Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 3485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Болгар улс, Софи хот, Триадица дүүрэг, Болгария өргөн чөлөө-111, орц А, 3 давхарт байрлах, “Болгаргеомин ЛТД” компанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 51 дүгээр байр, 01 тоотод байрлах, “Жинлиань” ХХК /РД: 5508053/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 73/5 дугаар байр, 115 тоотод оршин суух, Тоорой овогт Дүгэрсүрэнгийн Лхагвасүрэн /РД: ХЖ60041577/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Гэрэлт хотхон, 30 тоотод оршин суух, Тоорой овогт Лхагвын Ундрах /РД: УВ74120316/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Их тойруу 81/01, өөрийн байранд байрлах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нарт холбогдох,

 

-Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Жинлиань” ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгах

- Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх,

- “Болгаргеомин ЛТД” компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох,

- Д.Лхагвасүрэн нь “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д.Лхагвасүрэн 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан “Жинлиань” ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотлогоогоор шилжүүлэн өгсөнийг тогтоолгох хүртэл “Монголболгаргео” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр  түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах,

- “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд “Болгаргеомин ЛТД” компани мөн болохыг тогтоолгох,

- Компанийн тухай хуулийн дагуу “Монголболгаргео” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ;‘Жинлиань” ХХК, түүнийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэн нарт даалгуулах,

- Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А. 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанид өгөхийг “Жинлиань” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэнд даалгуулах,

- “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял мөн болохыг тогтоолгох,

- “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

- 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Болгаргеомин ЛТД” компани болон “Болгаргеомин” ЕАД нарын хооронд байгуулсан, “Дампуурлаа зарласан “Болгаргеомин” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “Монголболгаргео” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч буюу хариуцагч “Жинлиань” ХХК-ийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч С.Баянмөнх, Б.Манлайжав, С.Батсайхан, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дарханбаатар, Л.Ишжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Болгаргеомин ЛТД” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд Монгол улсын Төрийн өмчийн хорооноос “Болгаргеомин ЕАД” компанид буюу Болгар улсын засгийн газар луу “Монголболгаргео” ХХК-ийн Монгол улсын Засгийн газрын хувь болох 50 хувийн хувьцааг худалдах санал явуулсан боловч Болгар улсын тал уг хувьцааг авахгүй гэсэн хариу ирсэн учир дуудлага худалдаанд оруулаад ялагчаар “Жинлиань” ХХК тодорч 50 хувийн хувьцааг нь авсан байдаг. Тухайн үед Болгар улсад “Болгаргеомин ЕАД” компанийн дампуурлын хэрэг Софи хотын шүүхэд 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрээр “Болгаргеомин ЕАД” компани буюу Болгарын улсын Засгийн газрын 50 хувийн эзэмшигч компанийг төлбөрийн чадваргүй гэдгийг тогтоосон байдаг. Төлбөрийн чадваргүй болсон компанийн активыг худалдан борлуулах ажиллагаа эхэлсэн. Энэ ажиллагаа эхлэхдээ дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр Христина Иванова Стамоваг сонгогдоод “Болгаргеомин ЕАД” компанийг төлөөлөөд активыг худалдах, худалдан авах гэрээг байгуулах саналыг “Болгаргеомин ЛТД” компанид хүсэлтийг гаргасан. Болгар улсын шүүхээс “Болгаргеомин ЛТД” компанитай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Улмаар “Болгаргеомин ЛТД” компани нь Болгар улсын эзэмшдэг 50 хувийн хувьцааг “Болгаргеомин ЛТД” компанид шилжүүлсэн. Энэ гэрээ бол “Монголболгаргео” ХХК-ийн асуудлыг шийдсэн зүйл байхгүй. Тухайн үедээ төрийн өмчид компанид байсан бүх өмч хөрөнгийг шилжүүлсэн. Үүнээс хойш “Жинлиань” ХХК нь цагдаагийн байгууллагад хандаад “Монголболгаргео” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг түр хураах акт гаргуулаад хураалгуулаад дараа нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахдаа “Болгаргеомин ЛТД” компанид мэдэгдээгүй. Удаа дараа хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулсан боловч хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанид мэдэгдээгүй учраас эрх, ашгийг нь хохироож байгаа юм. Хамгийн гол шаардлага бол “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн өмчлөгч болохыг тогтоогоод өмчлөгчтэй холбоотойгоор өмч хөрөнгө захиран зарцуулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг хааж байна гэж үзэж байгаа. Иймд Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Жинлиань” ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгаж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлж, “Болгаргеомин ЛТД” компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч мөн болохыг тогтоож, Д.Лхагвасүрэн нь “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д.Лхагвасүрэн 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан “Жинлиань” ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотлогоогоор шилжүүлэн өгсөнийг тогтоолгох хүртэл “Монголболгаргио” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр  түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд “Болгаргеомин ЛТД” компани мөн болохыг тогтоож, Компанийн тухай хуулийн дагуу “Монголболгаргео” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Жинлиань” ХХК, түүнийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэн нарт даалгаж, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А. 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанид өгөхийг “Жинлиань” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэнд даалгаж, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял мөн болохыг тогтоож, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Жинлиань” ХХК-ийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Болгаргеомин ЕАД” компанийн эд хөрөнгийг эрхийн багцын хамт худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байдаг бөгөөд тул бид “Болгаргеомин ЛТД” компанийг “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч мөн эсэх асуудлыг ярьж байна. “Монголболгаргео” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа Монгол улсын засгийн газар, Болгар улсын засгийн газар нарын хэлэлцээрийг үндэслэсэн. “Монголболгаргео” ХХК-ийн дүрэмд зааснаар “Монголболгаргео” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхдээ Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу шилжүүлнэ. Хэрвээ шилжүүлэхдээ энэ зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд тус хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж шууд заасан. Үүсгэн байгуулагч талуудын хооронд бас гэрээ байгуулсан. Энэ гэрээнд “Монголболгаргео” ХХК-ийн эрх зүйн байдлыг Монгол улсын хууль тогтоомжоор тодорхойлно гэж, мөн хувьцааг гуравдагч этгээдэд худалдах, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийхийг Монгол улсын хууль тогтоомжоор тодорхойлно гэж заасан. Нэхэмжлэгч тал нь 2011 онд Төрийн өмчийн хорооноос “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдахаар Болгар улсын талд санал хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Нэгэнт худалдаж авахгүй гэсэн санал ирүүлсэн тул нээлттэй дуудлага худалдаанд орлуулаад “Жинлиань” ХХК-ийг худалдаж авсан талаар тайлбар хэлдэг. 2011 оны 11 дүгээр сард дуудлага худалдааны ялагчаар “Жинлиань” ХХК тодорч 50 хувийн хувьцаа эзэмшигч, өмчлөгчийн гэрчилгээг Төрийн өмчийн хорооноос авсан. Нэхэмжлэгч болон “Болгаргеомин ЕАД” компани нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд худалдагч тал 2011  оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсын төрийн өмчийн хороо Монголын талын 50 хувийг худалдан борлуулсан. Худалдан авагч нь БНХАУ-ын “Жинлиань” ХХК юм гэдгийг Болгар улсын тал мэдэж байсан. Харин Болгар улсын тал “Жинлиань” ХХК-д хувьцаа худалдах талаар мэдэгдэх үүрэгтэй байсан. Учир нь Компанийн тухай хуульд зааснаар бид давуу эрхээр худалдаж авах эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт зааснаар хэрвээ давуу эрхээр худалдаж авах нөхцөл байдлаа хангаагүйгээр гуравдагч этгээдэд худалдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Үүнээс үүдэн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хуулийн хүчин төгөлдөр бус хэлцлийн асуудал яригдана. 2011 онд Төрийн өмчийн хороо өөрийн эзэмшлийн 50 хувийг “Жинлиань” ХХК-д шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийн асуудлын хүрээнд Болгар улсын шүүхийн шийдвэрийг Монгол улс хүлээн зөвшөөрнө гэдэг асуудал яригдаж байгаа. Болгар улсын төрийн ашиг сонирхлыг Монгол улсын талд заавал мэдэгдэж байж асуудлыг шийдээрэй гэж 2011 онд гарсан Болгар улсын Софи хотын Худалдааны давж заалдах шатны шүүхийн шийдвэр байгаа. Худалдах, худалдан авах гэрээнд “Жинлиань” ХХК худалдаж авах үед “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийг Монгол улсын төрийн өмчөөс гараад “Жинлиань” ХХК 50 хувийг эзэмшиж байгаа гэдгийг мэдсэн мөртлөө цаашаагаа мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Лхагвасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015A тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа "Жинлиань" ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхай чөлөөлүүлэх тухайд энэ нэхэмжлэлийн шаардлагад иргэн Д.Лхагвасүрэн холбогдолгүй. Тухайн дурдагдаж байгаа гурван лиценз бүхий тусгай зөвшөөрөл талбайд “Монголболгаргео” ХХК-ийн ажилчид ажилладаг. Энэ тухай баримтыг гаргаж өгсөн байгаа. “Монголболгаргео” ХХК-ийн ажилчдын Баянгол дүүргийн татварын хэлтэст төлсөн баримт, “Монголболгаргео” ХХК-ийн 20113, 2014 оны татварын тайлангаар нотлогдоно. Тэгэхээр Д.Лхагвасүрэн гэдэг хүн өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015A тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “Монголболгаргео” ХХК-ийг эзэмшдэг гэж заасан. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Монголболгаргео” ХХК-ийн өөрийн байр байгаа. Өмчлөх эрх нь иргэн Д.Лхагвасүрэнгийн нэрээр гараагүй. Энэ компанийн нэр дээрээ байгаа. Иргэн Д.Лхагвасүрэн эзэмших ашиглах эрх байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь Д.Лхагвасүрэнгийн хувьд ямар ч холбогдох зүйл байхгүй. “Болгаргеомин ЛТД” компанийн зүгээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх зүйн үндэс байхгүй. Ямар нэгэн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй. Цаашлаад Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх "Монголболгаргео" ХХК-ийн өөрийн байрны хамтран өмчлөгчөөр “Болгаргеомин ЛТД” компани бүртгэлгүй. Тэгэхээр өмчлөлийн талаар шаардах эрх үүсэхгүй. Энэ маргаан бол “Жинлиань” ХХК-тай холбоотой асуудал бөгөөд иргэн Д.Лхагвасүрэнд ямар ч холбоогүй. Иргэн Д.Лхагвасүрэн “Жинлиань” ХХК-д хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг нь “Болгаргеомин ЛТД” компанийн эрх, ашгийг зөрчихгүй. Мөн Л.Пүрэвгялд эд хөрөнгө хүлээлгэн өгөхийг даалгаад нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмших асуудал нь “Монголболгаргео” ХХК-д хамааралтай учраас иргэн Д.Лхагвасүрэн холбогдолгүй. Иргэн Д.Лхагвасүрэнгээс “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг шаардах хууль зүйн холбоо харилцаа байхгүй. 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Жинлиань” ХХК Монгол улсын Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар тодорхой үнийг төлж “Монголболгаргео” ХХК-ийг шударгаар эзэмшсэн. Дараа нь өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээг Төрийн төрийн өмчийн хорооноос олгосон. Ингэж олгосны дагуу “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувь болохын хувьд компанийн нөгөө 50 хувийн эзэмшигч болох “Болгаргеомин ЕАД” компани руу удаа дараа компанийн 50 хувийн шударга өмчлөгч болсон тул нэгдэж тооцоо нийлэх цаашдаа явуулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудал гэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Болгар улсын “Болгаргеомин ЕАД” компанийн итгэмжлэгдсэн цорын ганц төлөөлөгч  Христина Иванова Стамова руу удаа дараа зурвас явуулж байсан. “Болгаргеомин ЛТД” компани нь ямар хууль зүйн үндэслэлээр “Жинлиань” ХХК-ийн 2012-2015 оны тайлангаа гаргуулахыг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. 2012-2015 оны тайлан тооцоо бүгд “Монголболгаргео” ХХК-ийн нэрээр гараад өнөөдрийн байдлаар хэрэгт нотлох баримтын шаардлага хангаад хавтас хэрэгт байгаа. “Монголболгаргео” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын шийдвэрээр “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Баянмөнхийг томилсон нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч иргэн Д.Лхагвасүрэн холбогдолгүй бөгөөд хариуцвал зохих этгээд биш. Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  В.Дарханбаатар, Л.Ишжамц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол, Болгар улс хамтран “Монголболгаргео” ХХК-ийг анх 1997 онд хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан. Өмчлөгчийн хувьд Монгол улсын засгийн газар 50 хувийн хувьцаа эзэмшигч, Болгар улсын тал 50 хувийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмээр бий болгосон. Монгол улс, Болгар улс хоорондын 2 удаагийн хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу Монгол улсын Их хурлын 48 дугаар тогтоол, Засгийн газрын 20 дугаар тогтоолоор Монгол улсын эзэмшиж буй 50 хувийн хувьцааг худалдах шийдвэр гарсан. 2007 онд Болгар улсын Засгийн газар буюу “Болгаргеомин ЕАД” улсын үйлдвэрийн нэгтгэлд 400 000 000 төгрөгөөр худалдаж авах саналыг манай байгууллага буюу миний бие өөрийн биеэр очиж хүргүүлсэн ба Болгар улсын тал худалдаж авахгүй гэсэн тул бид 2011 онд дахин тус компанид хөрөнгийн үнэлгээ хийж 2 100 000 000 төгрөгөөр худалдаж авах саналыг Болгар улсын талд тавихад худалдаж авахаас татгалзаж байгаа албан бичгийг ирүүлсэн. Иймд бид дуудлага худалдаа зохион байгуулсан ба “Жинлиань” ХХК ялж гэрээний хугацаанд төлбөрөө төлсөн тул Монгол улсын Засгийн газрын эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өмчлөх гэрчилгээг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Жинлиань” ХХК-д өгснөөр Төрийн өмчийн хорооны бүрэн эрх дуусгавар болсон. Бидэнтэй холбогдуулж гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хувьд бидний оролцоо аль эрт дуусгавар болсон. Бидэнд тийм эрх байхгүй. Иймд бидэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Ундрах шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагтай огт холбоогүй бөгөөд надад хамааралгүй нэхэмжлэл байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Жинлиань” ХХК-ийн төлөөлөгч Д.Лхагвасүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар  сарын 16-ны өдөр “Болгаргеомин” ЕАД улсын нэгдэл болон  “Болгаргеомин ЛТД” компанийн хооронд байгуулагдсан “Болгаргеомин ЕАД” компанийг эд хөрөнгө, эрхийн багцын хамт худалдах, худалдан авах гэрээ нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан “Монголболгаргео” ХХК-ийн дүрэм, Иргэний болон Компанийн тухай хууль, “БНМАУ, БНБУ-ын хооронд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай” 1968 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Софи хотод байгуулагдсан гэрээг зөрчиж байгуулсан хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан “Монголболгаргео” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх талаар тус компанийн дүрмийн 1.1-д, мөн үүсгэн байгуулагч нарын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд заасан. Гэтэл БНБУ-ын “Болгаргеомин” ЕАД улсын үйлдвэрийн газар “Монголболгаргео” ХХК-ийг дампуурлын жагсаалтанд оруулсан байгаа нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар шүүхэд гаргасан Софи хотын шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Арилжааны хэрэг 335/2005 он” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна. “Монголболгаргео” ХХК-ийн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “...Хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх үйл явц Компанийн тухай хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу явагдаагүй тохиолдолд хувьцаа эзэмших эрхийн шилжүүлгийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Мөн Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК болгон өөрчлөн байгуулах гэрээний 3 дугаар зүйлд “Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа шилжүүлэгдэж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Төрийн өмчийн хорооноос зарласан /тухайн үеийн/ нээлттэй дуудлага худалдааны дагуу “Жинлиань” ХХК ялагчаар тодорч, 2011 оны 11 дүгээр сард худалдан авсан. Төрийн өмчийн хороо дуудлага худалдаа зарлахаас өмнө “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч БНБУ-ын “Болгаргеомин” ЕАД улсын үйлдвэрийн газарт худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх зорилгоор санал хүргүүлсэн боловч татгалзсан хариу ирүүлсэн байдаг. Иймд дуудлага худалдаа зохион байгуулагдсанаар “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь “Жинлиань” ХХК болсон. “Болгаргеомин” ЕАД компанийг эд хөрөнгө, эрхийн багцын хамт худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулахаас өмнө “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийг тэргүүн ээлжинд худалдан авах саналыг “Жинлиань” ХХК-д бичгээр мэдэгдээгүй болно. Энэ нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-5.10-д заасан компанийн хувьцааг худалдахад зайлшгүй тавигдах шаардлагуудыг зөрчсөн байгаа. Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д “...эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан ба энэхүү заалт нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нөхцлөөр мэдэгдэх үүргийг ойлгодог. Хэрэв дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. “БНМАУ, БНБУ-ын хооронд иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээ нь одоогоор хоёр орны хооронд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэхүү гэрээний “Арван зургадугаар зүйл: 3-т “Хуулийн этгээдийн эрх зүйн чадварыг уг хуулийн этгээдийн байгуулсан хэлэлцэн тохирогч улсын хууль тогтоомжоор тодорхойлно” гэж заажээ. Тэгэхээр “Монголболгаргео” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үйл явц нь Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу явагдах ёстой. Мөн Болгар Улсын “Болгаргеомин” ЕАД улсын үйлдвэрийн газар нь Монгол Улсад үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа аж ахуйн нэгжийг дампуурлын жагсаалтанд оруулсан нь тодорхой байна. Хэрэв дампуурсан бол эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээнд дахин хөрөнгөжүүлэх асуудал яригдах учиртай. Иймд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Болгаргеомин ЛТД” компани болон “Болгаргеомин” ЕАД нарын хооронд байгуулсан, “Дампуурлаа зарласан “Болгаргеомин” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “Монголболгаргео” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Нэхэмжлэгч “Болгаргеомин ЛТД” компанид холбогдох бусад сөрөг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “Болгаргеомин ЛТД” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ, өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болгар улсын Төрийн өмчит “Болгаргеомин” ЕАД компаниас өөрийн эзэмшил өмчлөлийн “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийг худалдаж авахыг саналыг Монгол улсын Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн боловч Төрийн өмчийн хороо худалдан авахаас татгалзсан. Ийнхүү татгалзсан тул Болгар улсын шүүх дампуурлын тухай хуулиар биш Болгар улсын Арилжааны тухай хуулийн дагуу гэрээг баталгаажуулсан. Мөн “Жинлиань” ХХК нь Төрийн өмчийн хорооноос 2011 онд “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийг худалдаж авсан боловч, Монгол улсын Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй үе буюу 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр энэхүү гэрээ хийгдсэн нь 2007 оны Болгарын талаас 50 хувийн хувьцааг худалдаж авах санал татгалзсан хариу өгсөн Монгол улсын Төрийн өмчийн хороо түүний Улсын бүртгэл, татгалзал нь хүчин төгөлдөр хуулийн шаардлага хангасан үед байжээ. “Жинлиань” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ байгуулагдсны дараа улсын бүртгэл “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн  өмчлөгч, эзэмшигчээ бүртгүүлсэн. Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа шилжүүлэгдэж болно гэж зааснаас “болохгүй”, “хориглоно” гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл эзэмшигч этгээд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Компаний тухай хуулий дагуу шилжүүлэх эсэхийг сонгох нь эрхийн асуудал юм. БНБУ-ын Софи хотын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №335\2005 тоот иргэний хэргийн хянаж үзээд 361 дүгээр шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн шийдвэрлэсэн нь хэсэгт “...Худалдааны тухай хуулийн 635 дугаар зүйлийн 2-р хэсгийг үндэслэн хариуцагч “Болгаргеомин” ЕАД компанийг төлөөлж буй Иван Любомиров Кожухаровын “Болгаргеомин” компанийг удирдах, эд хөрөнгийг нь зарцуулах эрхийг хасч, уг эрхийг хэрэг гүйцэтгэгч Х.И.Стамовад олгов” гэсэн. БНБУ-ын Софи хотын 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн магадлалын олсон нь хэсэгт “...Болгаогеомин” ЕАД хувьцаат нийгэмлэг нь Монгол Улсад бүртгэлтэй “Монголболгар” ЕАД компанийн хувь нийлүүлэгч болно. Тус компаний 50 хувийг Монгол улсын Төрийн өмчийн хороо, 50 хувийг “Болгаргеомин” ЕАД хувьцаат нийгэмлэг тус тус эзэмшинэ” гэсэн. Софи хотын шүүх, арилжааны алба, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2013 оны 5 дугаар сарын 16-нд худалдаж авах үед дампуурлын жагсаалтанд орсон “Болгаргеомин” ЕАД компанийг эд хөрөнгө, эрхийн багцийн хамт худалдсан гэрээ хийгдсэн байна. Худалдагч нь “Болгаргеомин” ЕАД компани, төлөөлж хэрэг гүйцэтгэгч Х.И.Стамова, худалдан авагч нь “Болгаргеомин” ЛТД компани, төлөөлж Д.И.Борисов, К.Б.Анакиев, “Болгаргеомин” ЕАД компанийн эзэмшлийн “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувь, 719 026 ам.доллартой тэнцэх хөрөнгийн эзэмших эрхийг” гэсэн байна. Хариуцагч талаас нэгэнт шүүхийн үйл баримтаар тогтоогдсон, мөн хариуцагчийн гаргасан гэрээний дүгнэлтийг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байсаар байхад сөрөг нэхэмжлэл гаргаж буй нь хэргийг шийдвэрлэх хугацааг удаашруулах гэсэн хүсэлтэй байгаа нь харагдаж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНБУ-ын  Болгаргеомин” ЕАД /Д/ компанийн дампуурлын хэрэг гүйцэтгэгч Стамова Христина Иванова шүүхэд гаргасан тайлбартаа: “Болгаргеомин” ЕАД компанийг худалдагчийн өв залгамжлалын эд хөрөнгөд багтсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн цогц хэлбэрээр худалдсан байна. Энэхүү хэлцэл нь энгийн худалдааны хэлцэл биш ба төлбөрийн чадваргүй компанийн активыг худалдан борлуулах, төлбөр авагчдын шаардлагыг хангах зорилгоор тусгай журмаар хийгдэж буй нийтийн албадан худалдаа юм. Энэ төрлийн худалдаатай холбоотой маргааныг шийдвэрлэхэд тусган журам буюу газар зүйн болон төрлийн хамаарлын эрх зүйн харъяалал үйлчилдэг. “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаааг худалдан авахыг “Болгаргеомин” ЕАД компанийн зүгээс 2007 оны 4 дүгээр саын 17-ны өдөр Монголын талд хүргүүлсэн бөгөөд Монголын талаас татгалзсан хариу ирүүлсэн. Төлбөрийн чадваргүйд тооцогдсон компанийн хулээн авагчийн тусгайлсан зөвшөөрөлгүйгээр болон баталгаажуулалтгүйгээр хийгдсэн үйлдлүүд хууль ёсны биш бөгөөд энэхүү төлбөрийн чадваргүй компанийн хувьд хүлээгдэж буй эрх зүйн үр дагаварыг үүсгэхгүй. Иймд “Жинлиань” ХХК-ийг компанийг хамтран эзэмшигч хэмээн үндэслэж буй, мэдэгдэж буй худалдан авалт нь “Монголболгаргео” ХХК-ийн дүрэм болон Moнгoл Улсын Компаниийн тухай хуульд заасан журмыг тус тус зорчиж хийгдсэн байх тул “Монголболгаргео” ХХК нь “Жинлиань” ХХК-ийг түүний 50 хувийг хувьцааг эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БНБУ-ын “Болгаргеомин ЛТД” компани нь хариуцагч “Жинлиань” ХХК болон Д.Лхагвасүрэн нарт холбогдуулан “Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Жинлиань” ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгах”, “Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх”, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд “Болгаргеомин ЛТД” компани мөн болохыг тогтоолгох”, “Компанийн тухай хуулийн дагуу “Монголболгаргео” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Жинлиань” ХХК, түүнийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэн нарт даалгах”, “Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А, 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанид өгөхийг “Жинлиань” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэнд даалгах” тухай нэхэмжлэлийг, хариуцагч “Жинлиань” ХХК-д холбогдуулан “Болгаргеомин ЛТД” компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох”, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял мөн болохыг тогтоолгох”, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг, хариуцагч Д.Лхагвасүрэн болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нарт холбогдуулан “Д.Лхагвасүрэн нь “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д.Лхагвасүрэн 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан “Жинлиань” ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотлогоогоор шилжүүлэн өгсөнийг тогтоолгох хүртэл “Монголболгаргио” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр  түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах” тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “Жинлиань” ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан “2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Болгаргеомин ЛТД” компани болон “Болгаргеомин” ЕАД нарын хооронд байгуулсан, “Дампуурлаа зарласан “Болгаргеомин” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “Монголболгаргео” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Болгар-Монголын хамтарсан “Монголболгарметалл” үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, “Монголболгаргео” үйлдвэрийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын хайгуул, олборлолтын ажлыг явуулахад өндөр үр дүнд хүрэх зорилгоор хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс Болгар-Монголын хамтарсан “Монголболгарметалл” үйлдвэрийг байгуулах тухай БНБАУлсын Засгийн газар, БНМАУлсын Засгийн газар хоорондын 1979 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээр дуусгавар болж, “Монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Болгар-Монголын хамтарсан “Монголболгаргео” үйлдвэрийг үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, оролцогчоор нь Монголын талаас Төрийн өмчийн хороо, Болгарын талаас Софи хот, “Болгаргеомин” ЕАД-ыг тус тус томилжээ /9 дүгээр хх-62 дугаар тал/.

 

Дээрх хэлэлцээрийн үндсэн дээр Монгол улсын Төрийн өмчийн хороо, Болгар улсын “Болгаргеомин” улсын нэгдэл нь 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Софи хотод “Монголболгаргео” үйлдвэрийг байгуулах хэлэлцээрийг байгуулжээ. Уг хэлэлцээрээр шинээр үүсгэн байгуулагдсан Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” үйлдвэр нь “Монголболгарметалл” үйлдвэрийн эрх залгамжлагч болж, уг үйлдвэрийн бүх актив, пассивыг хүлээн авч, тэдгээрийг оролцогч тал тус бүрд 50 хувийн оролцоотой байхаар тооцон хувиарлажээ. Өөрөөр хэлбэл, “Монголболгаргео” үйлдвэрийн дүрмийн санд талуудын оролцох хувийг Монголын тал 50 хувь, Болгарын тал 50 хувь байхаар, түүнчлэн, “Монголболгаргео” үйлдвэр нь Монгол улсын хуулийн этгээд байхаар заажээ /9 дүгээр хх-63-64 дүгээр тал/. Улмаар Монгол-Болгарын хамтарсан “Монголболгаргео” үйлдвэрийн дүрмийг 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үйлдэж, Монгол улсын улсын бүртгэлийн байгууллагаа уг дүрмийг 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ /9 дүгээр хх-31, 65-78 дугаар тал/. Түүнчлэн, 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Монголболгаргео” үйлдвэрийг ТӨҮГазар болгон, 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Монголболгаргео” ХХК болгон тус тус өөрчилж улсын бүртгэлд бүртгэжээ. Үүний дагуу “Монголболгаргео” ХХК-ийн дүрмийг компанийн үүсгэн байгуулагчдын хурлын протоколын 2 дугаар хавсралтаар шинэчлэн баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 190 дугаар тогтоолоор “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь буюу төрийн мэдлийн 85 420 ширхэг хувьцааг худалдахаар тогтоожээ. /2 дугаар хх-421 дүгээр тал/. Үүний дараа Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 20 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 438 дугаар тогтоол, “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь буюу төрийн мэдлийн 85420 ширхэг хувьцааг нэг багц болгон нийтийн дуудлага худалдаагаар худалдсан 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл, мөн өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, гэрээний дагуу Төрийн сан дахь Төрийн өмчийн хорооны дансанд 2 950 000 000 төгрөг шилжүүлсэн санхүүгийн баримтыг үндэслэн “Жинлиань” ХХК-д “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь буюу төрийн мэдлийн 85 420 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлжээ /8 дугаар хх-135 дугаар тал/. Үүнээс өмнө буюу “Монголболгаргео” ХХК-ийн төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөгч Монгол Улсын Төрийн өмчийн хороо нь 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1А/160 дугаар албан бичгээр “Монголболгаргео” ХХК-ийн хувьцааны 50 хувийн өмчлөгч болох “Болгаргеомин” ЕАД компанид Монгол улсын төрийн мэдлийн хувьцааг худалдан авах талаар санал болгожээ /8 дугаар хх-93 дугаар тал/. Үүний хариуд “Болгаргеомин” ЕАД компани нь 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40.07.01 дугаар албан бичгээр дээрх саналыг буюу “Монголболгаргео” ХХК-ийн Монгол улсын төрийн мэдлийн 85 420 ширхэг хувьцааг худалдан авахаас татгалзсан байна /8 дугаар хх-102 дугаар тал/. Ийнхүү “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь буюу төрийн мэдлийн 85 420 ширхэг хувьцааны өмчлөгч нь  “Жинлиань” ХХК болж, улсын бүртгэлд бүртгэжээ. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг “Жинлиань” ХХК өмчөлдөг эсэхэд талууд маргаагүй тул хариуцагч “Жинлиань” ХХК-ийг “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийн өмчлөгч гэж үзнэ.

 

Нөгөөтэйгүүр, “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг өмчлөгч БНБУ-ын “Болгаргеомин” ЕАД компани нь 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 90.00.45 дугаар албан бичгээр “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг өмчлөгч Монгол улсын Төрийн өмчийн хороонд өөрийн өмчлөлийн хувьцааг худалдан авах талаар санал болгосон боловч Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2007 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1А/965 дугаар албан бичгээр уг саналыг хүлээн авахаас татгалзажээ. Улмаар “Болгаргеомин” ЕАД компани болон “Болгаргеомин ЛТД” компани нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Дампуурлаа зарласан “Болгаргеомин” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар худалдагч нь “Болгаргеомин” ЕАД компани, худалдан авагчаар “Болгаргеомин ЛТД” компани гэжээ. Гэрээний 3.5 дугаар зүйлд зааснаар “Болгаргеомин” ЕАД компани нь “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийн өмчлөгч нь “Жинлиань” ХХК болсныг мэдэж байсан талаар гэрээндээ заажээ. Түүнчлэн, гэрээний 3.5 дугаар зүйлийн -1/, -2/, -3/, -4/, -5/, -6/, -7/, -8/ дахь хэсэгт зааснаар “Болгаргеомин” ЕАД компани нь “Монголболгаргео” ХХК-ийн 100 000 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10 000 ширхэг хувьцааг, мөн 154 203 500 төгрөгийн үнэтэй 15 420.35 ширхэг хувьцааг эзэмшдэг болохыг баталж, гэрээний 3.5 дугаар зүйлд зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсноор “Болгаргеомин” ЕАД компанийн хувьцаа, холимог үйлдвэрийн газарт эзэмшдэг хувь зэргээс авах ногдол ашиг, татан буулгалтын хувийн хамт худалдан авагч “Болгаргеомин ЛТД” компанийн өмчлөлд шилжинэ гэжээ. Өөрөөр хэлбэл, “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь болох БНБУ-ын мэдлийн хувьцааны өмчлөгч “Болгаргеомин” ЕАД компани нь өөрийн мэдлийн хувьцааг БНБУ-ын “Болгаргеомин ЛТД” компанид дээрх гэрээний үндсэн дээр худалдсан байна /9 дүгээр хх-162-173 дугаар тал/. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч “Болгаргеомин ЛТД” компани нь өөрийгөө “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзэн хариуцагч нарт холбогдуулан “Монголболгаргео” ХХК-ийн хувьцаа болон хувьцаагаар илэрхийлэгдэх эд хөрөнгийн болон эрхийн талаар шаардлага гаргажээ.

 

“Монголболгаргео” ХХК-ийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1-д компани нь Монгол улсын хууль тогтоомж, хэлэлцээр, гэрээ, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулахаар заажээ. Түүнчлэн, дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.10-т зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гурав дахь этгээдэд санал болгох үнээр эзэмшиж байгаа хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувь нийлүүлэгчид шилжүүлэх, 14 дүгээр зүйлийн 14.4-т “...хувьцаа эзэмших эрх шилжүүлэх үйл явц Компанийн тухай хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу явагдаагүй тохиолдолд хувьцаа эзэмших эрхийн шилжүүлэгийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэжээ.

 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй”, мөн зүйлийн 5.4-т “Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.”, мөн зүйлийн 5.8-д “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг энэ хуулийн 5.3-т заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй.”, мөн зүйлийн 5.9-д “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.З-т заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлээгүй тохиолдолд уг эрх компанид шилжих бөгөөд компани нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрээ энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор гаргана.”, мөн зүйлийн 5.10-т “Энэ хуулийн 5.3, 5.9-д заасан этгээд тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд зааснаас багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй” гэж тус тус заажээ. Дээрхээс үзвэл “Монголболгаргео” ХХК-ийн дүрэм болон Компанийн тухай хуульд зааснаар “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийн эзэмшигч “Болгаргеомин” ЕАД компани нь өөрийн мэдлийн 50 хувийн хувьцааг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БНБУ-ын “Болгаргеомин ЛТД” компанид худалдахдаа 2011 оны 11 дүгээр сард “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийн эзэмшигч Монгол улсын хуулийн этгээд болох “Жинлиань” ХХК-д Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар мэдэгдээгүй буюу худалдан авах талаар санал гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, “Болгаргеомин” ЕАД нь өөрийн талын хувьцааг худалдах талаарх саналыг Монгол улсын Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн боловч Монгол талын хувьцааг худалдан авсан 50 хувийн хувьцаа эзэмшигч “Жинлиань” ХХК-д худалдан авах талаар мэдэгдээгүй гэж үзнэ. Иймд дээрх гэрээний “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийн хувьцаа буюу БНБУ-ын мэдлийн хувьцааг “Болгаргеомин” ЕАД компани нь “Болгаргеомин ЛТД” компанид худалдсанийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан Компанийн тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч “Жинлиань” ХХК нь БНБУ-ын “Болгаргеомин” ЕАД компани болон “Болгаргеомин ЛТД” компани нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан “Дампуурлаа зарласан “Болгаргеомин” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээ”-ний “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь болох БНБУ-ын мэдлийн хувьцааг БНБУ-ын “Болгаргеомин ЛТД”  компанид худалдаж, өмчлөлд шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч “Жинлиань” ХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Шүүх дээрх гэрээний “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувь болох БНБУ-ын мэдлийн хувьцааг БНБУ-ын “Болгаргеомин ЛТД” компанид худалдаж, өмчлөлд шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул нэхэмжлэгч “Болгаргеомин ЛТД” компанийг “Монголболгаргео” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч “Жинлиань” ХХК-д холбогдуулан Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Жинлиань” ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгах, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд “Болгаргеомин ЛТД” компани мөн болохыг тогтоолгох”, “Компанийн тухай хуулийн дагуу “Монголболгаргео” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Жинлиань” ХХК-д даалгах, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А, 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанид өгөх, “Болгаргеомин ЛТД” компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял мөн болохыг тогтоолгох, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар “Жинлиань” ХХК-аас шаардах эрхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Л.Пүрэвгялын өмнөөс шаардлага гаргах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Хариуцагч Д.Лхагвасүрэнд холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Уг иргэний маргаанд хариуцагч Д.Лхагвасүрэнг Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Жинлиань” ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгах, “Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх, Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд “Болгаргеомин ЛТД” компани мөн болохыг тогтоолгох, “Компанийн тухай хуулийн дагуу “Монголболгаргео” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэн нарт даалгах, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А, 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанид өгөх, Д.Лхагвасүрэн нь “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д.Лхагвасүрэн 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан “Жинлиань” ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотлогоогоор шилжүүлэн өгсөнийг тогтоолгох хүртэл “Монголболгаргио” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр  түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Д.Лхагвасүрэнд холбогдуулан дээрх үндэслэлээр шаардах эрхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Л.Пүрэвгялын өмнөөс шаардлага гаргах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нарт холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг Д.Лхагвасүрэн нь “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д.Лхагвасүрэн 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан “Жинлиань” ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотлогоогоор шилжүүлэн өгсөнийг тогтоолгох хүртэл “Монголболгаргио” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр  түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг хариуцвал зохих этгээд гэж үзэх, мөн нэхэмжлэгчийг Л.Пүрэвгялын өмнөөс шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Л.Ундрахад холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Л.Ундрахыг татан оролцуулсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Л.Ундрахад холбогдуулан тусгайлан тодорхойлоогүй тул дээрх шаардлагуудыг хариуцагч Л.Ундрахад холбогдуулан гаргасан гэж үзэв. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Ундрах хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч “Жинлиань” ХХК нь нэхэмжлэгч “Болгаргеомин ЛТД” компанид холбогдуулан БНБУ-ын “Болгаргеомин ЛТД” компанийг “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааны шударга бус эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзсан тул татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд БНБУ-ын  Болгаргеомин” ЕАД /Д/ компанийн дампуурлын хэрэг гүйцэтгэгч Стамова Христина Иванова шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдэгдсэн, тэрээр өөрөө болон төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Мөн шүүх хуралдааны товыг шүүхийн даалгавраар, эрх бүхий байгууллагаар дамжуулан хийлгэсэн тул шүүх хуралдааны товыг мэдэгдсэнд тооцов.

 

Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.8, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч “Жинлиань” ХХК, Д.Лхагвасүрэн, Л.Ундрах, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нарт холбогдох, Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Жинлиань” ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгах, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Монголболгаргео” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх, “Болгаргеомин ЛТД” компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох, Д.Лхагвасүрэн нь “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д.Лхагвасүрэн 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан “Жинлиань” ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жинлиань” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотлогоогоор шилжүүлэн өгсөнийг тогтоолгох хүртэл “Монголболгаргио” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр  түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд “Болгаргеомин ЛТД” компани мөн болохыг тогтоолгох,  Компанийн тухай хуулийн дагуу “Монголболгаргео” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Жинлиань” ХХК, түүнийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэн нарт даалгуулах, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Монголболгаргео” ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А. 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, “Монголболгаргео” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Болгаргеомин ЛТД” компанид өгөхийг “Жинлиань” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэнд даалгуулах, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял мөн болохыг тогтоолгох, “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Болгаргеомин ЛТД” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн БНБУ-ын “Болгаргеомин ЛТД” компани болон “Болгаргеомин” ЕАД нарын хооронд байгуулсан, “Дампуурлаа зарласан “Болгаргеомин” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “Монголболгаргео” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Жинлиань” ХХК нь нэхэмжлэгч “Болгаргеомин ЛТД” компанид холбогдох, “БНБУ-ын “Болгаргеомин ЛТД” компанийг “Монголболгаргио” ХХК-ийн 50 хувийн хувьцааны шударга бус эзэмшигч болохыг тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 200 төгрөгийг, хариуцагч “Жинлиань” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагч “Жинлиань” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН