Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00341

 

 *******,******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2019/00222 дугаар шийдвэртэй,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 202/МА2019/00020 дугаар магадлалтай,

А.А, Б.Ч нарын нэхэмжлэлтэй,

Д.О, Ш.Ө нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: 4,719,167 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: 1,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******,******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...******* миний бие байр авахаар ярьж байхад******* ах надад хэлэхдээ ахад нь байр байгаа гэсэн, би очиж үзээд 2017оны 01 дүгээр сарын эхээр Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-А-8 тоотод байрлах 90 м.кв талбайтай хувийн орон сууцыг худалдан авахаар тохиролцсон юм. Тухайн орон сууцны талаар хоорондоо ярьж тохирохдоо******* нь сууцны гэрчилгээ болон газрын гэрчилгээг өөрийн чинь нэр дээр гэрээ хийснээс хойш 2017.02.06-ны дотор гаргаж өгнө гэж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээндээ тусган оруулсан. 13,000,000 төгрөгийг дансаар нь шилжүүлэн өгч үлдэгдэл мөнгийг 0.8 хувийн хүүтэйгээр графикаар төлөхөөр тохиролцсон.******* нь надад анх ярихдаа эхлээд газрын гэрчилгээ гарч байж үл хөдлөхийн гэрчилгээ гардаг учир эхлээд 02.06-ны дотор газрын гэрчилгээг гаргуулаад өгье, газар нь 1000 м.кв хавьцаа байгаа, өөрийнхөө амьдарч байгаа байрнаас 1 метрийн зайтай гаргаад үлдсэн газрыг нь шилжүүлж өгнө, газрын гэрчилгээ, орон сууцны гэрчилгээ асуудалгүй гэж хэлэхээр нь итгэсэн. 2017.01.26-ны өдөр*******,******* нартай би эхнэр, аав, ээжтэйгээ хамт байж байгаад гэрээ хийх үед******* нь газрын гэрчилгээг гаргаж өгсний дараагаар чи өөрөө барьсан гээд байрны гэрчилгээгээ гаргуулаад авчих гэхээр нь би зөвшөөрөөгүй ба эхлээд таны нэр дээр гарсаны дараагаар чинь би өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж хэлэхэд тэгж олон удаа мөнгө төгрөг зарцуулах шаардлагагүй гэж хэлсэн.*******аас газрын гэрчилгээ шилжүүлэн өгөх хугацаа дуусчихлаа газраа өөрсдийнхөө нэр дээр болгож авъя гэж шаардахад өргөдлөө өгчихсөн байгаа, танайх хашаагаа татчих, тэгвэл болчих гээд байна гээд удаашраад байхаар нь 2017 оны 9 сараас эхлээд графикаар тохирсон мөнгийг төлөөгүй байж байгаад 2017 оны 09 сараас 2018 оны 1 сар хүртэлх 8,2 сая төгрөг бөөнд нь өгье, харин гэрээнийхээ дагуу газраа шилжүүлж өгөхгүй бол бидэнд үлдэх ямар ч баримт байхгүй болоод байна гэхэд******* тэгвэл чадахгүй, би газрынхаа гэрчилгээг шилжүүлэхгүй гэж хэлсэн. Улмаар мөнгөө авъя гэхэд мөнгөнөөс чинь зах зээлийн ханшаар түрээсийн мөнгийг чинь суутгаж авна гээд бидний байрны өртөгт өгсөн 19,399,167 төгрөгнөөс 14,680,000 төгрөгийг өгөөд 4,719,167 төгрөгийг байрны түрээсийн төлбөр гэж суутгаж аваад өгөхгүй байгаад гомдолтой байна. Бидний хувьд*******ы байрыг түрээсэлж суугаагүй, худалдаж авахаар тохиролцсон боловч******* бидэнд газрын гэрчилгээ, байрны гэрчилгээгээ шилжүүлж өгөхгүй ямар нэгэн шалтаг шалтгаан тооцоод удаашруулаад байсан. Уг байранд ороод бид байрны буланд нь тохирсон гал тогооны тавилга захиалж хийлгэсэн гэх мэт зүйлүүд байгаа. Тухайн байрнаас нүүснээр тэдгээр тавилгууд ашиглагдах нөхцөл байхгүй болсон. Эдгээр хохирлуудыг дараа нэхэмжлэх болно. Иймд*******аас 4,719,167 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч*******,******* нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.Отгончулуун миний бие 2015 онд Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-А-8 тоот хаягт байрлах өөрийн эзэмшлийн газарт 6х7 хэмжээтэй 2 давхар амины орон сууц барьж ашиглалтад оруулсан. Ингээд уг байшингаа 2016 оны 9 сараас эхлэн иргэн Н.Баярмаад 2 жилийн хугацаатай, сарын 350,000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслүүлсэн. Ингээд орон сууц хөлслөх гэрээ үргэлжилж байх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр *******,******* нар нь ажил дээр ирж уулзсаны дагуу уг байшингаа тэдэнд 53,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Ингэхдээ 13,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2017.01.26-ны өдөр, 5,000,000 төгрөгийг 2017.05.10-ны өдөр тус тус төлж, үлдэх 35,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд жилийн 5 хувийн хүүтэйгээр, сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж дуусгахаар тохирсон. Ийнхүү худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тул байшинг хөлслөн амьдарч байсан Н.Баярмаад энэ учраа хэлж орон сууц хөлслөх гэрээг цуцалж, бөөнөөр төлсөн мөнгийг нь хөлслөгчид буцаан өгсөн. Ингээд 2017.02.11-ний өдөр байшингаа *******,******* нарт хүлээлгэн өгсөн. Гэвч *******,******* нар нь байшингийн төлбөрийг төлөх хуваарьт хугацааны эхний төлөлтөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлж эхэлсэн. Олон дахин хэлүүлж, нэхүүлж байж эхний 4 сарын төлбөрийг төлсөн боловч 2017 оны 9 сараас эхлэн 2018 оны 02 сар хүртэл огт төлбөр төлөлгүй 6 сар болсон. Ингээд Амарбаяр, Чулуунсуурь нар нь орон сууцны төлбөрийг төлж чадахгүй нь тодорхой болсон тул худалдах-худалдан авах гэрээг цуцлахаар шийдэж, энэ тухай тэдэнд 2018 оны 02 сард хэлсэн. Тэдний байшинд амьдарсан 1 жил 2 сарын хугацааг 350,000 төгрөгөөр хөлсөлснөөр тооцож мөнгийг суутган тооцох тухай хэлэхэд *******,******* нар нь бид түрээсийн мөнгө төлөхгүй, өгсөн мөнгөө авна гэсэн. Ингээд маргаан үүссэн. *******,******* нартай худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй тохиолдолд орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж, хөлсөлсний орлого нь орж ирэх байсан тул нэхэмжлэгч нарын манай байшинд амьдарсан 1 жил 2 сарын хугацааг орон сууцыг хөлсөлснөөр тооцож төлбөрийг суутгасан нь зүй ёсны гэж үзэж байна.*******, ******* нар нь бүтэн 1 жил 2 сарын хугацаанд манай байшинд амьдарсан атлаа ямар ч мөнгө төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч*******ы шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа ******* нарт худалдахаас өмнө иргэн Эрдэнэ-Очир, Баярмаа нарт хөлслүүлж байсан тухай тайлбартаа дурдсан. Хэрэв худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй тохиолдолд Эрдэнэ-Очир нартай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж 280,000х24 сар=6,720,000 төгрөг надад орлого болж орох байсан. Гэвч ******* нараас болж дээрх орон сууц хөлслөх гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан. Эрдэнэ-Очир нараас орон сууц хөлсөлсний төлбөрт 1,150,000 төгрөг авсан. ******* нараас орон сууц хөлсөлсний төлбөрт 4,700,000 төгрөгийг суутгаж авсан. Орон сууц хөлслөх гэрээний дагуу орж ирэх ёстой байсан орлого 6,720,000 төгрөгийн үлдэгдэл 870,000 төгрөг, мөн ******* нар нь манай байшинд 1 жил 2 сарын хугацаанд суухдаа эвдсэн зүйлийн үнэ болох 250,000 төгрөг, нийт 1,120,000 төгрөгийг надад учирсан хохирол гэж үзэж байгаа тул уг мөнгийг *******,******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******,******* нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Д.Отгончулуун нь байшингийн эвдэрсэн зүйлүүдийн үнэ болох 250,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бид тагтны хаалтны багана, өрөөний хаалгануудын нугас, цоож, өрөөний плита, гадагш гардаг үүдний тамбарын цементэлсэн шал зэргийг эвдээгүй. Анх биднийг байранд ороход хаалгануудын нугас, цоожнууд эвдэрхий байсан. Цонх нь хүртэл хагархай байсан, өрөөнд ямар ч гэрлийн ламп байхгүй, өвлийн хүйтэнд нэлээн зутарч, даарч, хөрч амьдарч байсан. Анх байр ямар байсныг, ямар зүйл нь эвдэрхий байсныг манай ээж аавууд бүгд харсан, мэдэж байгаа. Эвдэрхий зүйлийг ээж аав хэлээд байхаар нь бид өөрсдөө очиж үзэхэд хаалганы нугас, боолтууд нь салаад уначихсан, өрөөний хаалганд дахиж нугас тогтоох боломжгүй, боох гэхээр шүрүптэж болохгүй, хятадын шахмал үртсэн юм шиг тогтоох боломжгүй байдаг байсан. Харин үүдний гардаг хаалганы тамбарын цементэлсэн шалыг Отгончулуунд би хэлж байгаад өөрөөс нь зөвшөөрөл аваад гэрлийн утас явсан чиглэлийн дагуу сэтэлсэн юм. Учир нь байшин руу орсон гэрлийн утсыг газраар явуулсан байсан учир тухайн хэсгийг заавал сэтэлж, эвдэрсэн утсыг газраас гаргаж ирж засах шаардлагатай байснаар цементэлсэн шалыг нь зөвшөөрлийнх нь дагуу сэтэлсэн юм. Үүнийг цахилгааны дуудлага өгсөн монтёр мэднэ. Манайх уг байранд нүүж орчихоод 00-н өрөөндөө толь тогтоох шаардлагатай болоод хана, тааз өрөмдөж тогтоодог хүнээр 00-ын өрөөний ханыг өрөмдүүлэхэд хананд наасан 1 плитаны ирмэг нь хагарсан. Тэгэхэд хана тааз тогтоодог хүн хананд наасан плитанд бүтэн шавардлага хийгээгүй, зөвхөн гол хэсэгт нь шавар тогтоосноос болж хөндий шаваргүй хэсэг нь өрөмдөхөөр хагарч унаад байна гэж хэлсэн. Үүнийг бид эвдлээгүй. Ер нь байшингийн өрөөний хаалгануудыг цоож, нугас, бариул нь хуучин хөлсөлж байсан зэргээс нь шалтгаалаад элэгдэл үүсчихсэн, эвдэрхий байсан. Мөн байшинд хийгдсэн плита, тагтны хаалтны баганы шавардлага нь чанарын шаардлага хангахгүй, манайхыг нүүж ороход л тагтны багана хөдөлгөөнтэй, шавар нь нурчихсан, граж, үүдний тамбар дээрээс ус гоождог байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2019/00222 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч*******,******* нараас 4,709,167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******,******* нарт олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 229 дүгээр зүйлийн 229.1, 205 дугаар зүйлийн 205.4.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч*******ы 1,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 91,000 төгрөг, хариуцагч*******аас төлсөн 31,430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 703 төгрөг, хариуцагч*******,******* нараас 90,297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 202/МА2019/00020 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2019/00222 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч*******,******* нараас 4,709,167 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******,******* нарт олгож, хариуцагч нарын 1,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч*******ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч*******ы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах- худалдан авах гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх магадлалаараа зөвтгөсөн ч Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар худалдагч тал гэрээнээс татгалзсан тохиолдолд учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй болохыг харгалзан үзсэнгүй. Тодруулбал давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон ч уг орон сууцыг хөлслүүлж байсан, орон сууц хөлслөх гэрээнээс бидний олох ёстой байсан орлогыг хариуцагч талын олох байсан орлого буюу хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж буруу дүгнэсэн. Бид нэхэмжлэгч талтай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө уг орон сууцыг иргэн Э.Эрдэнэ-Очирт 1 жилийн хугацаатай /дахин 1 жил хугацааг сунгах нөхцөлтэй/-гөөр хөлслүүлсэн байсан бөгөөд хэрэв орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бол өмнөх орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж, хөлсөлсний орлого нь орж ирсэн байсан. Иргэн Э.Эрдэнэ-Очиртой байгуулсан орон сууц хөлслөх гэрээг орон сууцаа нэхэмжлэгч нарт зээлээр худалдах шалтгаанаар цуцалж, урьдчилж өгсөн мөнгөний зарим хэсгийг Э.Эрдэнэ-Очирт буцаан өгсөн. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Э.Эрдэнэ-Очир, Х.Гайтав, Г.Ганбаатар нарын мэдүүлгээр нотлогдоно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг хариуцагчийн олох ёстой байсан орлого буюу хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Бид орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2017 онд байгуулахдаа гэрээнд эзэмшиж байгаа газрынхаа зохих хэсгийг 2017.02.06-ны өдөр ******* нарын нэр дээр шилжүүлэхээр тохирч харин үл хөдлөх хөрөнгийн буюу байшингийн гэрчилгээг орон сууцны төлбөрийг 100 хувь төлж дууссаны дараа худалдан авагч нарын нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Гэрээ байгуулах үед газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа, харин орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй шинэ орон сууц, төлбөрийг төлж байх явцад орон сууцыг бүртгүүлж гэрчилгээг авна гэдгээ худалдан авагч нарт хэлж тэд энэ талаар мэдэж гэрээг байгуулсан. Эзэмшиж байгаа газрынхаа зарим хэсгийг худалдан авагчид шилжүүлэх асуудап Сайншанд сумын ИТХТэргүүлэгчдийн хуралдаан хуралдаагүй шалтгаанаар хойшилсон. Миний бие газрын зохих хэсгийг шилжүүлэх асуудал ийм шалтгаанаар хойшилж байгааг тухайн үөд ******* нарт мөн хэлж тэд энэ талаар мэдсэн бөгөөд тийм ч учраас худалдан авагч нар нь газрын зохих хэсгийг шилжүүлээгүй байхад буюу 2017 оны 05-р сард 5,000,000 төгрөгийг, 2017.06.09-р сарыг хүртэл 4 сарын хуваарьт төлөлтийг төлж байсан юм. Бид тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 2009 онд авсан байсан бөгөөд уг газрынхаа байшин баригдсан зохих хэсгийг хэсэгчлэн шилжүүлэхээр гэрээнд тохирсон. Гэтэл шүүхийн шийдвэр, магадлалд худалдагч талыг үл хөдлөх эд хөрөнгө болон газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, орон сууц болон газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй тухай мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй гэж нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Бидний хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй, мөн уг гэрээ нь худалдан авагч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс худалдагч талын санаачлагаар цуцлагдсан байтал шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн буюу******* нараас 2017.02.06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул нөгөө тал ******* нар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж уг гэрээ цуцлах болсон шалтгаан нь худалдагч талын буруутай үйлдлээс болсон мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Орон сууц Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсныг уг орон сууцны доголдол гэж үзвэл худалдан авагч тал орон сууцны биет байдлын болон эрхийн доголдлыг бүрэн мэдэж орон сууцыг хүлээж авсан. Худалдсан орон сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсныг худалдан авагч тал мэдэж, зөвшөөрч орон сууцыг хүлээн авсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогддог. Өөрөөр хэлбэл орон сууцны эрхийн доголдлын талаар худалдан авагч тал мэдэж уг орон сууцыг хүлээн авсан тул орон сууц гэрчилгээгүй байсныг доголдол гэж үзэхгүй. Иймд Иргэний хуулийн 255.1.1-д зааснаар худалдан авагч тал нь шаардлага гаргах эрхээ алдсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үнэлэлгүйгээр худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан тул худалдан авагч шаардлага гаргах эрхтэй, хуулийн 255.1 хамаарахгүй мэтээр хийсвэр дүгнэлт хийсэн. Миний бие уг орон сууцаа нэхэмжлэгч нарт худалдахаас өмнө 2016 оны 9 дүгээр сараас эхлэн иргэн Э.Эрдэнэ-Очирт /эхнэр нь н.Баярмаа/ 2 жилийн хугацаатай, сарын 280,000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслүүлж байсныг дурьдсан. Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тохиолдолд орон сууц хөлслөх гэрээ хэвээр үргэлжилж хөлсөлсний орлого нь орж ирсэн байсан тул уг орлогыг надад учирсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилсэнийг шүүх сөрөг нэхэмжлэлд дурьдсан олох ёстой байсан орлого 870,000 төгрөг, эвдсэн зүйлүүдийн үнэ 250,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй эсэхийг тодорхойлохдоо уг эвдэрсэн зүйлүүд нэхэмжлэгч нарын үйлдлээс болсон, эсвэл тухайн эд хөрөнгийн доголдол байсан алин болохыг тодруулж, тогтоолгүйгээр Иргэний хуулийн 205.4.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч *******,******* нараас гэрээний зүйлийг зохих ёсоор хадгалж, арчилж, хамгаалсаар байхад тэр нь муудсан, гэмтсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Дээрх заалтын дагуу хариуцагч миний бие орон сууцанд учруулсан хохирол, эвдсэн эд зүйлийн үнэ 250,000 төгрөг, олох ёстой байсан орлого 870,000 төгрөгийг нэхэмжпэгч нараас шаардах, гаргуулах эрхтэй байтал шүүхийн шийдвэрт******* нь олох ёстой байсан орлого, хохирол нийт 1,120,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн миний бие сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаж өгсөн. Сөрөг нэхэмжлэл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн юуг хангаагүй талаар, мөн сөрөг нэхэмжлэлийг хэнд хаяглах байсан талаар анхан шатны шүүх шийдвэртээ тодруулж дурьдаагүй нь тодорхойгүй байдлыг бий болгож байна. Мөн шүүхийн шийдвэрт*******ы шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх ба энэ хуулийн 62-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна гэж дурьдсан хэрнээ чухам ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголгүйгээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******,******* нар,*******,******* нарт холбогдуулан 4,719,167 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа ...1000 м.кв орчим газар, 90 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан авч, урьдчилгаа 18,000,000 төгрөг өгч, үлдэх 35,000,000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй хэсэгчлэн төлөхөөр тохирсон, нийт 19,399,167 төгрөг төлсөн, газрын болон сууцны гэрчилгээг шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул хувийн сууцыг буцаан өгч, 14,680,000 төгрөгөө авсан, хариуцагч үлдэх мөнгийг түрээсийн төлбөр гэж суутгасныг зөвшөөрөхгүй, гаргуулна уу гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...хуваарьт хугацаанд төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, ...төлж чадахгүй нь тодорхой болсон тул гэрээнээс татгалзсан. 1 жил 2 сарын хугацаанд хувийн сууцанд амьдарсан, худалдаж авна гэсэн тул өмнөх хөлслөгчтэй байгуулсан гэрээг цуцалсан, олох байсан орлогод 4,719,167 төгрөг суутган авсан гэж маргасан байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, 1,120,000 төгрөг шаардахдаа ...сууцаа 1 жилийн хугацаанд хөлсөлсөн бол 6,720,000 төгрөгийн орлого олно, 1,150,000 төгрөгийг өмнөх хөлслөгчөөс, 4,700,000 төгрөг нэхэмжлэгч нараас авсан тул үлдэгдэл 870,000 төгрөгийг, эвдсэн эд зүйлийн үнэ 250,000 төгрөгийн хамт гаргуулна гэсэн.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч доголдолтой хөрөнгө шилжүүлснээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ талууд харилцан буцаах үүрэгтэй,... гэсэн дүгнэлтийг хийж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 229 дүгээр зүйлийн 229.1, 205 дугаар зүйлийн 205.4.3-т зааснаар хохирол гаргуулах үндэслэл тогтоогдоогүй гэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Давж заалдах шатны шүүх, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ бус зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад дүгнэлтийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах-г хүссэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх гэрээний хүчин төгөлдөр байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих Иргэний хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй алдааг залруулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогджээ.

Хэрэгт авагдсан 2017.01.26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нар хариуцагч нараас Дорноговь аймгийн, Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-А-8 тоотод байрлах газар болон 90 м.кв талбайтай хувийн сууцыг 53,000,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 18,000,000 төгрөг, үлдэх 35,000,000 төгрөгийг сар тутамд хүүгийн хамт 900,000 төгрөгөөр 5 жилийн туршид төлөх, хариуцагч нь газрын эзэмших эрх, хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авч, үнийг төлөх үүрэгтэй.

Зохигч, газар, сууцыг эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, үнэ төлөхөөр харилцан тохирсон байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

2. Гэрээний дагуу нэхэмжлэгч нар үнэд 19,399,167 төгрөг төлсөн, хариуцагч сууцыг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч нар сууцаа, нэхэмжлэгч нар төлбөрөөс 14,680,000 төгрөг тус тус буцаан авснаа маргаагүй байна.

3. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд /хх-5/ заагдсан 90 м.кв талбай бүхий хувийн сууцыг******* шинээр барьсан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг олж аваагүй байжээ.

Хариуцагчийн тайлбарт өөрийн эзэмшил газарт сууцыг шинээр барьж, улмаар газрыг хувааж, уг сууц баригдсан газартай хэсгийн эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, үүний дараа нэхэмжлэгч сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ олж авах боломжтой байсан, энэ талаар гэрээгээр тохирсон гэх боловч нэхэмжлэгч, гэрч нарын хувийн сууцыг өөрийн эзэмшлийн газраас илүү гаргаж барьснаас тухайн газар нь зөвшөөрөлгүй, бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэсэн боловч бүтээгүй гэснийг үгүйсгэсэн баримтыг гаргаагүй байна. Тухайлбал, хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлэхээр тохирсон гэх газрыг хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа нь нотлогдоогүй тул түүнийг эзэмшигч гэж үзэхгүй ба хоёр шатны шүүх энэхүү нөхцлийг анхаарч эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Учир нь хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэхийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7-д заасан зохицуулалтаас, газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг олгохыг тус тус ойлгодог байна.

Тодруулбал, газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоно, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглохыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-27.4-т заажээ.

Иймд хариуцагчийг газрын эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно. гэж, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т ...байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг байна. гэж тус тус заасан.

 Хариуцагч газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй тул уг газар дээр барьсан амины сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй юм.

 Эдгээрээс үзэхэд зохигчийн хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Гэрээ хүчин төгөлдөр бус учир талуудын хооронд анхнаасаа үүрэг үүсээгүй гэж дүгнэх бөгөөд хариуцагчид шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй тул*******,******* нараас 4,709,167 төгрөг гаргуулж, *******,******* нарт олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

4.*******,******* нар мөн сууцаа буцаан авсан бөгөөд тэд сөрөг нэхэмжлэлээр олох байсан орлогын зөрүү гэж 870,000 төгрөг нэхэмжилснийг гаргуулах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж зааснаас гадна мөн зүйлийн 493.3-т эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд уг зүйлээ хэрэглэх ашиглахдаа ямар нэгэн шалтгаанаар ашиг орлого олоогүй бол олох байсан орлого, ашиг, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэжээ. Нэхэмжлэгч нар сууцыг эзэмшиж, ашиглахдаа уг эд хөрөнгөөс ямар нэгэн ашиг орлого олоогүй байх тул хариуцагч олох байсан орлого шаардах эрхгүй, иймээс 4,719,167 төгрөгийг суутгах болон сөрөг нэхэмжлэлээр 870,000 төгрөг шаардах боломжгүй байна.

Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээснээс үүссэн хохирлыг гагцхүү өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгчийн гэм буруугаас эд зүйл эвдэрсэн нь нотлогдоогүй тул хохирол 250,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

Дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 202/МА2019/00020 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2019/00222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч*******,******* нараас 4,709,167 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******,******* нарт олгож, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.3, 493.7-д зааснаар *******,******* нараас хохиролд 1,120,000 төгрөг гаргуулах*******, Өлзийнэмэх нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч*******ы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч******* нь хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 90,350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.СОНИНБАЯР

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                                       ШҮҮГЧИД                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                                           Б.УНДРАХ

                                                                                                                           Г.ЦАГААНЦООЖ