Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01578

 

 

Д.Ц-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00285 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 659 дүгээр магадлалтай,

 

Д.Ц-ы нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,450,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12,589,242 төгрөг, нийт 41,039,242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК-ийн захирал Г.Нгийн хүсэлтээр 2016.02.05-нд тус компанийн Хас банк ХХК дахь 6001026400 тоот дансанд 18,450,000 төгрөг, 2016.03.02-нд мөн 6001026400 тоот дансанд 10,000,000 төгрөг, нийт 28,450,000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн. Мөнгө шилжүүлсэн баримт, Г.Нгийн өгнө, удахгүй гэснийг үндэслэн мөнгөө шаардаж байна. Дээрх 2016.02.05-ны өдрийн 18,000,000 төгрөгийг Д.Ц өөрийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь хугацаатай хадгаламжаас гарган өгсөн. Хэрэв уг мөнгө өнөөдрийг хүртэл банкинд байсан бол 6,545,735 төгрөгийн хүү бодогдох байсан. 2016.03.02-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг мөн өөрийн хадгаламжаас гаргасан ба 1,758,040 төгрөгийн хүү бодогдох байсан. Зээл 28,450,000 төгрөг, хохиролд 8,303,775 төгрөг, нийт 36,753,775 төгрөгийг хариуцагчаас шаардаж байснаа дараах байдлаар шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: 2018.10.03-ны өдрөөс 2019.11.08-ны өдөр хүртэл 18,000,000 төгрөг банкинд байсан бол хүү 3,293,045 төгрөг, 5 000 000 төгрөг банканд байсан бол 992 422 төгрөг болох байсан. Нийт 4 285 467 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Зээлд 28,450,000 төгрөг, хохирол 12,589,242 нийт 41,039,242 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Цы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Ц” ХХК-д 28,450,000 төгрөг зээлүүлсэн талаарх баримт байхгүй бөгөөд дээрх 28,450,000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Цаар дамжуулан компанийн дансанд хийсэн болохыг дээрх гүйлгээ хийсэн баримтаас харж болохоор байна. Дээрх нөхцөл байдлын талаар холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар компанийн холбогдох ажилтнуудад хандсан бөгөөд 2 жилийн өмнөх баримтуудаас холбогдох баримтуудыг гаргахаар ажиллаж байна. Мөн ямар учраас нэхэмжлэгчээр компанийн дансанд мөнгө хийлгүүлсэн талаар нөхцөл байдлыг тодруулж байгаа бөгөөд одоогоор холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх болно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 36,753,775 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг шүүхэд хүргүүлсэн билээ. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл нь үндсэн шаардлагад дурдаж буй мөнгийг банкинд хадгалуулсан тохиолдолд авах ёстой хүү гэж шаардаж байна. Гэвч нэхэмжлэгч нь “Ц” ХХК-д 28,450,000 төгрөг зээлүүлсэн талаарх баримт байхгүй бөгөөд дээрх 28,450,000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Цаар дамжуулан компанийн дансанд хийсэн болохыг дээрх гүйлгээ хийсэн баримтаас харж болохоор байна. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдаж буй банкны хүү гэх 4,285,467 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 28,450,000 төгрөг зээлсэн гэдэг. Дээрээс нь хохирол гэж хүү нэхдэг. Маргаж буй мөнгийг шилжүүлж байгаа гүйлгээний утга нь байгаа ба 2 сарын 5-нд касснаас, харин 3 сарын 2-нд касснаас орлого гэсэн байдаг. Энэ нь кассанд байгаа бэлэн мөнгийг нэхэмжлэгчээр дамжуулж өөрийн дансанд хийлгэсэн. Иймд мөнгө зээлээгүй тул хохирол яригдахгүй. Иргэний хуулийн 281-д зээлийн талаар зохицуулсан байдаг. Талуудын хооронд зээлийн хэлцэл тогтоогдсон зүйл тогтоогддоггүй. Нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг шийднэ. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Лхагвасүрэн хэлсэн гэдэг нь нотлогдоогүй. 28 сая төгрөг нь бага биш мөнгө тул бичүүлэх ёстой. Хэрэв бодитоор зээлсэн бол ингэж бичих нь эргэлзээтэй юм. Сарын дараа өгнө гэж ойлгоод мөнгө өгсөн гэсэн боловч тухайн үед шүүхэд болон цагдаагийн байгууллагад яагаад хандаагүй вэ. Гүйлгээний утга нь хуулийн 39-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл юм. Лхагвасүрэн нь нягтлан болохоос компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш юм гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00285 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас 28,450,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цд олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,589,242 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 425,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 300,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 659 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 300,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн №00285 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 659 тоот магадлалыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, хэргийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлэн дүгнэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгддөг мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон байна.

Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хариуцагч тал татгалзсан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэл заасан бөгөөд шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Тодруулбал, хуулийн этгээдийн хувьд байсан гэх бэлэн мөнгийг санхүүгийн анхан шатны болон бусад баримтаар нотлох боломжтой” учир хариуцагчаас мөнгө зээлсэн гэх агуулгаар маргааныг шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, тус зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдах талаар тодорхой зааж өгсөн байна. Тус хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүлээх үүргийг тодорхойлж өгсөн ба 25.2.2-т “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэсэн ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж талууд нэхэмжлэл болон татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй талаар зааж өгсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө зээлсэн талаарх нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй байхад хариуцагчийн зүгээс ямар нэг нотлох баримт гаргаж өгөх, хариу татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөх шаардлагагүй юм. Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, аль нэг талд давуу байдал үүсгэлгүйгээр маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэвч шүүгчийн зүгээс хэт нэг талыг барьсан байдлаар маргааныг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч хэдийгээр мөнгө зээлсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй боловч хариуцагчийн зүгээс компанид мөнгө байсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэсэн нь хэргийн нотлох баримтыг нэхэмжлэгч талд давуу байдал олгосон байдлаар үнэлж шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч Д.Ц болон Б.Лхагвасүрэн нарын хооронд бичигдсэн мессежийг нотлох баримтаар үнэлж маргааныг шийдвэрлэсэн байдаг. Гэвч Б.Лхагвасүрэн гэх этгээд нь компанийн бүрэн эрхтэй төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш, мөн тухайн хоёр этгээд нь хамтын амьдралтай байсан бөгөөд хамт амьдарч байх хугацаанд бичсэн мессеж, эсхүл өөр асуудлаар бичсэн харилцаа ч байх боломжтой бөгөөд тухайн мессеж нь мөнгө өгсөн, эсхүл зээлсэн талаарх нөхцөл байдлыг бүрэн нотолж чадахгүй юм. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэвч уг тайлбар нь хариуцагчийн бэлэн мөнгөний кассанд байсан дээрх мөнгийг хариуцагч хуулийн этгээдэд хамааралгүй этгээд болох нэхэмжлэгчээр дамжуулж өөрийн харилцах дансанд байршуулсан боловч дээрх мөнгө олгохдоо баримт үйлдээгүй гэх тайлбараар үгүйсгэгдэж байна. Тодруулбал хэрэв хариуцагч нь өөрт байсан мөнгийг хамааралгүй этгээдэд олгосон бол санхүүгийн анхан шатны баримт үйлдэх байсан гэж үзлээ.” гэж дүгнэсэн байдаг. Гэвч бодит байдал дээр нэхэмжлэгч нь компанид огт хамааралгүй этгээд биш байсан бөгөөд дээр дурдсанчлан компанийн нягтлан бодогч Б.Лхагвасүрэнтэй хамт амьдарч байсан, тухайн үед ажлын шаардлагаар хамтран амьдрагчаараа дамжуулан мөнгийг компанийн дансанд хийлгэсэн ба мөнгө өгсөн баримт үйлдэх шаардлагагүй нөхцөл байдалд байсан болно. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч компанид мөнгө зээлсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй бөгөөд шүүгчийн зүгээс нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар үнэлээгүй, нэг талд хэт давуу байдал олгосон байдлаар тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримт үнэлэх талаар зааж өгсөн ба тус зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” мөн зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.’’ гэж тус тус заасан бөгөөд хариуцагчийн хувьд шүүгч хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа болно. Иймд дээрх хууль буруу хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талд давуу байдал үүсгэх байдлаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн №00285 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.20-ны өдрийн 659 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь “Ц” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,450,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12,589,242 төгрөг, нийт 41,039,242 төгрөг нэхэмжилж, үндэслэлийг ...“Ц” ХХК-д зээлдүүлсэн 18,450,000 төгрөг, ...10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг өөрийн хугацаатай хадгаламжаас гаргаж өгсөн, банкинд байсан бол хүү бодогдох байсан. ...иймд хохиролд 12,589,242 төгрөг нэхэмжилнэ гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...28,450,000 төгрөг зээлдүүлсэн талаар баримт байхгүй, ...28,450,000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Цаар дамжуулан компанийн дансанд хийсэн болох нь гүйлгээ хийсэн баримтаас харж болно” гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх хариуцагчаас 28,450,000 төгрөгийг гаргуулж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч “Ц” ХХК-д нийт 28,450,000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн, хариуцагч нь уг зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагчаас нэхэмжилсэн төлбөрт 28,450,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлж авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэнд нийцсэн байна.

 

Хариуцагч нь “...28,450,000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Цаар дамжуулан компанийн дансанд хийсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан боловч татгалзлын энэ үндэслэлийг нотлоогүй, нэхэмжлэгчийн зээлийн харилцаа үүссэн гэх үндэслэлийг няцааж чадаагүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Харин анхан шатны шүүхийн, нэхэмжлэгчийн гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12,589,242 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв боловч үндэслэлийг “бичгэн хэлбэрээр гэрээ байгуулаагүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, давж заалдах шатны шүүх үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь  Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг зөрчөөгүй байна. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх Д.Ц болон Б.Лхагвасүрэн нарын хооронд бичигдсэн мессежийг нотлох баримтаар үнэлж маргааныг шийдвэрлэсэн. Гэвч Б.Лхагвасүрэн гэх этгээд нь компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш, энэ хоёр этгээд хамтын амьдралтай байсан, ...тухайн мессеж нь мөнгө өгсөн, эсхүл зээлсэн талаарх нөхцөл байдлыг бүрэн нотолж чадахгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00285 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 659 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.17-ны өдөр төлсөн 300,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД