 хуудас/, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн нийт үнийн дүн 260.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 119 хуудас/, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн нийт үнийн дүн 852.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 120 хуудас/, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн нийт үнийн дүн 300.000 төгрөгийн зарлагын баримт /2-р хавтаст хэргийн 121 хуудас/, бүгд 36.864.950 төгрөг,

  1. Барилгын зургийн үнэ 3.000.000 төгрөг болно. 

       Тодруулбал 2-р хавтаст хэргийн 59 хуудаст авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 390.000 төгрөгийн нэхэмжлэхийн нийт үнийн дүн засвартай боловч 17-н нэр төрлийн материалыг үнийн дүнг нэмж үзэхэд 390.000 төгрөгтэй тохирсон тул нотлох баримтаар үнэлсэн болно.

         Мөн 4-р хавтаст хэргийн 39 хуудаст авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 522.500 төгрөгийн зарлагын баримтад хэдний өдөр худалдаж авсан болох нь бичигдээгүй, 2-р хавтаст хэргийн 99 хуудаст авагдсан 2015 оны 1.530.500 төгрөгийн зарлагын баримтад он, өдөр бичигдсэн, сар бичигдээгүй байх боловч уг барилгын материалыг барилгыг барьж байх хугацаанд худалдаж авсан байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

            Нэхэмжлэгч С.П-аас гаргаж ирүүлсэн дараах баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Үүнд:

              1. С.П-ын  гар ноорог /2-р хавтаст хэргийн 29-40 хуудас/, С.П-ын  гар ноорог /5-р хавтаст хэргийн 23 хуудас/,

               2. У.Насанжаргал, О.Гансүх, О.Ганболд, А.Жамц, С.Батзаяа, Б.Шинэбаяр, Ц.Цээбумбаа нарын тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 61-67 хуудас/, А.Түмэндэмбэрэл. П.Мөнхтуяа нарын тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 88-89 хуудас/, Х.Мөнхбат, Ш.Цэцэгмаа, Х.Пүрэвжав, Х.Гэрэлцогт, Р.Энхболд, Б.Батцэнд, Б.Жанчив, В.Туяа нарын тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 123-129 хуудас/, Ш.Дэжидмаа, Х.Гансүх, П.Мөнхтуяа нарын тодорхойлолт /3-р хавтаст хэргийн 220-222 хуудас/, Г.Батчимэг, Д.Батсанчир, М.Бодьхүү, М.Алтангэрэл, Б.Амгалан, Э.Баасанжав, Б.Отгонцэцэг, Ч.Жавзансүрэн нарын тодорхойлолт  /5-р хавтаст хэргийн 26-33 хуудас/, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж ирүүлсэн Б.Галбадрах, Э.Баасанжав, Д.Нохойжав, Б.Амгалан, Д.Журнай, Д.Минсэл нарын тодорхойлолт,

         3. Ажлын тооцоо /2-р хавтаст хэргийн 68 хуудас/, материал, тоног төхөөрөмжийн тооцоо /2-р хавтаст хэргийн 69-71 хуудас/, тээвэр, бензин, түрээсийн тооцоо /2-р хавтаст хэргийн 72-73 хуудас/, цалингийн тооцоо /2-р хавтаст хэргийн 74-76 хуудас/, худалдаж авсан материалын тооцоо /2-р хавтаст хэргийн 81-82 хуудас/, ажлын нэгдсэн тооцоо /2-р хавтаст хэргийн 90 хуудас/, материалын тооцоо /2-р хавтаст хэргийн 91 хуудас/, тээврийн тооцоо /2-р хавтаст хэргийн 92 хуудас/, барилгын ажилтнуудад цалин олгосон хүснэгт /2-р хавтаст хэргийн 93-94 хуудас/, ажлын нэгдсэн тооцоо, материалын тооцоо, цалингийн тооцоо /2-р хавтаст хэргийн 130-133 хуудас/, ажлын тооцоо, материал, тоног төхөөрөмж, бензин, түрээс, хоол, цалингийн тооцоо /3-р хавтаст хэргийн 209-217 хуудас/, ажилтнуудын цалингийн тооцоо /3-р хавтаст хэргийн 220-222 хуудас/,

             4. Зарлагын баримтын он засвартай /2-р хавтаст хэргийн 52 хуудас/, зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /2-р хавтаст хэргийн 60 хуудас/, нийт үнийн дүн 511.400 төгрөгийн зарлагын баримтад худалдан авагчийн нэр хэсэгт 7-р цэцэрлэг гэж бичигдсэн /2-р хавтаст хэргийн 79 хуудас/, нийт үнийн дүн 360.000 төгрөгийн зарлагын баримтад худалдан авагчийн нэр хэсэгт Отог гэж бичигдсэн, хүлээн авагч хэсэгт С.П-ын гарын үсэггүй /2-р хавтаст хэргийн 85 хуудас/, зарлагын баримтын он засвартай /2-р хавтаст хэргийн 86 хуудас/, зарлагын баримтын он засвартай /2-р хавтаст хэргийн 86 хуудас/, зарлагын баримтын он засвартай /2-р хавтаст хэргийн 100 хуудас/, зарлагын баримтын он, сар, өдөр засвартай /2-р хавтаст хэргийн 102 хуудас/, зарлагын баримтын он, өдөр засвартай /2-р хавтаст хэргийн 104 хуудас/, зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /2-р хавтаст хэргийн 111 хуудас/, зарлагын баримтын он, сар, өдөр бичигдсэн боловч бичиг нь арилсан, бичиг бүдэг /2-р хавтаст хэргийн 112 хуудас/, зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /2-р хавтаст хэргийн 113 хуудас/, 2-р хавтаст хэргийн 122-р хуудас дахь зарлагын баримт нь 2-р хавтаст хэргийн 116 хуудас дахь зарлагын баримттай давхацсан болно.  

          Дээрх иргэдийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан журмыг баримтлаагүй байх тул үнэлэх боломжгүй юм.

            Нэхэмжлэгч С.П 16 айлын орон сууцны барилгыг барихад хариуцагчтай тэнцүү хувь хэмжээгээр 50 хувь буюу тус бүр 194.475.298 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон боловч дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь барилгад 47.436.900 төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь тогтоогдож байх тул “илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

          Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний 2.3-т “Хамтрагч С.П нь тухайн барилга барих газрын дээгүүр явж байгаа 6000 киловаттын шугам өөрчлүүлж кабелжуулан газрын гүнд байршуулах, цаашид тухайн барилгын суурь тавих болон цаашид ажил үйлчилгээг тасралтгүй явуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээр хангах /барилгын 50 хувийг барих хүртэл/” хэмээн тохиролцсон гэж тодорхойлон хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

            Талууд барилгад оруулах хөрөнгийн хэмжээг гэрээний 2.3-т зааснаар бус шүүх хуралдаанд 50, 50 хувиар хөрөнгө оруулахаар тохиролцсон гэж тайлбарласан тул 16 айлын орон сууцны барилгын хөрөнгө оруулалтыг тэнцүү хувь хэмжээгээр хариуцахаар тохиролцсон талаар дүгнэсэн. 

          Нэхэмжлэгч С.М нь дараах баримтуудаар барилгад 105.723.750 төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь тогтоогдож байна. Үүнд:

           1. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийт 8.534.100 төгрөгийн барилгын материал худалдан авсан /гэрээнд зарлагын баримтыг хавсаргасан, 3-р хавтаст хэргийн 228-229 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/2015 дугаар 16 айлын барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлс 8.000.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 9-11 хуудас/, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр З.Оюундэлгэрт ажлын хөлс 4.000.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 16, 20 хуудас/, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын материал зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийт 15.249.700 төгрөгийн барилгын материал худалдаж авсан /4-р хавтаст хэргийн 17 хуудас/, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн баталгаагаар нийт 700.000 төгрөгийн шохой худалдаж авсан /баримтыг баталгаа гэж гарчигласан байх боловч худалдагч болон худалдан авагч тал гарын үсэг зурсан байх тул үнэлсэн болно, 4-р хавтаст хэргийн 19 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тоосгоны төлбөр барагдуулах тухай хэлцлээр нийт 18.375.000 төгрөгийн тоосго худалдаж авсан /4-р хавтаст хэргийн 36 хуудас/, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр О.Цогзолмаад ажлын хөлс 4.000.000 төгрөг /4-р хавтаст хэргийн 37-38 хуудас/, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж ирүүлсэн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08/2015 дугаар Зураг төсөл боловсруулах гэрээгээр зураг төсөл боловсруулах ажлын үнэ 10.000.000 төгрөг, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж ирүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх худалдан авах гэрээгээр цонхны үнэ 3.418.000 төгрөг, бүгд 68.858.800 төгрөг,

              2. 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн нийт үнийн дүн 2.920.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 21 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн нийт үнийн дүн 824.200 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн нийт үнийн дүн 1.578.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн нийт үнийн дүн 940.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн нийт үнийн дүн 560.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн нийт үнийн дүн 374.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 23 хуудас/, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нийт үнийн дүн 165.500 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 39 хуудас/, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн нийт үнийн дүн 4.488.750 төгрөгийн нэхэмжлэх /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нийт үнийн дүн 105.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн нийт үнийн дүн 105.000 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нийт үнийн дүн 5.580.000 төгрөгийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн нийт үнийн дүн 15.000.000 төгрөгийн нэхэмжлэх, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нийт үнийн дүн 2.665.500 төгрөгийн зарлагын баримт, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нийт үнийн дүн 1.980.000 төгрөгийн нэхэмжлэх, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн нийт үнийн дүн 2.579.000 төгрөгийн зарлагын баримт, бүгд 36.864.950 төгрөг болно.

          Тодруулбал 4-р хавтаст хэргийн 21 хуудаст авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 4.311.000 төгрөгийн зарлагын баримтын нийт үнийн дүн засвартай байх боловч худалдан авсан хаалга, нугасны үнээр нийт үнийн дүнг тооцсон болно. 

         Мөн 4-р хавтаст хэргийн 39 хуудаст авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 522.500 төгрөгийн зарлагын баримтад хэдний өдөр худалдаж авсан болох нь бичигдээгүй байх боловч уг барилгын материалыг барилгыг барьж байх хугацаанд худалдаж авсан байх тул өдөр бичигдээгүй хэдий ч нотлох баримтаар үнэлсэн болно.

           Нэхэмжлэгч С.М-аас гаргаж ирүүлсэн дараах баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Үүнд:

              1.  С.М-ын  гар ноорог /2-р хавтаст хэргийн 12-13 хуудас/,

        2. Ганбаяр, Батхишиг, Н.Орлого нарын тодорхойлолт /4-р хавтаст хэргийн 18 хуудас/, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж ирүүлсэн А.Чулуундарийн тодорхойлолт,

             3. Бэлэн мөнгөний орлогын баримт /хуулбар хувь учраас үнэлэх боломжгүй, 3-р хавтаст хэргийн 249 хуудас/, нийт 675.000 үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 21 хуудас/, 2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн, 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  нийт үнийн дүн 137.000, 7000 төгрөгийн зарлагын баримтууд /худалдан авагчийн нэр болон хүлээн авагч хэсэгт гарын үсэг зурагдаагүй, хэн худалдаж авсан нь тодорхойгүй, 4-р хавтаст хэргийн 21 хуудас/, нийт 318.000 үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 21 хуудас/, нийт 13.2000 үнийн дүнтэй зарлагын баримтын он, сар, өдөр, компаний нэр засвартай /4-р хавтаст хэргийн 21 хуудас/, нийт 48.000 үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтад он, сар, өдөр, нийт үнийн дүн засвартай /4-р хавтаст хэргийн 22 хуудас/, нийт үнийн дүн 940.000, 560.000, 1.224.500, 1.814.000, 493.000 төгрөгийн зарлагын баримтууд /худалдан авагчийн нэр болон хүлээн авагч хэсэгт гарын үсэг зурагдаагүй, хэн худалдаж авсан нь тодорхойгүй, 4-р хавтаст хэргийн 23 хуудас/, нийт үнийн дүн 3.190.000  төгрөгийн зарлагын баримтад он бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 32 хуудас/, нийт үнийн дүн 6.950.00 төгрөгийн зарлагын баримтын он засвартай /4-р хавтаст хэргийн 32 хуудас/, нийт үнийн дүн 17.157.800 төгрөгийн зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 32 хуудас/, нийт 12.000 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 39 хуудас/, нийт 2.556.500 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 41 хуудас/, нийт 1.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 41 хуудас/, нийт үнийн дүн 517.000 төгрөгийн зарлагын баримтын он, сар засвартай /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, нийт үнийн дүн 2.560.000 төгрөгийн зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, нийт үнийн дүн 675.000 төгрөгийн зарлагын баримтад он, сар, өдөр бичигдээгүй /4-р хавтаст хэргийн 42 хуудас/, 5-р хавтаст хэргийн 59 хуудас дахь нийт үнийн дүн 4.488.750 төгрөгийн нэхэмжлэх 4-р хавтаст хэргийн 42 хуудаст авагдсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн нийт үнийн дүн 4.488.750 төгрөгийн нэхэмжлэхтэй давхацсан, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж ирүүлсэн 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн кассын зарлагын ордерийн хэнд хэсэгт Цагаанаад гэж бичигдсэн тул үнэлэх боломжгүй, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн нийт үнийн дүн 4.500.000 төгрөгийн нэхэмжлэхэд тээврийн хөлс 3.000.000 төгрөг гэж бичигдсэн байх боловч  ямар тээврийн хөлс болохыг тодруулаагүй, ажилчдын нүүрс 1.500.000 төгрөг нь барилга барихад гарсан зардалд оруулж тооцох боломжгүй болно.

           2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 15.249.700 төгрөгийн зарлагын баримт /4-р хавтаст хэргийн 17 хуудас/ нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа хэдий ч 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын материал зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийт 15.249.700 төгрөгийн барилгын материал худалдаж авсан /4-р хавтаст хэргийн 17 хуудас/ талаарх баримттай давхацсан учир тооцоонд оруулаагүй болно.

           Зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлсэн гар ноорог болон тооцооны баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуульд заасан арга хэрэгслээр авагдаагүй буюу зохигчид өөрсдөө үйлдсэн байх тул тухайн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдав.

          Хариуцагчаас барилгыг барьж байх үед гарсан цахилгаан болон усны зардлын баримтуудыг ирүүлсэн байх боловч энэхүү урсгал зардлыг барилга барихад гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй байна.

         Зохигчдын хүсэлтээр Х.Нямсамбуу, Ж.Мягмар, Н.Орлого, З.Оюундэлгэр, М.Хосбаяр, Л.Энх-Амгалан нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Х.Нямсамбуугийн “Миний бие нь нийтдээ С.М-ын барилгад 110-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мягмарын “Уг барилгыг ашиглалтад өгөх ажлыг С.М гардан гүйцэтгэсэн. Гэхдээ С.П-ын хувь нэмэр ч бас байгаа. Уг барилгыг ашиглалтад өгөхөд заслын ажлууд дутуу байсан учир С.П нь Хорлоо багшийн байрыг хөрөнгө оруулагчид барьцаалж барилгын материал авч байж уг орон сууцыг барьж дуусгасан. С.М нь мөн Нямсамбуу /Цагаанаа/ гэх хүнтэй уулзаж хөрөнгө оруулалт авсан. Энэ хүмүүсээс яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт авсан талаар би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Н.Орлогын “Миний бие нь уг 16 айлын орон сууцны 3 давхрын заслын ажлыг хийсэн. С.М нь уг 3 давхрын барилгын заслын ажлыг хийхэд шаардагдах барилгын материалуудыг авч ирж өгдөг байсан. С.П, С.М нарын хэн нь мөнгө зарцуулж уг барилгыг ашиглалтад оруулсан талаар мэдэхгүй. Би зөвхөн заслын ажлыг л хийж хөлсөө авсан. Миний бие ажлын хөлсөнд С.М-аас 2.500.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг, гэрч М.Хосбаярын “Эхний өрлөг буюу 2 давхрын өрлөгийн цалинг Пүүжээ эгчээс авсан. Бусдыг нь С.М-аас авсан. Гадна заслын ажлын хөлсийг ба С.М-аас авсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Энх-Амгалангийн “Би 2015 оны 9 дүгээр сард барилга дээр ирсэн Оюунгэрэл эгчтэй гэрээ хийж, 1-р давхраас нь эхлэн засал чимэглэлийн ажлыг хийсэн. Бидний засалд хэрэглэгдэх бүхий л материал, багаж хэрэгслийг С.М ах авч өгдөг байсан. Бид нарт цалин гэж 4.000.000 өгсөн” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

        Түүнчлэн гэрч З.Оюундэлгэр “Миний бие нь уг 16 айлын орон сууцны 1 давхрын заслын ажлыг хийсэн. С.М нь 1 давхрын барилгын заслын ажлыг хийхэд шаардагдах барилгын материалуудыг авчирч өгдөг байсан. Миний бие ажлын хөлс 2.000.000 төгрөгөө С.М-аас авсан” гэж мэдүүлсэн боловч гэрч нь хариуцагч С.М-тай байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр ажлын хөлсийг 4.000.000 төгрөгөөр тохирсон байх тул ажлын хөлс 4.000.000 төгрөгийг хариуцагчаас гарсан зардалд оруулж тооцов.

         Хариуцагч С.М хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч гэрээ ёсоор 16 айлын орон сууцны барилгыг барихад 194.475.298 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон.

        Гэвч дээрх баримтуудаар хариуцагч С.М нь барилгад 105.723.750 төгрөгийн хөрөнгө оруулсан болох нь тогтоогдсон, энэхүү дүн нь хөрөнгө оруулалтын 50 хувьд ч хүрэхгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

             Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхарын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.М-ын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус ту хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

               Нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-ыг шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 1.396.450 төлөхийг хойшлуулсан бөгөөд түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.396.450 төгрөг гаргуулж Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулах нь зүйтэй.

          Мөн нэхэмжлэгч С.П-ын хүсэлтээр Гэрэгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, барилгыг барихад гарсан зардлын тооцоог гаргуулсан ба шинжээчийн ажлын хөлс нь 3.500.000 төгрөг болсон бөгөөд үүнээс 2.000.000 төгрөгийг Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас төлсөн. Нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн сан банкин дахь 100150005401 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

              1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхарын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, илүү оруулсан 25.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.М-ын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.П-аас шинжээчийн ажлын хөлс 2.000.000 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн сан банкин дахь 100150005401 дансанд оруулж, хариуцагч С.М-аас улсын тэмдэгтийн хураамж 1.396.450 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулсугай. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ