Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03401

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03401

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ... дүгээр хороо, ...ийн гудамж, 25 дугаар байрны ... оршин суух, .... овогт С... Ө.../РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ....дугаар байрны ... тоотод оршин суух, Б... овогт Н... О... /РД: ...../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Өын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн С.Ө нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Н.О 20,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээг амаар байгуулсан, түүний данс руу нь мөнгийг шилжүүлсэн юм. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр буюу зээл авсан өдрөө 1,600,000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 7-нд 2,000,000, мөн 400,000 төгрөгийг тус тус Н.О төлсөн бөгөөд ингэж төлөхдөө өөрийнхөө 5099500626 тоот данснаасаа шилжүүлсэн байдаг юм. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 20,600,000 төгрөгийг Н.Огээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч С.Ө, хариуцагч Н.О нар нь зээлийн гэрээний харилцаанд ороогүй. Учир нь С.Өлзийбаяр хүүтэй мөнгө зээлдүүлдэг ба Н.О нь мөнгөний хэрэг гарсан өөрийн танил Б.Мг түүнтэй танилцуулж өгсөн. Тэд хоорондоо тохиролцож С.Ө нь Б.Мд мөнгө зээлдүүлэхээр болсон. Ингэхдээ мөнгийг Н.Огийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлдог. С.Ө нь Н.О 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн оны 10 сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг дансанд нь хийж, үүнийг зээлийн гэрээ гэж үзэн зээлийн гэрээний төлбөр нэхэмжилсэн байгаа. Гэтэл Н.О нь уг асуудлыг С.Өтай тохиролцож өөрийн садан Б.Мтай тохиролцоод 25,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байдаг. Ингээд 25,000,000 төгрөгийг Б.Мгийн данс руу хий гэхэд С.Ө нь Н.Ог таньдаг тул таньдаг хүнийхээ данс руу хийнэ гээд Н.Огийн данс руу шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс уг харилцааг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Гэхдээ зээлдүүлэгч С.Ө нь уг мөнгийг Б.Мгаас нэхэмжлэх ёстой гэдгийг мэдэж байсан бөгөөд Б.М нь зээлийн гэрээний төлбөрийг төлж байсан. Түүнээс хойш 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөг Н.Огийн дансанд ороход 10 хувь буюу 2,000,000 төгрөг, түүнээс 1,600,000 төгрөгийг С.Өын дансанд хийсэн ба 400,000 төгрөгийг Б.М нь С.Өын дансанд төлдөг. Ингээд нийт 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүд тооцон төлсөн ба энэ нь дансны хуулгаар тогтоогддог. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийг дахин С.Өд зээлийн хүүд тооцож төлсөн. Б.М нь С.Өаас 2016 оны 10 сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлэхэд С.Ө нь 5,000,000 төгрөгийг Н.Огийн дансанд хийдэг. Ингээд үүнээс 2,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын зээлийн хүүнд тооцож төлдөг. Энэ байдлаар 6,400,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн.

 

Гэхдээ уг харилцаа нь зээлийн гэрээний харилцаа биш юм. Зээлийн гэрээний нөхцөлийн талаар амаар тохиролцсон ба зээлийг төлөх талаар тохиролцсон гэдэг боловч энэ нь нотлогдохгүй байгаа. 2016 оны 7 дугаар сарын 29, мөн оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 10 дугаар сарын 7-ны өдрүүдэд Б.Мгаас зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас уг төлбөр нь 2016 оны 7 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнээс хойш яригдаж байгаа бөгөөд хоёр өөр харилцаа. Гэхдээ С.Ө нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө Б.М руу мөнгө шилжүүлсэн харилцаа байдаг. Хариуцагч Н.О нь ямар ч мөнгө аваагүй гэж тайлбарладаг бөгөөд С.Өыг Б.Мтай танилцуулж өгсөн гэж тайлбарладаг. Ингээд уг харилцаа үүссэн бөгөөд энэ нь зээлийн гэрээ биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Н.О нь намайг анх Өтай танилцуулж байсан. Н.О нь С.Ө бид хоёрын дунд зуучлаад зээлийн гэрээний хүүг 8 хувь гэж С.Өтай тохироод, надтай болохоор 10 хувь гэж тохирсон байсан. Ээж гэх киног хийж байхад Н.О ах С.Өтай танилцуулсан учраас С.Өтай хэд хэдэн удаа уулзаж уг харилцаа хийгдсэн. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр надтай зээлийн гэрээ хийж нэмж зээл өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 7-нд би 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр авсан зээлийн хүүг төлж чадахгүй байсан ба бусад төрлийн зардалд мөнгө шаардлагатай байсан тул Н.Огээс зээлэхээр ярьсан. Гэтэл Н.О уг мөнгийг Өаас авч өгсөн байсан. Ингээд зээлийн гэрээг амаар тохиролцсоны үндсэнд Н.О ахаар дамжуулан авч байсан юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Н.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч зээлийн гэрээг С.Ө, Б.М нар байгуулсан, харин мөнгөө өгөхдөө Н.Огийн дансаар дамжуулсан, мөнгийг Н.О аваагүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Н.О 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг Б.Бгийн эзэмшдэг 531505153 тоот Хаан банкны дансаар дамжуулан Н.Огийн 5099500626 тоот Хаан банкны данс руу, мөн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөгийг Б.Бын эзэмшдэг 5025867989 тоот Хаан банкны дансаар дамжуулан Н.Огийн 5099500626 тоот данс руу тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны диспозит дансны хуулга, гэрч Б.Б, Б.Б нарын мэдүүлгээр нотлогдож байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээг амаар байгуулсан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зааснаар нэхэмжлэгч С.Ө нь нийт 25,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцогдох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаан дээр 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр буюу зээл авсан өдрөө 1,600,000 төгрөг, дахиад 400,000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 27-нд 2,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 7-нд 400,000 төгрөгийг тус тус Н.О төлсөн тул энэ төлбөрүүдийг буюу 4,400,000 төгрөгийг хасч, хариуцагчаас 20,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасч тооцов.

 

Хариуцагч Н.О нь Б.Мгаар дамжуулан 2016 оны 9 дүгээр сарын 22-нд 2,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 7-нд 2,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 6-нд 3,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага 20,600,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7,000,000 төгрөгийг хасч, үлдэх 13,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж үзлээ.

 

Тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00899 дүгээр шийдвэрээр Б.Мгаас зээлийн гэрээний үүрэгт 4,950,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Өд олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Н.Огээс 13,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР