Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00806

 

БНБУ-ын

“Б” ЛТД компаний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Д.У, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03485 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 247 дугаар магадлалтай,

БНБУ-ын”Б” ЛТД компаний нэхэмжлэлтэй

Ж ХХК, Д.Л, Д.У, ТӨБЗГт тус тус холбогдох

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборолт, нөхөн сэргээлтийн болон бусад холбогдох үйл ажиллагаа явуулахыг хориглох, тухайн талбай, уурхайг чөлөөлүүлэхийг даалгуулах,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “М” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх,

“Б” ЛТД компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эр залгамжлагч мөн болохыг тогтоолгох,

Д.Л нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” компани, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал эсэх, Монгол Улс, БНХАУ-ны хамтарсан хөрөнгө оруулалттай 2015 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр үүсгэн байгуулагдсан “Ж” ХХК-ийн захирал эсэхийг тогтоолгох,

шинээр үүсгэн байгуулагдсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол хувьцааг хэрхэн шилжүүлснийг тогтоолгох хүртэл “М” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгуулах,

“М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд “Б” ЛТД компани мөн болохыг тогтоолгох,

“М”ХХК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад учруулахгүй байхыг “Ж” ХХК болон гүйцэтгэх захирал Д.Лд даалгуулах,

2012-2015 оны үйл ажиллагааны орлогын тайланг гаргаж өгөхийг “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лд даалгуулах,

“М” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Л.Пмөн болохыг тогтоолгох,

“М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Б” ЛТД компани болон “Б” ЕАД нарын хооронд байгуулсан, Дампуурлаа зарласан “Б” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Лгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрэвээ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайжав, С.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд Монгол улсын Төрийн өмчийн хорооноос “Б” ЕАД компанид буюу Болгар улсын засгийн газар луу “М” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын хувь болох 50 хувийн хувьцааг худалдах санал явуулсан боловч Болгар улсын тал уг хувьцааг авахгүй гэсэн хариу ирсэн учир дуудлага худалдаанд оруулаад ялагчаар “Ж” ХХК тодорч 50 хувийн хувьцааг нь авсан байдаг. Тухайн үед Болгар улсад “Б” ЕАД компанийн дампуурлын хэрэг Софи хотын шүүхэд 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрээр “Б” ЕАД компани буюу Болгарын улсын Засгийн газрын 50 хувийн эзэмшигч компанийг төлбөрийн чадваргүй гэдгийг тогтоосон байдаг. Төлбөрийн чадваргүй болсон компанийн активыг худалдан борлуулах ажиллагаа эхэлсэн. Энэ ажиллагаа эхлэхдээ дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр Христина Иванова Стамоваг сонгогдоод “Б” ЕАД компанийг төлөөлөөд активыг худалдах, худалдан авах гэрээг байгуулах саналыг “Б” ЛТД компанид хүсэлтийг гаргасан. Болгар улсын шүүхээс “Б” ЛТД компанитай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Улмаар “Б” ЛТД компани нь Болгар улсын эзэмшдэг 50 хувийн хувьцааг “Б” ЛТД компанид шилжүүлсэн. Энэ гэрээ бол “М” ХХК-ийн асуудлыг шийдсэн зүйл байхгүй. Тухайн үедээ төрийн өмчид компанид байсан бүх өмч хөрөнгийг шилжүүлсэн. Үүнээс хойш “Ж” ХХК нь цагдаагийн байгууллагад хандаад “М” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг түр хураах акт гаргуулаад хураалгуулж дараа нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахдаа “Б” ЛТД компанид мэдэгдээгүй. “М” ХХК-ийн 50 хувийн өмчлөгч болохыг тогтоогоод өмчлөгчтэй холбоотойгоор өмч хөрөнгө захиран зарцуулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг хааж байна. Иймд Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Ж” ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгаж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “М” ХХК-ийн байрыг чөлөөлүүлж, “Б” ЛТД компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч мөн болохыг тогтоож, Д.Л нь “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д.Л 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан “Ж” ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотолгоогоор шилжүүлэн өгснийг тогтоолгох хүртэл “М” ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах, “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь “Б” ЛТД компани мөн болохыг тогтоож, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Ж” ХХК, түүний гүйцэтгэх захирал Д.Л нарт даалгаж, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “М” ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А. 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Б” ЛТД компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Б” ЛТД компанид өгөхийг “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лд даалгаж, “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пмөн болохыг тогтоож, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Б” ЕАД компанийн эд хөрөнгийг эрхийн багцын хамт худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. “М” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар, Болгар улсын Засгийн газар нарын хэлэлцээрийг үндэслэсэн. “М” ХХК-ийн дүрэмд зааснаар “М” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхдээ Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу шилжүүлнэ. 2011 оны 11 дүгээр сард дуудлага худалдааны ялагчаар “Ж” ХХК тодорч 50 хувийн хувьцаа эзэмшигч, өмчлөгчийн гэрчилгээг Төрийн өмчийн хорооноос авсан. Нэхэмжлэгч болон “Б” ЕАД компани нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд худалдагч тал 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын төрийн өмчийн хороо Монголын талын 50 хувийг худалдан борлуулсан. Худалдан авагч нь БНХАУ-ын “Ж” ХХК юм гэдгийг Болгар улсын тал мэдэж байсан. Харин Болгар улсын тал “Ж” ХХК-д хувьцаа худалдах талаар мэдэгдэх үүрэгтэй байсан. Учир нь Компанийн тухай хуульд зааснаар бид давуу эрхээр худалдаж авах эрхтэй байсан. 2011 онд Төрийн өмчийн хороо өөрийн эзэмшлийн 50 хувийг “Ж” ХХК-д шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийн асуудлын хүрээнд Болгар улсын шүүхийн шийдвэрийг Монгол Улс хүлээн зөвшөөрнө гэдэг асуудал яригдаж байгаа. Болгар улсын төрийн ашиг сонирхлыг Монгол Улсын талд заавал мэдэгдэж байж асуудлыг шийдээрэй гэж 2011 онд гарсан Болгар улсын Софи хотын Худалдааны давж заалдах шатны шүүхийн шийдвэр байгаа. Худалдах, худалдан авах гэрээнд “Ж” ХХК худалдаж авах үед “М” ХХК-ийн 50 хувийг Монгол улсын төрийн өмчөөс гараад “Ж” ХХК 50 хувийг эзэмшиж байгаа гэдгийг мэдсэн мөртлөө цаашаагаа мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Д.Л гэдэг хүн өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015A тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “М” ХХК-ийг эзэмшдэг гэж заасан. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн өөрийн байр байгаа. Энэ маргаан бол “Ж” ХХК-тай холбоотой асуудал бөгөөд иргэн Д.Лд ямар ч холбоогүй. Иргэн Д.Л “Ж” ХХК-д хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг нь “Б” ЛТД компанийн эрх, ашгийг зөрчихгүй. “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмших асуудал нь “М” ХХК-д хамааралтай учраас иргэн Д.Л холбогдолгүй. Иймд Д.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол, Болгар улс хамтран “М” ХХК-ийг анх 1997 онд хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулсан. Өмчлөгчийн хувьд Монгол Улсын Засгийн газар 50 хувийн хувьцаа эзэмшигч, Болгар улсын тал 50 хувийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмээр бий болгосон. Монгол улс, Болгар улс хоорондын 2 удаагийн хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу Монгол Улсын Их хурлын 48 дугаар тогтоол, Засгийн газрын 20 дугаар тогтоолоор Монгол улсын эзэмшиж буй 50 хувийн хувьцааг худалдах шийдвэр гарсан. 2007 онд Болгар улсын Засгийн газар буюу “Б” ЕАД улсын үйлдвэрийн нэгтгэлд 400 000 000 төгрөгөөр худалдаж авах саналыг манай байгууллага хүргүүлсэн ба Болгар улсын тал худалдаж авахгүй гэсэн тул бид 2011 онд дахин тус компанид хөрөнгийн үнэлгээ хийж 2 100 000 000 төгрөгөөр худалдаж авах саналыг Болгар улсын талд тавихад худалдаж авахаас татгалзаж байгаа албан бичгийг ирүүлсэн. Иймд бид дуудлага худалдаа зохион байгуулсан ба “Ж” ХХК ялж гэрээний хугацаанд төлбөрөө төлсөн тул Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өмчлөх гэрчилгээг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Ж” ХХК-д өгснөөр Төрийн өмчийн хорооны бүрэн эрх дуусгавар болсон. Бидэнтэй холбогдуулж гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хувьд бидний оролцоо аль эрт дуусгавар болсон. Иймд бидэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй бөгөөд надад хамааралгүй нэхэмжлэл байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Б” ЕАД улсын нэгдэл болон “Б” ЛТД компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчиж байгуулсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Төрийн өмчийн хорооноос зарласан /тухайн үеийн/ нээлттэй дуудлага худалдааны дагуу “Ж” ХХК ялагчаар тодорч, 2011 оны 11 дүгээр сард худалдан авсан. Төрийн өмчийн хороо дуудлага худалдаа зарлахаас өмнө “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч БНБУ-ын “Б” ЕАД улсын үйлдвэрийн газарт худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх зорилгоор санал хүргүүлсэн боловч татгалзсан хариу ирүүлсэн байдаг. Иймд дуудлага худалдаа зохион байгуулагдсанаар “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь “Ж” ХХК болсон. “Б” ЕАД компанийг эд хөрөнгө, эрхийн багцын хамт худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулахаас өмнө “М” ХХК-ийн 50 хувийг тэргүүн ээлжид худалдан авах саналыг “Ж” ХХК-д бичгээр мэдэгдээгүй болно. “М” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үйл явц нь Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу явагдах ёстой. Мөн Болгар Улсын “Б” ЕАД улсын үйлдвэрийн газар нь Монгол Улсад үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа аж ахуйн нэгжийг дампуурлын жагсаалтад оруулсан нь тодорхой байна. Хэрэв дампуурсан бол эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээнд дахин хөрөнгөжүүлэх асуудал яригдах учиртай. Иймд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Б” ЛТД компани болон “Б” ЕАД нарын хооронд байгуулсан, Дампуурлаа зарласан “Б” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Нэхэмжлэгч “Б” ЛТД компанид холбогдох бусад сөрөг шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ЛТД компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болгар улсын Төрийн өмчит “Б” ЕАД компаниас өөрийн эзэмшил өмчлөлийн “М” ХХК-ийн 50 хувийг худалдаж авахыг саналыг Монгол Улсын Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн боловч Төрийн өмчийн хороо худалдан авахаас татгалзсан. Ийнхүү татгалзсан тул Болгар улсын шүүх дампуурлын тухай хуулиар биш Болгар улсын Арилжааны тухай хуулийн дагуу гэрээг баталгаажуулсан. Мөн “Ж” ХХК нь Төрийн өмчийн хорооноос 2011 онд “М” ХХК-ийн 50 хувийг худалдаж авсан боловч, Монгол улсын Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй үе буюу 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр энэхүү гэрээ хийгдсэн нь 2007 оны Болгарын талаас 50 хувийн хувьцааг худалдаж авах санал татгалзсан хариу өгсөн Монгол Улсын Төрийн өмчийн хороо түүний Улсын бүртгэл, татгалзал нь хүчин төгөлдөр хуулийн шаардлага хангасан үед байжээ. “Ж” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ байгуулагдсаны дараа улсын бүртгэл “М” ХХК-ийн 50 хувийн өмчлөгч, эзэмшигчээ бүртгүүлсэн. Эзэмшигч этгээд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хуулийн дагуу шилжүүлэх эсэхийг сонгох нь эрхийн асуудал юм. БНБУ-ын Софи хотын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №335\2005 тоот иргэний хэргийн хянаж үзээд 361 дүгээр шийдвэрээр Болгаогеомин ЕАД хувьцаат нийгэмлэг нь Монгол Улсад бүртгэлтэй Монголболгар ЕАД компанийн хувь нийлүүлэгч болно. Тус компанийн 50 хувийг Монгол улсын Төрийн өмчийн хороо, 50 хувийг “Б” ЕАД хувьцаат нийгэмлэг тус тус эзэмшинэ гэсэн. Хариуцагч талаас нэгэнт шүүхийн үйл баримтаар тогтоогдсон, мөн хариуцагчийн гаргасан гэрээний дүгнэлтийг дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байсаар байхад сөрөг нэхэмжлэл гаргаж буй нь хэргийг шийдвэрлэх хугацааг удаашруулах гэсэн хүсэлтэй байгаа нь харагдаж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БНБУ-ын “Б” ЕАД /Д/ компанийн дампуурлын хэрэг гүйцэтгэгч Стамова Христина Иванова шүүхэд гаргасан тайлбартаа: ”Б” ЕАД компанийг худалдагчийн өв залгамжлалын эд хөрөнгөнд багтсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн цогц хэлбэрээр худалдсан байна. Энэхүү хэлцэл нь энгийн худалдааны хэлцэл биш ба төлбөрийн чадваргүй компанийн активыг худалдан борлуулах, төлбөр авагчдын шаардлагыг хангах зорилгоор тусгай журмаар хийгдэж буй нийтийн албадан худалдаа юм. Энэ төрлийн худалдаатай холбоотой маргааныг шийдвэрлэхэд тусгай журам буюу газар зүйн болон төрлийн хамаарлын эрх зүйн харьяалал үйлчилдэг. “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдан авахыг “Б” ЕАД компанийн зүгээс 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Монголын талд хүргүүлсэн бөгөөд Монголын талаас татгалзсан хариу ирүүлсэн. Төлбөрийн чадваргүйд тооцогдсон компанийн хүлээн авагчийн тусгайлсан зөвшөөрөлгүйгээр болон баталгаажуулалтгүйгээр хийгдсэн үйлдлүүд хууль ёсны биш бөгөөд энэхүү төлбөрийн чадваргүй компанийн хувьд хүлээгдэж буй эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй. Иймд “Ж” ХХК-ийг компанийг хамтран эзэмшигч хэмээн үндэслэж буй, мэдэгдэж буй худалдан авалт нь “М” ХХК-ийн дүрэм болон Moнгoл Улсын Компанийн тухай хуульд заасан журмыг тус тус зорчиж хийгдсэн байх тул “М” ХХК нь “Ж” ХХК-ийг түүний 50 хувийг хувьцааг эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03485 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.8, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК, Д.Л, Д.У, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нарт холбогдох, Баянхонгор аймаг, Галуут сумын нутагт байрлах ашиглалтын 311А, 456А, 015А тусгай зөвшөөрөл бүхий алт олборлох талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Ж” ХХК-ийг дээрх талбайнуудад эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэргүйгээр ашигт малтмалын олборлолт, нөхөн сэргээлтийн болон өөр бусад ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглож, уг компанид тухайн талбай, уурхайг чөлөөлөхийг даалгах, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “М” ХХК-ийн байрыг чөлөөлүүлэх, “Б” ЛТД компани нь БНБУ-ын төрийн мэдлийн 50 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрх залгамжлагч мөн болохыг тогтоолгох, Д.Л нь “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК, БНХАУ-ын иргэн Кан Жи Жү, Мүн Жи Мин нарын байгуулсан компанийн захирал уу, эсвэл Монгол-БНХАУ-ын хамтарсан 52, 48 хувийн хөрөнгө оруулалттай Д.Л 52 хувь, БНХАУ-ын иргэн Лю Хай Лунг 48 хувийг эзэмшихээр 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулсан “Ж” ХХК-ийн захирал уу гэдгийг, мөн энэ шинээр үүсгэн байгуулсан компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөн авч, эзэмших эрх залгамжлах компани мөн эсэх, мөн бол 50 хувийн хувьцаа хэрхэн ямар баримт нотолгоогоор шилжүүлэн өгснийг тогтоолгох хүртэл Монголболгаргио ХХК-ийн захирал Л.Пүрэвгялд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түр хураах тэмдэглэл хөтлөн хураалгасан баримт бичиг, эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг даалгах, “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хууль ёсны өмчлөгч нь БНБУ-ын хуулийн этгээд “Б” ЛТД компани мөн болохыг тогтоолгох, Компанийн тухай хуулийн дагуу “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахад хууль бусаар саад оруулахгүй байхыг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Ж” ХХК, түүний гүйцэтгэх захирал Д.Л нарт даалгуулах, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “М” ХХК-ийн эзэмшлийн 456А, 015А. 311А тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмал олборлох талбайд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Б” ЛТД компанийг оролцуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон орлогынхоо 2012-2015 онуудын тайланг гаргаж, “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Б” ЛТД компанид өгөхийг “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лд даалгуулах, “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пмөн болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Ц.Баянмөнхийг томилсон болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Б” ЛТД компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн БНБУ-ын “Б” ЛТД компани болон “Б” ЕАД нарын хооронд байгуулсан, Дампуурлаа зарласан “Б” ЕАД /Д/ үйлдвэрийг хөрөнгийн эрхийн хамт худалдах-худалдан авах гэрээний “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэгч “Б” ЛТД компанид холбогдох, БНБУ-ын “Б” ЛТД компанийг Монголболгаргио ХХК-ийн 50 хувийн хувьцааны шударга бус эзэмшигч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 200 төгрөгийг, хариуцагч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулан хариуцагч “Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 247 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Л хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч ...хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: 1.Давж заалдах шатны шүүх ...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1, 25.1.2, 25.1.3-т заасан ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, БНБУ-ын ““Б”” ЕАД улсын үйлдвэрийн газар буюу эрх хүлээн авагч Христина Ивановна Стамовагийн хаягаар хариуцагч ““Ж”” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг, эрх, үүрэг танилцуулсан баримтын хамт хүргүүлсэн болно. Үүний дагуу БНБУ-ын ““Б”” ЕАД улсын үйлдвэрийн эрх хүлээн авагч Х И Санхан шатны шүүхэд хариу тайлбар ирүүлсэн. Шүүх ““Б””ЕАД компанийн хууль ёсны эрх, ашиг, сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нэхэмжлэлтэй танилцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангасан байгаа Харин бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр шүүх хангасан, хэргийн материалтай танилцах, тайлбар нотлох баримтыг нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дэмжиж гаргаж өгөх нь түүний өөрийнх нь эрхээ хэрхэн хэрэгжүүлэхээс хамаарах асуудал бөгөөд түүнээс хэргийн нотлох баримтыг бүгдийг орчуулж БНБУ-ын “Бологаргеомин” ЕАД улсын үйлдвэрийн газарт хүргүүлэх үүргийг хууль болон хоёр орны хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр шүүх хүлээгээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрхээс бусад зохигчийн эрхийг эдэлж үүргийг хүлээнэ.” гэж хуульчилснаас үзэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг хязгаарлагдмал бөгөөд 29.5-д “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй.” гэж заажээ. Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дэмжиж тайлбар, нотлох баримтыг эсхүл хариуцагчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг шүүхэд гаргах, шүүх хуралдаанд оролцох хэлбэртэй байгаа нь харагдаж байна. Нэхэмжлэгч “БНБУ-ын ““Б””ЛТД компани, ““Б”” ЕАД үйлдвэрийн газрын хооронд 2013.05.16-ны өдөр байгуулсан “Дамлуурлаа зарласан “Болгаргеоми” ЕАД үйлдвэрийн хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авах” гэрээний Монгол улсад бүртгэлтэй ““М”” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “сөрөг” нэхэмжлэлд бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд холбогдох тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлж шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт ямар ач холбогдолтой болох талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа дурьдаагүй. Тэгэхээр “ ...анхан шатны шүүх гуравдагч этгээдийн хэргийн материалтай танилцах, тайлбар өгөх, нотлох баримт бүрдүүлүүлэх эрхийг хангаж өгөөгүй байна.” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Хэрэв энэхүү нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн үр дагавар нь бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэсэн ойлголтыг хуульчилсан байна. 2. Дээрх худалдах, худалдан авах гэрээний “Хэлцлийн нөхцөл” гэсэн хэсгийн 4.6-д “Энэхүү гэрээний зүйл, дампуурлын цогцод багтсан зарим хөрөнгийн талаар гуравдагч этгээд давуу эрх эдлэх, эдгээр хөрөнгийн талаарх Булгаргеомин ЕАД эрхийг хязгаарлах, хасах, үүнд мөн өөр өмчлөгчтэй хөрөнгийн талаар Худалдагч хариуцлага хүлээхгүй.” гэсэн заалтаас үзэхэд өөрийн эзэмшиж буй ““М”” ХХК-ийн 50 хувийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд уг компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа ““Ж”” ХХК -нь худалдан авах давуу эрхтэй гэдгийг мэдэж байсан ба хэрэв маргаан гарвал гуравдагч этгээд болох ““Б”” ЕАД оролцохгүй гэсэн хүсэл зоригоо талууд гэрээнд тусгасан байна. Тухайлбал: Гэрээний 3.5 дугаар зүйлийн “Удаан хугацааны санхүүгийн актив, хувьцаа, хувь эзэмших талаарх бусад эрх” гэсэн заалтын “Хувьцааны оролцоо-Монгол улс” хэсэгт ... “2011 оны 11 сарын 02-ны өдөр Монгол Улсын Төрийн өмчийн хороо Монголын талын 50 хувийн хувьцааг худалдан борлуулсан. Худалдан авагч нь ““Ж”” компани” гэж гэрээ байгуулагдсан байдаг. Энэ нь ““Ж”” компани ““М”” ХХК-ийн 50 хувийн хувьцааг Монголын Төрийн өмчийн хорооноос худалдан авсан гэдгийг мэдэж байсан атлаа худалдах, худалдан авах гэрээнд илтэд тус компанийн 50 хувийн хувьцааг Монголын Төрийн өмчийн хороо эзэмшдэг хувь эзэмшдэг мэтээр тусгасан байна. ““М”” ХХК-ийн дүрмийн 14.4-д Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа щилжүүлэхээр дүрэмд заасан. Хэрэв үүнийг зөрчиж хийсэн хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаа хүчин төгөлдөр бус байхаар талууд тохирч дүрмээ баталсан байдаг. ““М”” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн ажиллагаа нь компани дүрэм болон Компанийн тухай хууль зөрчиж худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлээгүй хэлцэл хийгдсэн гэж анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. 3. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Магадлалын тогтоох хэсэгт: Зохигчдын хянуулах эрхийг хязгаарлаж, уг магадлалыг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргах эрхийг тусгаагүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч “Ж” ХХК, Д.Л, Д.Д.У, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох нэхэмжлэгч Болгар улсын “Б” ЛТД компанийн нэхэмжлэл, хариуцагч “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болжээ.

БНБУ-ынЗасгийн газар, Монгол улсын Засгийн газрын 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлэлцээрээр “М” хамтарсан үйлдвэрийг байгуулж, дүрмийн санд оруулах хувь хэмжээ, хувьцаа эзэмшигчийн эрхийг адил тэнцүү буюу тус тус 50 хувь байхаар тогтоож, Монголын талаас Төрийн өмчийн хороо,Болгар улсын талаас “Б” ЕАД /улсын үйлдвэрийн нэгтгэл/ оролцож, дүрмээ батлан, 1998 оны 01 сарын 22-ны өдөр Монгол улсын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. Үүнээс хойш 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “М” үйлдвэрийг ТӨҮГазар болгон, 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “М” ХХК болгон өөрчилж, бүртгэл хийлгэсэн байна. “Б” ЕАД нь нэг хувьцаа эзэмшигчтэй, түүний хувьцааг Болгар улсын төр, төлөөлж Болгар улсын Эдийн засгийн яам эзэмшдэг байна.

Монгол улсын Төрийн өмчийн хороо ногдох хувьцаагаа худалдах саналыг Болгар улсын талд 2007, 2011 онд тус тус хоёр удаа мэдэгдсэн боловч худалдан авахгүй тухай хариу ирүүлсэн тул 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуудлага худалдаа явуулж “Ж” ХХК хувьцааг худалдан авснаар “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болжээ.

Харин нөгөө хувьцаа эзэмшигч болох Болгар улсын “Б” улсын үйлдвэрийн нэгтгэл тус улсын 2010 оны 12 сарын 06-ны өдрийн 46 тоот шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцогдож, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, эрх хүлээн авагч нь дампуурлаа зарласан “Б” ЕАД үйлдвэрийн хувьцааг “Б” ЛТД компанид 2013 оны 05 сарын 16-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Б” ЕАД үйлдвэрийн эрх хүлээн авагч Х И С сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Монгол улсын тал буюу төрийн өмчийн хороо хувьцааг худалдан авах тухай саналд татгалзсан хариу өгсөн болон  “Б” ЛТД компани нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохыг дэмжиж оролцжээ. /11 дүгээр хавтас хх-114-140/

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээс гадна дараах байдлыг анхаарах нь зүйтэй байна.

1.”Б” ЛТД компанийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь компанийн хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэж үзэж, эрхээ сэргээлгэх, компанийн үйл ажиллагаа,  компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг маргасан агуулгатай байхад шүүх Компанийн тухай хууль,  “М” ХХК-ийн дүрэм, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 9.4.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон нь хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй гэж үзнэ.

2.Нэхэмжлэгч нь нийт 8 шаардлага гаргасан бөгөөд үүнээс ““М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь БНБУ-ын хуулийн этгээд “Б” ЛТД компани мөн болохыг тогтоолгох” нь шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болохыг шүүх дүгнэж чадаагүй байна. “Б” ЛТД компани нь өөрийгөө “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзэж, нөгөө хувьцаа эзэмшигч буюу “Ж” ХХК-ийн хууль бус үйлдлийг зогсоолгох агуулгатай нэхэмжлэл гаргасан тул хувьцаа эзэмшигч мөн эсэхийг өөрөө нотлох, шүүх уг үндэслэлд дүгнэлт өгснөөр зөрчигдсөн эрхийг сэргээх тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй юм.

Түүнчлэн “Д.Л нь БНХАУ-ын “Ж” компани, эсвэл 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан Монгол Улсын “Ж” ХХК-ийн захирал эсэхийг тогтоолгох нь шаардлага эсвэл маргааны зүйл эсэхийг тодруулах нь зүйтэй байжээ.

3. “Ж” ХХК нь “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байх ба нэхэмжлэгч Болгар улсын “Б” ЛТД компанийг хувьцаа эзэмшигч бус гэж үзэж маргасан байна. Уг үндэслэлээ тодорхойлохдоо “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Болгар улсын “Б” улсын үйлдвэрийн нэгтгэл /ЕАД/ нь хувьцаагаа бусдад худалдахдаа эхлээд компанийн хувьцаа эзэмшигчид санал болгох ёстой бөгөөд гэрээнд Монгол улсын хуулийг баримтална гэж заасан атлаа Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах заалтыг зөрчсөн тул түүний хувьцааг худалдан авсан нэхэмжлэгч “Б” ЛТД компани шаардах эрхгүй гэжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл “Б” /ЕАД/ үйлдвэр нь 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 90.00.45 дугаар албан бичгээр Монгол улсын Төрийн өмчийн хороонд өөрийн өмчлөлийн хувьцааг худалдан авах санал гаргасан боловч Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1А/965 дугаар албан бичгээр татгалзсан тухайгаа мэдэгдсэн байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т хэлцэл хийснээс хойш эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул Төрийн өмчийн хороо дээрх татгалзлаа хэрхэн тайлбарлаж байгаа, “Б” улсын үйлдвэрийн нэгтгэл /ЕАД/ нь “Ж” ХХК-д дахин мэдэгдэх үүрэг бий эсэх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шүүх хэргийн оролцогчоос тодруулж,зайлшгүй хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч этгээдийг уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, шаардах эрхгүй гэж дүгнэхдээ 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй бол жинхэнэ нэхэмжлэгч биш гэж үзэх бөгөөд түүнд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Б” улсын үйлдвэрийн нэгтгэл татан буугдах ажиллагаа дуусаагүй байх ба түүнийг төлөөлөх эрхтэй этгээд болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Христина Ивановна Стамовагийн шүүхэд гаргасан хүсэлт хэрэгт ач холбогдолтой, уг хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар   сарын 01-ний өдрийн 247 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-ийн  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА