Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 316

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Аюушийн 6-4 тоотод оршин суух, Зос жаргалант овогт Агарновын Амарбаяр /РД:ЕЮ92070236/,

 

Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Өндөршил сум, 1-р багт оршин суух, Шинэ угалз овогт Бат-Эрдэний Чулуунсуурь /РД:ЕЗЙ93092805/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Дампилын 16-А-8 тоотод оршин суух, Боржигон овогт Дашгайн Отгончулуун/РД:ТБ81071577/,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Шинэ зууны гудамж, 28-р байр, 64 тоотод оршин суух, Өндөрүүд овогт Шархүүхэний Өлзийнэмэх /РД:ЕЭ81072164/ нарт холбогдох

 

4 719 167 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Олох ёстой байсан орлого 870 000 төгрөг, орон сууцанд амьдрах хугацаандаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250 000 төгрөг, нийт 1 120 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Чулуунсуурь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончулуун, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Чулуунсуурь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын эхээр Д.Отгончулуунаас Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Дампилын 16-А-8 тоотод байрлах 90 м2 талбайтай хувийн орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон. Ингэхдээ гэрээ хийснээс хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор Д.Отгончулуун нь орон сууцны гэрчилгээ болон газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээндээ тусгаж, 13 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл мөнгийг жилийн 5 хувийн хүүтэйгээр графикийн дагуу төлөхөөр тохиролцсон... Д.Отгончулуунаас “газрын гэрчилгээ шилжүүлэн өгөх хугацаа дуучихлаа газраа өөрсдийн нэр дээр шилжүүлж авъя” гэхэд “өргөдлөө өгчихсөн байгаа, хашаагаа татчих” гэсэн. Тэгээд удаашраад байхаар нь 2017 оны 09 дүгээр сараас эхлэн графикийн дагуу тохирсон мөнгийг төлөөгүй байж байгаад “2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх 8 200 000 төгрөгийг бөөнд төлье, гэрээний дагуу газраа шилжүүлж өг, тэгэхгүй бол бидэнд үлдэх баримт байхгүй” гэхэд Д.Отгончулуун “тэгвэл чадахгүй, би газрын гэрчилгээг шилжүүлэхгүй” гэсэн. Д.Отгончулуун нь бидний байрны мөнгөнд өгсөн            19 399 167 төгрөгөөс байрны түрээсийг зах зээлийн ханшаар тооцож, 4 709 167 төгрөгийг суутгаж аваад, 14 690 000 төгрөгийг өгсөн. Бидний хувьд Д.Отгончулууны байрыг түрээсэлж суугаагүй. Иймд Д.Отгончулуун, Ш.Өлзийнэмэх нараас 4 709 167 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

   Нэхэмжлэгч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид тагтны хаалтны багана, өрөөний хаалгануудын нугас, цоож, 00 өрөөний плита, гадагш гардаг үүдний өрөөний цементэлсэн шал зэргийг эвдээгүй. Анх биднийг байранд ороход өрөөний хаалгануудын нугас, цоожнууд эвдэрхий байсан. Мөн цонх нь хүртэл хагархай, өрөөнд ямар ч гэрлийн ламп байхгүй, өвлийн хүйтэнд нэлээн зутарч, даарч амьдарч байсан... Мөн байшинд хийгдсэн плита, тагтны хаалтны баганы шавардлага нь чанарын шаардлага хангахгүй, манайхыг нүүж ороход л тагтны баганы хөдөлгөөнтэй, шавар нь нурчихсан, доошоо грааж, үүдний тамбар дээрээсээ ус гоождог байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

         Хариуцагч Д.Отгончулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 09 дүгээр сараас эхлэн иргэн н.Баярмаад 2 жилийн хугацаатай, сарын 350 000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслүүлсэн. Орон сууц хөлслөх гэрээ үргэлжилж байх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын сүүлчээр А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нар нь ажил дээр ирж уулзсаны дагуу уг байшингаа тэдэнд 53 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингэхдээ 13 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус төлж, үлдэх 35 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд жилийн 5 хувийн хүүтэйгээр, сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгахаар тохирсон. Ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул байшинг хөлслөн амьдарч байсан н.Баярмаад энэ учраа хэлж, орон сууц хөлслөх гэрээг цуцалж, бөөнөөр нь төлсөн мөнгийг нь хөлслөгчид буцаан өгсөн. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байшингаа А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нарт хүлээлгэн өгсөн. Гэвч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нар нь байшингийн төлбөрийг төлөх хуваарьт хугацааны эхний төлөлтөөс эхлэн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Олон дахин хэлүүлж, нэхүүлж байж эхний 4 сарын төлбөрийг төлсөн боловч 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 2018 оны 02 дугаар сарыг хүртэл огт төлбөр төлөлгүй 6 сар болсон. А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нар нь орон сууцны төлбөрийг төлж чадахгүй нь тодорхой болсон тул худалдах, худалдан авах гэрээг цуцлахаар болж, энэ тухайгаа тэдэнд 2018 оны 02 дугаар сард хэлсэн. А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тохиолдолд орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж, хөлсний орлого нь орж ирэх байсан тул А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нарын манай байшинд амьдарсан 1 жил 2 сарын хугацааг орон сууц хөлсөлснөөр тооцож, төлбөрийг суутгасан нь зүй ёсны гэж үзэж байна. Б.Чулуунсуурь, А.Амарбаяр нар нь 1 жил, 2 сарын хугацаанд манай байшинд амьдарсан атлаа ямар ч мөнгө төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Д.Отгончулуун сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 19 399 167 төгрөгийг төгрөгийг орон сууцны төлбөрийн урьдчилгаанд авсан нь үнэн. Нэхэмжлэгч нарын өгсөн мөнгөнөөс 14 690 000 төгрөгийг буцааж өгсөн. Орон сууцад суусан 1 жил 2 сарын хугацааг сарын 350 000 төгрөгөөр орон сууц хөлсөлж сууснаар тооцож мөнгийг нь тооцож авсан. Нэхэмжлэгч нар миний байранд 14 сарын хугацаанд суучхаад ганц ч төгрөг төлөхгүй гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө уг орон сууцыг иргэн н.Эрдэнэ-Очир, н.Баярмаа нарт 2 жилийн хугацаанд орон сууц хөлслөх гэрээ байгуулан хөлслүүлж байсан. Нэхэмжлэгч нар орон сууц худалдаж авна, гэрээ байгуулна гэж санал тавиагүй, гэрээ байгуулагдаагүй байсан бол өмнө нь орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж сарын 280,000 төгрөгөөр, 24 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээний мөнгө надад орж ирэх байсан учраас надад учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэгч нараас тооцож суутгаж авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд олох ёстой байсан орлого 870 000 төгрөг, орон сууцанд амьдрах хугацаандаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250 000 төгрөг, нийт 1 120 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч А.Амарбаяр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хэрэг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Хариуцагч  Шархүүхэний Өлзийнэмэх итгэмжлэлээр Д.Отгончулууныг шүүх хуралдаанд оролцуулж байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

  Нэхэмжлэгч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нар нь хариуцагч Д.Отгончулуун, Ш.Өлзийнэмэх нарт холбогдуулан 4 719 167 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Д.Отгончулуун, Ш.Өлзийнэмэх нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, орон сууц хөлслөх гэрээний дагуу олох ёстой байсан орлого 870 000 төгрөг, орон сууцанд амьдрах хугацаандаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250 000 төгрөг, нийт 1 120 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа 10 000 төгрөгөөр багасгаж, 4 709 167 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нар нь хариуцагч Д.Отгончулуун, Ш.Өлзийнэмэх нартай Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Дампилын 16-А-8 тоотод байрлах 90 м2 талбайтай хувийн орон сууцыг газрын хамт 53 000 000 төгрөгөөр худалдах, худалдах авах гэрээг бичгээр байгуулж, 13 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус төлж, үлдэх 35 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд жилийн 5 хувийн хүүтэйгээр, сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгах,

 Худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг 7 хоногийн дотор  худалдан авагч талд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Нийт 19 399 167 төгрөгний урьдчилгааг худалдагч талд өгсөн, худалдагч тал нь 14 690 000 төгрөгийг буцааж худалдан авагчид өгсөн зэрэг үйл баримтууд тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх зааснаар  худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж,

Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт  зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д зааснаар газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах тул Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Дампилын 16-А-8 тоотод байрлах 90 м2 талбайтай хувийн орон сууц болон газар нь үл хөдлөх эд хөрөнгө юм. 

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “орон сууц болон газар эзэмших гэрчилгээг 2018 оны 7 сарын 20-дын үеэр авсан, шинээр барьсан орон сууц, газар байсан” гэж тайлбарласан буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгө болон газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан байна.

Талуудын нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэснийг, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэсэн заалтуудыг зөрчиж худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт ”энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Д.Отгончулуун, Ш.Өлзийнэмэх нараас 4 709 167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нарт олгох нь зүйтэй байна.

 

Гэрээний зүйл болох орон сууцыг худалдагч нар нь буцаан авсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

         Хариуцагч Д.Отгончулуунаас нэхэмжлэгч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            Орон сууц хөлслөх гэрээний дагуу олох ёстой байсан орлого 870 000 төгрөг, орон сууцанд амьдрах хугацаандаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250 000 төгрөг, нийт 1 120 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасаныг нэхэмжлэгч тал орон сууцны эд зүйлийг эвдээгүй, анх нүүж ороход л эвдэрхий байсан гэж маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч тал орон сууцны үнийг буцааж өгөх, худалдан авагч нь худалдагч талд орон сууцыг буцаан өгөх үүрэгтэй,

 

 Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, хариуцагч тал улсын бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй эд хөрөнгө худалдахаар гэрээ хийсэн, гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээгүй зэрэгт хариуцагч тал буруутай байна.

 

Хариуцагч Д.Отгончулуун нь нэхэмжлэгч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нараас олох ёстой байсан орлого,хохирол гэж 870 000 төгрөг нэхэмжилсэн нь гэрээний болон хуулийн дагуу шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах авах гэрээ байгуулсаны дагуу худалдан авагч нь орон сууцанд нүүж орсон, амьдрах хугацаандаа орон сууцны хэсэгт эвдрэл гэмтэл учруулсан түүнээс үүдсэн хохирол гэж 250 000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,115.2.3 дахь  хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

 1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагч Д.Отгончулуун, Ш.Өлзийнэмэх нараас 4 709 167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нарт олгож, нэхэмжлэгч А.Амарбаяр, Б.Чулуунсуурь нарт холбогдуулан 1  120 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Отгончулууны сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 91 000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 90 457 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч Д.Отгончулуунаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ