Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2018/01775/И |
Дугаар | 001/ХТ2021/00403 |
Огноо | 2021-04-29 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2021/00403
Жи жи си эм ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлалтай,
Жи жи си эм ХХК-ийн нэхэмжлэлтэй,
БНХАУ-ын иргэн Ву Шиоли /Wu Хiaoli/, Д.Энхжаргал нарт холбогдох
Орон сууц захиалах гэрээ болон худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч Д.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагч БНХАУ-ын иргэн Ву Шиоли /Wu Хiaoli/-гийн өмгөөлөгч Б.Болдбаатар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Жи жи си эм ХХК-ийн захирал Ян Вэймин /Yan Weimin/ 2014 оны 7 сард хариуцагч Ву Шиоли/Wu Xiaoli/-гээс 2,500,000 юанийг зээлсэн. Зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилгоор Жи жи си эм ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, Зайсан вилла хотхоны 59/3 байрны 2 тоот, 59/3 байрны 3 тоот, 59/3 байрны 4 тоот, 59/3 байрны 5 тоот тус бүр нь 372 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг худалдахаар 2015 оны 01 сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, зарим холбогдох баримт бичгийг авсан бөгөөд Жи жи си эм ХХК-ийн зүгээс дахиж ямар нэгэн байдлаар Ву Шиоли-тэй гэрээ хэлцэл байгуулаагүй, бичиг баримт өгч байгаагүй. Жи жи си эм ХХК-ийн захирал Ян мин нь Ву шио лид 2,500,000 юаны зээлтэй холбоотойгоор 2015, 2016 онд нийт 2,700,000 юань төлж барагдуулсан байхад Ву Шиоли 2015 оны 01 сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг ашиглан 2017 оны 07 сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 59/3 байрны 2, 3, 4, 5 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа Ву Шиоли-д 4 ширхэг орон сууцыг худалдаагүй. Ву Шиоли нь Ян минээс зээлсэн 2,500,000 юань дээр 6 сарын хүү, алданги гэж үндэслэлгүйгээр 1,725,000 юанийг нэмж тооцон зээл олгосон этгээдэд үзүүлэх шаардлагатай байна гэж ойлгуулан Жи жи си эм ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, Зайсан вилла хотхоны 59/3 байрны 2, 3,4, 5 тоот 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой орон сууц захиалах гэрээг 4,225,000 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож 1,309,750,000 төгрөгийн үнийн дүнтэй бичигдсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Хариуцагч Ву Шиоли нь нөхөр Ван Жунтай хамтран эзэмшдэг Баян модот уул ХХК-д хөрөнгө оруулсан этгээдэд болон ажил үүрэг гүйцэтгэсэн компанид төлөх өр төлбөрөө хойшлуулахад шаардлагатай байна, туслаад хэдэн баримт өгөөч гээд 2015 оны 11 сарын 30-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн гэрээ, бичиг, баримтыг бэлтгэн авчирч монгол хэл, бичиг мэдэхгүй Ян минээр гарын үсэг зуруулж 14 тоотоор дугаарлагдсан 2015 оны 01 сарын 16-ны өдрийн 1,725,000 юань тушаасан гэх, 15 тоотоор дугаарлагдсан 2015 оны 11 сарын 27-ны өдрийн 1,775,000 юань бэлнээр төлсөн кассын орлогын баримтыг гуйж авсан байдаг. Жи жи си эм ХХК нь хариуцагчаас тухайн өдрүүдэд 1,725,000, 1,775,000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй болно. Гэтэл хариуцагч тал 2015 оны 11 сарын 30-ны өдөр өөрөө бэлтгэж авчирсан бичиг баримт, гэрээг ашиглан 2016 оны 02 сарын 08-ны өдөр 4 ширхэг орон сууцны гэрчилгээг гаргуулан авч, гээгдүүлсэн үндэслэлээр дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 07 сарын 17-ны өдөр гаргуулан авсан байна. Энэ талаар Жи жи си эм ХХК 2018 оны 5 сар хүртэл мэдээгүй байсан. Хариуцагч Ву Шиоли нь Ян минээс 2,500,000 юанийн зээлийг төлөхийг шаардаж байсан учир хариуцагчид 1,988,542 юанийг төлсөн. Үүнд: 2015 оны 06 сарын 09-ний өдөр БНХАУ-ын иргэн Жан Фа Инь /Zang Fa Ying/ нь 500,000 юанийг, 2016 оны 06 сарын 15-ны өдөр Жи жи си эм ХХК-ийн Хаан банкны 5003862884 тоот данснаас Ву Шиоли-гийн Хаан банкны 5179003182 тоот дансанд 300,000 юанийг Жи жи си эм ХХК-аас "зээл төлөв" гэх гүйлгээний утгаар, 2016 оны 08 сарын 15-ны өдөр Жи жи си эм ХХК-ийн Капитал банкны 2112001772 тоот данснаас Ву Шиоли-гийн Хаан банкны 5179003182 тоот дансанд 250,000 юанийг Ву Шиоли зээлийн төлбөр гэх гүйлгээний утгаар, 2016 оны 09 сарын 01-ний өдөр Капитал банкны 2112001772 тоот данснаас Ву шио лигийн Хаан банкны 5179003182 тоот дансанд 250,000 юанийг Ву Шиоли гэх гүйлгээний утгаар, 2017 оны 10 сарын 20-ны өдөр Жи жи си эм ХХК-ийн Хаан банкны 50033715556 тоот данснаас Ву Шиоли-гийн Голомт банкны 1103033955 тоот дансанд 70,000,000 төгрөгийг буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 371.27 төгрөгөөр тооцвол 188,542 юанийг Жи жи си эм ХХК-аас гэх гүйлгээний утгаар, 2018 оны 02 сарын 09-ний өдөр Жи жи си эм ХХК-ийн захирал Ян мин-ийн Хаан банкны 5179002633 тоот данснаас Ву Шиоли-гийн Хаан банкны 5179003182 тоот дансанд 500,000 юанийг тус тус шилжүүлсэн. Түүнчлэн Ву Шиоли, түүний нөхөр Ван Жун нарын эзэмшлийн Баян модот уул ХХК нь 2013 онд БНХАУ-ын Тянжин Иа Туо уул уурхайн хөрөнгө оруулалтын компаниар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт вольфрам, цагаан тугалганы орд газарт нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгүүлсэн байдаг бөгөөд хайгуулын ажлын 1481 метрийн гүнтэй, 5 ширхэг цооног өрөмдсөн Зуун газар ХХК-ийн захирал Л.Болормаад 1,200,000 юанийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч Ву Шиоли нь Баян модот уул ХХК-ийн 1,200,000 юань төлөх төлбөрийг Ян минд шилжүүлэхээр тохирсон тул Л.Болормаад 2016, 2017 онуудад 675,000 юанийг төлсөн болно. Хариуцагч Ву Шиоли анх зээлүүлсэн 2,500,000 юаниас Жи жи си эм ХХК-ийн захирал Ян минээс 1,988,542 юань, бусдад төлөх өр төлбөртөө 675,000 юань шилжүүлж нийт 2,663,542 юанийг буцаан авсан атлаа Жи жи си эм ХХК-ийн эзэмшлийн 4 ширхэг орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авсан байна. Иймд 2015 оны 01 сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 20151130 дугаартай орон сууц худалдах-худалдан авах гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Нэхэмжлэгч Жи жи си эм ХХК нь хариуцагч Ву Шиоли-д холбогдуулан 2015 оны 01 сарын 16-ны өдрийн "Орон сууц захиалах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2015 оны 11 сарын 30-ны өдрийн 20151130 дугаартай "Орон сууц худалдах-худалдан авах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч Д.Энхжаргалд холбогдуулан 2015 оны 11 сарын 30-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Хариуцагч Ву Шиоли нь хүчин төгөлдөр бус орон сууц худалдах-худалдан авах гэрээг үндэслэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Ар зайсан гудамж 59/3 байр 2 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-22060444721 дугаарт бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 59/3 байр 3 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206044719 дугаар бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 59/3 байр 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206044718 дугаарт бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 59/3 байр 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206044717 дугаарт бүртгэгдсэн 372 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ авсан нь худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн үр дагавар байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт заасны дагуу хариуцагч Ву Шиоли-гийн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
Хариуцагч БНХАУ-ын иргэн Ву Шиоли /Wu Хiaoli/ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Жи жи си эм ХХК-ийн захирал Ян Мин 2014 оны 7 сард хариуцагч Ву Шиоли-гээс 2,500,000 юанийг зээлсэн байдаг. Гэтэл тус компанид төлөх мөнгө байгаагүйгээс өөрийн компанийн барьж байгаа барилгаас уг мөнгөндөө суутган тооцож, илүү гарсан мөнгийг өгөөч гэсэн санал тавьсны дагуу харилцан тохиролцож, 4 орон сууцыг 4,225,000 юаниар худалдан авахаар анх орон сууц захиалах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч тал зээл өгөхдөө зээлийн төлбөрийн үүргийг хангах тохиролцоо гэрээ хэлцэл хийгээгүй, харин 6 сарын дараа буюу 2015 оны 01 сарын 16-ны өдөр зээлийн үүргийг хангах арга хэрэгсэл болгож орон сууц захиалах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь худлаа бөгөөд хэрэв зээлийн үүргийг төлөх, хангах зорилготой байсан бол тухайн үед барьцааны гэрээ байгуулж болох байсан. Нэхэмжлэгч нь барьж буй барилга нь санхүүжилтгүй болсноос үүдэн зээлж авсан мөнгөө харилцан тохирсон ёсоор буцаан хугацаандаа төлөөгүй, төлөх эдийн засгийн боломжгүй байдлаасаа шалтгаалан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан вилла хотхоны 59/3 дугаар байрны 2, 3, 4, 5 тоот 4 орон сууцыг 4,225,000 юаниар худалдахаар тохирч, 2015 оны 01 сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулсан. Дээрх зээлүүлсэн 2,500,000 юанийг төлснөөр тооцон 2014 оны 07 сарын 20-ны өдрийн Жи жи си эм ХХК-ийн кассын орлогын 5 дугаартай баримт авсан. Үлдэгдэл 1,725,000 юанийг 2015 оны 01 сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулахдаа бэлнээр өгч санхүүгийн баримтыг авсан. Орон сууц захиалах гэрээ нь хууль ёсных бөгөөд Жи жи си эм ХХК-ийн ТУЗ-өөс Зайсан виллаг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон шийдвэрийн хүрээнд Ян минтэй Ву Шиоли харилцан тохирч гэрээ хийсэн. 2015.07.15-ны өдөр болоход байр ашиглалтад ороогүй бөгөөд Жи жи си эм ХХК-ийн захирал Ян мин үнийг хямдаар тооцсон байна, танаас буцаан 6,000,000 юанаар худалдан авъя, 1,000,000 юанийг 2015 оны 10 сарын 15-ны дотор төлж, нэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, 2016.04.30-наас өмнө 5,000,000 юанийг төлж, үлдэх байрыг буцаан авъя гэж гуйсны дагуу орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 2015.07.16-ны өдөр байгуулсан. Ийнхүү орон сууцыг буцаан худалдан авах гэрээ байгуулахдаа 2014.07.20-нд өгсөн 2,500,000 юанийг байрны мөнгөнд тооцож, мөн 2015.01.16-ны өдөр 4 орон сууцны үнэ 4,225,000 юань, үлдэгдэл 1,725,000 юанийг 4,225,000 юанийн зээлийн эргэн төлөлт гэж бичээд уг мөнгийг өгч чадахгүй байгаагаа бичсэн. Харин 1,000,000 юань төлж, нэг байрыг буцаан авч уг байраа зарж, 5,000,000 юань өгөөд 2016 оны 4 сард 3 байр буцааж авах тохиролцоо байсан юм. Гэвч энэ гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, Жи жи си эм ХХК-ийн захирал Ян мин 2015.07.16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээнд заасан 1,000,000 юаниа 2015.10.30-ны дотор төлөөгүй. Ийнхүү 2015.11.27-ны өдөр Жи жи си эм ХХК-ийн захирал Ян минд уг байрыг буцаан авах эхний төлбөрийн мөнгөө гэрээнд заасны дагуу өгч чадахгүй юм бол байраа авъя гэхэд надад ядаж 4,225,000 юаниар биш 6,000,000 юаниар орон сууцны үнийг тооцон, төлсөн мөнгөн дээрээ зөрүү өгчих гэсэн тул харилцан ярилцаад түүний хүсэлтийг хүлээн авч, 2015 оны 11 сарын 27-ны өдөр 1,775,000 юанийг төлсөн. Ийнхүү Ву Шиоли эцэст нь уг орон сууцнуудыг 6,000,000 юаниар авахаар болж, 2017.11.30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. 2015.07.16-ны өдөр баталгаажуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээгээр дээрх 4 орон сууцыг хариуцагчийн өмчлөлд бүрэн шилжүүлэх хүсэл зорилготой байсан болохыг нотлон харуулж байгаа юм. Хэрэв дүр эсгэсэн гэрээ байсан бол зээлээ төлөөд л орон сууцнуудыг авах байж яах гэж буцаан худалдан авах гэрээ хийж, уг гэрээний нийт үнийг 6,000,000 юаниар худалдах ямар ч шаардлага байхгүй байсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлж чадаагүй учраас харилцан тохирсны дагуу 4 орон сууцыг зарсан бөгөөд уг орон сууцыг хариуцагчаас хэрэв төлбөрийн чадвартай болбол 1,775,000 юань нэмж өгч байж л буцаан худалдан авах байсан. Гэвч буцаан худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тул түүнд зарах боломжгүй, шаардлагагүй болсон. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа тухайн хэлцлийн үр дүнг бий болгох, эрх үүрэг бий болгох зорилгогүй зөвхөн гадаад байдлын хувьд хэлцэл хийгдсэн мэт харагдуулахыг урьтал болгодог. Тэгвэл 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ нь харилцан тохиролцож зээлийн төлбөрөө төлж чадаагүйтэй холбоотойгоор тухайн эд хөрөнгийн талбайн хэмжээ үнэ болон бусад нөхцлийг тодорхой зааж, талуудын хүсэл зоригийн хүрээнд хийгдсэн. Хэрэв тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний төлбөрийн үүргийг хангуулахаар дүр үзүүлж хийсэн бол буцаан худалдан авах гэрээ хийгдэх шаардлагагүй байсан. Яагаад 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ хийгдснээс хойш 6 сарын дараа орон сууц буцаан худалдан авах гэрээ хийсэн, яагаад зээлийн төлбөрийн баталгаа байсан юм бол Ву Шиоли-д зарсан үнээсээ 1,775,000 юань илүү буюу 6,000,000 юаниар буцаан авна гэж гэрээ хийсэн бэ гэдгээс тодорхой харагдана. Нэгэнт зээлийн төлбөрөө төлж чадаагүй тул харилцан тохиролцож 4 орон сууцыг худалдсан, ийм л асуудал болсон. Харин төлбөр санхүүгийн чадамжтай болвол тэргүүн ээлжинд буцаан авах, нэгэнт 4 орон сууцаа зарчихсан хариуцагчийн өмч тул дахин тохиролцон буцаан худалдан авах үнээ 6,000,000 юань гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэрээг хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүргээ харилцан тохиролцсон тохиролцооны дагуу зохих ёсоор хийсэн байж, санхүүгийн чадамжгүйгээс буцаан худалдан авч чадаагүй байж тохирсон үнээсээ 1,775,000 юань нэмж авч өмнөх орон сууц захиалах гэрээний үнэд өөрчлөлт оруулан орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулан байр зарснаа дүр эсгэсэн хэлцэл гэж шүүхээр хүчингүй болгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ву Шиоли нь БНХАУ-ын иргэн Ян минд мөнгө зээлээгүй, харин Жи жи си эм ХХК-ийн хөрөнгө оруулалтад зориулж юань зээлсэн. Жи жи си эм ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Ян мин тул түүнтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан боловч уг гэрээн дээр зээлдэгч нь Жи жи си эм ХХК гэдэг нь тодорхой байгаа. 2015.07.16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь Жи жи си эм ХХК нь зээлдэгч болохыг баталсан болно. БНХАУ-ын иргэн Ян мин 2,500,000 юань зээлсэн, Жи жи си эм ХХК зээлийн гэрээ хийж зээл аваагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд юань зээлэх гол шалтгаан нь Жи жи си эм ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан вилла хотхонд барьж буй барилгад хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсний дагуу 2,500,000 юанийг зээлсэн. Түүнээс биш БНХАУ-ын иргэн Ян минд түүний хувийн хэрэгцээнд зориулж мөнгө зээлээгүй. Ву Шиоли-гээс өөр ямар ч зээлдэгч байхгүй гэдэг нь анх 2,500,000 юанийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотоос Ву Шиоли өөрийн нэр дээрх банкны харилцах данснаас 2,500,000 юань шилжсэн гэсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно. Ийнхүү 2,500,000 юань мөнгөн гуйвуулга хийгдэхгүй буцаагдаж байснаас болж Ян минийн хувийн харилцах руу шилжсэн тул Жи жи си эм ХХК нь уг мөнгийг авсан болохоо нотлон орлогын баримтыг албан ёсоор 2014 оны 07 сарын 20-ны өдөр өгсөн байдаг. Хятад хүмүүс хэзээ ч аваагүй ийм их мөнгөний баримтыг хүлээн авлаа гэсэн бичиг хийж өгөхгүй. Компанийн нягтлан бодогч, захирал зэрэг ажлууд хийдэг хэн ч гэсэн уг баримт нь компанид бэлнээр орсон мөнгөн хөрөнгийг нотлох санхүүгийн баримт бичиг гэдгийг мэднэ. Хэрэв баримтыг хийж өгөхгүй бол мөнгөө бэлнээр тушаахгүй байсан. Уг баримт нь Ву Шиоли-гээс мөнгийг авсан болохыг нотолж байгаа баримт бичиг бөгөөд 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний 2.1-т уг мөнгийг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ гэрээ хятад хэл дээр хийгдсэн мөн нотариатч гэрчилсэн болно. Жи жи си эм ХХК-ийн Ву Шиоли-д 2016.06.15-наас 2018.02.09-ний өдөр хүртэл 5 удаагийн шилжүүлгээр нийтдээ 1,500,000 юань орсон. Дээрх мөнгө нь 2016 оны 6 сараас эхлэн шилжиж ирсэн бөгөөд зээлийн төлбөр биш. Харин 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3.2-т заасны дагуу 2016.04.30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 3.6-д зааснаар торгуулийг худалдагч тал нь худалдан авагчид төлсөн мөнгө болно. БНХАУ-ын Тянжин Иа Туо уул уурхайн хөрөнгө оруулалтын компанийн 2013 онд гүйцэтгэсэн хайгуулын өрөмдлөгийн ажлын төлбөр төлөх тухай тодорхойлолт, Зуун газар ХХК-ийн захирал н.Болормаатай Баян модот уул ХХК ажил гүйцэтгүүлсний төлбөрийн өртэй байсан эсэхийг мэдэхгүй, хариуцагчид ямар ч хамааралгүй. Талуудын хооронд хийгдсэн 2015 оны 01 сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон анх Жи жи си эм ХХК-ийн мэдэж харьцсанаас хойшхи бүх асуудлыг тэдний хажууд байсан Жань Фа Инь, Ван Юү Фэй нар гэрчлэх бөгөөд уг гэрээг хууль ёсных болохыг зөвшөөрч гэрээтэй холбоотой асуудалд батлан даана гэсэн бичиг хийж өгсөн. Аливаа бизнес түншлэл нь харилцан итгэлцэл дээр үндэслэж шударга байх, мөн тохиролцоогоо зөрчихгүй, цаг хугацааг баримтлах нь тулгуур зарчим юм. Гэтэл дээрх зарчмын дагуу явагдсан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргаж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Энхжаргал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хариу тайлбарт: Гэрээг байгуулахдаа талууд монгол хэл дээр байгуулж, орчуулгыг хятад хэл дээр орчуулж, орчуулгын товчооны тамга тэмдэг даруулсан. Жи жи си эм ХХК-ийн захирал, хариуцагч нар хоёулаа өөрсдийн төрөлх хятад хэл дээр гэрээний нөхцөлөө ойлгоод гэрээг байгуулсан. Тухайн гэрээний нөхцөлийг хэн аль нь ойлгосон, тухайн орчуулга дээрээ юу гэж бичсэнийг хэн аль нь ойлгож байгаа учраас нотариат гэрээг гэрчилсэн байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гээд ерөнхий захирал Ян миний Жи жи си эм ХХК-ийг төлөөлөн Зайсан Виллаг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна гээд Нотариатын тухай хуульд заасан үйлдлийг хийсэн. Хэрвээ нотариатын тухай хуульд үйлдэл өөрөө хүчин төгөлдөр биш гэж үзэж байсан бол энэ гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар цааш нь өгч бүртгүүлэхгүйгээр буцаж маргаан үүсгэх боломжтой байсан боловч дээрх этгээдүүд нь энэ гэрээг үндэслээд Үл хөдлөх эрхийн бүртгэлийн газарт Жи жи си эм ХХК, ерөнхий захирал Ян мин гээд гарын үсэгтэй нэр бүхий 4 байрны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан талаарх албан бичиг, худалдах-худалдан авах гэрээ, тухайн байрнуудын албан ёсны хаяг, хаягжилтын талаарх албан бичиг, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн фото зураг зэргийг нэмэлтээр хавсаргаж өгсөн байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн фото зураг, кадастрын зураг зэргийг аваачиж өгсөн нь хэлцлийн талаарх үр дагавар, хэлцлийн талаар ямар агуулгатай хэлцэл байсан гэдгийг мэдэж байсан гэсэн үг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу энэ үйлдэл хуулийн дагуу бүрэн дүүрэн хийгдээд дуусгавар болсон тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Ву Шиоли-д холбогдох 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Жи жи си эм ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Д.Энхжаргалд холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйдлийг хүчингүйд тооцуулах тухай Жи жи си эм ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Жи жи си эм ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,164,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.18-ны өдрийн 1812 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. Давж заалдах шатны шүүх 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн, гэрээний талууд өмнө нь 2014.07.20-ны өдөр нэхэмжлэгчид зээлдүүлсэн 2,500,000 юанийг орон сууцны төлбөр төлсөнд тооцохоор тохиролцсон, нэмж 1,725,000 юанийг нэхэмжлэгчид төлснөөр хариуцагчийг уг гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч Жи жи си эм ХХК нь хариуцагч Ву Шиоли-тэй хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн харилцаанд орж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар болон талуудын тайлбараар хангалттай тогтоогддог. Хариуцагч Ву Шиоли нь 2015.01.16-ны өдөр Ян вэй минтэй уулзаж түүнд 2014.07.20-ны өдөр зээлсэн 2,500,000 юаньтай холбоотой санхүүгийн баримт Монголд хэрэг болоод байна гэж нэхэмжлэгчийн 2014.07.20-ны өдрийн 2,500,000 юанийн санхүүгийн баримтыг гуйж авсан, мөн Жи жи си эм ХХК-ийн барьж байгаа 3айсан вилла хотхонд үл хөдлөх эд хөрөнгө захиалсан мэт гэрээ хийж өөрийн өр авлагатай этгээд нарт үзүүлэх шаардлагатай байна гэсэн байдгаас гадна Ян вэй минд зээлсэн 2,500,000 юанийн хүү 1,725,000 юань болсон, тэр талаар гэрээнд тусгаж нийт 4,225,000 юанийн үнийн дүнтэй гэрээг байгуулж өгөөч ямар нэгэн эрх зүйн үр дагавар огт үүсгэхгүй гээд орон сууц захиалах гэрээнд нэхэмжлэгч компанийн тамга, тэмдгийг даруулж авсан байдаг болно. Хүсэл зоригоо илэрхийлж байгаа этгээд болон хүсэл зоригийг хүлээн авагч нь хийж буй хэлцлээ эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдэг талаар харилцан тохирсон байх нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн шинж байдаг. Хариуцагч Ву Шиоли болон Ян Вэймин нар 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй талаар харилцан тохиролцсон, уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжигдээгүй, хариуцагч Ву Шиоли, Ян Вэймин гэрээг зөвхөн хэлбэр төдий байгуулж, зарим талаар үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилготой байсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хуурамч хэлцлийн үндсэн шинжийг агуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна. Хариуцагч Ву Шиоли-гийн зүгээс орон сууц захиалах гэрээг хэлбэр төдий байгуулсан болохоо хүлээн зөвшөөрч, гэрээг хүчингүй болгоход эсэргүүцэх зүйлгүй гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан байдгийг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.
2. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн 2015.11.30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг монгол хэл дээр байгуулж, хятад хэл рүү орчуулж, албан ёсны баталгаат орчуулга хийлгэж баримт үйлдсэн гэх дүгнэлтийг уг хятад хэл дээрх гэрээнд талууд гарын үсэг зураагүй, уг гэрээний хятад хэл дээрх орчуулга Монголын нотариатчдын танхимд хадгалагдаагүй болохыг анхаараагүй боловч энэ гэрээний оролцогчид нь орон сууц худалдах-худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж, худалдагч Жи Жи Си Эм ХХК-ийн захирал Ян Вэймин, худалдан авагч Ву Шиоли нар нь БНХАУ-ын иргэд байх бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө Монгол хэл дээр үйлдэж гарын үсэг зурсан, орон сууцыг худалдан авагч Ву Шиоли 1,860,000,000 төлбөрийг бүрэн төлж дуусгасан болохыг Жи Жи Си Эм ХХК тодорхойлсон тул 2015.11.30-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг хятад хэл дээр байгуулаагүй явдал нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 56.1.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1., 195.3.- т заасан эрх зүйн хэм хэмжээг огт анхаарч дүгнэлт хийгээгүй болно. Хариуцагч Ву Шиоли нь 2015.11.30-ны өдөр Ян Вэймин-тэй Зайсан вилла хотхонд барилгын материал нийлүүлэхэд шаардлагатай гэрээ байгуулъя гэж монгол хэл дээр санаатайгаар урьдчилан төлөвлөж бэлтгэсэн орон сууцны худалдах-худалдан авах гэрээг Сүхбаатар дүүргийн 287 дугаартай нотариатч, хариуцагч Д.Энхжаргалаар нотариатын үйлдэл хийлгэсэн байдаг бөгөөд нотариатч Д.Энхжаргал нь орчуулагч байлцуулалгүйгээр гэрээг гэрчилсэн байна. Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэдэг. Гэтэл монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй этгээд болох Ян вэй минг хүсэл зоригоо бодитой, хангалттай, тодорхой илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байхад хоёр шатны шүүх худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргасан 2015.11.30-ны өдрийн орон сууцны худалдах-худалдан авах гэрээнд хариуцагч Ву Шиоли болон Ян вэй мин нарын гарын үсэг зурагдсан байдгаас гадна 2015 онд нэхэмжлэгч Жи жи си эм ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч байсан БНХАУ-ын иргэн Тангхонгбин-гийн гарын үсэг зурсан мэтээр байдаг. БНХАУ-ын иргэн Танг хонг бин нь 2015.11.30-ны өдөр буюу 2015 он, 2016 онд Монгол улсад огт зорчиж байгаагүй нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019.01.18-ны өдрийн 2\583 тоот тодорхойлолтоор тогтоогддог. Мөн Монголын нотариатчдын танхим-ын архивт авагдсан хариуцагч, нотариатч Д.Энхжаргалын нотариатын бүртгэлийн дэвтэрт Танг Хонг Бин-г байлцсан тухай тэмдэглэл авагдаагүй, орон сууц худалдах-худалдан авах гэрээнд Танг хонг бин-гийн гарын үсэг зурагдаагүй байдаг болно. Хариуцагч Ву Шиоли Монгол улсад байгаагүй этгээдийн гарын үсгийг хуурамчаар нөхөн үйлдэж, хуурамч нотлох баримтыг бүртгэлийн байгууллагад гарган өгч хууль бус аргаар нэхэмжлэгч Жи жи си эм ХХК-ийн 14,360,000,000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байхад давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй үйл баримт гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч Жи жи си эм ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6 сарын дараа буюу 2018.11.14-ний өдөр хариуцагч орон сууцны худалдах-худалдан авах гэрээг батлуулах үед хятад хэл дээр гэрээ хийгдсэн байсан мэтээр хятад хэл дээрх гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан болно. Гэтэл энэхүү хятад хэл дээрх гэрээгээр орчуулгын дардасын хяналтын дугаар болон орчуулгын үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй эсэхийг огт тогтоох боломжгүй, орчуулгын наад захын шаардлага хангахгүй гэрээ байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Нотариатын тухай хуулийн агуулгаар орчуулагч нь орчуулгын үнэн зөв байдлыг, харин нотариатчийн хувьд бол уг орчуулгыг хийсэн этгээд хэн болох түүний эрх зүйн байдал, мөн баримт бичгийн эх эсхүл хуулбар байгаа зэрэг байдлын үнэн зөв болохыг гэрчлэхээр тодорхойлсон байдаг атал хариуцагч нотариатч Д.Энхжаргап нь орчуулагчийн хувийн байдлыг огт тогтоолгүйгээр нотариатын үйлдэл хийж хууль зөрчсөн байдаг. Түүнчлэн уг хятад хэл дээрх гэрээний хувь Монголын Нотариатын Танхим-ын архивт авагдсан орон сууцны худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой баримтад авагдаагүй болох нь 2018.11.20-ны өдрийн архивчийн тодорхойлолтоор нотлогддог. Өөрөөр хэлбэл, монгол хэлээр бичигдсэн гэрээг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар хятад хэл дээр орчуулсан буюу монгол хэлээр бичигдсэн баримт нь орчуулгын хамт байгаа тохиолдолд шүүх уг баримтыг үнэлэх боломж бүрдэх бөгөөд аль нэг нь байхгүй тохиолдолд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 38 дугаар зүйлийн 38.5 дэх хэсэгт нийцээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нөхцөлгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн гол үндэслэл болгосон байхад давж заалдах шатны шүүх хийсвэрлэлд тулгууран зөвтгөн дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Жи жи си эм ХХК-ийн эахирал Ян Вэй мин, хариуцагч Ву Шиоли нар хятад иргэд боловч тэдгээр нь монгол хэл мэдэхгүй гэх байдал тогтоогдоогүй, хариуцагч Д.Энхжаргал нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар орчуулагч хэлмэрчийг оролцуулаагүй нь гэрээний харилцаанд орсон талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэж 2015.11.30-ны өдрийн 20151130 дугаартай орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Сүхбаатар дүүргийн 287 дугаартай нотариатч Д.Энхжаргал нь нотариатын үйлдлийг хийхдээ орчуулагч байлцуулаагүй, үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулаагүй, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1., Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 2.9-д заасныг болон Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нотариатын үйлдэл хийж буй нотариатч нотариатын бүртгэл хөтөлж, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тэмдэглэж, үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан байх хуулийн шаардлагыг зөрчсөн байхад шүүх нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох шаардлагагүй гэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна.
Хариуцагч нар хятад хэл дээрх гэрээг хэрэг хянан шийдвэрлэх цаг хугацаанд нөхөн үйлдэж, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор хуурамч нотлох баримт гаргасан гэж үзэж 2019.09.09-ний өдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх ханган шийдвэрлээгүй болно. Давж заалдах шатны шүүх Жи жи си эм ХХК-ийн 2015.01.16-ны өдрийн 14 дугаартай кассын орлогын баримтад тус компанийн захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр анхан шатны баримт гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 236.4, 236.6 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул Жи жи си эм" ХХК нь хариуцагчаас тухайн өдрүүдэд 11,725,000, 1,775,000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлт хийсэн. Хариуцагч Ву Шиоли нь 2015.11.27-ны өдөр Ян Вэймин-тэй уулзаж түүнд 2014 оны 7 сард зээлсэн 2,500,000 юанийн хүү гэж 1,725,000 юанийн санхүүгийн баримтыг шаардснаас гадна нэхэмжлэгч компанид 1,775,000 юанийг төлсөн гэх санхүүгийн баримт хэрэг болоод байна гэж шаардсан байдаг. Нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч н.Мандал компанид бодитойгоор мөнгө хүлээлгэн өгөөгүй тохиолдолд баримт олгох боломжгүй гэж татгалзсан байдаг боловч хариуцагч Ву Шиоли нь эдгээр баримт зөвхөн Ян Вэймин бид хоёрт л хамааралтай гэж итгэл үнэмшил төрүүлж 2015.01.16-ны өдрийн 14 тоотоор дугаарлагдсан 1,725,000 юанийн баримт, 2015.11.27-ны өдрийн 1,775,000 юанийн 15 тоотоор дугаарлагдсан баримтыг авсан байдаг. Жи жи си эм ХХК-ийн нягтлан бодогч н.Мандал нь Ву Шиоли-д эдгээр нийт 3,500,000 юанийн баримтыг өгөхдөө захирлын зөвшөөрлөөр олгов гэсэн тусгай тэмдэглэгээг тэмдэглэж өгсөн талаараа шүүхэд гэрчээр тодорхой мэдүүлсэн. Хариуцагч Ву Шиоли нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор нэхэмжлэгчид 2014.07.20-ны өдөр 2,500,000 юань, 2015.01.16-ны өдөр 1,725,000 юань, 2015.11.27-ны өдөр 1,775,000 юань нийт 6,000,000 юань буюу тухайн өдрүүдийн ханшаар тооцвол 1,860,000,000 төгрөгийг бэлнээр тушаасан гэдэг боловч хэрэгт авагдсан хариуцагч Ву Шиоли-гийн Голомт банканд эзэмшдэг 1103033955 тоот дансны хуулга, Хаан банканд эзэмшдэг 5179003182 тоот юанийн дансны хуулга зэргээр хариуцагч нэхэмжлэгчид тушаасан гэх санхүүгийн эх үүсвэр байхгүй байсан нь нотлогддог. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа санхүүгийн эх үүсвэрээ нотолсон баримтыг гаргаж өгөх, мөнгөний эх үүсвэрээ тайлбарлахыг шаардаж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс Монгол улсын хилээр бэлнээр нэвтрүүлсэн эсвэл бусдаас зээлсэн мэтээр тайлбарыг гаргадаг тул Гаалийн ерөнхий газраас хариуцагч Ву Шиоли-г Монгол улсын хилээр бэлнээр мөнгө, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан эсэх талаар лавлагаа гаргуулах, Нийслэлийн архивын газарт байгаа 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой нотариатын үйлдэл хийсэн бүртгэлийн дэвтэр, маргаж буй хятад хэл дээр бичигдсэн гэрээний хувь байгаа эсэхийг тогтоох зорилгоор үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч иргэний хэрэг үүссэнээс 1 жил 6 сарын хугацаанд санхүүгийн эх үүсвэрээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй атлаа 2019.09.09-ний өдрийн шүүх хуралдаанд Голомт банкны 2019.09.06-ны өдрийн 11\45 тоот тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд баримттай холбоотой тодорхойлолтод дурьдагдсан дансны хуулгыг Голомт банкнаас гаргуулах, нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй, шаардлагагүй гэж татгалзаж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу гаргасан хүсэлтийг шүүх хэт нэг талыг барьж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа болно. Хариуцагч Ву Шиоли нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авсан талаараа нуун дарагдуулж Ян Вэймин-ээс байнга зээлсэн 2,500,000 юанийг төлөхийг шаардаж байсан тул хариуцагчийн Хаан банкны юанийн 5179003182 тоот дансанд 1,300,000 юань, Голомт банкны төгрөгийн 1103033955 тоот дансанд 70,000,000 төгрөг буюу 188,542 юань нийт 1,488,542 юанийг зээлийн төлбөр гэх гүйлгээний утгаар, хариуцагч Ву Шиоли-гийн зээлсэн 2,500,000 юаниас 500,000 юанийг авсан БНХАУ-ын иргэн Zhang Fa Ying нь 500,000 юань, хариуцагчийн хувьцаа эзэмшдэг Баян модот уул ХХК-ийн "Зүүн газар ХХК-д төлөх 1,200,000 юанийн өр төлбөрөөс Ян вэй мин-гийн хариуцан төлсөн 675,000 юань зэргээр хариуцагч Ву Шиоли-д 2,663,542 юанийг төлсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүх ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Ву Шиоли-д шилжсэн нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүд өнөөдрийн өдрийг хүртэл Жи жи си эм ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дулаан, цахилгаан, ус зэрэг ашиглалтын зардлыг нэхэмжлэгч компани төлж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж дүгнэж чадаагүйгээс гадна хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.18-ны өдрийн 1812 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд "хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэсэн үндэслэлээр ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг баримтлан энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Дээрх үндэслэлээс гадна шүүх бүрэлдэхүүн нь магадлалаа тайлбарлан хэлсэн гол үндэслэлийг магадлалдаа огт дурьдаагүй. Тодруулбал, шүүх хуралдааныг даргалагч хэлэхдээ "Нотариатын газарт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй боловч өвөр монгол орчуулагч байсан талаар нотариатын өмгөөлөгч хэллээ. Ийм байдал илэрсэн тул шийдвэрийг хэвээр үлдээлээ" гэсэн боловч энэ талаараа магадлалдаа огт дурьдаагүй. Мөн нэхэмжлэгч компанийн захирал хятад хүнийг "монгол хэл мэддэг юм байна" гэж өвөр монгол ч биш цэвэр хятад хүнийг монгол хэл мэддэг мэтээр магадлалаа тайлбарласан. Ингэж хэрэгт "орчуулагч байсан" талаар ямар ч баримт байхгүй, нэхэмжлэгч компанийн захирал монгол хэл мэддэг талаар мөн ямар ч баримт байхгүй байхад шүүхийн шийдвэрээр тусгагдаагүй зүйлийг магадлалынхаа үндэслэл болгон шийдвэрлэсэн ба уг үндэслэлээ магадлалдаа дурьдаагүйд гомдолтой байна. Учир нь уг үндэслэл нь хууль зөрчсөн ажиллагаа байсан гэж үзэж байна. Тодруулбал, нотариатын өмгөөлөгчөөр давах шатны шүүхэд шинээр орж ирсэн өмгөөлөгч Ичинхорлоогийн тайлбарыг шинэ нотлох баримтын хэмжээнд үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. ИХШХШТХ-ийн 40.5-д заасныг зөрчсөн. Бодит байдал дээр нотариатын газарт монгол хэл мэддэггүй Хятад улсын иргэнийг ямар ч орчуулагчийг оролцуулалгүй гэрээг баталсан ба энэ гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч өмчлөлдөө бүртгүүлэн авах үндэслэл болж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн билээ. Нэхэмжлэгч нь нотариатын газарт хятад хэл дээр гэрээг орчуулсан орчуулга байгаагүй, анхан шатны шүүхэд хариуцагчийн авчирсан гэрээг хэзээ ч харж байгаагүй талаараа мэдүүлсээр байхад давах шатны шүүх магадлалдаа энэ талаар шүүхийг "Анхаараагүй байна" гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэрийг хүчингүй болгоогүйд гомдолтой байна. Магадлалд мөн "хятад хэл дээрх гэрээнд талууд гарын үсэг зураагүй, үг гэрээний хятад хэл дээрх орчуулга Нотариатын танхимд хадгалагдаагүй байна" гэж дүгнээд байгаа нь нэхэмжлэгчийн гомдлын гол үндэслэлийг тогтоогоод байгаа мөртлөө уг байдлыг "хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнээд байгааг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээ хятад хэл дээр байгаагүй тул ямар ч хүсэл зориг байгаагүй. Иймд магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол магадлалд мөн адил хамаарна. Уг гомдолд "Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг харьцуулан, үнэн зөвөөр үнэлэхгүй, маргааны гол зүйлд хамааралтай нотлох баримтуудыг ер үнэлэхгүй орхигдуулж байгаагаас шүүхийн шийдвэр бодит үнэнд нийцэхгүй шударга бус болж хохирсон иргэнийг улам хохироож илт буруу шийдвэр гаргалаа гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Маргааны гол зүйл болох үр дагаварыг агуулсан 2015.11.30 ны өдрийн "Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хэрэгт 2 байгаа. Тодруулбал, гэрээнд оролцогчид хавтаст хэргийн хуудас 30-д худалдагч талд 2 хүний нэр буюу Ян Вэймин, Танг Хонг Бинг гэгч бичигдсэн байгаа бол нөгөөд нь хүдалдагч талд дан ганц Ян Вэймины нэр бичигдсэн байгаа. Шүүх аль гэрээг нь нотлох баримтаар үнэлээд байгаа нь тодорхойгүй байгаагаас гадна хүдалдагч талд 2 хүний нэр буюу Ян Вэймин, Танг Хонг Бинг бичигдсэн гэрээг байгуулагдсан гээд байгаа үед нь Танг Хонг Бинг гэгч нь монголд байгаагүй болох нь Хил хамгаалах газрын лавлагаагаар нотлогдож байх ба нотариатын дэвтэрт ч түүний гарын үсэг авагдаагүй байна. Үнэлээгүй гэрээгээ яаж үгүйсгээд байгаагаа шийдвэрт дурьдаагүй. Энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд мэдүүлсээр, нотлох баримтуудыг заасаар байхад шүүх шийдвэртээ дээрх байдлыг тодорхойлсонгүй тусгасангүй. "Эргэлзээтэй" баримт үндэслэсэн. Нотариатч Д.Энхжаргал нь Нотариатын тухай хуулийн 32.1-д монгол хэл мэдэхгүй хүнд нотариатын үйлдлийг хийхдээ орчуулагчийг заавал байлцуулах тухай заасныг мөн энэ тухай журмаар зохицуулсан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулгыг тайлбарлах зохицуулалт заалтыг ч мөн зөрчсөн. Энэ нь архивч З.Долгормаагийн "гэрээ ямар нэг өөр хэл дээр байхгүй" гэх тодорхойлолтоор нотлогдож байгаа, Хятад хэл дээрх гэрээ хэрэв бодитоор байсан бол нотариатын архивт заавал байх ёстой. Тодруулбал, Худалдах-худалдан авах гэрээг гэрчлэх үед хятад хэл дээр гэх гэрээ байгаагүй байхад хятад гэрээг шүүх үндэслэж "алдаа" гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хэзээ ч олж хараагүй, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн хэзээ хэн бичсэн нь тодорхойгүй нэхэмжлэгчийн гарын үсэг байхгүй дээр дурьдсанаар нотариатын газарт авагдаагүй хятад хэлээр бичигдсэн гэрээг гол үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэрийг үнэхээр хууль бус үндэслэлгүй болгосон. Нэг талын гаргаж ирсэн хятад хэл дээрх баримтыг "баталгаат орчуулга" гэж буруу дүгнэсэн. Энэ баримтыг зөв үнэлээгүйгээс хэрэг буруу шийдэгдсэн.
Шүүгч хэрэг маргааныг өөрийн дотоод итгэлээр хууль ёсны эргэлзээгүй нотлох баримтанд тулгуурлаж шийдэх атал шууд л хэрэгсэхгүй болгох зорилго агуулж өмнөх шүүгчийн шийдвэрийг хуулбарлан бичсэн. Шүүх улмаар шийдвэртээ талууд худалдах-худалдан авах тухай гэрээн дээр маргаж бүр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байхад "гэрээ талуудын хооронд байгуулагдсан эсэх талаар маргаагүй байна" гэж огт буруу дүгнэж бичсэн нь илт хариуцагчийн талд орсон мэт эргэлзээг төрүүлж байна. Ингэж хууль зөрчиж баталсан нотариатын үйлдлийн үр дагаварт хариуцагч нь хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 4 байранд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авснаар гэрээнээс учирсан үр дагавар бий болсон. Зээлийн тухайд нэхэмжлэгч "Жи жи си эм" ХХК-ийн захирал Ян Веймин нь 2014 онд Хятад улсад байхдаа хариуцагч Ву Шиоли-гээс 2,500,000 юаныг зээлсэн талаар харин хэн аль нь маргаагүй. Зээл төлсөн талаарх хэрэгт авагдсан баримтуудад "зээл төлөв" гэж бичигдсэн байгаа нь баримтын утга тодорхой болж байна. Хавтаст хэргийн 165-р хуудсанд авагдсан "Алтан хараацайн үүр" брокерийн орон сууцнуудын м.кв-ыг нь 9.651.00 орчим төгрөгөөр үнэлж тодорхойлсноор орон сууцнуудын үнэ 14,360,000,000 төгрөг болж байх бөгөөд хэн ч ийм үнээр зарагдах байрыг зээлийн үлдэгдэлд тооцож "орон сууц худалдах-худалдан авах" гэрээг байгуулахгүй шүү дээ. Орон сууцнууд одоог хүртэл нэхэмжлэгч "Жи жи си эм" ХХК-ийн эзэмшил захиран зарцуулалтад байгаа бөгөөд эрчим хүчний үнэ цахилгаан, дулааны төлбөрийг тус компани төлдөг болох нь хэрэгг авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогдож байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэл нь ИХ-ийн 56.1.1-д заасан үндэслэлээр буюу хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Хариуцагч нь хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн Үл хөдлөх хөрөнгийн 4 ширхэг гэрчилгээг бүртгэлийн байгууллагаас авсан байгаа нь ХХА гэрээнээс учирсан үр дагавар юм. ИХ-ийн 56.5-д зааснаар харилцан буцааж болно гэсэн байгаа боловч гэрээ анхнаасаа худалдах хүсэлгүй тийм үр дагаварыг үүсгээгүй хүчин төгөлдөр биш тул нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгүүдээ өнөөддрийг хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийг харилцан буцаах шаардлага байхгүй тул үг гэрээг үндэслэн авсан ҮХЭХ-ийн гэрчилгээнүүдийг мөн хүчингүй болохыг шүүхийн шийдвэрт дурьдаж үр дагаварыг арилгаж өгөхийг шүүхээс хүссэн боловч шүүх хангаагүй. ҮХЭХБүртгэлийн байгүүллага бол ХХА хэлцлийг л үндэслэж гэрчилгээг олгож байгаа. Хэлцлийг хууль бус эсэхийг шалгахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж ҮХЭХ-ийн гэрчилгээнүүдийг мөн хүчингүй болохыг дурдаж үр дагаварыг арилгаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Жи Жи Си Эм ХХК нь хариуцагч БНХАУ-ын иргэн Ву Шиоли /Wu Xiaoli/-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Зайсан вилла хотхоны 59/3 байрны 2, 3, 4, 5 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлснийг хүчингүй болгуулах шаардлагыг, харин хариуцагч Д.Энхжаргалд холбогдуулан 2015.11.З0-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх БНХАУ-ын иргэн Ву Шиоли болон нотариатч Д.Энхжаргалд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ"... тус компанийн захирал Ян Вэймин /Yan Weimin/ 2014 оны 07 сард хариуцагчаас 2,500,000 юанийг зээлж авахдаа төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгсэл болгох зорилгоор 2015.01.16-ны өдөр Ву Шиоли-тэй орон сууц захиалах гэрээг дүр үзүүлэн хийсэн.., харин 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээнд монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй Жи Жи Си Эм ХХК-ийн захирал Ян Вэймин-ээр гарын үсэг зуруулсан нь хуульд нийцээгүй гэж тайлбарласан байх бөгөөд дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ...хариуцагчийн нэр дээр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүйболгуулна гэж тайлбарлажээ.
Хариуцагч Ву Шиоли ... 2014.07 сард Жи Жи Си Эм ХХК-ийн захирал Ян мин надаас 2,500,000 юанийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, нийт 3,250,000 юань төлөх ёстой байсан, компани нь төлөх мөнгөгүйгээс барьж байгаа барилгаас нь худалдан авч, мөнгөндөө суутгаж илүү гарсан мөнгийг өгөөч гэсэн санал тавьсны дагуу харилцан тохиролцож, 4 орон сууцыг 4,225,000 юаниар худалдан авахаар орон сууц захиалах гэрээг байгуулж, 4,225,000 юаниас зээлүүлсэн 2,500,000 юанийг төлснөөр тооцон, үлдэгдэл 1,725,000 юаныг 2015.01.16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулахдаа бэлнээр өгсөн боловч орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй, ...гуйсны дагуу орон сууцыг буцаан худалдан авах гэрээг 2015.07.16-ны өдөр байгуулсан ч бодитой хэрэгжээгүй, 2015.11.30-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээнд заасан байрны бүх төлбөр тооцоог хийж дуусгасан байхад дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй." гэж татгалзлаа тайлбарлажээ.
Хариуцагч Д.Энхжаргалын төлөөлөгч ...гэрээний талууд өөрсдөө хятад хүмүүс байсан компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өөрөө биечлэн байсан, мөн тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон ТУЗ-ийн шийдвэр байсан учраас гэрээг гэрчилсэн, гэрчлэгдэж буй гэрээ нь монгол хэл дээр байсан боловч, гэрээг байгуулж гарын үсэг зурж байгаа талууд нь өөрсдийн төрөлх хэл буюу хятад хэл дээр албан ёсны баталгаат орчуулга хийлгэсэн байтал тухайн гэрээний утга агуулгыг ойлгоогүй гэдэг нь үндэслэлгүй, нотариатын гэрчилсэн гэрээний бүрдэл холбогдох бичиг баримтаас зөвхөн монгол хэлээр байгуулсан гэрээг шүүхэд гарган өгч, харин хятад баталгаат орчуулгыг гарган өгөхгүйгээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
1. Хариуцагч БНХАУ-ын иргэн Ву Шиоли /Wu Xiaoli/-д холбогдуулан гаргасан шаардлагын тухайд:
а/ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг дээрх үндэслэлд хамааруулж шаардлага гаргасан байна.
Хариуцагч БНХАУ-ын иргэн Ву Шиоли /Wu Xiaoli/-гээс нэхэмжлэгч Жи Жи Си Эм ХХК-д 2014.07.20-ны өдөр 6 сарын хугацаагаар 2,500,000 юанийг зээлдүүлсэн үйл баримт талуудын тайлбар болон кассын орлогын баримтаар тогтоогдсон байна. /хх-68/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... Ву Шиоли-гээс 2,500,000 юанийг зээлсэн, зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилгоор ... 4 ширхэг орон сууцыг худалдахаар 2015 оны 01 сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, зарим бичиг баримтыг авсан, дахиж гэрээ байгуулаагүй гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Зайсан вилла хотхоны 12 дугаар байрны 2, 3, 4, 5 тоот тус бүр нь 372 м.кв талбай бүхий 4 орон сууцыг 2015.07.15-наас өмнө ашиглалтад оруулах, хариуцагч нь 4 орон сууцны үнэ нийт 4,225,000 юань төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон, хариуцагчаас 2015.01.16-ны өдөр 1,725,000 юанийг байрны урьдчилгаанд нэхэмжлэгчид төлсөн тухай Жи Жи Си Эм ХХК-ийн 2015.01.16-ны өдрийн кассын орлогын №14 баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгчийн зээл төлөх үүрэг дуусгавар болоогүй байсан байна. /хх-12-18,148-157, 68,130/
Талууд 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хийсэн нь хүчин төгөлдөр, 2014.07.20-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид зээлдүүлсэн 2,500,000 юанийг орон сууцны төлбөрт төлсөнд тооцохоор тохиролцсон, захиалагч нь үлдэгдэл төлбөр болох 1,725,000 юанийг нэхэмжлэгчид төлснөөр хариуцагчийг орон сууц захиалах гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн 2015.07.16-ны өдөр талуудын хооронд хийгдсэн Орон сууц буцаан худалдан авах гэрээ-ний агуулгаас үзэхэд нэхэмжлэгчид зээлдүүлсэн 2,500,000 юанийг орон сууцны төлбөр төлсөнд тооцохоор тохиролцсон гэж үзсэн нь үндэслэлтэй байна. /хх-133/
Хэргийн баримтаас үзэхэд Жи Жи Си Эм ХХК-ийн 2015.01.16-ны өдрийн кассын орлогын баримтад тус компанийн захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга дарсан байх тул үүнийг санхүүгийн анхан шатны баримт гэж үзсэн шүүхийг буруутгах боломжгүй бөгөөд ...Жи Жи Си Эм ХХК нь хариуцагчаас юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй гэсэн.... нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Жи Жи Си Эм ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Мандалыг гэрчээр асуусан байх бөгөөд тэрээр ...Ян Вэймин захирал намайг дуудаад Ву Шиоли-д энэ баримтыг бичиж өг гэсэн. ... компанийн харилцах дансанд ороогүй, санхүүгийн тайланд тусгагдаагүй мөнгийг бичих шаардлагагүй гэхэд ... хамааралгүй гэсэн, эдгээр баримт нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бичигдсэн гэж мэдүүлсэн боловч тухайн мөнгөн хөрөнгийг компанийн харилцах дансанд оруулаагүй, санхүүгийн тайланд тусгаагүй нь үүрэг гүйцэтгэгчид буюу хариуцагчид хамааралгүй, түүнийг буруутгах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зээлийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөр төлөх үүргийг талууд орон сууц захиалах гэрээний үүргээр сольсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т нийцжээ.
Иймээс 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
б/ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.
Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг дээрх үндэслэлд хамааруулан шаардлага гаргажээ.
2015.11.30-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Жи Жи Си Эм ХХК нь ... нийт 1488 м.кв талбайтай, 4 орон сууцыг Ву Шиоли-д 2016.04.30-ны өдөр хүлээлгэн өгөх, Ву Шиоли нь 4 орон сууцны үнэ 6,000,000 юань /1,806,000,000 төгрөг/-ийг төлөхөөр тус тус тохиролцсон, мөн 2014.07.15-ны өдөр 2,500,000 юань шилжүүлсэн, Ян Вэймин-д 2015.01.16-ны өдөр 1,725,000 юань, 2015.11.27-ны өдөр 1,775,000 юань тус тус өгсөн талаар гэрээнд тусгажээ.
Худалдагч Жи Жи Си Эм ХХК-ийн захирал Ян Вэймин, худалдан авагч Ву Шиоли нар нь БНХАУ-ын иргэд байх бөгөөд монгол хэл дээр үйлдсэн гэрээнд гарын үсэг зурсан, нотариат энэ гэрээг гэрчилсэн талаар талууд маргаагүй байна.
Энэ гэрээг байгуулах үед гэрээнд заасан орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй буюу ашиглалтад ороогүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дуусаагүй барилга байсан тул хэлцэлд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан шаардлага тавигдахгүй, талууд 2015.11.30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн гэж шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлжээ.
Харин гэрээний зүйл болж буй орон сууц улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байсан тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 182 дугаар зүйлийн 182.1., 245 дугаар зүйлийн 245.2., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 4 дүгээр зүйл болон Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан журам, шаардлага тавигдана.
Талуудын байгуулсан 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ, 2015.07.16-ны өдрийн орон сууц буцаан худалдан авах гэрээ, 2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээнүүд нь өөр хоорондоо холбоотой, өмнөх үүргийн үргэлжлэл болж дараагийн гэрээ байгуулагдсан байх тул ...монгол хэл, бичиг мэдэхгүй Ян Вэйминээр гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн... гэсэн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэгч өөр ямар үндэслэл байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлоогүй, нотолж чадаагүй гэж шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.
2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хятад хэл рүү албан ёсны баталгаат орчуулга хийлгэсэн боловч талууд гарын үсэг зураагүй, хятад хэл дээрх гэрээ Монголын нотариатчдын танхимд хадгалагдаагүй байна.
Гэвч энэ гэрээний оролцогчид нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж өөр хоорондоо холбоотой хэд хэдэн гэрээг хятад, монгол хэл дээр байгуулж байсан, худалдагч Жи Жи Си Эм ХХК-ийн захирал Ян Вэймин, худалдан авагч Ву Шиоли нар нь БНХАУ-ын иргэд байх бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө монгол хэл дээр үйлдэж гарын үсэг зурсан, орон сууцыг худалдан авагч Ву Шиоли 1,860,000,000 төлбөрийг бүрэн төлж дуусгасан болохыг Жи Жи Си Эм ХХК тодорхойлсон тул талуудын хооронд хийгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хятад хэл дээр байгуулаагүй явдал нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.
2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч 1,775,000 юанийг нэхэмжлэгчид нэмж төлсөн, худалдан авагчийг гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн тухай гэрээнд заасан, гэрээний 3.4-т худалдан авагч гэрээний үнийг 100 хувь төлсөн тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг худалдагч тал Жи Жи Си Эм ХХК нь гаргаж өгөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэгч нь холбогдох баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгснөөр гэрээний үүрэг хэрэгжсэн болох нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон байна. /I-хх-27-62, II-хх-14-44/
Иймээс ...монгол хэл, бичиг мэдэхгүй Ян Вэймин-ээр гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн... гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Хариуцагч Д.Энхжаргалд холбогдох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Жи Жи Си Эм ХХК нь хариуцагч Д.Энхжаргалд холбогдуулан 2015.11.З0-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2015.11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээнд талууд гарын үсэг зурж, уг гэрээний үнэн зөвийг нотариатч Д.Энхжаргал гэрчилж, баталгаажуулахдаа гэрээний талуудыг биечлэн оролцуулсан болох нь гэрээ болон нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан орон сууц худалдах-худалдан авах хятад хэл дээрх гэрээнд талууд гарын үсэг зурагдаагүй, энэ нь нотариатчдын танхимд хадгалагдаагүй байна.
Нэхэмжлэгч Жи Жи Си Эм ХХК-ийн захирал Ян Вэймин, хариуцагч Ву Шиоли нар нь хятад иргэд боловч тэдгээр нь монгол хэл мэдэхгүй гэх байдал тогтоогдоогүй байхаас гадна гэрээг монгол хэл дээр үйлдэж гарын үсэг зурсан, талууд өмнө нь орон сууц худалдах-худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн өөр хоорондоо холбоотой хэд хэдэн гэрээг хятад, монгол хэл дээр байгуулж байсан тул хариуцагч Д.Энхжаргал нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар орчуулагчийг оролцуулаагүй гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэ тогтоолын 1.б-д дурдсанаар энэ гэрээний дагуу нэхэмжлэгч компани нь улсын бүртгэлийн байгууллагад шаардлагатай бүх баримтыг хүргүүлснээр гэрээний үүрэг хэрэгжиж дууссан байна.
Иймээс талуудын хооронд хийгдсэн 2015.01.16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон 2015 11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул 20151130 дугаартай 2015 11.30-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох шаардлагагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж, маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт гадаадын иргэний нэрийг латин галигаар бичээгүй орхигдуулсныг хяналтын шатны шүүхээс залруулж, шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1812 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01864 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...БНХАУ-ын иргэн Ву шио ли-д холбогдох гэснийг БНХАУ-ын иргэн Ву Шиоли /Wu Хiaoli/-д холбогдох гэж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 16,164,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД