Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 32

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Л.Солонго

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч Ц.Б ын давж заалдах гомдлоор Б.Г  од холбогдох 1928000000103 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.                                                  Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэнтийн аймгийн Бэрх суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, бульдозорын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, ..................... оршин суух, Тугчин овгийн Б.Г  , регистрийн дугаар ТА71060418;                                             

Шүүгдэгч Б.Г   нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Эс Жи Эс компаний уурхайн карьерт иргэн Ц.Б атай ажлын талбар булаацалдан маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Б.Гэрэлт- Одын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.                   Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Г   нь шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих .ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Г   нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.Б ад 270000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б а нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г  од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.                  

Хохирогч Ц.Б а давж заалдах гомдолдоо: ... “ Миний толгой, тархи одоог хүртэл өвдөж, эмчийн үзлэгээр цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай.  Би Б.Г  од гомдолтой байна. Цаашид миний бие Б.Г  оос эмчилгээний зардал 1200000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа тул хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Г   нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрт 270000 төгрөг төлсөн байдаг. Хохирол төлбөртэй холбоотой хохирогч Ц.Б а нь баримт гаргаж өгөөгүй учраас анхан шатны шүүхээр 1200000  төгрөгийг хохирол төлбөрт тооцохгүйгээр 270000 төгрөгийн хохирол төлбөр төлсөнд тооцож шийдвэр гарсан. Хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б ын бичсэн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Б.Г   нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Эс Жи Эс компанийн нар жаргах уурхайн карьерт иргэн Ц.Б атай ажлын талбар булаацалдан маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Б а /хх-6-7/, гэрч Э.Б /хх-11/, Х.Рагчаасүрэн /хх-12/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, яллагдагч Б.Г  ын мэдүүлэг /хх-25/, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гарсан байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэрчүүдийн мэдүүлгийг нэгтгэн дүгнэсэн анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл давж заалдах журмаар хэргийг хянах явцад тогтоогдоогүй болно.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил илрээгүй болно.

Анхан шатны шүүхээс Б.Г  од оногдуулсан торгох ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна.

Б.Г  ын үйлдэл, үр дагаврын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлыг гэм буруутай этгээд арилгах үүрэгтэй.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол , хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг тусгаагүй, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь хэсгийн заалтыг тусгаагүй, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг анхаарч үзээгүй байна.

Иймээс хохирогч Ц.Б а нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй гэсэн заалтыг шийтгэх тогтоод нэмж оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.                    Хохирогч Ц.Б а нь “цаашид гарах эмчилгээний зардал 1200000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул давж заалдах шатны шүүх нотлох баримтгүй гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчид олгох боломжгүй байна.

Анхан шатны шүүх   хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын удирдлага болгосон хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар заалтын 1 дэх хэсгийг бүхэлд нь баримталж бичсэн атлаа тогтоох хэсэгт дээрх хуулийн заалтуудыг давхардуулан дахин бичсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэлээ.           

Иймд хохирогч Ц.Б ын “цаашид гарах эмчилгээний зардал 1200000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон хохирогчид цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж байх  эрхтэй болохыг мэдэгдсэн  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч Ц.Б ын “цаашид гарах эмчилгээний зардал 1200000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт “Хохирогч Ц.Б а нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын 3, 5, 6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар” гэснийг тус тус хассугай.

4. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                       Т.БЯМБАЖАВ