Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 01

 

 2019          01             23                                             01

 

А.А, Б.Ч нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2018/00316 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч:  А-ын А /РД:....../,

Нэхэмжлэгч: Б-ийн Ч /РД:......../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Сайншанд сумын 6 дугаар  баг, Дампилын .... тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 37 настай, Боржигон овогт Д-н О  /РД:.../,

Хариуцагч: Ш-ний Ө /РД:....../ нарт холбогдох,

4719167 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Олох ёстой байсан орлого 870000 төгрөг, орон сууцанд амьдрах хугацаандаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250000 төгрөг, нийт 1120000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А, Б.Ч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А миний бие байр авахаар ярьж байхад Д.О ах надад хэлэхдээ ахад нь байр байгаа гэхээр нь би очиж үзээд 2017 оны 01 дүгээр сарын эхээр Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-А-8 тоотод байрлах 90 м2 талбайтай хувийн орон сууцыг худалдан авахаар тохиролцсон юм.

Тухайн орон сууцны талаар хоорондоо ярьж тохирохдоо Д.О нь орон сууцны гэрчилгээ болон газрын гэрчилгээг өөрийн чинь нэр дээр гэрээ хийснээс хойш 2017 оны 02 дугаар сарын 06-ны дотор гаргаж өгнө гэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээндээ тусган оруулж 13,0 сая төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгч үлдэгдэл мөнгийг 0,8 хувийн хүүтэйгээр графикаар төлөхөөр тохиролцсон.

Д.О нь надад анх ярихдаа эхлээд газрын гэрчилгээ гарч байж үл хөдлөхийн гэрчилгээ гардаг учир эхлээд 2 сарын 6-ны дотор газрын гэрчилгээг гаргуулаад өгье, газар нь 1000м2 хавьцаа байгаа, өөрийнхөө амьдарч байгаа байрнаас 1 метрийн зайтай гаргаад үлдсэн газрыг нь шилжүүлж өгнө, газрын гэрчилгээ, орон сууцны гэрчилгээ асуудалгүй гэж хэлэхээр нь итгэсэн. 2017 оны 1 сарын 26-ны өдөр Д.О, Ш.Ө нартай би эхнэр, аав, ээжтэйгээ хамт байж байгаад гэрээ хийх зед Д.О нь газрын гэрчилгээг гаргаж өгсний дараагаар чи өөрөө барьсан гээд байрны гэрчилгээгээ гаргуулаад авчих гэхээр нь би зөвшөөрөөгүй ба эхлээд таны нэр дээр гарсаны дараагаар чинь би өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж хэлэхэд тэгж олон удаа мөнгө төгрөг зарцуулах шаардлагагүй гэж хэлсэн.

Оаас газрын гэрчилгээ шилжүүлэн өгөх хугацаа дуусчихлаа газраа өөрсдийнхөө нэр дээр болгож авъя гэж шаардахад өргөдлөө өгчихсөн байгаа, танайх хашаагаа татчих, тэгвэл болчих гээд байна гээд удаашраад байхаар нь 2017 оны 9 сараас эхлээд графикаар тохирсон мөнгийг төлөөгүй байж байгаад 2017 оны 09 сараас 2018 оны 1 сар хүртэлх 8,2 сая төгрөг бөөнд нь өгье, харин гэрээнийхээ дагуу газраа шилжүүлж өгөхгүй бол бидэнд үлдэх ямар ч баримт байхгүй болоод байна гэхэд О тэгвэл чадахгүй, би газрынхаа гэрчилгээг шилжүүлэхгүй гэж хэлсэн.

Би О-д та анх гэрээндээ газрын гэрчилгээг 2017 оны 02 сарын 06-ны дотор шилжүүлж өгчихөөд байрны гэрчилгээгээ гаргуулж өгнө гэсэн дээ гэхэд О гэрээ хамаарахгүй, зайл, одоо тэгэхээ больсон, маргааш гэхэд суллаж өг гэхээр нь тэгвэл мөнгөө авъя гэхэд мөнгөнөөс чинь за зээлийн ханшаар түрээсийн мөнгийг чинь суутгаж авна гээд бидний байрны өртөгт өгсөн 19399167 төгрөгнөөс 14680000 төгрөгийг өгөөд 4719167 төгрөгийг байрны түрээсийн тблөр гэж суутгаж аваад өгөхгүй байгаад гомдолтой байна.

Бидний хувьд Д.Оы байрыг түрээсэлж суугаагүй, худалдаж авахаар тохиролцсон боловч О бидэнд газрын гэрчилгээ, байрны гэрчилгээгээ шилжүүлж өгөхгүй ямар нэгэн шалтаг шалтгаан тооцоод удаашруулаад байсан. О бидэнтэй хийсэн гэрээ гэх баримт материал нь ямар ч гэрээний шаардлага хангаагүй баримт хийж өгснийг сүүлд нь олж мэдсэн. /Нотариатч хүн өөрөө өөртэйгээ гэрээ хийж болдоггүйг, гэрээний шаардлага хангахгүй баримт материал баталдаггүйг/. Аймгийн цагдаагийн газар гомдол гаргахад Отгончууун нь надад ярьж байснаасаа өөр зүйлийг ярьж мэдүүлсэн, үгээсээ буцсан зүйлийг ярьж хэлсэн байсан. Бид гэрэ оронтой болохыг хүссэн. Харин О биднийг их хохироож байна. Уг байранд ороод бид байрны буланд нь тохирсон гал тогооны тавилга захиалж хийлгэсэн гэх мэт зүйлүүд байгаа. Тухайн байрнаас нүүснээр тэдгээр тавилгууд ашиглагдах нөхцөл байхгүй болсон. Эдгээр хохирлуудыг дараа нэхэмжлэх болно, Иймд Д.Оаас 4719167 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О, Ш.Ө нар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.О миний бие 2015 онд Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-А-8 тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн газарт 6х7 хэмжээтэй 2 давхар амины орон сууц барьж ашиглалтад оруулсан. Ингээд уг байшингаа 2016 оны 9 сараас эхлэн иргэн н.Баярмаад 2 жилийн хугацаатай, сарын 350000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслүүлсэн. Ингээд орон сууц хөлслөх гэрээ үргэлжилж байх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр А.А, Б.Ч нар нь ажил дээр ирж уулзсаны дагуу уг байшингаа тэдэнд 53 сая төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингэхдээ 13 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 1 сарын 26-ны өдөр, 5 сая төгрөгийг 2017 оны 5 сарын 10-ны өдөр тус тус төлж, үлдэх 35 сая төгрөгийг 5 жилийн хугацаанд жилийн 5 хувийн хүүтэйгээр, сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгахаар тохирсон. Ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул байшинг хөлслөн амьдарч байсан н.Баярмаад энэ учраа хэлж орон сууц хөлслөх гэрээг цуцалж, бөөнөөр төлсөн мөнгийг нь хөлслөгчид буцаан өгсөн.  Ингээд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байшингаа А.А, Б.Ч нарт хүлээлгэн өгсөн. Гэвч А.А, Б.Ч нар нь байшингийн төлбөрийг төлөх хуваарьт хугацааны эхний төлөлтөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Олон дахин хэлүүлж, нэхүүлж байж эхний 4 сарын төлбөрийг төлсөн боловч 2017 оны 9 сараас эхлэн 2018 оны 02 сар хүртэл огт төлбөр төлөлгүй 6 сар болсон. Ингээд А, Ч нар нь орон сууцны төлбөрийг төлж чадахгүй нь тодорхой болсон тул худалдах, худалдан авах гэрээ цуцлахаар шийдэж, энэ тухай тэдэнд 2018 оны 02 сард хэлсэн. Тэдний байшинд амьдарсан 1 жил 2 сарын хугацааг 350000 төгрөгөөр хөлсөлснөөр тооцож мөнгийг суутган тооцох тухай хэлэхэд А, Ч нар нь бид түрээсийн мөнгө төлөхгүй, өгсөн мөнгөө авна гэсэн. Ингээд маргаан үүссэн. Уг байшинг А, Ч нарт худалдахаас өмнө иргэн н.Баярмаад 2 жилийн хугацаатай, сарын 350000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслүүлсэн байсан. Иймд А.А, Б.Ч нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тохиолдолд орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж, хөлсөлсний орлого нь орж ирэх байсан тул А, Ч нарын манай байшинд амьдарсан 1 жил 2 сарын хугацааг орон сууцыг хөлсөлснөөр тооцож төлбөрийг суутгасан нь зүй ёсны гэж үзэж байна.  Б.Ч, А.А нар нь бүтэн 1 жил 2 сарын хугацаанд манай байшинд амьдарсан атлаа ямар ч мөнгө төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сайншанд сумын иргэн Д.О миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа А.А нарт худалдахаас өмнө иргэн Эрдэнэ-Очир, Баярмаа нарт хөлслүүлж байсан тухай тайлартаа дурдсан. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тохиолдолд Эрдэнэ-Очир нартай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж 280000х24 сар=6720000 төгрөг надад орлого болж орох байсан. Гэвч А.А нараас болж дээрхи орон сууц хөлслөх гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан. Эрдэнэ-Очир нараас орон сууц хөлсөлсний төлбөрт 1150000 төгрөг авсан. А.А нараас орон сууц хөлсөлсний төлбөрт 4700000 төгрөгийг суутгаж авсан. Орон сууц хөлслөх гэрээний дагуу орж ирэх ёстой байсан орлого 6720000 төгрөгийн үлдэгдэл 870000 төгрөг, мөн А.А нар нь манй байшинд 1 жил 2 сар суухдаа эвдсэн зүйлийн үнэ болох 250000 төгрөг, нийт 1120000 төгрөгийг надад учирсан хохирол гэж үзэж байгаа тул 1120000 төгрөгийг А.А, Б.Ч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.А, Б.Ч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.О нь байшингийн эвдэрсэн зүйлүүдийн үнэ болох 250000 төрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бид тагтны хаалтны багана, өрөөний хаалгануудын нугас, цоож, өрөөний плита, гадагш гардаг үүдний тамбарын цементэлсэн шал зэргийг эвдээгүй. Анх биднийг байранд ороход хаалгануудын нугас, цоожнууд эвдэрхий байсан. Цонх нь хүртэл хагархай байсан, өрөөнд ямар ч гэрлийн ламп байхгүй, өвлийн хүйтэнд нэлээн зутарч, даарч, хөрч амьдарч байсан. Анх байр ямар байсныг, ямар зүйл нь эвдэрхий байсныг манай ээж аавууд бүгд харсан, мэдэж байгаа. Эвдэрхий зүйлийг ээж аав хэлээд байхаар нь бид өөрсдөө очиж үзэхэд хаалганы нугас, боолтууд нь салаад уначихсан, өрөөний хаалганд дахиж нугас тогтоох боломжгүй, боох гэхээр шүрүптэж болохгүй, хятадын шахмал үртсэн юм шиг тогтоох боломжгүй байдаг байсан. Харин үүдний гардаг  хаалганы тамбарын цементэлсэн шалыг Од би хэлж байгаад өөрөөс нь зөвшөөрөл аваад гэрлийн утас явсан чиглэлийн дагуу сэтэлсэн юм. Учир нь байшин руу орсон гэрлийн утсыг газраар явуулсан байсан учир тухайн хэсгийг заавал сэтэлж, эвдэрсэн утсыг газраас гаргаж ирж засах шаардлагатай байснаар цементэлсэн шалыг нь зөвшөөрлийнх нь дагуу сэтэлсэн юм. Үүнийг цахилгааны дуудлага өгсөн монтёр мэднэ. Манайх уг байранд нүүж орчихоод 00-н өрөөндөө толь тогтоох шаардлагатай болоод хана, тааз өрөмдөж тогтоодог хүнээр 00-ын өрөөний ханыг өрөмдүүлэхэд хананд наасан 1 плитаны ирмэг нь хагарсан. Тэгэхэд хана тааз тогтоодог хүн ханад наасан плитанд бүтэн шавардлага хийгээгүй,зөвхөн гол хэсэгт нь шавар тогтоосноос болж хөндий шаваргүй хэсэг нь өрөмдөхөөр хагарч унаад байна гэж хэлсэн. Үүнийг бид эвдлээгүй. Ер нь байшингийн өрөөний хаалгануудыг цоож, нугас, бариул нь хуучин хөлсөлж байсан зэргээс нь шалтгаалаад элэгдэл үүсчихсэн, эвдэрхий байсан. Мөн байшинд хийгдсэн плита, тагтны хаалтны баганы шавардлага нь чанарын шаардлага хангахгүй, манайхыг нүүж ороход л тагтны багана хөдөлгөөнтэй, шавар нь нурчихсан, граж, үүдний тамбарруугаа дээрээс ус гоождог байсан, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О, Ш.Ө нараас 4709167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А, Б.Ч нарт олгож, нэхэмжлэгч А.А, Б.Ч нарт холбогдуулан 1120000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Оы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 90457 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснас хойш  14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдсан гомдолдоо: 316 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.О миний бие өөрийн өмчлөлийн амины орон сууцаа газрын хамт А.А, Б.Ч нарт 53 сая төгрөгөөр зээлээр худалдахаар тохирч орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 01 сарын 26-ны өдөр байгуулсан. Ингэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 2 сарын 6-ны өдөр А нарын нэр дээр шилжүүлэхээр тохирч харин үл хөдлөх хөрөнгийн буюу байншингийн гэрчилгээг орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дууссаны дараа тэдний нэр дээр шилжүүлэхээр тохирч гэрээ байгуулсан. /Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудал Сайншанд сумын ИТХТ-ийн хуралдаан хуралдаагүй шалтгаанаар хойшилсон/. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ ...Худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээг 7 хоногийн дотор худалдан авагч талд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ” гэж буруу дүгнэсэн,

Худалдан авагч А.А, Б.Ч бидний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байтал /энэ нь худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний хавсралт төлбөрийн хуваарь зэргээр нотлогдоно/ анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлгүйгээр зөвхөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг дурьдаж хэргийн нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй. Ингэснээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол онцлог болох эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох, мөн худалдаж байгаа эд хөрөнгийн бичиг баримтын төлбөрийг үүрэг бүрэн биелэгдсэний дараа шилжүүлэх боломжтой байгааг харгалзалгүйгээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг зөрчиж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж буруу дүгнэсэн,

Худалдан авагч болон бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй /худалдан авагч шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа ч гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй талаараа тайлбартаа дурдаж байсан/, мөн уг гэрээ нь худалдан авагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч талын санаачлагаар цуцлагдсан байтал гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

Миний бие уг орон сууцаа нэхэмжлэгч нарт худалдахаас өмнө 2016 оны 9 сараас эхлэн иргэн н.Баярмаад 2 жилийн хугацаатай, сарын 280000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслүүлж байсан. /Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг болон дансны хуулга зэрэг бусад баримтаар нотлогддог/. Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тохиолдолд орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж хөлсөлсний орлого нь орж ирэх байсан тул орох байсан орлогыг надад учирсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ уг хохирлыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

Худалдан авагч нар нь орон сууцанд 1 жил 2 сар амьдрахдаа өрөөний хаалганы нугас, ванны өрөөний плита, үүдний өрөөний шал, тагтны хашлага зэргийг эвдэж 250000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүх хуралдаан дээр эдгээрийг эвдсэнээ хүлээн зөвшөөрсөөр байтал анхан шатны шүүх шийдвэртээ эдгээр нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

Миний бие 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт шилжиж ирж суурьшсан, үүнийгээ нэхэмжлэлийг гардаж авах үеэр дурьдсан байтал нутаг дэвсгэрийн харъяаллыг харгалзалгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байх тул 136/ШШ2018/00316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Д.О нь өөрийн өмчлөлийн орон сууцаа газрын хамт А.А, Б.Ч нарт 53 сая төгрөгөөр зээлээр худалдахаар тохирч орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2017-01-26-ны өдөр байгуулсан. Ингэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017-02-06-ны өдөр А.А нарын нэр дээр шилжүүлэхээр тохирч харин хөрөнгийг буюу байшингийн гэрчилгээг орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дууссаны дараа нэр дээр нь шилжүүлэхээр тохирч байгуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх болон газар эзэмших эрхийн гэрчилгээг 7 хоногийн дотор шилжүүлэхээр тохирчээ гэж буруу дүгнэлт хийжээ. Мөн Д.О худалдан авагч А.А, Б.Ч нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байтал энэ талаар шийдвэрт дүгнэлгүйгээр зөвхөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг дурдаж, хэргийн нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй  байна. Ингэснээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол онцлог болох эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох, мөн худалдаж байгаа эд хөрөнгийн бичиг баримтыг төлбөрийн үүрэг бүрэн биелэгдсэний дараа шилжүүлэх боломжтой байгааг харгалзахгүйгээр Иргэний хуулийн 110.1-д заасныг зөрчиж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж буруу дүгнэжээ. Худалдан авагч болон Д.О нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, мөн уг гэрээ нь худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс худалдагч талын санаачлагаар цуцлагдсан байтал гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Д.Оаас уг орон сууцаа нэхэмжлэгч нарт худалдахаас өмнө 2016-09 сараас эхлэн иргэн Баярмаад 2 жилийн хугацаатайгаар, сарын 280000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслүүлж байсан ба орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тохиолдолд орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж хөлсөлсний орлого нь орж ирэх байсан тул олох байсан орлогыг Д.Од учирсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх уг хохирлыг шаардах эрхгүй гэж дүгнэжээ. Худалдан авагч нар нь орон сууцанд 1 жил 2 сар амьдрахдаа орон сууцанд 250000 төгрөгийн хохирол учруулсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байхад анхан шатны шүүх шийдвэртээ эдгээр нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн Д.О нь 2018.02.20-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт шилжин ирж албан ёсоор суурьшсан байхад нутаг дэвсгэрийн харъяалал харгалзахгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байх тул 316 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлын хугацааг сэргээснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэрчилгээг бид хоёрын нэр дээр 7 хоногийн дотор газартайгаа хамт шилжүүлж өгнө, тэгээд мөнгөө төлсөний дараа гэрчилгээг олгоно гэж тохиролцсон. Бид нар сар болгон мөнгөө төлөөд явж байсан. 2 сарын дараа та газраа шилжүүлэх асуудал чинь юу болж байна гэж асуухад манай эхнэрийн дүү өнгөрсөн, ойрын хэдэн сардаа болохгүй юм шиг байна гэж хэлсэн. Хүнд тохиолддог зовлон жаргал гэж бодоод за яахав гээд 9 сард мөнгөө өгөхдөө хэлсэн. Ямар ч баримт бичиггүй байранд орчихоод их мөнгө төлөөд байна гэж аав, ээж уурлаад байна гэж хэлэхэд одоо би шилжүүлж чадахгүй шүү дээ, нам төр солигдсон учраас би үүнийг чадахаа больсон гэж хэлж  байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн байхыг шаарддаг. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд тухайн эд хөрөнгийг өмчлөгчийн эрхэд шилжихийн тулд өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болоход заавал Улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар батлуулсан байхыг шаардана. Мөн Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О нэхэмжлэгч нарт худалдахдаа Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тэр байтугай нотариатаар гэрчлүүлэх зүйл дээр өөрийнхөө нотариатын тамгыг дарсан байдаг. Үүнээс үзэхэд энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас эдгээр нь харагддаг. Хариуцагч Оы хувьд олох байсан орлогоо нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрх нь Од өөрт нь байсан. Оы хүсэл зоригийн үүднээс А, Ч нарт худалдсан болохоос биш тухайн хөлсөлж байсан орон сууцнаас хөлсөлж байсан хүмүүсийг гаргасан асуудал нэхэмжлэгч нарын зүгээс харагддаггүй. Дараагийн тавьж байгаа асуудал бол О нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт албан ёсны хаягтай байсан гэж байгаа. Оыг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нотариатын үйл ажиллагаа явуулж байгаа болон энд амьдарч байгаа талаар зохигчид бүгд мэднэ. Тухайн шатны шүүхэд нэхэмжлэл очих үед Дорноговь аймгийн харьяалалтай, энд амьдарч оршин суудаг байсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хүртэл хариуцагчаас харьяаллынх нь талаар тодруулахад  О өөрийнхөө хаягийг Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт оршин суудаг гэж хариулсан байгаа. Гэтэл давж заалдах гомдол гаргахдаа би Улаанбаатар хотын хаягтай байсан гэсэн асуудлыг тавьж байгаа нь үндэслэлгүй. Дараагийн нэг асуудал бол давж заалдах гомдол гаргах хугацаа байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хугацаанд нь хүргэгдээд очсон байдаг. Гэсэн хэдий ч хариуцагч Оы хувьд давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр анхан шатны шүүхэд хандсан. Уг хүсэлтийг анхан шатны шүүхээс 2018.10.31-ний өдөр хангахгүй талаар шүүгчийн захирамжийг гаргасан.  Гэтэл О нь 2018.10.02-ны өдрөөс 2018.10.10-ны өдрийн хооронд ажил явдалтай байсан гээд хугацаа сэргээлгэх асуудлыг тавьдаг. Энэ 8 хоногийн хугацааг сэргээлгэхээр 10 сардаа багатаад хүсэлтээ гаргах боломжтой байсаар байтал 2018.12.31-ний өдөр дахин хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Анхан шатны шүүх шийдвэртээ тухайн асуудлыг үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийсэн. Оы хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэрээ байгуулсанаас хойш 7 хоногийн дотор шилжүүлж өгнө гэж гэрээний нөхцөлд заасан байдаг ба уг нөхцлийн дагуу шаардахаар та нар гар, би та нарт бичиг баримтыг гаргаж өгч чадахгүй гэдэг байдлаар хандсан учраас гэрээ цуцлагдахад хүрсэн байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч А.А, Б.Ч нар нь хариуцагч Д.О, Ш.Ө нарт холбогдуулан орон сууцны үнэд төлсөн төлбөрөөс үлдэх 4719167 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 4719167 төгрөгийг орон сууцанд 1 жил 2 сарын хугацаанд эзэмшиж ашигласан түрээсийн төлбөрт суутгасан гэж маргаж, улмаар орон сууц хөлслөх гэрээний дагуу орж ирэх ёстой орлого 870000 төгрөг, орон сууцанд амьдрах явцдаа эвдсэн зүйлүүдийн үнэ 250000 төгрөг, нийт 1120000 төгрөгийг нэхэмжлэгч нараас нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Цементэлсэн шалыг Од ... өөрөөс нь зөвшөөрөл аваад гэрлийн утас явсан чиглэлийн дагуу сэтэлсэн. ... Байшингийн өрөөний хаалгануудын цоож, нугас, бариул нь ... элэгдэл үүсчихсэн эвдэрхий байсан, ... плита, тагтны хаалтны баганы шавардлага чанарын шаардлага хангахгүй, ... шавар нурчихсан, доошоо граш, үүдний тамбарлуугаа дээрээсээ ус гоождог байсан...” гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2-д заасныг тус тус хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэлийг  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 136/ЕШ2018/00212 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Наранцэцэг томилогдсоныг албажуулж, мөн өдрөө шүүгч Д.Наранцэцэг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан боловч тэрээр ээлжийн амралт эдлэх болсонтой холбоотойгоор 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 136/ЕШ2018/00264 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн шүүгч Г.Алгирмааг томилжээ.

            Гэтэл шүүгч Г.Алгирмааг буюу шүүх хуралдаан даргалагчийг өөрчилсөн шийдвэр гараагүй байхад 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 136/ШЗ2018/01095 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгч Д.Наранцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэсэн, мөн шүүгч В.Амартүвшин 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрч асуух ажиллагааг хийсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргалах журамд нийцээгүй гэж үзнэ.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар “... нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч ... хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно.” гэж,

Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг хуулийн 78.1-д заасны дагуу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гаргах журмаар томилохоор тус тус зохицуулсан бөгөөд ийнхүү шүүгчийг өөрчлөн томилсон тухай баримт буюу шүүгч Г.Алгирмааг өөрчилж, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Наранцэцэгийг томилсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт заасан хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн  гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оы давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 90457 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 57 дугаар зүйлийн 57.1-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2018/00316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90457 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ