Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2019/00020

 

 

А.А, Б.Ч нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2019/00222 дугаар шийдвэртэй,  

 Нэхэмжлэгч: ... оршин суух, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, А.А,

 Нэхэмжлэгч: ... оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Ч.Б нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ... оршин суух, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, Д.О,

 Хариуцагч: ... оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Ш.Ө нарт холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 4719167 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээ цуцалснаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого 870000 төгрөг, орон сууцанд амьдрах хугацаандаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250000 төгрөг, нийт 1120000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ны давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А, Б.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.А миний бие байр авахаар ярьж байхад Д.О ах надад хэлэхдээ ахад нь байр байгаа гэхээр нь би очиж үзээд 2017 оны 01 дүгээр сарын эхээр Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-А-8 тоотод байрлах 90 м2 талбайтай хувийн орон сууцыг худалдан авахаар тохиролцсон юм. Тухайн орон сууцны талаар хоорондоо ярьж тохирохдоо Д.О нь орон сууцны гэрчилгээ болон газрын гэрчилгээг өөрийн чинь нэр дээр гэрээ хийснээс хойш 2017 оны 02 дугаар сарын 06-ны дотор гаргаж өгнө гэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээндээ тусган оруулж 13 сая төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгч үлдэгдэл мөнгийг 0.8 хувийн хүүтэйгээр графикаар төлөхөөр тохиролцсон.

Д.О нь надад анх ярихдаа эхлээд газрын гэрчилгээ гарч байж үл хөдлөхийн гэрчилгээ гардаг учир эхлээд 2 сарын 6-ны дотор газрын гэрчилгээг гаргуулаад өгье, газар нь 1000м2 хавьцаа байгаа, өөрийнхөө амьдарч байгаа байрнаас 1 метрийн зайтай гаргаад үлдсэн газрыг нь шилжүүлж өгнө, газрын гэрчилгээ, орон сууцны гэрчилгээ асуудалгүй гэж хэлэхээр нь итгэсэн. 2017 оны 1 сарын 26-ны өдөр Д.О, Ш.Ө нартай би эхнэр, аав, ээжтэйгээ хамт байж байгаад гэрээ хийх зед Д.О нь газрын гэрчилгээг гаргаж өгсний дараагаар чи өөрөө барьсан гээд байрны гэрчилгээгээ гаргуулаад авчих гэхээр нь би зөвшөөрөөгүй ба эхлээд таны нэр дээр гарсаны дараагаар чинь би өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж хэлэхэд тэгж олон удаа мөнгө төгрөг зарцуулах шаардлагагүй гэж хэлсэн.

Д.О-с газрын гэрчилгээ шилжүүлэн өгөх хугацаа дуусчихлаа газраа өөрсдийнхөө нэр дээр болгож авъя гэж шаардахад өргөдлөө өгчихсөн байгаа, танайх хашаагаа татчих, тэгвэл болчих гээд байна гээд удаашраад байхаар нь 2017 оны 9 сараас эхлээд графикаар тохирсон мөнгийг төлөөгүй байж байгаад 2017 оны 09 сараас 2018 оны 1 сар хүртэлх 8,2 сая төгрөг бөөнд нь өгье, харин гэрээнийхээ дагуу газраа шилжүүлж өгөхгүй бол бидэнд үлдэх ямар ч баримт байхгүй болоод байна гэхэд Д.О тэгвэл чадахгүй, би газрынхаа гэрчилгээг шилжүүлэхгүй гэж хэлсэн.

Би Д.О-д та анх гэрээндээ газрын гэрчилгээг 2017 оны 02 сарын 06-ны дотор шилжүүлж өгчихөөд байрны гэрчилгээгээ гаргуулж өгнө гэсэн дээ гэхэд Д.О гэрээ хамаарахгүй, зайл, одоо тэгэхээ больсон, маргааш гэхэд суллаж өг гэхээр нь тэгвэл мөнгөө авъя гэхэд мөнгөнөөс чинь зах зээлийн ханшаар түрээсийн мөнгийг чинь суутгаж авна гээд бидний байрны өртөгт өгсөн 19399167 төгрөгнөөс 14680000 төгрөгийг өгөөд 4719167 төгрөгийг байрны түрээсийн төлбөр гэж суутгаж аваад өгөхгүй байгаад гомдолтой байна.

Бидний хувьд Д.О-ны байрыг түрээсэлж суугаагүй, худалдаж авахаар тохиролцсон боловч Д.О бидэнд газрын гэрчилгээ, байрны гэрчилгээгээ шилжүүлж өгөхгүй ямар нэгэн шалтаг шалтгаан тооцоод удаашруулаад байсан. Д.О бидэнтэй хийсэн гэрээ гэх баримт материал нь ямар ч гэрээний шаардлага хангаагүй баримт хийж өгснийг сүүлд нь олж мэдсэн. /Нотариатч хүн өөрөө өөртэйгээ гэрээ хийж болдоггүйг, гэрээний шаардлага хангахгүй баримт материал баталдаггүйг/. Аймгийн цагдаагийн газар гомдол гаргахад Д.О нь надад ярьж байснаасаа өөр зүйлийг ярьж мэдүүлсэн, үгээсээ буцсан зүйлийг ярьж хэлсэн байсан. Бид гэр оронтой болохыг хүссэн. Харин Д.О биднийг их хохироож байна. Уг байранд ороод бид байрны буланд нь тохирсон гал тогооны тавилга захиалж хийлгэсэн гэх мэт зүйлүүд байгаа. Тухайн байрнаас нүүснээр тэдгээр тавилгууд ашиглагдах нөхцөл байхгүй болсон. Эдгээр хохирлуудыг дараа нэхэмжлэх болно. Иймд Д.О-с 4719167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О, Ш.Ө нар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.О миний бие 2015 онд Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-А-8 тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн газарт 6х7 хэмжээтэй 2 давхар амины орон сууц барьж ашиглалтанд оруулсан. Ингээд уг байшингаа 2016 оны 9 сараас эхлэн иргэн Н.Б-дд 2 жилийн хугацаатай, сарын 350000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслүүлсэн. Ингээд орон сууц хөлслөх гэрээ үргэлжилж байх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр А.А, Б.Ч нар нь ажил дээр ирж уулзсаны дагуу уг байшингаа тэдэнд 53 сая төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингэхдээ 13 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 1 сарын 26-ны өдөр, 5 сая төгрөгийг 2017 оны 5 сарын 10-ны өдөр тус тус төлж, үлдэх 35 сая төгрөгийг 5 жилийн хугацаанд жилийн 5 хувийн хүүтэйгээр, сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгахаар тохирсон. Ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул байшинг хөлслөн амьдарч байсан Н.Б-д энэ учраа хэлж орон сууц хөлслөх гэрээг цуцалж, бөөнөөр төлсөн мөнгийг нь хөлслөгчид буцаан өгсөн.  Ингээд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байшингаа А.А, Б.Ч нарт хүлээлгэн өгсөн. Гэвч А.А, Б.Ч нар нь байшингийн төлбөрийг төлөх хуваарьт хугацааны эхний төлөлтөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Олон дахин хэлүүлж, нэхүүлж байж эхний 4 сарын төлбөрийг төлсөн боловч 2017 оны 9 сараас эхлэн 2018 оны 02 сар хүртэл огт төлбөр төлөлгүй 6 сар болсон. Ингээд Амарбаяр, Чулуунсуурь нар нь орон сууцны төлбөрийг төлж чадахгүй нь тодорхой болсон тул худалдах, худалдан авах гэрээг цуцлахаар шийдэж, энэ тухай тэдэнд 2018 оны 02 сард хэлсэн. Тэдний байшинд амьдарсан 1 жил 2 сарын хугацааг 350000 төгрөгөөр хөлсөлснөөр тооцож мөнгийг суутган тооцох тухай хэлэхэд Амарбаяр, Чулуунсуурь нар нь бид түрээсийн мөнгө төлөхгүй, өгсөн мөнгөө авна гэсэн. Ингээд маргаан үүссэн. Уг байшинг Амарбаяр, Чулуунсуурь нарт худалдахаас өмнө иргэн Баярмаад 2 жилийн хугацаатай, сарын 350000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслүүлсэн байсан. Иймд А.А, Б.Ч нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тохиолдолд орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж, хөлсөлсний орлого нь орж ирэх байсан тул Амарбаяр, Чулуунсуурь нарын манай байшинд амьдарсан 1 жил 2 сарын хугацааг орон сууцыг хөлсөлснөөр тооцож төлбөрийг суутгасан нь зүй ёсны гэж үзэж байна.  Б.Ч, А.А нар нь бүтэн 1 жил 2 сарын хугацаанд манай байшинд амьдарсан атлаа ямар ч мөнгө төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сайншанд сумын иргэн Д.О миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа А.А нарт худалдахаас өмнө иргэн Э, Д.Б нарт хөлслүүлж байсан тухай тайлбартаа дурдсан. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тохиолдолд Э нартай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж 280000х24 сар=6720000 төгрөг надад орлого болж орох байсан. Гэвч А.А нараас болж дээрх орон сууц хөлслөх гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан. Эрдэнэ-Очир нараас орон сууц хөлсөлсний төлбөрт 1150000 төгрөг авсан. А.А нараас орон сууц хөлсөлсний төлбөрт 4700000 төгрөгийг суутгаж авсан. Орон сууц хөлслөх гэрээний дагуу орж ирэх ёстой байсан орлого 6720000 төгрөгийн үлдэгдэл 870000 төгрөг, мөн А.А нар нь манай байшинд 1 жил 2 сарын хугацаанд суухдаа эвдсэн зүйлийн үнэ болох 250000 төгрөг, нийт 1120000 төгрөгийг надад учирсан хохирол гэж үзэж байгаа тул 1120000 төгрөгийг А.А, Б.Ч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.А, Б.Ч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.О нь байшингийн эвдэрсэн зүйлүүдийн үнэ болох 250000 төрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бид тагтны хаалтны багана, өрөөний хаалгануудын нугас, цоож, өрөөний плита, гадагш гардаг үүдний тамбарын цементэлсэн шал зэргийг эвдээгүй. Анх биднийг байранд ороход хаалгануудын нугас, цоожнууд эвдэрхий байсан. Цонх нь хүртэл хагархай байсан, өрөөнд ямар ч гэрлийн ламп байхгүй, өвлийн хүйтэнд нэлээн зутарч, даарч, хөрч амьдарч байсан. Анх байр ямар байсныг, ямар зүйл нь эвдэрхий байсныг манай ээж аавууд бүгд харсан, мэдэж байгаа. Эвдэрхий зүйлийг ээж аав хэлээд байхаар нь бид өөрсдөө очиж үзэхэд хаалганы нугас, боолтууд нь салаад уначихсан, өрөөний хаалганд дахиж нугас тогтоох боломжгүй, боох гэхээр шүрүптэж болохгүй, хятадын шахмал үртсэн юм шиг тогтоох боломжгүй байдаг байсан. Харин үүдний гардаг  хаалганы тамбарын цементэлсэн шалыг Д.О-д би хэлж байгаад өөрөөс нь зөвшөөрөл аваад гэрлийн утас явсан чиглэлийн дагуу сэтэлсэн юм. Учир нь байшин руу орсон гэрлийн утсыг газраар явуулсан байсан учир тухайн хэсгийг заавал сэтэлж, эвдэрсэн утсыг газраас гаргаж ирж засах шаардлагатай байснаар цементэлсэн шалыг нь зөвшөөрлийнх нь дагуу сэтэлсэн юм. Үүнийг цахилгааны дуудлага өгсөн монтёр мэднэ. Манайх уг байранд нүүж орчихоод 00-н өрөөндөө толь тогтоох шаардлагатай болоод хана, тааз өрөмдөж тогтоодог хүнээр 00-ын өрөөний ханыг өрөмдүүлэхэд хананд наасан 1 плитаны ирмэг нь хагарсан. Тэгэхэд хана тааз тогтоодог хүн хананд наасан плитанд бүтэн шавардлага хийгээгүй, зөвхөн гол хэсэгт нь шавар тогтоосноос болж хөндий шаваргүй хэсэг нь өрөмдөхөөр хагарч унаад байна гэж хэлсэн. Үүнийг бид эвдлээгүй. Ер нь байшингийн өрөөний хаалгануудыг цоож, нугас, бариул нь хуучин хөлсөлж байсан зэргээс нь шалтгаалаад элэгдэл үүсчихсэн, эвдэрхий байсан. Мөн байшинд хийгдсэн плита, тагтны хаалтны баганы шавардлага нь чанарын шаардлага хангахгүй, манайхыг нүүж ороход л тагтны багана хөдөлгөөнтэй, шавар нь нурчихсан, граж, үүдний тамбар дээрээс ус гоождог байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Д.О, Ш.Ө нараас 4709167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А, Б.Ч нарт олгож,

 

           Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 229 дүгээр зүйлийн 229.1, 205 дугаар зүйлийн 205.4.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.О-ны 1120000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 91000 төгрөг, хариуцагч Д.О-с төлсөн 31430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 703 төгрөг, хариуцагч Д.О, Ш.Ө нараас 90297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ат олгож,  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7-14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд оролцоогүй талд мөн хугацаанд гардуулах ба боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг мэдэгдэж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдсан гомдолдоо: Д.О миний бие өөрийн өмчлөлийн амины орон сууцаа газрын хамт А.А, Б.Ч нарт 53 000 000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохирч орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 сарын 26-ны өдөр байгуулсан. А.А, Б.Ч бидний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байтал анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй боллоо. Бидний хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцлүүд болох орон сууцны үнийг төлөхөөс өмнө орон сууцыг худалдан авагч талд шилжүүлсэн, худалдан авагч нар нь орон сууцны үнийг 5 жилийн туршид хэсэгчлэн төлж дуусгахаар, мөн худалдаж байгаа орон сууцны гэрчилгээг төлбөрийг бүрэн төлсний дараа худалдан авагчид шилжүүлэхээр тохирсон зэрэг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг нотлох гол нөхцлүүдийг харгалзан үзэлгүй буруу дүгнэлт хийсэн.

  Тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 2009 онд авсан байсан бөгөөд уг газрынхаа байшин баригдсан зохих хэсгийг хэсэгчлэн шилжүүлэхээр гэрээнд тохирсон. Тодруулбал худалдаж байгаа орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гэрчилгээгүй орон сууц, харин газрын гэрчилгээ байгаа гэдгийг худалдан авагч нарт хэлж, 2 гэрчилгээг гэрээний хугацаанд болон хугацааны эцэст худалдан авагч нарын нэр дээр шилжүүлэхээр бид харилцан тохирч гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт худалдагч талыг үл хөдлөх эд хөрөнгө болон газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, орон сууц болон газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй тухай мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй гэж хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн уг гэрээ нь худалдан авагч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс худалдагч талын санаачлагаар цуцлагдсан байтал анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн буюу Д.О нараас 2017 оны 02 сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж уг гэрээ цуцлах болсон шалтгаан нь худалдагч талын буруутай үйлдлээс болсон мэтээр нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т “Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана”, мөн хуулийн 255.1.1-т “Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж заажээ. Иймд Иргэний хуулийн 255.1.1-т зааснаар худалдан авагч тал шаардлага гаргах эрхээ алдсан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үнэлэхгүйгээр худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан тул худалдан авагч шаардлага гаргах эрхтэй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 хамаарахгүй мэтээр хийсвэр, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан олох ёстой байсан орлого 870000 төгрөг, эвдсэн зүйлүүдийн үнэ 250000 төгрөг, зэргийг гаргуулах үндэслэлтэй эсэхийг тодорхойлохдоо уг эвдэрсэн зүйлүүд нэхэмжлэгч нарын үйлдлээс болсон, эсвэл тухайн эд хөрөнгийн доголдол байсан эсэхийг тодруулж баримтаар тогтоохгүйгээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч А.А, Б.Ч нараас гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж, арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн байна гэж нэг талыг барьсан баримтаар тогтоогдоогүй дүгнэлт хийсэн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т тус тус зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол, олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Хуулийн дээрх заалтаас үзвэл хариуцагч миний бие орон сууцанд учруулсан эвдсэн зүйлийн үнэ 250000 төгрөг, олох ёстой байсан орлого 870000 төгрөгийг нэхэмжлэгч талаас шаардах эрхтэй байна. Анхан шатны шүүх шийдвэртээ Д.О-ны олох байсан орлого 870000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох үндэслэлгүй байна гэж үзсэн атлаа ямар учраас олох байсан орлогыг хохиролд тооцох үндэслэлгүй байгаа талаар тодорхой дурдаагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр баримталж байгаа хуулийн заалттайгаа нийцээгүй.

Мөн шүүхийн шийдвэрт хариуцагч Д.О-ны хэнд холбогдуулж гаргасан нь тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн нь эргэлзээ гайхшрал төрүүлж байна. Миний бие сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаж өгсөн. Мөн шүүхийн шийдвэрт Д.О-ны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх ба энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгаа гэж дурдсан хэрнээ ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохгүйгээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дурджээ. Шүүх чухам ямар баримтыг үндэслэн Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан ипотекийн харилцаа үүссэн гэж үзсэн талаараа, мөн ямар үндэслэлээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй гэж үзсэн талаараа тодорхой тайлбар, дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч А.А, Б.Ч нар нь хариуцагч Д.О, Ш.Ө нарт холбогдуулан орон сууцны үнэд төлсөн төлбөрөөс үлдэх 4719167 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 4709167 төгрөг болгож багасгаж өөрчилсөн ба  хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 4709167 төгрөгийг орон сууцанд 1 жил 2 сарын хугацаанд эзэмшиж ашигласан түрээсийн төлбөрт суутгасан гэж маргаж, улмаар орон сууц хөлслөх гэрээний дагуу орж ирэх ёстой орлого 870000 төгрөг, орон сууцанд амьдрах явцдаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250000 төгрөг, нийт 1120000 төгрөгийг нэхэмжлэгч нараас нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Цементэлсэн шалыг Д.О-д ... өөрөөс нь зөвшөөрөл аваад гэрлийн утас явсан чиглэлийн дагуу сэтэлсэн. ...Байшингийн өрөөний хаалгануудын цоож, нугас, бариул нь ... элэгдэл үүсчихсэн эвдэрхий байсан, ... плита, тагтны хаалтны баганы шавардлага чанарын шаардлага хангахгүй, ... шавар нурчихсан, доошоо граш, үүдний тамбарлуугаа дээрээсээ ус гоождог байсан...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг хэрэглэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 229 дүгээр зүйлийн 229.1, 205 дугаар зүйлийн 205.4.3-д заасныг тус тус хэрэглэж  сөрөг  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ны давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, талуудын гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар, хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн нь шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэл болов.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан  гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцээгүй байна.

 

Талууд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын гудамжны 16-А-8 тоотод байрлах, 90 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 53000000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож,  гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13000000 төгрөгийг, 2017оны 05 дугаар сарын 10-ны өдөр 5000000 төгрөгийг, үлдэх 35000000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн 5 жилийн хугацаанд сар бүр үндсэн үүрэгт 200000 төгрөг, хүүгийн хамт төлөх, хүүг жилийн 5 хувь байхаар гэрээнд зааж гэрээг бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нар нь нийт 19399167 төгрөгийг төлсөн, үүнээс хүүнд 599167 төгрөгийг, үндсэн төлбөрт 18800000 төгрөг төлсөн, хариуцагч нар буцааж нийт 14690000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогджээ.

 

Эндээс үзвэл талууд орон сууцны үнийг 53000000 төгрөг гэж тохиролцсон ба хүүнд нийт 3520833 төгрөг төлж, бүгд 56520833 төгрөг төлөхөөр худалдан авагч буюу нэхэмжлэгч үүрэг хүлээсэн ба худалдан авсан орон сууцны үнийг хэсэгчлэн төлж байгаа учраас хүү тооцсон, ийнхүү хүү тооцсоноор үнэ нэмэгдэх нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинж болох учраас зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй хэдий ч хариуцагч нар нь эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлж, нэхэмжлэгч нар нь уг орон сууцанд 1 жил 2 сар амьдарч, эд хөрөнгийн үнэд нийт 19399167 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон, гэрээг бичгээр байгуулсан зэргээс үзэхэд зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. 

 

            Харин хариуцагч буюу худалдагчийн зүгээс түүний санаачилгаар нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлөх хугацаандаа зохих ёсоор төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй шалтгаанаар Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар гэрээнээс татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нар нь гэрээгээр тохирсон хугацаандаа үнийг төлөөгүй шалтгаанаа худалдсан эд хөрөнгө нь эрхийн доголдолтой байсан ба орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлгүй байсан талаар мэдэгдээгүй, мөн дагалдах газар эзэмших эрхийг тохирсон ёсоор 2017 оны 02 дугаар сарын 06-ны дотор шилжүүлэхэд шаардагдах арга хэмжээг аваагүй гэж тайлбарлаж энэхүү тайлбар мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

 

Дээрхээс дүгнэж үзвэл гэрээний талууд хэн аль нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх ба гэрээнээс татгалзсан явдлыг тэд хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчид буцаан өгсөн, хариуцагч мөн гэрээний үнэд төлсөн мөнгөнөөс 14690000 төгрөгийг буцаан төлсөн нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т  “...Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасантай нийцжээ.

 

Гэвч хариуцагч нар нь гэрээний үнэд шилжүүлсэн мөнгөнөөс 4719167 төгрөгийг дутуу шилжүүлсэн шалтгаанаа нэхэмжлэгчийг 1 жил 2 сарын хугацаанд орон сууцанд амьдарсаны хөлс буюу гэрээнээс татгалзсанаас өөрт учирсан хохирол олох ёстой байсан орлого гэж татгалзлаа тодорхойлжээ.

 

Энэ нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр худалдагч гэрээнээс татгалзсан нөхцөлд тэрээр учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй  хэдий ч зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтаас үзэхэд зохигчид гэрээнээс татгалзсан нөхцөлд гэрээний зүйлийг ашигласны хөлс төлөх талаар тохиолцоогүйн гадна энэхүү үлдэгдэл 4709167 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага олох ёстой орлогын зөрүү 870000 төгрөгийн хувьд хариуцагчийн олох ёстой байсан орлого буюу хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг нотлохоор Э.О /1-р хх-ийн112/, Х.Гайтав /1-р хх-ийн115/, Г.Ганбаатар /1-р хх-ийн117/ нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан ба Э.О нь уг орон сууцыг хөлслөн сууж байсан талаараа мэдүүлсэн, Х.Гайтав, Г.Ганбаатар нар нь уг орон сууцыг хариуцагч өөр хүнд хөлслүүлдэг талаар мэдүүлсэн, мөн түрээсийн төлбөрийг буцаасан, түрээсийн төлбөр авсан байдлыг нотлохоор ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн131-132/ зэргийг шүүхэд ирүүлсэн байх боловч эдгээр нотлох баримт нь хариуцагч нарыг орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө орон сууцаа хөлсөлдөг байсан, улмаар орон сууцаа худалдах зорилгоор хөлслөгчид төлбөрийг буцаасныг нотолсон болохоос гэрээнээс татгалзсанаас олох ёстой орлогоо алдсан, түүнд нэхэмжлэгч нарыг гэм буруутай болохыг нотолж чадаагүй байна.

 

Иймд нэгэнт талууд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар гэрээнээс татгалзсан тул мөн хуульд зааснаар гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй ба хариуцагч нар нь энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүй үлдэгдэл төлбөр 4709167 төгрөгийг өөрийн олох ёстой орлого буюу хохиролд суутгасан нь үндэслэлгүй, уг мөнгийг буцаан өгөх үүрэгтэй болно.

 

Түүнчлэн хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нарыг орон сууцанд амьдрах явцдаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250000 төгрөг гэж нэхэмжилсэн байх боловч талууд орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлэхдээ хүлээн авсан, хүлээлгэн өгсөн эд зүйлийн чанар байдлын талаар баримт үйлдээгүйгээс одоо байгаа эвдрэл гэмтлийг нэхэмжлэгч нарын буруутай үйлдлээс болсон гэж үзэх болон  уг шаардлагыг гэрээнээс татгалзсанаас худалдагчид буюу хариуцагч нарт учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй  байна.

 

Дээр дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ны “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2019/00222 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.О, Ш.Ө нараас 4709167 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А, Б.Ч нарт олгож, хариуцагч нарын 1120000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ны давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ