Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 921

 

 

 

 

 

 

  2019        09           12                                        2019/ДШМ/921                              

 

 

С.Э-, Г.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч П.Оюунцэцэг, Ц.Алтанцэцэг,

            цагаатгагдсан этгээд Г.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Батбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, Г.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-, Б.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Э-, Г.Г- нарт холбогдох 1809029070840 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ж овгийн С-ын Э-, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1962 оны 12 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин, гоо сайханы технологич мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжны 24/1 дүгээр байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

 

2. Б овгийн Г-ийн Г, Өвөрхангай аймагт 1988 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Доржийн гудамжны 82 дугаар байрны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/

 

“Дэлгэр тур” ХХК-ийн захирал С.Э- нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад заасан “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүргийн дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж, ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийгээгүйгээс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Эко шинэс” ХХК-ийн эмийн сангийн үүдэнд Б.А- нь цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон,

“Эко шинэс” ХХК-ийн захирал Г.Г- нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр” төвийн 1 давхарын өрөөг түрээслэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байхдаа Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад заасан “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүргийн дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийлгүүлэхээр “Дэлгэр тур” ХХК-д мэдэгдэж холбогдох арга хэмжээ аваагүйгээс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус эмийн сангийн үүдэнд Б.А- нь цахилгаан гүйдэлд цохиулж амь нас нь хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас С.Э-, Г.Г- нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Э-ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Э-, Г.Г- нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-аас нийт 39,500,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-, Б.Б- нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид сэтгэл заслын эмчилгээтэй холбогдож гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Г- бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... С.Э-ыг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтад заасныг зөрчсөн гэм буруутайд тооцсон, нөгөө талаар байр ашиглагч “Эко шинэс” ХХК-ийг осол гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг мэдээлээгүй, арга хэмжээ авалгүйгээр харамсалтай хэрэгт холбогдсон тухайгаа хүлээн мэдүүлсэн.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн тухай тогтоолдоо дурьдсан байдаг. Гэтэл Э-ын хэрэгт холбогдсон байдал, эрүүл мэндийн байдал, учирсан хохирлоо төлж эхэлсэн байдал, шүүхээс үүрэг хүлээлгэсэн тохиолдолд хохирлыг бүрэн төлж барагдуулахаа шүүх хурлын явцад тодорхой илэрхийлсэн зэргийг харгалзан үзээгүй нь шүүгч эргэлзээ төрөхөөр шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэлээ.

С.Э- нь үе мөчний өвчтэй, тархины судасны нарийсал, гавлын доторх даралттай, нүдний хараа муу, зүрхний булчингийн үрэвсэлтэй оношоор эмчлүүлдэг, бамбайн булчирхайн хордлого өвчний улмаас мэс засалд орж байсан, одоо байнга эмчийн хяналтанд байдаг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг, гэрээр эмчийн зөвлөмжийн дагуу бамбайн булчирхай, даралтны эмийг тогтмол хэрэглэдэг, архаг хууч өвчнүүд хүндрэх эрсдэлтэй, өндөр настай болох талаар нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд танилцуулах болно.

Анхан шатны шүүх ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлээ хохирол төлөгдөөгүй гэж дүгнэсэн нь үнэнд нийцэхгүй. Хохирлоо хэрхэн төлөх талаар тодорхой илэрхийлснийг шүүх хүлээж авахгүй байж болох ч төлбөр төлөгдөөгүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хорих ял оногдуулах үндэслэл болгосон гэж үзнэ. Тухайлбал 10,500,000 төгрөг хохирогчид нөхөн төлснийг хасч, тооцогдох учиртайг дурьдсан байна. Гэтэл тогтоолд хохирол төлөгдөөгүй гэж дүгнэсэн нь дээрх заалттайгаа зөрчилдөв. Хохирогчид шүүхийн тогтоосон 39,500,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулж, баримтыг давж заалдах шатны шүүхэд танилцуулах болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан тэнсэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч С.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1 дүгээрт: миний биеийн байдал хүнд маш муу байна. Одоогоор цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Би дотоод шүүрлийн хямрал, тархины судасны нарийсал, гавлын дотоод даралтын улмаас явж чадахгүй тэнцвэрийн алдагдалтай, зүрхний хэм алдалтын улмаас артерын даралт тогтворгүй 80-160 хүрч хэлбэлздэг, үе мөч болон бөөрний архаг үрэвсэлтэй.

2 дугаарт: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр тур” ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээг бүрэн хариуцаагүйн улмаас хүний амь нас хохирсон гэж үзсэнд маргах зүйлгүй, гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байна. Хохирогч нарт 10,500,000 төгрөгийг хохиролд төлсөн болно.

3 дугаарт: Прокурорын яллах дүгнэлтээр “Эко шинэс” ХХК-ийн захирал Г.Г-ийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад заасны дагуу тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцаж ашиглалтын үеийн засвар үйлчилгээг хийлгүүлэхээр “Дэлгэр тур” ХХК-д мэдэгдэж, холбогдох арга хэмжээ аваагүйгээс “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд Б.А- нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас амь нас нь хохирсон гэж үзсэнтэй санал нэгтэй байна. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, Ж.М- нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн хуралдаан дээр “... Г- яагаад өөрийгөө буруугүй гэж байгааг ойлгохгүй байна. Цахилгааны асуудалтай гэдгийг мэдсээр байж яагаад холбогдох хүмүүст хэлсэнгүй вэ, үүнийг эмчийн санч мэдэж байсан байдаг. Ийм учраас Г.Г- энэ хэрэгт буруутай гэж үзэж байна...” гэж мэдүүлэг өгсөн.

Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө эмийн сангийн гадна хаалганы төмөр хаалт цахилгаан гүйдэл дамжуулж байсныг гэрч Отгончимэг мэдсэн байхад Г.Г-ийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй үндэслэлээр буруутгаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би анхан шатны шүүхээс оноосон ялд гомдолтой байна. Үйлдсэн хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа. Хохирлоо бүрэн төлөөгүй нь үнэн боловч төлөхөө илэрхийлсэн нь хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл болно. Цаашид 39,500,000 төгрөгийг төлж барагдуулахаа хуулийн өмнө хариуцлагатай илэрхийлье.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг бүхэлд нь хянаж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад “... учруулсан хохирлыг төлсөн.” гэж тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. С.Э- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл хохирлыг богино хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байсан. Шийтгэх тогтоол гарсны дараа үлдэгдэл 39,500,000 төгрөгийг төлж гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг барагдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ... хувийн байдлыг харгалзан... ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ... тэнсэж, үүрэг хүлээлгэх ...” гэж заасан.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон ... хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасныг үндэслэн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж С.Э-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү.  

С.Э- нь өндөр настай, бамбайн хордлого болон тархины судасны хатууралтай тул эрүүл мэндийн байдал нь сайнгүй, байнгын эмчийн хяналтанд байдаг. Цагдан хоригдсоны дараа түүний биеийн байдал огцом муудаж цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгааг анхаарч үзнэ үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-, Б.Б- нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүгдэгч Г.Г- нь “Эко шинэс” эмийн сангийн үйл ажиллагааг явуулахдаа хуульд заасан аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс болж маш харамсалтай гэмт хэрэг гарсан. Г.Г- нь Б.Отгончимэгийг “манай ажилтан биш, оюутан дадлага хийж байсан” гэж ярьсан боловч Б.Отгончимэг нь “тус эмийн сангийн эмийн санчаар ажилладаг, би сургуулиа төгссөн” гэж өөрөө мэдүүлсэн нь түүнийг худлаа ярьж байгааг нотлож байна.

Анхан шатны шүүхээс Б.Отгончимэгийг хаалганд тогтой байсныг хэн нэгэнд огт хэлээгүй гэж үзсэн байдаг. Миний хүүгийн амиа алдахын өмнөх өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б.Отгончимэг хүүхдүүдэд хаалга тогтой гэдгийг анхааруулан хэлж байсан гэдэг. Тэгэхээр анхааруулах бичиг наах, хаалгыг тоггүйжүүлэх хугацаа хангалттай их байсан. Анхны мөрдөн байцаалтаар хаалга тогтой байсныг хэн нэгэнд хэлсэн эсэх талаар асуугаагүй. Өөрөө тогонд цохиулсан ажилтан ажил олгогчдоо хэлээгүй байх үндэслэлгүй. Мэдээж хэлсэн байх ёстой.

Шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь бидний сэтгэлд хүрэхгүй байна. Яагаад хүний амь нас хохироосны шийтгэлийг тухайн зүйлийн хамгийн доод хэмжээгээр өгдөг юм бэ, үнэхээр гомдолтой байна.

“Итгэлт эстимэйт” ХХК нь зөвлөх үйлчилгээний хохирол үнэлэгч мэргэшсэн компани. Манай гэр бүл одоог хүртэл сэтгэл санааны хямралтай хэвээр хүүгээ байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Бид нийт 224,890,557 төгрөг нэхэмжилснээс үлдсэн 174,890,557 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 640 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.Г-ийг гэм буруутайд тооцож, зохих хариуцлага хүлээлгэж, хохирогч бидэнд учирсан хохирол, хор уршгийг бүрэн барагдуулж өгнө үү” гэжээ.    

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.Э-тай бид байнга холбоотой байгаа. Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзаад ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. Өмгөөлөгч нарынх нь тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Г.Г-ийн хувьд өнөөдрийг хүртэл бидэнтэй уулзаж, уучлалт гуйгаагүй байгаа ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-, Б.Б- нарын өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Эко шинэс” эмийн сангийн захирал Г.Г- нь 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хойш эмийн сангийн үйл ажиллагааг удирдан явуулж, тус обьектыг түрээслэн ажиллуулж байсан болох нь 2 дугаар хавтасны 3 дахь хуудаст байгаа түрээсийн гэрээгээр нотлогддог. Энд зааснаар Г.Г- нь түрээсийн гэрээнд заасан аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй ба Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан шийдвэр гаргасан байна.

Мөн гэрч Б.Отгончимэг нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2018 оны 6 дугаар сарын 23-ны бороо орсон өдөр эмийн сангаа хаагаад гарахдаа төмөр торон хаалгыг нойтон байхад нь гараараа барихад тог цохьсон. Барихаар тог цохиод байхаар нь хөлөөрөө жийж байгаад түгжээд явж байсан ... Цахилгаан болон галын аюулгүй байдлын зааварчилгаа өгч байгаагүй” гэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, түүнд хяналт тавих үүрэгтэй бөгөөд 28.1.8 дугаар зүйлд зааснаар аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтан, албан хаагчид өгөх, сургалт, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч Г.Г- нь аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгааг аваагүй этгээдээр ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь дээрх гэмт хэрэг гарах нөхцөл болсон. Гэрч Б.Отгончимэгийн мэдүүлэгт эмийн санчаар ажиллаж эхлэхэд “Эко шинэс” эмийн сангийн зүгээс аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалтанд хамруулаагүй болохыг нотлох бөгөөд “Эко шинэс” эмийн сангийн эзэн Г.Г- нь ажилтан Б.Отгончимэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлж сургалтанд хамруулж, аюултай ажиллагааны зааварчилгаа өгсөн бол энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхгүй байлаа.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинж нь Хууль /Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль/, хэлцэл /түрээсийн гэрээ/-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл байх ба энэхүү шинжид заасан үүргийг Г.Г- хүлээж буй этгээд юм. Шүүгдэгч Г.Г- нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт “Эко шинэс” эмийн санг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйл ажиллагааг явуулахдаа өөрөө нээж, хааж байсан гэх бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мөн нээсэн гэдэг. Гэтэл хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Отгончимэг болон тухайн байрны хүмүүс нь эмийн сангийн хаалга тогтой байсан болохыг гэрчилсээр байхад дан ганц Г.Г-ийн тогтой байгаагүй гэсэн мэдүүлгийг үндэслэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлүүдийг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулж шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-, Б.Б- нарын өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Эрүүгийн хуулийн 1.1.4, 1.7.3 дахь хэсэгт заасныг зөрчин бодит байдлыг зөв үнэлж дүгнэж чадаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь иш татсан хуулийг хэрэглэдэг онцлогтой. Гэвч “Эко шинэс” ХХК-ийн төлөөлөх этгээд Г.Г-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр чөлөөлсөн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буруу ойлгож буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1.5.1, 39.5.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг харуулж байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогдоно” гэснийг 2016 онд “Эко шинэс” ХХК нь “Дэлгэр тур” ХХК-тай гэрээ байгуулж гэмт хэрэг гарсан 52 м.кв өрөөг түүний салшгүй хэрэглэгдэхүүн хэсэг болох гэрэл, цахилгааны тоног хэрэгсэл, ашиглах хэсэгт оногдох эрчим хүчний төлбөрийг хамт түрээслэн авч эзэмшиж эхэлснийг шүүх ойлгоогүй байна. Өөрөөр хэлбэл “Эко шинэс” ХХК нь хөдөлмөрийн харилцаа үүсгэж иргэдэд үйлчилж буй байрныхаа тог, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн, ажил олгогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэгч нь Г.Г- мөн болох нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэснээр нотлогдож байгаа. Г.Г- нь өөрийн аж ахуйн нэгжийн эзэмшилд хамаарагдах хэсэгт Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн хэрэгжүүлэх”, 28.1.2 дахь хэсэгт “...хүний амь нас эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”, 28.1.4 дэх хэсэгт “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, буруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.7 “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний төсөв, зардлыг баталж, хэрэгжүүлэх” зэрэг заалтуудыг зөрчсөн нь бага насны хүүхдийн амь нас хохирох нөхцөл бүрдүүлсэн болохыг шүүх үнэлж дүгнэж чадаагүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8 дахь зохицуулалт нь цахилгаан хэрэглэх эрхээ нээлгэхтэй холбоотой хэм хэмжээ болохоос гэмт хэрэг гарсан байрыг түрээслэгч аж ахуйн нэгж болох “Эко шинэс” ХХК-ийн үйлдэлд огт хамааралгүй юм.

Эрх бүхий байгууллагаас гаргасан хүүхдийн амь насны үнэлгээг шүүх үнэлж дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтыг зөрчсөн.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Г-т ял оногдуулж өгнө үү” гэв.

 

                Шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-ы бичиж өгсөн баримт байна. Үүнд “хохирол төлбөр авсан, шүүгдэгч С.Э-д тэнсэх ял оногдуулж өгнө үү” гэжээ. Шүүгдэгч С.Э-ын биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Хоригдсоноос хойш Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтсэн. Мөн өвчтөн илгээх бичгээр Улсын 1 дүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдаг... Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд торгох ялаар шийтгэж, хоригдсон хугацааг торгох ялд дүйцүүлэн хасч өгнө үү” гэв.  

 

Цагаатгагдсан этгээд Г.Г-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч С.Э-ыг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтад зааснаар буруутгасан. Хэрэглэгчийн эрх, үүргийг зөрчсөн гэж үзсэн. Хэрэглэгчийн эрх, үүргийг зөрчсөн байхын тулд хэрэглэгч гэх нэр томъёог тайлбарласан Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.19 дэх заалтад заасан шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл “эрчим хүчээр хангах гэрээний нэг тал болж оролцож буй эрчим хүчийг худалдаж авч байгаа этгээдийг хэлнэ” гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эрчим хүчний гэрээг байгуулсан этгээд нь С.Э- байгаа. Иймд Улсын бүртгэлийн лавлагаа ярих шаардлагагүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн лавлагаагаар Бадрал нь “Дэлгэр тур” ХХК-ийн захирал гэж ярьж байна. Тэгвэл “Эко шинэс” ХХК-ийн захирал нь Г.Г- биш Мөнхтуяа гэж бүртгэлээрээ гарч ирж байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Багахүү гомдолдоо Г.Г-ийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй гэжээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдэг нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дээр үүсэж буй ажилтан, ажил олгогч хоёрын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ. Хэрвээ ажилтан нас барсан тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа яригдана. Хөндлөнгийн бага насны хүүхэд очоод хаалганаас барьж тогонд цохиулан амь насаа алдсан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн биш юм. Түрээсийн гэрээгээр мөн буруутгаж байна. Г.Г- уг объектыг түрээслээд 18 хонож байсан. Гэтэл уг цахилгааны асуудалтай гэрэл нь 2017 оноос хойш ажиллаагүй байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Г.Г- гэрлийг ажилладаггүй л гэж бодож байсан. Тогтой талаар Г.Г-т хэлсэн хүн байхгүй. Г.Г- түрээсийн гэрээ огт байгуулаагүй. Иймд Г.Г-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан ...” гэв.

 

            Цагаатгагдсан этгээд Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... хэрэгт “Эко шинс” ХХК, түүнийг төлөөлж Г.Г- бичгээр байгуулсан нэг гэрээ нотлох баримтаар авагдаагүй. Өмгөөлөгч Т.Багахүүгийн яриад байгаа түрээсийн гэрээ нь түрээслэгч тал буюу “Эко шинэс” ХХК-ийг төлөөлж Ж.Мөнхтуяа гарын үсэг зурж баталгаажуулсан түрээсний гэрээ болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1.6.1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” хэмээн заасан ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлнэ” хэмжээн түрээсийн эрх зүйн харилцааг хуульчлан зохицуулсан. Хуулийн энэ шаардлагыг хангасан түрээсийн гэрээг Г.Г- ямар нэгэн хэлбэрээр байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн баримт байхгүй байхад түүнийг түрээслэсэн гэх, түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэх нь үндэслэлгүй юм.

            Өмгөөлөгч Т.Багахүүгийн давж заалдах гомдолд дурьдсан Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь түрээсийн төлбөрийн харилцааг зохицуулсан ба түрээсийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд хамааралгүй.

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянаж үзээд  “Г.Г-ийг ... хүний амь насыг хохироосон” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.” хэмээн шийтгэх тогтоолд дүгнэсэн. Тодруулбал: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхойлсон байх ба 30.18-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, батагаажуулалтыг бүрэн хариуцах” гээд, мөн хуулийн 3.1.19-д “хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг” хэмээн тодорхойлж өгсөн. Хэрэгт авагдсан баримтаар эрчим хүчээр хангах гэрээг “Дэлгэр тур” ХХК байгуулсан тул Г.Г-т уг хуульд заасан эрх, үүрэг хамааралгүй юм.

            Мөн өмгөөлөгчийн гомдолд “Г.Г- нь аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа аваагүй этгээдээр ажил, үүрэг гүйцэтгүүлж байсан нь гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг үүсгэсэн” гэсэн нь үндэслэлгүй. Иргэн Г.Г- болон Б.Отгончимэг нарын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, ажлын байр, албан тушаалын байдал, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийн талаар тохиролцсон зүйл байхгүй тул Г.Г- ажил олгогч, захирал, эзэн аль нь ч биш байна. Нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг үндэслэх боломжгүй. Мөн “Эко шинэс” ХХК нь 1 гишүүнтэй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь улсын бүртгэлийн лавлагаагаар Х.Наранчимэг байгаа болно.

            Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/ тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.  

 

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч С.Э- “Дэлгэр тур ХХК бол манай гэр бүлийн өмч юм. Тухайн үед хүүгийнхээ нэр дээр байгуулсан. Бүх үйл ажиллагааг би өөрөө хариуцаж, гарын үсэг зурдаг” гэж анхнаасаа мэдүүлдэг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх гэрээнүүд болон баримтуудаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч С.Э-ыг гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Прокуророос “Эко шинэс” ХХК-ийн захирал Г.Г-ийг гэм буруутай гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Г.Г- нь аюулгүй ажиллагааны журмын заалтыг хангаагүйгээс болж хүний амь нас хохирсон гэмт хэргийн субъект болох үндэсгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Э-, Г.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ оролцогчдын давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэр” төвийн 1 давхарын өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан “Эко шинэс” эмийн сангийн үүдний төмөр хаалганд цахилгаан гүйдэл дамжсаны улмаас 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.А- уг цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан хэрэгт тус төвийн эзэн С.Э-ыг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад заасан “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүргээ биелүүлээгүй, “Эко шинэс” эмийн санг хариуцан ажиллуулж байсан Г.Г-ийг дээрх хуульд заасан үүргийн дагуу холбогдох арга хэмжээ аваагүй буруутай гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

Анхан шатны шүүх холбогдох хэргийг хянан хэлэлцээд Г.Г-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль тогтоомж, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байх гэж тодорхойлжээ. 

 

Гэтэл шүүхийн шийдвэрээс үзэхэд Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.13 дахь заалт болон мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.8 дахь заалтад заасны дагуу “Дэлгэр” төвийн эзэн С.Э- нь өөрийн эзэмшлийн барилгын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн засвар, үйлчилгээг хариуцах үүрэгтэй, Г.Г- энэ талаар ямар нэгэн үүрэг хүлээхгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

 

Гэрч Х.Наранчимэгийн “... Г-, Төвшин нарт “Эко шинэс” ХХК-ийн хувьцааг 50, 50 хувиар зарж компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компаний эрх шилжүүлэх гэрээг тус тусад нь байгуулсан...” гэх /2-р хх 134/, гэрч Г.Төвшингийн “... Г- бид хоёр худалдаж авсан. Эмийн санг ажиллуулах өдөр тутмын үйл ажиллагааг Г.Г- хийхээр болсон...” гэх /2-р хх 135/, С.Э-ын яллагдагчаар “... Барилгын ерөнхий шийт подвальд байдаг. Түүнээс түрээслэгч нар тог татдаг ба тус тусдаа тоолууртай ...” гэх /1-р хх 83/ мэдүүлгүүд, Х.Наранчимэг, Л.Мөнхтуяа нар болон Г.Төвшин, Г.Г- нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан, “Эко шинэс” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах тухай гэрээ /1-р хх 124/, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Дэлгэр” төвийн 1 давхарын 50 м.кв өрөөг “Эко шинэс” ХХК-д түрээслүүлэх гэрээ /1-р хх 90/, “Эко шинэс” ХХК-ийн эмийн сангийн тусгай зөвшөөрөл /1-р хх 122/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Г.Г- нь осол хэрэг гарсан “Эко шинэс” эмийн санг худалдан авч ажиллуулж байжээ. Түрээсийн гэрээний 2.7, 2.8 дахь заалтуудаар түрээслэгч “Эко шинэс” ХХК нь эзэмшлийн талбайн харуул хамгаалалт, аюулгүй байдал, цахилгааны гэмтлийг хариуцахаар заасан байхад уг гэрээний заалт нь компанийг худалдан авч, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байсан Г.Г-т хамааралтай эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Түрээслэгч барилгын цахилгааны нэгдсэн сүлжээнээс түрээсийн талбайд цахилгаан татаж, тусдаа цахилгаан тоолуур тавиулан төлбөрөө төлдөг байсан бол Эрчим хүчний тухай хуульд заасан хэрэглэгч гэсэн ойлголтод хамаарч болзошгүй байхад үүнийг тодруулаагүй байна.

Мөн гэрч Б.Отгончимэгийн “... “Эко шинэс” эмийн санд эмийн санчаар ажилд орсон, ... 6 дугаар сарын 23-ны бороо орсон өдөр эмийн сангаа хаагаад гарахдаа төмөр торон хаалгыг нойтон байхад нь гараараа барихад тог цохьсон. Барихаар тог цохиод байхаар нь хөлөөрөө жийж байгаад түгжээд явсан...” гэх /1-р хх 33-34/, гэрч Р.Эрдэнэбатын “... эмийн сангийн босгоны төмөр дээр цахилгааны хүчдэл илэрч байсан...” гэх /1-р хх 37-38/ мэдүүлгүүдээр Г.Г-ийн “Эко шинэс” эмийн сангийн ажилтан хаалганы төмөр хаалт цахилгаан гүйдэл дамжуулж байгааг хэрэг гарахаас 2 хоногийн өмнө мэдсэн гэж үзэхээр байна. Тус эмийн сангийн эзэн Г.Г- орчин тойрондоо нэн аюултай нөхцөл байдал үүссэн байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан нөхцөл байдал нь болсон үйл баримтад нөлөөлөх эсэх талаар анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч С.Э- болон түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, Г.Оюунцэцэг нарын гаргасан “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 50,000,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид түүнд гомдол, саналгүй гэсэн тул ялыг хөнгөрүүлж, тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдолд энэ удаа хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурьдаж байна.

 

Харин шүүгдэгч С.Э-ын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцтэл түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Э-, Г.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцтэл шүүгдэгч С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                                       Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                       М.ПҮРЭВСҮРЭН