Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 243

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2017/03553 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Т-т холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн хувьцааны 50 хувийг буцаан авах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “М” ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр А.Т-т шилжүүлсэн бөгөөд А.Т- нь “М” ХХК-ийн хөрөнгө болох Налайх дүүрэгт байрлалтай махны үйлдвэрийг бүрэн эзэмшиж үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн. Гэвч А.Т- нь өнгөрсөн хугацаанд амласан амлалтандаа хүрч чадаагүй, үйлдвэр тоногдож, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн дагуу миний бэлэглэлийн журмаар өгсөн “М” ХХК-ийн хувьцааны 50 хувийг надад эргүүлж олгоно уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийг 2013 оны 12 дугаар сард Налайх дүүрэгт байрлах 2000 м.кв гаруй мал нядлах, махны анхан шатны боловсруулах болон хадгалах зоорьтой үйлдвэрийг /улсын бүртгэлийн гэрчилгээний 000196429/ 12699 м.кв газартай, /аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0229415/ хамт 1 000 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тус компанийн эзэд болох Н.Н болон Ж.С нартай төлбөрөө 200 000 000 төгрөгөөр 5 удаа 3 сарын зайтайгаар 2014 оны 12 дугаар сарын 31-нд дуусгахаар тохирч гэрээ байгуулсан билээ. Миний талаас нийт 400 000 000 төгрөгийг Н.Н болон Ж.С нарт шилжүүлсэн. 2014 оны 01 дүгээр сарын 03-нд Н.Н болон Ж.С нар Н.Б-ыг нотариатын газар дуудаж ирүүлэн “М” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, хурлын шийдвэр болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээнүүдэд гарын үсгийг тус тус зуруулсан. Н.Н, Ж.С нар Н.Б-ыг банкнаас зээл авах зорилгоор түр “М” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан гэж тайлбарлаад Н.Б-аас “М” ХХК-ийн 50 хувийг над руу шилжүүлсэн. 2014 оны 01 дүгээр сард Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин гарч крантин тогтоож хөрш хоёр орон Монголоос түүхий малын мах нутагаараа дамжуулан тээвэрлэхийг хориглосон. Үүнээс болоод малын мах экспортлох бололцоо хаагдаж миний талаас гэрээг цаашид хэрэгжүүлэх нөхцөл хаагдсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280 дугаар зүйлийн 280.2-т тус тус заасныг баримтлан, бэлэглэгч Н.Б-аас “М” ХХК-ийн нэг бүр нь 1 000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг хувьцааг 000001807 тоот гэрчилгээний дагуу бэлэг хүлээн авагч А.Т-т шилжүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн 9011195065 дугаарт бүртгэгдсэн, 5307147 тоот регистрийн дугаартай “М” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Б-аас өөрийн эзэмшлийн 50 хувийг А.Т-т шилжүүлсэн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, “М” ХХК-ийн хувьцааны 50 хувийг нэхэмжлэгч Н.Б-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 15 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 101/Ш32017/03553 тоот шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг гаргаж байна. Миний бие шүүхэд мөнгө шилжүүлсэн баримтаа тайлбартаа дурьдаж, өмгөөлөгчтэй оролцох хүсэлт тавьж, хурлыг хойшлуулсан юм. Шүүх тайлбар гаргах 14 хоногийн хугацааг хүлээхгүйгээр хурлын зарыг товлосон. Шүүх хурал болох өдөр авсан өмгөөлөгч маань биеийн эрүүл мэндийн байдлаас болж эмнэлэг дээр явж байна гэж мэдэгдсэнийг үл ойшоож шүүх хурлыг хийсэн. Шийдвэрт ИХШХШТХ-ийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөхүүргээ биелүүлээгүй гэжээ. Миний бие гэрээтэй холбоотой Н.Н, Ж.С нарт шилжүүлсэн 400 000 000 төгрөгний баримтыг тухайн өмгөөлөгчд өгсөн байсан. Шүүх миний бичсэн тайлбарт дурьдсан мөнгө шилжүүлсэн тухай баримтыг хэрэгт хавсаргаж түүнд үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэр гаргах ёстой байтал энэ ажиллагааг хийгээгүй. Үүний цаана Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх үр дагавар үүсэхүйц асуудлыг зориуд орхиж, шүүх хурлыг хийсэн гэж үзэж байна. Энэ байдал нь ИХШХШТХ-ийн 34 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх үүрэг, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх, 76 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны бэлтгэл хангах, 76.1.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-т заасан хугацаа дууссан, 89.2-т заасан хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах ... арга хэмжээг авна гэх заалтуудыг зөрчсөн. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.7-д заасан зохигч оролцоогүй шүүхийн шийдвэрт ердийн журмаар гомдол гаргана, 107.2-т заасан хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлоно гэсэн эрхийг нь хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр буцааж байна.

 

Хариуцагч А.Т-т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, компанийн хувьцааны 50 хувийг буцаан авахаар нэхэмжлэгч Н.Б- нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад шинээр 4 хуудас нотлох баримт гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчид танилцуулах үед тэрээр уг нотлох баримттай холбогдуулан нэмж нотлох баримт гаргаж өгөх гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 4, 6 дугаар зүйлүүдэд заасан тэгш байдлын үндсэн дээр мэтгэлцэх зарчмын хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /хэргийн 36 дугаар тал/

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс арилгаж хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2017/03553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                      ШҮҮГЧИД                             Б.НАРМАНДАХ

 

                                                                                    С.ЭНХТӨР