Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 7

 

“Капитрон” банкны Дархан-Уул аймаг

дахь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01052/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1066 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Поликом” ХХК-д холбогдох

          “08/160 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 2,332,448,392.15 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч “Капитрон” банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ламжав, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалтаас:

“2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Поликом” ХХК нь Капитрон банкинд хсүүний томоохон үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд 3 тэрбум 170.000 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна гэсэн хүсэлт гаргасан. Энэхүү санхүүжилтийн 20 хувийг “Поликом” ХХК өөрсдөө гаргаж, 80 хувийг банкаар санхүүжүүлье гэсэн санал тавьсан. 2.535.000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай сангийн яамны хүүний хөнгөлөлт хамруулж өгнө үү гэсэн агуулгатай санал манай банкинд ирсэн. 2008 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу санал гаргасан өдрөөс хойш 9 хоногийн  дараа  “Поликом”  ХХК-ийн хувь  нийлүүлэгчид  хуралдсан  протокол  манай банкинд  ирүүлсэн. “Поликом”    ХХК-иас   ирүүлсэн     ерөнхий     төлөвлөгөөг    харахад

3.170.000,000 төгрөгөөс барилгын өргөтгөлд 5 гаран сая төгрөг, тоног төхөөрөмжид 2,6 тэрбум төгрөг зарцуулагдахаар төлөвлөгөө гаргасан байсан. Эдгээр хүсэлт болон холбогдох материалуудыг судалж үзээд манай банкны зүгээс “Поликом” ХХК-д зээл олгохоор шийдвэрлэсэн. 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн эрхийг 2.535.000,000 төгрөгөөр нээж, зээлийн хүүг 15 хувь, зээлийн хугацааг 60 сар, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 24 сар гэж гэрээндээ тусган энэ үүргийнхээ дагуу үндсэн төлбөр нь төлөгдөөгүй байдаг. Зээлийг “Поликом” ХХК-ийн хүссэний дагуу хүнс хөдөө аж ахуйн зээл буюу сүүний тоног төхөөрөмж, сүүний үйлдвэр байгуулах зориулалттай олгосон. Зээл олгосон шимтгэлийг 0,5 хувь байхаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээтэй хамт 08/125 зээлийн барьцааны гэрээ, 08/124 тоот зээлийн батлан даалтын зэрэг 3 гэрээг давхар байгуулсан. Эдгээр гэрээ нь хөрөнгө барьцаалсан зохицуулалтыг оруулж өгсөн гэрээ юм. Үүнд 1.557.000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг барьцаалсан. 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн нээсэн эрхийн хүрээнд 1.063.500,000 төгрөгийг зээлдэгчийн 3006003948 тоот дансанд олгосон. 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийг зориулалтын бусаар ашигласан тухай дүгнэлтийг Капитрон банкны эрсдлийн удирдлагаас гаргаж, 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээл олголтыг зогсоож, энэ тухай “Поликом” ХХК-д мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа цуцлагдаагүй, зөвхөн зээл олголтыг зогсоосон. Нэхэмжлэлийг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 3 жилийн хугацаандаа багтаан гаргасан. Хэрэв зээлийг үргэлжлүүлэн олгосон бол банк өөрөө томоохон хэмжээний алдагдал хүлээх байсан. Манай банкнаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 741.032.642,15 төгрөгийн үндсэн мөнгөний хуримтлал бодогдсон. 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл бодогдох ёстой нийт хүү 1.633.559.375,00 төгрөг, “Поликом” ХХК-ийн төлсөн хүү 360.819.870,35 төгрөг, Сангийн яамнаас төлөгдсөн хүү 531.706.862,50 төгрөг бөгөөд дээрх хоёр мөнгөн дүнгээс төлөгдөөгүй хүү 741.032.642,15 төгрөг гарсан. Сангийн яам нь манай банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба тус гэрээнд 50 хувийн хөнгөлөлттэй хүүний асуудлыг банкинд байршуулна, банк нь зээлийн эргэн төлөлт бүр дээр татаж авах ёстой. Өөрөөр хэлбэл Сангийн яамнаас 965,359,675 төгрөг олгосон боловч зээлийн нийт дүнгээр нь олгоогүй учраас 424,721,933,67 төгрөгийг банк олгоогүй учраас буцаагаад Сангийн яаманд ногдох хэсгийг нь шилжүүлсэн. Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгээ шаардаж байгаа, хариуцагч тайлбарынхаа татгалзлын үндэслэлийг тоног төхөөрөмжөө авчраагүй, авчрахгүй боломжгүй байсан гэж яриад байгаа, гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой үүргийнхээ 90 хувийг буюу 18,500 доллар /973,000,000 төгрөг/ шилжүүлсэн. Тиймээс банкнаас болж төсөл хэрэгжээгүй асуудал байхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээнд заасны дагуу хүү бодогдсон, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар бодно гэсэн зохицуулалтын дагуу бодогдож байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэл дээрээ дурдаагүй энэ асуудлыг нэхэмжлэлд дурдсан гэж андуурсан байна, шүүх анхаарч үзээрэй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Чинбатаас:

“Поликом” ХХК нь тус банктай 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 08/160 тоот зээлийн гэрээ байгуулж 2.535.000.000,00 төгрөгийн зээлийг жилийн 15,0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авахаар тохирсон бөгөөд гэрээний талуудаас үл хамаарах шалтгааны улмаас 1.470.000.000,00 төгрөгийн зээлийг авсан. Зээлийг хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд “Поликом” ХХК-ийн өмч болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багт байрлах 557,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003008349 дугаартай, 000120311 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээ, албаны зориулалттай барилга, 1301,0 м.кв талбайтай, нэгж талбарын 080100343 дугаартай, 0153725 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар багт байрлах, 712,7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003006109 дугаартай, 2493 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, амралтын зориулалттай барилга, 0,6 га талбайтай эзэмших эрхтэй газар, мөн “Поликом” ХХК-ийн өмч Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр багийн “Зарубежстрой” ХХК-ийн  баруун урд байрлах, 612,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003011912 дугаартай, 000051300 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай барилга, 7107,55 м.кв талбайтай, нэгж талбарын 080122132 дугаартай, 0174557 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон зээлээр худалдан авах, сүү хүлээн авах, цэвэрлэх, хуурай сүү үйлдвэрлэх, ариутгасан шингэн сүү үйлдвэрлэх, сүү хүлээн авах цэгийн, хөргөлтийн агуулахын гэх мэт 5 нэр төрлийн 9 иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаалж, 08/160, 08/125, 08/124 тоот зээлийн барьцааны болон зээлийн батлан даалтын гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа дуусахад зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч “Поликом” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1.470.000.000,00 төгрөг зээлийн үндсэн хүү 741.032.642,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121.355.250,00 төгрөг нотариатын зардал 60.500 нийт 2.332.448.392,15 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 11.820.192,00 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ламжаваас:

 “Поликом” ХХК нь 1998 онд байгуулагдсанаас хойш хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, 2007 оноос хойш өөрийн хөрөнгөөр ажиллаж байна. Малчдыг хөгжүүлэхийн тулд заавал зун сүүг нь худалдан авч, Монголд хуурай сүүний борлуулалт хэрэгтэй юм байна гэж үзсэн. Энэ нь дан ганц манай улсад хэрэгжээгүй, европын улс орон болох Дани, Голландаас тус бүр нэг хүн ажиллахаар болж, хуурай сүүний үйлдвэр байгуулахаар болсон. Бид нар Сангийн яам, банкууд, Үйлдвэр Хөдөө аж ахуйн яам зэрэг олон газраар энэ төслөө танилцуулан явахад бүгд нэг ойлголтод хүрсэн, энэ сүүний үйлдвэрийг байгуулахад хамгийн боломжтой нутаг нь Сэлэнгэ аймаг юм байна гэж манай төслийн баг болон Европын банк үзсэн. Тэгээд бид банкинд хандахад Хүнс хөдөө аж ахуйн яам болон Засгийн газрын сүүний хөнгөлөлт хөтөлбөр гээд байдаг юм, тэр хөтөлбөрт танай төслийг хамруулъя гэж хэлээд тэр хөтөлбөрт хамруулахын тулд банк зээлийн хорооны шийдвэрээ гаргаад энэ зээлийг олгох эхний процессыг хийсэн байх ёстой гэсэн тайлбарыг надад өгсөн. Капитрон банкинд анх 2, 3 дугаар сард энэ төслийнхөө талаар танилцуулан хандаад энэ төсөл маань оны эцэст шийдэгдсэн. Ингээд Сангийн яамнаас манай компаний өмнөөс Капитрон банк руу 965,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 5 сард үлдэгдэл 1.470.000,000 төгрөгийг бид нарт олгосон. Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам аль аль 2,5 тэр бум төгрөгийн зээл олгоно гэж хэлсэн. Энэ хөтөлбөр нь экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд арилжааны банк 5-аас доошгүй жилийн хугацаатай жилийн 15 хувийн хүүтэй зээл олгосон тохиолдолд хүүгийн 50 хувийг Засгийн газраас төлж өгөхөөр шийдвэрлэсэн. Манай төсөл Засгийн газрын зээлийн хүүний хөтөлбөрт хамрагдсан тул зээлийн гэрээ байгуулагдсанаар Сангийн яамнаас зээлийн гэрээний нийт хүүгийн 50 хувийн хөнгөлөлт болох 965.359.675 төгрөгийг Капитрон банкинд шилжүүлэх нөхцөл бүрдсэн. Капитрон банк нь Сангийн яамны олгосон хүүний хөнгөлөлтийн мөнгийг манай компанид зээл болгон буцааж өгч, өндөр ашиг олж эхэлсэн боловч энэхүү ашигтай ажиллагаандаа сэтгэл үл ханаж, зээлийн үлдэгдэл 1.030.000.000 төгрөг буюу төслийн санхүүжилтийн 41,2 хувийг гүйцээж олгоогүй. Энэ байдлаас харахад зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг банк зөрчсөний үр дүнд банк их хэмжээний ашиг олж, харин манай компаний төсөл үр дүнгүй болж зогссоны улмаас их хэмжээний алдагдалд орсон. Хэрэв Капитрон банк нь төслийн зээлийн мөнгийг гүйцээж өгсөн бол манай компани төслийг 2009-2010 онд дуусган, жилд 800 тонн, 7 жилийн хугацаанд 5600 тонн хуурай сүү үйлдвэрлэж 72,8 тэр бум төгрөгийн орлого олж зээл, хүүг бүрэн төлж дуусган төсөл амжилттай хэрэгжих бүрэн боломжтой байсан нь өнгөрсөн жилүүдийн зах зээлийн нөхцлөөс харагдаж байна. Энэ хугацаанд Поликом компани нь зээлийн мөнгийг банк бүрэн гүйцэт олгох байх гэж төслөө дуусгаж, хуурай сүү үйлдвэрлэж эхлээгүй байсан ч зээлийн хүүгээ төлсөөр өнөөдөр санхүүгийн хүнд байдалд орсон. Ийнхүү зээлийг дутуу олгосон нь банк үүргээ  гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ төсөл нь зөвхөн сүүний тоног төхөөрөмжийн тухай асуудал биш, зээлийнхээ эрсдлийн шинжилгээг сайн хийгээд зээлийг зогсоосон бол банк болон бид ийм асуудалд орохгүй байх байсан. Зээлийн үндсэн хүү 741.032.642,15 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэмэгдүүлсэн хүү 121.355.250,00 төгрөгийг төлж чадахгүй, харин бид нарын зүгээс төлсөн 360.819.870,35 төгрөгийг үндсэн зээлд тодорхой хэмжээгээр тооцож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргалаас:

 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 тоот зохигчидын хооронд зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээ зэрэг багц гэрээ байгуулагдсан. 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгох 2.535.000.000 төгрөгөө үүргээ банк гүйцэтгээгээгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.” гэсэн заалтыг зөрчсөн. Ц.Ламжав гуайн ярьснаар 2008-2009 онд санхүүгийн хямралтай нөхцөл байдал үүссэний улмаас банк зээлээ олгож чадаагүй байж одоо болохоор хариуцагч компанийг зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлагад огт тусгагдаагүй байсан, харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал амаараа гаргасан. Батлан даалтын гэрээ, барьцааны гэрээ батлан даалтын гэрээгээр хувь хүмүүсийн эд хөрөнгийг тавьсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаар тодорхойлсон байгаа. Батлан даалтаар авсан иргэнийг шүүх хуралдаанд хариуцагчаар татаж оролцуулна гэж байдаг учраас батлан даалтын гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжгүй юм. Батлан даалтын гэрээн дээр хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байдаг, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг дагаад газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших эрхийг барьцаалсан тухай барьцааны гэрээнд тусгагдсан. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, бүртгүүлэхдээ зөвхөн гурван үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлсэн байна. Зээлийн гэрээний хавсралтад 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2.535.000.000 сая төгрөгийг олгож, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 1 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр заасан байдаг. Гэтэл 2.535.000.000 сая төгрөгийн зээлээ гүйцэт олгоогүй байж энэ графикийн дагуу 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүгээ тооцож эхэлсэн. Энэ нь зээлийн гэрээний хавсралтыг баримтлан нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Нэмэгдүүлсэн хүүг бодсон аргачлал нь зээлийн гэрээгээ зөрчсөн учраас нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй учраас үндсэн хүүгийн 20 хувиар тооцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл байхгүй тул хүү төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Капитрон банкны эрсдлийн шинжээчийн санал дүгнэлт дээр үлдэгдэл зээлийг зогсоох талаар санал хүргүүлсэн байна. Гэтэл энэ зээлийг ямар эрх бүхий субьект олгосон юм бэ гэхээр зээлийн эрсдлийн хороо хуралдаад зогсоон шийдвэр гаргасан.  Гэтэл энэ эрх бүхий этгээдийн зогсоосон шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл зээлийг зогсоосон гээд байгаа тайлбар нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Гэрээний нэг тал нь шийдвэр гаргаад байгаа үйл харагдаж байгаа учраас энэ нэг талын гаргаж өгөөд байгаа нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байна. Хариуцагч компани талаас зориулалтын бусаар ашигласан үйлдэл хийгээгүй гэж ярьж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд өмнөх саналаа дэмжиж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1066 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч “Поликом” ХХК-аас 1.105.777.130 төгрөгийг гаргуулж Капитрон банкны Дархан салбарт олгон хүү, нэмэгдүүлсэн хүү 1.226.671.262 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банк төрийн сан 190.000.941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 11.820.192 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1.105.777.130 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5.686.836 төгрөгийг “Поликом” ХХК-иас гаргуулж, Капитрон банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Капитрон” банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа давж заалдсан гомдолдоо:

            Ц.Лхамжавын зүгээс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төслийн зориулалтаар олгогдсон 406.500.000 төгрөгийн зээлийн хөрөнгийн 404.433.311,93 төгрөгөөр өөр зээл болон зээл хүүг төлсөн үйл баримт тогтоогдож байгаа юм. Зээлийг зориулалт бусаар зарцуулсан үйл баримт тогтоогдсон, үүнтэй талууд маргаагүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулахад хүргэсэн холбогдох гүйлгээний баримтыг хариуцагчийн зүгээс хүсч, өөрийн гарын үсгээр баталгаажуулах хэлбэрээр гүйцэлдүүлсэн. Харилцагчтай байгуулсан харилцах дансны гэрээгээр дансны зарлага, орлогыг саадгүй гүйцэтгэх үүргийг банк хүлээдэг. Харин дансыг хэрхэн яаж удирдах, юунд дансны хөрөнгийг зарцуулах эцсийн шийдвэрийг харилцагч өөрөө бие даан гаргадаг. Хариуцагчийн зүгээс зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах шийдвэрийг бие даан өөрөө гаргасан. Зээлийг зориулалт бусаар үйл баримтыг банкны зүгээс үйлдэл хийгдсэний дараа нь мэдэх боломжтой байхад анхан шатны шүүх урьдчилж дүгнэсэн нь буруу байна. Хэрэв банкны зүгээс урьдчилж мэдэх боломжтой гэж дүгнэх нөхцөл нь гагцхүү энэ талаар талууд урьдчилан зөвлөлдсөн, банкны зүгээс зөвшөөрөл олгосон тухай баримт байх ёстой. Ийм баримт хавтаст хэрэгт байхгүй байхад зээлдэгчийн зүгээс ирээдүйд хийх үйлдлийг банкны зүгээс тааж мэдэх боломжтой байсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн банкны зүгээс олгосон зээлийнхээ ашиглалтыг хуулийн дагуу шалгах эрхтэй, мөн шалгалтыг удаан хугацаанд явуулсан болон нэмж зээл олгосон зэрэг нь зээлийг зориулалт бусаар зарцуулсан үйлдлээс хойш болсон үйл явдал гэдгийг анхан шатны шүүх дахин анзаараагүй байна. Үндсэн зээл болох 1.470.000.000,00 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 362.222.870,35 төгрөгийг хасч тооцоход эцсийн байдлаар 1.107.777.129,65 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй үлдсэн байна. Зээлдэгчээс төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцон, үлдсэн дүнгээс зээлийн хүүг тооцсон. Ийнхүү тооцоход 664.443.414,82 төгрөгийн зээлийн хүүний үлдэгдэлтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээ дуусах хүртэл буюу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцоогүй бөгөөд уг өдрөөс хойш тооцоход 42.387.746,30 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал хариу тайлбартаа:

            Зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасан мөнгө, хөрөнгийг бүхэлд нь шилжүүлэх үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгчийн төслийн ажил зогсож, орлого олж, зээлийг эргүүлэн төлөх нөхцөл бүрдээгүй тул зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна. Хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй байх тул хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн татгалзал, мөн хариуцагчийн зээлийн хүүнд төлсөн 360.819.870,35 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой гэсэн байр суурьтай  байна. Хэрвээ эргэлтийн хөрөнгийн зээл байсан бол уг зээлийг бизнестээ оруулж, эргэлдүүлж байгаад буцааж зээл, хүүг төлөх байсан. Дээрх байдлаас үзэхэд банк 406.500.000 төгрөгийг барьцаагүй, хэсэгчлэн олгож, өмнөх зээлийг төлүүлэхээр зээл олгохоос өмнө харилцан тохиролцсон байсан. Банкны хувьд эрсдэлтэй байдалд хүрсэн шалтгаан нь Сангийн яамнаас олгосон хүүгийн хөнгөлөлт 965.000.000 төгрөгийг эргэлтэнд оруулж ашиглах сонирхолтой байсан нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтаар нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбараас хариуцагч “Поликом” ХХК-нд холбогдуулж 1.470.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 741.032.642,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121.355.250 төгрөг, нотариатын зардал 60.500 төгрөг, нийт 2.332.448.392,15 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 14 нэр төрлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч “Поликом” ХХК шүүхэд тайбарлахдаа: Манай компани 3.170.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Хуурай сүүний үйлдвэр байгуулахаар төсөл боловсруулж, нийт төслийн 80 хувь болох 2.535.000.000 төгрөгийг банкны зээлийн эх үүсвэрээр, 20 хувийг компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэн Сангийн яамаар дэмжигдэн, хүүний зохих хэсгийг Сангийн яам төлөхөөр болж, 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Капитрон банктай 08/160 тоот зээлийн гэрээ байгуулж, 2.535.000.000 төгрөгийн зээлийг жилийн 15 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр болсон.

2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр банкнаас 406.500.000 төгрөг, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.063.500.000 төгрөг, нийт 1.468.000.000 төгрөгийн зээлийг  олгож, үлдэгдэл зээлийг өнөөдрийг хүртэл олголгүй банк гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Манай төсөл Засгийн газрын зээлийн хүүний хөтөлбөрт хамрагдсан тул зээлийн гэрээ байгуулагдсанаар Сангийн яамнаас зээлийн гэрээний нийт хүүгийн 50 хувийн хөнгөлөлт болох 965.359.675 төгрөгийг Капитрон банкинд шилжүүлсэн.

Үүнээс үзвэл манай компанид олгосон 1.470.000.000 төгрөгийн зээлээс Сангийн яамны хүүнд шилжүүлсэн 965.359.675 төгрөгийг хасвал бодит байдал дээр Капитрон банк 504.640.325 төгрөгийн зээлийг өөрийн хөрөнгөөр олгосон тооцоо гардаг гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Капитрон банкыг гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2.535.000.000 төгрөгөөс 1.065.000.000 төгрөгийн зээлийг зээлдэгчид олголгүй гэрээний үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг зөрчсөн, мөн Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3.2-т зааснаар  үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтоох эрхтэй боловч, зээлийн гэрээний нийт дүнгээс шууд хувь тогтоож 2.000.000 төгрөгийг суутган авсан нь үндэслэлгүй байна гэж тус тус дүгнээд  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээгээр олгогдсон 1.468.000.000 төгрөгөөс хариуцагч “Поликом” ХХК-ийн төлсөн зээл 362.222.870 төгрөгийг хасч, 1.105.777.130 төгрөгийг хариуцагч “Поликом” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарт олгож, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 1.226.671.262 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талуудын хооронд 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2.535.000.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 3 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлийн үндсэн төлбөрийн чөлөөлөгдөх хугацаа 24 сар байхаар, 60 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний 7.2.1-д зааснаар Капитрон банк нийт зээлийг зээлдэгчид гэрээнд заасан нөхцлийн дагуу шилжүүлэхээр тохирсон боловч гэрээгээр тохиролцсон 2.535.000.000 төгрөгийн зээлийг Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д “Гэрээнд заасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчилэн гүйцэтгэх үүрэгтэй” гэж зааснаар хэрхэн хэсэгчилсэн байдлаар олгох талаар  тохиролцсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, зээлдэгчийн хүсэлтээр хэсэгчилэн олгосон гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч энэ талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч тал гэрээ байгуулагдсан 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч “Поликом” ХХК-ийн дансанд 406.500.000 төгрөг шилжүүлсэн даруйдаа өмнө нь өөр гэрээгээр олгогдсон зээлийн үлдэгдэл төлбөрт тэрхүү зээлийг суутган авсан талаар

талууд маргадаггүй боловч, энэ талаарх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч тал энэ шалтгааны улмаас үлдэгдэл зээлийг олгохыг зогсоосон гэж шүүхэд тайлбарладаг боловч зээлдэгчийг авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж байна гэдгийг 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн, энэ асуудлыг шалгаж тогтоох хүртэлх хугацаагаар үлдэгдэл зээл олгохыг хойшлуулах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг зээлдэгч талд хүргүүлсэн боловч, тухайн асуудлыг шалгаж дуусаагүй байхад буюу 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин 1.063.500.000 төгрөгийн зээлийг олгосон үндэслэл тодорхойгүй байна.

Түүнчлэн зээл олголтыг зогсоосны дараа нэхэмжлэгч тал олгосон 1.470.000.000 төгрөгийн зээлээ хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх, зээл олголтыг зогсоох шийдвэр нь эрх бүхий этгээдийн эцсийн шийдвэр байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй болно.

Шүүх дээр дурьдсан эдгээр байдлуудыг тодруулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тухайн үед Капитрон банкинд тодорхой албан тушаал эрхэлж байсан нэр бүхий хүмүүсээс гэрчээр тайлбар авахад маргааны үйл баримт болон хэрэгт ач холбогдол бүхий тайлбарыг өгч чадаагүй болно.

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, болсон үйл явдлаас үзвэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч Капитрон банк хэсэгчилсэн байдлаар 2 удаа олгосон 1.468.000.000 төгрөгийн зээлээс хариуцагчийн тодорхой хугацаанд төлсөн 362.222.870 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөрийг хууль болон гэрээнд заасан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй бөгөөд хариуцагч “Поликом” ХХК  банкнаас авсан бодит зээлээс өөрийн эргүүлж төлсөн бодит төлбөрийг хасч, үлдэгдэл төлбөрийг хууль болон гэрээнд заасан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч, гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хуулийг хэрэглэхдээ банкнаас гэрээний дагуу нийт олгох ёстой байсан 2.535.000.000 төгрөгт үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж,  үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тухайлбал: Капитрон банкнаас “Поликом” ХХК-нд олгосон нийт 1.468.000.000 төгрөгийн зээлээс зээлдэгчийн бодитоор төлсөн 362.222.870 төгрөгийг хасч, үлдэх 1.105.777.130 төгрөгийн  1 жилийн хүү 82.933.284 төгрөг байх бөгөөд  үндсэн хүү 663.467.260 төгрөг, гэрээгээр тохиролцсон 3.0 хувийн нэмэгдүүлсэн хүү 19.903.988 төгрөг, нотариатын зардал 60.500 төгрөг нийт 1.789.207.889 төгрөг   хариуцагч “Поликом” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарт олгож, үлдэх 543.301.003 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1066 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын:

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч “Поликом” ХХК-иас 1.105.777.130 төгрөг гаргуулж, Капитрон банкны Дархан салбарт олгон, хүү, нэмэгдүүлсэн хүү 1.226.671.262 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Поликом” ХХК-иас 1.789.147.389 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 543.301.003 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 2 дугаар заалтын:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банк төрийн сан  190000941 тоот дансанд тушаасан  улсын тэмдэгтийн хураамж 11.820.192 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан дүн болох 1.105.777.130 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5.686.836 төгрөгийг “Поликом" ХХК-иас гаргуулж, Капитрон банкны Дархан салбарт олгосугай” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-т зааснаар нэхэмжлэгч Капитрон банкны Дархан салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.820.192 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Поликом” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан дүн болох 1.789.147.389 төгрөгт ногдох 9.103.687 төгрөгийг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар нэхэмжлэгч Капитрон банкнаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.702.500 төгрөгөөс 3.574.801 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар 127.699 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХЖАРГАЛ 

                                          ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ 

                                                                                                              Л.АМАРСАНАА